Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2020/00027

 

Х.Сгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/02648 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 449 дүгээр магадлалтай,

Х.Сгийн нэхэмжлэлтэй

Х.От холбогдох

Гэм хорын хохиролд 7 499 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Өнөржаргалын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2018.08.22-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумаас Эрдэнэтийн чиглэлд өөрийн Тоёота приус 30 маркийн, 34-64 ОРХ дугаартай машинаар зорчиж яваад Тоёота приус 20 маркийн 24-43 УНИ дугаартай машины жолооч Х.Оын буруутай үйлдлийн улмаас осолд орсон. Нэхэмжлэгч цочролд орж толгойдоо доргилт авч бие мах бодын болон сэтгэл санааны хохирол учирсан. Х.От хуулийн байгууллага хариуцлага тооцсон. Х.Ооос эмчилгээний зардал 490 000 төгрөг, машины эвдрэл гэмтэл засварын зардалд 6 000 000 төгрөг, унааны болон өмгөөллийн хөлс бусад зардалд 1 009 000 төгрөг, нийт 7 499 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч талаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Машины эвдрэлийн талаарх дүгнэлтэд 4 500 000 гэсэн нь Улаанбаатар хотод 3 200 000 төгрөг байсан. Дүгнэлтэд заасан эд ангиа сольсон. Хэдийгээр 6 000 000 төгрөгийн хохирол гарсан гэж байгаа боловч 3 000 000төгрөгийг зөвшөөрөх боломжтой гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/02648 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Ооос нийт 6 018 100 /зургаан сая арван найман мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Сд олгож, үлдсэн 1 480 900 /нэг сая дөрвөн зуун наян мянга есөн зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Сгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 135 000 төгрөгөөс 134 934 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 тоот данснаас илүү төлсөн 66 төгрөгийг, хариуцагч Х.Ооос улсын тэмдэгтийн хураамжид 63 562 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Сарангэрэлд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 449 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/02648 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Оын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111 240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Х.Онь Булган аймгийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож явахдаа зам тээврийн осол гаргаж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д заасны дагуу дагуу 100 000 төгрөгийн торгуулах зөрчлийн арга хэмжээ авагдсан. Уг зөрчлийн хэрэг гаргасан нөхцөл байдлаа иргэн Х.О нь хүлээн зөвшөөрдөг бөгөөд тухайн зөрчлийн арга хэмжээг биелүүлсэн байдаг. Х.С нь зөрчлийн хэргийг шийдвэрлэх явцад автомашиндаа хийлгэсэн үнэлгээ уг автомашины засч засварлахад гарсан бодит зардал гэж үзэх хууль зүйн боломжгүй юм. Энэ талаар давж заалдах шатны шүүх “...үнэ цэнэ гэдэг ойлголт нь хөрөнгийн үнэлгээ хийсний үр дүнд тогтоосон хөрөнгийн үнэлгээний зүйлийн тухайн үеийн мөнгөөр илэрхийлэгдэх үнийн дүн юм.” гэж магадлалд дурьдсан байдаг. Иргэний хуулийн 510 дугаар зүйлд зааснаар хариуцагч Х.О нь нэхэмжлэгч Х.Сгийн автомашинд учирсан хохирлыг төлөхөөр хотоос автомашины сэлбэг авчран засварлаж өгөх талаар санал гаргаж байсан боловч өөрөө засна, заавал шинэ сэлбэг авч тавина гэж хэлсэн байдаг. Мөн зам тээврийн осол болсны дараа автомашиныг жолоодож явсан иргэн Э.Ариунболд осол болсны дараа дугуйн хийг гаргаж, илүү мөнгө нэхэмжлэхээр эхнээсээ ослын үед гарснаас илүү хохирол учирсан мэтээр харагдуулах арга хэмжээ авч байсан. Ослын үед автомашины зорчигчийн талаар шүргэлцсэн байдаг. Гэтэл амотизатор-3, хаалга-2, дугуй-3, обуд-3 ш гэх мэтээр хэт нэг талыг барьсан бодит бус үнэлгээ гарсан боловч гэм хорын зардлыг шууд учирсан бодит зардлаар тооцдог тул дүгнэлтэд гомдол гаргах шаардлагагүй гэх Орхон аймгийн өмгөөлөгчийн зөвлөсний дагуу дахин үнэлгээ хийлгээгүй байдаг юм. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу мэргэжлийн байгууллагад гомдол гаргаагүй нь уг үнэлгээний үнийн дүнг хүлээн зөвшөөрсөн үйлдэл гэж үзэхгүй бөгөөд гэмт хэрэг, зөрчлийн улмаас учирсан хохирлыг гаргуулахдаа хохирогч болон иргэний нэхэмжлэгчээс гарсан бодит зардлаар тооцож гаргуулдаг, шүүхийн практик тогтсон. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ дээрхи практикийн дагуу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гэх төлбөр төлсөн баримтуудыг нэхэмжлэгч Х.Сгаас гарсан зардал гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн атлаа шинжээчийн дүгнэлтэд заагдсан “үнийн дүн”-г нэхэмжлэгч Х.Сгаас гарсан зардал гэж нотлох баримтыг үнэлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шинжээчийн дүгнэлт бол зөрчлийн улмаас учирсан гэм хорын хэмжээг тодорхойлоход хамааралтай нотлох баримт боловч гэм хорын улмаас учирсан бодит хохирлыг харуулсан нотлох баримт биш юм. Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн зөв гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байхгүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэн, эргэлзээгүй, тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үнэлдэг. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхдээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн тул шийдвэр, магадлалын зарим хэсэг буюу Автомашины техникийн үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлэн 6 000 000 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн хэсэгт өөрчлөлт оруулж өгөхийг хүсье. Хариуцагч Х.О нь 3 000 000 төгрөгөөр эвлэрэх санал хэвээрээ байгаа гэдгийг уламжилж байгаа болно гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан хариуцагчаас 6 018 100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3., 118 дугаар зүйлийн 118.4.-т заасан шаардлагад нийцсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч Х.С нь хариуцагч Х.От холбогдуулан эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 7 499 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч хохирол бодитой тогтоогдоогүй гэж, хариуцагчийн өмгөөлөгч 3 000 000 төгрөгийг зөвшөөрөх боломжтой гэж тус тус маргасан байна. /хх 1-2, 66-69/

2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн Буга дөрвөлж гэх газарт Х.О нь Тоёота приус 20 маркийн 24-43 УНИ дугаарын машиныг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, Х.Сгийн эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэлдээ Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ авагдсан баримт хэрэгт авагджээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасны дагуу бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээнэ. Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний гэм буруугаас болоогүй гэдгийг нотолбол гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.

Хэрэгт авагдсан баримтаар зохигч талууд гэм буруугийн талаар маргаагүй, харин учирсан хохирлын хэмжээг маргасан, шүүх маргааны зүйлийг зөв тодорхойлжээ.

Эд хөрөнгийн гэм хорын мөнгөн үнэлгээг хохирол гэх бөгөөд хохирол нотлогдсон байх нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан шаардах эрхийн нэг урьдчилсан нөхцөл юм.

Нэхэмжлэгчийн автомашинд учирсан эвдрэл гэмтэл, сэргээн засах зардлыг үгүйсгэсэн баримтыг хариуцагч шүүхэд гаргаагүй, шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд эрх зүйн дүгнэлт хийсэн, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/02648 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 449 дүгээр  магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар 2019 оны 04 сарын 19-ний өдөр хариуцагчаас төлсөн 111 240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Х.СОНИНБАЯР

             ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА