Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 536

 

 

Нэхэмжлэгч Д.Дэлгэрбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Миний бие нь 2012 оноос хойш Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирлаар хуулийн дагуу томилогдон ажиллаж байсан. Гэтэл Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/99 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” гэх захирамж гаргаж намайг ажлаас чөлөөлсөн. Миний бие нь тус Б/99 дугаар захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлэгдэж байгаа ба одоогоор Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд хариуцагчийн давж заалдах гомдлоор хянагдаж байгаа болно.

Гэтэл өмнөх маргаан шүүхээр шийдвэрлэгдээгүй байхад Засаг дарга С.Насанбат дахин 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Б/129 дугаартай захирамж гаргаж ямар ч үндэслэлгүйгээр Д.Дэлгэрбаяр намайг албан ёсоор аваагүй ажлаас минь дахин халах шийдвэр гаргасан болохыг миний бие 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр албан ёсоор мэдэж, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсээс гардаж авсан болно. Тус захирамжийн үндэслэл болсон хуулийн заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3 гэх заалт байгаа бөгөөд ажилаасаа халагдаад тус шийдвэрийг эс зөвшөөрч шүүхийн байгууллагаар маргаанаа шийдвэрлүүлж байгаа миний хувьд сахилгын зөрчил гэх үндэслэл ямар ч хамааралгүй юм. Ийнхүү аймгийн Засаг дарга хүнд байж боломгүй ёс зүйгүй үйлдэл гаргаж хичээлийн шинэ жилийн нээлтийн өмнөх өдөр боловсролын салбарт он удаан жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн сургуулийн захирлууд, цэцэрлэгийн эрхлэгчүүдийг бөөнөөр нь ажлаас нь чөлөөлж дур зоргоороо авирлаад зогсохгүй өмнөх маргааныг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад аваагүй ажлаас дахин халж, миний эрхийг ноцтойгоор зөрчиж, дарамт шахалт үзүүлж байгаад гомдолтой байна.

Иймд хууль бус захирамж гаргаж нэхэмжлэгч Д.Дэлгэрбаяр миний Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн хуулиар баталгаажсан хөдөлмөрлөх эрхийг минь удаа дараа ноцтой зөрчсөн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/129 дугаар захирамжийг хүчингүй болгож, 4 дүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин 6,392,430 төгрөгийг гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байсан Дүүжий овогтой Дэлгэрбаярыг 2016 оны 08 дугаар сарын 3-ний өдрийн Б/99 дүгээр захирамжаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно.

Гэтэл Д.Дэлгэрбаяр нь Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 09 дүгээр сарын 05-нд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч танилцаад аймгийн Засаг даргад танилцуулан 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/115 дугаар захирамжаар Д.Дэлгэрбаярыг ажилд нь эгүүлэн томилсон тухай өөрт нь мэдэгдсэн ба өөрөө ч ажилд томилсон захирамжтайгаа танилцсан. Ажил хүлээлцэх комисс Д.Дэлгэрбаярт ажлыг хүлээлгэн өгөхөөр 2016 оны 09 дүгээр сарын 19, 20,21,22-ны өдрүүдэд мэдэгдсэн боловч 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд ажлаа хүлээж аваагүй болно.

2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг миний бие Дархан сумын 4 дүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилогдсон 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/115 дугаар захирамж, Д.Дэлгэрбаярын ажилгүй байсан хугацааны цалин нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын мөнгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нөхөн төлөх болно. “ гэсэн тайлбарыг Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн.

Анхан шатны шүүх хурал болохоос өмнө Д.Дэлгэрбаяр болон түүний өмгөөлөгчтэй уулзан ажлаа хүлээн аваач ажилгүй байсан хугацааны цалин нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалыг нөхөн олгоно гэж хэлсэн боловч Д.Дэлгэрбаяр ажлаа хүлээн авалгүй Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох дахин сонгуульд оролцох байсан тул 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр анхан шатны шүүх хурал болоход янз бүрийн шалтгаан хэлж шүүх хурлыг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10 цагт хийхээр хойшлуулсан боловч Иргэний хэргийн анхан шатны шүүх хурал аймагт дахин сонгууль явагдаж дууссаны дараа 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хуралдсан.

 

2016 оны 11 дүгээр сарын 07-ны хуралдсан Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хурал дээр шүүгч энэ хугацаанд ажлаа яагаад хүлээж аваагүй юм бэ гэж асуухад Д.Дэлгэрбаяр ажлаа хүлээн авбал дахин сонгуульд оролцоход намайг ажлаас халчихна гэж хариулсан.

Энэ нь Д.Дэлгэрбаяр өөрөө улстөржин болоогүй үйлдлийг урьдчилан төлөвлөсөн байна.

Энэ хугацаанд 4 дүгээр сургуулийн багш ажилчдын цалин хөлс олголт болон бусад ажил явагдахгүй хүндрэл учирч байсан.

Д.Дэлгэрбаярыг ажлаа хүлээж авахыг удаа дараа мэдэгдэхэд ажлаа хүлээн авахгүй байгаа талаар ажлын хэсгийн ахлагч аймгийн Боловсрол, соёлын газрын дарга Р.Батжаргал тус сургуулийн багш ажилчидтай уулзсан тэмдэглэл дээр тодорхой байгаа болно.

Д.Дэлгэрбаяр нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд ажлаа хүлээн авахгүй ажил тасалсан тул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/129 дүгээр захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсгийг үндэслэн үүрэгт ажлаас нь халсан болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.”гэжээ

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хэрэгт авагдсан баримтаар

 

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/99 дугаар захирамжаар Д.Дэлгэрбаярыг Дархан сумын 4 дүгээр сургуулийн захирлын ажлаас чөлөөлсөн бөгөөд Д.Дэлгэрбаяр нь Засаг даргын Б/99 дугаартай захирамжийг эс зөвшөөрч, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Тус шүүх нэхэмжлэгч Д.Дэлгэрбаярын гаргасан дээрх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргаас нэхэмжлэгчийн гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч, аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/115 дугаартай захирамжаар Д.Дэлгэрбаярыг урьд эрхэлж байсан Дархан сумын 4 дүгээр сургуулийн захиралын ажилд томилжээ. /хх-17/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1444 дугаартай шийдвэрээр “...нэхэмжлэгч Д.Дэлгэрбаярын ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газраас 576,367 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Дэлгэрбаярт олгож, ажилгүй байсан хугацааны цалин 1,656,770 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 207 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1444 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож,хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаажээ. /хх/

Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 001/ХТ2017/00296 дугаартай тогтоолоор “...Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 207 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1444 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Д.Дэлгэрбаярын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 576,367 төгрөгийг хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгч Д.Дэлгэрбаярт олгон, нэхэмжлэлээс 1,656,770 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Дархан сумын 4 дүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай Д.Дэлгэрбаярын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга сайн дураараа биелүүлснийг баталж, хэргийн энэ хэсэгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хх 22-24/

 

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/129 дугаар захирамжаар  “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Дүүжийгийн Дэлгэрбаяр нь аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 16-ний өдрийн Б/115 дугаар захирамжаар Дархан сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирлаар томилогдсон боловч 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд ажлаа хүлээн аваагүй, төрийн албаны тасралтгүй явуулах үйл ажиллагааг алдагдуулан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил үүргээ биечлэн гүйцэтгээгүй тул 2016 оны 11 дүгээр сарын 21-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь халаж...” шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Дэлгэрбаяр нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/129 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааны цалин 6,392,430 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шиймтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч тал “...нэхэмжлэгч Д.Дэлгэрбаярын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрч, Д.Дэлгэрбаярыг урьд эрхэлж байсан Дархан сумын 4 дүгээр сургуулийн захирлын ажилд 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Засаг даргын захирамжаар эгүүлэн томилсон. Гэвч Д.Дэлгэрбаярт ажилдаа эргэж орж, ажлаа хийхийг удаа дараа мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа хүлээж аваагүй, ажил үүргээ гүйцэтгээгүй. Сургуулийн захирал байхгүй, захирал нь ажлаа хийхгүй байх нь  сургуулийн хэвийн үйл ажиллагаа муугаар нөлөөлөх тул  Аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/129 дугаар захирамжаар  Д.Дэлгэрбаярт ажлаас халах сахилгын шийтгэл ноогдуулсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан болно.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч Д.Дэлгэрбаярын ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/115 дугаартай захирамжаар Д.Дэлгэрбаярыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилж, уг шаардлагыг биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Засаг даргын Б/115 дугаар захирамж, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 001/ХТ2017/00296 дугаартай тогтоол зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Д.Дэлгэрбаяр нь Аймгийн засаг даргын Б/115 дугаартай захирамж гарсан гэдгийг 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр мэдсэн бөгөөд хариуцагч талаас Д.Дэлгэрбаярыг Дархан сумын 4 дүгээр сургуулийн захирлын ажлыг ирж хүлээж авахыг мэдэгдэж байсан болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа ба талууд энэ талаар маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч Д.Дэлгэрбаяр нь ажилд эгүүлэн томилсон гэдгийг мэдснээс хойш буюу 2016 оны 09 дүгээр сарын 19-нээс 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд томилогдсон Дархан сумын 4 дүгээр сургуулийн захирлын ажилдаа эргэж ороогүй, ажлаа хүлээж авах, эргэж орох талаар хүсэлт гаргаж байгаагүй байна.

 

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Д.Дэлгэрбаяр нь “...би шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч Аймгийн засаг дарга 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр намайг 4 дүгээр сургуулийн захиралын ажилд томилсон тухай захирамж гаргасан. Уг захирамжид хоёрдахь шаардлага болох ажилгүй байсан хугацааны цалингийн асуудлыг шийдвэрлээгүй байсан. Би захирамжиндаа цалингийн асуудлыг тусгах талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй уулзаж байсан. ...Хариуцагч тал миний гаргасан бүх шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй, маргааныг эцэслэн шүүхээр шийдвэрлэгдээгүй байсан учраас би ажлаа хүлээж аваагүй.  Би шүүхэд нэгэнт хандсан учраас шүүхээр шийдвэрлүүлэхийг хүссэн...” гэсэн тайлбарыг гаргаж байх боловч энэхүү үндэслэл нь нэхэмжлэгч Д.Дэлгэрбаярыг 4 дүгээр сургуулийн захирлын ажлыг хүлээн авахгүй, ажилдаа эргэж орохгүй байх хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй болно.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч Аймгийн Засаг дарга нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрч, сайн дураар биелүүлсэн байх тул шүүх тухайн шаардлагыг хууль зүйн үндэслэлтэй эсэхийг шийдвэрлээгүй, харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох тухай Д.Дэлгэрбаярын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга сайн дураараа биелүүлснийг баталж, хэргийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/129 дугаар захирамжийн үндэслэл болсон “Дүүжийгийн Дэлгэрбаяр нь аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 16-ний өдрийн Б/115 дугаар захирамжаар Дархан сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирлаар томилогдсон боловч 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд ажлаа хүлээн аваагүй, төрийн албаны тасралтгүй явуулах үйл ажиллагааг алдагдуулан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил үүргээ биечлэн гүйцэтгээгүй” гэх үйлдэл нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар тогтоогдож байх тул Аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/129 дугаар захирамжаар Д.Дэлгэрбаярт сахилгын шийтгэл ноогдуулсан нь үндэслэлтэй байна.

 

Иймд нэхэмжлэгч Д.Дэлгэрбаярын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

    

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Дэлгэрбаярын гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 6,392,430 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор   Дархан-Уул аймгийн Иргэний  давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

          

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      З.ТУНГАЛАГМАА