Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 142

 

Х.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/00937/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 798 дугаар шийдвэртэй,

          Нэхэмжлэгч У- овогтой Х-гийн О-ын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч Б- овогтой Ж-ын С-д холбогдох

          “Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах” үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

           “Хамтран өмчлөгчөөс Х.О-ыг хасуулах, бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, газрын эзэмшигчээр Ж.С-г тогтоолгох тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай,

          Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Солонгийн “дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болон орон сууц бариулах зориулалттай газраас өөрт ногдох хэсгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.О-, түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Х.О-аас:

Миний бие анх 1995 онд Ж.С-тэй гэр бүл болсон. 2006 оны 04 дүгээр сарын 26-ны   Дархан-Уул аймгийн   Сум  дундын   403  дугаар   шүүхийн    шийдвэрээр

Х.О-, Ж.С- бид гэрлэлтээ цуцлуулж охин С.Солонгыг эх миний асрамжинд үлдээж шийдвэрлэсэн. Тухайн үед бидний дундын өмчийн маргааныг хянан шийдвэрлээгүй. Гэрлэлтээ цуцлуулсныхаа дараа буюу 2006 оны 06 дугаар сард бид эвлэрч 2015 оны 08 сарын 15-ныг хүртэл хамт амьдарцгаасан. 2009 онд бага охин С.Наранг төрүүлсэн. Ж.С- нь намайг үндэслэлгүйгээр хардаж Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, 24-48 тоот 4 өрөө орон сууцнаасаа намайг, том охин С.Солонгыг Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хорооллын 73-46 тоот 2 өрөө орон сууцнаасаа хөөж биднийг сэтгэл санаа, санхүүгийн хувьд одоог хүртэл дарамт үзүүлж байгаа. Ж.С- нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг, 24-48 тоот 4 өрөө орон сууцандаа охин С.Солонго Улаанбаатар хотод түрээсийн байранд би өөрийн эхийн байранд амьдарцгааж байгаа болно. Бидний хамтын амьдралын хугацаанд дараах хөрөнгүүд бий болсон. Дархан-Уул аймгийн Дархан сум 12 дугаар баг, 24-48 тоот 50,4 мкв 4 өрөө орон сууц 55.000.000 төгрөг, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 73-46 тоот 60,28 мкв 2 өрөө орон сууц 73.000.000 төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сум, 12 дугаар баг, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины гараж 6.000.000 төгрөг, Тоёото Ланд крузер прадо 120 маркийн саарал өнгийн авто машин 25.000.000 төгрөг, Хас банкин дахь Ж.С-гийн нэр дээрх 5001624956 тоот хадгаламжийн 80.000.000 төгрөг нийт 239.000.000 төгрөгийн дундын өмч байна. Бага охин С- овогтой Наранг өөрийн асрамжиндаа авч тэтгэмж тогтоолгох, дундын өмч болох 239.000.000 төгрөгийн эд хөрөнгөөс охин С.Наран болон надад ногдох хэсэг 59.750.000*2=119.500.000 төгрөгөнд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 13 дугаар хороолол 73-46 тоот 2 өрөө орон сууцыг биет байдлаар өөрийн өмчлөлд авч, 46.500.000 төгрөгийг бэлнээр Ж.С-гээс гаргуулах, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 13 дугаар хороолол 73-46 тоот 2 өрөө орон сууцны өмчлөлөөс Ж.С-г хасуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.С-гээс:

Миний бие Х.О-тай 2005 онд албан ёсоор бүртгүүлж гэр бүл болсон. Бид 2006 онд шүүхээр гэр бүлээ цуцлуулсан боловч эвлэрч цааш хамтран амьдарч байгаад 2015 оны 5-р сард бидний үүссэн маргаанаас үүдэлтэйгээр одоог хүртэл тус тусдаа амьдарч байгаа. Энэ хугацаанд 1995 онд охин Солонго, 2009 онд охин Наран нар маань төрсөн. Тус тусдаа амьдрах болсон шалтгаан нь Х.О-  миний итгэлийг алдаж худал хэлж, хууран мэхэлснээс үүдэлтэй. Том охин Солонго Улаанбаатар хотод оюутан тул Улаанбаатар хотод, бага охин Наран 2015 оны 10-р сараас хойш одоог хүртэл надтай байнга хамт амьдарч байна. Миний бие охин Нарантайгаа ямар харилцаатай байдаг болон охин бид 2-ыг хэрхэн яаж амьдарч байгааг гэрчлэх хүмүүс манай талаас ч О-ын талаас ч аль алинд нь бий. Мөн бидний амьдарч байгаа байрны оршин суугчид болон сургуулийн анги удирдсан багшаас нь ч асууж тодруулах боломжтой. Бага охин Нарангийнхаа хичээл сурлага, эрүүл мэнд, хоол унд гээд бүхий л зүйлийг миний бие бүрэн дүүрэн хангаж, охиноо сайн харж халамжилж чадаж байгаа гэж боддог. Тиймдээ ч охин маань надаас холдохгүй байнга хамт байдаг. Цаашид ч миний бие охин Нарангаа бүрэн дүүрэн асран хамгаалж халамжлан хүмүүжүүлж чадна гэдэгт өөртөө итгэдэг. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа хадгаламжийн дансан дахь мөнгөн хөрөнгө нь бидний дундын өмчлөлийн хөрөнгө биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч Х.О- нь нэхэмжлэлдээ бидний дундын өмчлөлд байдаг Ү-2003007084 улсын дугаар бүхий 3 өрөө орон сууц,Ү-2003007084 улсын бүртгэлийн дугаар бүхий 1 өрөө орон сууц гэрчилгээний дугаар 000452489 бүхий Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтын эзэмшлийн газар зэргийг оруулалгүй орхисон байна. Миний бие маргаантай асуудлаа Х.О-тай ярилцаж эвээр шийдэхээр 2015 оны 12 дугаар сард Дархан сумын сум дундын иргэний шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан. Эвлэрүүлэн зуучлагчтай хийсэн уулзалт дээр Х.О- нь " Би Ж.С-гээс бүх хөрөнгөө бэлэн мөнгөөр гаргуулж авна" гэж хэлээд уулзалтыг орхиж гарсан. Ийнхүү шүүхийн эвлэрүүлэн зуучлагчаар асуудлаа шийдвэрлүүлэх боломжгүй болсон. Би Х.О-т хандан 2-лаа бүх хөрөнгөө худалдаж бэлэн мөнгө болгоод хувааж авъя гэж ч бас хэлж байсан. Бас л зөвшөөрөөгүй. Дундын өмчийн хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 73 дугаар байрны 46 тоот 2 өрөө орон сууц дурдагдсан байгаа бөгөөд энэхүү орон сууц Голомт банкны барьцаанд 15 жилийн хугацаатай байгаа болно. Цаашид зээлийг Х.О- би ганцаар үргэжлүүлэн төлөхөөр Голомт банктай тохиролцож зээлийг би үргэжлүүлэн төлж байгаа тул байрны өмчлөлөөс Ж.С-г хасуулахаар шаардлагаар нэмэгдүүлсэн байна. Миний бие уг байрыг худалдан авсан урьдчилгаа төлбөр болон 2012 оны 10 сараас 2016 оны 12 сарыг дуусталхи хугацаанд Голомт банкнаас авсан зээл хүүгийн төлбөрт нийт 73 сая гаруй төгрөгийг төлсөн байгаа ба энэхүү төлбөрийг Х.О-аас надад буцаан олгосон тохиолдолд уг байрны өмчлөгчөөс татгалзах боломжтой гэжээ.

