Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 1377

 

“Зөв амьдрах ухаан” ТББ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2017/00838 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Зөв амьдрах ухаан” ТББ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн Засаг даргад холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 214 350 000 төгрөг гаргуулах, Нийслэлийн Засаг даргад 2017 онд ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажиллахыг даалгах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амарсайхан,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ням,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхдөл, Г.Хандмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Зөв амьдрах ухаан” ТББ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амарсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зөв амьдрах” ТББ нь анх 2006 онд байгуулагдан 11 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа нийгэмд үйлчилдэг байгууллага юм. Манай байгууллага нь орон гэргүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх, өнчин, ядуу, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан гээд бүх насны иргэдийг бичиг баримтжуулах, орон байраар хангах, ажил хөдөлмөрт сургах, дадлагажуулах үйлчилгээ үзүүлдэг. 2013 оны 02 дугаар сард Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас бидний олон жилийн туршлагыг үнэлж, хамтран ажиллах санал тавьж, орон гэргүй 60 иргэнийг манайд байрлуулж, нийгэмшүүлэхэд хамтарч ажиллах хүсэлт тавьсны дагуу гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Эхлээд 2013 оны 02 дугаар сараас 5 дугаар сарыг дуустал Нийслэлийн цагдаагийн газартай 4 сарын гэрээтэй ажилласан. Бид баривчилгаагаар авчирсан 60 иргэнийг усанд оруулах, хувцаслах, хооллох, хэдий бичиг баримтжуулахад зардлын мөнгө өгөөгүй ч гэсэн энэ бүх ажлыг хариуцаж хийсэн. Гэрээ нь дуусахад эдгээр хүмүүсийг хариуцах эзэнгүй 3 cap болсон. Нөхцөл байдал хүнд байсан учраас эдгээр хүмүүсийг хаана байлгах эсхүл буцааж өгөх талаар Цагдаагийн газартай уулзахад гэрээ дууссан учраас бид хариуцахгүй Тамгын газартай ярилц гэсэн. Ингээд НЗДТГ болон Нийслэлийн халамжийн газар зэрэг олон байгууллагатай уулзсаны үр дүнд 8 дугаар сард нь НЗДТГ манай байгууллагатай 2013 оны 5 дугаар сараас үргэлжүүлэн нөхөж 6 сарын хугацаатай гэрээ байгуулан ажиллаж байгаад дахин 3 cap өвлийн хүйтэнд дээрх иргэдийг эзэнгүй хаясан. НЗДТГ нь манай хариуцах ажил биш учраас Нийслэлийн халамжийн байгууллага хариуцаж ажиллана гэдэг. Сүүлд 2015 оны 3 дугаар сарын 17-нд сараар гэрээг нөхөж байгуулсан боловч тус гэрээ байгуулсан өдөр нь гэрээний хугацаа дууссан. Бид удаа дараа НЗДТГ-ын дарга, халамжийн асуудал эрхэлсэн бүх мэргэжилтэн, албан тушаалтнуудад хэдэн cap хамтарч ажиллаад л эдгээр хүмүүс хаягдаж, хүнд нөхцөл байдалтай үлдэж байна, эдгээр асуудлыг нэг мөр болгох талаар санал гаргаж их цаг хугацааг зарцуулсан. Бидэнд “Гэртээ харих зам” гэсэн 5 жилийн хугацаатай, үе шаттай, төсөвтэй үндэсний хөтөлбөр батлагдах учраас хамтарч ажиллана гэсэн хариу өгснөөс хойш 2015 оны 6 дугаар сараас хойш маш их хөөцөлдсөн ба шалтгаан тоочсоор их удсан. Төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж бид нар хохирох ёсгүй. Бидэнд цаашдаа хамтарч ажиллах боломжгүй, төсөв боломжгүй бол энэ тухайгаа бидэнд танилцуулж албан бичгээр мэдэгдэх хэрэгтэй. 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн гэрээнд огноо тавиагүй байсан ба хөтөлбөр батлагдахаар огноо тавина гэж хэлсэн. Нийслэлийн халамжийн газраас 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр явуулсан албан бичигт “Гэртээ харих зам” хөтөлбөр батлагдсан учраас ТББ-ыг нийслэлээс санхүүжүүлэх боломжгүй, дүүрэгтэйгээ хамтарч ажилла, дүүрэг нь төсөв мөнгийг шийдэх ёстой гэсэн байдаг. Үүний дагуу дүүрэг дээр очиж уулзахад “дүүргийн төсөв батлагдсаны дараа хөтөлбөр батлагдсан учраас та нарыг санхүүжүүлэх боломжгүй” гэсэн. Ингээд төрийн бүхий л байгууллагад хандахад Засгийн газраас мөнгийг нь л олгож шийд гэдэг боловч НЗДТГ нь хэрэгжүүлдэггүй. Ийм учраас сонгуулийн өмнө Э.Бат-Үүл дарга, М.Отгонбаяр дарга, мөн Нийслэлийн халамжийн газрын хүмүүстэй бид 2 удаа уулзсан. Ингээд хамгийн сүүлийн уулзалт дээр биднийг “бичиг баримтаа боловсруулаад аваад ир, ганцхан танай асуудлыг Удирдлагын зөвлөлийн хурлаар авч хэлэлцэнэ, дэмжвэл санхүүжилт олгоно” гэсэн. Үүний дагуу материалыг бүрдүүлээд М.Отгонбаяр даргатай уулзахад энэ асуудлыг “би даагаад орно, бүтэхээс бүтэхгүй хүртэл нь явна” гэж хэлсэн. Бидэнд уг хурлаар Э.Бат-Үүл дарга “ямар нэгэн байдлаар санхүүжилтийг нь олго” гэсэн шийдвэр гарсан, захирамжийн төсөл дээр 3 хүн гарын үсэг зурсан байсан учраас бид итгэсэн. 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Ж.Нарантуяатай уулзахад манай байгууллагыг мэдэхгүй, бүр таних ч үгүй байсан учир М.Отгонбаяр дарга дээр очоод уулзтал “Э.Бат-Үүл дарга өөрт нь үүрэг өгсөн шүү дээ, Ж.Нарантуяа дарга Орос руу явахаасаа өмнө Авлигатай тэмцэх газарт танай байгууллагад мөнгө олгоход хуулийн гаргалгааны зөвлөмж хүссэн албан бичиг явуулсан байна, түүний хариуг аваад ир” гэсний дагуу Авлигатай тэмцэх газрын ажилтантай уулзахад тус албан бичгийг НЗДТГ-аас ирүүлсэн учраас хариуг уг байгууллагад явуулна, гэхдээ яагаад ийм албан бичиг явуулж байгааг ойлгохгүй байна гэсэн хариуг бидэнд хэлсэн. Хариуцагч тал гэрээний хугацаа дууссан, 2016 онд гэрээ байгуулаагүй гэсэн тайлбар хэлдэг. Гэтэл 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Засаг дарга н.Батаагийн А/29 тоот захирамжаар “Зөв амьдрах ухаан” ТББ-д байгаа орон гэргүй 60 иргэнийг гэр оронтой нь “Амьдрах ухаан, сургалт үйлдвэрлэлийн төв”-д шилжүүл, гаргаж санхүүжүүл” гэсэн. Мөн эдгээр хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой 650 000 төгрөгийн зардлыг шийдээд хугацаа заасан байсан. М.Отгонбаяр дарга нь үүнийг тийм асуудал байхгүй гэдэг. Тэгээд эдгээр хүмүүсийг буцааж өгөхөөр саналыг нь асуухад нь явахгүй, эндээ үлдэнэ гэсэн санал өгсөн учраас энд нь нийгэмшүүлэхээр үлдээлээ гэж протоколд бичсэн байсан. “Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн төв” нь жилд тэрбум төгрөгийн төсөвтэй байгууллага ба үүнд хүмүүсийг шилжүүлж өгөх гэхээр 20-оос дээш насны хүмүүсийг авна гэдэг, гэтэл манайд хүүхэдтэй хүмүүс ч их байдаг. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Бидний гэрээний дагуу хийсэн ажлын тайланг 3 удаа Нийгмийн халамжийн газраас хэлэлцэж тайлан гаргасан. Одоо манайд 16 хүн байгаа гэж тайлбарладаг бөгөөд эдгээр хүмүүсийг овог нэртэй нь баримтыг гаргаж өгөх хэрэгтэй. Тус 60 иргэнийг ТББ-аар хооллож, хувцаслаж хэрэгцээг нь хангуулж тэжээлгэсэн. Монгол улс Хүний эрхийн конвенцид нэгдэн орсон бөгөөд олон улсын гэрээгээр төр энэ үүргийг хариуцах үүрэгтэй, энэ талаар Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан байдаг. Энэ үүргээ Нийслэлийн засаг дарга биелүүлэхгүй байсан учраас Хүний эрхийн үндэсний комиссоос зөвлөмж хүргүүлсэн байдаг. Манай байгууллага нь Нийслэлийн Засаг даргатай байгуулсан 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн болон 12 дугаар сарын 22-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний холбогдох заалтын дагуу Нийслэлийн Засаг даргаас орон гэргүй 50 иргэнийг буцаан татаагүй учраас 1 иргэнийг өдөрт 9 000 төгрөгөөр тооцон, 2015 оны 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр саруудын олгоогүй санхүүжилт болох 81 450 000 төгрөгийг, 2016 онд мөн эдгээр 50 иргэнээ буцаан татаж аваагүй, манай байгууллагаар ажил гүйцэтгүүлсэний хөлсөнд санхүүжилт өгөөгүй учраас санхүүжилт болох 132 900 000 төгрөг буюу нийтдээ 214 350 000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэн нэхэмжилж байна.

Нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох 2017 онд ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг даалгах шаардлагын хувьд 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 55 тоот ажил гүйцэтгэх гэрээг НЗДТГ-аас “Зөв амьдрах ухаан” ТББ-тай тохиролцон 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан учраас энэ нэхэмжпэлийн шаардлага биелэгдсэн гэж үзэж дээрх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Манай байгууллагад амьдарч байгаа иргэдийн судалгааг үүүхэд гаргаж өгсөн, 2013 оны 02 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл амьдарч байгаа хүн болох 3 жил 8 cap гаруй хугацаанд амьдарч байгаа иргэн ч байдаг. Тэдгээр нэр бүхий 60 иргэн нь эхнэр, хүүхэдтэйгээ манай байгууллагад нийгэмшин амьдарч байгааг ажил үйцэтгэх гэрээг дүгнэж, шалгасан Нийслэлийн Нийгмийн халамж үйлчилгээний газрын зорилтод бүлгийн асуудал эрхэлсэн мэргэжилтэн Ц.Энхжаргал, Санхүү бүртгэлийн халамжийн хэлтсийн дарга н.Гэрэлтуяа гарын үсэгтэй, “Зөв амьдрах ухаан” ТББ-ын ажлыг дүгнэсэн 2014, 2015, 2016 онуудын илтгэх хуудсаар нотлогдсон. НИТХ-аас нийслэл болон орон нутгийн төсвөөс энэ санхүүжилтийг гарахаар зааж өгсөн, Засаг даргад эрхийг нь олгосон байхад уг ТББ-ыг санхүүжүүлэх үүрэгтэй гэж үзэж байна. 2015 оны 3 дугаар сард байгуулсан гэрээг цуцалсан гэх боловч энэ талаар нотлох баримт байхгүй. Санхүүжилт түр зогсоосныг гэрээг цуцалсан гэж тайлбарлаж байгаа нь хуулийг буруу хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэх гэрээг бүрэн цуцалсан, гэрээнээс гатгалзсан нотлох баримт байхгүй. Одоо тус төвд 129 хүн нийгэмшиж амьдарч байгаа. Иргэний хуульд заасан ажил гүйцэтгэх гэрээ нь сунгагдсан байгаа тул гэрээний дагуу санхүүжилтийг нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхдөл, Ц.Энхжаргал, Г.Хандмаа нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч 2 шаардлага гаргасан. Нэхэмжлэгч 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн гэрээг үндэслээд нэхэмжилсэн бөгөөд 81 000 000 төгрөгийг задалсан байна. Нэхэмжлэгч тайлбартаа 60 иргэнийг цагдаагийн байгууллага авчирсан гэдэг. Тэгэхээр Нийслэлийн Засаг дарга нь хариуцагч биш бөгөөд гэрээний оролцогч тал болж үүрэг хүлээгээгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч байгууллагатай цагдаагийн байгууллага гэрээ байгуулсан бөгөөд төсвөө тухайн байгууллага нь шууд захиран зарцуулах эрхтэй этгээд юм. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу Нийслэлийн Засаг дарга нь орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх талаар ТББ-тай хамтарч ажиллаж, санхүүжүүлж болно гэж заасан болохоос үүрэг хүлээгээгүй. Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай хуульд хэрвээ төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу тендер зохион байгуулах ёстой. Нэгэнт ТББ идэвх санаачлагатай оролцож байгаа учраас бид хуульд заасны дагуу санхүүжүүлж болно гэсэн үүргийн хүрээнд санхүүжилт олгосон. Үүний дагуу 2014 оны 3 дугаар сарын 18-нд 81 000 000 төгрөгийн гэрээ байгуулагдаж А/164 тоот Засаг даргын захирамж гарч тус санхүүжилтийг олгосон. Дараа нь 2014 оны 7 дугаар сарын 31-нд гэрээ байгуулагдан, Засаг даргын 788 тоот захирамжаар 188 000 000 төгрөгийн санхүүжилтийг олгосон. Бүх гэрээ хэрэгт авагдсан. Мөн 2015 оны 3 дугаар сарын 17-нд 40 500 000 төгрөгийн гэрээ байгуулан, 188 тоот захирамжийн дагуу мөн дээрх мөнгийг нэхэмжлэгчид олгосон. 2015 оны 12 дугаар сарын 22-нд гэрээ байгуулан 967 тоот захирамжийн дагуу 40 500 000 төгрөгийг бас олгосон байдаг. 2016 онд 898 тоот захирамж гарч 30 000 000 төгрөгийн гэрээ байгуулагдан санхүүжилтийг бүрэн олгосон. “Зөв амьдрах ухаан” ТББ-д нийтдээ 516 448 000 төгрөгийн санхүүжилтийг төсвөөс олгосон. Төрийн бус байгууллага нь өөрийн сайн дурын үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэдгээр 60 иргэнийг НЗДТГ-аас нэг ч хүн очиж хүлээлгэж өгөөгүй. Мөн тэдгээр иргэдийг нэрээр нь тоолж, санхүүжилт болон хэрэгжилт нь ямар байгаа талаар ажлын хэсэг шалгасан, үүнийг хариуцсан мэргэжилтэн болох Ц.