Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2018/ДШМ/84

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 06 өдөр                        

 2018/ДШМ/84                                                             Зуунмод

О.С, С.М, С.Т, Т.О, Д.Д, Э.Ө, Ц.Б нарт холбогдох эрүүгийн  хэргийн тухай

 

 Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Х.Оюунцэцэг,

Өсвөр насны шүүгдэгч Д.Д , З.Ө нарын өмгөөлөгч Баднайнямбуу,

Өсвөр насны шүүгдэгч О.С-н өмгөөлөгч С.Төмөрбаатар,

нарийн бичгийн дарга Б.Буянхишиг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж хийсэн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 531 дугаар шүүгчийн захирамжтай О.С, С.М, С.Т, Т.О, Д.Д, Э.Ө, Ц.Б нарт холбогдох 1734004080116 дугаартай 2 хавтас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүхэд 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 2003 оны 01 сарын 06-ны өдөр төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, 15 настай, мэргэжилгүй, Төв аймгийн Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн 9б ангид сурдаг, ам бүл 6, эцэг, эх, 2 эгч, ах нарын хамт Төв .. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, О.С , /РД:НЭ0....3/.

Монгол улсын иргэн, 2003 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймагт төрсөн. 15 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Төв аймгийн Зуунмод сумын Хүмүүн цогцолбор .. ангид сурдаг, ам бүл 2, эхийн хамт Төв ...тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, С.М , /РД:_../

Монгол улсын иргэн, 2001 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Төв аймагт төрсөн. 17 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, сургуульд сурдаггүй, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт Төв ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Е.Т , /РД:НЭ...7/.

Монгол улсын иргэн, 2001 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Төв аймагт төрсөн, 16 настай, эрэгтэй, бага боловсролтой, Ражив Гандангийн нэрэмжит үйлдвэрлэл Урлалын Политехникийн коллежийн автомашин засварын 2а ангид сурдаг, ам бүл 4, ах, эх, дүүгийн хамт Төв ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Т.О , /РД:Н..4/.

 Монгол улсын иргэн, 2002 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Төв аймгийн Зуунмод сумын Хүмүүн ... ангид сурдаг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Төв ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Д.Д  /РД:Н...9/.

  Монгол улсын иргэн, 2000 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Төв аймагт төрсөн. 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Төв аймгийн Зуунмод сумын Хүмүүн цогцолбор .. ангид сурдаг, ам бүл 8, эцэг, эх, ах, дүү нарын хамт Төв .. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Ц.Б , /РД:Н...2/.

 

 2003 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Төв аймагт төрсөн. 15 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эмээ, өвөөгийн хамт Төв .... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй. Э.Ө , /РД:Н...16/.

 

Өсвөр насны шүүгдэгч  Е.Т , Д.Д , Э.Ө , Ц.Б , Т.О нар нь бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын замын урд талд үйл ажиллагаа явуулдаг иргэн М.Мөнгөнцэцэгийн өмчлөлийн "Цагаан идээний" ТҮЦ-ний хаалганы цоожийг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу арматурын төмөр хэрэглэн эвдэлж, хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлан, бусдад 243.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн өсвөр яасны яллагдагч Е.Т , О.С , С.М нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын замын урд талд үйл ажиллагаа явуулдаг иргэн М.Мөнгөнцэцэгийн өмчлөлийн "Цагаан идээний" ТҮЦ-ний хаалганы цоожийг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу төмөр алх хэрэглэн эвдэлж, хууль бусаар нэвтэрч, бэлэн гоймон 20 ширхэг, хрустек печень 20 ширхэг, том ундаа 6 ширхэг, жижиг ундаа 10 ширхэг, наран цэцгийн тос 2 щирхэг, асаагуур 20 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлан, бусдад 116.620 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 531  дугаар шүүгчийн захирамжаар:

Төв амгийн прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч О.С . С.М , С.Т , Т.О , Д.Д , Э.Ө , шүүгдэгч Ц.Б нарт холбогдох эрүүгийн 1734004080116 дугаартай хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол өсвөр насны шүүгдэгч О.С , С.М , С.Т , Т.О , Д.Д , Э.Ө , шүүгдэгч Ц.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Өсвөр насны шүүгдэгч О.С , С.М . С.Т , Т.О , Д.Д , Э.Ө , шүүгдэгч Ц.Б нар цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж захирамжилсан байна.

 

 Прокурор Х.Оюунцэцэг гаргасан эсэргүүцэлдээ: “Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр урьдчилан хэлэлцүүлэг явуулж "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.4-т заасныг зөрчсөн, насанд хүрээгүй шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоогоогүй" гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь: Анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан захирамжиндаа "...прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ тус яллах дүгнэлтийн хавсралтын 5 дахь заалтад "...энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй..." гэж бичсэн ба уг яллах дүгнэлтийг хавсралтын хамт шүүгдэгч нарт гардуулж, хэргийг шүүхэд 2018 оны 08 сарын 26-ны өдөр шилжүүлэхдээ эд мөрийн баримтгүй ирүүлж шүүх хэргийг эд мөрийн баримтгүй тухайн өдөр хүлээн авсан байна.