Хариуцагч Ж.С- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 55.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 24 дүгээр байрны 48 тоот улсын бүртгэлийн Ү-2003005524 дугаарт бүртгэлтэй 4 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөс Х-гийн О-ыг хасуулах, Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар хороололд байрлах амины орон сууцны зориулалт бүхий гурван айлын буюу 1505 м/кв газрыг хамтран амьдрах хугацаандаа бий болгосон тус эзэмшлийн газрыг тэнцүү хуваан эзэмшихээр нэхэмжилж байна гэжээ. 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Солонгоос:

Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, 24 дүгээр байр 48 тоот, 4 өрөө байр 55.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хорооллын 73 дугаар байрны 46 тоот 2 өрөө орон сууц 98.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн, Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар багт байрлах 6.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн автомашины гараж, тоёото ланд крузер прадо 120 маркийн авто машин 25.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн, хадгаламж дахь 80.000.000 төгрөг зэрэг хөрөнгө болон хадгаламжаас өөрт ногдох хэсэг болох 59.750.000 төгрөгийг Х.О-, Ж.С- нараас гаргуулах, мөн Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 2 дугаар хороололд байрлах амины орон сууцны барих зориулалттай 1505 м/кв газрыг хуваан эзэмших шаардлагуудыг гаргаж байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 798 дугаар шийдвэрээр:

            Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-т зааснаар 2009 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин С.Наранг эх Х.О-ын асрамжинд үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2009 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин С.Наранг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /сурч байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, эцэг Ж.С-гээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлж,

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8, 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3, Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т заасныг баримтлан

- улсын бүртгэлийн Ү-2003005524 дугаартай, Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 6 дугаар хороолол 24 дүгээр байрны 18 тоот 50,4 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг Ж.С-гийн өмчлөлд үлдээж, хариуцагч Ж.С-гээс 36.666.666 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.О-т,

- Улсын бүртгэлийн Ү-2204043962 дугаартай Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо 13 дугаар хороолол 73-46 тоот 60,28 м.кв 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Х.О-ын өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч Х.О-аас 10.345.486 төгрөгийг гаргуулан Ж.С-д,

- Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины гражийг Ж.С-гийн өмчлөлд хэвээр үлдээж, хариуцагч Ж.С-гээс 2.500.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.О-т,

- Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар хороололд байрлах 1505 /0,15/ м.кв талбайтай амины орон сууцны зориулалттайгаар газар эзэмших эрхийг Х.О-т хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.О-аас 28.000.000 төгрөгийг гаргуулан Ж.С-д тус тус олгож,

нэхэмжлэгч Х.О-ын улсын 94-82 УНТ дугаартай Тоёота Ланд крузер прадо 120 маркийн авто машин болон Хас банкны 5001624956 тоот хугацаатай хадгаламжийн дансан дахь 80.000.000 төгрөгийн хадгаламжаас ногдох хэсэг гаргуулах тухай шаардлагыг, хариуцагч Ж.С-гийн 1505 /0,15/ м.кв талбайтай амины орон сууцны зориулалтаар газар эзэмших эрхийг хуваах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Солонгийн дундын эд хөрөнгөөс өөрт ноогдох 59.750.000 төгрөгийг гаргуулах, Дархан сумын 14 дүгээр багт байрлах хувийн орон сууц барих зориулалттай газраас өөрт ноогдох хэсгийг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.С-гийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.О-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.124.400 төгрөгийг, хариуцагч Ж.С-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 573.350 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.С-гээс улсын тэмдэгтийн хураамж 353.783 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.О-т олгож, нэхэмжлэгч Х.О-аас улсын тэмдэгтийн хураамж 349.677 төгрөгийг гаргуулж хариуцагч Ж.С-д олгож, нэг жилийн хугацаанд тогтмол төлөгдөх тэтгэлгийн үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамж 23.430 төгрөгийг хариуцагч Ж.С-гээс гаргуулж төрийн сангийн орлогод оруулж,

Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 3804 дугаартай, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1147 дугаартай хүсэлт шийдвэрлэх тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосныг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа давж заалдсан гомдолдоо:

            Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг эс зөвшөөрч байна. Шинжээчийн дүгнэлтээр талуудын аль аль нь хүүхэд амьдрах таатай орчин нөхцөл бүрдүүлсэн гэж дүгнэсэн байхад шүүх хэт нэг талыг баримталж 7 настай охин С.Наранг эхийх нь асрамжинд үлдээсэн ба энэ талаар ямар нэгэн дүгнэлт гаргаагүй. Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт байрлах 2 өрөө орон сууц, Дархан-Уул аймагт байрлах авто машины гараж нь гэрлэлт дуусгавар болсноос хойш бий болсон хөрөнгө тул гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнд хамаарахгүй хөрөнгө юм. Гэтэл шүүх уг эд хөрөнгийг хуваахдаа хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө гуравдагч этгээдийн барьцаанд байхад шүүх гуравдагч этгээдэд мэдэгдэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 7 настай охин С.Наранг Эцэг Ж.С-гийн асрамжинд үлдээж, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэгт байрлах 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч Х.О-аас 10.345.486 төгрөгийг гаргуулж Ж.С-д олгож, автомашины гаражийг Ж.С-гийн өмчлөлд хэвээр үлдээж, Ж.С-гээс ногдох хэсэг 2.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.О-т олгосон хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Х.О- нь хариуцагч Ж.С-д холбогдуулан охин С.Наранг өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, 239.000.000 төгрөгийн үнэ бүхий дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон охин С.Наранд ногдох 119.500.000 төгрөгөнд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 13 дугаар хороолол 73-46 тоот 2 өрөө орон сууцыг биет байдлаар өөрийн өмчлөлд авч, 46.500.000 төгрөгийг бэлнээр Ж.С-гээс гаргуулах, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 13 дугаар хороолол 73-46 тоот 2 өрөө орон сууцны өмчлөлөөс Ж.С-г хасуулах, Дархан сумын 14 дүгээр багт байрлах 3 айлын амины орон сууцны газрын эзэмшилд охин С.Нарангийн хамт оролцон бичүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан боловч шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч тал Дархан сумын 14 дүгээр багт байрлах 3 айлын амины орон сууцны газрын эзэмшилд охин С.Нарангийн хамт оролцон бичүүлэх тухай шаардлагыг гаргаагүй, харин ...уг амины орон сууцны газрыг өөрийн эзэмшлийн газар, дундын эд хөрөнгө биш... гэсэн тайлбарыг гаргаж маргасан болно.

Хариуцагч Ж.С- нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй ба нэхэмжлэгч Х.О-т холбогдуулан дараах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан болно. Үүнд:

Зохигчдын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 55.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн Дархан-Уул аймаг Дархан сум 12 дугаар баг 6 дугаар хороолол 24 дүгээр байрны 48 тоот, улсын бүртгэлийн Ү-2003005524 дугаарт бүртгэлтэй 4 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөс Х.О-ыг хасуулах,

Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасныг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Х.О-, Ж.С- нарын хооронд байгуулсан 3678, 3679 дугаар бүхий бэлэглэлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах,

Дархан сумын 14 дүгээр баг 2 дугаар хороололд байрлалтай 000452489 тоот эзэмших эрхийн гэрчилгээтэй, хувийн орон сууц барих зориулалттай инженерийн шугам сүлжээнд холбогдсон хашаа барьсан 1505 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрхийг тэнцүү хуваалгаж 752,5 м.кв газрын эзэмшигчээр Ж.С-г тогтоолгох тухай шаардлагуудыг тус тус гаргажээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Солонго нь зохигч болох Х.О-, Ж.С- нарт холбогдуулан дундын эд хөрөнгөөс өөрт ногдох 59.750.000 төгрөгийг, Дархан сумын 14 дүгээр багт байрлах хувийн орон сууц барих зориулалттай газраас өөрт ноогдох хэсгийг гаргуулах тухай шаардлагыг гаргасан.

Хэргийн үйл баримтыг судлан үзэхэд Х.О-, Ж.С- нар нь 1993 онд танилцан 1995 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулж, тэдний дундаас 1995 оны 12 дугаар сарын 13-ны өдөр охин С.Солонго төрсөн бөгөөд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 403 дугаартай шийдвэрээр ...Ж.С-, Х.О- нарын гэрлэлтийг цуцлаж, охин С.Солонгийг эх Х.О-ын асрамжид үлдээж, эцэг Ж.С-гээс хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр ... шийдвэрлэсэн ба дээрх 403 дугаартай шийдвэрээр гэрлэгчдийн дундын хөрөнгийн маргааныг шийдвэрлээгүй байна.

