Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 45

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  Ш.А, П.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

       

 

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

            Прокурор                                            Б.Мээпам

            Яллагдагчийн өмгөөлөгч                 М.Алтанчимэг, С.Пүрэвсүрэн, Ц.Бат-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга                      Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 756 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Батсайханы бичсэн эсэргүүцлийг үндэслэн, Ш.А, П.Б нарт холбогдох 1812001100100 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймагт төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Пийн Б

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Л овогт Шйн А

 

П.Б нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны орой Архангай аймгийн Цэцэрлэг сумын Их булаг багийн нутаг дэвсгэрт автомашин дотор иргэн Ш.Атай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Ш.А нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны орой Архангай аймгийн Цэцэрлэг сумын Их булаг багийн нутаг дэвсгэрт автомашин дотор иргэн П.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Ш.А, П.Б нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 756 дугаартай шүүгчийн захирамжаар: Яллагдагч П.Бгийн биед гэмтлийн зэрэг учирсан эсэхийг тогтоолгохоор мөрдөгч 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр тогтоол гаргасан бөгөөд уг тогтоолын дагуу шинжээч эмч Б.Отгонжаргал дүгнэлт гаргажээ. Уг дүгнэлтээр П.Бгийн биед баруун зовхины гадна буланд жижиг сорви, зүүн чихний дэлбээний ар хэсэгт зулгаралтын сорви гэмтэл тогтоогдсон, уг гэмтэл нь биеийн гадаргуугийн 1 хувьд хүрэхгүй, хөдөлмөрийн ерөнхий чадварыг  тогтмол алдагдуулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй талаар дурдсан байна. Уг дүгнэлтийг гаргахаас өмнө П.Б нь эмнэлэгт үзүүлсэн гэх баримт хэрэгт авагдсан бөгөөд уг баримтыг үндэслэн шинжээч нэмэлтээр дүгнэлт гаргажээ. Өмгөөлөгч С.Пүрэвсүрэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан саналдаа хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болоод байгаа баримт болох амбулатораар үйлчлүүлэгчийн карт хэзээ авсан болохыг шалгуулах талаар хүсэлт гаргасан бөгөөд уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна. Иймд өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч дээрх ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэв гээд

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Ш.А, П.Б нарт холбогдох эрүүгийн 1812001100100 тоот хэргийг Архангай аймгийн Прокурорын газарт буцааж;

Хэргийг прокурорт очтол яллагдагч Ш.А, П.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж;

Энэ захирамжийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Батсайханы бичсэн эсэргүүцэлд: “Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсайхан би, тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 756 дугаартай захирамжийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

Яллагдагч П.Б нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны орой Архангай аймгийн Цэцэрлэг сумын Их булаг багийн нутаг дэвсгэрт автомашин дотор иргэн Ш.Атай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Яллагдагч Ш.А нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны орой Архангай эймгийн Цэцэрлэг сумын Их булаг багийн нутаг дэвсгэрт автомашин дотор иргэн П.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Тус прокурорын газраас П.Б, Ш.А нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 110/а дугаартай прокурорын яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна.

Шүүгч 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр яллагдагч Ш.Аын өмгөөлөгч С.Пүрэвсүрэнгийн санаачилгаар шүүхийн урьдчилан хэлэлцүүлгийг зарлан явуулж, П.Б, Ш.А нарт холбогдох эрүүгийн 1812001100100 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж дараах ажиллагааг хийлгэх нь зүйтэй гэж дүгнэсэн. Үүнд:

Яллагдагч П.Бгийн биед гэмтлийн зэрэг учирсан эсэхийг тогтоолгохоор мөрдөгч 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр тогтоол гаргасан бөгөөд уг тогтоолын дагуу шинжээч эмч Б.Отгонжаргал дүгнэлт гаргажээ. Уг дүгнэлтээр П.Бгийн биед баруун зовхины гадна буланд жижиг сорви, зүүн чихний дэлбээний ар хэсэгт зулгаралтын сорви гэмтэл тогтоогдсон, уг гэмтэл нь биеийн гадаргуугийн 1 хувьд хүрэхгүй, хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтмол алдагдуулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй талаар дурдсан байна. Уг дүгнэлтийг гаргахаас өмнө П.Б нь эмнэлэгт үзүүлсэн гэх баримт хэрэгт авагдсан бөгөөд уг баримтыг үндэслэн шинжээч нэмэлтээр дүгнэлт гаргажээ. Өмгөөлөгч С.Пүрэвсүрэн шүүхийн урьдчилан хэлэлцүүлэгт гаргасан саналдаа хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болоод байгаа баримт болох амбулатораар үйлчлүүлэгчийн карт хэзээ авсан болохыг шалгуулах талаар хүсэлт гаргасан бөгөөд уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна гэжээ. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 756 дугаартай захирамжийг хүлээн авч танилцаад дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Учир нь:

Яллагдагч П.Б, Ш.А нар нь 2018 оны 02 дугаар сарын 12- ны орой Архангай аймгийн Цэцэрлэг сумын Их булаг багийн нутаг дэвсгэрт автомашин дотор хувийн таарамж^үй харьцааны улмаас маргалдан харилцан зодолдож, бие биедээ хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Мөрдөн байцаалтын явцад П.Бгийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч эмч томилсон ба шинжээч эмч Б.Отгонжаргал нь үзүүлэгчийг үзэж дүгнэлт гаргажээ. Уг дүгнэлтийг гаргах үед П.Бгийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь эдгэрсэн, мөн фото зургийг үзэж дүгнэлтийг гаргах боломжгүй гэж дүгнэсэн байна. П.Б нь гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр тус аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч Б.Ууганбаярт үзүүлсэн талаар гэрчийн мэдүүлэг авагдсан бөгөөд уг мэдүүлгийн эх сурвалжийг шалгаж, П.Б нь үзүүлсэн гэх цаг хугацаанд хаана байсныг тогтооход Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын дарга П.Чулуунбатаас чөлөө авч Архангай аймгийн төв рүү явсан нь тогтоогджээ.

Нэгдсэн эмнэлгийн эмч Б.Ууганбаяр нь амбулатораар үйлчлүүлэгчийн картыг үндэслэн тодорхойлолт бичиж өгсөн гэж мэдүүлж, картад үзсэн цаг хугацааг тэмдэглэсэн байна. Түүнчлэн нэгдсэн эмнэлгийн дарга Д.Өлзийсайхан нь тухайн цаг хугацаанд эмчид үзүүлсэн нь цахим бүртгэлд бүртгэгдсэн гэж албан бичиг ирүүлснээс дүгнэхэд П.Б нь эмнэлгийн байгууллагад үзүүлж, оношлуулсан нь тогтоогдсон бөгөөд нэгдсэн эмнэлгийн амбулаториор үйлчлүүлэгчийн картыг хэзээ авсан гэдгийг шалгах нь хэрэгт ач холбогдолгүй бөгөөд мөн уг карт нь нэгдсэн дугаарлалтгүй буюу шууд олгогддог учир хэзээ карт авсныг тогтоох боломжгүй юм. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамж нь үндэслэлгүй байх тул Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 756 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2-т зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. Шүүх хуралдаанд прокурор оролцуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу прокурорын эсэргүүцэлд дүгнэлт хийж өгнө үү.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:“Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мээпам би аймгийн прокурорын газраас Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 756 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлийн дагуу давж заалдах шатны шүүх хуралдаанд прокуророор оролцож дүгнэлт гаргаж байна. 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шүүхийн урьдчилан хэлэлцүүлгийг зарлан явуулж, П.Бгийн биед учирсан гэмтлийн тогтооход үндэслэл болж байгаа баримтыг шалгаж тогтоох өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж шийдвэрлэсэн. Эсэргүүцэлд хохирогч П.Бгийн биед учирсан гэмтлийн талаар Нэгдсэн эмнэлгийн үзлэг хийсэн тэмдэглэл, цахим бүртгэлд бүртгэгдсэн гэсэн албан бичиг, чөлөө өгсөн зөвшөөрөл, үзлэг хийсэн эмчийн гэрчийн мэдүүлэг зэргээр шалгаж тогтоосон. Өмгөөлөгч нар гэм буруутай эсэх талаар маргаж байна. Гэм буруутай эсэхийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шалгаж тогтооно. Хууль журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэнэ. Хэргийн нотлогдвол зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байгаа учраас Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 756 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй.” гэв.

 

Яллагдагч Ш.Аын өмгөөлөгч С.Пүрэвсүрэн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү.” гэв.

 

Яллагдагч Ш.Аын өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “С.Пүрэвсүрэн өмгөөлөгчтэй санал нэг байна. Гэхдээ хэргийг бүхэлд нь хянах учраас нэг зүйлийг тодруулж хэлэх гэсэн юм. Тэр нь П.Бг үзсэн Б.Ууганбаяр эмчийн үзлэгийн он, сар, өдөр засвартай байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзээрэй. Засвартай нотлох баримтаар Ш.Аыг буруутгаж болохгүй.” гэв.

 

Яллагдагч П.Бгийн өмгөөлөгч М.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа:“Өмнөх саналаа дэмжиж байна. Цаг бүртгэгч мэдүүлэг өгөхдөө тухайн үед ажил ихтэй байсан учраас хүмүүсийгээ хохироочих болов уу гээд бүгдийг нь ирсэн гээд цагийг нь бүртгэсэн гэдгээ хэлдэг. Харин тамгын газрын дарга гэрчээр мэдүүлэг өгөхдөө П.Бг надаас чөлөө аваад явсан гэдгийг мэдүүлсэн. Тийм учраас эсэргүүцлийг хүлээж авч шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Яллагдагч Ш.А, П.Б нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна.

 

Учир нь хэрэгт цугларсан нотлох баримтууд зөрүүтэй, мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд биш явуулжээ.

Яллагдагч П.Бг 2018 оны 03 сарын 06-ний өдөр хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол гарч, хохирогчоор мэдүүлэг /хх-ийн 13/ авсан байх ба тухайн үед П.Б ...тухайн үед би нэр төрөө бодоод эмнэлэгт үзүүлээгүй...гэж мэдүүлсэн байна.

 

            Улмаар 2018 оны 03 сарын 15-ны өдөр П.Бгийн биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор шүүх эмнэлэгийн үзлэг хийж,  /хх-ийн 37/ П.Бгийн биед учирсан гэмтлийг гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан ба 2018 оны 04 сарын 10-ны өдөр шинжээчээс мэдүүлэг авахад /хх-ийн 78/ дүгнэлтээ дэлгэрэнгүй тайлбарлаж мэдүүлжээ.

 

            Энэ шинжээчийн дүгнэлтийг П.Бд танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийг зөрчсөн байна.

 

            Үүний улмаас хэргийн материалыг яллагдагч П.Бд танилцуулахад тэрээр шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй, дахин дүгнэлт гаргуулах талаар хүсэлт гаргасан, мөн яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу дахин шинжээч томилсны дагуу шинжээч 2018 оны 05 сарын 25-ны өдөр П.Бгийн биед учирсан гэмтлийг гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гаргасан байна.

 

            Шинжээч дүгнэлт гаргахдаа П.Бгийн тухайн үед үзүүлсэн мэдрэлийн эмчийн үзлэгийн баримтыг үндэслэсэн байх ба яллагдагч Ш.Аын өмгөөлөгч шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болоод байгаа баримт болох амбулаториор эмчлүүлэгсдийн картыг хэзээ авсан болохыг шалгуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

            Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд П.Бгийн 2018 оны 02 сарын 22-нд эмнэлэгт үзүүлсэн талаархи нотлох баримтууд, тодруулбал хохирогч нэр төрөө бодоод эмнэлэгт үзүүлээгүй гэж мэдүүлж байсан, анх шинжээч эмчид үзүүлэхдээ  эмнэлэгийн баримт бичиг гаргаж өгөөгүй, фото зураг үзүүлсэн талаар шинжээч мэдүүлсэн байтал хожим 2018 оны 02 сарын 22-нд эмнэлэгт үзүүлсэн баримт гаргаж ирсэн, түүнчлэн эмнэлэгийн цахим бүртгэлд нөхөн бүртгэл хийлгэсэн зэрэг нотлох баримтууд зөрүүтэй байгаа нь эргэлзээ төрүүлж  байх тул амбулаториор эмчлүүлэгсдийн картыг хэзээ авсан болохыг шалгаж тогтоох нь зайлшгүй чухал юм.

 

            Шүүгчийн захирамжинд заасан дээрх ажиллагаанаас гадна дараах ажиллагааг нэмж гүйцэтгүүлэх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Нэгдсэн эмнэлэгийн тасагт ажиллаж байгаа эмч тасагт хэвтэн эмчлүүлээгүй хүнийг ямар тохиолдолд үзэх, үзсэн тохиолдолд үзлэгийн бүртгэл хөтлөх ёстой эсэхийг шалгах, эмч Б.Ууганбаяр П.Бг үзэхдээ үзлэгийн бүртгэл хөтөлсөн эсэх, хэрэв бүртгэл хөтлөх ёстой байгаад бүртгээгүй бол яагаад бүртгээгүй болохыг тодруулж,  гэрчийн мэдүүлэг авах шаардлагатай байна.

 

Иймд хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэмж магадлалд заасан ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1-т тус тус заасныг удирдлага болгон

 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 756 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Т.ДАВААСҮРЭН

 

                             ШҮҮГЧИД                                         Д.БЯМБАСҮРЭН

 

                                                                                       В.ЦЭЦЭНБИЛЭГ