Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 1405

 

Х.Ц-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/01089 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х.Ц-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.А болон “Г” ХХК-д холбогдох

 

Улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 000000 дүгээр хороо, 0000000 дугаар байр, 00000000 тоот 56 м.кв орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Х.Ц- “Г” ХХК-тай орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Сүхбаатар дүүрэг, 000000 дүгээр хороонд байрлах 52 байх 0000000 тоот хаягт байрлах орон сууцыг авахаар тохирч, орон сууцны төлбөр 70 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр 25 000 000 төгрөгийг орон сууц ашиглалтад орсны дараа төлөхөөр тохирсон байдаг. Х.Ц- нь гэрээнд заасан үүргээ биелүүлж 95 000 000 төгрөгийг “Г” ХХК-д бүрэн төлсөн. Гэрээний 4.1 дэх хэсэгт захиалагч орон сууцны төлбөрийг бүрэн төлж өмчлөлийг бүрэн шилжүүлж авна гэж заасан. “Г” ХХК-иас орон сууцыг бэлэн болгож улсын комисст хүлээлгэж өгөхөд бэлэн болгосон байсан. С.Ж орон сууцны төлбөрийг төлөх үүргээ төлсөн байхад, орон сууцны өмчлөх эрхийг Н.Ат шилжүүлж өгсөн ба, ингэж шилжүүлэхдээ 00351980 оот гэрчилгээ бичигдэж, улсын бүртгэлд бүртгэж 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргасан. Гэрчилгээ гарсныг Х.Ц- мэдээгүй явж байсан ба 2016 оны 9 дүгээр сард Н.А орон сууцны гэрчилгээг гаргуулж авч 30 000 000 төгрөгийн зээлийг А-аас авсан ба тус банк Н.Атэй холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргаж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шийдвэр гарч, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, анхны болон хоёр дахь дуудлага худалдаа явуулсан байдаг. Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа амжилтгүй болсон тул төлбөр авагчид орон сууцыг санал болгосон. Х.Ц- энэ талаар мэдээд шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Х.Ж-гийн нэхэмжлэлтэй, НШГА-нд холбогдох иргэний хэрэг хэлэлцэгдэж байгаад түдгэлзсэн байгаа.

Талууд орон сууцны төлбөрийг төлсөн тохиолдолд орон сууцны өмчлөлийг Х.Ц-д шилжүүлэхээр тохирсон байдаг. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үндэслэл тодорхойлогдож байгаа. Мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт “үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгэгчид шилжүүлэх”, 227.4 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй” гэж хуульчилж өгсөн. “Г” ХХК нь орон сууцыг өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. Н.Атэй байгуулсан гэрээнд орон сууцны үнийг огт тохиролцоогүй байдаг. Иймээс уг гэрээ нь дүр үзүүлсэн хуурамч гэрээ гэдэг нь нотлогдоно.

Өмчлөх эрхийн гэрчилгээ Н.Аийн нэр дээр гарсан тул түүнийг хариуцагчаар татсан. Нэхэмжлэгч Х.Ц- өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 3 дугаар сард “Г” ХХК дээр Х.Ц- бид хоёр очиж гэрээ байгуулсан ба 70 000 000 төгрөгийг өгч, 25 000 000 төгрөгийг жилийн хугацаанд төлөхөөр тохирч гэрээ байгуулсан. Х.Ц- нь 2014 оны 5 дугаар cap хүртэл өөрийн мөнгөөр Хаан банкны “Г” ХХК-ийн дансанд мөнгө шилжүүлж байсан. Миний төрсөн эгч н.О байраа барьцаа хөрөнгө болгооч, зээл авах гэсэн юм гэж хэлээд би “Г” ХХК-иас гуйж байрны гэрчилгээ гаргуулж, Ариг банкинд үл хөдлөх хөрөнгийг барьцаалж н.О-т зээл авч өгсөн. Х.Ц- өөрөө байрыг 100 хувь мөнгөө төлж авсан тул надад захиран зарцуулах эрх байхгүй гэжээ.

 

Хариуцагч “Г” ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 онд ашиглалтад оруулсан Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Ногоон нуур хотхонд байрлах 2 өрөө орон сууцы Х.Ц- өөрийн эхнэр Н.Атэй хамт ирж үзээд сонголтоо хийж орон сууц авахаар сонирхож, 2,3 хоногийн дараа бид хоёр, хоёр нялх хүүхэдтэй, орон сууцыг зээлээр авъя гэсэн санал гаргаж, Х.Ц- үндсэн зээлдэгч, Н.А хамтран зээлдэгчээр оролцож гэрээ байгуулсан. Х.Ц-, Н.А нар 2013 онд гэр бүл гэрлэлтээ батлуулсан байсан. Бидэнд Х.Ц-, Н.А нарын аль нь мөнгө төлж байгаа нь хамааралгүй, яг адил эрхтэй гэр бүлийн гишүүд хамт гэрээ байгуулсан. Х.Ц-тай анх гэрээ байгуулахад Х.Ц-гийн мэдээлэл байгаагүй тул Н.А ирж гуйхаар нь Н.Аийн нэр дээр бүртгэл хийж өгч явуулсан. Орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ Х.Ц-гийн нэр дээр гарах боломжгүй байсан. “Г” ХХК энэ хэрэг маргаанд ямар ч хамааралгүй гэжээ.

 

Бие даасан шаардлага хангаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой сайн хэлсэнгүй. Н.Аээс хөрөнгөө буцаан шаардаж, “Г” ХХК-ийн хууль бус үйлдлийг тогтоолгох шаардлага гаргаж байна гэж ойлголоо.

Нөхөр нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ эхнэрийн нэр дээр гарсныг 2 жилийн дараа 2016 онд мэдсэн гэж тайлбарлаж байна. Энэ нь өөрөө шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй удаашруулах санаатай юм. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт зааснаар “А” ХХК шударга эзэмшигч юм. Х.Ц-гийн нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй. Гуравдагч этгээдийн зүгээс Х.Ц-гийн гаргаж байгаа нэхэмжлэлийг хариуцагч зөвшөөрч байгааг зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Ц-гийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203029813 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 0000000 дүгээр хороо, 0000000 дугаар байр, 0000000 тоот, 56 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 632 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийг эс зөвшөөрч ИХШХШТ хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг үндэслэн давж заалдах гомдол гаргаж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно”, 16 дугаар зүйлийн 16/3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх эрхтэй” гэж заасан ба Х.Ц- нь Иргэний хууль болон Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар орон сууцыг өмчлөх эрхтэй этгээд бөгөөд анхан шатны шүүхээс өмчлөгчийн эрхийг хязгаарлаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Х.Ц- нь өөрийн хуваарьт хөрөнгөөрөө орон сууцыг худалдан авсан ба энэхүү үйл баримт нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2-т зааснаар хамтран өмчлөх дундын эд хөрөнгүүдэд хамаарахгүй байна. Мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг тодорхойлох тохиолдлуудыг нэрлэсэн байх ба эдгээр нөхцлүүдэд ч мөн хамаарахгүй байна. Х.Ц-, Н.А нар нь хөрөнгийн талаар маргаангүй бөгөөд Н.А өөртөө хуваарьт эд хөрөнгөтэй байх боломжтой ба энэхүү хөрөнгөөс шүүхийн шийдвэрийн төлбөрийг гаргуулах боломжой юм. Анхан шатны шүүхээс орон сууцыг хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэхдээ Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг харгалзан үзсэнгүй. Хуулиас үзэхэд хамтран өмчлөх дундын хөрөнгөөс гэрлэгчдэд оногдох хэсгийг тодорхойлохдоо гэрлэгчид болон гэр бүлийн насанд хүрсэн гишүүдийн шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаар хуваах тухай зохицуулалттай байна. Хариуцагч Н.Аээс орон сууцны талаар маргаан үүсгэж, орон сууцны өөрт оногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагыг гаргаагүй болно.

Хариуцагч “Г” ХХК-иас орон сууцыг Н.Ат шилжүүлэх тухай гэрээ болон хуулийн ямар ч үндэслэл байхгүй байхад 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээнд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг анхан шатны шүүхээс хийсэнгүй. Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар Х.Ц- нь орон сууцны захиалагч байх ба захиалагчийн өмчлөлийн орон сууцыг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй хариуцагч талын хууль бус үйлдлийн талаар шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхээс Н.Аийг байр зээлээр авах гэрээний хамтран зээлдэгч, мөн зээлдэгчийн үүргийг Н.А гүйцэтгэж байсан гэх дүгнэлтийг өгсөн ба Н.Аийг хамтран зээлдэгч гэх гэрээний нөхцөл байхгүй, мөн орон сууцны төлбөрийг огт төлж байгаагүй болно.

Дээрх гэрээнд зааснаар зээлдэгчээр Х.Ц- гэсэн байх ба тэрээр гэрээний 4.1-т байрны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авах эрхтэй байна. Харин хариуцагч Н.Аийн хувьд тус гэрээний 5.3-т зааснаар зөвхөн зээлдэгч Х.Ц-г төлөөлж зээлдэгчийн нэрийн өмнөөс “Г” ХХК-тай харьцах эрхтэй болохоос биш, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авах, зээлийн төлбөрийг төлөх эрх, үүргийг гэрээгээр хүлээгээгүй байна.

Байр зээлээр авах гэрээ болон гэрлэлтийн баталгаа нь Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээгээр захиалагч Х.Ц-д орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх үүргээс хариуцагчийг чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Х.Ц- нь өөрийн хуваарьт хөрөнгөөс орон сууцыг худалдан авсан талаар хариуцагч нар маргаагүй учраас түүнийг баримтаар нотлох шаардлагагүй юм.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдийн №181/ШШ2017/01089 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлээгүй, талуудын маргаантай харилцааг зохицуулсан Иргэний хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүйг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Х.Ц- нь хариуцагч Н.А, “Г” ХХК-д тус тус холбогдуулан улсын бүртгэлийн Ү-2203029813 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 00000000 дүгээр хороо, 00000 дугаар байр, 000000 тоот, 56 м.кв орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Н.А зөвшөөрч, харин хариуцагч “Г” ХХК нь эс зөвшөөрч орон сууцны хамтран зээлдэгч нь хариуцагч Н.Аийн хүсэлтийг үндэслэж, түүнд орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлснийг нэхэмжлэгч мэдэж байсан гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Сүхбаатар дүүрэг, 000000 дүгээр хороо, 0000000 дугаар байр, 000000 тоот, 56 м.кв орон сууцны төлбөрийг төлсөн тул түүнд өмчлөх эрх шилжүүлж өгөх, хариуцагч Н.Аийг гэрээний дагуу өмчлөх эрхийг олж авах эрхгүй гэж тодорхойлсон байна.

 

Нэхэмжлэгч Х.Ц- болон хариуцагч “Г” ХХК-ийн хооронд 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 66-21 тоот Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, Сүхбаатар дүүрэг, 000000 дүгээр хороо, 000000 дугаар байр, 000000 тоот, 56 м.кв орон сууцыг 95 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсны дагуу нэхэмжлэгч нь 70 000 000 төгрөгийг бэлнээр төлсөн, түүнчлэн мөн өдөр ЗГ-0072012 тоот Байр зээлээр авах нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу дээрх орон сууцны үлдэгдэл төлбөр 25 000 000 төгрөгийг Х.Ц-, Н.А нар тогтоосон хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон байгаагаас үзэхэд нэхэмжлэгч талаас нэхэмжлэгч Х.Ц-, хариуцагч Н.А, нөгөөт талаас хариуцагч “Г” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй. /хэргийн 5-7, 104-105 дугаар тал/

