Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2018/ДШМ/86

 

2018 оны 11 сарын 07 өдөр                        

 2018/ДШМ/86                                                                  Зуунмод

Г.С, Ч.Б, Ч.Ба нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Сувд-Эрдэнэ,

Шүүгдэгч Ч.Б, Ч.Ба ,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Баасанжаргал, 

Хохирогчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга Э.Уртнасан нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн, 2018 оны 08 сарын 27 өдрийн 237 дугаар цагаатгах тогтоолтой Г.С, Ч.Б, Ч.Ба нарт холбогдох 1734001350081 дугаартай 3 хавтас бүхий эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ, өмгөөлөгч Н.Баяр нарын давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 10 сарын 10 өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд 1975 оны 06 сарын 01 өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Төв аймаг . ... тоотод оршин суух, ШШГЕГ-ын харъяа хорих ... дугаар ангид хамгаалалтын ажилтан ажилтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ч.Ба /РД:НВ75060116/.

 

2. Монгол улсын иргэн, Төв аймгийн Баян суманд 1972 оны 01 сарын 30 өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Багануур дүүрэг ..  хамгаалалтын ажилтай, Төв аймаг ...  тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ч.Б /РД:Н.. 10/.

 

3. Монгол улсын иргэн, 1996 оны 01 сарын 01 өдөр Улаанбаатар хот Багануур дүүрэгт төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оюутан , Багануур ...  оршин суух хаягтай, ХААИС-ийн ... дүгээр курсын оюутан, ял шийтгэлгүй, хариуцах чадвартай, Г.С /РД: У...09/.

 

Шүүгдэгч Ч.Б, Ч.Б , Г.С нар нь 2017 оны 07 сарын 24 өдөр тус аймгийн Баян сумын нутагт Цагаан голын 22-1 тоотод оршин суух Ч.Болорхатаны гэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас В.Өнөрзултай маргалдаж улмаар бүлэглэн түүний эрүүл мэндэд тархи доргилт, зүүн сарвуунд өнгөц шарх, зулгаралт гэх хөнгөн зэргийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 27 өдрийн 237 дугаар цагаатгах тогтоолоор:

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.С, Ч.Б, Ч.Ба  нарт холбогдох эрүүгийн 1734001350081 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж,

Цагаатгагдсан этгээд Г.С, Ч.Б, Ч.Ба  нар цагдан хоригдсон хоноггүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий CD 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт үлдээхийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Сувд-Эрдэнэ гаргасан эсэргүүцэлдээ: “Шүүгдэгч Ч.Б, Ч.Б , Г.С нар нь 2017 оны 07 сарын 24 өдөр Төв аймгийн Баян сумын нутаг "Цагаан гол"-ын 22-1 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас В.Өнөрзултай маргалдаж улмаар бүлэглэн түүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

 

Тус Аймгийн Прокурорын газраас Ч.Б, Ч.Б , Г.С нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Ч.Б, Ч.Б , Г.С нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан үндэслэлээр "Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ" гэсний дагуу тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Учир нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч В.Өнөрзул мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ ...."2017 оны 07 дугаар сарын 24-ны өдөр Болорхатангийн гэрт очсон. Г.С үүдэнд шатан дээр сууж байсан, ...үснээс зуураад хана руу түлхээд элэг рүү өшиглөхөд нь би хөлөөрөө доошоо суухдаа баруун өвдгөөрөө хамраа цохиод цус гоожсон, .... "Баярсайхан намайг хулгайч авгай минь зайл гээд үснээс зулгааж, толгойгоор хөргөгч мөргүүлээд буцаж, үснээс татаад ор луу түлхэж, унагаагаад хутга гаргаж, ирээд чамайг ална гэхлээр нь би аллаа гээд гараараа хаасан чинь хуруугаа зүсүүлсэн", ... тэгээд би хөргөгч уудлаад юм авах гэсэн чинь Ч.Болорхатан цаад өрөөнөөс хүрч ирээд чи зайлаад өгөөч чиний юм байхгүй гээд миний үснээс зуурч хөргөгч мөргүүлээд ор руу түлхэж унагаасан" гэж удаа дараа тогтвортой мэдүүлдэг бөгөөд хохирогчийн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар давхар нотлогддог.

Тухайлбал: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Бат-Эрдэнийн ... " Тэр эгчийг гэр лүү нь орох гэхэд шатан дээр сууж байсан охин зайл авгай минь гээд байсан, тэр охин Өнөрзул эгчийг заамдаж байсан, тэгээд Өнөрзул эгчийг газраас нэг юм авч байхад өндөр бор царайтай ах нь үснээс нь татаж унагаад зүүн талын хөл рүү өшиглөж байсан, харин сууж байсан ах нь чи юутай ирсэн юм бэ? гээд зайлуул наад авгайгаа гээд хөргөгчнөөс юм авах гэж байхад нь араас нь ирээд цохисон, эхэлж очоод гэрээс гарч ирэхэд гарын хуруунаас цус гарсан, хоолой нь жаахан улайсан байсан гэж,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ ... тэр үйл явц болсны дараа бичлэг хийсэн, гэрт ороод гараад ирэхэд Өнөрзулын хүзүү нь улайсан, гар нь шалбарсан байсан гэж,

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Мөнх-Эрдэнийн ... " Г.С  нь эгчийг зайл хулгайч авгай минь яах гэж ирсэн юм бэ гээд үсдээд тугтраад хана мөргүүлсэн, тэгээд эгч доошоо тонгойтол баруун хөлөөрөө элэг рүү нь өшиглөсөн, ... "Баярсайхан гэдэг хүн зайл гар гээд хөөгөөд араас нь үсдэж хөргөгч мөргүүлээд ор луу дугтарч дагзаар нь савсан, халааснаасаа жижиг хутга гаргаж ирээд гүйцээчихэе гээд далайхад эгч гараараа хамгаалсан эгчийн хурууг зүссэн", гэтэл "Болорхатан пизда минь яах гээд байгаа юм гээд чамайг зайл гээд байна гээд үсдээд дахин хөргөгч хоёр удаа мөргүүлээд дахин хойш нь савж дагзаар нь ор мөргүүлсэн" гэж,

Шүүхийн хэлэлцүүлэгт ... " Тэгээд үүдэн дээр Өнөрөө эгч Г.С той маргалдсан, дотор бас Баярсайхан ах хутгаж барьж манай эгч рүү дайрсан, Болорхатан ах бас араас нь үсдэж хана мөргүүлж хөргөгч рүү савсан, 24-ны орой хоёр удаа очсон ба эхний удаа очиход нь зодсон хоёр дах удаа очиход нь бичлэг хийсэн гэж,

Мөн хохирогч В.Өнөрзулын биед үзлэг хийсэн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 1240 дугаартай дүгнэлтэнд ..." В.Өнөрзулын биед тархи доргилт, зүүн сарвуунд өнгөц шарх, зулгаралт баруун гуянд цус хуралт бүхий гэмтэл учирсан бөгөөд гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн элементийн шинж чанараараа шинэ гэмтэл болох нь тогтоогдож байна" гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон.

Гэрч Мөнх-Эрдэнэ, Бат-Эрдэнэ нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй төдийгүй бүрэлдэхүүнтэй шинжээч эмч нарын гаргасан дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байхад гэрч нарын мэдүүлгүүд зөрүүтэй, эргэлзээтэй байгаа нь шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох үндэслэл болж чадахгүй бөгөөд ашигтайгаар шийдвэрлэх боломжийг бий болгож байна гэж үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, эрүүгийн 1734001350081 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгажээ.

Мөн шүүхийн цагаатгах тогтоол нь бүхэлдээ хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна

Тухайлбал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт "Шүүгдэгчийг цагаатгасан үндэслэл"-ийг тодорхой тусгахаар хуульчилсан байхад 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 237 дугаартай цагаатгах тогтоолын "Тогтоох" хэсгийн 1 дэх хэсэгт Ч.Б, Ч.Ба , Г.С нарт холбогдох хэргийг аль хуулийн ямар зүйл, хэсэг үндэслэлээр, хэрэгсэхгүй болгосон талаараа тодорхой тусгаагүй, мөн зүйлийн 2.2 дах хэсэгт зааснаар " Таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бол түүнийг хүчингүй болгох ёстой" атал Ч.Болорхатан, Г.Г.С , Ч.Ба нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй гэж, цагаатгагдсан Ч.Баярсайхан, Г.Г.С , Ч.Болорхатан нарт мөн зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар буруутай этгээдээс хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрх, шүүхэд хандах хугацаа болон шүүхийн харъяалалын талаар тогтоолд тусгаж, хуульд заасан эрхээр нь хангаагүй,

Мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан "Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэсэн үндэслэлээр цагаатгах тогтоол" гарсан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буцаана" гэсэн хуулийн заалтуудыг тус тус цагаатгах тогтоолд тусгаагүй, хуулийн шаардлага хангаагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна.

 

Иймд Ч.Б, Ч.Ба , Г.С нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 237 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх, 38.2. дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичиж, хүргүүлэв.” гэжээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ гаргасан давж заалдах гомдолдоо: “Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08-р сарын 27-ны өдрийн №237 дугаартай "Шийтгэх тогтоол"-ыг эс зөвшөөрч, Эрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 38.1-р зүйлийн 1, 2, 38.2-р зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар, дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд: 1. Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн шүүгч  Ш.Гандансүрэн нь Ч.Б, Ч.Б , Г.С нарт холбогдох эрүүгийн хэргийг "хэрэгсэхгүй болгож, цагаатгаж" шийдвэрлэсэн боловч "Шийтгэх тогтоол" гаргасан нь Эрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийг "ноцтойгоор зөрчсөн" гэж үзнэ.

Тухайлбал: Хууль хэрэглээний хувьд: Эрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 36.1-р зүйлийн 3:"шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна", мөн зүйлийн 5:"шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана", 6:"шүүхийн цагаатгах тогтоолд шүүгдэгч энэ хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг тусгана" гэсний дагуу анхан шатны шүүхээс процессийн хуулийн 38.9-р зүйлд заасан "Цагаатгах тогтоол" гаргах байтал Шийтгэх тогтоол гаргасан нь шүүгчийн хувьд байж боломгүй алдаа юм.

Мөн "... гол гэрчүүд болох Б.Мөнх-Эрдэнэ, С.Бат-Эрдэнэ нарын мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй байдал үүсгэж байна .... энэ тохиолдолд хохирогчийг мэдүүлэгийнхээ эх сурвалжийг заасан гэж үзэхээр хуульчилсан байх ба гэрчүүд болох Б.Мөнх-Эрдэнэ, С.Бат-Эрдэнэ нарын мэдүүлэгүүд өөр хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй, мөн гэрч С.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хариулт нь өөр хоорондоо зөрүүтэй байгаа байдал нь мэдүүлэг өгөгч мэдүүлэгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол нотлох баримт болохгүй гэж үзэхээр байна. Иймд тухайн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн тул шүүгдэгч Ч.Б, Ч.Б , Г.С нарт ашигтайгаар шийдвэрлэх боломжтой гэж үзлээ" гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж үзнэ.

2. Ч.Б, Ч.Б , Г.С нарт холбогдох эрүүгийн хэрэг нь давж заалдах шатны шүүхээр 2 дахь удаагаа орж байна гэж ойлгож байгаа. Өмнө нь Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа-н 2018 оны 03-р сарын 22-ны өдрийн №89 дугаартай "Шийтгэх тогтоол"-оор шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, торгох ялаар шийтгэсэн боловч Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05-р сарын 22-ны өдрийн №2018/ДШМ/48 дугаартай Магадлалаар ЭХХШтХ-ийг "ноцтой" зөрчсөн буюу "шүүгч зөвлөлдөх тасалгаанд ороогүй, зөвлөлдөөгүй" үндэслэлээр Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ. №2018/ДШМ/48 дугаартай "Магадлал"-д:"хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1-р зүйлд зааснаар шүүх шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж гаргах шаардлагатай байгааг дурдах нь зүйтэй байна" гэж зориуд анхааруулсан.

