Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2020/00123

 

 “Т К” ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/00256 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 658 дугаар магадлалтай,

“Т К” ХХК-ний нэхэмжлэлтэй

“Н Т” ХХК-д холбогдох

Гэрээний үүрэгт 59 118 741 төгрөгийг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, ажлын хөлсөнд төлсөн 71 805 987 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрхбилгүүний гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрхбилгүүн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ууганбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, хариуцагчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т К” ХХК нь 2015 оны 2 дугаар сарын 06-ны өдөр 15-1061 тоот Ажил гүйцэтгэх гэрээг “Н Т” ХХК-тай байгуулсан. Тус гэрээнд заасны дагуу “Т К” ХХК нь Бага тэнгэрийн ам цогцолбор төслийн хүрээнд Мастер төлөвлөгөө, Үүд хаалганы дизайн, 54 айлын хэсгийн ланд скеп дизайн, Спортын хэсгийн суурь дизайн, Зочин буудлын суурь дизайны ажлыг хийж гүйцэтгэн “Н Т” ХХК-д хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Манай компани гэрээний дагуу дээрх ажлуудыг хийж гүйцэтгэн 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр зураг төсөл хүлээлцэх актаар хүлээлгэн өгсөн ба “Н Т” ХХК-ийн ерөнхий инженер К.Мурат, архитектор Э.Бархүү нар тус актад гарын үсэг зурж, хүлээн авсан. Ингээд бид ажлаа хүлээлгэж өгсөн тул гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.2-д зааснаар гэрээт ажлын үлдэгдэл төлбөр болох нийт дүнгийн 40 хувь буюу 19 800 ам.доллар шилжүүлэхийг “Н Т” ХХК-иас удаа дараа шаардсаар байгаа боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг төлөөгүй байна. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд гэрээнээс татгалзах талаар тусгасан. Энэ зүйл заалтын дагуу татгалзах ёстой. Гэтэл хариуцагч талаас хэзээ ч тийм албан бичиг ирүүлж байгаагүй. 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн албан тоотоор ажил гүйцэтгээгүй талаар хүргүүлсэн гэж байгаа боловч агуулгыг нь харахаар нэмэлтээр эдгээр ажлыг хийж өгөөч гэсэн агуулга харагдаж байна. Жишээ нь 4 ширхэг орон сууцны барилга, супермаркет нэмэх гэх мэтчилэн. 2015 оны 7 дугаар сарын 22-ны ажил дээр эдгээр зүйлсийг нэмээд өгөөч гэсэн албан бичиг байгаа. Гэрээнд заагдаагүй ажлыг шаардах эрх байхгүй. Бидний зүгээс цаашдын хамтын ажиллагаагаа бодож, шүүх, хуулийн байгууллагад хандахгүйгээр асуудлыг шийдвэрлэх гэж өнөөдрийг хүртэл ”Н Т” ХХК-д боломж олгосон боловч гэрээт ажлын үлдэгдэл төлбөрийг төлөх талаар ямар ч арга хэмжээ аваагүй болно. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.6-д зааснаар ”Н Т” ХХК нь гэрээт ажлын төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгээс 0.2 хувиар тооцож алданги төлөхөөр тохиролцсон, үүний дагуу алдангийг 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 300 хоногийн 0.2 хувийн алданги нийт 23 647 496 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувиар бодож, 19 706 247 төгрөгийг нэмж төлөхөөр байна гэж тооцоолсон. Иймд хариуцагч ”Н Т” ХХК-иас гэрээт ажлын үлдэгдэл төлбөр болох 19 800 ам.доллар буюу 39 412 494 төгрөг, алданги 19 706 247 төгрөг, нийт 59 118 741 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Т К” ХХК болон “Н Т” ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 15-1061 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан нь үнэн. Уг гэрээгээр “Т К” ХХК нь “Н Т” ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөл болох Бага тэнгэр аялал жуулчлалын цогцолборын мастер төлөвлөгөө, үүд хаалганы дизайн, 54 айлын хэсгийн ланд скеп дизайн, спортын хэсгийн суурь дизайн, зочид буудлын суурь дизайны ажлыг хийж гүйцэтгэн “Н Т” ХХК-д хүлээлгэн өгөх үүрэгтэй, “Н Т” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж санхүүжилтийг цаг тухайд нь олгож байсан. Гэтэл “Т К” ХХК нь гэрээний дагуу ажлын зургийг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүй, дутуу хагас шаардлага хангахгүй зураг хийж өгсөн. Манай компаний зүгээс тус компанид 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 15-184 тоот албан бичгээр дутуу ажлуудаа нэмэлтээр хийж өгөхийг шаардсан боловч хийж өгөөгүй. Төслийн ажлыг чанарын шаардлага хангахгүй зураг төслөөр хийх боломжгүй байсан тул манай компаний зүгээс арга буюу Аркетайп Монголиа ХХК-д их хэмжээний төлбөр төлж буюу 78 000 000 ам.долларын төлбөрийн нөхцөл бүхий Үйлчилгээний гэрээ байгуулан зураг төсөл хийлгэж төслийн ажлаа хийж байгаа нь Тэппэн консторакшн ХХК-тай хийсэн гэрээнээсээ татгалзсаныг харуулж байна. “Т К” ХХК нь гэрээт ажлыг 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгөх байсан боловч энэ хугацаанд хүлээлгэн өгөөгүй тул талууд 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гэрээт ажлын явцыг дүгнэсэн протокол үйлдэж ажлын явцыг 60 хувьтай, ажлын явц удаашралтай явж байна гэж дүгнэсэн. 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр талууд гэрээ дүгнэсэн протокол үйлдсэн бөгөөд тус протоколд Бага тэнгэр аялал жуулчлалын цогцолборын мастер төлөвлөгөө боловсруулах явцдаа өмнөх төлөвлөлтөнд байсан барилгуудыг тусгаж өгөөгүй бөгөөд хийж гүйцэтгэсэн зураг нь шаардлага хангаагүй гэж дүгнэн эрх бүхий албан тушаалтнууд баталгаажуулсан. “Н Т” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 15-184 тоот албан бичгээр 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл зарим ажлуудыг нэмж тусган даалгавар хүргүүлсэн. Талуудын хооронд хийгдсэн гэрээ нь зураг төсөл хийлгэх гэрээ байсан, тэр гэрээнд ажлын бүх зураг ордог, гэтэл нэхэмжлэгч “Т К” ХХК нь дутуу ажлуудаа хийж хүлээлгэн өгөөгүй, үүний улмаас манай төлөвлөсөн ажлын хугацаа асар ихээр өнгөрсөн, өөр компаниар ажлын зураг дахин хийлгэсэн. Манай компани өгсөн мөнгөө буцааж авна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Т К” ХХК нь зураг төсөлдөө дээрх дутуу зүйлийг нэмж тусгаагүй, хийж гүйцэтгээгүй, чанарын шаардлага хангаагүй, зай хэмжээ байхгүй дутуу зураг төсөл хийж гүйцэтгэсэн, ашиглах боломжгүй зураг төсөл болсон учраас манай компани тус зургийн дагуу ажлаа хийж гүйцэтгээгүй болно. Энэ нь Барилгын хөгжлийн төв ТӨҮГ, Монголын архитекторуудын эвлэл, Нийслэлийн зураг төслийн хүрээлэн ОНӨААТҮГ зэрэг шинжээчийн дүгнэлтүүдээр тодорхой харагдаж байгаа болно. Иймд “Т К” ХХК-ийг гэрээний үүргээ хугацаандаа, чанартай, бүрэн гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 29 700 ам.доллар буюу 71 805 987 төгрөгийг /2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ханш/ гаргуулан өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч талаас гүйцэтгэсэн ажлыг чанарын шаардлага хангахгүй байсан гэж байгаа боловч ямар шаардлага хангахгүй, ямар доголдолтой байсан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Хэрэв доголдолтой байсан бол гомдлын шаардлага гаргах хугацаа 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болсон байна. Хариуцагч компани ажлын доголдлын талаар огт ярьж байгаагүй, нэхэмжлэл гаргасны дараа сөрөг нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авах боломжгүй. Тухайн зураг шаардлага хангаагүй бол “Н Т” ХХК нь зургийг ашиглахгүй байсан байх. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/00256 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Н Т” ХХК-иас 59 118 741 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т К” ХХК-д олгож, нэхэмжлэгч “Т К” ХХК-иас 71 805 987 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч “Н Т” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Т К” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 454 000 төгрөг, хариуцагч “Н Т” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 516 980 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 454 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 658 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2018/00256 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 812 574 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрхбилгүүн хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.1 дэх хэсэг мөн тус зүйлийн 172.2.1 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэгчийн зүгээс дараах гомдлыг гаргаж байна. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахдаа “...Шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримтын талаар хэргийн оролцогчид мэтгэлцээгүй асуудлаар эрх зүйн дүгнэлт хийсэн нь шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ” гэж дүгнэсэн байдаг бөгөөд учир нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг нотолж байгаа нотлох баримтууд, сөрөг нэхэмжлэл нь хүртэл нэг л гэрээ буюу 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 15-1061 дугаар ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотойгоор маргаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлага нь гэрээний үүрэг буюу үлдэгдэл төлбөр болох 59 118 741 төгрөг гаргуулах тухай, үндэслэл болон агуулга нь хүртэл тухайн гэрээтэй холбоотойгоор тодорхойлсон. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу үүргээ гүйцэтгэсэн бөгөөд гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр, гэрээний үлдэгдэл төлбөрийг нэхэмжилж байгааг Нийслэлийн давж заалдах шатны шүүх ойлголгүй, үндэслэл бүхий дүгнэж, шийдвэр гаргаж чадсангүй. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлээс харвал шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь “...““Т К” ” ХХК нь 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 151061 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг ““Н Т”” ХХК-тай байгуулсан...” гэх /2хх-81/, хариуцагч нь “...Талууд 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан...” гэх /2хх-81/, сөрөг нэхэмжлэлийн шаарлагаа хариуцагчаас “...““Н Т”” ХКК болон ““Т К”” ХХК нар нь 2015 оын 02 дугаар сарын 06-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажиллахаар тохиролцсон ...Иймээс манай компанийн зүгээс гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн ...төгрөгийг нэхэмжилж байна...” гэх /2хх-83-84/ гэх тайлбарууд шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой, ойлгомжтой тусгагдсан байхад давж заалдах шатны шүүхээс хэргийн оролцогчид мэтгэлцээгүй асуудлаар эрх зүйн дүгнэлт хийсэн гэж үзсэн нь үндэслэлгүй дүгнэлт болсон. Түүнчлэн магадлалыг хянавал хэсэгт “Түүнчлэн хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа ажил гүйцэтгэх гэрээний дагуу урьдчилгаа гэж шилжүүлсэн мөнгөө буцаан гаргуулах гэж тодорхойлсон байх ба гэрээнээс татгалзсан, эсхүл гэрээний зөрчилтэй холбоотой хохирол шаардаж байгаа эсэхийг шүүх тодруулаагүйгээс гадна сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ холбогдох хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй байвгэж дүгнэсэн байх бөгөөд анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд мөн л тодорхой тусгагдсан байгаа юм. Хариуцагчаас “хохирол гэж үзэн хохирлоо буцаан шаардаж байгаа...” гэх мөн “Даргалагчаас: Гэрээ цуцлах үед ““Т К”” ХХК ажлынхаа хэдэн хувийг хийсэн байсан бэ?” гэхэд хариуцагчаас “06 дугаар сарын 13-ны өдөр 60 хувьтай байсан...” гэх тайлбаруудаар сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ гэрээг цуцалснаас үүдсэн хохирлыг нэхэмжилж байгаа нь тодорхой байна. Мөн хариуцагчийн хүсэлтээр асуугдсан гэрч болох Э.Бархүү нь болсон явдлын талаар мөн л тодорхой мэдүүлэг өгсөн байдаг. Дурдвал “Ерөнхий концепц гэдэг нь хэдэн жилийн дараа бүх зүйл ямар байхыг томоор хараад ирээдүйд энэ орон зайг ийм болгоно гэж ерөнхийд нь харж байгаа зургийг хэлнэгэх, Түүнээс биш ажлын зураг хүсээгүй гэж ойлгож болох уу? гэхэд Тийм, гэхдээ гэрээ хийхдээ зураг төсвийн гэрээ гэж хийсэн юм билээ...” гэх, Хавтаст хэрэгт байгаа зураг төсөл хүлээлцсэн актад зурсан гарын үсэг таны гарын үсэг мөн үү? гэхэд “Мөн” гэх, “Т К” ХХК-аас ажлын зураг төсөл шаардаагүй юм байна тийм үү? гэхэд “Тийм, дээд бүс дээрээ ажлын зураг нэхсэн. Манай гүйцэтгэгч нар ч гэсэн ажлын зураг нэхэж байсангэх, Дээд бүсийн 64 айлын ландскэп зураг ажлын зураг мөн үү? гэхэд “Биш” гэх /2хх-90-91/ мэдүүлгүүдээс харвал нэхэмжлэгч нь гэрээний дагуу ажлын зураг бус загвар зураг хийхээр тохиролцсон гэдэг нь тодорхой байгаа юм. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний гол нөхцөлөөс үзэхэд нэхэмжлэгч нь Бага тэнгэрийн ам цогцолборын ерөнхий дизайн буюу загвар зургийг хариуцагчийн захиалсны дагуу зурж өгсөн ба энэ нь барилгын зураг төсөл гэдгээс огт өөр ажил хийхээр талууд тохиролцсон гэдгийг анхаарах хэрэгтэй. Анхан шатны шүүх дүгнэхдээ “Ажиллагч “Т К” ХХК нь ажиллуулагч “Н Т” ХХК-д гэрээгээр тохиролцсон ажил болох Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Бага тэнгэр аялал жуулчлалын цогцолборын мастер төлөвлөгөө, үүд хаалганы дизайн, айлын хэсгийн ландскеп дизайн, спортын хэсгийн суурь дизайн, зочид буудлын суурь дизайны ажлыг хийж гүйцэтгэн 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ажиллуулагч “Н Т” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгчээ. /2-р хх-ийн, 30-р хуудас/ хэмээн дүгнэсэн нь үндэслэл бүхий дүгнэлт болсон. Шинжлэх Ухаан Академийн Хэл зохиолын хүрээлэнгээс гаргасан Монгол хэлний их тайлбар толинд “дизайн” гэдэг үгийг “Үйлдвэрийн бүтээгдэхүүний анхны хэлбэр, маяг, хийц, загварыг гоёмсогоор дүрслэн гаргах ажил” гэж тайлбарласан ба үүнээс үзэхэд талуудын гэрээгээр тохиролцон хийж, хийлгэсэн ажил нь Бага тэнгэрийн ам цогцолборын анхны хэлбэр, загвар, хийц, загварыг гаргах ажил байсан нь тодорхой байгаа юм. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Т К” ХХК нь хариуцагч “Н Т” ХХК-д холбогдуулан ажлын хөлсний дутуу 39 412 494 төгрөг, алданги 19 706 247 төгрөг нийт 59 118 741 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг, хариуцагч ажлын үр дүнг бүрэн гүйцэтгээгүй тул гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 29 700 ам.доллар буюу 71 805 987 төгрөгийг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож,хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаажээ.

Давж заалдах шатны шүүх нотлох баримтыг үнэлэх, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлох, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг залруулах боломжтой байхад эдгээр үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэл муутай боловч хэрэгт байгаа баримтын хэмжээнд маргааны бодит үйл баримт тогтоогдоогүй, шүүх маргааны зүйлийг тодорхойлж чадаагүй тул хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх боломжгүй байна.

Нэхэмжлэлийн үндэслэл болсон зохигч талуудын бичгээр байгуулсан 2015 оны 02 сарын 06-ны өдрийн 15-1061 тоот гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж анхан шатны шүүх дүгнэхдээ гэрээний зүйл болох ажлын үр дүнг гэрээний талууд өөр өөрөөр тайлбарласан байхад тодруулж, мэтгэлцээний зүйлийг тодорхой болгоогүй нь хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүйд хүргэсэн байна.

Уг гэрээний зүйл нь дизайн боловсруулах, эсвэл зураг төсөл боловсруулах аль нь болохыг тогтоох, зохигчийг мэтгэлцэхэд чиглүүлэх нь талуудын зарчмыг зөрчихгүй юм. Улмаар гэрээгээр тохирсон ажлын хөлс нь зураг төсөл боловсруулах ажлын зах зээлийн тогтсон ойролцоо ханш эсэх, эсвэл зөвхөн дизайн гаргах ажил учраас үүнд тохирсон ажлын хөлс эсэхийг тодруулах, эдгээр ажлууд нь тус тусдаа байж болох эсэх, эсвэл зураг төслийн ажилд заавал багтаж, хамт байх ёстой ажил эсэхийг мэргэжлийн шинжээчээс тодруулах, энэ талаар эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай байжээ.

Ажил гүйцэтгэх гэрээний нэг гол нөхцөл болох ажлын үр дүнг тодорхой болгохгүйгээр маргааны үйл баримтад материаллаг хэм хэмжээг хэрэглэх боломжгүй юм.

Шүүх ажил гүйцэтгэгчийн гэрээний дагуу гүйцэтгэх ажлыг зохигчоос бүрэн тодруулаагүйгээс гадна шинжээч томилохдоо гэрээний зүйлийг “зураг төсөл боловсруулах ажил” гэж дүгнэн асуулт тавьснаар маргаж буй ойлголт хоорондоо ялгаатай эсэх, нэг ойлголт байх ёстой эсэх талаар шинжээчийн дүгнэлт тодорхой хариултыг өгч чадаагүй байна.

Хэрэгт байгаа баримтын хэмжээнд хяналтын шатны шүүх маргааны зүйлийг тогтоох боломжгүй, зайлшгүй хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийх нөхцөл бүрдээгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгох ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 658 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа 2019 оны 05 сарын 08-ны өдөр төлсөн 453 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                            ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА