Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2020/00061

 

 “Х Б С К”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2019/00176 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 560 дугаар магадлалтай,

“Х Б С К”ХХК-ний нэхэмжлэлтэй

“Т Ч”ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 31 132 300 төгрөг, алданги 4 669 845 төгрөг, нийт 35 802 145 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч “Т Ч”ХХК нь нэхэмжлэгчээс 3 837 967 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэний гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Сарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т Ч”ХХК-тай 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьж буй Багц-9 төслийн 2 дугаар ээлжийн орон сууцны барилгын 8-11 дүгээр давхрын дотор, гадна өрлөг мөн шаврын ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Гэрээгээр гүйцэтгэсэн ажлуудыг захиалагч “Т Ч”ХХК-д хүлээлгэж өгсөн. Захиалагч нь төлбөл зохих 63 966 120 төгрөгөөс 31 733 129 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл буюу төлбөрөөс ажил гүйцэтгэлийн баталгаа 1 010 691 төгрөг, багажны 90 000 төгрөгийг хасч тооцоход 31 132 300 төгрөгийг төлөөгүй байгаа тул гэрээний 6.2-т зааснаар алданги 4 669 845 төгрөг, нийт 35 802 145 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х Б С К”ХХК-тай өөрийн барьж буй Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Багц-9 төслийн 2 дугаар ээлжийн барилгад Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан дотор, гадна өрлөг, шаврын ажил хийлгэхээр тохиролцсон. Уг гэрээний дагуу “Х Б С К”ХХК нь БНАСАУ-ын иргэдээр ажил гүйцэтгүүлж байсан боловч гэрээ байгуулснаас хойш буюу 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр тус компанийн нэр дээр ажиллаж байсан гадаад иргэдийн визийг сунгах эсэхтэй холбоотойгоор ажлаа бүрэн гүйцэтгэхгүй, манай компанийн графикт төлөвлөгөө бүхий ажлыг удаашруулсан. Гэрээний 5.1.F-д заасны дагуу гүйцэтгэгч тал 30-35 ажилтан тогтмол ажиллуулах үүрэгтэй, гүйцэтгэсэн гэх ажил нь нийт 13 333 цагийн ажил бөгөөд үүнийг 35 ажилтан, өдөрт 13 цагаар гүйцэтгэсэн гэвэл 29 өдөрт гүйцэтгэсэн ажил байна. Гадаад ажилтнууд нь манай барилгын талбайд 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр байрлаж 25-ны өдрөөс ажлаа эхэлсэн бөгөөд мөн оны 8 дугаар сарын 05-ны өдөр явсан. Энэ хугацаанд нийт 41 өдөр ажилласан гэх боловч үнэндээ 29 өдөр л гүйцэтгэл хийсэн, үлдсэн 12 өдөрт нь виз сунгахтай холбоотой сул зогссон. Гэрээний 6.3-т зааснаар нэхэмжлэгч компанийн гүйцэтгэлийн үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувиар, 12 хоногийн алданги тооцож 3 837 967 төгрөгийг “Х Б С К”ХХК-иас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч “Т Ч”ХХК-ийн 3 837 967 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Нийт 13 333 цагийн ажил бөгөөд үүнийг 35 ажилтан, өдөрт 13 цагаар гүйцэтгэвэл 29 өдөрт гүйцэтгэсэн гэж алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Гэрээнд хүн цагаар тооцно гэж тохироогүй бөгөөд 35 ажилтан ажиллаж байсан. Талууд дээрх ажлыг улсын комисс хүлээн авах үед дуусгахаар тохиролцсон бөгөөд одоо ч улсын комисс хүлээн аваагүй. Бид гэрээнд заасан ажлаа гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгсөн. Мөн нэмэлт ажил хийж өгсөн гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2019/00176 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т Ч”ХХК-иас 35 802 145 /гучин таван сая найман зуун хоёр мянга нэг зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х Б С К”ХХК-д олгож, хариуцагч “Т Ч”ХХК-ийн 3 837 967 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 336 961 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т Ч”ХХК-иас 336 961 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х Б С К”ХХК-д олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 560 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2019/00176 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Т Ч”ХХК давж заалдах журмаар гомдол гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 414 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ хяналтын гомдолдоо: шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараахь үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг тал бүрээс нь үнэлж дүгнэлгүй хэт нэг талыг баримтлан нэхэмжлэгч талд ашигтайгаар тухайн иргэний хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тухайлбал, хариуцагч талаас “Ханбогд сити констракшн” ХХК-ийг барилгын ажлыг гүйцэтгэхдээ гэрээнд заасан 30-35 ажилтанг тогтмол ажиллуулаагүй болохыг тодорхой баримттай тайлбарлаж тэдгээрийн ажилласан цаг болон гүйцэтгэсэн ажлыг үндэслэн үндсэн нэхэмжлэлээс татгалзаж буй татгалзал, сөрөг нэхэмжлэлээ тайлбарлахад анхан шатны шүүх энэхүү тайлбар үндэслэлийг тодруулж шалгалгүй нэхэмжлэгч талд ашигтайгаар хэргийг шийдвэрлэсэн. Мөн нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн үндэслэл болгосон гүйцэтгэсэн ажлаа зохих ёсоор нотлоогүй байхад тухайн ажлыг гүйцэтгэсэн мэтээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэргийг тал бүрээс нь бодитой хянан шийдвэрлэх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Энэхүү хуулийн шаардлагыг давж заалдах шатны шүүх мөн зөрчиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэнд гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлал болон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Х Б С К”ХХК нь хариуцагч “Т Ч”ХХК-д холбогдуулан ажлын хөлс 35 802 145 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...алданги 3 837 967 төгрөг гаргуулах...” сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй...” гэх үндэслэлээр, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүссэн гомдлыг хяналтын журмаар гаргасан байна.

Шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэлийн үндэслэл болох зохигч талуудын байгуулсан 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн гэрээг ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийг зөрчөөгүй, шүүх гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээгээр хүлээсэн талуудын үүрэг, хариуцагчийн биелүүлэх үүргийн хэмжээг хэрэгт байгаа баримтад тулгуурлан үндэслэлтэй дүгнэжээ.

“Х Б С К”ХХК гэрээний зүйл болох Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд баригдаж буй Багц-9 төслийн 2 дугаар ээлжийн орон сууцны барилгын 8-11 дүгээр давхрын өрлөг, шаврын ажлыг гүйцэтгэж, 2 удаа 10 166 910 төгрөгийн үнэ дүн бүхий ажлын гүйцэтгэлийг “Т Ч”ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Өнөрзул, инженер Э.Пүрэвдагва, ХАБЭА инженер Ц.Энхбаатар нарт, 2018 оны 08 сарын 04-ний өдөр 43 632 300 төгрөгийн ажлын гүйцэтгэлийг инженер Э.Пүрэвдагвад хүлээлгэн өгсөн, гэрээний үүргээ биелүүлсэн талаарх шүүхийн дүгнэлт уг баримтад тулгуурласан байна.

Хариуцагч нь “...гүйцэтгэгч тал 30-35 ажилтан тогтмол ажиллуулах үүрэгтэй. Ажлыг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс гүйцэтгэж эхэлсэн бөгөөд 8 дугаар сарын 05-ны өдөр гадаад ажилчид нь явсан. Нийт 41 өдөр ажилласан гэх боловч 29 өдөр гүйцэтгэл хийж, үлдсэн 12 хоногт сул зогссон...” гэж татгалзаж, үлдэх ажлыг өөр этгээдээр гүйцэтгүүлсэн гэх баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч “Х Б С К”ХХК-иас ажлын үр дүнг хүлээн авсан үйл  баримтыг үгүйсгэж чадаагүй байна. Ажлын үр дүн бий болсон байхад хэдэн хүн, хичнээн цагаар ажилласан нь ач холбогдолгүй юм. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэл муутай байна.

Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэсэн бол захиалагч хэлэлцэн тохирсон ажлын хөлсийг төлөх үүрэгтэй. “Х Б С К”ХХК гэрээний үүргээ зөрчөөгүй, хугацаа хэтрүүлээгүй тул алданги төлөх үүрэггүй байна.

Шүүх нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1, 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр   сарын 23-ны өдрийн 182/ШШ2019/00176 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 560 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 414 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Х.СОНИНБАЯР

    ШҮҮГЧ                                                                        П.ЗОЛЗАЯА