Гэтэл эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрээ "Шийтгэх тогтоол"-р гаргасан шүүгчийн алдааг залруулж, дээрхтэй адил "хэргийг хэрэгсэхгүй болгосон бол "Цагаатгах тогтоол" гаргаж байгаарай" гэж Магадлалдаа тусгаж өгөх шаардлагатай юу?

Анхан шатны шүүхийн шүүгч нарын гаргаж байгаа удаа дараагын алдаанаас шалтгаалж, хэргийн шийдвэр дахин дахин хүчингүй болж байгаагаас шүүгдэгч нарт ашигтайгаар эргэх, ял завших, хөөн хэлэлцэх хугацаагаар хэргийг хэрэгсэхгүй болгох нөхцөл байдлыг үүсгэнэ, хохирогчийг хохирлоо "иргэний журмаар, баримтаа бүрдүүлээд, жич нэхэмжлээрэй" гэж шийдвэртээ тусгаад орхино. Эцсийн бүлэгт хохирогч л хохироод үлддэг практик амьдрал дээр бодитойгоор байна.

Иймд дээр дурдсан нөхцөл, байдлуудыг харгалзан үзэж, ЭХХШтХ-ийн 39.8-р зүйлийн 1.6, 1.10, 39.9-р зүйлийн 1 дэхь хэсгийн, 1.3-д зааснаар Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08-р сарын 27-ны өдрийн №237 дугаартай "Шийтгэх тогтоол"-ыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатанд буцаахаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Н.Баяр гаргасан давж заалдах гомдолдоо:Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 27 өдрийн 237 дугаартай шийтгэх тогтоолыг үл зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

1.Анхан шатны шүүх Г.С, Ч.Б, Ч.Б нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ нэг талыг барьсан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үл хайхарч зөвхөн анхан шатны шүүхийн хурлын тэмдэглэлд тэмдэглэгдсэн гэрчийн мэдүүлгийг үндэслэн Г.С нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан нь хууль ноцтой зөрчиж байна.

2. Гэрчийн мэдүүлэг зөрүүтэй байхад гэрчийг шүүх хуралд оролцуулаагүй.

З. Хэргийг цагаатгасан мөртлөө шийтгэх тогтоол гаргасан зэрэг нь хууль ноцтой зөрчсөн байна иймд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018-08-27-ны өдрийн 237 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Г.С нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлүүлнэ үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сувд-Эрдэнэ гаргасан тайлбар, дүгнэлтэдээ: Хэргийг цагаатгасан нь хэргийг бодит байдалтай нийцээгүй. Хохирогч анхнаасаа зодуулсан талаараа мэдүүлдэг. Энэ нь гэрч Б.Мөнх-Эрдэнэ, С.Бат-Эрдэнэ нарын мэдүүлгээр нотлогддог. Цагаатгах тогтоол нь бүхэлдээ хууль ёсны ба үнэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох байтал хэвээр үргэлжлүүлсэн. Цагаатгасан бол хэргийг прокурорт буцаах байсан. Мөн шүүх хуралдааны тэмдэглэл дуу, дүрсний зөрүүтэй байгаа гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэж цагаатгах тогтоол гаргасан баримт байдаг. Гэтэл хохирогчид шийтгэх тогтоол гардуулсан. Энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Ямар байдлаар хохирогчид шийтгэх тогтоол гардуулсанд гайхаад байгаа. Хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

 Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Баасанжаргал гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан. Хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын тухайд хохирогчид шийтгэх тогтоол гардуулсан нь шүүхийн туслах ажилтны буруутай ажиллагаа байж магадгүй. Шүүх шийдлээрээ цагаатгах тогтоол гаргаж шийдсэн. Техникийн шинжтэй алдааны улмаас хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх шаардлагагүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Г.С, Ч.Ба, Ч.Б нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдол, прокурор Б.Сувд-Эрдэнийн гаргасан эсэргүүцлээр хязгаарлахгүй бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий гарч чадаагүй байна.

