Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 120

 

Д.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00131/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 537 дугаар шийдвэртэй,  

           Нэхэмжлэгч Д.Д-ын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох  

           “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016.11.21-ний өдрийн Б/129 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байх хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” тухай иргэний хэргийг

           Нэхэмжлэгч Д.Д-ын давж заалдсан гомдлыг үндэслэн

           2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч  Д.Д-,  өмгөөлөгч Ё.Ринзаан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Д-аас:

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/99 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” захирамж гаргаж ажлаас чөлөөлсөн. Өмнөх маргаан шүүхээр шийдвэрлэгдээгүй байхад Засаг дарга С.Насанбат дахин 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/129 тоот  захирамж гаргаж ямар ч үндэслэлгүйгээр албан ёсоор аваагүй ажлаас дахин халах шийдвэр гаргасан болохыг мэдсэн. Иймд хууль бус захирамж гаргаж Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн хуулиар баталгаажсан хөдөлмөрлөх эрхийг минь удаа дараа ноцтой зөрчсөн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/129 дугаар захирамжийг хүчингүй болгож, 4 дүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 6.392.430 төгрөгийг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэгээс:

2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/115 дугаар захирамжаар Д.Д-ыг ажилд нь эгүүлэн томилсон тухай өөрт нь мэдэгдсэн ба өөрөө ч ажилд томилсон захирамжтайгаа танилцсан. Ажил хүлээлцэх комисс Д.Д-т ажлыг хүлээлгэн өгөхөөр мэдэгдсэн боловч ажлаа хүлээж аваагүй. Анхан шатны шүүх хурал болохоос өмнө Д.Д- болон түүний өмгөөлөгчтэй уулзан ажлаа хүлээж аваач ажилгүй байсан хугацааны цалин нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн олгоно гэж хэлсэн боловч Д.Д- ажлаа хүлээн авалгүй Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох дахин сонгуульд оролцох байсан тул 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр анхан шатны шүүх хурал болоход янз бүрийн шалтгаан хэлж хойшлуулж байсан.

Энэ хугацаанд 4 дүгээр сургуулийн багш ажилчдын цалин хөлс олголт болон бусад ажил явагдахгүй хүндрэл учирч байсан. Д.Д-ыг ажлаа хүлээж авахыг удаа дараа мэдэгдэхэд ажлаа хүлээн авахгүй байгаа талаар ажлын хэсгийн ахлагч аймгийн Боловсрол соёлын газрын дарга Р.Батжаргал тус сургуулийн багш ажилчидтай уулзсан тэмдэглэл дээр тодорхой байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 537 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Д-ын “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 6.392.430 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлөх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Д- давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэр иргэн Д.Д- миний Үндсэн хуулиар хамгаалагдаж Хөдөлмөрийн тухай хуулиар баталгаажсан үндсэн эрх хөдөлмөрлөх эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан нэхэмжлэгчийн субьектив эрхийг ноцтой зөрчсөн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Ажлаа хүлээж аваагүй, ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байхад надад Хөдөлмөрийн тухай хуулийн 131  дүгээр зүйлийн 131.1.3-т заасан сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1-т ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах урьдчилсан нөхцлийг хөдөлмөрийн гэрээ, дотоод журмыг зөрчсөн ажилтанд 3 төрлийн сахилгын шийтгэл ногдуулахаар заасан байна. Мөн өмнөх Б/99 дугаар захирамжтай холбоотой 2016.11.07-ны өдрийн 1444 дүгээр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад хариуцагч Дархан-Уул аймгийн засаг дарга С.Насанбат 2016.09.16-ны өдрийн захирамжаар ажлаа хүлээж аваагүй гэх үндэслэлээр өмнөх маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж дуусаагүй байхад ажлаас халах шийдвэрийг дахин гаргасан байдаг.

Давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанаар Д.Д- миний гаргасан гомдлын агуулгыг хангаж шийдвэрлэсэн ба 2017.03.16-ны өдөр дээд шүүхийн тогтоолоороо анхан шатны шүүхийн 1444 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгснөөр Д.Д- миний өмнө гаргасан Б/99 дугаар захирамжтай холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн ба Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016.09.16-ны өдрийн Б/115 дугаар захирамж албан ёсоор баталгаажиж тус захирамжийн дагуу ажилдаа орох үндэслэл 2017.03.16-ны өдрөөс эхлэн үүсэж байгаа юм. Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг бодит үйл баримттай нийцүүлэн дүгнэж давж заалдах гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

           Нэхэмжлэгч Д.Д- Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан   “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11.дгээр сарын 21-ний өдрийн Б/129 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байх хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч тал 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/115 дугаар захирамжаар Д.Д-ыг ажилд нь эгүүлэн томилж түүнд мэдэгдэж ажилгүй байсан хугацааны цалин нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн олгоно гэсэн боловч Д.Д- ажлаа хүлээн аваагүй гэж маргасан байна.

Улсын Дээд шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолоор Д.Д-ын нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/99 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай хэргийн Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1444 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч тал 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/115 дугаар захирамжаар Д.Д-ыг Дархан сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилсон боловч ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл төлөх асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулжээ.

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/129 дүгээр тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасан ажлаас халах тухай сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй.

Учир нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/115 дугаар захирамжийг үндэслэн ажил олгогч Д.Д-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, тухайн сургуулийн дотоод журам хэрэгт авагдаагүй нь нэхэмжлэгч сахилгын ямар зөрчил гаргасан болох, хөдөлмөрийн гэрээ болон дотоод журмыг хэрхэн зөрчсөн үндэслэлээр арга хэмжээ авсан нь нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

Дээрх байдлаас дүгнэхэд хариуцагч нь нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн харилцааг үргэлжүүлсэн мэт боловч бодит байдал дээр хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй байхад ажлаас халах хүртэлх арга хэмжээ авсан гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч Д.Д-ыг Дархан-Уул аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилох, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 4.290.697 төгрөгийг Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгч Д.Д-т олгох, хариуцагчид нэхэмжлэгч Д.Д-ын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгахаар шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн   167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 537 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:

“Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Д-ыг Дархан-Уул аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 4.290.697 төгрөгийг Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгч Д.Д-т олгож, нэхэмжлэлээс 2.101.733 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хариуцагчид нэхэмжлэгч Д.Д-ын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгасугай” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                         ДАРГАЛАГЧ

                                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   О.НАРАНГЭРЭЛ            

                                         ШҮҮГЧИД                                                 Л.АМАРСАНАА

                                                                                                           С.ОЮУНЦЭЦЭГ