Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 577

 

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 184/ШШ2018/00577

 

Улаанбаатар хот

 

 

 

 

 

         

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Н.О-ийн,

Хариуцагч: З-1 СӨХ-д холбогдох

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилогдож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, мөн оны 12 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.З, гэрч Д.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Онь анх 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр З-1 СӨХ-ны гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 06 тоот дугаартай З-1 СӨХ-ны удирдах зөвлөлийн даргын тушаалаар гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдож, хөдөлмөрийн гэрээг байгуулан ажиллаж эхэлсэн. Ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээг 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр болон 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр тус тус шинэчлэн байгуулсан. Гэтэл З-1 СӨХ-ны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Э.Батгэрэл нь 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01 тоот тушаал гаргаж ажлаас үндэслэлгүйгээр халсан. Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, хөдөлмөрийн гэрээнд заасныг баримталсан байдаг. Ингэхдээ хөдөлмөрийн гэрээг баримталсан гэх боловч тодорхой бус дурьдсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасны дагуу ажилтныг ажлаас халах тохиолдолд тухайн ажилтантай тохиролцсон тохиролцоо байх ёстой. Ямар зөрчил гарсан тохиолдолд ажлаас халах тухай тохиролцоогүй. Энэ талаар одоо болтол тайлагнахгүй байна. Аудитын дүгнэлтээр гэх ба энэ нь хэн, ямар зорилгоор хэнийг шалгах гэж хийгдсэн бэ, хэний гомдлоор шалгалт хийсэн бэ гэдэг тодорхойгүй. Өмнөх захиралтай холбоотой асуудлаар шалгалт хийсэн байхад Н.О-тэй холбоотой зөрчил нь аль хэсэг вэ гэдгийг зааглаагүй. Ажлаас халсан үндэслэлээ тушаалд албан ёсоор дэлгэрэнгүйгээр тодорхой заах ёстой ч заагаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан тохиолдлыг ямар байдлаар харилцан тохиролцсон бэ гэдэг нь тодорхой бус. Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэж хэнийг хэлээд байгаа вэ. Тусгайлан эд хөрөнгийг бүрэн болон хэсэгчлэн хариуцах гэрээ байдаг эсэх, Н.О хэдэн төгрөгийн зөрчил гаргасан нь байхгүй. СӨХ-ны дотоод журамд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ гэсэн байдаг. Гэтэл ажлаас халахаас 7 хоногийн өмнө хөдөлмөрийн дотоод журмыг баталсан байдаг. Н.Оийн хувьд ажлаа сэтгэлээсээ шударгаар амралтын өдрөөр илүү цагаар ажиллаж гүцэтгэж байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дурьдсан үндэслэл нь ажлаас халсан тушаалд бүх үндэслэл тусгагдаагүй. 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны үйл ажиллагааг аудитаар шалгасан. Гэтэл энэ хугацаа Н.От хамааралгүй хугацааг хамаардаг. Ажилтанг ажлаас халсан тухай тушаалын баримталсан хууль зүйн үндэслэл нь ажлаас халсан үндэслэлтэй тохирч байх ёстой. Тохирч байгаа нь тодорхойгүй. Эд хөрөнгө хариуцсан ажилтантай эд хөрөнгө хариуцсан гэрээ байгуулаагүй. Н.Оямар эд хөрөнгийг юуг хариуцаад байгаа нь огт тодорхойгүй. Ийм хууль бус шийдвэр гаргачихаад Н.Оийн ажиллах хүсэл, урам зоригийг мохоож байгаа. Түүний амьдралын эдийн засгийн баталгааг нь хууль бусаар бүдүүлгээр зөрчиж байна. Цахилгаан шатны засвар үйлчилгээг хийгээд дууссан. Ажиллахгүй байсан лифт ажилладаг болсон. Хүснэгтэд заасан мөнгөн дүнг ажлын хөлс гэж сар болгон шилжүүлдэг. Гэрээний зөрчил гэдэгт юу хамааруулаад байгааг ойлгохгүй байна. Н.Оийн хувьд аудитын дүгнэлтээс харахад хувьдаа мөнгө завшсан, авсан зүйл байхгүй юм байна. Санхүүгийн баримтуудаас харахад тухайн орон сууцны оршин суугчдыг амар тайван амьдруулахын тулд ажлаа сайн хийж байсан зүйл харагдаж байна. Хүүхдийн баярын 500.000 төгрөгийг Н.Охувьдаа завшаагүй нь бас харагдаж байна. Өөртөө илүү цалин авсан гэж тайлбарлаж байна. Гэрч мэдүүлэг өгөхдөө хурууны машинаар бүртгэдэг гэж байна. Үүний дагуу баяр ёслолын өдрөөр ажиллавал цалингийн нэмэгдлийг 1.5 хувиар боддог. Цалинг Н.Оөөрөө өөртөө бодож олгоогүй. Иймд хууль зөрчиж ажлаас халсан байх тул ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилогдож, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч З-1 СӨХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.З шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хамтарсан хуралдаан хийгдсэн. Тус хуралдаанаар аудитын шалгалтын  дүгнэлтийг үнэлэх, тайлагнах, түүнээс илэрсэн зөрчлийг үнэлээд холбогдох хүнд хариуцлага тооцох хуралдаан болсон. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, хяналтын зөвлөлийн дарга нар санхүүгийн зөрчил байна гэж үзээд тухайн үед үүрэг хүлээж байсан захирал Н.Оийг ажлаас халах хурал болсон. Хурал хуулийн дагуу явагдсан. Санал хураалт хүчин төгөлдөр байх нөхцлийг хангасан. Н.Оийг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” гэж заасны дагуу тушаалыг гаргасан. Ингээд 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Н.Оийг аудитын дүгнэлтийг үндэслэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг үндэслэсэн. Тушаал хангалттай хууль зүйн үндэслэлтэй. Талууд 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Хөдөлмөрийн гэрээний 2.18, 2.19, 4.8, 1.8-д заасныг харахад тодорхой байгаа. Хөдөлмөрийн дотоод журамд хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр болох эсэх гэдэг дээр талууд гарын үсэг зурснаар гэсэн байгаа. Хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр болохоор дотоод журам давхар хэрэгжиж эхэлнэ. 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл санхүүгийн баримтад аудит хийсэн. Эндээс Н.Онь мөнгө үрэгдүүлж завшсан гэдэг нь гарч ирдэг. Эрх бүхий байгууллагаас гаргасан аудитын дүгнэлтийг баримталсан. Нэхэмжлэгч Н.Огэрээний болон санхүүгийн аргаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үйлдлээр зөрчил илэрсэн. Н.Огүйцэтгэх захирал хийж байх хугацаандаа нягтлангаа мөнгө захиран зарцуулах ажилд оролцуулдаггүй, өөрөө өөртөө мөнгө хүсэж өөрөө өөртөө олгосон баримт байдаг. Лифтний засвар үйлчилгээ хийгдээгүй гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа. Төлбөрийг төлсөн гэхдээ бараа материал болон үйлчилгээг аваагүй. Худалдах худалдан авах гэрээгээр лифтний эд ангийг авах юм бол заавал тэр компаниар засвар үйлчилгээ хийлгэх ёстой байдаг. Хэрвээ энэ үүргийг зөрчиж өөр хувь хүнээр хийлгэх юм бол тухайн компани манайхтай байгуулсан гэрээг цуцлах эрхтэй. Үүнийг Н.Озөрчсөн. Сольсон угсарсан, бас гэрээнд заасан бараа материалыг нийлүүлээгүй гэсэн албан бичгийг гэрээ байгуулсан компаниас ирүүлсэн. Цалин хөлс бодох журам байхгүй байж цалин илүү бодож олгосон, аудитын дүгнэлт гарсаны дараа ийм журам байна гэж гаргаж ирсэн. Иймд дээрхи зөрчлийг Н.Онь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэлтэй байсан тул ажлаас халах тушаалыг гаргасан гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн  нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                   Ү Н Д Э С Л Э Х  нь:

            Нэхэмжлэгч Н.Онь хариуцагч З-1 СӨХ-нд холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан байна.

            З-1 СӨХ-ны төлөөлөн удирдах зөвлөлийн даргын 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01 дугаартай тушаалаар Н.Оийг Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дугаар заалт болон хөдөлмөрийн гэрээг үндэслэн гүйцэтгэх захирлын албан тушаалаас 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас түдгэлзүүлж, ажлаас халах тухай тушаалыг гаргасан байна.

Нэхэмжлэгч Н.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, хөдөлмөрийн гэрээг баримталсан гэх боловч хөдөлмөрийн гэрээнд ажилтныг ажлаас халах тохиолдлыг тухайн ажилтантай тохиролцох ёстой боловч тохиролцоогүй, ажлаас халагдахаар ямар зөрчил дутагдал гаргасан нь шүүх хуралдааны хэлэлцүүлэг хүртэл тодорхойгүй, аудитын дүгнэлтийг үндэслэсэн гэх боловч хэний гомдлоор, ямар зорилгоор хэнийг шалгах гэж хийгдсэн болох нь тодорхойгүй, тус хяналт шалгалтын тайланд дан ганц Н.Оийн ажлыг шалгаагүй, түүнийг ажиллах хугацааг хамраагүй, Н.Отэй холбоотой зөрчил нь аль вэ гэдгийг зааглаагүй, ажлаас халсан тушаалд гаргасан зөрчлийг дурьдаагүй, мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан Н.Омөн эсэх, түүнтэй эд хөрөнгийн бүрэн болон хэсэгчлэн хариуцлагын гэрээ байгуулаагүй, Н.Оямар эд хөрөнгийг хариуцаад хэдэн төгрөгийн зөрчил дутагдал гаргасан нь нь тодорхой бус, түүнийг ажлаас халахаас 7 хоногийн өмнө хөдөлмөрийн дотоод журам нь батлагдсан, цахилгаан шатны засвар үйлчилгээг хийж, ажиллахгүй байсан лифтийг ажилладаг болгосон, цалин хөлсийг сар бүр олгон шилжүүлдэг хурууны бүртгэлтэй учраас өөртөө илүү цалин бодож авах боломжгүй, хөдөлмөрийн хууль тогтоомжид заасан нэмэгдлийг авсан байх боломжтой, хүүхдийн баярын 500.000 төгрөгийг хувьдаа завшаагүй зэргээс харахад Н.Оийн хувьд хувьдаа мөнгө завшсан, авсан зүйл байхгүй, тухайн орон сууцны оршин суугчдыг амар тайван амьдруулахын тулд ажил хийж байсан нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж тайлбарлан маргадаг.

Харин хариуцагч З-1 СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хамтарсан хуралдаанаар аудитын шалгалтын  дүгнэлтийг үнэлэх, тайлагнах, түүнээс илэрсэн зөрчлийг хэлэлцээд холбогдох хүнд хариуцлага тооцох хурал болж, санхүүгийн зөрчил гаргасан үзээд гүйцэтгэх захирал Н.Оийг ажлаас халсан, тус хурал хуулийн дагуу явагдаж санал хураалт хүчин төгөлдөр байх нөхцлийг хангасан, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасны дагуу тушаалыг гаргахдаа 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Н.Оийг аудитын дүгнэлтийг үндэслэсэн нь уг тушаал хууль зүйн үндэслэлтэй, талуудийн хооронд 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 2.18, 2.19, 4.8, 1.8-д зааснаар болон хөдөлмөрийн дотоод журмын дагуу халсан. Н.Онь мөнгө үрэгдүүлж завшсан, гэрээний болон санхүүгийн аргаар зөрчил гаргасан нь аудитын дүгнэлтээр илэрсэн бөгөөд нягтлангаа мөнгө захиран зарцуулах ажилд оролцуулдаггүй, өөрөө өөртөө мөнгө хүсэж өөрөө өөртөө олгосон, лифтний засвар үйлчилгээ хийгдээгүй, лифтний төлбөрийг төлсөн боловч бараа материал болон үйлчилгээг аваагүй, бараа материалыг нийлүүлээгүй гэсэн албан бичгийг гэрээ байгуулсан компаниас ирүүлсэн, цалинг өөртөө илүү бодож олгосон зэрэг зөрчил гаргасан нь ажлаас халах тушаалыг гаргах үндэслэл болсон гэж марган мэтгэлцдэг.

Нэхэмжлэгч Н.Оийг анх 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс З-1 СӨХ-ны Удирдах зөвлөлийн даргын 5 дугаартай тогтоолоор 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс тус СӨХ-ны гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаартай тушаалаар 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс З-1 СӨХ-ны гүйцэтгэх захирлаар тус тус томилон ажиллуулж байсан байх ба 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01 дугаартай тушаалаар Н.Оийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дугаар заалт болон хөдөлмөрийн гэрээг үндэслэн мөн өдрөөс ажлаас халсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог, энэ талаар зохигчид маргаагүй/ХХ-ийн 2-4, 20 дугаар хуудас/ 

Нэхэмжлэгч Н.Онь шүүхэд 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан шүүхийн харъяалал болон шүүхэд гомдол гаргах хугацааг зөрчөөгүй байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.2-т зааснаар холбооны гүйцэтгэх захирлыг сонгох эрхийг Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөл эдлэхээр заасны дагуу З-1 СӨХ-ны Удирдах зөвлөлийн даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаартай тушаалаар Н.Оийг гүйцэтгэх захирлаар томилон ажиллуулсан байна.

Харин З-1 СӨХ-ны төлөөлөн удирдах зөвлөлийн даргын 2017 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 01 дугаартай “Ажлаас халах тухай” тушаалын хууль зүйн үндэслэлийг хянавал уг тушаал нь хууль зүйн үндэслэлгүй болох нь дараах байдлаар тогтоогдож байна. 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.2-т зааснаар холбооны гүйцэтгэх захирлыг чөлөөлөх эрхийг Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөл эдлэхээр заасан атал З-1 СӨХ-ны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга энэхүү эрхийг эдэлсэн болох нь тогтоогддог.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын талаар тусгасан байх ба холбооны эрх барих дээд байгууллага бүх гишүүдийн хурал, мөн холбооны удирдах болон хяналтын зөвлөл тус тусын эрх хэмжээний хүрээнд оролцох, удирдах зөвлөлөөс сонгогдсон гүйцэтгэх захирал бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт холбооны өдөр тутмын үйл ажиллагааг  холбооны дүрэмд заасан эрх хэмжээ, удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээний хүрээнд явуулахаар заасан байх боловч хариуцагч З-1 СӨХ нь хуульд тусгайлан заагаагүй “Төлөөлөн удирдах зөвлөл” гэх холбооны удирдах байгууллагаас шийдвэр гарган ажилтныг ажлаас халан шийдвэрлэсэн нь хуулийн этгээдийн эрхгүй этгээд буюу сууц өмчлөгчдийн холбооны хувьд энэ нэр томъеог хэрэглэсэн нь хууль зөрчжээ.

Нэхэмжлэгч Н.Отэй ажил олгогч З-1 СӨХ нь 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн хэвийн нөхцлөөр сарын үндсэн цалинг 800.000 төгрөг байхаар холбооны гүйцэтгэх захирлын албан тушаалд ажиллуулахаар “Хөдөлмөрийн гэрээ”-г байгуулан ажилласан байдаг./ХХ-ийн 5-8 дугаар хуудас/ 

Нэхэмжлэгч Н.Оийг ажлаас халах тушаалд ажил олгогч хөдөлмөрийн гэрээг үндэслэсэн гэсэн боловч хөдөлмөрийн гэрээний холбогдох зүйл заалтыг тусгаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэх боловч энэ талаар хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй болох нь тогтоогддог. Хөдөлмөрийн гэрээнд талуудын хүлээх хариуцлагыг тусгасан байх боловч ямар тохиолдол үүсэхэд хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлан, дуусгавар болгох талаар нэг бүрчлэн тусгаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дах заалт үндэслэл огт тусгагдаагүй байна.

Хэргийн материалд З-1 СӨХ-ны “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг үнэлүүлэхээр ирүүлсэн боловч ажлаас халсан тушаалын үндэслэлд дотоод журмыг баримтлаагүй байдаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч баримталсан гэж тайлбарладаг боловч Н.Оийг ажиллаж байх үед тус дотоод журам мөрдөгдөж байгаагүй болох нь түүний тайлбараар тогтоогддог. Нэхэмжлэгч Н.Оажлаас халагдахаас өмнөхөн өөрийн санаачлагаар тус дотоод журмыг батлуулсан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарладаг/ХХ-ийн 21-27 дугаар хуудас/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Н.Оийг ажлаас халах гол үндэслэл нь 2017 оны 10 дугаар сард “Ихмонгол хөлөг аудит” ХХК-ийн Сонгинохайрхан дүүрэг дэх З-1 СӨХ-ны 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны санхүүгийн баримтанд хийсэн баримтын шалгалтын тайланд үндэслэн ажлаас халсан гэх боловч уг тайлан нь Н.Оийн ажиллах үеэс өмнөх үе 2016 оноос эхлэсэн санхүүгийн баримтыг хамарсан, тайланд дурьдсан зөрчил дутагдлууд нь түүний буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс болсон эсэх талаар дүгнээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ч зааглан мэтгэлцээгүй тул тус баримтын шалгалтын тайлан түүнтэй холбогдуулан шүүхэд гарган өгсөн санхүүгийн анхан шатны баримтууд нь хариуцагчийн татгалзлыг нотлох хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэх нь тогтоогддоггүй./ХХ-ийн 44-103, 104-121, 105-151 дүгээр хуудас/

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Ихмонгол хөлөг аудит” ХХК-ийн санхүүгийн баримтын шалгалтын тайланд үндэслэн хамтарсан хурал хуралдан гүйцэтгэх захирал Н.Оийг ажлаас халах шийдвэрийг гаргасан гэх тайлбар татгалзал үндэслэлгүй байна. Учир нь тус хуралдаан нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд заасан гүйцэтгэх захирлыг чөлөөлөх эрх бүхий этгээдийн хурал мөн эсэх нь тогтоогддоггүй, өөрөөр хэлбэл холбооны удирдах зөвлөл хуралдсан эсэх нь тодорхойгүй, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн огноотой “Хурлын тэмдэглэл” гэх тэргүүтэй тэмдэглэл хэрэгт авагдсан байх ба тус тэмдэглэлээс сууц өмчлөгчдийн холбооны хуульд заасан ямар хурал хуралдсан болох нь тогтоогддоггүй./ХХ-ийн 34-42, 192-193 дугаар хуудас/

Нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалд хурлаас гарсан шийдвэрийг үндэслэх буюу баримтлаагүй байдаг, иймд “Хурлын тэмдэглэл”-ийг ажлаас халах үр дагавар агуулсан албан ёсны шийдвэр гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймээс ажилтан Н.О-ийг ажлаас халсан тушаал нь хууль зүйн үндэслэлийн хувьд Монгол улсын хөдөлмөрийн болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд нийцээгүй болох нь тогтоогдож байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн баримтын шалгалтын тайлан болон хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг үндэслэн мэтгэлцсэн нь үндэслэлгүй, нэхэмжлэгчид холбогдох гомдлын мөрөөр шалтгалт хийгдээгүй, санхүүгийн шалгалтын хугацаанаас өмнөх үеийн зөрчлүүдийг дурьдсан цаашид анхаарах асуудлууд буюу холбооны санхүүгийн үйл ажиллагааны талаар зөвлөмжийн шинж агуулсан байх ба Н.Оийг ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон болон ажлаас халах санал зөвлөмжийг хүргүүлсэн агуулгагүй болох нь тогтоогдож байх тул татгалзал үндэслэлгүй байна.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Онь мөнгө үрэгдүүлж завшсан, гэрээний болон санхүүгийн аргаар зөрчил гаргасан, нягтлангаа мөнгө захиран зарцуулах ажилд оролцуулдаггүй, өөрөө өөртөө мөнгө хүсэж өөрөө өөртөө олгосон, лифтний засвар үйлчилгээ хийгдээгүй, лифтний төлбөрийг төлсөн боловч бараа материал болон үйлчилгээг аваагүй, нийлүүлээгүй, цалин өөртөө илүү бодож олгосон зэрэг зөрчил гаргасан нь ажлаас халах тушаалыг гаргах үндэслэл болсон гэх ба уг зөрчлүүдийг нэхэгмжлэгч нь хэзээ гаргасан, ажил олгогч түүнийг хэзээ мэдсэн, ямар хариуцлага тооцсон талаар нотлож чаддаггүй, хөдөлмөрийн сахилгын зөрчилд хариуцлага тооцсон эсэх тодорхойгүй, гаргасан зөрчил цаг хугацаа болон нотлох баримтаар зааглагдан тогтоогддоггүй, гүйцэтгэх захирал болон нягтлан бодогчийн ажил үүргийн хуваарь тодорхойгүй, ажлын байрны тодорхойлолтыг батлан мөрдүүлдэггүй, эд хөрөнгө захиран зарцуулахтай холбогдсон харилцааг эд хөрөнгийн хариуцлагын гэрээгээр тохиролцоогүй байх тул татгалзал үндэслэлгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 он хүртэл З-1 СӨХ болон “Хандок” ХХК-тай цахилгаан шат засвар үйлчилгээний гэрээтэй, 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарыг дуустал “Хадокинженеринг” ХХК-тай цахилгаан шатны засвар үйлчилгээний гэрээтэй атал “MGTTT” ХХК-тай цахилгаан шатны дагалдах хэрэгсэл худалдан авах гэрээг байгуулсан нь “Хандок” ХХК болон “Хадокинженеринг” ХХК-тай байгуулсан гэрээг зөрчсөн гэж тайлбарлах боловч  “MGTTT” ХХК-тай цахилгаан шат, түүний дагалдах хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ Н.Обайгуулсан нь гэрээний зөрчил гэж үзэх, Иргэний хуульд заасан үүргийн ямар зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддоггүй./ХХ-ийн 172-173, 158-162, 174-178, 32-33 дугаар хуудас/

Нэхэмжлэгч холбооны мөнгө, эд хөрөнгө хариуцсан ажилтан мөн эсэхийг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт дурьдсан үндэслэлээс үзвэл гүйцэтгэх захирал нь өөрийн эрх хэмжээний дотор зөвхөн дундын өмчлөлийн эд хөрөнгийг ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээ, бусад нийтлэг зардалд  захиран зарцуулах эрх олгогдсон этгээд болох нь тогтоогддог. Н.Онь З-1 СӨХ-ны хууль, дүрэмд харшилсан, эрхээ урвуулан ашигласан, үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдохгүй байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзалд дурьдсан үндэслэлүүд нь тус холбооны нийтлэг эрх ашигт зориулагдан зарцуулагдсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоогддог. Өөрөөр хэлбэл холбооны дундын өмчийг хувьдаа завшсан болохыг эрх бүхий байгууллага эрүүгийн болон зөрчлийн хэрэг үүсгэн гэм бурууг тогтоогоогүй, гаргасан зөрчил, эд хөрөнгийн дутагдлыг илрүүлсэн болох нь тогтоогддоггүй./ХХ-ийн 195-198 дугаар хуудас/

Ажилтан Н.Оийг ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт, ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх ёстой боловч тохирдоггүй, ажил олгогч ажлаас халсан тушаалд гаргасан зөрчлийг дурьдаагүй нь хариуцагч шүүхийн шатанд нотлох баримт бүрдүүлэн тайлбар, татгалзал гаргах нь үндэслэл муутай юм.

Хариуцагч нь ажилтан Н.От Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т заасан ажлаас халах хэмжээний сахилгын зөрчил гаргаж, түүнд тохирсон шийтгэл хүлээлгэсэн эсэх нь мөн тогтоогддоггүй.

Иймд Н.Оийг мөнгө, эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлээр буюу Н.Онь сууц өмчлөгчдийн холбооны эд хөрөнгийг ажил олгогчийн итгэлийг алдсан гэмт хэргийн болон зөрчил, сахилгын шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй гаргасан, буруутай болох нь тогтоодоогүй байхад үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хавтаст хэргийн 28-30, 32-33, 34-42, 44-103, 154-155, 166-163 дугаар хуудсанд авагдсан баримтууд нэхэмжлэлийн шаардлага татгалзалтай холбоогүй, хариуцагч ямар татгалзал нотлох нь тодорхойгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн маргаж буй татгалзлын үндэслэлтэй хамааралгүй, хэрэгт ач холбогдолтой эсэх нь тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй болно.

Түүнчлэн хариуцагч нь ажлаас халсан тушаалыг гардуулсан талаар баримт хэрэгт авагдаагүй байх боловч энэ талаар зохигчид маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Н.Оийг З-1 СӨХ-ны гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорыг сүүлийн 3 сарын дундаж 2.774.844 төгрөг, 1 сарын дундаж цалин 924.948 төгрөг, 1 өдрийн цалинг 42.043 төгрөгөөр тус тус тооцон ажилгүй байсан шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны 76 хоногийн олговорт 3.195.268 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар  хариуцагч З-1 СӨХ-ноос улсын тэмдэгтийн хураамжид  төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтан Н.Оийг З-1 СӨХ-ны гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоосугай.   

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч З-1 СӨХ-ноос ажилгүй байсан хугацааны ажлаас буруу халсан үеийн олговорт 3.195.268 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.От олгосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Оийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг сууиган, нийгмийн өолон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч З-1 СӨХ-нд даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагч “Залуус-1”-СӨХ-ноос улсын тэмдэгтийн хураамжид 206.474 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

 6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б. БАЯРМАА