Гэрлэлт цуцласнаас хойшхи хугацаанд Х.О-, Ж.С- нар нь 2015 оны 08 дугаар сар хүртэл хамтын амьдралтай байсан бөгөөд тэдний дундаас 2009 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр охин С.Наранг төрүүлсэн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Х.О-, Ж.С- нарын дундаас 1995 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин С.Солонго нь 21 настай, 2009 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин С.Наран нь 7 настай.

Зохигч талууд охин С.Нарангийн асрамжийн талаар маргадаг ба шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дүгнэлтэд ... эцэг эхийн тус тусын амьдарч буй орчин нь хүүхэд сурч хөгжих, эрүүл аюулгүй орчин нөхцөл боломжийн бүрдсэн байна гэжээ.

Х.О-, Ж.С- нарын гэрлэсэн байх хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө нь улсын бүртгэлийн Ү-2003005524 дугаарт бүртгэлтэй, Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 6 дугаар хороолол 24 дүгээр байрны 18 тоот 50,4 мкв талбайтай 4 өрөө орон сууц, тэдний гэрлэлтээ цуцлуулсанаас хойш, хамтран амьдрах хугацаанд бий болсон хамтран өмчлөх дундын хөрөнгө нь улсын бүртгэлийн Ү-2204043962 дугаартай Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо 13 дугаар хороолол 73-46 тоот 60,28 мкв 2 өрөө орон сууц, Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины гражийн зориулалттай газар эзэмших эрх зэрэг хөрөнгө болох нь хэрэгт авагдсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 2005 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 000167156 дугаартай, 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 000221586 дугаартай гэрчилгээнүүд болон зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон ба зохигчид дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн болохыг хүлээн зөвшөөрдөг болно.

Харин талууд улсын 9482УНТ дугаартай,Тоёота ланд крузер прадо 120 маркийн авто машин, Хас банкин дахь Ж.С-, Ц.Баярмаа нарын эзэмшлийн 5001624956 тоот хугацаатай хадгаламжин дахь 80.000.000 төгрөг, Дархан сумын 14 дүгээр багт байрлах 3 айлын амины орон сууцны газрын эзэмших эрх зэрэг хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг гэрлэлт цуцалснаас хойш хамтран амьдрах хугацаанд бий болсон хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн эсэх талаар маргажээ.

Улсын 94-82 УНТ дугаартай Тоёота Ланд крузер прадо 120 маркийн авто машин нь 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс хойш одоог хүртэл Ж.Наранцэрэн гэж хүний өмчлөлд байгаа болох нь Автотээврийн үндэсний төвийн лавлагаагаар тогтоогдож байгаа ба Х.О-, Ж.С- нарын дундын хөрөнгө болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

Хариуцагч Ж.С- нь Хас банктай 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Ундрах хугацаатай хадгаламжийн гэрээ байгуулан 5001624956 тоот хугацаатай хадгаламжийн данс нээлгэж, хадгаламжийн дансны хамтран эзэмшигчээр Ц.Баярмааг бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан Ундрах хугацаатай хадгаламжийн гэрээ болон дансны хуулга зэргээр тогтоогдож байна.

Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 000452489 дугаартай гэрчилгээгээр Х.О-т Дархан-Уул аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 427 тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбарын 08054321 дугаар бүхий 1505 /0,15/ м.кв газрыг 5 жилийн хугацаатай Дархан сумын 14 дүгээр баг 2 дугаар хороолол амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон байна.