Түүнчлэн прокурорын яллах дүгнэлт нь тэмдэглэл, тогтоох, хавсралтаас бүрдэнэ гэж заасан байх бөгөөд дээрх байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.4-т заасныг зөрчсөн байна..." гэж заасан нь ойлгомжгүй, прокурорын яллах дүгнэлтийн бүрдэл хангагдсан байхад хууль зөрчсөн гэж илтэд хууль бус дүгнэлт хийсэн, прокурорын яллах дүгнэлтийн хавсралтыг яагаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.4 дэх заалтыг зөрчсөн гэж үзсэн нь тодорхойгүй байна.

Прокуророос 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр шүүхийн урьдчилан хэлэлцүүлэг явуулахаар хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүхээс 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлэн, гэм буруугийн шүүх хуралдааны товыг зарласан ба 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас дээрх үндэслэлээр урьдчилан хэлэлцүүлэг явуулахаар хүсэлт гаргасны дагуу хүсэлтийг хүлээн авч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж, улмаар улсын яллагчаас гаргасан "эд мөрийн баримтаар хураагдсан алхыг хэрэгт эд мөрийн баримтаар хураан авч, эд мөрийн баримтаар тооцсон байгаа, гэвч хяналтын прокуророос яллах дүгнэлтийг үйлдэхдээ яллах дүгнэлтийн хавсралтад эд мөрийн баримтгүй гэж үг үсгийн техникийн шинжтэй алдаа гаргасан тул урьдчилан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны явцад прокурор яллах дүгнэлтийн хавсралтыг шүүгдэгч нарт дахин гардуулан өгч, эд мөрийн баримт алхыг шүүхэд хүлээлгэн өгч, гэм буруугийн шүүх хуралдааны товыг зарлах боломжтой" талаар санал гаргасныг анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.4-д заасныг зөрчсөн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дугаар зүйлд "прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, хавтаст хэргийг харьяалах шүүхэд шилжүүлсэн тухай яллагдагч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ" гэж заасан нь яллах дүгнэлтийн хувийг прокурорын газарт гардуулахаар биш зөвхөн прокурор гардуулахаар заасан нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед яллах дүгнэлтэнд гарсан техникийн алдааг засаж, прокурорын яллах дүгнэлтийг дахин гардуулан гэм буруугийн шүүх хуралдааны товыг зарлах боломжтой ажиллагаа юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.3 дугаар зүйлийн 1-д Өсвөр насны яллагдагч, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой дараахь мэдээллийг тогтоосон байна. Үүнд: мөн зүйлийн 1.1-1.5 дахь хэсэгт "төрсөн он cap, өдөр нас, амьдралын нөхцөл байдал ба хүмүүжилтэй холбоотой мэдээлэл, гэм хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэмт хэрэг хамтран үйлдэгч байсан эсэх" зэргийг шалгаж тогтоохоор хуульчилсан ба хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар дээрх нөхцөл байдлууд нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Гэтэл анхан шатны шүүхээс яллах дүгнэлтийн биеийн байцаалт хэсэгт насанд хүрээгүй шүүгдэгч Д.Д ий регистрийн дугаарыг НЭ0...29 гэж бичсэн байх ба насанд хүрээгүй шүүгдэгч Д.Д  нь шүүх хуралдаан дээр биеийн байцаалтыг нь тодруулахад өөрийн регистрийн дугаараа НЭ..019 гэж хэлсэн.

Гэвч хавтаст хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулан авсан албан ёсны бичиг баримт болох төрсний бүртгэлийн лавлагаагаар түүний регистрийн дугаар НЭ0.. гэж, харин төрсний гэрчилгээ буюу биедээ авч явдаг бичиг баримтанд НЭ02..9 гэж тус тус бичигдсэн байгаа нь насанд хүрээгүй шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоогоогүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Хавтаст хэрэгт өсвөр насны шүүгдэгч Д.Д ий төрсний гэрчилгээний хуулбар мөн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулан авсан албан ёсны төрсний бүртгэлийн лавлагаа авагдсан байгаа ба анхан шатны шүүхээс Улсын бүртгэлийн хэлтсээс гаргасан төрсний бүртгэлийн лавлагааг үндэслэн хэргийг шийдвэрлэх боломжтой байхад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу төрийн байгууллагаас албан ёсоор үнэт цаасан дээр хэвлэн гаргаж өгсөн төрсний лавлагааг нотлох баримтаар үнэлж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Мөн шүүхийн захирамжинд өсвөр насны шүүгдэгчийг насанд хүрээгүй шүүгдэгч гэж хуулинд байхгүй нэр томъёо хэрэглэсэн байгааг дурьдах нь зүйтэй.

Иймд Е.Т  нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 531 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичиж, хүргүүлэв.” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор Х.Оюунцэцэг гаргасан тайлбар, дүгнэлтэдээ: Прокуророос мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа алхыг эд мөрийн баримтаар тооцсон. Харин яллах дүгнэлтийн хавсралтад бичээгүй. Энэ ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд өсвөр насны шүүгдэгч Д.Д ий өмгөөлөгч Ч.Баднайнямбуу гаргасан тайлбартаа: Шүүгчийн захирамж үндэслэлтэй. Хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө яллах дүгнэлтийг гардуулахаар хуульд зохицуулсан. Энэ яллах дүгнэлтээр хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэх ямар ч боломжгүй. Хүний хувийн байдалтай холбоотой асуудал гарч ирж байгаа. Яллах дүгнэлтийн хавсралтад байхгүй алхыг эд мөрийн баримтаар оруулж ирж байгаа нь буруу гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд өсвөр насны шүүгдэгч О.С-н өмгөөлөгч С.Төмөрбаатарт гаргасан тайлбартаа: Ч.Баднайнямбуу өмгөөлөгчийн тайлбартай санал нэг байна. Хувийн байдалтай холбоотой асуудлыг нарийвчлан тогтоох шаардлагатай. Техникийн алдаа гэдэг байдлаар оруулж ирж болохгүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

             Давж заалдах шатны шүүх О.С, С.М, С.Т, Т.О, Д.Д, Э.Ө, Ц.Б нарт холбогдох хэргийг прокурорын гаргасан эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан байна.

            “Прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ тус яллах дүгнэлтийн хавсралтийн 5 дахь заалтад ...энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй... гэж бичсэн ба уг яллах дүгнэлтийг хавсралтын хамт шүүгдэгч нарт гардуулсан бөгөөд хэргийг шүүхэд 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлэхдээ эд мөрийн баримтгүй ирүүлж, шүүх хэргийг эд мөрийн баримтгүй тухайн өдөр хүлээн авсан байна. Түүнчлэн прокурорын яллах дүгнэлт нь тэмдэглэх, тогтоох, хавсралтаас бүрдэнэ гэс заасан байх бөгөөд дээрх байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.4-т заасныг зөрчсөн байна. Мөн яллах дүгнэлтийн биеийн байцаалтын хэсэгт насанд хүрээгүй шүүгдэгч Д.Д ий регистрийн дугаарыг ...НЭ02292029... гэж бичсэн байх ба насанд хүрээгүй шүүгдэгч Д.Д  нь шүүх хуралдаан дээр биеийн байцаалтыг нь тодруулахад өөрийн регистрийн дугаараа ...НЭ02292019... гэж хэлдэг бөгөөд хавтас хэрэгт авагдсан төрсний бүртгэлийн лавлагаа нь ...НЭ02292019... гэж, төрсний гэрчилгээ нь ...НЭ02292029... гэж тус тус бичигдсэн байгаа нь насанд хүрээгүй шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоогоогүй нөхцөл байдал бий болж байна” гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “яллах дүгнэлт нь тэмдэглэх, тогтоох хэсэг, хавсралтаас бүрдэнэ” гэж зааснаас үзэхэд хавсралт нь яллах дүгнэлтийн бүрдэл нэг хэсэг болохоор байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд прокурор хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэлтэй гэж үзвэл яллах дүгнэлт үйлдэн харьяалах шүүхэд хүргүүлэхээр заажээ. Энэ нь прокурор яллах дүгнэлт үйлдсэний дараа нь яллах дүгнэлтийг хэргийн хамт шүүхэд хүргүүлнэ гэж ойлгогдож байна. Анхан шатны шүүхэд прокуророос эрүүгийн хэрэг шилжиж ирсний дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6, 6.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлтэд гарсан алдааг засуулахаар, яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулж шийдвэр гаргана. Урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах хүсэлтийг хянан хэлэлцэж шийдвэр гаргах боломжтой. Анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 531 дүгээр захирамжаар прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад эд мөрийн баримтыг тусгаагүй нь техникийн шинжтэй алдаа биш тул яллах дүгнэлтийг засах боломжгүй гэж үзэн хэргийг прокурорт буцаасныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Прокурорын 2018 оны 06 сарын 04-ний өдрийн 146 дугаар яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.1, 5.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж гараагүй байна.   

 

Иймд прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 531 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогчид хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болно.

 

 

 

                

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1.1, 39.8 дугаар зүйлийн 1.9, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 237 дугаар цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хохирогчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнийн давж заалдах гомдол болон прокурор Б.Сувд-Эрдэнийн эсэргүүцлийг хүлээн авч, хангаж шийдвэрлэсэн болохыг дурдсугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ч.Б, Ч.Б , Г.С нарт тус тус авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            4. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогчид хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болно.


 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Г.БОЛОРМАА

 

  ШҮҮГЧИД                                                                     Т.ЭНХМАА

 

                                                                                        Р.МӨНХ-ЭРДЭНЭ