Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2020/00015

 

Л.Б, Б.У-нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.У-, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2019/00137 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 517 дугаар магадлалтай

Л.Б, Б.У-нарын нэхэмжлэлтэй,

Б.П-ид холбогдох,

Хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан гэх үндэслэлээр хариуцагчаас 3 342 800 төгрөг, Б.У- нь 273 100 төгрөгийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.У-, нэхэмжлэгч Л.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхтуяа, хариуцагч Б.П- нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.У-, нэхэмжлэгч Л.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхтуяа, хариуцагч Б.П-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр өөрийн өмчлөлийн 20-88 УБЭ улсын дугаартай Приус-20 маркийн автомашинтай Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэр Харганы ам гэх газар Улаанбаатараас Орхон аймаг руу явж байтал араас Бенз маркийн 03-20УБИ дугаартай автомашин мөргөсөн.

Б.П- нь анхаарал болгоомжгүй, зай барьж яваагүйгээс мөргөсөн. Тухайн үед миний машинд хамт явж байсан эхнэр Б.У-, хүү Б.Ананд, охин Б.Анхилуун нарт тархины доргилт үүсч, хөнгөн гэмтэл авсан. Хариуцагч нь замын хөдөлгөөний дүрмийн 8.11-д заагдсан заалтыг зөрчсөн болохыг Цагдаагийн байгууллагаас тогтоож, Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцагчийг 100 000 төгрөгөөр торгосон. Б.П- Жолоочийн даатгалын тухай хуулийн 4.1.1, 5.1-д заасныг зөрчсөн тул өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдийн даатгуулсан байгууллагаас гаргуулах боломжгүй болсон. Анх гэм хорын хохиролд нийт 2 894 500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд Б.У- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран нэхэмжлэгчээр оролцсон.

Автомашинд учирсан хохирлыг “Ашид Билгүүн” ХХК-ийн тогтоосон үнэлгээ болох 1 575 000 төгрөг, үнэлгээний төлбөр 70 000 төгрөг, дээрх үйл явдлаас болж Баянчандманийн Цагдаагийн газар болон Төв аймгийн шүүх рүү явахад бензин хийсэн 70 000 төгрөг, нотариатын зардалд 32 800 төгрөг, бариачаар толгой бариулсны 15 000 төгрөг, 20 хоног таксинд яваагүй тул олох байсан орлогод өдрийн 40 000 төгрөгөөр тооцож 800 000 төгрөг, авто ослоос шалтгаалж Голомт банкинд 780 000 төгрөгийн зээлийг С.Энхтуяагийн тэтгэврийн зээлийг 5 сараар авч төлсөн тул нийт 3 342 800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.У- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.У- тухайн үед жирэмсэн байсан тул урагт тонус өгч, доошилж умайн дотор амсарт тулж зулбах байдалд хүрсэн. Энэ ослоос хойш байнгын хэвтрийн дэглэм сахиж, эмчилгээ, эм тариа хэрэглэж байна. Бариачаар толгой бариулсан зардал 45 000 төгрөг, магни В-6 эм худалдан авсан зардалд 17 100 төгрөг, тонус бууруулагч лаа 30 000 төгрөг, Б.Анандыг томографт харуулсан төлбөр 120 000 төгрөг, Б.У-ын Армино эмнэлгийн эхо шинжилгээний төлбөр 45 000 төгрөг, шүүх эмнэлгийн үзлэгийн төлбөр 16 000 төгрөг, нийт 273 100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Осол гарсан талаар маргахгүй. Л.Б- нийт 3 342 800 төгрөгийг нэхэмжилсэн. Автомашинд учирсан хохирлыг “Ашид Билгүүн” ХХК, мөн шүүхээс томилогдсон шинжээчид зах зээлийн үнэлгээнээс хэт өндөр, Вьетнам засварын үнэлгээгээр үнэлсэн байна. Гадуур дээрх гэмтлийг 500 000 төгрөгөөр засварлах боломжтой. Тухайлбал автомашины яндан хаанаа хэрхэн хугарсан нь тодорхойгүй, хойд цуурсан гэрэл нь 80 000 төгрөг байхад үнийг 160 000 төгрөгөөр үнэлсэн. Хойд хаалга болон буфер бол засварлахад болох тул шинээр солих шаардлагагүй. Мөн дотор талын гэмтлийн талаарх зургийг уг машины эвдрэл гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэгчийн автомашины засварт шаардсан 1 575 000 төгрөгөөс 500 000 төгрөгийг төлнө. Нэхэмжлэгч Л.Б-т 500 000 төгрөг, Б.У-ад шүүх эмнэлгийн үзлэгийн төлбөрт төлсөн 16 000 төгрөг.

