Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 173

 

Г.Б-, Ц.Б- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00791/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч С.Энхжаргал, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 892 дугаар  шийдвэртэй,

           Нэхэмжлэгч Г.Б-, Ц.Б- нарын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч Ш.Э-ад холбогдох

           “12.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

           Хариуцагч Ш.Э-ын  давж заалдсан гомдлыг үндэслэн

           2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар  оролцов.

Нэхэмжлэгч Г.Б-, Ц.Б- нараас:

Нэхэмжлэгч Ц.Б-тэй хариуцагч Ш.Э- нь утсаар холбогдож 15,000,000 төгрөг яаралтай зээлээч хэрэг болоод байна, тун удахгүй буцааж өгнө гэж хэлээд 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Ц.Б- өөрийн эзэмшлийн ХААН  банкны 5750123023 тоот харилцах данснаас Ш.Э-ын ХААН банк 5046344341 тоот данс руу нь 4 удаагийн гүйлгээгээр 7,500,000 төгрөг, өөрийн нөхөр болох Г.Б-ын ХААН  банкны 5035271226 тоот харилцах данснаас мөн Ш.Э-ын ХААН банк 5046344341 тоот данс руу нь 4 удаагийн гүйлгээгээр 7,500,000 төгрөг шилжүүлсэн байдаг бөгөөд удалгүй зээлсэн 15,000,000 төгрөгөө буцааж өгөхийг шаардахад удахгүй өгнө гэж худлаа үнэн хэлсээр яваад 2017 оны 06 дугаар сард 3,000,000 төгрөгийг бэлнээр нэхэмжлэгчид өгсөн бөгөөд өнөөдрийг хүртэл үлдэгдэл 12,000,000 төгрөгийг төлөөгүй зээлийн гэрээний үүргээ зөрчиж байгаа тул хариуцагч Ш.Э-аас 12,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.Э-аас:

           2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баяраа, Бүдээ нарын ферм дээр Хөвсгөлийн Баатарын чулуу орж бутлагдан гарч байсан. Тухайн үед Баяраа, Бүдээ нар “энэ сайн гарч байна, ийм чулуу байна уу гэж асуухад Баатар чулуу байна” гэж хариулсан. Баяраа, Бүдээ хоёр мөнгө байна, шилжүүлье гэсэн. Уг 15,000,000 төгрөг нь миний дансаар дамжиж 5077152459 дугаартай Ганзориг руу шилжсэн болно. Чулууг худалдаалсан эзэн нь би биш уурхайн дарга Ганзориг байсан. Үүнийг Хаан банкны дансны хуулгаар нотлож байна. Уг чулууг Ганзориг өөрийн машинаар тээвэрлэж Баяраа, Бүдээ нарын ферм дээр буулгасан. Уг чулуунаас алт гараагүй, Баяраа Бүдээ нарын ферм дээр үлдсэн. Ш.Э- миний бие одоо болтол Ганзоригтой мөнгөний асуудлаар 2017 оны 06 дугаар сарын 20-ны үеэр Бүдээ, Баяраа ах хоёртой очиж уулзаж Ганзоригоос мөнгийг гаргуулахаар болж гарын үсэг зуруулсан. Уг баримт нь Баяраа Бүдээ хоёрт байгаа гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 892 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.Э-аас 12,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-, Ц.Б- нарт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 208,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Э-аас улсын тэмдэгтийн хураамж 208,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Б-, Ц.Б- нарт олгож шийдвэрлэжээ.

            Хариуцагч Ш.Э- давж заалдсан гомдолдоо:

            Би тухайн үед хуулийн мэдлэг муугаас анхан шатны шүүхэд холбогдох нотлох баримт гаргаж өгөх болон холбогдох гэрч нарыг асуулгах талаар ямар ч ажиллагаа хийж чадаагүй тул  хэрэгт авагдсан баримтын үндсэн дээр дээрх 15.000.000 төгрөгийг төлөх болсонд туйлын гомдолтой байна. Ганзориг нь тухайн үед чулууг Г.Б-, Ц.Б- нарт өгч өөрөө машинаараа буулгаж  мөнгийг нь миний дансаар дамжуулан  15.000.000 төгрөг  авч ашиглачихаад эцэст нь ямар ч хариуцлага хүлээхгүй  сугарч  үлдэж байгаа нь үнэнээс хэтэрхий зөрсөн асуудал болж байна гэж үзэж байна. Иймд болсон асуудлын үнэн зөвийг олж тогтоох, зайлшгүй шинээр нотлох баримтыг хэрэгт гаргаж  өгөх, гэрч нарыг асуулгах шаардлага байгаа тул энэ байдлыг харгалзан үзэж хэргийг анхан шатны шүүхэд буцааж дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгч Г.Б- Ц.Б- нар нь хариуцагч Ш.Э-аас зээлийн гэрээний үүрэгт 12 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж түүнийгээ нотлохоор ХААН банкны дансны хуулгыг шүүхэд ирүүлжээ.

            Нэхэмжлэгч нараас мөнгө шилжүүлэхдээ “зээл олгов“, ”зээл” гэж мөнгийг шилжүүлсэн байх бөгөөд зээлийн гэрээг амаар байгуулсан тухай нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч маргаж бусдаас алттай шороо худалдаж авахад нь зуучилж мөнгийг Ганзоригт  шилжүүлсэн гэж тайлбар гаргасан боловч уг татгалзал, тайлбараа шүүхэд нотлоогүй байна.

Анхан шатны шүүх хариуцагчид татгалзлаа нотлох үүргийг тайлбарлаж өгсөн, шүүх хуралдаан эхлэхэд шинээр нотлох баримт гаргах хүсэлт байгаа эсэхийг тодруулах ажиллагаа хийсэн нь хэргийн оролцогчийг мэтгэлцэх боломжоор хангасан байна гэж үзнэ.

Иймд  хариуцагчийн гэрч асуулгах,  шинээр нотлох баримт гаргуулахаар хэргийг анхан шатны шүүхэд хэргийг буцаалгах тухай гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хэмжээнд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнээд зээлийн гэрээний зүйл заалтыг баримтлан шйдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Иймд хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж,  ДХархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 892 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

             2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 209.000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.      

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.           

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Л.АМАРСАНАА

                                    ШҮҮГЧИД                                                     С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                          О.НАРАНГЭРЭЛ