Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2020/00107

 

Т.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2019/00240 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 578 дугаар магадлалтай,

Т.Бгийн нэхэмжлэлтэй,

Б.Бд холбогдох,

 “Худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, үр дагаврыг арилгах, хохиролд 5 500 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

“Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд 46 800 000 төгрөг, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс зээлийн хүүд төлсөн хохирол, орон сууцны ашиглалтын зардал, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт төлсөн төлбөр, нийт 86 406 100 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Б.Бын гаргасан гомдлоор,

Шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Балжинсүрэн, хариуцагч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2017 оны 4 дүгээр сард өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж, 78 дугаар байрны 69 тоот 2 өрөө орон сууцаа шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар өр төлбөрт хураалгахаар болсон. Ийнхүү өөрийн орон сууцыг хураалгахгүйн тулд өр төлбөрөө яаралтай барагдуулах шаардлагатай болж зар мэдээнээс мөнгө зээлдүүлнэ гэх Б.Бын зарыг олж, түүнтэй уулзаж, тохиролцон 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 24 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 22 660 000 төгрөгийн өр төлбөрөө төлсөн. Тухайн үед Б.Б нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож дээрх орон сууцыг барьцаална гээд өмчлөлийг өөртөө шилжүүлж авсан. Өмчлөлийг шилжүүлэхдээ орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд орон сууцны үнийг 28 000 000 төгрөгөөр тогтоосон. Б.Б нь орон сууцны өмчлөлийг өөртөө шилжүүлж авсны дараа дотор нь байсан түрээслэгч нарыг хүчээр хөөж гарган, хаалганы цоожийг сольж, бүрэн өөрийн эзэмшилд авсан. Б.Баас авсан зээлээсээ 4 500 000 төгрөгийг төлсөн. 2017 оны 5 дугаар сард тухайн орон сууцыг худалдах зарыг интернетэд тавьсан байсан, энэ талаараа Т.Бд огт мэдэгдээгүй. Маргаан бүхий орон сууцыг сард 500 000 төгрөгөөр түрээсэлж орлого олдог байсан. Б.Бын үйлдлээс болоод орлогоо олж чадахгүйд хүрсэн. Иймд Т.Б, Б.Б нарын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж, 78 дугаар байрны 69 тоот 2 өрөө орон сууцыг Т.Бгийн нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгуулж, олох байсан орлого буюу орон сууцыг сард 500 000 төгрөгөөр бусдад түрээслүүлсэн бол 11 сарын хугацаанд 5 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

    Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа:  Миний бие 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Т.Бтай зээлийн гэрээ байгуулан 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатай 24 000 000 төгрөгийг 1 сарын 10 хувийн хүүгээр зээлдүүлж, Т.Бгийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 78 дугаар байрны 69 тоот, 42.4 м.к талбай бүхий 2 өрөө орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Тухайн үед Т.Бд итгэн өөрийн эгч Д.Тамираас 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 24 000 000 төгрөгийг 1 сарын 8 хувийн хүүтэйгээр, 1 сарын хугацаатай зээлж авч Т.Бд өгсөн. Т.Б нь зээлсэн мөнгөө хугацаандаа өгөөгүйгээс миний эгч болох Д.Тамир надаас зээлийн төлбөрөө нэхэж эхэлсэн тул би дээрх орон сууцыг Канно финансиал ББСБ-д барьцаалан 23 000 000 төгрөгийн зээл авч, өөрөөсөө 1 000 000 төгрөг, сарын хүүнд 1 920 000 төгрөг нэмж гарган нийт 25 920 000 төгрөгийг эгч Д.Тамирт төлсөн. Ингээд Канно финансиал ББСБ-ын зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг би өөрөө төлж явсаар зээлийн гэрээний хугацаа дууссан тул дахин өөрийн эгч Б.Өнөржаргалаас 20 000 000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1 сарын 5 хувийн хүүтэйгээр зээлэн авч, өөрөөсөө 7 280 180 төгрөгийг нэмж Канно финансиал ББСБ-д нийт 27 280 180 төгрөгийг төлж дуусгасан. Т.Б зээлээ хугацаандаа төлөөгүйгээс болж би банк бус санхүүгийн байгууллагад 6 сарын турш хүүнд сарын 4 хувийн хүүтэй, хүүнд 1 сард 920 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 363 000 төгрөг, нийт 5 520 363 төгрөг төлж байна. Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн төлбөрийг төлж дуусгасан ч эгч Б.Өнөржаргалаас зээлсэн 20 000 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж дуусаагүй, сар бүр хүүгийн төлбөр төлсөөр нийт 73 541 100 төгрөгөөр хохироод байна гэжээ.

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үндсэн төлбөр 24 000 000 төгрөг, хүү 7 200 000 төгрөг, алданги 15 600 000 төгрөг, нийт зээлийн гэрээний үүрэгт 46 800 000 төгрөг, Канно финансиал ББС-аас зээлсэн мөнгөний хүү, нэмэгдүүлсэн хүүнд төлсөн 5.520.363 төгрөг, эгч Б.Өнөржаргалаас зээлсэн 20 000 000 төгрөгийг одоо хүртэл төлж чадаагүйгээс өнөөдрийг хүртэл 9 сарын турш төлсөн хүүнд 9 000 000 төгрөг, зээл өгөхөд эгч Б.Өнөржаргалаас зээлсэн зээлийн хүүнд төлсөн 7 280 000 төгрөг, эгч Д.Тамираас 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр зээлсэн мөнгөний 1 сарын хүүнд 1 920 000 төгрөг, өөрөөсөө гаргасан 1 000 000 төгрөг, тус байрны сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 1.619.550 төгрөг, ашиглалтын зардалд буюу конторын зардал болох 401 007 төгрөгийг тус тус төлсөн, нийт 73 541 100 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Мөн Б.Өнөржаргалаас 20 000 000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1 сарын 5 хувийн хүүтэйгээр зээлсэн ба хүүнд 5 200 000 төгрөгийг гаргуулна. Т.Б нь надаас зээлсэн 24 000 000 төгрөгийг хугацаандаа төлөөгүйгээс би 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “Э” ХХК-иас 21 000 000 төгрөгийг 1 сарын 3.5 хувийн хүүтэй зээлж авсан. Гэвч зээлээ төлж чадаагүйгээс 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр нэмэлт гэрээ байгуулан 15 000 000 төгрөгийг нэмж зээлсэн. Одоо үндсэн зээл 36 000 000 төгрөг болсон. Энэ зээлийн хүүнд 7 665 000 төгрөг, нийт 86 406 100 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т.Б сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Зээлийн гэрээ 24 000 000 төгрөгөөр байгуулагдсан боловч яг 22 660 000 төгрөгийг авсан. Илүү 1 340 000 төгрөгийг хариуцагч зээл олгосонтой холбоотой зардал гэж тайлбарласан. Зээл олгосон өдрөөс эхлэн хүү тооцох ёстой. Зээлийн гэрээ 3 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэйгээр байгуулагдсан, зээлийн хүүнд 6 798 000 төгрөг, алдангид /үндсэн зээлийн 50 хувиас хэтрэхгүй/ 11 330 000 төгрөг, үүнээс 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Т.Бгийн төлсөн 4 500 000 төгрөгийг хасаад 36 288 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч Б.Б нь Д.Тамир, Б.Өнөржаргал, Канно финансиал, Эбо Инвест ББС-гийн байгууллагуудаас зээл авч Т.Бд өгсөн гэж сөрөг нэхэмжлэлдээ дурджээ. Гэвч Т.Б нь 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээг зөвхөн Б.Бтай байгуулсан ба Б.Б нь хаанаас, хэнээс мөнгө зээлсэн талаар ямар ч мэдээлэл байгаагүй, мэдэх ч шаардлагагүй. Учир нь зээлийн гэрээний дагуу Т.Б нь зөвхөн Б.Бын өмнө үндсэн зээл, хүүгийн хамт төлөх үүргийг хүлээсэн. Б.Б нь орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан, цоожийг сольж, түрээслэгч нарыг хөөж гарган орон сууцыг бүрэн өөрийн эзэмшилд авсан. Иймд 2017 оны 5 дугаар сараас хойшхи хугацаанд Б.Бын төлсөн СӨХ, конторын төлбөрийг Т.Б хариуцах үндэслэлгүй, харин 2017 оны 4 дүгээр сараас өмнөх төлбөрийг хариуцагч төлсөн нь баримтаар тогтоогдвол нэхэмжлэгч тус хугацааны төлбөрийг төлнө гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Э” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний тус банк бус санхүүгийн байгууллагаас 36 000 000 төгрөгийг, нэг сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлийн гэрээний барьцаанд ямар нэгэн эрхийн зөрчилгүй, өөрийн өмчлөлийн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж, 78 дугаар байр, 69 тоот, Ү-2203029323 улсын бүртгэлийн дугаартай, 42.4 м2 талбайтай орон сууцыг барьцаалсан. Тус байгууллагын зээлдэгч Б.Б нь өнөөдрийн байдлаар үндсэн зээл 36 000 000 төгрөг, хүү 6 300 000 төгрөг, нийт 42 300 000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Зээлийн болон барьцааны гэрээ нь хуульд заасны дагуу хийгдэж, барьцааны гэрээ холбогдох бүртгэлийн байгууллагад бүртгэгдэж барьцаалбар үйлдэгдсэн байдаг гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2019/00240 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.5, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Б, хариуцагч Б.Б нарын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж, 78 дугаар байрны 69 тоот орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Т.Бгийн нэр дээр шилжүүлж өгөхийг хариуцагч Б.Бд даалгаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 5 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Бгаас 58.054.571 төгрөг гаргуулан хариуцагч Б.Бд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28 351 529 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 400 900 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 162 350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 448 223 төгрөг гаргуулж хариуцагч Б.Бд олгох, хариуцагч Б.Баас 297 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Бд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 578 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2019/00240дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын 56.1.3 гэснийг 56.6 гэж, “...шилжүүлж өгөхийг хариуцагч Б.Бд...” гэснийг “...сэргээхийг улсын бүртгэлийн байгууллагад ...” гэж өөрчилж, 2 дах заалтын “58 054 571” гэснийг “37 771 571” гэж, “28 351 529” гэснийг “48 969 100” гэж , 3 дах заалтын “448 223” гэснийг “346 807” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Бгаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292 610 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн 578 дугаар магадлалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах хяналтын шатны гомдлыг гаргаж байна.

