Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 44

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  Б.А-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

       

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

            Прокурор                                            Б.Мээпам

            Яллагдагч                                          Б.А

            Хохирогч                                            Л.С

Нарийн бичгийн дарга                      Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 723 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Батсүхийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн, Б.Ад холбогдох 1812003370197 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин  мэргэжилтэй, Хот тохжилт НААҮГ-т цахилгаанчин ажилтай, ам бүл 4, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогдож 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 1.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 245 дугаартай прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Г овогт Бы А

 

Б.А нь 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Булган уулын баруун суга гэх газарт өөрийн хамаарал бүхий этгээд болох Л.Сийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Б.Ад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 723 дугаартай шүүгчийн захирамжаар: “Хохирогч Л.С шүүх хуралдаанд шинээр Улсын ерөнхий прокурорын хариу мэдэгдэх хуудсыг нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд уг гомдолд хариу өгөх тухай мэдэгдэх хуудсанд”...Б.Агийн таныг зодож хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн байсан тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн...” гэжээ. Шүүх хуралдаанд Л.С нь мэдүүлэхдээ шүүгдэгч Б.Ад өмнө нь зодуулж уг хэрэг нь прокурорын шатанд  хэрэгсэхгүй болж байсан талаар мэдүүлсэн бөгөөд үүнийг шүүгдэгч үгүйсгээгүй, мөн өмнө нь жирэмсэн байхад Б.А намайг зодож байсан гэх мэдүүлгийг хохирогч шүүх хуралдаанд өгсөн болно. Хэрэгт шүүгдэгч Б.Ад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын 2016 оны 09 сарын 06-ны өдрийн 245 тоот тогтоол авагдсан ба уг тогтоолд “...хохирогч Л.Оюунгэрэл нь  яллагдагч Б.Атай сайн дураараа эвлэрсэн...” гэжээ. Хохирогч  Л.Сийн шинээр гаргаж өгсөн баримт болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийг шалгаж, шүүгдэгчийн хувийн байдлыг шалгах шаардлагатай байна. Иймд хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна гээд

Архангай аймгийн прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж Г овогт Бы Ад холбогдох 1812003370197 дугаартай тоот хэргийг Архангай аймгийн Прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Энэ захирамжийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.”

 

Прокурор С.Батсүхийн бичсэн эсэргүүцэлд: “Архангай аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор С.Батсүх би Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын сарын 04-ний өдрийн 723 дугаартай захирамжийг 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

Б.А нь 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Булган уулын баруун суга гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий Л.Сийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тус прокурорын газраас Б.Ад холбогдох эрүүгийн 1812003370197 дугаартай хэрэгт 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 212 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцээд “Хохирогч Л.С шүүх хуралдаанд шинээр Улсын Ерөнхий прокурорын хариу мэдэгдэх хуудсыг нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд уг гомдолд хариу өгөх тухай мэдэгдэх хуудсанд ...Б.Аптаншагайгийн таныг зодож хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн байсан тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн... гэжээ. Шүүх хуралдаанд Л.С нь мэдүүлэхдээ шүүгдэгч Б.Аптаншагайд өмнө нь зодуулж уг хэрэг нь прокурорын шатанд хэрэгсэхгүй болж байсан талаар мэдүүлсэн бөгөөд үүнийг шүүгдэгч үгүйсгээгүй, мөн өмнө нь жирэмсэн байхад Б.А нь намайг зодож байсан гэх мэдүүлгийг хохирогч шүүх хуралдаанд өгсөн болно. Хэрэгт шүүгдэгч Б.Аптаншагайд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 245 дугаартай тогтоол авагдсан байх ба уг тогтоолд хохирогч Л.О нь яллагдагч Б.Атай сайн дураар эвлэрсэн гэжээ. Хохирогч Л.Сийн шинээр гаргаж өгсөн баримт болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийг шалгаж, шүүгдэгчийн хувийн байдлыг шалгах шаардлагатай байна. Иймд хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй” гэж дүгнэж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасныг эс зөвшөөрч дараах үндэслэлээр эсэргүүцэж байна.

