Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 02648

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Хишигбат даргалж, шүүгч Д.Нямбазар, Б.Түмэнцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Х.С/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Х.О/РД: /-т холбогдох,

 

7 499 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Жамъян, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал, иргэдийн төлөөлөгч Ц.Марал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Х.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Жамъян шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Х.С болон нөхөр Э.Ариунболдын хамт 2018 оны 08 сарын 22-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумаас иргэн Ц.Батбаяр, н.Пүрэвсүрэн нарын хамтаар Эрдэнэт хотын чиглэлд өөрийн эзэмшлийн Тоёота приус 30 маркын, 34-64 ОРХ улсын дугаартай авто машинаар зорчиж байсан юм.

Тухайн өдөр 12 цагийн орчим Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Уньт багийн нутагт зорчиж байхад өөдөөс ирж явсан тээврийн хэрэгсэл буюу Тоёота приус 20 маркын 24-43 УНИ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Х.О нь өөрийн зорчих эгнээний эсрэг урсгалыг сөрж замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас миний машиныг мөргөж осол гаргасан.

Энэ осол гарах үед миний бие жирэмсэн бөгөөд тухай үед 7 сартай байсан юм. Гэтэл Х.О гэгч миний сууж байсан талаас мөргөсөн. Миний бие тухайн үед хүчтэй цочролд орж толгойдоо доргилт авч бие мах бодын болон сэтгэл санааны хохирол учирсан.

Осол болсон өдрөөс хойш эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн боловч миний бие бүрэн эдгэрэхгүй элдэв эмчилгээ бариа засал гэх мэт хийлгэсээр байна.

Энэ зам тээврийн осол гэмтэл нь Х.О гэгч замын хөдөлгөөний дүрэм журам зөрчсөний улмаас үүдэлтэй гэдгийг хуулийн байгууллага тогтоож түүнд хариуцлага тооцсон юм.

Тухайн осол гэмтлийн улмаас миний бие, сэтгэл санаанд болон эд хөрөнгөд хохирол учирсан гэвч Х.О гэгч надад учирсан хохирлыг барагдуулахаас зайлсхийж байгаа болно.

Иймд иргэн Х.Ооос эмнэлэг эмчилгээний зардал 490 000 төгрөг, машины эвдрэл гэмтэл засвар 6 000 000 төгрөг, зам унаа болон өмгөөллийн хөлс бусад зардал 1 009 000 төгрөг, нийт 7 499 000 /долоон сая дөрвөн зуун ерэн есөн мянга/ төгрөгийг гэм хорын хохиролд гаргуулж өгнө үү.

2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчийн явсан автомашиныг мөргөж 6 000 000/зургаан сая/ төгрөгийн хохирол учруулсан. Эмчилгээний зардал илүү их гаргасныг баримтжуулаагүй тул өгөөгүй, замын зардал гарсан, хоол унд идсэн зардал гарсан.” гэв.

 

Хариуцагч Х.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Хишигт овогтой О миний бие иргэн Х.Сгийн нэхэмжлэлтэй иргэний маргааны нэхэмжлэлийн шаардлага 7 000 000/долоон сая/ төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

 

Хариуцагч Х.Оын өмгөөлөгч Ч.Өнөржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэний хуулийн 510 дугаар зүйлд зааснаар хэрэгт цугларсан баримтыг үндэслэн нэхэмжилж байна гэж байна. Шинжээчийн дүгнэлтээр нэхэмжилж байгааг анхаарч үзнэ үү. Шинжээчийн дүгнэлтэд 4 500 000/дөрвөн сая таван зуун мянга/ гэсэн нь Улаанбаатар хотод 3 200 000/гурван сая хоёр зуун мянга/ төгрөг байсан.

Бид нар өнөөдөр гарсан зардлыг нэхэмжилсэн байх ёстой боловч гарсан зардлыг нэхэмжлээгүй. Шинжээчийн дүгнэлтэд гарсан эд ангиа сольсон, 6 000 000/зургаан сая/ төгрөгт тулсан гэсэн тохиолдолд зөвшөөрнө.

Хэдийгээр 6 000 000/зургаан сая/ төгрөгийн хохирол гарсан гэж байгаа боловч бид 3 000 000/гурван сая/ төгрөгийг зөвшөөрөх боломжтой. 6 000 000/зургаан сая/ төгрөгийн зардал гэж үзэхгүй.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                       

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

          Нэхэмжлэгч Х.С хариуцагч Х.От холбогдуулан эмчилгээний зардалд 490 000/дөрвөн зуун ерэн мянга/ төгрөгийг, автомашины эвдрэл гэмтэлт 6 000 000/зургаан сая/ төгрөгийг, зам унаа болон өмгөөллийн хөлс бусад зардалд 1 009 000/нэг сая есөн мянга/ төгрөгийг, бүгд 7 499 000/долоон сая дөрвөн зуун ерэн есөн мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

          Хариуцагч Х.О нь 7 000 000/долоон сая/ төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

          Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хариуцагч нь 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Тоёота маркийн Приус загварын 24-43 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Булган аймаг Хутаг-Өндөр сум Уньт багийн нутаг Бугатай дөрвөлж гэх газар зам тээврийн осол гарган нэхэмжлэгчийн өмчлөлийн Тоёота маркийн Приус загварын 34-64 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийг зөрчсөн болох нь 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, 2018 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн № 01868860 Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн № 0000861 Шийтгэлийн хуудсын болон 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Мөнгөн шилжүүлгийн хуулбараар нотлогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

 

          Нэхэмжлэгч нь хариуцагчаас автомашины эвдрэл гэмтэлт 6 000 000/зургаан сая/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

          Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд ... учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан.

 

          Булган аймаг Хутаг-Өндөр сум Уньт багийн нутаг Бугатай дөрвөлж гэх газар 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр болсон зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн өмчлөлийн 34-64 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 6 000 000/зургаан сая/ төгрөгийн хохирол учирсан болох нь 2018 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн № 01868860 Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, “Ашид билгүүн” ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Автомашины техникийн үнэлгээний тайлангийн хуулбараар нотлогдож байна.

 

          Хариуцагч нь нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд 6 000 000/зургаан сая/ төгрөгийн хохирол учирсан нь нотлогдохгүй байна гэж маргаж байх боловч тус тайлбар нь 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн № 50 Шинжээчийн дүгнэлтийн болон “Ашид билгүүн” ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Автомашины техникийн үнэлгээний тайлангийн хуулбараар үгүйсгэгдэж байна.

 

          Хариуцагч нь “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээ хэт өндөр гарсан гэж маргаж байх боловч тус татгалзал, үгүйсгэлээ баримтаар нотлоогүй болно.

 

          Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 6 000 000/зургаан сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

          Нэхэмжлэгч нь хариуцагчаас эмчилгээний зардалд 490 000/дөрвөн зуун ерэн мянга/ төгрөгийг, зам унаа, өмгөөллийн хөлс болон нотариатчийн зардал, бусад зардалд нийт 1 009 000/нэг сая есөн мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1-т “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь ... сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж заасан.

 

          Нэхэмжлэгч нь хариуцагчаас унааны зардалд нийт 131 700/нэг зуун гучин нэгэн мянга долоон зуу/ төгрөгийг, шатахууны зардалд 108 048/нэг зуун найман мянга дөчин найм/ төгрөгийг, хоолны зардалд 6 050/зургаан мянга тавь/ төгрөгийг, нотариатчийн зардалд 20 200/хорин мянга хоёр зуу/ төгрөгийг, машин ачилтын зардалд 35 002/гучин таван мянга хоёр/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

          Нэхэмжлэгч нь 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн зам тээврийн осолтой холбогдон 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймгийн төв Эрдэнэтээс Булган аймаг, Булган аймгаас Эрдэнэт зорчсон болох нь 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Орон нутаг, аймаг хоорондын зорчих тасалбараар нотлогдож байна.

 

          Нэхэмжлэгчийн унааны зардалд нэхэмжилсэн үлдсэн 121 600/нэг зуун хорин нэгэн мянга зургаан зуу/ төгрөгийг, шатахууны зардал 108 048/нэг зуун найман мянга дөчин найм/ төгрөгийг, машин ачилтын зардал 35 002/гучин таван мянга хоёр/ төгрөгийг, хоолны зардал 6 050/зургаан мянга тавь/ төгрөгийг, нотариатчийн зардал 20 200/хорин мянга хоёр зуу/ төгрөгийг нэхэмжлэгч төлсөн болох нь баримтаар нотлогдохгүй байна.

 

          Нэхэмжлэгч нь хариуцагчаас өмгөөллийн хөлсөд 700 000/долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байх боловч нэхэмжлэгч нь иргэний хэрэгт өөрийн хүсэл зоригийн дагуу өмгөөлөгчөөс хууль зүйн зөвлөгөө авсан байх тул хариуцагчаас өмгөөллийн хөлсөд 700 000/долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

          Нэхэмжлэгч нь 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр зорчигч тээврийн хөлсөд нийт 10 100/5000+5100=10100/ /арван мянга нэг зуу/ төгрөгийг төлсөн нь 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн зам тээврийн осолтой шалтгаант холбоотой байна.

 

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас унааны буюу тээврийн хөлсөд 10 100/арван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

         

          Нэхэмжлэгч нь хариуцагчаас шинжилгээний зардалд 8 000/найман мянга/ төгрөгийг, эмчилгээний зардалд 490 000/дөрвөн зуун ерэн мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ. 

 

          Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн биед гэмтэл учирсан эсэхийг тогтоохоор үзлэг хийсэн болох нь 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Мөнгөн шилжүүлгийн баримт, 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 223 дугаар Шинжээчийн дүгнэлтийн хуулбараар нотлогдож байна.

 

          Нэхэмжлэгч нь 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр шинжилгээний зардалд 8 000/найман мянга/ төгрөгийг төлсөн нь 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн зам тээврийн осолтой шалтгаант холбоотой байна.

 

          Нэхэмжлэгч нь 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн зам тээврийн осолтой шалтгаант холбоотой эмчилгээ хийлгэсэн болох нь баримтаар нотлогдохгүй байх тул хариуцагчаас 490 000/дөрвөн зуун ерэн мянга/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

          Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 8 000/найман мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

          Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нийт 6 018 100/6000000+10100+8000=6018100/ /зургаан сая арван найман мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 1 480 900/121600+108048+35002+6050+20200+700000+490000=1480900/ /нэг сая дөрвөн зуун наян мянга есөн зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Ооос нийт 6 018 100/зургаан сая арван найман мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Сд олгож, үлдсэн 1 480 900/нэг сая дөрвөн зуун наян мянга есөн зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Ооос нийт 6 018 100/зургаан сая арван найман мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Сд олгож, үлдсэн 1 480 900/нэг сая дөрвөн зуун наян мянга есөн зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Сгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 135 000 төгрөгөөс 134 934 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлстийн 2611192214 тоот данснаас илүү төлсөн 66 төгрөгийг, хариуцагч Х.Ооос улсын тэмдэгтийн хураамжид 63 562 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Сарангэрэлд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ХИШИГБАТ

 

 

                         ШҮҮГЧ                                    Д.НЯМБАЗАР                   

 

 

                                                                             Б.ТҮМЭНЦЭЦЭГ