Иймд нийт 516 000 төгрөгийг төлнө, үлдэх хэсгийг төлөхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилогдсон бөгөөд зардал 50 000 төгрөг төлсөн. Гэтэл шинжээч дүгнэлтээ шүүх рүү явуулахдаа 100 000 төгрөг гэснийг мэдэхгүй байна гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2019/00137 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагчаас 1 698 600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэг Л.Б-т, 16 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.У-ад тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 901 300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61 262 төгрөгийг улсын орлогод үлдээж, дутуу төлсөн 23 750 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас 42 384 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т заасныг баримтлан хариуцагчаас 50 000 төгрөгийг гаргуулж “Гэрэгэ эстимэйт” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 517 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2019/00137дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “1 698 600 төгрөг” гэснийг “1 540 000 төгрөг” гэж, “1 901 300 төгрөг” гэснийг “2 060 200 төгрөг” гэж өөрчлөн, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “42 384 төгрөгийг” гэснийг “39 846 төгрөгийг” гэж өөрчлөн, тогтоох хэсгийн 3 дахь заалтын “хариуцагчаас 50 000 төгрөгийг” гэснийг “нэхэмжлэгчээс 50 000 төгрөгийг” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 42 128 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.У-, нэхэмжлэгч Л.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхтуяа нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1. Хариуцагч тал шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч дахин дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан ба нэхэмжлэгч дахин дүгнэлт гаргуулахыг хүсээгүй.

Шүүх хариуцагчийн хүсэлтээр дахин дүгнэлт гаргуулсан ба нэхэмжлэгч тал 50 000 төгрөг төлөх ёстой гэж магадлалд дурдан шийдвэрлэжээ. Энэ 50 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.

2. Нэхэмжлэгч Л.Б-ын “Ашид Билгүүн” ХХК үнэлгээний төвийн 1 575 000 - 35 000 /шалавч/=1 540 000, үнэлгээ хийлгэсэн 70 000 төгрөг, бензинд 40 000 төгрөг, нотариат 32 600 төгрөг, нийт 1 698 600 төгрөг.

Нэхэмжлэгч Б.У-ын шүүх эмнэлэгт үзүүлсэн баримт 16 000 төгрөг, нийт 1 714 600 төгрөг, эдгээр баримтыг анхан шатны шүүхийн шийдвэрт хүчинтэйд тооцсон болно. Харин давж заалдах шатны шүүхийн магадлалд “Ашид Билгүүн” ХХК үнэлгээний төвийн баримтаас бусад баримтыг үгүйсгэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

3. Хэрэг гарах үед Б.У- нь 5 сартай жирэмсэн байсан. Жирэмсэн хүн осолд ороход тонус үүсч эмчилгээнд орж, хэвтрийн дэглэм барьсан баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Анхан болон давж заалдах шатны шүүх 5 сартай жирэмсэн эмэгтэй, 4 настай хүүхдэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан байхад эмчилгээний төлбөрийг төлж болохгүй гэж шийдвэрлэлээ.

Жирэмсэн эмэгтэй, нялх хүүхдэд гэмтэл тогтоогдсон учир энэ 2 хүнд ямар ч гэм хорын хохирол үүсээгүй. Жирэмсэн эмэгтэйд гэмтэл учирсан учир эм худалдаж авсан нь худлаа, эход харуулсныг худлаа, бариачид бариулсан нь худлаа, 4 настай хүүхдийн толгойг бариулсан нь ч худлаа гэснийг зөвшөөрөхгүй.