Учир нь Л.О 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Булган зочид буудлын 1-р давхарт Л.Сийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн давтан үйлдлээр Б.Атай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах Некст цахилгаан барааны дэлгүүрт Л.Сийг зодож, түүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн тухайн үед Л.С нь Л.Оюунгэрэлийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан, Л.С, Л.О нар нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Булган зочид буудлын 1-р давхарт маргалдан зодолдож, харилцан бие биендээ хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх хэрэгт Л.С, Л.О, Б.А нарыг тус тус яллагдагчаар татан мөрдөн байцаалт явуулсныг тус прокурорын газраас хянаад Л.Оюунгэрэл нь Б.Атай бүлэглэн, давтан үйлдлээр Л.Сийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь тогтоогдоогүй гэж дүгнэн түүнд холбогдох хэргийг 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 36 дугаартай яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.1 -т зааснаар, яллагдагч Б.А-д холбогдох 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах Некст цахилгаан барааны дэлгүүрт Л.Сийг зодож, түүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаартай зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.5-т зааснаар, Л.С, Л.О нар нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Булган зочид буудлын 1- р давхарт маргалдан зодолдож, харилцан бие биедээ хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх эрүүгийн 201603000497 дугаартай хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 126 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.5-т зааснаар тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийхэд яллагдагч Б.Агийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах Некст цахилгаан барааны дэлгүүрт Л.Сийг зодож, түүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн прокурорын тогтоол хүчин төгөлдөр байх тул хохирогч Л.Сийн дээрх эрүүгийн хэрэгтэй холбогдуулан шүүх

хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримт болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийг шалгах шаардлагагүй байна. Өөрөөр хэлбэл Б.А нь өмнө нь гэмт хэрэг үйлдэж, тухайн эрүүгийн хэргийг прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон нь түүний 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Булган уулын баруун суга гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий Л.Сийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх эрүүгийн 1812003370197 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхэд саад учруулахааргүй, мөн тухайн эрүүгийн хэргийн зүйлчлэлд нөлөөлөхөөргүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг харгалзан үзэх нь зүйтэй юм. Иймд Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 723 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2-т зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. Шүүх хуралдаанд прокурор оролцуулж өгнө үү.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мээпам би Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 723 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийн дагуу яллагдагч Б.Ад холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд прокуророор оролцож байна. Яллагдагч Б.Ад холбогдох эрүүгийн хэрэгт шүүгчийн захирамжид дурдсан ажиллагааг зайлшгүй хийх шаардлагагүй, тухайн ажиллагааг хийснээр хэргийн зүйлчлэл бөгөөд хэргийн нотлогдох байдалд нөлөө үзүүлэхүйц хүчин зүйл байхгүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хэргийг шийдвэрлэх боломжтой учраас прокурорын эсэргүүцлийн дагуу Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 723 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү.” гэв.

 

                                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурор С.Батсүхийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.

 

Хэрэгт 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 245 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол авагдсан бөгөөд уг тогтоолд заасан хохирогч нь Л.С биш байна.

 

Хохирогч Л.Сийн шүүх хуралдааны явцад гаргасан гомдолд хариу мэдэгдэх хуудсанд Б.Агийн үйлдлийг эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, энэ нь үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж шийдвэрлэсэн, уг шийдвэр нь эцсийн шийдвэр болох талаар дурдсан ба анхан шатны шүүх энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нараас мэдүүлэг авах журмаар тодруулах боломжтой юм.  

 

Мөн хохирогч Л.С нь урьд нь намайг жирэмсэн байхад Б.А зодож байсан гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд энэ талаар ямар нэгэн баримт байхгүй, шинжээчийн дүгнэлт тухайн үед гаргуулж байгаагүй, хохирогч мэдүүлгийн эх сурвалжаа нотлоогүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлүүлэх санал гаргасан байх тул шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулах гэсэн үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтанд буцаах  шаардлагагүй байна.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх хүрээ, хэмжээ хязгаарыг хуулиар тогтоосон бөгөөд шүүх тухайн шүүгдэгчид холбогдох хэргийг яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэх, яллах дүгнэлтэнд зааснаас хүндрүүлэх зэрэг үндэслэлээр мөрдөн байцаалтанд хэргийг буцааж байгаа нь үндэслэлгүй байна.

 

 Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хангаж, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 723 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

 Б.Агийн холбогдсон гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан хэргийг анхан шатны шүүхэд очтол түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн болно.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.3-т тус тус заасныг удирдлага болгон

                                                         ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 723 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол Б.Ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Т.ДАВААСҮРЭН

 

                             ШҮҮГЧИД                                         Д.БЯМБАСҮРЭН

 

                                                                                       В.ЦЭЦЭНБИЛЭГ