Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 240

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Автозамчдын гудамж, 26 дугаар байр, 19 тоот хаягт оршин суух, Улаанбаатар овогт Толягийн Болормаа /РД: ЧЛ73021964/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 65 дугаар байр, 88 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Батсайханы Батжаргал /РД: ШВ86060712/-д холбогдох,

 Орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, үр дагаврыг арилгуулах буюу Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж, 78 дугаар байрны 69 тоот 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Т.Болормаагийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Б.Батжаргалд даалгах, олох байсан орлого 5,500,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

Хариуцагчийн зээлийн гэрээний үүрэгт болон гэрээнээс учирсан хохиролд 86,406,100 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Балжинсүрэн, хариуцагч Б.Батжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номингийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэн Т.Болормаа нь 2017 оны 4 дүгээр сард өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж, 78 дугаар байрны 69 тоот 2 өрөө орон сууцаа шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар өр төлбөрт хураалгахаар болсон. Ийнхүү өөрийн орон сууцыг хураалгахгүйн тулд өр төлбөрөө яаралтай барагдуулах шаардлагатай болж зар мэдээнээс мөнгө зээлдүүлнэ гэх Б.Батжаргалын зарыг олж, түүнтэй уулзаж, тохиролцон 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 24,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 22,560,000 төгрөгийн өр төлбөрөө төлсөн. Тухайн үед Б.Батжаргал нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж, 78 дугаар байрны 69 тоот 2 өрөө орон сууцыг барьцаална гээд өмчлөлийг өөртөө шилжүүлж авсан болно. Өмчлөлийг шилжүүлэхдээ орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд орон сууцны үнийг 28,000,000 төгрөгөөр тогтоосон байгаа. Тухайн үед тус орон сууцны зах зээлийн үнэлгээ нь 90,000,000 төгрөг байсан бөгөөд татвар бага төлөхийн тулд үнэлгээг 28,000,000 төгрөг гэж бичсэн байна. Т.Болормаа нь зээлийн гэрээний дагуу Б.Батжаргалаас 22,660,000 төгрөгийг авсан, харин орон сууц худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 28,000,000 төгрөгийг огт аваагүй. Б.Батжаргал нь орон сууцны өмчлөлийг өөртөө шилжүүлж авсны дараа дотор нь байсан түрээслэгч нарыг хүчээр хөөж гарган, хаалганы цоожийг сольж, бүрэн өөрийн эзэмшилд авсан. Т.Болормаагийн хувьд Б.Батжаргалаас авсан зээлээсээ 4,500,000 төгрөгийг төлсөн. Б.Батжаргал нь одоо 50-60 сая төгрөг өгөөд байраа авбал ав, үгүй бол би байрыг зараад мөнгөө гаргаж авна гэх болсон. 2017 оны 5 дугаар сард тухайн орон сууцыг худалдах зарыг интернетэд тавьсан байсан, энэ талаараа Т.Болормаад огт мэдэгдээгүй. Т.Болормаа нь маргаан бүхий орон сууцыг сард 500,000 төгрөгөөр түрээсэлж орлого олдог байсан. Б.Батжаргалын үйлдлээс болоод орлогоо олж чадахгүйд хүрсэн. Иймд Т.Болормаа, Б.Батжаргал нарын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.4-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж, 78 дугаар байрны 69 тоот 2 өрөө орон сууцыг Т.Болормаагийн нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү. Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд: Олох байсан орлого буюу орон сууцыг сард 500,000 төгрөгөөр бусдад түрээслүүлсэн бол 11 сарын хугацаанд 5,500,000 төгрөг олох байсан тул хариуцагч Б.Батжаргалаас 5,500,000 төгрөг гаргуулж өгнө үү.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд гэвэл бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Зээлийн гэрээ 24,000,000 төгрөгөөр байгуулагдсан боловч яг 22,660,000 төгрөгийг авсан. Илүү 1,340,000 төгрөгийг хариуцагч зээл олгосонтой холбоотой зардал гэж тайлбарласан. Зээл олгосон өдрөөс эхлэн хүү тооцох ёстой. Зээлийн гэрээ 3 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэйгээр байгуулагдсан, зээлийн хүүнд 6,798,000 төгрөг, алдангид /үндсэн зээлийн 50 хувиас хэтрэхгүй/ 11,330,000 төгрөг, үүнээс 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Т.Болормаагийн төлсөн 4,500,000 төгрөгийг хасаад 36,288,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч Б.Батжаргал нь Д.Тамир, Б.Өнөржаргал, Канно финансиал, Эбо инвест банк бус санхүүгийн байгууллагуудаас зээл авч Т.Болормаад өгсөн гэж сөрөг нэхэмжлэлдээ дурджээ. Гэвч Т.Болормаа нь 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээг зөвхөн Б.Батжаргалтай байгуулсан ба Б.Батжаргал нь хаанаас, хэнээс мөнгө зээлсэн талаар ямар ч мэдээлэл байгаагүй, мэдэх ч шаардлагагүй. Учир нь зээлийн гэрээний дагуу Т.Болормаа нь зөвхөн Б.Батжаргалын өмнө үндсэн зээл, хүүгийн хамт төлөх үүргийг хүлээсэн. Б.Батжаргал нь орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан, цоожийг сольж, түрээслэгч нарыг хөөж гарган орон сууцыг бүрэн өөрийн эзэмшилд авсан. Мөн түрээслэгч нар нь контор, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг бүрэн төлдөг байсан бөгөөд Б.Батжаргалын буруутай үйл ажиллагааны улмаас орон сууцтай холбоотой төлбөрийн өр үүссэн. Иймд 2017 оны 5 дугаар сараас хойшхи хугацаанд Б.Батжаргалын төлсөн СӨХ, конторын төлбөрийг Т.Болормаа хариуцах үндэслэлгүй, харин 2017 оны 4 дүгээр сараас өмнөх төлбөрийг хариуцагч төлсөн нь баримтаар тогтоогдвол нэхэмжлэгч тус хугацааны төлбөрийг төлнө гэв.

Хариуцагч Б.Батжаргалын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: Миний бие 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Т.Болормаатай зээлийн гэрээ байгуулан 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатай 24,000,000 төгрөгийг 1 сарын 10 хувийн хүүгээр зээлдүүлж, Т.Болормаагийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 78 дугаар байрны 69 тоот, 42.4 м/к талбай бүхий 2 өрөө орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Тухайн үед Т.Болормаад итгэн өөрийн эгч Д.Тамираас 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 24,000,000 төгрөгийг 1 сарын 8 хувийн хүүтэйгээр, 1 сарын хугацаатай зээлж авч Т.Болормаад өгсөн. Т.Болормаа нь зээлсэн мөнгөө хугацаандаа өгөөгүйгээс миний эгч болох Д.Тамир надаас зээлийн төлбөрөө нэхэж эхэлсэн тул би дээрх орон сууцыг Канно финансиал ББСБ-д барьцаалан 23,000,000 төгрөгийн зээл авч, өөрөөсөө 1,000,000 төгрөг, сарын хүүнд 1,920,000 төгрөг нэмж гарган нийт 25,920,000 төгрөгийг эгч Д.Тамирт төлсөн. Ингээд Канно финансиал ББСБ-ын зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг би өөрөө төлж явсаар зээлийн гэрээний хугацаа дууссан тул дахин өөрийн эгч Б.Өнөржаргалаас 20,000,000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1 сарын 5 хувийн хүүтэйгээр зээлэн авч, өөрөөсөө 7,280,180 төгрөгийг нэмж Канно финансиал ББСБ-д нийт 27,280,180 төгрөгийг төлж дуусгасан. Т.Болормаа зээлээ хугацаандаа төлөөгүйгээс болж би банк бус санхүүгийн байгууллагад 6 сарын турш хүүнд сарын 4 хувийн хүүтэй, хүүнд 1 сард 920,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 363,000 төгрөг, нийт 5,520,363 төгрөг төлж байна. Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн төлбөрийг төлж дуусгасан ч эгч Б.Өнөржаргалаас зээлсэн 20,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж дуусаагүй, сар бүр хүүгийн төлбөр төлсөөр байна.

2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үндсэн төлбөр 24,000,000 төгрөг, хүү 7,200,000 төгрөг, алданги 15,600,000 төгрөг, нийт зээлийн гэрээний үүрэгт 46,800,000 төгрөг, Канно финансиал банк бус санхүүгийн байгууллагаас зээлсэн мөнгөний хүү, нэмэгдүүлсэн хүүнд төлсөн 5,520,363 төгрөг, эгч Б.Өнөржаргалаас зээлсэн 20,000,000 төгрөгийг одоо хүртэл төлж чадаагүйгээс өнөөдрийг хүртэл 9 сарын турш төлсөн хүүнд 9,000,000 төгрөг, зээл өгөхөд эгч Б.Өнөржаргалаас зээлсэн зээлийн хүүнд төлсөн 7,280,000 төгрөг, эгч Д.Тамираас 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр зээлсэн мөнгөний 1 сарын хүүнд 1,920,000 төгрөг, өөрөөсөө гаргасан 1,000,000 төгрөг, тус байрны сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 1,619,550 төгрөг, ашиглалтын зардалд буюу конторын зардал болох 401,007 төгрөгийг тус тус төлсөн, нийт 73,541,100 төгрөгөөр хохироод байна.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: Миний бие 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Т.Болормаатай зээлийн гэрээ байгуулан 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатай 24,000,000 төгрөгийг 1 сарын 10 хувийн хүүгээр зээлдүүлж, Т.Болормаагийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 78 дугаар байрны 69 тоот, 42.4 м/к талбай бүхий 2 өрөө орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Тухайн үед Т.Болормаад итгэн өөрийн эгч Д.Тамираас 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 24,000,000 төгрөгийг 1 сарын 8 хувийн хүүтэйгээр, 1 сарын хугацаатай зээлж авч Т.Болормаад өгсөн. Т.Болормаа нь зээлсэн мөнгөө хугацаандаа өгөөгүйгээс миний эгч болох Д.Тамир надаас зээлийн төлбөрөө нэхэж эхэлсэн тул би дээрх орон сууцыг Канно финансиал ББСБ-д барьцаалан 23,000,000 төгрөгийн зээл авч, өөрөөсөө 1,000,000 төгрөг, сарын хүүнд 1,920,000 төгрөг нэмж гарган нийт 25,920,000 төгрөгийг эгч Д.Тамирт төлсөн. Ингээд Канно финансиал ББСБ-ын зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг би өөрөө төлж явсаар зээлийн гэрээний хугацаа дууссан тул дахин өөрийн эгч Б.Өнөржаргалаас 20,000,000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1 сарын 5 хувийн хүүтэйгээр зээлэн авч, өөрөөсөө 7,280,180 төгрөгийг нэмж Канно финансиал ББСБ-д нийт 27,280,180 төгрөгийг төлж дуусгасан. Т.Болормаа зээлээ хугацаандаа төлөөгүйгээс болж би банк бус санхүүгийн байгууллагад 6 сарын турш хүүнд сарын 4 хувийн хүүтэй, хүүнд 1 сард 920,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 363,000 төгрөг, нийт 5,520,363 төгрөг төлж байна. Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн төлбөрийг төлж дуусгасан ч эгч Б.Өнөржаргалаас зээлсэн 20,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж дуусаагүй, сар бүр хүүгийн төлбөр төлсөөр байна.

2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үндсэн төлбөр 24,000,000 төгрөг, хүү 7,200,000 төгрөг, алданги 15,600,000 төгрөг, нийт зээлийн гэрээний үүрэгт 46,800,000 төгрөг, Канно финансиал банк бус санхүүгийн байгууллагаас зээлсэн мөнгөний хүү, нэмэгдүүлсэн хүүнд төлсөн 5,520,363 төгрөг, эгч Б.Өнөржаргалаас зээлсэн 20,000,000 төгрөгийг одоо хүртэл төлж чадаагүйгээс өнөөдрийг хүртэл 9 сарын турш төлсөн хүүнд 9,000,000 төгрөг, зээл өгөхөд эгч Б.Өнөржаргалаас зээлсэн зээлийн хүүнд төлсөн 7,280,000 төгрөг, эгч Д.Тамираас 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр зээлсэн мөнгөний 1 сарын хүүнд 1,920,000 төгрөг, өөрөөсөө гаргасан 1,000,000 төгрөг, тус байрны сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 1,619,550 төгрөг, ашиглалтын зардалд буюу конторын зардал болох 401,007 төгрөгийг тус тус төлсөн, нийт 73,541,100 төгрөгийг нэхэмжлэгч Т.Болормаагаас гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад: Мөн Т.Болормаа нь надаас зээлсэн 24,000,000 төгрөгөө хугацаандаа төлөөгүйгээс би бусдаас зээлсэн мөнгөө төлөхийн тулд эгч Б.Өнөржаргалаас 20,000,000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1 сарын 5 хувийн хүүтэйгээр зээлсэн ба 2018 оны 6, 7, 8, 9, 10 сарын зээлийн хүүнд 5,200,000 төгрөгийг төлсөн байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 5,200,000 төгрөг нэмэгдүүлж байна.

Сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад: Т.Болормаа нь надаас зээлсэн 24,000,000 төгрөгийг хугацаандаа төлөөгүйгээс би 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Эбо инвест банк бус санхүүгийн байгууллагаас 21,000,000 төгрөгийг 1 сарын 3.5 хувийн хүүтэй зээлж авсан. Гэвч зээлээ төлж чадаагүйгээс 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр нэмэлт гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийг нэмж зээлсэн. Одоо үндсэн зээл 36,000,000 төгрөг болсон. Энэ зээлийн хүүнд 7,665,000 төгрөгийг төлөөд байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 7,665,000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 86,406,100 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэв.

   Шүүх зохигчийн хүсэлтийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Болормаа нь хариуцагч Б.Батжаргалд холбогдуулан орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, үр дагаврыг арилгуулах буюу Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж, 78 дугаар байрны 69 тоот, 42.4 м/к талбай бүхий 2 өрөө орон сууцыг Т.Болормаагийн нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагч Б.Батжаргалд даалгах, олох байсан орлого буюу 11 сарын түрээсийн төлбөр 5,500,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба хариуцагч Б.Батжаргал ... Т.Болормаагийн орон сууц нь биднийг зээлийн гэрээ байгуулж, мөнгө зээлдүүлэх үед шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын битүүмжлэлд байсан учир Т.Болормаагийн төлбөрт 22,660,000 төгрөгийг төлж, худалдах-худалдан авах гэрээ байгуулж, өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Орон сууцыг би өөртөө авах ямар ч бодол байгаагүй, зөвхөн эрсдлээ тооцож, зээлсэн мөнгөний барьцаа болгож авсан. Би Т.Болормаад 24,000,000 төгрөгийг зээлдүүлэхдээ өөрт мөнгө байхгүй учир эгч Д.Тамираас 24,000,000 төгрөгийг 8 хувийн хүүтэйгээр өөрөө зээлж, авч өгсөн. Т.Болормаа нь хугацаандаа зээлээ төлөөгүйгээс бусдаас зээлсэн мөнгө нэхэгдэж, эгч Б.Өнөржаргал, Канно финансиал, Эбо инвест банк бус санхүүгийн байгууллагуудаас их хэмжээний зээл авч өмнөх зээлээ төлж явсаар одоогийн байдлаар эдгээр иргэн, аж ахуйн нэгжүүдээс авсан зээлээ төлж дуусаагүй, хүү, нэмэгдүүлсэн хүүнд их хэмжээний төлбөр төлж хохирлоо. Хэрвээ Т.Болормаа нь үндсэн зээл, хүү, алдангиа, надад учирсан хохирлын хамт төлчихвөл байрыг буцаан шилжүүлэхэд бэлэн байна гэж маргажээ.

Хариуцагч Б.Батжаргал нь нэхэмжлэгч Т.Болормаад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 46,800,000 төгрөг, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ Т.Болормаа хугацаандаа биелүүлээгүйгээс учирсан хохиролд бусдаас зээлсэн зээлийн төлбөрт болон хүү, нэмэгдүүлсэн хүүнд төлсөн 37,585,543 төгрөг, маргаан бүхий орон сууцны сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт төлсөн 1,619,550 төгрөг, ашиглалтын зардалд төлсөн 401,007 төгрөг, нийт 86,406,100 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч Т.Болормаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номин ... нэхэмжлэгч Т.Болормаа нь өөрийн орон сууцаа Б.Батжаргалд худалдаагүй, зээлсэн 22,660,000 төгрөгийнхөө барьцаа болгож худалдах-худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан. Тэрээр тухайн орон сууцыг бусдад түрээслэх, эсхүл худалдах замаар зээлсэн мөнгөө төлнө гэж байсан боловч Б.Батжаргал нь гэрээ хийсэн даруйдаа орон сууцны нэрийг өөртөө шилжүүлэн авч, түрээслэгч нарыг хөөн гаргаж, орон сууцыг бүрэн өөрийн эзэмшилдээ авч Т.Болормааг төлбөрөө төлөх боломжгүй байдалд хүргэсэн. Тэрээр 4,500,000 төгрөгийг Б.Батжаргалд төлсөн тул энэ төлбөрийг хасаад үндсэн зээл, хүү, алдангид 36,288,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч Б.Батжаргалын Д.Тамир, Б.Өнөржаргал, Канно финансиал, Эбо инвест банк бус санхүүгийн байгууллагуудаас авсан зээлд Т.Болормаа хамтран зээлдэгчээр ороогүй, үүрэг хүлээгээгүй тул сөрөг нэхэмжлэлийн энэ хэсгийг зөвшөөрөхгүй. 2017 оны 5 дугаар сараас хойшхи хугацаанд Б.Батжаргалын төлсөн СӨХ, конторын төлбөрийг Т.Болормаа хариуцах үндэслэлгүй, харин 2017 оны 4 дүгээр сараас өмнөх төлбөрийг хариуцагч төлсөн нь баримтаар тогтоогдвол нэхэмжлэгч тус хугацааны төлбөрийг төлнө гэж маргажээ.

 

Шүүхээс үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1.Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Нэхэмжлэгч Т.Болормаа нь 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж, 78-69 тоот хаягт байрлах 42.4 м/к талбай бүхий 2 өрөө орон сууцаа 28,000,000 төгрөгөөр Б.Батжаргалд худалдахаар худалдах-худалдан авах гэрээ байгуулжээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэх боловч нэхэмжлэгч Т.Болормаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номингийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан ... нэхэмжлэгч Т.Болормаа нь өөрийн орон сууцаа Б.Батжаргалд худалдаагүй, зээлсэн 22,660,000 төгрөгийнхөө барьцаа болгож худалдах-худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан. Тэрээр тухайн орон сууцыг бусдад түрээслэх, эсхүл худалдах замаар зээлсэн мөнгөө төлнө гэж байсан боловч Б.Батжаргал нь гэрээ хийсэн даруйдаа орон сууцны нэрийг өөртөө шилжүүлэх авч, түрээслэгч нарыг хөөн гаргаж, орон сууцыг бүрэн өөрийн эзэмшилдээ авч Т.Болормааг төлбөрөө төлөх боломжгүй байдалд хүргэсэн гэх, хариуцагч Б.Батжаргалын ...Т.Болормаагийн орон сууц нь биднийг зээлийн гэрээ байгуулж, мөнгө зээлдүүлэх үед шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын битүүмжлэлд байсан учир Т.Болормаагийн төлбөрт 22,660,000 төгрөгийг төлж, худалдах-худалдан авах гэрээ байгуулж, өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Орон сууцыг би өөртөө авах ямар ч бодол байгаагүй, зөвхөн эрсдлээ тооцож, зээлсэн мөнгөний барьцаа болгож авсан гэх тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Т.Болормаа нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж, 78-69 тоот хаягт байрлах 42.4 м/к талбай бүхий 2 өрөө орон сууцаа Б.Батжаргалд худалдах, хариуцагч Т.Батжаргал нь тухайн орон сууцыг худалдаж авах хүсэл зориг байгаагүй. Харин Т.Болормаа нь орон сууцаа шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаанд оруулахгүйгээр бусдад төлөх төлбөрөө барагдуулах зорилгоор 24,000,000 төгрөгийг хариуцагч Б.Батжаргалаас зээлж, зээлийн гэрээний үүрэгт орон сууцаа барьцаалахаар харилцан тохиролцожээ.

Талуудын хооронд байгуулсан 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Орон сууц худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д Дүр үзүүлэн хийсэн хэлцэл, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэх буюу зээлийн болон барьцааны гэрээг халхавчлах зорилгоор худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл дүр үзүүлсэн хэлцэл-ээр хэлцэл хийгч талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэлгүй буюу ямар нэг хууль зүйн үр дагавар гаргахыг хүсдэггүй, зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хэлцэл хийдэг.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. гэжээ. Нэхэмжлэгч Т.Болормаа нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж, 78-69 тоот хаягт байрлах 42.4 м/к талбай бүхий 2 өрөө орон сууцаа Б.Батжаргалд 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хулдсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, орон сууцны өмчлөх эрхийг буцаан шаардах эрхтэй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Маргаан бүхий орон сууцыг бусдад түрээслүүлж олох байсан орлого буюу 11 сарын түрээсэн төлбөрт 5,500,000 төгрөгийг хариуцагч Т.Батжаргалаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн энэ шаардлагаа нотлохоор шүүхэд Д.Атарбаяр, Д.Болормаа нарыг гэрчээр асуулгасан. Гэвч гэрчүүдийн мэдүүлэг бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй. Өөрөөр хэлбэл тухайн орон сууцыг Д.Атарбаяр, Д.Болормаа нарт түрээслүүлсэн гэх гэрээ байхгүй, түрээсийн төлбөр хүлээлцсэн баримтгүй, мөн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж, 78-69 тоот хаягт байрлах 42.4 м/к талбай бүхий 2 өрөө орон сууцыг түрээслэх /1 сарын/ зах зээлийн ханш 500,000 төгрөг болохыг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Нэхэмжлэгч Т.Болормаа нь өөрийн өмчлөлийн орон сууцаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албадан дуудлага худалдаанд оруулахгүйгээр бусдад төлөх төлбөрөө төлөхийн тулд хүүтэй мөнгө зээлнэ гэх зарын дагуу хариуцагч Б.Батжаргалтай уулзаж, 24,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, гэрээний хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлөхөөр харилцан тохиролцож, зээлж авсан болох нь зохигчдын тайлбар, 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ, /зээлийн гэрээний 8-д 24,000,000 төгрөгийг бэлнээр авсан болно/, 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн бэлэн мөнгөний баримт зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хуулийн хүчин төгөлдөр, хариуцагч Б.Батжаргал нэхэмжлэгч Т.Болормаагаас зээлийн гэрээний үүрэг шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, зээлийн гэрээний 2-т ... 1 сарын 10 хувийн хүү зээл өгөгчид төлнө, мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, зээлийн гэрээний 4-д ... гэрээний хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0.5 хувиар бодож алдангийг зээл өгөгчид төлнө гэж заасан байх тул Т.Болормаа нь хүү, алдангийг төлөх үүрэгтэй.

Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 7 дугаар сарын 21-ны өдөр дуусгавар болсон бөгөөд 3 сарын хүүнд 7,200,000 төгрөг, үндсэн зээлд 24,000,000 төгрөг, 31,200,000 төгрөгийг төлөөгүй байна. Гэрээний хугацаа дууссан уг өдрөөс хойш хариуцагчБ.Батжаргал шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл буюу 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл нийт 381 хоногийн алдангийг тооцоход 59,436,000 төгрөг болж байх боловч хариуцагч дээрх хугацааны алдангид 15,600,000 төгрөгийг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэсэнтэй нийцжээ. Иймд нэхэмжлэгч Т.Болормаагаас зээлийн гэрээний үүрэгт буюу үндсэн зээл 24,000,000 төгрөг, хүү 7,200,000 төгрөг, алданги 15,600,000 төгрөг, нийт 46,800,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хариуцагч Б.Батжаргал нь Т.Болормаад зээлсэн 24,000,000 төгрөгийг би эгч Д.Тамираас 8 хувийн хүүтэйгээр зээлж авч өгсөн, Т.Болормаа нь надаас зээлсэн мөнгөө хугацаандаа төлөөгүйгээс эгч Д.Тамираас зээлсэн мөнгийг хүүтэй нь төлөхийн тулд би Канно финансиал банк бус санхүүгийн байгууллагаас 23,000,000 төгрөгийг хүүтэй зээлж, өөрөөсөө үндсэн зээлд 1,000,000 төгрөг, хүүнд 1,920,000 төгрөг, нийт 2,920,000 төгрөгийг хувиасаа гаргаж, 25,920,000 төгрөгийг эгч Д.Тамирт төлсөн. Канно финансиал банк бус санхүүгийн байгууллагын зээлийг төлөхийн тулд дахин эгч Б.Өнөржаргалаас 20,000,000 төгрөгийг хүүтэй зээлж, өөрөөсөө 7,280,180 төгрөг гаргаж, нийт 27,280,180 төгрөг төлж зээлийг хаасан. Энэ хугацаанд банк бус санхүүгийн байгууллагад 6 сарын хүү, нэмэгдүүлсэн хүүнд 5,520,363 төгрөгийг мөн хувиасаа төлсөн. Мөн эгч Б.Өнөржаргалд зээлсэн мөнгөний хүүнд 9,000,000 төгрөг, дахин 5,200,000 төгрөгийг төлсөн. Т.Болормаа хугацаандаа зээлээ төлөөгүйгээс би Эбо инвест банк бус санхүүгийн байгууллагаас 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 21,000,000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй, мөн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр дахин 15,000,000 төгрөгийг тус тус зээлж авсан, энэ зээлүүдийн хүүний төлбөрт 7,665,000 төгрөг мөн төлсөн. Иймд Т.Болормаатай байгуулсан зээлийн гэрээнээс надад учирсан хохирол буюу бусад иргэн, аж ахуйн нэгжээс зээлсэн зээл, хүүний төлбөрт төлсөн нийт 37,585,543 төгрөгийг, мөн маргаан бүхий орон сууцны ашиглалтын зардалд 401,007 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 1,619,550 төгрөгийг би хувиасаа төлсөн тул нийт 39,606,100 төгрөгийг хариуцагч Т.Болормаагаас гэрээнээс учирсан хохиролд гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Батжаргал нь Т.Болормаа надаас зээлсэн мөнгөө хугацаандаа төлөөгүйгээс би бусдаас хүүтэй зээл авч өмнөх зээлүүдээ хүүтэй нь төлж, бусдад их хэмжээний хүү төлж хохирлоо гэх сөрөг нэхэмжлэлийг гаргасан боловч Канно финансиал банк бус санхүүгийн байгууллага ХХК, Эбо инвест банк бус санхүүгийн байгууллага ХХК-иудаас зээлсэн мөнгийг хэрхэн юунд зарцуулсан нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул эдгээр аж ахуйн нэгжүүдэд хүү төлж хохирсон гэж үзэх үндэслэлгүй байна. Харин Б.Өнөржаргалыг шүүхээс 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэрчээр асуухад ... дүү Б.Батжаргалд 20,000,000 төгрөгийг 0.5 хувийн хүүтэй зээлсэн, зээлийн хүүнд 1 сард 1,000,000 төгрөг авч байсан гэх мэдүүлгээр 9 сарын хүүнд 9,000,000 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байна. Мөн Д.Тамираас зээлсэн мөнгөний хүүнд 1,920,000 төгрөгийг төлсөн нь тогтоогдож байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хангаж, нэхэмжлэгч Т.Болормаагаас гэрээнээс учирсан хохиролд буюу хариуцагчийн бусдад төлсөн зээлийн хүүнд нийт 10,920,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Б.Батжаргалд олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хариуцагч Б.Батжаргал нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж, 78 дугаар байрны 69 тоот орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлж аваад сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 1,619,550 төгрөг, ашиглалтын зардалд 401,007 төгрөг, нийт 2,020,557 төгрөг төлсөн тул энэ төлбөрийг нэхэмжлэгчээс нэхэмжилжээ. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэжээ. Шүүхээс зохигчдын хооронд байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Т.Болормаад буцаан шилжүүлэх нь зүйтэй гэж дүгнэсэн тул тухай орон сууцны ашиглалтын болон сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг нэхэмжлэгч Т.Болормаагаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Гэхдээ хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч Б.Батжаргал нь 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр 25,383 төгрөг, 21,044 төгрөг, 20,138 төгрөг, 37,774 төгрөг, 31,473 төгрөг, 106,600 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 26,804 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 58,242 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 41,430 төгрөг, мөн сарын 22-ны өдөр 41,822 төгрөг, нийт 334,571 төгрөгийг төлсөн болох нь Төрийн банкны орлогын баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Т.Болормаагаас маргаан бүхий орон сууцны ашиглалтын болон сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт нийт 334,571 төгрөг гаргуулж, хариуцагч Б.Батжаргалд олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 24,000,000 төгрөг, хүү 7,200,000 төгрөг, алданги 15,600,000 төгрөг, гэрээнээс учирсан хохирол буюу бусдад төлсөн зээлийн хүү 10,920,000 төгрөг, орон сууцны ашиглалтын болон сууц өмчлөгчдийн холбооны зардалд 334,571 төгрөг, нийт 58,054,571 төгрөгийг нэхэмжлэгч Т.Болормаагаас гаргуулж, хариуцагч Б.Батжаргалд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28,351,529 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Т.Болормаа нь зээлийн гэрээний үүрэгт 4,500,000 төгрөгийг буцаан төлсөн гэх боловч хавтаст хэргийн 7 дугаар талд авагдсан Хаан банкны баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй баримт байх тул 4,500,000 төгрөгийг буцаан төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.5, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Болормаа, хариуцагч Б.Батжаргал нарын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж, 78 дугаар байрны 69 тоот орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Т.Болормаагийн нэр дээр шилжүүлж өгөхийг хариуцагч Б.Батжаргалд даалгаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 5,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Болормаагаас 58,054,571 төгрөг гаргуулан хариуцагч Б.Батжаргалд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28,351,529 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 400,900 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,162,350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Болормаагаас улсын тэмдэгтийн хураамжид 448,223 төгрөг гаргуулж хариуцагч Б.Батжаргалд олгох, хариуцагч Б.Батжаргалаас 297,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Болормаад олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.МӨНХТӨР