 

            “Тухайн эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн тул шүүгдэгч Ч.Б, Ч.Б , Г.С нарт ашигтайгаар шийдвэрлэх боломжтой гэж үзлээ” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байна.

 

Хохирогч В.Өнөрзул шүүгдэгч Ч.Б, Ч.Ба , Г.С нарт 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр зодуулж гэмтсэн талаараа мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа мэдүүлсэн байна. Түүний мэдүүлэг энэ хэргийн үйл баримтыг харсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, хэргийн оролцогч нартай садан төрлийн холбоогүй, тухайн хэрэгт хувийн сонирхолгүй гол гэрч болох С.Бат-Эрдэнийн мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээчийн 1240 дүгээр дүгнэлт болон бусад нотлох баримтаар нотлогдож байна. Гэрч С.Бат-Эрдэнэ нь хэрэг гарах үед Б.Мөнх-Эрдэнэтэй хамт Баян сумын нутаг Цагаан голын 22-1 тоотод шүүгдэгч Ч.Б-н гэрт очсон тухай мэдүүлсэн. Гэрч Б.Мөнх-Эрдэнэ 2 удаа очсон, гэрч С.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ 2 удаа очсон, шүүхийн хэлэлцүүлэгт 1 удаа очсон гэж зөрүүтэй мэдүүлсэн байгаа ч 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд  гэрч Б.Мөнх-Эрдэнэ, С.Бат-Эрдэнэ нарын өгсөн мэдүүлэгт шүүгдэгч нар хохирогч В.Өнөрзулыг зодсон талаар зөрүүтэй гэрчилсэн зүйл тогтоогдохгүй байна.

 

Анхан шатны шүүхийн нотлох баримтаар үнэлсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээчийн 1240 дүгээр дүгнэлтийн 3 дахь хэсэгт “ 3. Дээрхи гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрхи гэмтлүүд нь гэмтлийн элементийн шинж чанараараа шинэ гэмтэл болох нь тогтоогдож байна.”, шинжээч М.Золжаргалын мэдүүлсэн: Тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” /хх-ийн 232р хуудас/ гэснээс үзэхэд хохирогч В.Өнөрзулын мэдүүлэг яг хэнд, яаж, хэрхэн зүсүүлсэн талаар эргэлзээ бүхий байгаа нь шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэх боломжийг бий болгож чадахгүй байна.

 

Гэрч С.Бат-Эрдэнэ, гэрч П.Цогтоо нар өөрийн харсан, үзсэн зүйлээ л мэдүүлсэн болохоос эргэлзээтэй, зөрүүтэй зүйлийг мэдүүлж, гэрчлээгүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч “анхан шатны шүүхээс хохирогчид шийтгэх тогтоол гардуулсан” гэсэн тайлбар гаргажээ. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд “Даргалагчаас: Шүүх хуралдаан шүүгдэгчийн гэм буруугийн талаар түр завсарлаж шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөнө гээд зөвлөлдөх тасалгаанд оров. Шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж, шүүхээс цагаатгах тогтоол гарсныг мэдэгдээд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг уншин тайлбарлав.” гэж бичигдсэн байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан хүсэлтээр анхан шатны шүүх хуралдааны дууны бичлэгийг судалсан бөгөөд үүгээр анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дууны бичлэг зөрүүтэй байдал тогтоогдсон болно. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.9 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчих” зөрчил мөн гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

   

Иймд хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол, прокурорын гаргасан эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1.1, 39.8 дугаар зүйлийн 1.9, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 237 дугаар цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хохирогчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнийн давж заалдах гомдол болон прокурор Б.Сувд-Эрдэнийн эсэргүүцлийг хүлээн авч, хангаж шийдвэрлэсэн болохыг дурдсугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ч.Б, Ч.Б , Г.С нарт тус тус авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            4. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогчид хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болно.


 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Г.БОЛОРМАА

 

  ШҮҮГЧИД                                                                     Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

                                                                                        Р.МӨНХ-ЭРДЭНЭ