Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 34

 

“Мөнхийн үсэг групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвадорж, Н.Мандах, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамсранжав, Б.Ундрах, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттулга, Ч.Шинэтуяа нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2016/0699 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газар, Үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 500 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 28.7.3, 28.7.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 46 дугаар зүйлийн 46.1.3-т заасныг баримтлан “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн “Татварын ерөнхий газраас 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр зарласан “Онцгой албан татварын тэмдэг хэвлүүлэх, нийлүүлэх, иж бүрдэл хангамж бүхий хяналтын систем нэвтрүүлэх” ТЕГ-ТШ-2014/04 тоот тендерийн тендер шалгаруулалтыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2016/0699 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 500 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамсранжав хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. “Онцгой албан татварын тэмдэг хэвлүүлэх, нийлүүлэх, иж бүрдэл програм хангамж бүхий хяналтын систем нэвтрүүлэх” ТЕГ- ТШ-2014/04 дугаар тендерийн материалд дахин үнэлгээ хийх 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдааны тэмдэглэл үнэлгээ хийхдээ 35 төрлийн шалгуурыг хангасан тухай дүгнэсэн байдаг. Үүнд: цаас 3, будаг 1, нууцлал 3, кодчилол 8, загвар 6 зэргийг тус тусад нь үнэлгээ өгсөн байдаг. Энэхүү үнэлгээг Монгол Улсын Сангийн яамны Хууль, худалдан авах ажиллагааны газраас нягтлан үзэж тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 5/6313 дугаар албан бичгээр тендерийн үнэлгээний материалыг хянаж үзээд "... захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна" гэж дүгнэсэн.

2. “Онцгой албан татварын тэмдэг хэвлүүлэх, нийлүүлэх, иж бүрдэл програм хангамж бүхий хяналтын систем нэвтрүүлэх” ТЕГ- ТШ-2014/04 дугаар тендерийн материалд дахин үнэлгээ хийх 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдааны тэмдэглэл үнэлгээ хийх хэсэгт "... Олон улсын өндөр зэрэглэлийн нууцлалтай, хэт ягаан туяаны гэрэлд тодорч харагдах ялтастай, дахин давтагдахааргүй усан хээтэй, үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан, цавуутай болон цавуугүйгээр үйлдвэрлэгдсэн загвар ирүүлсэн нь шаардлага хангасан. “Баодинг Мингвен Импорт-Экспорт Групп” компаний 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр олгосон цаасны үйлдвэрийн гэрчилгээ..." гэж үнэлсэн байдаг. Үнэлсэн баримт, мөн одоо хэрэглэгдэж байгаа онцгой албан татварын тэмдгийг нягтлан үзэж хэргийн материалд дахин хавсаргасан.

3. “Онцгой албан татварын тэмдэг хэвлүүлэх, нийлүүлэх, иж бүрдэл програм хангамж бүхий хяналтын систем нэвтрүүлэх” ТЕГ- ТШ-2014/04 дугаар тендерийн материалд дахин үнэлгээ хийх 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдааны тэмдэглэл "Үндэсний үнэт цаас" ХХК-ний материалд үнэлгээ хийх хэсэгт "Нийлүүлэгч нь архи, дарс үйлдвэрлэгчийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр тухайн үйлдвэрийн бүтээгдэхүүн тус бүрт онцгой албан татварын тэмдгийг наах тоног төхөөрөмжийг суурилуулах, тохируулах, сургалт явуулах зэрэг арга хэмжээ авч ажиллах төлөвлөгөө гаргасан. Холбогдох зардлыг барааны үнэнд багтааж тооцсон байна. ОК код шалгах "HoneyWell Metrologic” төхөөрөмж” гэж тодорхой байдлаар төлөвлөгөө гарган нарийвчлан заасан байгаа талаар бичиж үнэлсэн байдаг.

Гэвч давж заалдах шатны шүүх асуудлыг нягтлан үзэлгүй зөвхөн нэхэмжлэгчийн хэрэгт авагдаагүй, нотлох баримтад үндэслээгүй яриагаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, шүүх хуулийг буруу хэрэглэж хэргийг шударгаар шийдвэрлэгдэх боломжгүй болгож байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд “Үндэсний үнэт цаас” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Түмэнжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  1. Татварын ерөнхий газраас 2014 онд зарласан онцгой албан татварын тэмдгийг хэвлүүлэх, нийлүүлэх, иж бүрдэл програм хангамж бүхий хяналтын систем нэвтрүүлэх ТЕГ-ТШ-2014/04 тоот тендерийн үнэлгээний хороог Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/171 тоот тушаалаар баталсан байдаг.

Үнэлгээний хороо тендерт оролцогч нарын тендерийн материалд үнэлгээ хийхээр 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хуралдаж, 10 дугаар сарын 06-ны өдөр захиалагчид зөвлөмжийг хүргүүлсэн. Улмаар нэхэмжлэгч Сангийн яаманд гомдол гаргасны дагуу Сангийн яамны 2014 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 5/5583 тоот албан бичгээр гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр хугацаагаар түдгэлзүүлэх, тендерийг материалыг сангийн яаманд хүргүүлэх тухай мэдэгдсэний дагуу Татварын ерөнхий газар холбогдох материалыг хүргүүлсэн байдаг.

Ийнхүү Сангийн яамнаас тендерийн материалыг хянан үзэж 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 5/5898 тоот албан бичгээр үнэлгээний хороог дахин үнэлгээ хийхийг мэдэгдсэний дагуу үнэлгээний хороо 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр тендерийн шалгаруулалт, техникийн тодорхойлолтын шалгуур тус бүрээр үнэлгээг дахин нарийвчлан хийж, Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3 дахь хэсэгт заасныг үндэслэн хамгийн бага харьцуулах үнийн саналаар гуравдагч этгээдийг шалгаруулсан. Тодруулбал үнэлгээний хороо тендерийн баримт бичгийн 5 бүлгийн 3 дах хэсэгт заасан Техникийн тодорхойлолтод заасан шалгуур тус бүрээр үнэлгээ хийсэн байдаг.

Өөрөөр хэлбэл "Үндэсний үнэт цаас" ХХК-ийн тендерийн материалд үнэлгээний хороо 2014 оны 10 дугаар сарын 03, 11 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд "цаас, өндөр зэрэглэлийн нууцлалтай, хэт ягаан туяаны гэрэлд тодорч харагдах ялтастай дахин давтагдахааргүй усан хээтэй, үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан, цавуутай болон цавуугүйгээр үйлдвэрлэгдсэн загвар ирүүлсэн нь шаардлага хангасан “Баодинг Мингвен Импорт-Экспорт Групп" компанийн 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдөр олгосон “цаасны үйлдвэрийн гэрчилгээ", "Нийлүүлэгч нь архи дарс үйлдвэрлэгчийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр тухайн үйлдвэрийн бүтээгдэхүүн тус бүрт онцгой албан татварын тэмдгийг наах тоног төхөөрөмжийг суурилуулах, тохируулах, сургалт явуулах зэрэг арга хэмжээ авч ажиллах төлөвлөгөө гаргасан. Холбогдох зардлыг барааны үнэнд багтааж тооцсон байна" гэж үнэлсэн байдаг. Үүнийг ч анхан шатны шүүх хариуцагч нь 33 шаардлагаар харьцуулан шалгаж үзсэн байна гэдгийг дүгнэсэн байдаг. Гэвч Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтэд үнэлэлт өгөлгүйгээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

2. ТЕГ-ТШ-2014/04 тоот Тендерийн баримт бичгийн 5 бүлгийн 3 дахь хэсэгт заасан Техникийн тодорхойлолтын 3.1.13 ".., бүтээгдэхүүн тус бүрт онцгой албан татварын тэмдгийг наах тоног төхөөрөмжийг суурилуулах, тохируулах, сургалт, явуулах зэрэг арга хэмжээг авч ажиллана" гэх шаардлагыг хэрхэн хэрэгжүүлэх талаарх баримтыг гуравдагч этгээдийн зүгээс хүргүүлсэн.

Тодруулбал гуравдагч этгээдийн тендерийн материалд “Холбогдох үйлчилгээний жагсаалт ба гүйцэтгэлийн хуваарь” хавсаргасан. Гуравдагч этгээдийн зүгээс тоног төхөөрөмжийг Татварын ерөнхий газарт биш архи дарс үйлдвэрлэгчид нийлүүлэх учраас үйлдвэр бүрийг судалж хүчин чадал, шугамын хурд, бүтээгдэхүүний овор хэмжээ, үйлдвэрийг байрны зай талбай зэрэг мэдээллийг судалсны үндсэн дээр тоног төхөөрөмж нийлүүлэх, гадаад худалдааны гэрээ хийх, нийлүүлэх ажил зэргийг тусгасан. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээдийн зүгээс нийт 27 үйлдвэрт наах тоног төхөөрөмжийг худалдан авч суулгах, сургалт зохион байгуулах ажлыг төлөвлөсөн.

Гэтэл давж заалдах шатны шүүх тендерийн баримт бичигт тусгагдсан баримт байсаар байтал Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.3.4 дэх хэсэгт зааснаар нотлох баримт байхгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн ТЕГ-ТШ-2014/04 тоот тендер нь тендер хэрэгжих 3 жилийн хугацаанд тендерийн тодорхойлолтод заасан ажлууд үе шаттайгаар хэрэгжиж дуусах онцлогтой тендер юм. Гуравдагч этгээд "Үндэсний үнэт цаас" ХХК нь Татварын ерөнхий газартай Архи, дарс, тамхины онцгой албан татварын тэмдэг хэвлүүлэх, нийлүүлэх, иж бүрдэл программ хангамж бүхий хяналтын систем нэвтрүүлэх тендерийн гэрээг 2014 оны 11 дүгээр сарын 13-нд байгуулж үе шатны болон нийлүүлэлтийн хуваарийн дагуу тендерийн тодорхойлолтод заасан ажлуудыг хийж байгаа бөгөөд энэ хугацаанд нийт архи дарсны онцгой албан татварын 63 сая ширхэг, тамхины онцгой албан татварын 200 сая ширхэг нийт 3,1 тэрбум төгрөгийн онцгой   албан   татварын   тэмдэг  үйлдвэрлэн   нийлүүлж   гэрээний   үүргээ   сайн биелүүлж байгааг дурдах нь зүйтэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “нотлох баримт” гэсэн 31 дүгээр зүйлийн 31.2-д "хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгчийн тайлбар зэрэг нь нотолгооны хэрэгслээр тогтоогдоно" гэсний дагуу хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбарууд нь нотлох баримт болох юм. Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийн оролцогч нарын тайлбар нотлох баримт биш мэтээр дүгнэсэн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэж үзэхээр байна. Иймд дээрх тайлбар болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харгалзан үзэж магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Мөнхийн үсэг групп” ХХК нь Татварын ерөнхий газар, Үнэлгээний хороонд холбогдуулан 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр зарласан Онцгой албан татварын тэмдэг хэвлүүлэх, нийлүүлэх, иж бүрдэл програм хангамж бүхий хяналтын систем нэвтрүүлэх тендер шалгаруулалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Татварын ерөнхий газраас онцгой албан татварын тэмдэг хэвлүүлэх, нийлүүлэх, иж бүрдэл програм хангамж бүхий хяналтын систем нэвтрүүлэх тендер зарлаж, уг тендерт “Мөнхийн үсэг групп” ХХК, “Үндэсний үнэт цаас” ХХК оролцож, захиргааны байгууллагаас дээрх хоёр компанийн тендерийг хоёуланг нь “шаардлагад нийцсэн тендер” гэж үнэлсэн байна.

Нэхэмжлэгчээс энэхүү үнэлгээний үе шаттай холбогдуулан маргаж, гуравдагч этгээдийн ирүүлсэн тендер шаардлагад нийцээгүй байсан буюу “архи, дарс үйлдвэрлэдэг компани дээр тэмдэг наах тоног төхөөрөмжийг суурилуулаагүй, ямар тоног төхөөрөмж суурилуулах нь тодорхойгүй, зориулалтын дагуу хэвлэж байгаа эсэхийг хянах мэдээллийн програм хангамж байхгүй, цаас шаардлага хангаагүй” гэсэн үндэслэлээр маргажээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт зааснаар тендер нь бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзэх, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2 дахь хэсэгт зааснаар Үнэлгээний хороо нь тендерийг хянан үзэх, үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх эрхтэй байна.

Иймээс Үнэлгээний хорооны өөрийн эрх хэмжээний хүрээнд тендерийг хянан үзэж, сонгон шалгаруулж үнэлэх эрхтэй бөгөөд захиргааны хэргийн шүүхээс энэхүү сонгох эрхийн асуудлыг хянан үзэхдээ зөвхөн Үнэлгээ хороо нь тендер шалгаруулах ажиллагааны журам зөрчсөн эсэх, эсхүл адил тохиолдолд өөр өөр үнэлгээ өгч, тэгш бус хандсан эсэхийг хянах чиг үүрэгтэй тул нэхэмжлэгчийн маргаж байгаа Үнэлгээний хорооны гишүүний өөрийн дотоод итгэл, мэдлэг чадвар дээр суурилсан үнэлгээнд хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй юм.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс аль аль нь захиалагчийн тогтоосон шаардлагын хүрээнд өөр өөр хүчин чадал, үзүүлэлт бүхий ялгаатай тоног төхөөрөмжийг санал болгосноос Үнэлгээний хороо өөрийн эрх хэмжээний хүрээнд үнэлж дүгнэн, аль алины тендерийг “шаардлагад нийцсэн” гэж дүгнэсэн нь захиргааны байгууллагын эрх хэмжээний хүрээнд гарсан, хуульд нийцсэн шийдвэр болжээ.

Өөрөөр хэлбэл, Үнэлгээний хорооноос тэгш эрхийн зарчим зөрчөөгүй, ялгаатай тоног төхөөрөмжийг өөрсдийн мэдлэг чадварын хүрээнд өөр өөрөөр үнэлсэн буюу бүх тендерийг техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан гэж дүгнэсэн нь өөрийн эрх хэмжээний хүрээнд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “ямар тоног төхөөрөмж суурилуулах нь тодорхойгүй” гэх үндэслэлийн тухайд:

Гуравдагч этгээд “Үндэсний үнэт цаас” ХХК-ийн тендерийн баримт бичигт[1] нийлүүлэх тоног төхөөрөмжийн марк, ашиглалтад орсон огноо, үйлдвэрлэсэн улс, хүчин чадал зэрэг үзүүлэлтийг тусгасан, програм ашиглах албан ёсны эрх, гарал үүслийн гэрчилгээ зэргийг хавсаргаж, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг зааж өгсөн  байх тул дээрх гомдол үндэслэлгүй.

Мөн энэхүү тендерийг зарлахдаа захиалагчаас техникийн тодорхойлолтыг заасан, хэрэв шалгарсан тохиолдолд барааг нийлүүлэх болохоос шалгаруулалт болохоос өмнө тоног төхөөрөмжийг бэлэн болгох, эсхүл бэлэн бараа, бүтээгдэхүүн худалдан авах ажиллагаа биш тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “тэмдэг наах тоног төхөөрөмжийг суурилуулаагүй” гэсэн үндэслэлээр гуравдагч этгээд болон хариуцагчийг буруутгах боломжгүй. 

Тодруулбал, тоног төхөөрөмж суурилуулах ажил нь маргааны үйл баримтад хамааралгүй, тендерийн гэрээний дагуу, үе шат дараалалтайгаар хэрэгжих бөгөөд энэхүү маргаан нь гэрээ байгуулахаас өмнөх үе шат болох тендерийн үнэлгээний үе шаттай холбоотой юм.

Хариуцагчаас “тоног төхөөрөмж суурилуулах ажил гэрээний дагуу хугацаатай явж байгаа, хяналтын систем бэлэн болсон, одоо үйлдвэр дээр суулгах ажил эхэлж байгаа, захиргааны байгууллагын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөн зэргээр удааширсан” гэж тайлбарласныг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Онцгой албан татварын тэмдгийн бүртгэл, зарцуулалтыг татварын албанаас шууд хянах хяналтын тогтолцоо бүхий програм хангамж суурилуулах шаардлагын хүрээнд гуравдагч этгээдээс тендерийн баримт бичигт заасан, орчин үеийн дэвшилтэд технологид суурилсан байх шаардлагын дагуу програм хангамж боловсруулсан, санал гаргасныг Үнэлгээний хороо үнэлж дүгнэсэн байгаа нь хуулийн хүрээнд байна.

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “барааны тэмдгийн цаас шаардлага хангаагүй” гэх тайлбарын тухайд Үнэлгээний хороо нь гуравдагч этгээдээс ирүүлсэн цаасны үйлдвэрийн гэрчилгээ бүхий баримт бичгийг хянан үзэж, өндөр зэрэглэлийн нууцлалтай, хэт ягаан туяаны гэрэлд тодорч харагдах ялтастай, дахин давтагдахааргүй усан хээтэй зэргээр шаардлагыг хангасан гэж үнэлжээ.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад бүрэн дүүрэн дүгнэлт өгөөгүй, нэхэмжлэлийн үндэслэл тус бүрд эрх зүйн дүгнэлт хийгээгүй буруутай байгаа боловч энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт шууд нөлөөлөх ноцтой үр дагавар үүсгээгүй байна.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт өгөх боломжтой атал “дээрх нөхцөл байдлыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн дүгнэлт хийж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь буруу болжээ.

Иймд, дээрх үндэслэлүүдээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2016/0699 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 500 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ  

ШҮҮГЧ                                                                                         П.СОЁЛ-ЭРДЭНЭ

 

 

 


[1] Тендер Багц-2, 217-220, 282 дугаар тал