Ж.С-, Х.О- нар нь хамтран амьдарч байх хугацаанд дээрх амины орон сууцны зориулалттай газар эзэмших эрхийг Х.О- авсан, уг газар нь талуудын хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн болох нь хэрэгт авагдсан “Түшиг-Уул” ХК-ний төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1/15 дугаартай ...Компаний эзэмшилд байгаа 0,4010 м.кв /0,4010 га/ хувийн сууцны газраас Х- овогтой О-т 15000 м.кв /0,15га/ газрыг шилжүүлж бичиг баримт бүрдүүлж өгөхийг гүйцэтгэх захирал Ж.Батсайханд даалгасан... шийдвэр, Дархан-Уул аймгийн Дархан сумын Газрын харилцаа, хот байгуулалтын хэлтэст гаргасан Х.О-ын ...миний нөхөр Ж.С- нь “Түшиг-Уул” ХК-д санхүүгийн зөвлөхөөр ажилладаг. “Түшиг-Уул” ХК-аас миний нөхрийн амины орон сууц барихад дэмжлэг үзүүлж амины орон сууц барих зориулалтын газар олгож байгаа юм. Х.О-ын уг амины орон сууцны зориулалттай газрын эзэмшигчээр тодорхойлж гэрчилгээг гаргаж өгнө үү гэсэн өргөдөл, газар эзэмших эрх шилжүүлэх 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээ, Х.О- нь “Түшиг-Уул” ХК-ний захирал Ж.Батсайханд дээрх амины орон сууцны зориулалттай газрын эзэмших эрх шилжүүлэх гэрээний төлбөрийн зориулалтаар 56.000.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн тухай 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн мөнгө хүлээлцсэн баримт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Сөрөг нэхэмжлэл болон бие даасан шаардлагыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй байх тул энэ талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 6 дугаар хороолол 24 дүгээр байрны 18 тоот 50,4 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө тул Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т заасан зохицуулалтад, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо 13 дугаар хороолол 73-46 тоот 60,28 м.кв 2 өрөө орон сууц, Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины граж, Дархан сумын 14 дүгээр баг 2 дугаар хороололд байрлах 1505 /0,15/ м.кв талбайтай амины орон сууцны зориулалтаар эзэмших эрхтэй газар зэрэг нь дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болох учир  Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д заасан зохицуулалтад тус тус хамаарна.

 

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн, 126.2.4-т гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө байхаар заажээ.

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно, 108.8-т Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тус тус заасан байна.

Шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлтэнд ... Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо 13 дугаар хороолол Ногоон төгөл хотхоны 73 дугаар байрны 46 тоот 2 өрөө орон сууцны зах зээлийн үнэ 98.000.000 төгрөг... гэжээ.

Дээрх байдлаас дүгнэхэд Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо 13 дугаар хороолол 73-46 тоот 60,28 м.кв 2 өрөө орон сууц нь Х.О-, Ж.С- нарын  дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө мөн тул эдгээр нь адил тэнцүү өмчлөх эрхтэй болно.

Иймд дээрх орон сууцыг нэхэмжлэгч Х.О-ын өмчлөлд үлдээж, тус орон сууцны үнэлгээ 98.000.000 төгрөг болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул 49.000.000 төгрөгийг Х.О-аас гаргуулж Ж.С-д олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 798 дугаар шийдвэрийн 3 дахь заалтын:

“Улсын бүртгэлийн Ү-2204043962 дугаартай Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо 13 дугаар хороолол 73-46 тоот 60,28 м.кв 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Х.О-ын өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч Х.О-аас 10.345.486 төгрөгийг гаргуулан Ж.С-д олгож” гэснийг  “Улсын бүртгэлийн Ү-2204043962 дугаартай Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо 13 дугаар хороолол 73-46 тоот 60,28 м.кв 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Х.О-ын өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч Х.О-аас 49.000.000 төгрөгийг гаргуулан Ж.С-д олгож” гэж,

5 дахь заалтын:

“...нэхэмжлэгч Х.О-аас улсын тэмдэгтийн хураамж 349.677 төгрөгийг гаргуулж хариуцагч Ж.С-д олгож” гэснийг “...нэхэмжлэгч Х.О-аас улсын тэмдэгтийн хураамж 542.950 төгрөгийг гаргуулж хариуцагч Ж.С-д олгож”  гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 312.842 төгрөгийг шүүгчийн захирамжаар гаргуулж, хариуцагчид буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

                                             

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ЭНХЖАРГАЛ

                                      ШҮҮГЧИД                                                Л.АМАРСАНАА

                                                                                                       С.ОЮУНЦЭЦЭГ