Хариуцагч Б.Бын бусдаас зээл авах болсон шалтгаан нь Т.Бтай байгуулсан зээлийн гэрээнээс болж, нэхэмжлэгч хугацаандаа зээлээ төлөөгүйгээс болж учирсан хохирол учир шалтгаант холбоотой байхад шүүхээс үндэслэлгүй дүгнэсэн байна. Мөн орон сууцны өмчлөлийг сэргээхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгаж шүүхээс шийдвэрлэсэн үндэслэлгүй бөгөөд шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх эрхтэй байхад шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчжээ.

Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 578 дугаар магадлалд хүчингүй болгож, орон сууцыг Т.Бгийн нэр дээр шилжүүлэх, гэрээнээс учирсан хохирол 10 900 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж  заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Т.Б нь Б.Бд холбогдуулан “Худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, үр дагаврыг арилгах, хохиролд 5 500 000 төгрөг гаргуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 46 800 000 төгрөг, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс зээлийн хүүд төлсөн хохирол, орон сууцны ашиглалтын зардал, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт төлсөн төлбөр, нийт 86 406 100 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2., 56.1.3., 56.5., 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан Орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгаж, хохиролд нэхэмжилсэн 5 500 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1., 232 дугаар зүйлийн 232.6., 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл, хохиролд нэхэмжлэгчээс нийт 58 054 571 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгуулах, сөрөг нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна. 

Үндсэн нэхэмжлэлийн талаар:

Т.Б нь Орон сууц худалдах-худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, өмчлөх эрхээ сэргээлгэх, уг гэрээний улмаас учирсан хохирол 5 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Т.Б 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагч Б.Баас 24 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлэхээр “Зээлийн гэрээ” байгуулж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо 7 дугаар хороолол, Их тойруу гудамжны 78 дугаар байр 69 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалахдаа “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ” байгуулж, орон сууцны өмчлөх эрхийг зээлдүүлэгч Б.Бын өмчлөлд шилжүүлсэн байна .

Гэрээний талаар зохигч маргаагүй, зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр орон сууцыг өөрийн өмчлөлд байлгаж, зээлийн гэрээний үүрэг, зээлийг хугацаандаа төлөөгүйгээс учирсан хохирлыг төлсөн тохиолдолд өмчлөлийг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэж хариуцагч тайлбарлажээ.

Талуудын хооронд байгуулсан Орон сууц худалдах-худалдан авах хэлцэл хууль зүйн үр дагавар үүсгэх зорилгогүй, хэн алинд нь орон сууцыг худалдах, худалдан авах хүсэл зориг байгаагүй, зээлийн гэрээний үүрэгт барьцаалахаар харилцан тохиролцсон гэх талуудын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж дүгнэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2. дахь заалтад нийцэж байх боловч анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангахдаа гэрээг “хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон” нь хуулийн нэр томъёог зөв хэрэглээгүй алдаа гаргасан, улмаар шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлд нийцээгүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасан хэлцэл нь анхнаасаа эрх зүйн ямар нэг үр дагавар үүсгэхгүй бөгөөд хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг тул гэрээний эрх, үүрэг, хариуцлага, тооцох боломжгүй. Иймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тогтоодог.

