Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 892

 

Нэхэмжлэгч Г.Батбаяр, Ц.Будсүрэн нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч Г.Батбаяр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“...Нэхэмжлэгч Ц.Будсүрэнтэй хариуцагч Ш.Энхбат нь утсаар холбогдож 15,000,000 төгрөг яаралтай зээлээч хэрэг болоод байна, тун удахгүй буцааж өгнө гэж хэлээд 2017 оны 02 дугаар сарын 17-ны  өдөр Ц.Будсүрэн өөрийн эзэмшлийн Хаан банкны 5750123023 тоот харилцах данснаас Ш.Энхбатын Хаан банк 5046344341 тоот данс руу нь 4 удаагийн гүйлгээгээр 7,500,000 төгрөг, өөрийн нөхөр болох Г.Батбаярын Хаан банкны эзэмшлийн 5035271226 тоот харилцах данснаас мөн Ш.Энхбатын Хаан банк 5046344341 тоот данс руу нь 4 удаагийн гүйлгээгээр 7,500,000 төгрөг шилжүүлсэн байдаг бөгөөд  удалгүй зээлсэн 15,000,000  төгрөгөө буцааж өгөхийг шаардахад удахгүй өгнө гэж худлаа үнэн хэлсээр яваад 2017 оны 06 дугаар сард 3,000,000 төгрөгийг бэлнээр нэхэмжлэгчид өгсөн бөгөөд өнөөдрийг хүртэл үлдэгдэл 12,000,000 төгрөгийг төлөөгүй зээлийн гэрээний үүргээ зөрчиж байгаа тул хариуцагч Ш.Энхбатаас 12,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Ш.Энхбат нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баяраа, Бүдээ нарын ферм дээр Хөвсгөлийн Баатарыг чулуу орж байсан. Тухайн үед Баяраа, Бүдээ нар Энэ сайн гарч байна, ийм чулуу байна уу гэж асуухад Баатар чулуу байна гэж хариулсан.  Баяраа, Бүдээ хоёр  Мөнгө байна, шилжүүлье гэсэн. Уг 15,000,000 төгрөг нь миний дансаар дамжиж 5077152459 дугаартай Ганзориг руу шилжсэн болно. Чулууг худалдаалсан эзэн нь би биш  уурхайн дарга Ганзориг байсан.  Үүнийг хаан банкны дансны хуулгаар нотлож байна.  Уг чулууг Ганзориг өөрийн машинаар тээвэрлэж Баяраа, Бүдээ нарын ферм дээр буулгасан. Уг чулуунаас алт гараагүй, Баяраа Бүдээ нарын ферм дээр үлдсэн.  Энхбат миний бие одоо болтол Ганзоригтой мөнгөний асуудлаар 2017 оны 06 дугаар сарын 20-ны үеэр Бүдээ, Баяраа ах хоёртой очиж уулзаж Ганзоригоос мөнгийг гаргуулахаар болж гарын үсэг зуруулсан. Уг баримт нь Баяраа Бүдээ хоёрт байгаа...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Батбаяр, Ц.Будсүрэн нар нь хариуцагч Ш.Энхбатад холбогдуулан 12,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Г.Батбаяр нь өөрийн эзэмшлийн ХААН банкин дахь  5035271226 тоот данснаас 7,500,000 төгрөгийг, нэхэмжлэгч Ц.Будсүрэн нь өөрийн эзэмшлийн ХААН банкин дахь 5750123023 тоот данснаас 7,500,000 төгрөгийг тус тус хариуцагч Ш.Энхбатын эзэмшлийн ХААН банкин дахь 5046344341 тоот данс руу шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч нарын дансны хуулга зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч Ш.Энхбат нь нэхэмжлэгч Г.Батбаяр, Ц.Будсүрэн нараас нийт 15,000,000 төгрөг хүлээн авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг ба 15,000,000 төгрөгөөс 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нарт буцаан өгсөн, үлдэгдэл 12,000,000 төгрөгийг төлөөгүй талаар зохигч талууд маргадаггүй.

Харин хариуцагч Ш.Энхбат нь шүүх хуралдаан дээр “...нэхэмжлэгч Г.Батбаяр, Ц.Будсүрэн нарт 12,000,000 төгрөгийг буцаан өгөх ёстой. Гэхдээ нэхэмжлэгч нар нь 15,000,000 төгрөгийг Ганзориг гэдэг хүнээс чулуу авч, доторх алтыг нь авахаар тохиролцож надад шилжүүлсэн. Би өгсөн 15,000,000 төгрөгийг Ганзориг гэдэг хүний данс руу шилжүүлж, түүнээс  чулуу авсан боловч уг чулуунаас алт гараагүй. Иймд би Ганзоригоос өгсөн 15,000,000 төгрөгийг авахаар цагдааийн байгууллагад хандсан байгаа. Ганзоригоос мөнгө авч байж Г.Батбаяр, Ц.Будсүрэн нарт үлдэгдэл 12,000,000 төгрөгийг өгнө. Иймд би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргасан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу талууд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Хариуцагч Ш.Энхбат нь “ ...нэхэмжлэгч Г.Батбаяр, Ц.Будсүрэн нар нь Ганзориг гэдэг хүнээс чулуу авахаар мөнгө шилжүүлсэн...” гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй, үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба харин нэхэмжлэгч Г.Батбаяр, Ц.Будсүрэн нар нь 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Ш.Энхтбатын эзэмшлийн ХААН банкин дахь 5046344341 тоот данс руу мөнгөн шилжүүлэг хийхдээ гүйлгээний утга нь дээр “зээл, зээлж байгаа” гэж бичиж шилжүүлсэн байна. /хх-6-8/

Иймд зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу хариуцагч Ш.Энхбатаас  нэхэмжлэлийн шаардлага болох 12,000,000 төгрөгийг  гаргуулж, нэхэмжлэгч Г.Батбаяр, Ц.Будсүрэн нарт олгох нь зүйтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний  хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Ш.Энхбатаас 12,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Батбаяр, Ц.Будсүрэн нарт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 208,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Энхбатаас улсын тэмдэгтийн хураамж 208,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Батбаяр, Ц.Будсүрэн нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор   Дархан-Уул аймгийн Иргэний  давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         З.ТУНГАЛАГМАА