Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 798

 

 

Нэхэмжлэгч Х.Оюунбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Миний бие анх 1995 онд Ж.Сүхцэрэнтэй гэр бүл болсон. 2006 оны 04 дүгээр сарын 26-ны Дархан-Уул аймгийн Сум дундын 403 дугаар шүүхийн шийдвэрээр Х.Оюунбаяр, Ж.Сүхцэрэн бид гэрлэлтээ цуцлуулж охин С.Солонгыг эх миний асрамжинд үлдээн шийдвэрлэсэн. Тухайн үед бидний дундын өмчийн маргааныг хянан шийдвэрлээгүй билээ. Гэрлэлтээ цуцлуулсныхаа дараа буюу 2006 оны 06 дугаар сард бид эвлэрч 2015 оны 08 сарын 15-ныг хүртэл хамт амьдарцгаасан. 2009 онд бага охин С.Наранг төрүүлсэн.

Ж.Сүхцэрэн нь намайг үндэслэлгүйгээр хардаж Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, 24-48 тоот 4 өрөө орон сууцнаасаа намайг , том охин С.Солонгыг Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хорооллын 73-46 тоот 2 өрөө орон сууцнаасаа хөөж биднийг сэтгэл санаа, санхүүгийн хувьд одоог хүртэл дарамт үзүүлж байгаа. Ж.Сүхцэрэн нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг, 24-48 тоот 4 өрөө орон сууцандаа охин С.Солонго Улаанбаатар хотод түрээсийн байранд би өөрийн эхийн байранд амьдарцгааж байгаа болно.

Бидний хамтын амьдралын хугацаанд дараах хөрөнгүүд бий болсон.

Дархан-Уул аймгийн Дархан сум 12 дугаар баг, 24-48 тоот 50,4 мкв 4 өрөө орон сууц 55,000,000 төгрөг

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 73-46 тоот 60,28 мкв 2 өрөө орон сууц 73,000,000 төгрөг

Дархан-Уул аймгийн Дархан сум, 12 дугаар баг, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины гараж 6,000,000 төгрөг,

Тоёото Ланд крузер прадо 120 маркийн саарал өнгийн авто машин 25,000,000 төгрөг

Хас банкин дэхь Ж.Сүхцэрэнгийн нэр дээрх 5001624956 тоот хадгаламжийн 80,000,000 төгрөг нийт 239,000,000 төгрөгийн дундын өмч байна. Бага охин Сүхцэрэн овогтой Наранг өөрийн асрамжиндаа авч тэтгэмж тогтоолгох, дундын өмч болох 239,000,000 төгрөгийн эд хөрөнгөөс охин С.Наран болон надад ногдох хэсэг 59,750,000*2=119,500,000 төгрөгөнд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 13 дугаар хороолол 73-46 тоот 2 өрөө орон сууцыг биет байдлаар өөрийн өмчлөлд авч, 46,500,000 төгрөгийг бэлнээр Ж.Сүхцэрэнгээс гаргуулах, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 13 дугаар хороолол 73-46 тоот 2 өрөө орон сууцны өмчлөлөөс Ж.Сүхцэрэнг хасуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Ж.Сүхцэрэн шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Миний бие Х.Оюунбаяртай 2005 онд албан ёсоор бүртгүүлж гэр бүл болсон. Бид 2006 онд шүүхээр гэр бүлээ цуцлуулсан боловч эвлэрч цааш хамтран амьдарч байгаад 2015 оны 5-р сард бидний  үүссэн маргаанаас үүдэлтэйгээр одоог хүртэл тус тусдаа амьдарч байгаа. Энэ хугацаанд 1995 онд охин Солонго, 2009 онд охин Наран нар маань төрсөн. Тус тусдаа амьдрах болсон шалтгаан нь Оюунбаяр нь миний итгэлийг алдаж худал хэлж, хууран мэхэлснээс үүдэлтэй. Миний бие 2011 оны 5-р сараас 2015 оны 10-р сар хүртэлхи хугацаанд Улаанбаатар хот болон Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Оюутолгой ХХК-ны уурхайд ээлжээр ажиллаж байсан. Ингэж ажиллах хугацаандаа амралтаар Дарханд гэртээ ирж амарч байсан. Гэтэл намайг гэрээсээ хол ажиллаж байх үед (Дарханд байхгүй үед) ХАС банкны Шинэ дархан салбарын захирал Оюунбаяр нь Хас банкны Дархан салбарын менежер Ихбаяр гэх залуутай гэр бүлээс гадуур дотно харилцаа тогтоож, гэр булээ хууран мэхэлж, худал ярьсан байсныг миний бие 2015 оны 5-р сард мэдэж үүнийгээ боль гэдэг шаардлагыг тавьсан боловч ямар нэгэн хариу өгөлгүй дотно харилцаанд орсон хэвээр байсан тул 2015 оны 8-р сараас хамт амьдрах боломжгүй байна гэдгээ хэлж явуулсан. Энэ өдрөөс хойш одоог хүртэл Х.Оюунбаяр нь бидний хамтран өмчлөлд байдаг Дархан сум 16-р баг 1-р хорооллын 21-р байрны 78 тоот орон сууцандаа амьдарч байгаа. Х.Оюунбаярын гэр бүлээ хууран мэхэлж, гэр бүлээсээ гадуур өөр залуу эртэй дотно харилцаанд орсон явдалд миний бие дургүйцэн салж, тусдаа амьдарч байгаа юм. Том охин Солонго Улаанбаатар хотод оюутан тул Улаанбаатар хотод, бага охин Наран 2015 оны 10-р сараас хойш одоог хүртэл надтай байнга хамт амьдарч байна.

Хүүхдүүдийн тухайд

Том охин Солонго маань энэ жил 22 нас хүрч байгаа, СЭЗД сургуулийн төгсөх ангийн оюутан юм Охин  нь бидний хамт Дархан хотод амьдарч байгаад 2012 онд оюутан болж Улаанбаатар хот руу явж суурьшсан. Охин Солонго нь 2012 оноос 2015 оны 5-р сар хүртэлхи хугацаанд Улаанбаатар хотод бидний хамтран өмчлөлийн орон сууцанд амьдарч байсан.

2006 оны гэр бүл цуцалсан шүүхийн шийдвэрээр Сүхцэрэн надад охин Солонгын талаар тодорхой үүрэг ногдуулсан. Бид эвлэрч хамтран амьдарч байсан хугацаандаа миний бие шүүхээс тогтоосон үүргийг бүрэн биелүүлж, улмаар охиноо сургуульд сургах төлбөр, Улаанбаатар хотод амьдарч байх байрны төлбөр, хоол унд, баяр ёслол болон өдөр тутмын хэрэглээний мөнгийг өгөхийн зэрэгцээ сар бүр тогтмол хэмжээний мөнгийг "цалин" нэрээр өгч байсан. Энэ тухай охин Солонгоос тайлбар авахыг хүсье.

Бага охин Наран маань 2015 онд 6 нас хурч сургуульд орох болсон тул охиныхоо хичээлийн сэгтгэл, хувцас хэрэглэл гээд бүхий л зүйлээ охин бид 2 өөрсдөө бэлтгэж 9-р сарын 01-ны өдөр сургуульд нь оруулсан. Миний бие 9-р сарын 02 -ны өдөр Оюутолгой ХХК-ны менежер болон Хүний неөцийн ажилтанд "бага охин Наран маань 1-р ангид орсон тул түүнийг харж хандах, хичээл номонд анхаарах, сургуульд нь хүргэх авах зэргээр халамжилж асрах шаардлагатай болсон тул ажлаас чөлөөлж өгнө үү" гэсэн өргөдөл гаргаж 2015 оны 10-р сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаал гарч ажлаа хүлээлгэн өгөөд Дархандаа буцаж ирсэн билээ. Ирээд охин Нарангаа өөртөө авч одоог хүртэл харж халамжилж, хичээл сургуулийг нь төгсгөөд байна.

Охин Наран маань надтай амьдрах хугацаандаа ээж дээрээ 2 удаа очиж хэсэг хугацаанд хамт байсан юм. Тодруулбал:

1. 2015 оны 12-р сард ээжтэйгээ хамт 10 гаруй хоног хамт байж байтал 2015 оны 12-р сарын 12-ны орой 22 цаг өнгөрч байхад " Хүүхдээ аваачээ, хүүхдийг чинь харж хандах хүн байхгүй, тэгээд ч энэ хүүхэд чинь хэний ч үгэнд орохгүй юм" гэсэн мессежийг миний гар утас руу ирүүлсэн тул охиноо очиж авсан.

2. Цагаан сарын шинийн 8-ны өдөр охиноо хичээлээс нь аваад харих замдаа бид Оюунбаярын ээжид очиж золгосон юм. Охиноо эмээтэй нь бас ХАС банк руу очиж ээжтэй нь золгуулсан юм. Тэгээд охиноо ээжтэй нь хэсэг хугацаанд хамт байлгая гэж бодоод энэ тухайгаа Оюунбаярт мэдэгдэхэд зөвшөөрсөн тул охиноо хүргэж өгсөн. Гэтэл 3-р сарын дундуур охин Наран маань хэдэн өдөр дараалан над руу утасдаж "Ааваа та намайг одоохон ирж ав, би тань дээр очмоор байна" гэж өдөр бүр утсаар ярьж уйлж байсан болон "Охин чинь чам дээр очьё гээд байна аваарай" гэж Оюунбаяр надад мэдэгдсэн тул би очиж охиноо авсан.

Үүнээс хойш охин Наран маань ээж дээрээ дахиж очихгүй гэдэг болсон ба одоог хүртэл ээжтэйгээ огт ярихгүй бас .уулзахгүй байгаа. Би үүнд нь гайхаад охиноосоо " ээж чинь чам руу залгаж байна чи утсаа авч ясихгүй юм уу" гэж асуухаар " Үгүй би яримааргүй байна, ээжтэйгээ ярихыг хүсэхгүй байна" гээд утсаа авдаггүй. Би охиноосоо " Миний охин ээжийгээ санахгүй байна уу, ээж нь чамайг санаад ярих гэж байгаа шүү дээ" гэхэд охин минь " Үгүй ээ ааваа, ээж намайг зоддог" гэсэн. Би "Яагаад, чи өөрөө л сахилгагүйтээд үгэнд нь орохгүй болохоор ээж нь тэгж байгаа байлгүй" гэтэл охин ээж намайг зүгээр байхад зоддог" гэж хэлж байсан.

Миний бие охиныхоо энэ мэт ярианаас үүдэн охиноо ээжтэйгээ хамт байх үед нь ямархуу байгааг нь үзэхээр сургууль дээр нь хэд хэдэн удаа очиж ажигласан. Намайг хараад охин маань их баярлаж “Ааваа та намайг аваад яваач, би гэртээ харимаар байна " гэж гуйдаг байсан.

Энэ мэтчилэнгээр охиныхоо байгаа байдал, үг яриаг нь сонсож ажиглахад охин маань ээжээсээ их айж эмээдэг, тийм болохоороо ээжтэйгээ уулзаж ярихыг хүсдэггүй юм шиг санагдсан. Охин маань ээжтэйгээ байх үедээ ихэнхи цагаа ээжийнхээ эгч Х.Оюунбилэг болон түүний охин хүү 2-той нь өнгөрүүлдэг байсан гэж надад хэлдэг. Охины хичээл даалгаврыг нь хийлгэх болон сургуульд хүргэх авах эцэг эхийн хуралд суух зэргийг ихэнхидээ Оюунбаярын эгч Х.Оюунбилэг хийж байсан ба охины ангийн эцэг эхийн хурлын тэмдэглэлийн дэвтэрт ээжийнх нь хуралд суусан тэмдэглэл 1 л байдаг.

Энэ мэтчилэнгээр охиндоо цаг зав гаргаж чадахгүй байгаа нь ээжийнх нь ажилтай холбоотой л байх. Миний бие охин Нарантайгаа ямар харилцаатай байдаг болон охин бид 2-ыг хэрхэн яаж амьдарч байгааг гэрчлэх хүмүүс манай талаас ч Оюунбаярын талаас ч аль алинд нь бий.

Мөн бидний амьдарч байгаа байрны оршин суугчид болон сургуулийн анги удирдсан багшаас нь ч асууж тодруулах боломжтой.

Мөн охин Наран ээж дээрээ очоод удалгүй аав руугаа утсаар холбогдож "Ааваа намайг ирж аваачээ, тань дээр очмоор байна, гэртээ харимаар байна, та яг одоо ирж ав" гэх зэргээр олон удаа ярьж байсан.

Бага  охин Нарангийнхаа хичээл сурлага, эрүүл мэнд, хоол унд гээд бүхий л зүйлийг миний бие бүрэн дүүрэн хангаж, охиноо сайн харж халамжилж чадаж байгаа гэж боддог. Тиймдээ ч охин маань надаас холдохгүй байнга хамт байдаг. Цаашид ч миний бие охин Нарангаа бүрэн дүүрэн асран хамгаалж халамжлан хүмүүжүүлж чадна гэдэгт өөртөө итгэдэг.

Дундын өмчлөлийн эзэмшилийн эд хөрөнгийн тухайд

Хамтран амьдрах хугацаандаа хэн хэн нь боломжийн ажил болон бизнес хийж, хуримтлал үүсгэсний үр дүнд доорх өмчлөлийн болон эзэмшлийн хөрөнгүүдийг бий болгосон юм. Ж.Сүхцэрэн миний бие 1999 оны :7 дугаар сараас 2009 оны 12 дугаар сарыг дуусталхи хугацаанд Худалдаа Хөгжлийн банкны Дархан салбарт, 2011 оны 05 дугаар сараас 2015 оны 10 дугаар сар хүртэл Оюутолгой ХХК-д тус тус ажиллаж байсан.

Банкинд ажиллаж байх хугацаандаа 1 999 онд 499,548 төг, 2000 онд 1 661 345 төг, 2001 онд 3 608 756 төг, 2002 онд 3 384 890 төг, 2003 онд 4,478,355 төг, 2004 онд 4 678 315 төг, 2005 онд 4 670 709 төг, 2006 онд 6 112 640 төг, 2007 онд 7 322 202 2008 онд 10 109 198 төг, 2009 онд 7 849 228 төгрөг буюу нийт 54 375 186 төгрөгийн цалингийн орлогыг

Оюу толгой ХХК-д ажиллаж байх хугацаандаа 2011 онд18,331,378 төг, 2012 онд 34,148 940 төг, 2013 онд 40,287,507 төг, 2014 онд 40,448,812 төг, 2015 онд 29,139,990 төгрөг бүюү нийт 162 356 627 төгрөгийн цалингийн орлого авч байсан бөгөөд ажил эрхэлж байх хугацааны Нийгмийн даатгалын баримтаар нотлогдож байгаа нийт орлогын хэмжээ 216,731,813 төгрөг байна.

Мөн дээрхи ажлуудын хажуугаар найз нөхдийн хамт ашиг олох зорилгоор худалдаа арилжаа хийсэн зүйл нилээд байсан бөгөөд тэдгээрийн зарим хэсэг нь миний Голомт, ХААН банкны харилцах дансаар, зарим хэсэг нь Оюунбаярын ХАС болон Голомт банкны дансаар гүйлгээ нь хийгдэж байсан.           

2015 оны 08 дугаар буюу тус тусдаа амьдарч эхлэхээс өмнөх хугацаанд бидний хамтын хүч хөдөлмөрийн үр дүнд бий болсон дараах өмчлөлийн болон эзэмшлийн хөрөнгүүд байгаа болно.

Үүнд:

1.Ү-2003005524 улсын бүртгэлийн дугаар бүхий Дархан-Уул аймаг Дархан сумын 12 дугаар баг 6 дугаар хороолол 24 дүгээр байрны 48 тоот 4 өрөө орон сууц

2.Ү-2003005063 улсын бүртгэлийн дугаар бүхий Дархан-Уул аймаг Дархан сум 16 дугаар баг 1 дүгээр хороолол 21 дүгээр байрны 78 тоот 3 өрөө орон сууц

3.Ү-2003007084 улсын бүртгэлийн дугаар бүхий Дархан-Уул аймаг Дархан сум 11 дүгээр баг 6 дугаар хороолол 18 дугаар байрны 25 тоот 1 өрөө орон сууц

4. Ү-2204043962 улсын бүртгэлийн дугаар бүхий Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 13 дугаар хороолол /13371/ Намъяанжугийн гудамж 73 дугаар байрны 46 тоот 60 мкв бүхий 2 еэөө орон сууц. Голомт банкнаас зээл авсан 2012 оны зээлийн гэрээний үнэлгээ 115 000 000 төгрөг 2012 онд ашиглалтанд орсон шинэ орон сууц)

5. Гэрчилгээний дугаар 000452489 бүхий Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтын эзэмшлийн газар. 3-н айлын газар (2013 онд худалдан авсан үнэ 56 000 000 төг, инженерийн шугам сүлжээ татсан ажлын үнэлгээ 8 500 000 төг)

6. Гэрилгээний дугаар 0359599 бүхий Автомашины гаражийн зориулалт бүхий газар, гаражийн барилгын хамт.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа хадгаламжийн дансан дахь мөнгөн хөрөнгө нь бидний дундын өмчлөлийн хөрөнгө биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь ХАС банкан дахь хадгаламжийн дансыг миний бие Х.Оюунбаяраас салж тус тусдаа амьдарч эхэлсэн өдрөөс хойш буюу 2016 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр 6-н сарын хугацаатайгаар нээлгэсэн. Уг эзэмшигч нь Ж.Сүхцэрэн, Ц.Баярмаа нар юм. Энэ дансны эзэмшил болон мөнгөн хөрөнгө нь Оюунбаярт холбоо хамааралгүй болно.

Миний эгчийн хүүхэд болох Ц.Баярмаа нь АНУ-д сургуульд  суралцуулах зорилгоор элчин сайдын яамны ярилцлаганд ороход шаардагдах банкны баталгаа хөрөнгийг үнэлэх зорилгоор танил найзаасаа зээлийн гэрээ байгуулж түр хугацаанд зээлж авсан зээлийн хөрөнгө юм. Энэ хадгаламжийн данс нь:

1. Энэхүү хадгаламжийн дансыг нээлгэж гүйлгээ хийсэн цаг хугацаа нь нэхэмжлэгч Х.Оюунбаяр бид 2-оос хойш тусдаа амьдарч эхэлснээс хойш 5-н сар гаруй хугацааны дараа нээлгэсэн.

2. Ж.Сүхцэрэн миний бие ажилгүй орлогогүй, Х.Оюунбаярын өөрийнх нь шүүхэд тодорхойлсноор  “төлбөрийн чадваргүй" болсныхоо дараа нээлгэж гүйлгээ хийсэн нь энэхүү мөнгөн хөрөнгө Ж.Сүхцэрэнгийнх биш болохыг Х.Оюунбаяр өөрөө маш сайн мэдэж байгааг илэрхийлж байна.

3. Уг хадгаламжийн дансыг нээлгэсэн зорилго болон зорилгоо биелүүлэхээр бүрдүүлсэн баримт хийсэн үйлдлүүд зэргээс харахад Х.Оюунбаяр нь уг хадгаламжтай ямарч хамааралгүй түл юунд зориулж ашиглаж байгаа талаар ямар ч мэдээлэлгүй байгаа нь харагдаж байна.

 

                   Х.Оюунбаяр нь тухайн дансыг нээлгэсэн ХАС банкны салбарын захирлын хувьд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж энэхүү хадгаламжийн мэдээллийг Банкны хууль тогтоомж, банк хадгаламж эзэмшигчдийн хооронд байгуулсан гэрээг зөрчин задруулсан байдаг.

                   Нэхэмжлэгч Х.Оюунбаяр нь нэхэмжлэлдээ бидний дундын өмчлөлд байдаг Ү-2003007084 улсын дугаар бүхий 3 өрөө орон сууц, Ү-2003007084 улсын бүртгэлийн дугаар бүхий 1 өрөө орон сууц гэрчилгээний дугаар 000452489 бүхий Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтын эзэмшлийн газар зэргийг оруулалгүй орхисон байна.

Миний бие маргаантай асуудлаа Оюунбаяртай ярилцаж эвээр шийдэхээр 2015 оны 12 дугаар сард Дархан сумын сум дундын иргэний шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан. Эвлэрүүлэн зуучлагчтай хийсэн уулзалт дээр Х.Оюунбаяр нь " Би Сүхцэрэнгээс бүх хөрөнгөө бэлэн мөнгөөр гаргуулж авна" гэж хэлээд уулзалтыг орхиж гарсан. Ийнхүү шүүхийн эвлэрүүлэн зуучлагчаар асуудлаа шийдвэрлуүлэх боломжгүй болсон юм. Би Х.Оюунбаярт хандан 2-лаа бүх хөрөнгөө худалдаж бэлэн мөнгө болгоод хувааж авъя гэж ч бас хэлж байсан. Бас л зөвшөөрөөгүй.

                   ...Дундын өмчийн хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 73 дугаар байрны 46 тоот 2 өрөө орон сууц дурдагдсан байгаа бөгөөд энэхүү орон сууц Голомт банкны барьцаанд 15 жилийн хугацаатай байгаа болно.

Цаашид зээлийг Х.Оюунбаяр би ганцаар үргэжлүүлэн төлөхөөр Голомт банктай тохиролцож  зээлийг би үргэжлүүлэн төлж байгаа тул байрны өмчлөлөөс Ж.Сүхцэрэнг хасуулахаар шаардлагаар нэмэгдүүлсэн байна.”

                   “Өмчлөгчөөс хасуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Ү-2204043962 улсын бүртгэлийн дугаар бүхий Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо,  13 дугаар хороолол,  Намъяанжугийн гудамж 73 дугаар байрны 46 тоот 60 мкв бүхий 2 өрөө нийтийн орон сууцны зориулалттай байрыг 2012 оны 10 сард Голомт банкны зээлийн санхүүжилтээр худалдаж авсан бөгөөд уг орон сууц нь Голомт банктай хийсэн зээл, барьцааны гэрээний дагуу тус банкны барьцаанд байгаа.

                   Миний бие уг байрыг худалдан авсан урьдчилгаа төлбөр болон 2012 оны 10 сараас 2016 оны 12 сарыг дуусталхи хугацаанд Голомт банкнаас авсан зээл хүүгийн төлбөрт нийт 73 сая гаруй төгрөгийг төлсөн байгаа ба энэхүү төлбөрийг Х.Оюунбаяраас надад буцаан олгосон тохиолдолд уг байрны өмчлөгчөөс татгалзах боломжтой...” гэв.

 

                   Хариуцагч Ж.Сүхцэрэн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

                   “...Хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 55,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, 6 дугаар хороолол,  24 дүгээр байрны 48 тоот улсын бүртгэлийн Ү-2003005524 дугаарт бүртгэлтэй 4 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөс Хоньхүүгийн Оюунбаярыг хасуулах хүсэлтэй байна.

                   ...Бидний хамтран амьдрах хугацаанд буюу 2013 онд миний бие Түшиг-Уул ХХК-ийн захирал Ж.Батсайхан ахтай ярилцаж тохиролцсоны үндсэн дээр тус компани нь өөрийн эзэмшилд байсан Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар хороололд байрлах амины орон сууцны зориулалт бүхий газраасаа Ж.Сүхцэрэн надад гурван айлын буюу 1505 м/кв газрыг тохиролцсон үнэлгээгээр худалдаж шилжүүлэх шийдвэр гаргасан билээ. Миний бие энэ үед хөдөө ажиллаж байсан ба тус компаниас надад эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн тус газрыг гэр бүлийн хүн болох Х.Оюунбаярын нэр дээр шилжүүлж өгөх хүсэлт бичгээр тавьж шилжүүлж авсан болно. Уг газрыг бид эзэмшилдээ авахдаа тодорхой үнэ төлсөн бөгөөд энэхүү төлбөрийг миний бие бизнесийн орлогоосоо Х.Оюунбаярт шилжүүлж өгсөн бөгөөд Х.Оюунбаяр нь “Түшиг-Уул” ХК-руу газрын төлбөрийг шилжүүлсэн. Миний бие Х.Оюунбаяраас 2015 оны 08 дугаар сараас эхлэн одоог хүртэл тусдаа амьдарч байгаа бөгөөд хамтран амьдрах хугацаандаа бий болгосон тус эзэмшлийн газрыг тэнцүү хуваан эзэмшихээр нэхэмжилж байна.”

 

            “...Ж.Сүхцэрэн, Х.Оюунбаяр бидний хооронд дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаантай холбоотойгоор 3730 дугаар бүхий иргэний хэрэг 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр үүссэн юм. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн нэхэмжлэгч Х.Оюунбаярын зүгээс маргааныг эвлэрлийн журмаар шийдэх санал удаа дараа гаргасан билээ. Хариуцагч миний бие түүний хүсэлтийн дагуу 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр /энэ өдөр нь бидний том охин Солонгын төрсөн өдөр байсан/ уулзаж ярилцан маргаанаа өөрсдөө эв зүйгээр шийдэхээр харилцан ярилцаж тохиролцсон. Энэ тохиролцооныхоо дагуу:

1.Ж.Сүхцэрэн миний бие Ү-2003007084 улсын бүртэглийн дугаар бүхий Дархан сум, 11 дүгээр бар, 6 дугаар хороолол, 18 дугаар байрны 25 тоот 1 өрөө орон сууц, Ү-2003005063 улсын бүртгэлийн дугаар бүхий Дархан сум, 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 21 дүгээр байрны 78 тоот 3 өрөө орон сууцны өмчлөгчөөс татгалзан Х.Оюунбаярт бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэх.

2.Х.Оюунбаяр нь Ү-2003005524 улсын бүртгэлийн дугаар бүхий Дархан сум, 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 24 дүгээр байр, 48 тоот 4 өрөө орон сууцны өмчлөгчөөс татгалзан Ж.Сүхцэрэн надад бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэхээр тус тус тохирсон юм.

Энэхүү аман тохироогоо Ж.Сүхцэрэн миний бие тухайн өдөр /2016.12.13/ нь Х.Оюунбаярын хамт нотариатч н.Болорчулуунд хандан 3678, 3679 дугаар бүхий бэлэглэлийн гэрээг хийж биелүүлсэн. Харин Х.Оюунбаяр нь надад бэлэглэлээр шилжүүлэхээр амласан орон сууцаа гэрээ хийн шилжүүлэхээр татгалзсаар байгаад миний бие гомдолтой байна. Иймд Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1 дэхь хэсэгт заасныг үндэслэн Х.Оюунбаярт бэлэглэсэн 2 орон сууцны бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах хүсэлт гаргаж байна. “ гэжээ..

                  

                   Нэхэмжлэгч Х.Оюунбаяр сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

“...2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан дундын эд хөрөнгө хуваалгах нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдаагүй.

                   1.Дархан сум, 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 21-78 тоот 3 өрөө

                   2. Дархан сум, 11 дүгээр баг,  6 дугаар хороолол,  18-25 тоот 1 өрөө,

                   3.Дархан сум, 14 дүгээр баг, 2 дугаар хороололд байрлах газар зэрэг эд хөрөнгийн талаар Ж.Сүхцэрэн хариуцсан тохиролцсоноо бичсэн байх бөгөөд маргаанд хамааралгүй эд хөрөнгө юм.

                   Дархан сумын 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 24 дүгээр байрны 48 тоот 4 өрөө орон сууцны хамтран өмчлөлөөс Х.Оюунбаяр намайг хасуулах сөрөг нэхэмлэлийн шаардлага нь хамтатган шийдвэрлэх үндэслэлгүй.

                   ...Компаний шийдвэр хуулийн үндэслэл болохгүй. Газар төрийн өмч бөгөөд иргэнд өмчлүүлсэн шийдвэр биш.Ж.Сүхцэрэн хэн нэгний дарамт шахалтгүй миний нэр дээр шилжүүлэх хүсэлт гаргасныг төрийн байгууллага хүлээн авч шийдвэрлэсэн болно. Иймд хүлээн зөвшөөрөхгүй.

                   ...Дархан сум 11 дүгээр баг,  6 дугаар хороолол, 18 дугаар байрны 25 тоот 1 өрөө орон сууц бидний дундын өмч биш бөгөөд Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхээр тусдаа хэрэг үүсгэн шийдвэрлэгдсэн юм.  Уг байрыг Ж.Сүхцэрэн  дүү Х.Батбаярын хуваарьт хөрөнгө гэдгийг мэдэж байж энэ талаар тэрээр баталгаа бичиж өгч хүлээн зөвшөөрч шилжүүлсэн болно.

                   Дархан сум 16 дугаар баг, 1 дүгээр хороолол,  21 дүгээр байрны 78 тоот 3 өрөөг 2012 онд эцэг С.Хоньхүү, эх Ц.Сандуйжав нар нь өөрсдийн өмчлөлийн Дархан сумын 14 дүгээр баг,  1 а байр 24 тоот 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж 3 өрөө орон сууцыг худалдаж авсан юм.  Анх худалдан авах эх үүсвэрийг  Ж.Сүхцэрэн мэдэж байгаа учраас  2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр  үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг хийхдээ бэлэг хүлээн авагч эх Ц.Сандуйжавд өмчийн эзэн мөн гэдгийг хүлээн зөвшөөрч баталгаа бичиж өгсөн.

                   Иймд дээрх хоёр орон сууц Х.Оюунбаяр, Ж.Сүхцэрэн, С.Солонго, С.Наран бидний гэр бүлийн дундын хөрөнгө биш учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

                   Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Солонго шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

                   “...Дархан-Уул аймаг, Дархан сум,  12 дугаар баг, 24 дүгээр байр 48 тоот байрыг 55,000,000 төгрөгөөр үнэлэгдсн 4 өрөө орон сууц,  Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг,  25 дугаар хороо, 13 дугаар хорооллын 73 дугаар байрны  46 тоот 98,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн 2 өрөө орон сууц,  Дархан-Уул аймаг, Дархан сум,  12 дугаар багт байрлах  6,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн автомашины граж,тоёото ланд  крузр прадо  120 маркийн  25,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн 03-04 УНП дугаартай авто машин, Хадгаламж дахь 80,000,000 төгрөгөөс өөрт ногдох хэсэг болох 59,750,000 төгрөгийг Х.Оюунбаяр, Ж.Сүхцэрэн нараас гаргуулах, 2017 оны 02 сарын 07-ны тус шүүхэд гаргасан Дархан-Уул аймаг,  Дархан сум, 14 дүгээр баг, 2 дугаар хороололд байрлах амины орон сууцны зориулалттай 1505 мкв газрыг хуваан эзэмших  шаардлагуудыг гаргаж байна” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                                                                                    

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Оюунбаяр нь хариуцагч Ж.Сүхцэрэнд холбогдуулан “охин С.Наранг өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, 239,000,000 төгрөгийн үнэ бүхий дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон охин С.Наранд ноогдох 119,500,000 төгрөгөнд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 13 дугаар хороолол 73-46 тоот 2 өрөө орон сууцыг биет байдлаар өөрийн өмчлөлд авч, 46,500,000 төгрөгийг бэлнээр Ж.Сүхцэрэнгээс гаргуулах, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 13 дугаар хороолол 73-46 тоот 2 өрөө орон сууцны өмчлөлөөс Ж.Сүхцэрэнг хасуулах, Дархан сумын 14 дүгээр багт байрлах 3 айлын амины орон сууцны газрын эзэмшилд охин С.Нарангийн хамт оролцон бичүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан боловч шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч тал “Дархан сумын 14 дүгээр багт байрлах 3 айлын амины орон сууцны газрын эзэмшилд охин С.Нарангийн хамт оролцон бичүүлэх тухай” шаардлагыг гаргаагүй, харин “...уг амины орон сууцны газрыг өөрийн эзэмшлийн газар, дундын эд хөрөнгө биш...” гэсэн тайлбарыг гаргаж маргасан болно.

 

Хариуцагч Ж.Сүхцэрэн нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй ба нэхэмжлэгч Х.Оюунбаярт холбогдуулан дараах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан болно. Үүнд:

Зохигчдын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 55,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн Дархан-Уул аймаг Дархан сум 12 дугаар баг 6 дугаар хороолол 24 дүгээр байрны 48 тоот, улсын бүртгэлийн Ү-2003005524 дугаарт бүртгэлтэй 4 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөс Х.Оюунбаярыг хасуулах,

Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасныг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Х.Оюунбаяр, Ж.Сүхцэрэн нарын хооронд байгуулсан 3678, 3679 дугаар бүхий бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах,

Дархан сумын 14 дүгээр баг 2 дугаар хороололд байрлалтай 000452489 тоот эзэмших эрхийн гэрчилгээтэй, хувийн орон сууц барих зориулалттай инженерийн шугам сүлжээнд холбогдсон хашаа барьсан 1505 мкв талбай бүхий газрыг эзэмших эрхийг тэнцүү хуваалгаж 752,5 мкв газрын эзэмшигчээр Ж.Сүхцэрэнг тогтоолгох тухай шаардлагуудыг тус тус гаргажээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Солонго нь зохигч болох Х.Оюунбаяр, Ж.Сүхцэрэн нарт холбогдуулан дундын эд хөрөнгөөс өөрт ноогдох 59,750,000 төгрөгийг гаргуулах, Дархан сумын 14 дүгээр багт байрлах хувийн орон сууц барих зориулалттай газраас өөрт ноогдох хэсгийг гаргуулах тухай шаардлагыг гаргасан.

 

Хэрэгт авагдсан баримтаар

Х.Оюунбаяр, Ж.Сүхцэрэн нар нь 1993 онд танилцан 1995 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулж, тэдний дундаас 1995 оны 12 дугаар сарын 13-ны өдөр охин С.Солонго төрсөн бөгөөд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 403 дугаартай шийдвэрээр “...Ж.Сүхцэрэн, Х.Оюунбаяр нарын гэрлэлтийг цуцлаж, охин С.Солонгийг эх Х.Оюунбаярын асрамжид үлдээж, эцэг Ж.Сүхцэрэнгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр ...” шийдвэрлэсэн ба дээрх 403 дугаартай шийдвэрээр гэрлэгчдийн дундын хөрөнгийн маргааныг шийдвэрлээгүй болно.

            Гэрлэлт цуцласнаас хойших хугацаанд Х.Оюунбаяр, Ж.Сүхцэрэн 2015 оны 08 дугаар сар хүртэл хамтын амьдралтай байсан бөгөөд тэдний дундаас 2009 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр охин С.Наранг төрүүлсэн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

            Х.Оюунбаяр, Ж.Сүхцэрэн нарын дундаас 1995 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин С.Солонго нь 21 настай, 2009 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин С.Наран нь 7 настай болно.

            Зохигч талууд охин С.Нарангийн асрамжийн талаар маргадаг ба Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 378 дугаартай захирамжаар “...охин С.Нарангийн эцэг эх хоёрын тус тусын амьдарч байгаа орчин, нөхцөл, зан байдал, ёс суртахуун нь хүүхдийг хүмүүжүүлэхэд, сурч боловсроход болон хүүхэд амьдрахад таатай ээлтэй орчин байгаа эсэхийг судалж дүгнэлт гаргуулахаар шинжээч томилсон...” бөгөөд  Шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дүгнэлтэд “...С.Нарангийн эцэг эх хоёр нь дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй хүмүүс байна. Эцэг эхийн тус тусын амьдарч буй орчин нь хүүхэд сурч хөгжих, эрүүл аюулгүй орчин нөхцөл боломжийн бүрдсэн байна” гэжээ.

            Охин С.Нарангийн нас, хүйс, өсөж хүмүүжих, амьдрах орчин нөхцөл зэрэг байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин С.Наранг эх Х.Оюунбаярын асрамжинд үлдээж, эцэг Ж.Сүхцэрэнгээс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т  заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.

           

            Зохигчдын хамтран өмчлөх дундын хөрөнгийн талаар:

            Х.Оюунбаяр, Ж.Сүхцэрэн нарын гэрлэсэн байх хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө нь улсын бүртгэлийн Ү-2003005524 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 6 дугаар хороолол 24 дүгээр байрны 18 тоот 50,4 мкв талбайтай 4 өрөө орон сууц, тэдний гэрлэлтээ цуцлуулсанаас хойш, хамтран амьдрах хугацаанд бий болсон хамтран өмчлөх дундын хөрөнгө нь улсын бүртгэлийн Ү-2204043962 дугаартай Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо 13 дугаар хороолол 73-46 тоот 60,28 мкв 2 өрөө орон сууц, Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины гражийн зориулалттай газар эзэмших эрх зэрэг хөрөнгө болох нь хэрэгт авагдсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 2005 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 000167156 дугаартай, 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 000221586 дугаартай гэрчилгээнүүд болон зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

            Зохигч талууд дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн болохыг хүлээн зөвшөөрдөг болно.

            Харин талууд “улсын 9482УНТ дугаартай,Тоёота ланд крузер прадо 120 маркийн  авто машин, Хас банкин дахь Ж.Сүхцэрэн, Ц.Баярмаа нарын  эзэмшлийн 5001624956 тоот хугацаатай хадгаламжин дахь 80,000,000 төгрөг, Дархан сумын 14 дүгээр багт байрлах 3 айлын амины орон сууцны газрын эзэмших эрх” зэрэг хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг гэрлэлт цуцалснаас хойш хамтран амьдрах хугацаанд бий болсон хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн эсэх дээр маргасан болно.

            Улсын 94-82 УНТ дугаартай Тоёота Ланд крузер прадо 120 маркийн авто машин нь 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс хойш одоог хүртэл Ж.Наранцэрэн гэж хүний өмчлөлд байгаа болох нь Автотээврийн үндэсний төвийн лавлагаагаар тогтоогдож байгаа ба Х.Оюунбаяр, Ж.Сүхцэрэн нарын дундын хөрөнгө болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

 

            Хариуцагч Ж.Сүхцэрэн нь Хас банктай 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр “Ундрах” хугацаатай хадгаламжийн гэрээ байгуулан 5001624956 тоот хугацаатай хадгаламжийн данс нээлгэж, хадгаламжийн дансны хамтран эзэмшигчээр Ц.Баярмааг бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан “Ундрах” хугацаатай хадгаламжийн гэрээ болон дансны хуулга зэргээр тогтоогдож байна.

            Нэхэмжлэгч Х.Оюунбаяр нь “...дээрх Хас банкны 5001624956 тоот хугацаат хадгаламжийн дансан дахь 80,000,000 төгрөгийг Ж.Сүхцэрэнтэй хамтран амьдрах хугацаанд бий болсон хөрөнгө ...”гэж тайлбарлан өөрт болон охин С.Наранд оногдох хэсгийг гаргуулахаар шаардлага гаргаж байгаа боловч энэхүү хөрөнгийг бий болгоход Х.Оюунбаяр ямар оролцоотой байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа ба Ж.Сүхцэрэн нь 2015 оны 08 дугаар сараас хойш буюу Х.Оюунбаяраас тусдаа амьдарч байх үедээ  дээрх хадгаламжийн дансыг нээлгэж,  80,000,000 төгрөгийг дансанд байршуулсан байх тул Ж.Сүхцэрэн, Ц.Баярмаа нарын нэр дээрх Хас банкны 5001624956 тоот хугацаат хадгаламжийн дансан дахь 80,000,000 төгрөгийг зохигч талуудын дундаа хамтран өмчлөх хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй байна.

 

            Хариуцагч Ж.Сүхцэрэн нь “Дархан сумын 14 дүгээр баг 2 дугаар хороололд байрлалтай 000452489 тоот эзэмших эрхийн гэрчилгээтэй, хувийн орон сууц барих зориулалттай инженерийн шугам сүлжээнд холбогдсон хашаа барьсан 1505 мкв талбай бүхий газрыг эзэмших эрхийг тэнцүү хуваалгаж 752,5 мкв газрын эзэмшигчээр Ж.Сүхцэрэнг тогтоолгох тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба нэхэмжлэгч Х.Оюунбаяр нь дээрх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, тухайн газрыг эзэмших эрх миний нэр дээр байдаг, хамтран өмчлөх дундын хөрөнгө биш гэж маргасан болно.

 

            Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 000452489 дугаартай гэрчилгээгээр “Х.Оюунбаярт Дархан-Уул аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 427 тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбарын 08054321 дугаар бүхий 1505 /0,15/ мкв газрыг 5 жилийн хугацаатай Дархан сумын 14 дүгээр баг 2 дугаар хороолол амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон” байна.

 

            Ж.Сүхцэрэн, Х.Оюунбаяр нар нь хамтран амьдарч байх хугацаанд Дээрх амины орон сууцны зориулалттай газар эзэмших эрхийг Х.Оюунбаяр авсан, уг газар нь талуудын хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн болох нь хэрэгт авагдсан Түшиг-Уул ХК-ний төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1/15 дугаартай “...Компаний эзэмшилд байгаа 0,4010 мкв /0,4010 га/ хувийн сууцны газраас Хоньхүү овогтой Оюунбаярт 15000 мкв /0,15га/ газрыг шилжүүлж бичиг баримт бүрдүүлж өгөхийг гүйцэтгэх захирал Ж.Батсайханд даалгасан...” шийдвэр, Дархан-Уул аймгийн Дархан сумын Газрын харилцаа, хот байгуулалтын хэлтэст гаргасан Х.Оюунбаярын “...миний нөхөр Ж.Сүхцэрэн нь Түшиг-Уул ХК-д санхүүгийн зөвлөхөөр ажилладаг. Түшиг-Уул ХК-аас миний нөхрийн амины орон сууц барихад дэмжлэг үзүүлж амины орон сууц барих зориулалтын газар олгож байгаа юм. Х.Оюунбаяр миний биеийг уг амины орон сууцны зориулалттай газрын эзэмшигчээр тодорхойлж гэрчилгээг гаргаж өгнө үү” гэсэн өргөдөл, Газар эзэмших эрх шилжүүлэх 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээ, Х.Оюунбаяр нь “Түшиг-Уул ХК-ний захирал Ж.Батсайханд дээрх амины орон сууцны зориулалттай газрын эзэмших эрх шилжүүлэх гэрээний төлбөрийн зориулалтаар 56,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн тухай” 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн мөнгө хүлээлцсэн баримт  зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

 

            Иймд зохигчид нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2003005524 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 6 дугаар хороолол 24 дүгээр байрны 18 тоот 50,4 мкв талбайтай 4 өрөө орон сууц, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болох Ү-2204043962 дугаартай Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо 13 дугаар хороолол 73-46 тоот 60,28 мкв 2 өрөө орон сууц, Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины граж, Дархан сумын 14 дүгээр баг 2 дугаар хороололд байрлах 1505 /0,15/ мкв талбайтай  амины орон сууцны зориулалтаар эзэмших эрхтэй газар зэрэг хөрөнгөөс ноогдох хэсгийг гаргуулахаар шаардлага гаргах эрхтэй.

           

            Нэхэмжлэгчийн гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлага Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т заасан зохицуулалтад, гэрлэлт цуцласнаас хойш хамтын амьдралын хугацаанд бий болсон дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлага нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т заасан зохицуулалтад тус тус хамаарна.

           

Улсын бүртгэлийн Ү-2003005524 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 6 дугаар хороолол 24 дүгээр байрны 18 тоот 50,4 мкв талбайтай 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр Ж.Сүхцэрэн, Х.Оюунбаяр, Ү-2204043962 дугаартай Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо 13 дугаар хороолол 73-46 тоот 60,28 мкв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Ж.Сүхцэрэн, Х.Оюунбаяр, Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины гражийн зориулалттайгаар эзэмших эрхтэй газрын эзэмшигчээр Ж.Сүхцэрэн,  Дархан сумын 14 дүгээр баг 2 дугаар хороололд байрлах 1505 /0,15/ мкв талбайтай  амины орон сууцны зориулалтаар эзэмших эрхтэй газрын эзэмшигчээр Х.Оюунбаяр нар тус  тус бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

             Тус шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 5703 дугаартай захирамжид заасны дагуу шинжээч Капитал зууч ХХК нь шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний талаарх дүгнэлтийг ирүүлсэн ба дүгнэлтэнд “...Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 6 дугаар хороолол 24 дүгээр байрны 18 тоот 50,4 мкв талбайтай 4 өрөө орон сууцны зах зээлийн үнэ 55,000,000 төгрөг, Дархан сумын 12 дугаар баг 6 дугаар хороололд байрлах автомашины гражийн үнэ 5,000,000 төгрөг, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо 13 дугаар хороолол Ногоон төгөл хотхоны 73 дугаар байрны 46 тоот 2 өрөө орон сууцны зах зээлийн үнэ 98,000,000 төгрөг...” гэжээ /хх-198-207/

            Дархан сумын 14 дүгээр баг 2 дугаар хороололд байрлах 1505 /0,15/ мкв талбайтай  амины орон сууцны зориулалттай газар эзэмших эрхийг Х.Оюунбаяр нь Түшиг-Уул ХК-иас 56,000,000 төгрөгөөр авсан тул дээрх газар эзэмших эрхийг 56,000,000 төгрөгийн үнэтэй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Зохигчдын гэрлэлтээ бүртгүүлснээс хойш гэрлэлтийг цуцлах хүртэлх хугацаанд бий болсон хөрөнгийг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн”, 126.2.4-т “гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө” нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө байхаар заажээ.

 

Нэхэмжлэгч Х.Оюунбаяр нь “хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрт болон охин С.Наранд ногдох хэсэг болох 119,500,000 төгрөгөнд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 13 дугаар хороолол 73-46 тоот 2 өрөө орон сууцыг биет байдлаар өөрийн өмчлөлд авч, 46,500,000 төгрөгийг бэлнээр Ж.Сүхцэрэнгээс гаргуулж өгнө үү” гэсэн шаардлагыг гаргасан боловч хариуцагч Ж.Сүхцэрэн нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөггүй, хамтран өмчлөх эд хөрөнгийн талаар маргаж байх тул Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т заасны дагуу шүүх талуудын ногдох хэсгийг болон хэнд ямар хөрөнгө шилжихийг дараах байдлаар тогтоож тодорхойлсон болно.

 

            Иргэний хуулийн 129 дугаар зүйлийн 129.2-т “Гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна” , 130 дугаар зүйлийн 130.3-т “Маргаан гарсан тохиолдолд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг шүүх тогтоох бөгөөд энэ нөхцөлд гэр бүлийн гишүүний хэнд нь ямар хөрөнгө шилжихийг тодорхойлж аль нэг гишүүнд шилжүүлсэн хөрөнгийн үнэ нь түүнд ногдох хэсгээс давсан бол үнийн зөрүүг бусдад нь олгож болно”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д : эцэг, эх “хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах амьдрах эрүүл саруул, аюулгүй  орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай  хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах” үүрэгтэй байхаар тус тус заасныг үндэслэн хүүхдийн эрх ашгийг харгалзан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2003005524 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 6 дугаар хороолол 24 дүгээр байрны 18 тоот 50,4 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг Ж.Сүхцэрэнгийн өмчлөлд үлдээж, орон сууцны үнэ болох 55,000,000 төгрөгийг Ж.Сүхцэрэн, Х.Оюунбаяр, насанд хүрээгүй хүүхэд С.Наран нарт адил тэнцүү хувааж тооцоход хариуцагч Ж.Сүхцэрэнгээс 36,666,666 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Оюунбаярт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Солонгод гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

            Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т “Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно”, 108.8-т “Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй” гэж тус тус заажээ.

            Иймд Зохигч талуудын дундаа хамтран өмчлөх хөрөнгийг дараах байдлаар ногдох хэсгийг гаргуулах нь зүйтэй байна. Үүнд:

1. Х.Оюунбаяр, Ж.Сүхцэрэн нар нь Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо 13 дугаар хороолол 73-46 тоот 60,28 мкв 2 өрөө орон сууцыг худалдан авахын тулд Голомт банкнаас 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 92,000,000 төгрөгийг зээлсэн, тус орон сууц нь банкны барьцаанд байгаа, үлдэгдэл зээлийн өр одоогийн байдлаар 66,963,540 төгрөг байгаа болох нь зохигчдын тайлбар хэрэгт авагдсан дансны хуулга зэргээр тогтоогдож байна.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т заасныг үндэслэн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2204043962 дугаартай Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо 13 дугаар хороолол 73-46 тоот 60,28 мкв 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Х.Оюунбаяр, насанд хүрээгүй хүүхэд С.Наран нарын өмчлөлд үлдээж, орон сууцны үнэ 98,000,000 төгрөгөөс банкны үлдэгдэл өр 66,963,540 төгрөгийг хасаж тооцон, үлдэх 31,036,460 төгрөгийг нийт 3 хүнд хуваан тооцоход нэхэмжлэгч Х.Оюунбаяраас 10,345,486 төгрөгийг гаргуулан Ж.Сүхцэрэнд олгох,

2. Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины гражын зориулалттай газар эзэмших эрхийг Ж.Сүхцэрэнд хэвээр үлдээж, түүний үнэ болох 5,000,000 төгрөгөөс Х.Оюунбаярт ногдох хэсэг 2,500,000 төгрөгийг хариуцагч Ж.Сүхцэрэнгээс гаргуулан нэхэмжлэгч Х.Оюунбаярт олгож,

3. Дархан сумын 14 дүгээр баг 2 дугаар хороололд байрлах 1505 /0,15/ мкв талбайтай  амины орон сууцны зориулалттай газар эзэмших эрхийг Х.Оюунбаярт хэвээр үлдээж, уг газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан үнэ болох 56,000,000 төгрөгөөс Ж.Сүхцэрэнд ногдох хэсэг 28,000,000 төгрөгийг Х.Оюунбаяраас гаргуулан Ж.Сүхцэрэнд олгож тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Солонго нь “Х.Оюунбаяр, Ж.Сүхцэрэн нарын төрсөн охин учир тэдний дундаа хамтран өмчлөх дээрх хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулахаар” шаардлага гаргасан боловч охин С.Солонго нь насанд хүрсэн бөгөөд энэхүү хөрөнгийг бий болгоход оролцсон оролцоо хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул “төрсөн охин” гэдэг үндэслэлээр  түүний гаргасан  шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл байхгүй байна.

Иймд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Солонгийн Х.Оюунбаяр, Ж.Сүхцэрэн нарт холбогдуулан гаргасан дундын эд хөрөнгөөс өөрт ноогдох 59,750,000 төгрөгийг гаргуулах, Дархан сумын 14 дүгээр багт байрлах хувийн орон сууц барих зориулалттай газраас өөрт ноогдох хэсгийг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасныг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Х.Оюунбаяр, Ж.Сүхцэрэн нарын хооронд, Ж.Сүхцэрэн Ц.Сандуйжав нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч Ж.Сүхцэрэн нь Ц.Сандуйжавтай Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр “ бэлэглэгч Ж.Сүхцэрэн нь бэлэг хүлээн авагч Ц.Сандуйжавд Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг 1 дүгээр хороолол 21-78 тоот 39мкв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бэлэг хүлээн авагч талын өмчлөлд хариу төлбөргүйгээр шилжүүлсэн...”  ба Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ц.Сандуйжавд уг орон сууцыг өмчлөх эрхийн 000535938 дугаартай гэрчилгээг олгосон байна.

            2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч Ж.Сүхцэрэн нь Х.Оюунбаяртай Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр “бэлэглэгч Ж.Сүхцэрэн нь бэлэг хүлээн авагч Х.Оюунбаярт Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дугаар баг 6-р хороолол 18-25 тоот 18 мкв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өөрт ногдох хэсгээ бэлэг хүлээн авагч талын өмчлөлд хариу төлбөргүйгээр шилжүүлжээ”.

            Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн гэсэн үндэслэлээр дээрх хоёр бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

            Хариуцагч Ж.Сүхцэрэн нь бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэлээ “...дээрх бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн 2 орон сууцыг Х.Оюунбаярын нэр дээр шилжүүлбэл Х.Оюунбаяр нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 6 дугаар хороолол 24 дүгээр байрны 18 тоот 50,4 мкв талбайтай 4 өрөө орон сууцны өмчлөгчөөс өөрийн нэрийг хасуулахаар тохиролцож эвлэрсэн. Би тохиролцсон ёсоор бэлэглэлийн гэрээ хийж нэр дээр нь шилжүүлсэн боловч Х.Оюунбаяр нь 4 өрөө орон сууцнаас нэрээ хасуулаагүй. Иймд Х.Оюунбаяр нь тохиролцсон тохиролцоондоо хүрээгүй учир дээрх 2 бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү” гэж тайлбарласан боловч хариуцагч тал энэхүү шаардлагатай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хуульд заасан бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

            Мөн хариуцагч Ж.Сүхцэрэн нь дээрх 2 орон сууцыг Х.Оюунбаярт бэлэглэсэн гэж тайлбарлаж байх боловч 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Ж.Сүхцэрэнтэй байгуулсан бэлэглэлийн гэрээний нэг тал нь Ц.Сандуйжав гэж хүн байх ба Ц.Сандуйжавтай холбогдуулан Ж.Сүхцэрэн нь шаардлага гаргаагүй, Ц.Сандуйжав нь уг иргэний хэрэгт зохигч, гуравдагч этгээдээр оролцоогүй болно.

            Иймд хариуцагч Ж.Сүхцэрэнгийн гаргасан 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох зүйтэй байна.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-т зааснаар 2009 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин С.Наранг эх Х.Оюунбаярын асрамжинд үлдээсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2009 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин С.Наранг 11 нас хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн 50 хувиар, 11-16 нас  /сурч байгаа бол 18 нас/ хїртэл тухайн бїс нутагт тогтоогдсон амьжиргааны доод тївшингийн хэмжээгээр, эцэг Ж.Сүхцэрэнгээс сар бїр хїїхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгїїлсїгэй.

 

3. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8, 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3, Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т заасныг баримтлан улсын бүртгэлийн Ү-2003005524 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 6 дугаар хороолол 24 дүгээр байрны 18 тоот 50,4 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг Ж.Сүхцэрэнгийн өмчлөлд үлдээж, хариуцагч Ж.Сүхцэрэнгээс 36,666,666 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Оюунбаярт ,

- Улсын бүртгэлийн Ү-2204043962 дугаартай Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо 13 дугаар хороолол 73-46 тоот 60,28 мкв 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Х.Оюунбаярын өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч Х.Оюунбаяраас 10,345,486 төгрөгийг гаргуулан Ж.Сүхцэрэнд,

- Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины гражийг Ж.Сүхцэрэнгийн өмчлөлд хэвээр үлдээж, хариуцагч Ж.Сүхцэрэнгээс ногдох хэсэг 2,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Оюунбаярт ,

- Дархан сумын 14 дүгээр баг 2 дугаар хороололд байрлах 1505 /0,15/ мкв талбайтай  амины орон сууцны зориулалттайгаар газар эзэмших эрхийг Х.Оюунбаярт хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.Оюунбаяраас 28,000,000 төгрөгийг гаргуулан Ж.Сүхцэрэнд тус тус олгож , нэхэмжлэгч Х.Оюунбаярын “Улсын 94-82 УНТ дугаартай Тоёота Ланд крузер прадо 120 маркийн авто машин болон Хас банкны 5001624956 тоот хугацаатай хадгаламжийн дансан дахь 80,000,000 төгрөгийн хадгаламжаас ногдох хэсэг гаргуулах тухай” шаардлагыг, хариуцагч Ж.Сүхцэрэнгийн “1505 /0,15/ мкв талбайтай  амины орон сууцны зориулалтаар газар эзэмших эрхийг хуваах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг , бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Солонгийн “дундын эд хөрөнгөөс өөрт ноогдох 59,750,000 төгрөгийг гаргуулах, Дархан сумын 14 дүгээр багт байрлах хувийн орон сууц барих зориулалттай газраас өөрт ноогдох хэсгийг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т заасныг баримтлан хариуцагч Ж.Сүхцэрэнгийн “бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Оюунбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,124,400 төгрөгийг, хариуцагч Ж.Сүхцэрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 573,350 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Сүхцэрэнгээс улсын тэмдэгтийн хураамж 353,783 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Оюунбаярт олгож, нэхэмжлэгч Х.Оюунбаяраас улсын тэмдэгтийн хураамж 349,677 төгрөгийг гаргуулж хариуцагч Ж.Сүхцэрэнд олгож, нэг жилийн хугацаанд тогтмол төлөгдөх тэтгэлэгийн үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамж 23,430 төгрөгийг хариуцагч Ж.Сүхцэрэнгээс гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

 

   6. Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 3804 дугаартай, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1147 дугаартай  “Хүсэлт шийдвэрлэх тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгосныг дурдсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      З.ТУНГАЛАГМАА

 

                 ШҮҮГЧИД                                      Ч.БАТЧИМЭГ

 

                                                                        М.ОЮУНЦЭЦЭГ