Харин Иргэний хуулийн 57-60 дугаар зүйлд хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцлийг тусгайлан зохицуулсан байх бөгөөд сонирхогч этгээд нэхэмжлэл гаргаагүй бол хүчин төгөлдөр бус гэж тооцож болохгүй, энэ зүйлд заасан хэлцэл нь зайлшгүй шүүхийн шийдвэрийн үндсэн дээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдоно.

Анхан шатны шүүхийн дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулаагүй байх тул  Орон сууц худалдах-худалдан авах хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2.-т заасан “хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож”, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Анхан шатны шүүх хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэхдээ үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж зассан байна.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлсний үндсэн дээр өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, орон сууц өмчлөгчийн эрхийг сэргээхийг бүртгэлийн байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.-д нийцсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 118 дугаар зүйлийн 118.4. дэх заалтыг зөрчөөгүй байна.

Түүнчлэн хүчин төгөлдөр бус хэлцлийг хийхэд нэхэмжлэгч өөрөө буруутай тул хохирол нэхэмжлэх эрхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэстэй гэж үзэж,  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь заалтыг шийдвэрт зааж, өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хариуцагч Б.Б нь талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 46 800 000 төгрөг, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс бусдаас зээл авсны хүүд төлсөн хохирол 37 585 543 төгрөг, орон сууцны ашиглалтын зардалд төлсөн 401 007 төгрөг, СӨХ-д төлсөн 1 619 550 төгрөг нийт 86 406 100 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаарджээ.

2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Зээлийн гэрээгээр Б.Б 24 000 000 төгрөгийг сарын 10%-ийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч Т.Б хугацаанд нь гэрээний үүргийг биелүүлэх, хугацаа хэтрүүлсэн бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 5%-тай тэнцэх алдангийг хоног тутам төлөх үүрэг тус тус хүлээжээ.

Гэрээний дагуу Б.Б нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд Т.Бгийн төлбөр орлогод 22 660 000 төгрөгийг шилжүүлсэн,  гэрээний үүргийн гүйцэтгэлд Т.Б 4 500 000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв.

Анхан шатны шүүх зээлийн гэрээний үүргийг гэрээнд заасан үнийн дүн буюу 24 000 000 төгрөгөөс тооцсныг давж заалдах шатны шүүхээс өөрчилж, Т.Бгийн шийдвэр гүйцэтгэх албанд төлөх төлбөрт 22 660 000 төгрөгийг гэрээний дагуу шилжүүлсэн, үлдэх 1 340 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлснээ баримтаар нотлоогүй гэж дүгнэж, зээлдэгчийн гүйцэтгэх үүргийг бодитоор шилжүүлсэн 22 660 000 төгрөгөөс тооцож тодорхойлсон нь хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэгдсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1., 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь заалтыг зөрчөөгүй, магадлал Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д нийцжээ.

Хариуцагч Б.Б нь эгч Д.Тамираас зээл авч Т.Бд өгсөн, Т.Б гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс эгч Б.Өнөржаргал, “Канно финансиал ББСБ” ХХК, “Э” ХХК-иудаас дамжуулан зээл авч, өмнөх зээлийг төлсөөр хүүний төлбөрт 37 585 543 төгрөгийг төлж хохирсон гэжээ.

Анхан шатны шүүх хохиролд 10 920 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэлээ заагаагүй байна. Харин давж заалдах шатны шүүх хариуцагчийн бусдаас зээл авч, түүнийхээ хүүг төлсөн нь Т.Бгийн зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйтэй шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэн сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад нийцсэн байна.

Түүнчлэн хариуцагч нь гэрээний үүрэгт барьцаалсан орон сууцыг өөрийн эзэмшилд байлгаж, ашиглаж байсан үндэслэлээр хохирол нэхэмжлэх эрхгүй тул шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй болно.

Хариуцагч орон сууцыг өөрийн эзэмшилд шилжүүлж авахдаа орон сууцны ашиглалтын зардал, сууц өмчлөгчдийн холбоонд төлсөн нийт 2 020 557 төгрөг гаргуулах шаардлагаас 334 571 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1. дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй бөгөөд шүүхийн энэ шийдвэрт зохигч гомдол гаргаагүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг эс зөвшөөрч, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 3 дугаар сарын 29-ний өдрийн 578 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2019/00240 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5, 56.6, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Б, хариуцагч Б.Б нарын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж, 78 дугаар байрны 69 тоот орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Т.Бгийн нэр дээр сэргээхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 5 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтын “58 054 571” гэснийг “37 771 571” гэж, “28 351 529” гэснийг “48 969 100” гэж, 3 дахь заалтын “448 223” гэснийг “346 807” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 260 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

               ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД