Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2020/00086

 

Н.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2019/00410 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 682 дугаар магадлалтай,

Н.Оийн нэхэмжлэлтэй

“З-1” СӨХнд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Н.Оийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэлийн төлөөлөгч Э.Чинбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Норослойн Н.О миний бие 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаартай З-1 СӨХ-ны удирдах зөвлөлийн даргын тушаалаар гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж эхэлсэн. Ажиллах хугацаандаа 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл гэрээг сунгаж, шинэчлэн байгуулсан. Гэтэл З-1 СӨХ-ны удирдах зөвлөлийн дарга 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 01 дугаар тушаал гаргаж, намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан. З-1 СӨХ-ны удирдах зөвлөлийн дарга 01 дугаар тушаал гаргаж ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхгүй гаргасан нь тогтоогдсон гэж үзэж ажлаас чөлөөлсөн нь ямар буруутай үйлдэл, эс үйлдэхгүй гаргасан нь тогтоогдохгүй байхад дээрх тушаалыг гаргасан нь үндэслэлгүй байна. Миний бие ажиллах хугацаандаа үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж, сахилгын зөрчил дутагдал гаргаагүй байхад ажлаас үндэслэлгүй чөлөөлж байгаад гомдолтой байна. Иймд өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл, хураамж төлсөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З-1 СӨХ-ны 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 9 дугаартай төлөөлөн удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлийн хамтарсан хуралдаанаар гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Оийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэж, 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлсөн. Тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дах хэсэг болон захиралтай байгуулсан гэрээг үндэслэсэн бөгөөд сахилгын шийтгэл ногдуулсан шалтгаан нь Их Монгол хөлөг аудит ХХК-ийн дүгнэлтийг үндэслэсэн байдаг. Гүйцэтгэх захиралд холбогдох, санхүүгийн зөрчилтэй гэх 43 баримтаар 10 879 350 төгрөгийн зөрчил дутагдал илэрсэн байдаг. Холбооны захирлын үйл ажиллагаа нь СӨХны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны барилгын дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль болон зэрэгцэн хэрэглэгдэх бусад хууль, холбооны дүрэм, хөдөлмөрийн дотоод журамд заасан эрх үүргээр тодорхойлогддог бөгөөд дээрх хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй нь захиралд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон юм. Түүнчлэн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.О нь өөртөө урамшуулал бодож олгосон, өөр байгууллагатай байгуулсан гэрээг цуцлах нөхцөлийг бүрдүүлсэн, нягтлан бодох бүртгэлийн хууль зөрчиж нягтлангийн хяналтгүйгээр, бэлэн мөнгөөр гүйлгээ хийсэн зэрэг зөрчил дутагдлыг гаргасан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2019/00410 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан З-1 СӨХноос 7 795 344 төгрөгийг гаргуулан Н.От олгож, нэхэмжлэлээс өмнө эрхэлж байсан З-1 СӨХны гүйцэтгэх захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар, Н.Оийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт, 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд, зохих журмын дагуу шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч З-1 СӨХнд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Н.Оийн нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч З-1 СӨХноос 139 675 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 682 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2019/00410 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар З-1 СӨХны гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Н.Оийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139 680 төгрөгийг буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Н.О хяналтын гомдолдоо: магадлал нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзэж байгаа тул хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: 1. СӨХны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.2-т зааснаар холбооны гүйцэтгэх захирлыг сонгох эрхийг СӨХны Удирдах зөвлөл эдлэхээр заасны дагуу “З-1” СӨХны Удирдах зөвлөлийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 05 дугаартай тушаалаар нэхэмжлэгчийг гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр /хх 2 тал/, мөн Удирдах зөвлөлийн даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаартай тушаалаар Н.Оийг гүйцэтгэх захирлаар /хх3 тал/ тус тус томилсон ба “З-1” СӨХны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01 дугаартай өөр тамга бүхий тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хуульд тусгайлан заагаагүй “Төлөөлөн удирдах зөвлөл” гэх холбооны удирдах байгууллагаас шийдвэр гаргаж, тухай ажлаас халах асуудлыг дангаараа шийдвэрлэсэн нь хуулийн этгээдийн эрхгүй этгээд буюу СӨХны хувьд энэ нэр томъёог хэрэглэсэн нь хууль зөрчсөн. 2. Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг үндэслэл болгосон, гэрээг цуцалж буй шалтгаан, үндэслэлээ тушаалдаа тодорхой заагаагүй байх тул ажил олгогч гэрээг хуульд заасан үндэслэлээр цуцалсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн хариуцагч нь гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахдаа тухайн үндэслэл, журмыг зохицуулсан Иргэний хуулийн 204, 205, 221, 225, 227 дугаар зүйлийг тус тус зөрчиж гэрээг цуцалсан байна. 3. Дээрх магадлалын хянах хэсэгт “Их монгол хөлөг аудит” ХХК-иас “З-1” СӨХны санхүүгийн баримтанд хийсэн шалгалтын тайланд "... Н.О нь 2016, 2017 онуудад өөрийн цалинг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн, нийт ажилчдын цалингийн нэмэгдлийн 48.6 хувийг Н.Оийн авсан цалин эзэлсэн, сар бүр үндсэн ажлын хоногоо нэмэгдүүлэн сарын үндсэн цалинг 92 308 - 430 768 төгрөгөөр нэмэгдүүлж ... сард 996 154 - 1300 469 төгрөгийн цалин авсан.”  гэж, мөн үндэслэх хэсэгтЭнэхүү нэмэгдлүүдийг олгох тухай ... тушаал шийдвэргүйгээр авсан гэж дүгнэсэн байх бөгөөд уг аудитын дүгнэлт хучин төгөлдөр байна” гэж, мөн үндэслэх хэсэгт “...дээрх аудитын дүгнэлтээр ажилтан Н.О нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40 зааснаар мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан .... тушаал хуульд нийцсэн, үндэслэлтэй байна,” гэж тус үндэслэсэн нь нотлох баримтыг дутуу үнэлж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь цалин хөлсний нягтлангийн ажлын үүргийг гүйцэтгээгүй, нэхэмжлэгчийн ямар буруутай үйлдэл эс үйлдэхүй цалин хөлс нэмэгдүүлэхэд нөлөөлсөн нь тодорхойгүй байна. Эдгээр үйл баримтанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан ба давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэг болон анхан ба давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, хариу тайлбар зэрэгт нэхэмжлэлийн шаардлагад зааглан мэтгэлцээгүй ямар нэгэн үйл баримтыг огт дурьдаагүй бөгөөд харин нэхэмжлэгчийн буруутай үйлдлийг тогтоох зорилгоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хуульд заасны дагуу хүлээн аваагүй юм. 4. Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж улмаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 133.3, мөн хуулийн 135.1, 135 3, 135.4-т тус тус заасныг зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д буруутай үйлдэл эс үйлдэхүй гаргасныг нотолсон байхыг шаарддаг бөгөөд тухайн үйлдэл нь тогдоогдсон байхыг хуулиар зохицуулсан ба ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт, ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэл, хугацаа тохирч байх ёстой боловч ажлаас халсан тушаалд гарсан зөрчлийг дурьдаагүй нь хариуцагч шүүхийн шатанд нотлох баримт бүрдүүлэн тайлбар татгалзал гаргах нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүхээс зөрчлийг тушаалд дүрслэн заагаагүй нь хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т заасан ажлаас халах хэмжээний сахилгын зөрчил гаргаж, түүнд тохирсон шийтгэл хүлээлгэсэн тогтоогдоогүй ба одоог хүртэл хариуцагчийн тайлбар, нотлох баримт зэрэг нь тодорхой бус нөхцөл байдалтай байгаа, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дүгээр зүйлийн 22.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн нь Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн 2018 оны 10 сарын 30-ны өдрийн 001 /ХТ2018/01520 дугаар тогтоолд нийцээгүй байна. Иймд дээр дурьдсныг үндэслэж магадлалыг болгож, шийдвэрийг хэвээр үлдээж, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан байна.

Нэхэмжлэгч Н.О нь хариуцагч “З-1” СӨХнд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийн хүссэн  нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, хөдөлмөрийн гэрээг хуульд заасан үндэслэлээр цуцалсан гэж маргажээ.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд контрактын гэрээ байгуулагдсан гэж эрх зүйн харилцааг оновчгүй тодорхойлсноор Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүх залруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй тул магадлалыг хэвээр үлдээв. Магадлалыг хүчингүй болгуулж, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн хяналтын гомдлыг хангах боломжгүй байна.

“З-1” СӨХны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01 дүгээр тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлээр Н.Оийг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлжээ. Ажил олгогч нь “ажлаас халах тухай” тушаал гаргахдаа ...Н.Оийг гүйцэтгэх захирлын албан тушаалаас 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.” гэж заасан боловч уг тушаал нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас халсан агуулгатай болохыг зохигч маргаагүй, шүүх тушаалын агуулгыг үндэслэлтэй дүгнэсэн байна.

Зохигч талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан, хөдөлмөрийн гэрээний нэг төрөл болох контрактын үндсэн шинж, агуулга тогтоогдоогүй талаар давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ. Н.О нь мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан боловч ажилтны өндөр ур чадвар, ажилтны мэдэлд олгож буй хөрөнгийн хэмжээ, өмч захиран зарцуулах эрх, ажлын эцсийн үр дүн зэрэг контрактын үндсэн шинж тогтоогдоогүй тул хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.3-т заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.7-д зааснаар Н.О нь хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөх, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэх, 4 000 000 төгрөгөөс дээш хэмжээний үнийн дүнтэй гэрээт ажил бүхий төсвийг удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнтэй зөвшилцөж шийдвэрлэх үүрэгтэй байна.

2017 оны 10 дугаар сард Их монгол хөлөг аудит ХХК-иас “З-1” СӨХны санхүүгийн баримтад аудитын шалгалт явуулж, гүйцэтгэх захирал Н.От холбогдох, нийт 10 879 350 төгрөгийн зөрчил дутагдал илэрсэн, Н.О нь 2016, 2017 онуудад өөрийн цалинг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн, нийт ажилчдын цалингийн нэмэгдлийн 48,6 хувийг Н.Оийн авсан цалин эзэлсэн, ...сард 996 154-1 300 469 төгрөгийн цалинг ТУЗ-ийн шийдвэргүйгээр авсан болохыг тогтоосон, уг баримтыг үгүйсгэх өөр баримт хэрэгт байхгүй, ажилтны буруутай үйлдэл тогтоогдсон байв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” бол ажил олгогч санаачилгаараа хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт байгаа баримтад тулгуурлан Н.Оийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5-д нийцжээ.

Нэхэмжлэгч хяналтын гомдолдоо “...давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, ... тушаалд ямар зөрчил гаргасныг заагаагүй, хууль бус эрх зүйн акт гаргасан байхад давж заалдах шатны шүүх анхаараагүй, ...тушаалд гаргасан зөрчил, хугацаа, зөрчлийн нотлогдсон байдлыг тодорхой заагаагүй тул Их монгол хөлөг аудит ХХК-ийн дүгнэлтийн талаар мэтгэлцээгүй...” гэжээ.

Тушаалд ажилтны гаргасан зөрчлийг дурдаагүй боловч ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дэх хэсгийг баримталсан, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл нь Их монгол хөлөг аудит ХХК-ийн дүгнэлтээр тогтоогдсон талаар хариуцагч хариу тайлбар, баримт гаргаж, шүүхэд ирүүлсэн, зохигч мэтгэлцсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам зөрчигдөөгүй тул гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр   сарын 17-ны өдрийн 682 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 139 680 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

       ШҮҮГЧ                                                     П.ЗОЛЗАЯА