Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2020/0337

 

 

 

 

 

 

 

2020 он 05 сарын 19 өдөр                 Дугаар 128/ШШ2020/0337                Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “С” ХХК,

Хариуцагч: Амгтг,

Хариуцагч: Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/38 дугаар тушаалаар томилогдсон сонгон шалгаруулалтын комисс,

Гуравдагч этгээд: “Т” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал газрын тосны газраас 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зарласан СШ-34-06-ийн сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцож, Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлсэн байгаа материалаар техникийн саналыг үнэлэх, үнийн саналыг нээж үнэлэх, сонгон шалгаруулахыг даалгах, 2016 оны 06 дугаар сарын 04-ны өдөр зарласан сонгон шалгаруулалтын 2-т заасан СШ-38-02-ийг хүчингүй болгуулах, Сонгон шалгаруулалтын комиссын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 11 дүгээр шийдвэр, Амгтг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/95 дугаар тушаал, мөн даргын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/132 тушаалын СШ-38-02 холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б, хариуцагч Амгтг итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, Б, Э, хариуцагч ТЗын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х, Ц, өмгөөлөгч У, А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн үндсэн шаардлага Ашигт малтмал газрын тосны газраас 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс зарласан сонгон шалгаруулалт 34.6-ийг хүчинтэйд тооцож, Ашигт малтмал газрын тосны газарт ирүүлсэн байгаа материалаар техникийн саналыг үнэлэх, саналыг нээж үнэлэх, сонгон шалгаруулахыг даалгах, 2019 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн зарласан сонгон шалгаруулалтыг 38.2-ыг хүчингүй болгуулах юм.

Энэ нь ямар учиртай вэ гэвэл 2019 оны 03 дугаар сарын 24-ны өдөр зарлагдсан С******* аймгийн Б******* сумын Х******* гэдэг нэртэй 2366.86 га талбайд сонгон шалгаруулах 34.6 тооттой сонгон шалгаруулалтад манай компани оролцсон. Нээх ажиллагаа 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр болоод нийтдээ 8 гишүүний бүрэлдэхүүнтэй байсан. Тэр үед “Т*******” ХХК болон өөр компанийн нийт 2 компанийн ирүүлсэн материал нь дутуу байсан учир сонгон шалгаруулалтаас гаргасан. Цааш үргэлжлүүлээд сонгон шалгаруулалтыг нээх үйл ажиллагаа явагдсан.

Сонгон шалгаруулалтыг нээснээс 7 хоногийн дараа хариу мэдэгдэх, техникийн үнэлгээнд санал нээх асуудал тавигдана гэсэн боловч 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Ашигт малтмал газрын тосны газрын цахим хуудсанд ирүүлсэн техникийн саналыг үнэлэлгүйгээр дахин зарлахаар болсон тул тухайн ирүүлсэн саналыг нээхгүй гэсэн мэдэгдэл гарсан. Үүний дагуу Ашигт малтмал газрын тосны газарт очиж уулзахад 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр үдээс хойш ирээд материалуудаа ав гэсэн хариу өгсөн.

Ямар үндэслэлээр ийм шийдвэр гаргасан бэ гэхэд 05 дугаар сарын 27-ны өдөр лавлана уу гэсэн. Ингээд тэр өдөр нь уулзахад “Т*******” ХХК-аас сонгон шалгаруулалтын комисс бүрэн бүрэлдэхүүнээр байгаагүй гэдэг үндэслэлээр Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн яаманд гомдол гаргаад сонгон шалгаруулалт 34.6-ийг хүчингүй болгосон талаар амаар мэдэгдсэн. Үүнийг үндэслээд 2019 оны 05 дугаар сарын 29-ны өдөр манайх урьдчилан шийдвэрлүүлэх журмаар сонгон шалгаруулах журамд заасны дагуу Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн яаманд гомдол гаргахад 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 08/1759 тоотоор гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн.

Ингээд нэхэмжлэлийг 06 дугаар сарын 11-ний өдөр урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны бичгийг авахад 06 дугаар сарын 04-ны өдөр сонгон шалгаруулалт 38.6 гэсэн шалгаруулалтыг зарлахаар болсон гэсэн утга бүхий зар цахим сүлжээнд тавигдсан байсан учир 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр зарлагдсан 38.2 тоот сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл нь Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 4.1.4 дэх хэсэгт сонгон шалгаруулалтын комисс нь 10 хүний бүрэлдэхүүнтэй байна. Нарийн бичгийн дарга нь саналын эрхгүйгээр оролцоно. Мөн зүйлийн 4.1.16 дэх хэсэгт саналын эрхтэй гишүүдийн 80 ба түүнээс дээш хувийн ирцтэй сонгон шалгаруулалт хүчин төгөлдөр болно гэсэн зохицуулалттай. Үүнээс үзвэл саналын эрхтэй нийт 9 хүний 80 хувь гэдэг нь 7.2 хувьтай гараад саналын 7 гишүүн оролцсон тохиолдолд хүчин төгөлдөр болохоор байсан. 34.6 тоот сонгон шалгаруулалтад 04 дүгээр сарын 30-ны өдөр 10 цаг 09 минутын нээхэд нийтдээ саналын эрхтэй 8 хүн байсан. Нэг минутын дараа буюу 10 цаг 10 минутад нэг гишүүн нь гарсан гэдэг тайлбар байдаг. Тийм учир сонгон шалгаруулалт 34.6 тоот ажиллагаанд нээх ажил өөрөөр хэлбэл журамд заасны дагуу нэг бүрчлэн саналыг нээхэд 7 хүн байсан гэдэг нь Уул уурхай албан яамны албан тоотоор нотлогддог.

Ийм учир сонгон шалгаруулалтын журмын 4.1.16 дэх хэсгийг зөрчөөгүй байх тул хүчинтэйд тооцож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. Сонгон шалгаруулалтын комиссын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 11 дүгээр шийдвэр, Ашигт малтмал газрын тосны газрын даргын 05 дугаар сарын 22-ны өдрийн А/97 дугаар тушаал, Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2019 07 дугаар сарын 10-ны өдрийн А/132 дугаар тушаалын сонгон шалгаруулалт 38.2 дахь хэсэгт холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын Сонгон шалгаруулалтын комиссын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг илт хууль бус тогтоолгохын хууль зүйн үндэслэл нь Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам нь тухайн сонгон шалгаруулалтад оролцож байгаа нийт аж ахуйн нэгжүүд тэгш байдлаар үйлчлэх зарчимтай байдаг. Тухайн сонгон шалгаруулалтад ирүүлсэн нээлтийн тэмдэглэлд саналын эрхтэй 7 гишүүн оролцож 7 хүний гарын үсэг зураад, тухайн саналын дагуу сонгон шалгаруулалтын дүн гараад, сайдын тушаал болж гарсан байдаг. 7 хүн байхад сонгон шалгаруулалт хүчинтэйд тооцогдоно гэсэн нөхцөл тогтоогдож байхад хүчингүй гэж байгаа нь илт хууль бус байх үндэслэл тогтоогдож байна гэсэн үндэслэл байгаа.

Ашигт малтмал газрын тосны газрын даргын 05 дугаар сарын 22-ны өдрийн А/95 дугаар тушаалын илт хууль бус болохыг тогтоолгохын хууль зүйн үндэслэл нь  Сонгон шалгаруулалтын комиссын 11 дүгээр шийдвэрийг үндэслээд энэхүү тушаал гарсан. Нэгэнт саналын эрхтэй 7 хүн оролцсон Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийн шаардлагыг хангаагүй буюу мөн түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр тухайн бичгээр гарсан захиргааны актыг баталсан захиргааны байгууллага нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр сонгон шалгаруулалтын 11 дүгээр шийдвэр хамаарч байгаа. 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/132 дугаар сонгон шалгаруулалтын 38.2 дахь хэсэгт холбогдох хэсгийг илт хууль бусад тогтоолгох үндэслэл нь нэхэмжлэлийн анхны шаардлагыг захиргааны хэргийн шүүх үзээд 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр захиргааны хэрэг үүсгээд үүний дагуу 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч Ашигт малтмалын байгууллага энэ сонгон шалгаруулалт 34.6 буюу 38.2 тооттой холбоотой маргаан үүсгэсэн гэдгийг мэдсэн атлаа маргаан бүхий тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж байгаа нь тухайн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасны дагуу иргэн хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэл байгаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Сонгон шалгаруулалт 34.6-тай холбоотой асуудал байгаа. Хариуцагч нь шийдвэр нээгдэх үед 7 хүн байсан энэ нь 77.7 хувь байсан. 8 дахь гишүүн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар сонгон шалгаруулалтыг нээх үед н.М******* гэдэг хүн байсан. Нээлт хийсний дараа 10 цаг 10 минутад гараад явсан.  Шийдвэр гаргах процесс нь бүх материалуудыг нээж дууссанаар дараагийн материалууд явдаг. Дараа материал нь 10 цаг 45 минут шийдвэр гарахаас өмнө н.М******* нь орж ирсэн байдаг. Нээлтийн саналын тэмдэглэлд нийтдээ 9 хүний гарын үсгээр баталгаажсан байдаг. Дундуур нь хүн орж гарсан асуудал байгаа болохоос биш яг шийдвэр гаргах үйл ажиллагаанд 8 хүн байсан.

Манайх даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь бид нар төрийн захиргааны байгууллага хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулаад түүний дагуу гомдол гаргасан. Үүний үр дагавар нь юу вэ гэж гуравдагч этгээдээс асуусан. Манай байгууллагыг шалгаруулаад өгөөч гэж хүсээгүй. Сонгон шалгаруулалт хууль ёсны дагуу явуулаач гэдгийг хүсэж байгаа. Бид нарын техникийн саналыг нээгээд танайх 0 авлаа гэвэл бид үүнд гомдох үндэслэл байхгүй. Гол нь хууль журмын дагуу шударга байх ёстой. Үүнийг хүсээд байгаа. Тухайн сонгон шалгаруулалтын хуралд манай итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсон. н.О гэдэг хүн ороод гарсан.

Би баттай хэлж чадна. “Т*******” ХХК-ийг сонгон шалгаруулалтад материалыг хүлээн авахаас татгалзсан. Магадгүй манай байгууллага сонгогдох тал нь нээлттэй байсан. Ирц хүрээгүй гэдэг асуудлаар хүчингүй болгуулсан. Сонгон шалгаруулалтын журам нь бүх байгууллагад тэгш боломжийг олгож байгаа. Яагаад нэг сонгон шалгаруулалтыг өөр өөрөөр үзээд байгаа юм бэ. Сонгон шалгаруулалтын ирцэд 7 хүний гарын үсэг байдаг. Бид нар энэ шийдвэрийг хараад ийм шударга бус байж болохгүй гэсэн зарчмаар маргаж байгаа. Бид нар “Т*******” ХХК шиг том байгууллага биш бид үнийн саналаар ялж чадахгүй. Энэ нь тодорхой, гэхдээ бид нар сонгон шалгаруулалт 38.2-т оролцоогүй гэдэг нь манай эрхийг зөрчсөн асуудал байгаад байна. Зөрчсөн эрхээ сэргээлгэх гээд холбогдох байгууллагад гомдол гаргасан. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа ирц дутуу байсан тул хүчингүй болгосон гэсэн.  Бид энэ нь хүний тухай ойлголт яригдаж байгаа. Магадгүй Улсын Их Хуралд программын аргаар хувиар гардаг бол ойлгож болж байна. Сонгон шалгаруулалтын журмын үндсэн санаа нь хүний тухай ойлголт. Иймд эрх нь зөрчигдсөн тул оролцоогүй. Энэ журмыг яг хуулийн дагуу явуулах зорилготой. Иймд манай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл нь  төрийн захиргааны байгууллагын дүгнэлт нь эрх зүйн акт биш. Энэ бол зөвхөн санал. Төрийн захиргааны байгууллагаас гаргасан 11 шийдвэр нь акт мөн Би өмнөх шүүх хуралдаанд дүгнэлттэй маргахгүй гэж хэлсэн. Учир нь тэр дүгнэлт нь  цэвэр саналын асуудал байсан. Тухайн шийдвэр нь төрийн  захиргааны акттай болоод байгаа учир тухайн шийдвэртэй маргаж байгаа. Шийдвэрийн хувьд 11 тоот шийдвэр нь өөрөө эргэлзээтэй байгаа.  Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад хууль зүйн үндэслэл болгоныг гаргаж ирсэн. 11 дүгээр шийдвэр нь сонгон шалгаруулалтын комиссын гишүүдийн гарын үсэг зурагдаагүй.

Харин хурлын тэмдэглэл шийдвэр гэсэн хэлбэрт сонгон шалгаруулалтын комиссын дарга нарийн бичиг, гишүүдийн санал зурагдсан байна. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1 дэх заалтад заасан захиргааны байгууллагын нэр хаяг, тамга тэмдэг болон гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, Захиргааны актын нэр он сар өдөр дугаарыг тодорхой заасан байх шаардлагыг хангаагүй гэж байдаг. 11 дүгээр шийдвэр нь хавтаст хэрэгт авагдсанаар хоёр хэлбэртэй байдаг. Тухайн захиргааны байгууллагын шийдвэрийг гаргасан байгууллага нь тодорхойгүй. Нөгөө нь шийдвэр гэж үзэх эсэх нь тодорхойгүй. Хурлын тэмдэглэл хэлбэрээр биш акт хэлбэрээр байх ёстой.

Мөн түүнчлэн Сонгон шалгаруулалт 38.2-ийн дагуу гарсан А/32 дугаар шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасны дагуу иргэн хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэл байгаагүй. Би төрийн захиргааны байгууллагын дотоод журмыг ямар хэлбэрээр явагддаг талаар мэдэхгүй. Гэхдээ төрийн захиргааны байгууллага нь шүүхэд гаргасан нэхэмжлэл үүссэн тохиолдолд тухайн шүүхийн маргаанаар явж байгаа талбайг түдгэлзүүлдэг. Шүүхийн маргаан явж байгаа тохиолдолд тухайн захиргааны байгууллага  нь дараа нь буруутай үйл ажиллагаанд орохгүй тулд өөрийнх шийдвэрийг хамгаалах арга хэмжээ авдаг. Энэ тохиолдолд би цэвэр хардалтын шинж чанартай ярьж байна. 07 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийг гардаж авсан хир нь яагаад 07 дугаар сарын 28-ны өдөр хариу тайлбараа өгсөн. Ийм асуудал явагдаж байна гэдгийг  мэдэж байсан. Бүх шийдвэрээ гаргасны дараа хариу тайлбараа явуулж байгаа нь  Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6 дахь хэсэгт заасны дагуу тухайн байгууллагад халдах эрх нь байгаагүй. гэв.”

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Та бүхэнд энэ өдрийн мэндийг  хүргэе. Сонгон шалгаруулалтын баримт бичиг кадастрын хэсгийн мэргэжилтэн Б байна. Сонгон шалгаруулалтыг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр А/55 тоот тушаал гарч 03 дугаар сарын 27-ны өдөр цахимаар зарласан. Ингээд сонгон шалгаруулалтыг 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ирц 80 хувьтай буюу журмын дагуу байсан гэсэн үг. 34.6 тоот сонгон шалгаруулалт нь С******* аймгийн Х******* нэртэй талбайн сонгон шалгаруулалтыг нээхэд сонгон шалгаруулалтын гишүүн н.М******* яамнаас ирүүлсэн үүрэг даалгаврыг биелүүлэх хэрэгтэй байсан тул гарч явсан байдаг.

Үүнийг өөрөө хариу тайлбартаа өгсөн. Үүнтэй холбоотойгоор ХХК нар нь гомдол гаргасан. Манайхыг саналын эрхтэй гишүүдийн 80 хувиас дээш ирцтэйгээр нээх ёстой байхад ирц бүрэн биш учир цуцалж өгнө үү гэсэн байдаг. Энэ гомдлын дагуу ажлын хэсэг байгуулагдаж дүгнэлт гаргасан. 2019 оны 05 дугаар сарын 09-нд гарч 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр манайд  дүгнэлтийг ирүүлсэн. Энэ дүгнэлтийг үндэслээд 2019 оны 05 дугаар сарын 14-ны өдөр Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас чиглэл өгсөн. Энэ чиглэл нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Сонгон шалгаруулалтын комиссын 11 дүгээр шийдвэр гарч чиглэлийг үндэслээд сонгон шалгаруулалтын саналын эрхтэй гишүүдийн 80 хувиас дээш байх нь зөрчигдсөн гэдэг үндэслэлээр сонгон шалгаруулалтыг цуцлах шийдвэр гарсан.

Тухайн шийдвэрийг үндэслээд 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 34/6 буюу А/55 тушаалаар зарласан сонгон шалгаруулалтын Ашигт малтмал газрын тосны газрын даргын тушаалаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгосон. Нэхэмжлэгчийн гол журам зөрчсөн  гэж үзэж байгаа үндэслэл нь 80 хувиас дээш ирцтэй байсан гэдэг. Саналын эрхтэй 9 хүн нь 100 хувь гэж үзэх юм бол 7 хүн нь 77.7 хувьтай болж байгаа. Иймд нэхэмжлэгч нь үүнд маргаад байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэгчийн зүгээс сонгон шалгаруулалт нь 7 хүний бүрэлдэхүүнтэй байтал тэгш эрх олгохгүйгээр хүчин төгөлдөр гэж үзсэн байна. Үүнд тайлбар хэлье. Сонгон шалгаруулалт 77 хувийн ирцтэйгээр шийдвэр гаргасан. Шийдвэр гаргасан гэдэг нь тухайн сонгон шалгаруулалтад оролцож байгаа аж ахуйн нэгжийн хуудасны дугаарлалт алдаатай байна гэдэг шалтгаанаар шийдвэр гаргаж, гарын үсэг зураад сонгон шалгаруулалтын бүрэлдэхүүн нь буцаасан. Сонгон шалгаруулалт 40-ийн хувьд санал эрхтэй нэг гишүүн нь гэнэтийн шалтгаанаар эмнэлэгт үзүүлсэн. Нээх ажиллагаанд нь аж ахуйн нэгжүүдэд 9 цагаас гэж зарласан. Зарласан хугацаандаа бүрдэл бүрэн эсэхийг бүртгээд саналын эрхтэй гишүүдийн ямар нэгэн санал гаргахгүйгээр тэмдэглэл үйлдээд ирц бүрдсэний дараа шийдвэрээ гаргасан. Техникийн саналаа үнэлээд, оноо гаргасны дараа маргааш  нь журамд заасан хугацаанд нь цахим хуудсанд тавиад бүх аж ахуйн нэгжүүдэд дурдаад тэр тэр байгууллага хэдэн сарын тэдэн хүрэлцэн ирнэ үү гэж зарладаг. Тухайн үед нэхэмжлэгч байгууллага мэдээллийг авсан гэж хэлэх байна.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагуудыг гаргасан ба 2020 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 1785 тоот захирамжаар хэрэгсэхгүй болгосон байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 03 дугаар сарын 14-ны өдрийн 1758 шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байгаа. Гэтэл энэ захирамжаар 95 дугаар тушаал, 11 дүгээр шийдвэрийг илт хууль бус болохыг хүлээж авахаас татгалзсан шийдвэр байдаг. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан үндэслэлээр энэ нэхэмжлэл дахиж гарахгүй байх гэж бодож байна. Өмнө шүүхийн захирамжаар хүлээж авахаас татгалзсан байдаг.

Мөн 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/132 дугаар тушаалын 38.2-ийг илт хууль бус болохыг тогтоолгох  хүлээн авахаас татгалзсан. Энэ асуудлууд буюу илт бусад тооцох асуудлууд яригдахгүй гэж бодож байна. Дээрээс нь нэхэмжлэгчийн утга агуулгын алдаатай байсан ба ямар алдаатайгаа нэхэмжлэгч нэг ч тайлбар хийсэнгүй. Сонгон шалгаруулалт 38.2-т оролцох эсэх нь бүгд нээлттэй байсан. Төрийн захиргааны шийдвэр түүнтэй холбоотой сонгон шалгаруулалтыг түдгэлзүүлэх, Захиргааны хэргийн шүүхийн болон бусад эрх бүхий төрийн албаны тушаал, шийдвэр байхгүй. Яамны дүгнэлттэй маргаагүй байдаг. Яамны дүгнэлтийг цаашид нь урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагагүй гэж үзэж байна. Яам нь өөрөө төрийн захиргааны бодлогын байгууллага ба гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд шүүхэд хандах эрх нь нээлттэй байсан. Сонгон шалгаруулалт 38.2 болон 40-д оролцох эрхийг нь хязгаарлаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээдийн эрх зүйн байдлын хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрхийн талаар ярья. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагад сонгон шалгаруулалтын 34.6 тоотыг хүчинтэйд тооцож, Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлсэн байгаа техникийн саналыг үнэлэх, сонгон шалгаруулахыг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өмнөх шүүх хуралдаанд ярьж байсан  даалгах гэдэг шаардлага гаргасан ба энэ нь өөрөө Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  дагуу нэхэмжлэл гаргасан тохиолдолд хэнд даалгаж байгаагаа тодорхой байлгах ёстой. Гэтэл даалгах шаардлага гаргасан боловч хэнд гэдэг нь тодорхойгүй. 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/132 тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох, мөн сонгон шалгаруулах комиссын 05 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох гэсэн шаардлага гаргасан. Яг ямар үндэслэлээр илт хууль бус гэж байгаагаа тодорхой хэлэхгүй байна. 3 өөр тус тустаа гаргасан актыг ямар үндэслэлээр илт хууль болохыг тогтоолгох нь үндэслэлгүй.

Үүнийг өмнөх шүүх хуралдаанд ч гэсэн хэлж байсан. Шүүхээс ямар шийдвэр гаргуулах гээд байгаа мөн нэхэмжлэгчийн ямар эрх хууль ёсны ямар эрх ашиг зөрчигдсөн нь тодорхойгүй. Магадгүй нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэвэл нэхэмжлэгчийн ямар хууль ёсны эрх ашиг сэргэх нь тодорхойгүй байна. Шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь биелэгдэх эсэх талаар дүгнэлт хийхгүй байна. “Т*******” ХХК нь тусгай зөвшөөрлөө аваад ажлаа эхлүүлээд байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байна.

Сүүлд нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага байна. Энэ нь сонгон шалгаруулалтын 40-тэй холбоотой гэж үндэслэл болгож ярьдаг. Тухайн сонгон шалгаруулалт нь энэ хэрэгт ямар ч хамааралгүй. Нэхэмжлэгч компани нь тухайн сонгон шалгаруулалтад оролцсон. Үнэхээр 80 хувьдаа хүрээгүй гэж үзсэн бол өмнөх сонгон шалгаруулалтыг гомдлоор авч хэлэлцээд ажлын хэсгийн дүгнэлт гараад хүчингүй болсныг нь мэдсээр байж хүчин төгөлдөр болсны дараа энэ шүүх хуралдаанд хэрэгт хамааралгүй материалаар үндэслэл болгож яриад байна. Илт хууль бус болохыг тогтоолгох үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд захиргааны акт бичгээр гаргах тухай заасан байдаг. Тухайн бичгээр гаргах шаардлагыг хангаагүй нь  илт хууль бус  гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгээс 47.1.6 дахь хэсэгт илт хууль бус болохыг тогтоолгох үндэслэлүүд байдаг. Илт хууль болгох үндэслэлд бүрдүүлбэр холбоотой заалт байдаггүй. Хуульд заагаагүй үндэслэлээр илт хууль бус юм гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Гуравдагч этгээдийн эрх зүйн байдлын хувьд 2019 оны 07 дугаар сарын 31-ны өдөр тусгай зөвшөөрлөө аваад үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хайгуулын ажлын төлөвлөгөөгөө батлуулаад үүний дагуу бүх ажиллагаануудаа хийгээд өнөөдрийг хүртэл 3 тэрбум орчим төгрөгийн ажил хийгдсэн. Сүүлд болоод дууссан сонгон шалгаруулалтын өмнөх асуудлыг гаргаж ирээд биелүүлэх боломжгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна.

Нэхэмжлэгчийн гаргасан шаардлага нь хууль зүйн үндэслэл байхгүй. Яг ямар эрх ашиг нь сэргэх талаар ойлгомжгүй байна. Сонгон шалгаруулалтын 34.6-ийг хүчинтэйд тооцоод ирүүлсэн материалаар үнийн саналыг нээх даалгах шаардлага гаргасан. Аж ахуйн нэгжүүд материалуудаа авсныг аль хэдийнээ мэдсэн байсан.  Түүнээс өмнө материалаа өөрсдөө аваагүй байж өөрсдийнхөөс нь бусад байгууллагын материал байхгүй байхад даалгах шаардлага гаргаад өдийг хүртэл яваад байгаа нь ойлгомжгүй байна.  Сонгон шалгаруулалтад 38.2- т той холбогдуулж маргах эрхгүй учир нь тухайн сонгон шалгаруулалтад оролцоогүй учир. Яамны дүгнэлт байдаг. тухайн дүгнэлтээр хууль тогтоомж зөрчсөн байна гээд үр дагавар үүсгэсэн. Өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Дээд байгууллагын өгсөн чиглэлийн дагуу гаргасан акттай маргаад байгаа нь ойлгомжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч У шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: 2019 оны 06 дугаар сард нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хойш нэхэмжлэлийн шаардлагыг харахад ирцийн асуудал яриад байдаг. Тухайн журамд заасны дагуу бүхэл тоог 100 хувь гэж үзээд оролцсон нь хэд вэ гэж тооцоолол гаргадаг. Гэтэл нэхэмжлэгч өөрийн  нэхэмжлэлийн шаардлагад 7.2 хувь гээд ирцтэй хүрээгүй гэсэн асуудал яриад байдаг. Дотоод аудитын газраас Ашигт малтмал, газрын тосны газарт зөрчлөө арилга гэсэн утгатайгаар 2019 оны  08/1427 дугаар албан бичгийг хүргүүлсэн. Энэ албан бичгийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газар зөрчлийг арилгаад сонгон шалгаруулалт 38.2-ийг нээлттэй зарласан.

Төрийн болон орон нутгийн өмчийн мөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 болон 17.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч тухайн сонгон шалгаруулалтад оролцох эрх нь нээлттэй байсан. Уул уурхайн хүнд үйлдвэрлэлийн яамнаас гаргасан журамд оролцогч этгээд тендертэй холбоотойгоор марган гэж заасан.  Гэтэл нэхэмжлэгч этгээд нь энэ сонгон шалгаруулалтад оролцоогүй. Иймд гомдол гаргах эрхгүй гэж үзэж байна. Мөн сонгон шалгаруулалт 38.2-ийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх ашиг яаж сэргэх нь тодорхойгүй. Хэрэв хүчингүй болговол гуравдагч этгээдийн эрх ашиг нь ноцтойгоор зөрчигдөнө. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож ирцийн асуудал яриад байдаг болохоос биш хууль зүйн үндэслэл ярихгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. “Т*******” ХХК нь хууль тогтоомжийг зөрчиж шалгарсан зүйл байхгүй.  Санхүүгийн нөхцөл байдлын улмаас тендерт оролцох эрхгүй гэдэг ба энэ талаар хавтаст хэрэгт авагдсан. Ингээд Манай байгууллага шалгарсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3 дахь хэсэгт нэхэмжлэл гэж юу болох талаар заасан. Мөн Захиргааны хууль бус ажиллагааны улмаас эрхээ сэргээлгэх холбогдох харилцааг энэ хуулиар зохицуулдаг. Захиргааны байгууллагын ямар ажиллагаанаас болоод эрх ашиг нь зөрчигдсөн гэдэг нь нэхэмжлэлийн үндэслэлд тодорхойгүй байна. Нэхэмжлэгч хариуцагчийн хэн нь ч маргаагүй. Тендерийн үр дагавар хэрэгжсэн тух нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна.” гэв.

                                                     ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Ашигт малтмал, газрын тосны газраас 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр С******* аймгийн Б******* сумын Х******* нэртэй газар 2366.86 га талбайд сонгон шалгаруулалтыг зарлаж, 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр техникийн саналыг нээж, “Т” ХХК, “А*******” ХХК-иудын техникийн санал сонгон шалгаруулалтын журмын 3 дугаар зүйлийн 3.4-д заасныг хангаагүй тул саналыг хүлээн авахаас татгалзжээ.

Улмаар “Т” ХХК, “А*******” ХХК-иас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гомдол гаргасны дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/76 дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаал гаргаж, 2019 оны 05 дугаар сарын 09-ны өдөр ажлын хэсэг дүгнэлт гарч, тус яамны 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 08/1427 тоот “арга хэмжээ авах тухай” албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад хүргүүлсний дагуу Сонгон шалгаруулалтын комиссын 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн № 11 дүгээр шийдвэрээр маргаан бүхий талбайн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн саналыг үнэлэхгүйгээр буцаан олгож, сонгон шалгаруулалтыг дахин зарлахаар шийдвэрлэжээ.

Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын тосны газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн № А/95 дугаар тушаалаар өмнөх тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгож, сонгон шалгаруулалтыг дахин зарлах бэлтгэл хангахыг сонгон шалгаруулалтын комисст даалгажээ.

 Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/76 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтэд ““Т” ХХК, “А*******” ХХК-иас ирүүлсэн санал нь сонгон шалгаруулалтын журмын 3 дугаар зүйлийн 3.4-д заасан шаардлагыг хангаагүй бөгөөд сонгон шалгаруулалтын комисс нь мөн журмын 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан ажиллагааг явуулсан нь үндэслэлтэй, уг ажиллагааг явуулахдаа нарийн бичгийн даргаас гадна 7 хүний бүрэлдэхүүнтэй байсан нь мөн журмын 4 дүгээр зүйлийн 4.1.6-д заасныг зөрчсөн тул гомдлыг хангах нь зүйтэй” гэж дүгнэжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “ашигт малтмалын асуудлаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 10.1.2-т “энэ хуулийн , 20.1, 24.2, 26.9, 60.9-д заасан сонгон шалгаруулах журмыг Засгийн газрын эрх олгосноор батлах” гэж, 20 дугаар зүйлийн 20.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 10.1.2-д заасан журмын дагуу зохион байгуулж, доор дурдсан ажиллагааны аль нэгийг гүйцэтгэнэ” гээд хийж гүйцэтгэх ажиллагааг дурьджээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/28 дугаар тушаалаар “тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг” батласан бөгөөд тус журмын 4 дүгээр зүйлийн 4.1.4-д “Сонгон шалгаруулалтын комисс нь дарга, нарийн бичгийн дарга болон гишүүдээс бүрдсэн нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй байна. Нарийн бичгийн дарга нь сонгон шалгаруулалтын саналд үнэлгээ хийх эрхгүй бөгөөд тэмдэглэл хөтөлж, тодорхойлолт, дүгнэлтийн төслийг бэлтгэх, сонгон шалгаруулалтын болон сонгон шалгаруулалтын комиссын үйл ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй”, 4.1.6-д “сонгон шалгаруулалтын комиссын саналын эрхтэй гишүүдийн 80 ба түүнээс дээш хувийн ирцтэйгээр сонгон шалгаруулалт хүчин төгөлдөр болно” гэжээ.

2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр техникийн саналыг нээх хурал дарга, нарийн бичгийн дарга, гишүүд нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй, нэг гишүүн гадаад томилолттой шалтгаанаар чөлөөтэй ирц 88.8 хувьтай эхэлсэн бөгөөд хуулийн этгээдүүдээс ирүүлсэн техникийн саналын бүрдлийг шалгах ажиллагаа 10 цаг 09 минутаас 10 цаг 15 минутын хооронд явагджээ.

Комиссын гишүүн Н.М******* нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.М*******ийн өгсөн үүрэг даалгаварын дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэх асуудалтай холбоотой танилцуулга, мэдээллийг дэлгэрүүлэх, бэлтгэх шалтгаанаар 10 цаг 10 минутаас 10 цаг 40 минутын хооронд СШ-34-06 дугаар С******* аймгийн Б******* сумын Х******* нэртэй сонгон шалгаруулалтын санал нээх ажиллагаанд оролцоогүй талаар 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр тайлбар, тодруулга өгчээ.

Дээрхээс дүгнэвэл тус комиссын гишүүн Н.М******* СШ-34-06 дугаар С******* аймгийн Б******* сумын Х******* нэртэй сонгон шалгаруулалтын санал нээх ажиллагаанд оролцоогүй болох нь түүний тайлбар, тодруулга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/76 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтээр нотлогдож байгаа бөгөөд тухайн санал нээх ажиллагаанд саналын эрхтэй 7 гишүүн байсан нь нийт гишүүдийн 77.7 хувийн ирцийг бүрдүүлж байгаа нь Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “сонгон шалгаруулалтын комиссын саналын эрхтэй гишүүдийн 80 ба түүнээс дээш хувийн ирцтэйгээр сонгон шалгаруулалт хүчин төгөлдөр болно” гэснийг зөрчсөн гэж дүгнэсэн ажлын хэсгийн дүгнэлт хуульд нийцжээ.

 Уг дүгнэлтийг тус яамны 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 08/1427 тоот “арга хэмжээ авах тухай” албан бичгийг хамт Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад хүргүүлсэн бөгөөд Сонгон шалгаруулалтын комисс 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн № 11 дүгээр шийдвэрээр маргаан бүхий талбайн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн саналыг үнэлэхгүйгээр буцаан олгож, сонгон шалгаруулалтыг дахин зарлахаар шийдвэрлэж, Ашигт малтмал, газрын тосны газрын тосны газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн № А/95 дугаар тушаалаар өмнөх тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгож, сонгон шалгаруулалтыг дахин зарлах бэлтгэл хангахыг сонгон шалгаруулалтын комисст даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Учир нь дээрх журмаар сонгон шалгаруулалт явуулах ирцийг нарийвчлан зохицуулж өгсөн бөгөөд СШ-34-06 дугаар сонгон шалгаруулалт уг ирцид хүрээгүй болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар бүрэн тогтоогдож байна

Улмаар сонгон шалгаруулалтыг СШ-38-02 нэртэйгээр 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр дахин зарлаж, техникийн саналыг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нээж, сонгон шалгаруулалтын комиссын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 17 дугаар дүгнэлтээр “А*******” ХХК-ийн шалгаруулжээ.

“А*******” ХХК-иас 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн № А-19/076 тоот албан бичгээр тусгай зөвшөөрөл авах боломжгүй илэрхийлсэн бөгөөд Ашигт малтмал газрын тосны газрын 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 7/5266 тоот албан бичгээр Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 4 дүгээр зүйлийн 4.7.3-д заасан үндэслэлээр гуравдагч этгээд “Т” ХХК-ийг шалгарсанд тооцсныг мэдэгдэж, Амгтг 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн № А/132 дугаар тушаалаар комиссын дүгнэлт, үнэлгээний дүнг баталгаажуулжсан нь мөн хуульд нийцжээ.

Учир нь Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 6.2 дугаар зүйлийн 6.2.1-д “Сонгон шалгаруулалтад оролцогч нь сонгон шалгаруулалтын явцад өөрийнх нь эрх ашиг зөрчигдсөн, сонгон шалгаруулалтын комисс энэхүү журамд заасан үүргээ зөрчсөн гэж үзвэл энэ тухай мэдсэнээс хойш ажлын 5 хоногт багтаан төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргах бөгөөд гомдолд нотлох баримтыг хавсаргана” гэж заасан бөгөөд сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд зөвхөн тухайн сонгон шалгаруулатанд оролцсон оролцогч гомдол гаргахаар журамлажээ.

Гэтэл нэхэмжлэгч нь СШ-38-02 дугаар сонгон шалгаруулалтыг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр зарсныг мэдсэн боловч уг сонгон шалгаруулалтад орцоогүй, өмнөх сонгон шалгаруулалтай холбоотой маргаж буй талаар эрх бүхий байгууллага албан тушаалтанд мэдэгдээгүй байх тул түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхээргүй байна.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д “Сонгон шалгаруулалтад шалгарсан хуулийн этгээд эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлсөн бол төрийн захиргааны байгууллага ажлын 3 өдөрт багтаан хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгож, хайгуулын тусгай зөвшөөрөл болон олгогдсон талбайг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ”, Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын  4 дүгээр зүйлийн 4.6.4-д “Төрийн захиргааны байгууллагын дарга сонгон шалгаруулалтын комиссын нэгдсэн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 2 (хоёр) өдөрт багтаан холбогдох тушаалыг гаргана” 4.6.5-д “Сонгон шалгаруулалтын комиссын нэгдсэн дүгнэлт, Төрийн захиргааны байгууллагын даргын тушаалыг үндэслэн үнэлгээний комисс нь сонгон шалгаруулалтад шалгарсан оролцогчид сонгон шалгаруулалтын үнийн саналын босго үнийн зөрүүг төлөх тухай мэдэгдлийг, харин бусад оролцогч нарт шалгараагүй үндэслэлийг дурдсан мэдэгдлийг гарган энэ тухай журмын 3.6-д заасан холбоо барих утсаар болон шаардлагатай бол цахим шуудангийн хаягаар мэдэгдэнэ” гэж заасан байх тул СШ-38-02 дугаар сонгон шалгаруулалт, түүнийг баталгаажуулсан захиргааны акт хуульд нийцсэн гэж үзэхээр байна.

Нөгөөтэйгүүр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” гээд илт хууль бус болох үндэслэлүүдийг дурдсан бөгөөд дээрх захиргааны актууд нь “утга агуулгын илэрхий алдаатай, бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй, тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” зэрэг илт хууль бус болох шинжийг аль ч агуулаагүй, зорилгодоо нийцсэн захиргааны акт байна.

Мөн нэхэмжлэгчээс “СШ-40-д саналын эрхтэй 7 гишүүн оролцсон, уг сонгон шалгаруулалт хүчинтэй байгаа, хариуцагчаас адил нөхцөлд адил хандаагүй” гэж тайлбарлаж байгаа хэдий ч тухайн сонгон шалгаруулалтад нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, оролцогч нараас тус шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байх тул тус шүүх уг сонгон шалгаруулалттай холбоотой хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх  хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                     ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.2, 20 дугаар зүйлийн 20.1, 20.5-д Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус баримтлан “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй Амгтг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/38 дугаар тушаалаар томилогдсон сонгон шалгаруулалтын комисст тус тус холбогдох Ашигт малтмал газрын тосны газраас 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зарласан СШ-34-06-ийн сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцож, Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлсэн байгаа материалаар техникийн саналыг үнэлэх, үнийн саналыг нээж үнэлэх, сонгон шалгаруулахыг даалгах, 2016 оны 06 дугаар сарын 04-ны өдөр зарласан сонгон шалгаруулалтын 2-т заасан СШ-38-02-ийг хүчингүй болгуулах, Сонгон шалгаруулалтын комиссын 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 11 дүгээр шийдвэр, Амгтг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/95 дугаар тушаал, мөн даргын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/132 тушаалын СШ-38-02 холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