Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 1442

 

“Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2017/00967 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Еврохаус” ХХК-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 26 017 123 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат, Ц.Хатантуул,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК нь “Еврохаус” ХХК-тай КС-РҮЛ/5-16/08-26 дугаар Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээг 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр байгуулж, Е4Р00204 сериал дугаартай 1 ширхэг XQE60 маркийн цахилгаан үүсгүүрийг нэг 7 хоногийн хугацаатай түрээслүүлсэн. Түрээсийн гэрээнд заасны дагуу түрээсийн төлбөр 4 долоо хоногийн 2 420 113 /НӨАТ орсон/ төгрөг байхаар талууд тохиролцсон, гэрээний 11 дүгээр зүйлд заасны дагуу түрээслэгч нь түрээсийн хугацааны эцэст түрээслүүлэгчид төлбөртэй гарвал нэхэмжлэх хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор төлөх үүрэг хүлээсэн. Манайх түрээсийн техникийг түрээслэгч талд гэрээнд заасан нөхцөл, хугацаанд хүлээлгэн өгсөн ба түрээслэгч нь техникийг түрээслэх хугацааг сунгаж ашигласан атлаа гэрээг ноцтой зөрчиж, төлбөрийг хугацаандаа төлөхгүй удаасан юм. Бид түрээслэгчид гэрээнд заасны дагуу 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэх хүргүүлэхэд түрээсийн төлбөрөөс 1 346 400, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэхэд 16 025 693, нийт 17 420 493 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Гэрээний талууд түрээслэгч нь түрээсийн төлбөр, холбогдон гарах бусад зардлыг гэрээний 11-т заасан хугацаанд төлөөгүй бол хугацаа хоцроосон хоног тутамд 0.5 хувьтай тэнцэх алданги нэмж төлнө гэж тохирсон тул 8 596 629 төгрөгийн алданги төлөх үндэслэлтэй. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1, 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу төлбөр, алдангийг төлөх үндэслэлтэй тул “Еврохаус” ХХК-иас гэрээний үүрэгт нийт 26 017 123 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нийт 1435 цаг ашигласнаас 320 цагийн үндсэн цагийг хасч, 1115.5 илүү цагийн ашиглалтыг илүү цаг тутмыг 13 750 төгрөгөөр бодож, 16 025 693 төгрөгийн үлдэгдэл гарч байгаа. Өмнөх үндсэн төлбөрийн үлдэгдэл 1 сарын төлбөр төлөгдөөгүй байсныг барьцаа мөнгөнөөс суутгаж авсан. Үндсэн төлбөрийн үлдэгдэл 1 346 400 төгрөг, илүү цагийн 16 025 693 төгрөг, эдгээрийн алдангийг 50 хувиар тооцож бодсон гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК-тай “Евро хаус” ХХК нь 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр гэрээ байгуулж ажилласан. Гэрээгээр тоног төхөөрөмж болох цахилгаан үүсгэврийг ашигласанд маргахгүй. Тоног төхөөрөмжийг нийт дөрвөн 7 хоногийн 160 мот цаг буюу нийт үнийн дүн 2 200 000 төгрөг, 2 сарын хугацаанд 8 долоо хоногийн хугацаанд ашигласан. “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК-иас 2016 оны 10 дугаар сарын 28-нд нийт үнийн дүн 4 840 000 төгрөг гэсэн нэхэмжлэх ирүүлснийг гэрээнд тохиролцсон тул ашигласан хугацааны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Гэрээнд заасны дагуу төлбөр төлөх хугацааг нэхэмжлэх ирүүлсний дагуу 3 хоногийн дотор барагдуулах ёстой. Хариуцагч нэхэмжлэхийн дагуу 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр төлбөрийг барагдуулсан. Тоног төхөөрөмжийг шалгах хуудсын дагуу нэхэмжлэгч шалгаад хурааж авсан. Гэрээ дуусгавар болсон учраас тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгсөн. Үндсэн төлбөрийг хугацаанд төлсөн, Иргэний хуульд заасны дагуу тухайн төлбөрийг хугацаанд төлөөгүй тохиолдолд 0.5 хувийн алданги тооцно гэж заасан байхад алданги тооцож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Гэрээнд төлөгдөөгүй үндсэн төлбөрөөс алданги тооцно гэж заасан. Хариуцагч үндсэн төлбөр төлсөн гэдгийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байна. Илүү цагаар ашигласныг нэхэмжлэгч нотлох үүрэгтэй. Хэрэгт илүү цаг гарсан, бодогдсон, түүнийг хариуцагчид танилцуулсан, илүү цагийн мөнгийг хоорондоо тохиролцоод гэрээнд тодорхой нэмэлт өөрчлөлт оруулах зэргээр тусгагдсан зүйлгүй, зөвхөн түрээсийн төлбөрийг төлөх тухай баримтууд байгаа. Алдангийг гэрээнд тусгах хуулийн заалтыг хангаагүй. Үлдэгдэл төлбөр байх үндэслэлгүй. Харин илүү цагийн төлбөр дээр алданги тооцох ямар нэгэн хуулийн зохицуулалтгүй. Шалгах хуудсанд илүү цагийн тооцоог тэмдэглээгүй. Гэрээнд үндсэн төлбөрөөс алданги тооцно гэж тохиролцсон, харин илүү цагаас алданги тооцно гэж тусгаагүй. Илүү цагаар ашигласнаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4-т заасныг баримтлан /РД:2700557/ “Еврохаус” ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт 23 722 800 төгрөгийг гаргуулан, “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК-д /РД:2077361/ олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 294 324 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан улсын тэмдэггийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 353 035 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 276 564 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Шүүх түрээсийн гэрээний үндсэн үнэ болох 2 420 000 төгрөгийг болохыг шүүх болон гэрээгээр тогтоосон. Мөн тус гэрээний 11 дүгээр зүйлд зааснаас үзэхэд үндсэн төлбөр болох 2 420 000 төгрөгийн төлөөгүй тохиолдолд алданги бодохоор тохиролцсон. Хариуцагч “Евро хаус” ХХК-иас 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК-иас нэхэмжлэх ирүүлсэний дагуу гэрээнд заасан төлбөр 2 420 000 төгрөг, барьцаа 2 420 000 төгрөг, нийт 4 840 000 төгрөгийг төлбөрийг бүрэн барагдуулсан. Гэтэл шүүхээс “...Түрээсийн гэрээний 11 дүгээр заалтаар хариуцагч нь нэхэмжлэх хүлээн авсан өдрөөөс хойш 3 хоногийн дотор төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хоцроосон хоног тутамд 0.5 хувьтай тэнцэх алданги нэмж төлнө гэж тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 15 815 200 төгрөгийн тал хувь болох 7 907 600 төгрөгийн алдангийг хариуцагч нь төлөх хариуцлага хүлээхээр байна” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч илүү цагийн төлбөрийг шаардах эрхтэй боловч илүү цагийн төлбөрт алданги шаардах эрхгүй юм. Үүнийг гэрээ болон хуулиар үндсэн төлбөрийг төлөөгүй нөхцөлд алданги тооцохоор заасан бөгөөд илүү цагийн алданги төлөхийг тохиролцоогүй.

Шүүх “хариуцагч “Евро Хаус” ХХК нь цахилгаан үүсгүүрийг илүү цагаар ашигласны төлбөрт /1075 x 13 750/ 14 778 057 төгрөгийг төлөх үүрэгтэй байна” гэж илүү цагийг дүгнэсэн атлаа үндсэн төлбөртэй адилтган илүү цагт алданги тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2017/00967 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж илүү цагт тооцсон алданги 7 907 600 төгрөгийг хасч тооцож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйг зөвтгөн өөрчлөх боломжтой байна.

 

Нэхэмжлэгч “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК нь хариуцагч “Еврохаус” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 26 017 123 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ашигласан хугацааны төлбөрийг хугацаандаа бүрэн төлж барагдуулсан тул илүү цагийн төлбөрт алданги төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

 

Талуудын хооронд 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр түрээсийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч буюу түрээслэгч нь Е4Р00204 сери дугаар бүхий ХQЕ60 маркийн цахилгаан үүсгүүрийг дөрвөн 7 хоногийн хугацаанд 160 цаг түрээслэхээр тохирч, гэрээний хугацаанд 2 200 000 төгрөг, НӨАТ 220 000 төгрөг, нийт 2 420 000 төгрөгийн төлбөрийг төлөх үүргийг хүлээж, барьцаанд 2 420 000 төгрөгийг бариулсан байна. /хэргийн 13-15 дугаар тал/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаар талууд маргаагүй тул нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрийн үлдэгдэл, илүү цагийн төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Хариуцагч түрээсийн гэрээ байгуулсан өдөр 42.95 мото цаг гүйдэлтэй цахилгаан үүсгүүрийг хүлээн авч ашиглаж, нэхэмжлэгчид 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1478.5 цаг гүйдэлтэйгээр хүлээлгэн өгсөн болох нь түрээсийн тоног төхөөрөмж хүлээлцсэн шалгах хуудсуудаар тогтоогдож байна. /хэргийн 16-17 дугаар тал/

 

Хариуцагч “Евро хаус” ХХК нь цахилгаан үүсгүүрийг 63 хоног ашигласнаас 8 долоо хоногийн буюу 56 хоногийн төлбөрт 4 840 000 төгрөг төлсөн талаар зохигчид маргаагүй бөгөөд үлдсэн 7 хоногийн төлбөрт 604 996 төгрөг төлөх үүрэгтэй байхад шүүх тооцооллын алдаа гаргаж 12 хоногийн төлбөрт 1 037 143 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Харин талууд гэрээгээр үндсэн төлбөрийг 1 долоо хоногийн 40 цагаар тохиролцсон байх бөгөөд хариуцагч 9 долоо хоног буюу 360 цаг ашигласан тул илүү цагийн төлбөрийг 13 750 төгрөгөөр тооцохоор гэрээгээр тохиролцсон байх тул ашигласан 1435 цагаас үндсэн хугацаа 360 цагийг хасч, илүү 1075 цаг ашигласан гэж үзэж хариуцагчийг уг хугацааны төлбөрт 14 778 057 төгрөгийг төлөх үүрэгтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Талууд түрээсийн гэрээгээр нэхэмжлэх хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувьтай тэнцэх алданги нэмж төлнө гэж тохиролцсон нь анзын гэрээг бичгээр хийнэ гэсэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт нийцэж байна. Илүү цагийн төлбөрт алданги тооцохгүй гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд хариуцагч “Евро хаус” ХХК нь 7 хоногийн төлбөр 604 996 төгрөг, илүү цагаар ашигласны төлбөрт 14 778 057 төгрөг, алданги 7 691 526 төгрөг, нийт 23 074 579 төгрөгийг нэхэмжлэгч ““Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК-д төлөх үүрэгтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2017/00967 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “23 722 800” гэснийг “23 074 579” гэж, “2 294 324” гэснийг “2 942 544” гэж,

2 дахь заалтын “276 564” гэснийг “273 322” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цогхүүгийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Евро хаус” ХХК-иас төлсөн 141 472 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.БАТЗОРИГ

 

                                     ШҮҮГЧИД                                   Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                       С.ЭНХТӨР