Энхжаргал гэдэг хүн очиж тоолж үзэхэд 9 хүн байсан байдаг. Төсвийн шууд захирагч нь хуулинд заасны дагуу санхүүжилтийг олгох ёстой. Хуульд заасны дагуу гэрээгээр ажил гүйцэтгүүлж байгаа юм. Ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлд тодорхой заасан. Цагдаагийн байгууллагад холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагаа гаргах хэрэгтэй байх. Нэхэмжлэлийн 2 дахь шаардлага нь гэрээ байгуулахыг даалгах тухай ба НЗДТГ нь Захиргааны Ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу захиргааны байгууллага юм. Тэгэхээр даалгах гэдэг нь эс үйлдэхүйтэй холбоотой үйлдэл учраас энэ маргааныг иргэний хэргийн шүүх шийдэхгүй. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу захиргааны байгууллагын эс үйлдэхүйтэй холбоотой харилцааг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх учир энэ нь харьяалал зөрчсөн гэж үзэж байна. Түүнчлэн уг нэхэмжлэлийн шаардлага нь бүрэн биелэгдсэн учир нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй. Мөн тус төрийн бус байгууллагыг төрийн ямар чиг үүргийг гүйцэтгүүлэхээр сонгон шалгаруулсан зүйл байдаггүй. Манай харьяа болох төрийн бус байгууллагад байсан хүмүүсийг “Зөв амьдрах ухаан” ТББ-д шилжүүлж өгөөгүй байгаа нь төр өөрийн хийх ёстой ажлыг энэ байгууллагаар хийлгээгүй байна. Гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлээгүй гэж нэхэмжилж байна уу эсхүл гэрээний холбогдох заалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах гээд байна уу. Шүүхээс тодруулахад гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлээгүй гэж нэхэмжлэгч тал тайлбарласан боловч нэхэмжлэгчийн ярьж байгаа гэрээ нь байхгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний гүйцэтгэлийг бүрэн олгоод уг гэрээнүүд дор бүртээ хэрэгжиж дууссан. Мөн үүргийн гүйцэтгэл хэзээ үүсэх вэ гэхээр гэрээ байгуулснаар үүсдэг. Мөн хохирол учирсан гэж гэж тайлбарлахдаа тогны мөнгө, өр гэсэн зүйл ярьж байна. Гэтэл гэрээгээр хүлээсэн үүрэг нь тэдгээр хүмүүсийг нийгэмшүүлж, сургалт, мэргэжил олгоход зориулагдсан, ямар хохирол учирсан талаар яриагүй. Нийслэлийн харъяа байгууллагын үүрэг нь бичиг баримтаар хангах, сургалтанд хамруулах, түр хоноглох байраар хангах, сургалт зөвлөгөө өгөх чиг үүрэгтэй. Төрийн бус байгууллага нь сайн дурын үндсэн дээр иргэдийг нийгэмшүүлж байгаа гэж ярьж байгаа ч үүнийг нотолж чадахгүй байна. Бүх байгуулсан гэрээ нь хэрэгт авагдсан бөгөөд гэрээний хугацааг гэрээнд заасан. Орон гэргүй иргэдийг жилийн 4 улирлын турш санхүүжүүлнэ гэсэн зүйл заалт байхгүй. Бид тус төрийн бус байгууллагад төсөвт тусгагдаагүй мөнгийг гэрээгээр гүйцэтгүүлэх гэдэг нэрийн дор олон удаа өгч байсан. Нэхэмжлэгчийг 2 дахь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгааг ойлгосон. Мөн нэхэмжлэлийн 1 дэх шаардлагын тухайд ямар нэгэн үүргийн гүйцэтгэлийг биелүүлэх гэрээ байхгүй учраас хууль зүйн үндэслэлгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 214 350 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “Зөв амьдрах ухаан” Төрийн бус байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Зөв амьдрах ухаан” ТББ нь нэхэмжлэлээсээ 2017 онд ажил гүйцэтгзх гэрээ байгуулж ажиллахыг Нийслэлийн Засаг даргад даалгах тухай шаардлагаас татгалзсаныг батлан, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар мүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 530 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 769 900 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ням давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

НЗДТГ, Нийслэлийн цагдаагийн газраас тухайн ТББ нь олон жилийн туршлагатай, тогтвортой ажиллаж байгаа байдлыг судлан хамтран ажиллах санал тавьж 2013 оны 02 дугаар сард Улаанбаатар хотын харьяат орон гэргүй тэнэмэл 60 иргэнийг тус төрийн бус байгууллагад нийгэмшүүлэхээр байршуулж хамтран ажиллах болон ажил гүйцэтгэх гэрээ байгуулж хүлээлгэн өгсөн байдаг. Энэхүү хамтран ажиллах гэрээ болон ажил гүйцэтгэх гэ рээг байгуулахдаа Нийслэлийн төр засгийн байгууллага болох Нийслэлийн засаг дарга /түүний тамгын газар/ түүний хэрэгжүүлэгч агентлаг болох Нийслэлийн халамж үйлчилгээний газар нь дээрх 60 иргэнийг нийгэмшүүлэх чиглэлийн хүрээнд Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5, 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу Нийслэлийн засаг даргыг төлөөлж Нийслэлийн халамж үйлчилгээний газар нь “Зөв амьдрах ухаан” ТББ-тай дараах ажил гүйцэтгэх гэрээнүүдийг байгуулж биелэлтийг он оноор тооцож нийгэмшүүлэх үйл ажиллагааны санхүүжилтийг тухайн цаг хугацаанд дутуу олгож байсан байдаг. Үүнд:

2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 6 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулж нийгэмшүүлэхээр хүлээлгэж өгсөн 60 иргэний үйл ажиллагааны зардлыг өдрийн 9 000 төгрөгөөр бодож 63 254 000 төгрөг.

Дээрх гэрээг 2013 оны 6 дугаар сарын 25-аас 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сунгаж нийгэмшин амьдарч байгаа 60 иргэний зардалд 72 000 000 төгрөгийн санхүүжилт олгосон. Мөн ажил гүйцэтгэх гэрээг хугацаа хожимдуулан сунгаж 2013 оны 8 сарын 25-ны өдөр 2013/023 тоот гэрээг нөхөн байгуулж уг гэрээний санхүүжилтийг олгосон.

2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 03 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд дээрх 60 иргэнийг нийгэмшүүлэн байршуулж байгаа зардалд 81 000,000 төгрөгийг олгосон.

2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд 05 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 81 000 000 төгрөгийг олгосон.

2015 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 02 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан боловч хугацаа хожимдуулан сунгаж 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 3 дугаар сарын 31-ний өдөр нөхөн хийж нийгэмшүүлж байгаа 50 иргэний санхүүжилтэнд 40 500 000 төгрөг олгосон.

2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 05 тоот ажил гүйцэтгэх гэрээг хугацаа хожимдуулан байгуулж 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд 50 иргэний санхүүжилтэнд 40 500 000 төгрөгийг тус тус шилжүүлэн өгч байсан ба ажил гүйцэтгэх гэрээнүүдийг нөхөн байгуулж байснаас гадна 2015 оны 2, 3 дугаар улирал буюу 2015 оны 4, 5, 6, 7, 8, 9 сарын 50 иргэний санхүүжилт 81 000 000 төгрөг, 2016 оны бүтэн жилийн хугацаанд 50 иргэний санхүүжилтэнд олгох 132 900 000 төгрөг, нийт 214 350 000 төгрөгийн санхүүжилтийг “Зөв амьдрах ухаан” ТББ-д олгоогүй.

2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Засаг даргын 98 тоот захирамж гарч ажил гүйцэтгэх гэрээг 2017 онд дахин үргэлжлүүлэхээр байгуулж 30 000 000 төгрөгийн санхүүжилт нөхөн олгосон байдаг.

Энэхүү нэхэмжлэлийн шаардлага бүхий хугацаанд “Зөв амьдрах ухаан” ТББ нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил гүйцэтгэх үүргээ бүрэн биелүүлж жил бүр НЗДТГ-т хийсэн ажлаа мэдээлж тайлагнаж байсан бөгөөд Нийслэлийн нийгмийн халамжийн газраас “Зөв амьдрах ухаан” ТББ-д нийгэмшин амьдарч байгаа иргэдийг тоолж бүртгэн ажлын үр дүнг жил бүр дүгнэж оноо балл, үнэлэлт дүгнэлт өгч байсан байхад олговол зохих санхүүжилтийг Нийслэлийн засаг дарга ямар нэг шалтгаангүйгээр олголгүй манай ТББ-ыг хохироож байна.

Дээрх нийгэмшиж байгаа 50 иргэний дутуу олгосон санхүүжилтийг авах талаар “Зөв амьдрах ухаан” ТББ-ын удирдлагуудаас 2015, 2016 онуудад Монгол Улсын Их Хурал, түүний өргөдлийн байнгийн хороо, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Хүний эрхийн үндэсний комисс, Нийслэлийн Засаг дарга, түүний эрх бүхий албан тушаалтнуудад олон удаа албан тоот, өргөдөл гомдол өгч байсан боловч шийдвэрлэж өгөлгүй тус байгууллагыг хохироосоор байсан тул шүүхэд хандахаас өөр аргагүй болсон. Дээрх он жилүүдэд Нийслэлийн Засаг даргын газраас хүлээлгэж өгсөн 50 иргэнийг буцааж авах, хэрэв авахгүй бол энэ хүмүүсийнхээ санхүүжилтийг олгож өг, эсвэл өөр байгууллагад шилжүүлж ав гэсэн шаардлагуудыг удаа дараа тавьж байсан боловч ямар ч арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрлээ.

Тус байгууллагад нийгэмшин амьдарч байгаа 50 иргэний хувьд тэд өөрсдөө бид эндээс явахгүй, өөр газар очихгүй гэдэг тул эдгээр хүмүүсийг хөөж явуулах ямар ч боломжгүй, энэ талаар Нийслэлийн Засаг даргын зүгээс ямар нэг бодитой арга хэмжээ огт аваагүй болно.

Санхүүжилт олгоогүй 2015, 2016 онуудад дээрх 50 иргэний нийгэмшиж байгаа бүх зардлыг манай ТББ өөрсдийн ажил үйлчилгээний орлогоосоо гаргаж амь нас эрүүл мэндийн талаар ямар нэгэн эрсдэл гаргалгүй ажиллаж гэрээнийхээ үүргийг хангалттай биелүүлж ирсэн байдаг. Нэхэмжлэгч байгууллагын хувьд нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж хангалттай нотлох баримтуудыг анхан шатны шүүхэд хангалттай гаргаж өгсөн болно.

Шүүх Нийслэлийн Засаг дарга, “Зөв амьдрах ухаан” ТББ-ын хооронд байгууллагдсан ажил гүйцэтгэх гэрээнүүдийг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 359.2-т заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэсэн, мөн хуулийн 364.1, 42.8-д заасан гол гол үндэслэлүүдийг зааж манай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнийг анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж нэг талыг барьсан шийдвэр гаргаж бодит үйл явдал, зохигчдийн дунд байгуулагдсан гэрээ хэлцэлийг үнэн зөв дүгнэж үзсэнгүй гэж үзэж байна. Иймд шийдвэрийг эс зөвшөөрч хүчингүй болгон өөрчлөлт оруулахаар давж заалдах гаргаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч “Зөв амьдрах ухаан” ТББ нь хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид холбогдуулан 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээнүүдийн үүрэгт болон гэрээг биелүүлээгүйн хохиролд 214 350 000 төгрөг гаргуулах, Нийслэлийн Засаг даргад 2017 онд ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажиллахыг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь нэхэмжлэгч “Зөв амьдрах ухаан” ТББ-тай Ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан тул 2017 онд ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажиллахыг Нийслэлийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ажил гүйцэтгэх гэрээгээр нийт 516 448 000 төгрөгийн санхүүжилтийг авсан ба ажил гүйцэтгэх гэрээнүүд бүгд хугацаандаа хэрэгжиж дууссан, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 187 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/942 тоот захирамж гарснаар гэрээ байгуулах боломжгүй, үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй болсныг нэхэмжлэгчид удаа дараа мэдэгдсэн, Нийслэлийн Засаг дарга нэхэмжлэгч байгууллагын өмнө гэрээгээр хүлээсэн үүрэггүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч “Зөв амьдрах ухаан” ТББ нь Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Нийгмийн халамж үйлчилгээний газар/-тай харилцан тохиролцон 2013 оноос 2015 оны 4 дүгээр сар хүртэл, мөн 2015 оны 10 дугаар сараас 12 дугаар сарыг дуусах хүртэл хугацаанд Ажил гүйцэтгэх гэрээ нэртэй гэрээг байгуулж, нэхэмжлэгч нь Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 22 дугаар зүйлийн 22.1.2-т заасан гэр оронгүй тэнэмэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүний өрхөд мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д зааснаар тэдний амьдрах итгэлийг нэмэгдүүлэх, нийгэмшүүлэх, бичиг баримтжуулах, түр хоноглох байранд байрлуулах, 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу нийт 50-60 иргэдийн боловсрол, эрүүл мэнд, хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээг гүйцэтгэх, хариуцагч Нийслэлийн Засаг даргын тамгын газар /Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс/ нь гэрээний биелэлтийг тооцон нийгэмшүүлэх үйл ажиллагааны санхүүжилтийг олгох үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Хэдийгээр талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ нэртэй гэрээ байгуулагдсан байх боловч гэрээний агуулгаас үзвэл нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон Нийгмийн халамжийн тухай хуульд заасан дээрх үйлчилгээг иргэдэд үзүүлэх үүргийг гүйцэтгэж, хариуцагч түүнтэй холбоотой хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. Уг гэрээнүүдээр нэхэмжлэгч нь өөрийн болон хариуцагчийн материалаар ажил гүйцэтгэж, үр дүнг нь хариуцагчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээгээгүй байх тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй юм.

 

Нэхэмжлэгч, Нийслэлийн Нийгмийн халамжийн үйлчилгээний газрын хооронд 3 сарын хугацаатай байгуулагдсан 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 02 тоот гэрээнд ажлын хөлсний хэмжээ тодорхойгүй байх боловч гэрээнд заасан 2013 оны 1 дүгээр сараас 3 дугаар сарын хугацааны ажлын хөлсөнд 40 500 000 төгрөг, мөн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 05 тоот гэрээгээр тохиролцсон 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-нийг хүртэл хугацааны хөлс 40 500 000 төгрөг, нийт 81 000 000 төгрөгийг нэхэмжлэгч хүлээн авсан талаар талууд маргаагүй тул Иргэний хуулийн хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1 дэх хэсэгт зааснаар гэрээний хугацааг дууссанаар гэрээ дуусгавар болсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ. Өөрөөр хэлбэл, уг гэрээний үүрэг биелэгдэж, хугацаа нь дууссан тул нэхэмжлэгч хөлс шаардах эрхгүй. Мөн Иргэний хуулийн 366 дугаар зүйлийн 366.1 дэх хэсэгт “Гэрээний хугацаа дууссаныг ажиллагч нь нөгөө талдаа мэдэгдэн гэрээг үргэлжлүүлэхийг хүссэнийг ажиллуулагч эсэргүүцээгүй тохиолдолд гэрээг тодорхой бус хугацаагаар сунгасанд тооцно.” гэж заасан үндэслэл хэрэгт цугаларсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн НИТХ-ын 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 187 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/942 тоот захирамж гарсантай холбогдуулан 2016 онд тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй болсныг мэдэгдье гэсэн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1/488 тоот албан бичиг, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 187 дугаар тогтоолоор батлагдсан Гэртээ харих зам нийслэлийн хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын Төлөвлөгөө батлах тухай 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/942 тоот, 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/39 тоот Ажлын хэсэг байгуулах тухай захирамж зэргээс үзэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээг тодорхой бус хугацаагаар сунгагдсан гэх үндэслэлгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч нь 2013 оны 02 дугаар сард Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас бидний олон жилийн туршлагыг үнэлж, хамтран ажиллах санал тавьж, орон гэргүй 60 иргэнийг манайд байрлуулсан гэж тайлбарлаж байх боловч нэр бүхий 60 иргэнийг Нийслэлийн ЗДТГ-аас хүлээлгэж өгсөн гэх үйл баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд нэхэмжлэлд хавсаргасан жагсаалтад дурьдсан нэр бүхий 60 иргэн нь гэрээгээр хүлээлгэн өгсөн иргэд мөн эсэх тухайн гэрээний хугацаа дуусгавар болсон үед буюу 2015 оны 4-10 дугаар сар, 2016 онуудад тухайн иргэдэд нэхэмжлэгч байгуулага нь хууль, болон гэрээнд заасан халамжийн үйлчилгээг үзүүлснээс 214 350 000 төгрөгийн зардал гарч, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан хохирол учирсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Нэхэмжлэгч нь шаардлага, түүний тайлбар үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2017/00838 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Нямын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 299 900 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                   ШҮҮГЧИД                                  А.МӨНХЗУЛ     

 

                                                                                      С.ЭНХТӨР