 

Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1 дэх хэсэгт “Хэд хэдэн этгээд үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх үүрэгтэй бол тэдгээрийг бүрэн эрх бүхий хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид гэнэ.” гэж заасан тул хэрэгт авагдсан Орон сууцны хөрөнгө оруулалтын болон Байр зээлээр авах гэрээнд хариуцагч Н.А нь нэхэмжлэгчтэй хамтран оролцож байсан нөхцөл байдлаас үзэхэд Х.Ц-, Н.А нарыг хариуцагч “Г” ХХК-аас орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах эрхтэй хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид гэж үзэх бөгөөд мөн тэдгээр нь хариуцагч “Г” ХХК-ийн өмнө орон сууцны үнийг төлөх үүргийг гүйцэтгэгчид гэж Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар тооцогдоно.

 

Түүнчлэн “Г” ХХК-ийн өмнө Х.Ц-, Н.А нарын аль нэг нь маргаан бүхий орон сууцны төлбөрийг төлсөн тохиолдолд худалдах, худалдан авах гэрээний үүргийг гүйцэтгэсэн гэж үзэх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.5 дахь хэсэгт зааснаар нөгөө хамтран үүрэг гүйцэтгэгч үүргээс чөлөөлөгдөнө.

 

Иймээс хариуцагч “Г” ХХК-ийн өмнө төлбөр төлөх үүрэг биелснээр нэхэмжлэгч Х.Ц-, хариуцагч Н.А нарын хэн алины уг орон сууцны өмчлөх эрхийг нэр дээрээ шилжүүлэхийг шаардах эрхтэй болно.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Х.Ц-, хариуцагч Н.А нарын хэн нь орон сууцны өмчлөх эрхийг түрүүлж шилжүүлж авах, ямар хэсгээр өмчлөх талаар тухайлан гэрээнд заагаагүй байх тул хариуцагч Н.Аийн хариуцагч “Г” ХХК-д гаргасан хүсэлтийн дагуу хариуцагч Н.Аийн нэр дээр орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн нь Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1 дэх хэсэгт  нийцэж байна.

Мөн Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгчдийн хэн нэг нь энэ хуулийн 241.1-т заасан шаардлага гаргаагүй бол үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг өөрийн үзэмжээр үүрэг гүйцэтгүүлэгчийн аль нэгд шилжүүлж болох бөгөөд энэ тохиолдолд бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн өмнө хүлээх үүргээс чөлөөлөгдөнө.” гэж зааснаар хариуцагч “Г” ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний зүйлийг хариуцагч буюу худалдан авагч Н.Ат шилжүүлэн өгөх үүргээ бүрэн гүйцэтгэснээр Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-т зааснаар гэрээ дуусгавар болсон байна.

 

Хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид буюу хариуцагч Н.А, нэхэмжлэгч А.Ж нарын хэн нь үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан байх нь хариуцагч “Г” ХХК нь гэрээний үүргийг гүйцэтгэсэнд нөлөөлөхгүй юм.

 

Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүлйийн 9.4.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Ц-гийн хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан өмчлөх эрх шилжүүлэх тухай шаардлагыг хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан гаргах болон хуульд заасны дагуу өмчлөх эрхийг олж авсан хариуцагч Н.Ат холбогдуулан дээрх гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах эрхгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/01089 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, мөн хуулийн 243 дугаар ззүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Улсын бүртгэлийн Ү-0000000 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 00000 дүгээр хороо, 000000 дугаар байр, 0000000 тоот 56 м.кв орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоолгох  тухай нэхэмжлэгч Х.Ц-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 632 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

        ШҮҮГЧИД                                        А.МӨНХЗУЛ

 

                                                            С.ЭНХТӨР