Иймд магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын 50 000 төгрөг гэснийг хүчингүй болгож, гэмтэлтэй холбоотой баримтыг шаардлага хангасан байдлаар бүрдүүлэн дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж өгнө үү.

4. Нэхэмжлэгч анх шүүхэд 2 894 500 төгрөг нэхэмжилсэн ба анхан болон давж заалдах шатны шүүх 3 615 900 төгрөг нэхэмжилсэн болгож өөрчилснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Шүүхэд бид 780 000 төгрөгийг байрны 8%-ийн лизингэд төлдөг гэсэн нотлох баримтыг гаргаж өгсөн бөгөөд 1 сард дор хаяж 800 000 төгрөг олох байсан гэдгээ нотлоод байхад нэхэмжилсэн гэж үзсэн байна. /Хариуцагчаас нэхэмжилсэн үнийн дүнд 780 000 төгрөг ороогүй болно./

Иймд нэхэмжлэлийн үнийн дүн нь худлаа болохыг залруулан, тэмдэгтийн хураамжийн үнийн дүнд өөрчлөлт оруулж өгнө үү.

Энэ Б.П- нь хүний эд хөрөнгө болон бие сэтгэлийг хохироочихоод хохирлыг эс зөвшөөрч ингээд яваад байгаа нь ойлгомжгүй байна гэжээ.

Хариуцагч Б.П- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь/хэсэгчлэн хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалаар нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2 “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан.

Гэтэл анхан шатны шүүхээс нотлох баримтын шаардлага хангаагүй, эргэлзээтэй нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. Үүнийг давж заалдах шатны шүүхээс бүрэн хянаагүй нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Хэрэгт хамгийн их ач холбогдол бүхий засвар хийлгэсэн засварын газрын баримт, сэлбэг худалдаж авсан баримт нь И баримт буюу НӨАТ-т байх ёстой байтал гараар бичсэн нотлох баримтын шаардлага хангаагүй байхад шийдвэрлэсэн. Мөн хэргийн нэг талыг байлцуулалгүй хийсэн үнэлгээг нотлох баримтаар тооцож үнэлсэн учир дутагдалтай төдийгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэлж чадаагүй, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 116 дугаар зүйлийн 116.2.-т хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Л.Б- нь хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан гэх үндэслэлээр хариуцагчаас 3 342 800 төгрөг, Б.У- нь 273 100 төгрөгийг тус тус гаргуулахаар Б.П-ид холбогдуулан нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч Б.П-оос 1 698 600 төгрөгийг гаргуулан Л.Б-т, 16 000 төгрөгийг гаргуулан Б.У-ад тус тус олгуулахаар шийдвэрлэж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүхээс Л.Б-т олгох төлбөрийн хэмжээг 1 540 000 төгрөг болгон өөрчилсөн байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа анхан шатны шүүхээс нотлох баримтаар үнэлж, хохиролд тооцохоор шийдвэрлэсэн баримтуудыг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзсэн үндэслэлээ магадлалд тодорхой тусгаагүй, түүнчлэн хариуцагчийн буруутай үйлдлээс нэхэмжлэгчид хохирол учирсан байхад хохирлын хэмжээг тогтоосон үнэлгээчний зардлын тал хувийг нэхэмжлэгчээс гаргуулсан үндэслэлээ заагаагүй нь магадлал үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4. дэх заалтад нийцээгүй байна.

Анхан шатны шүүх үйл баримтыг зөв тодорхойлж, хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, баримтаар тогтоогдсон хүрээнд нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг хангасан байна.

Иймд нотлох баримтыг бодитойгоор үнэлээгүй гэж үзэж шийдвэрийг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

 Дээр дурдсан үндэслэлээр зохигчийн гомдлоос магадлалыг эс зөвшөөрсөн хэсгийг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 517 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2019/00137 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч Л.Б, Б.У-нарын 4 550 төгрөгийг, хариуцагчийн 39 590 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                              Х.ЭРДЭНЭСУВД