Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2017/00967

 

2017 оны 04 сарын 26 өдөр                   Дугаар 183/ШШ2017/00967                             Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 хороо, Баруун үйлдвэрийн 133, “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК-ийн /РД:2077361/ нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 хороо, Чингисийн өргөн чөлөө, Баян1-1 тоот, “Еврохаус” ХХК-д /РД:2700557/ холбогдох, 

 

Гэрээний үүрэгт 26.017.123 төгрөг /хорин зургаан сая арван долоон мянга нэг зуун хорин гурав/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат, Ц.Хатантуул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цогхүү, нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК нь “ Еврохаус” ХХК-тай КС-Р\Л/5-16/08-26 дугаар Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээг 2016 оны 8 дүгээр сарын 31-ний өдөр байгуулж, Е4Р00204 сериал дугаартай 1 ширхэг ХQЕ60 маркийн цахилгаан үүсгүүрийг нэг 7 хоногийн хугацаатай түрээслүүлсэн юм. Түрээсийн гэрээнд заасны дагуу түрээсийн төлбөр 4 долоо хоногийн 2.420.113 /НӨАТ орсон/ төгрөг байхаар талууд тохиролцсон, гэрээний 11-р зүйлд заасны дагуу түрээслэгч нь түрээсийн хугацааны эцэст түрээслүүлэгчид төлбөртэй гарвал нэхэмжлэх хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор төлөх үүрэг хүлээсэн. Манайх түрээсийн техникийг түрээслэгч талд гэрээнд заасан нөхцөл, хугацаанд хүлээлгэн өгсөн ба түрээслэгч нь техникийг түрээслэх хугацааг сунгаж ашигласан атлаа гэрээг ноцтой зөрчиж, төлбөрийг хугацаандаа төлөхгүй удаасан юм. Бид түрээслэгчид гэрээнд заасны дагуу 2016.10.26-ны өдөр нэхэмжлэх хүргүүлэхэд түрээсийн төлбөрөөс 1.346.400, 2016.11.04-ны өдөр гэхэд 16.025.693, нийт 17.420.493 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Гэрээний талууд түрээслэгч нь түрээсийн төлбөр, холбогдон гарах бусад зардлыг гэрээний 11-т заасан хугацаанд төлөөгүй бол хугацаа хоцроосон хоног тутамд 0.5 хувьтай тэнцэх алданги нэмж төлнө гэж тохирсон тул 8.596.629 төгрөгийн алданги төлөх үндэслэлтэй. Иргэний хуулийн 206.1-д “үүргийг гэрээнд заасан хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, 208.1-д “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ”, 318.1-д “түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг хүлээнэ”, 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасны дагуу төлбөр, алдангийг төлөх үндэслэлтэй тул “Еврохаус” ХХК-иас гэрээний үүрэгт  нийт 26.017.123 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нийт 1435 цаг ашигласнаас 320 цагийн үндсэн цагийг хасч, 1115.5 илүү цагийн ашиглалтыг илүү цаг тутмыг 13,750 төгрөгөөр бодож, 16.025.693 төгрөгийн үлдэгдэл гарч байгаа. Өмнөх үндсэн төлбөрийн үлдэгдэл 1 сарын төлбөр төлөгдөөгүй байсныг барьцаа мөнгөнөөс суутгаж авсан. Үндсэн төлбөрийн үлдэгдэл 1.346.400 төгрөг, илүү цагийн 16.025.693 төгрөг, эдгээрийн алдангийг 50 хувиар тооцож бодсон гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК-тай “Евро хаус” ХХК нь 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр гэрээ байгуулж ажилласан. Гэрээгээр тоног төхөөрөмж болох цахилгаан үүсгэврийг ашигласанд маргахгүй. Тоног төхөөрөмжийг нийт дөрвөн 7 хоногийн 160 мот цаг буюу нийт үнийн дүн 2,200,000 төгрөг, 2 сарын хугацаанд 8 долоо хоногийн хугацаанд ашигласан. “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК-иас 2016 оны 10 сарын 28-нд нийт үнийн дүн 4,840,000 төгрөг гэсэн нэхэмжлэх ирүүлснийг гэрээнд тохиролцсон тул ашигласан хугацааны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Нэхэмжлэгч нь хууль зүйн үндэслэлгүй илүү төлбөрийг нэхэмжилж, түүний гол үндэслэл нь ямар шалтгаантайг ойлгохгүй байна. Гэрээнд заасны дагуу төлбөр төлөх хугацааг нэхэмжлэх ирүүлсний дагуу 3 хоногийн дотор барагдуулах ёстой. Хариуцагч нэхэмжлэхийн дагуу 2016 оны 8 сарын 31-ний өдөр төлбөрийг барагдуулсан. Тоног төхөөрөмжийг шалгах хуудсын дагуу нэхэмжлэгч шалгаад хурааж авсан. Гэрээ дуусгавар болсон учраас тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгсөн. Үндсэн төлбөрийг хугацаанд төлсөн, Иргэний хуульд заасны дагуу тухайн төлбөрийг хугацаанд төлөөгүй тохиолдолд 0,5 хувийн алданги тооцно гэж заасан байхад алданги тооцож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Гэрээнд төлөгдөөгүй үндсэн төлбөрөөс алданги тооцно гэж заасан. Хариуцагч үндсэн төлбөр төлсөн гэдгийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байна. Илүү цагаар ашигласныг нэхэмжлэгч нотлох үүрэгтэй. Хэрэгт илүү цаг гарсан, бодогдсон, түүнийг хариуцагчид танилцуулсан, илүү цагийн мөнгийг хоорондоо тохиролцоод гэрээнд тодорхой нэмэлт өөрчлөлт оруулах зэргээр тусгагдсан зүйлгүй, зөвхөн түрээсийн төлбөрийг төлөх тухай баримтууд байгаа. Алдангийг гэрээнд тусгах хуулийн заалтыг хангаагүй. Үлдэгдэл төлбөр байх үндэслэлгүй. Харин илүү цагийн төлбөр дээр алданги тооцох ямар нэгэн хуулийн зохицуулалтгүй. Шалгах хуудсанд илүү цагийн тооцоог тэмдэглээгүй. Гэрээнд үндсэн төлбөрөөс алданги тооцно гэж тохиролцсон,  харин илүү цагаас алданги тооцно гэж тусгаагүй. Илүү цагаар ашигласнаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК нь хариуцагч “Еврохаус” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 26.017.123 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ төлбөрийн үлдэгдэл, илүү цагийн төлбөр төлөөгүй тул хууль болон гэрээнд зааснаар алдангийн хамт гаргуулна гэж тайлбарлав.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь ашигласан хугацааны төлбөрийг хугацаандаа бүрэн төлж барагдуулсан байхад алданги тооцсон болон илүү цагийн төлбөр төлөх үндэслэлгүй, илүү цагаар ашигласныг нотлох үүрэгтэй, илүү цагийн мөнгийг гэрээнд тусгаагүй тул алданги тооцохгүй гэж маргаж, харин илүү цагаар ашигласнаа зөвшөөрсөн байна.

 

Нэхэмжлэгч “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК нь “Еврохаус” ХХК-тай Е4Р00204 сери дугаар бүхий ХQЕ60 маркийн цахилгаан үүсгүүрийг дөрвөн 7 хоногийн хугацаанд 160/цаг нөхцлөөр түрээслэхээр тохирч, Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээг 2016 оны 8 дүгээр сарын 31-ний өдөр байгуулжээ.

 

Гэрээгээр 4 долоо хоногийн хугацаанд 2.200.000, НӨАТ 220.000, нийт 2.420.000 төгрөгийн түрээсийн төлбөрийг төлөх үүргийг түрээслэгч хүлээн, барьцаанд 2.420.000 төгрөгийг бариулсан байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний нөхцлөөс дүгнэхэд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, 189 дүгээр зүйлийн 189.1-д талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байх зарчимд нийцсэн, хүсэл зоригоо илэрхийлж, гэрээ хүчин төгөлдөр болж, хариуцагч нь гэрээний хувьд маргахгүй байна.

 

Түрээсийн гэрээгээр түрээслэгч буюу “Еврохаус” ХХК нь цахилгаан үүсгүүрийг түрээслүүлэгч буюу “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК-д буцаан хүргэх хүртэл хугацаагаар түрээслэхээр тохирч, гэрээ байгуулсан өдрөө 42.95 мото цаг гүйдэлтэй үүсгүүрийг хүлээн авч ашиглаад 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1478.5 цаг гүйдэлтэйгээр хүлээлгэн өгсөн байна.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг хүлээнэ гэж, 318.5-д түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам үйлчлэхээр зохицуулсан ба 292 дугаар зүйлийн 292.3-д талууд тохиролцсон бол нэмэлт зардлын төлбөрийг төлөх журамтайг тодорхойлсон тул дээрх зохицуулалт болон гэрээнд тохиролцсоноор түрээсийн төлбөрийн үлдэгдэл болон илүү цагийн төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзлээ.

 

Хариуцагч нь үндсэн төлбөрт 2.420.000 төгрөгийг эхний 4 долоо хоногийн төлбөрт төлж, 2.420.000 төгрөгийг барьцаанд бариулсныг нэхэмжлэгч нь 2 дахь 4 долоо хоногийн төлбөрт суутгасан гэж тайлбарлаж байх бөгөөд нийт 8 долоо хоногийн төлбөрийг “Еврохаус” ХХК нь төлсөн, үлдэх /9 долоо хоногийн 63 хоногоос 56 хоногийг хасах/ 12 хоногийн төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

 

Иймд талуудын тохиролцсон 4 долоо хоногийн төлбөрийг хоногт тооцоход /2.420.000:28 хоног/ 86.428 төгрөгийг үлдсэн 12 хоногоор бодоход 1.037.143 төгрөгийг төлөөгүй буруутай байна.

 

Нэхэмжлэгч тал үндсэн ашиглах цаг нь 320 цаг гэж тодорхойлж байгаа ч талуудын гэрээгээр заасан үндсэн төлбөр нь /160 цаг:28 хоног/ 1 долоо хоногийн 40 цаг байх бөгөөд 9 долоо хоног ашигласан байх тул 360 цагаар ашиглахаар тохирч, илүү цагийн төлбөрийг 13.740 төгрөгөөр тооцохоор тохиролцсон тул /1478.5-42.95/ нийт 14355 цаг ашигласнаас үндсэн хугацаа 360 цагийг хасч, илүү 1075 цагаар ашигласан байна.

 

Иймд хариуцагч “Еврохаус” ХХК нь цахилгаан үүсгүүрийг илүү цагаар ашигласны төлбөрт /1075х13.750/ 14.778.057 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Түрээсийн гэрээний 11 дүгээр заалтаар хариуцагч нь нэхэмжлэх хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хоцроосон хоног тутамд 0.5 хувьтай тэнцэх алданги нэмж төлнө гэж тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасанд нийцэж байх тул алдангийг тооцлоо.

 

Хариуцагчийн биелүүлэх байсан үүрэг болох төлбөрийн үлдэгдэл 1.037.143 төгрөг дээр илүү цагаар ашигласны төлбөр 14.778.057 төгрөг буюу нийт гүйцэтгээгүй үүрэг болох 15.815.200 төгрөгийн 0.5 хувийн алдангид 11.703.248 төгрөг төлөх байгааг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 15.815.200 төгрөгийн тал хувь болох 7.907.600 төгрөгийн алдангийг хариуцагч нь төлөх хариуцлага хүлээхээр байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч “Еврохаус” ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт /15.815.200+7.907.600/ нийт 23.722.800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.294.324 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 353.035 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 276.564 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4-т заасныг баримтлан /РД:2700557/ “Еврохаус” ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт 23.722.800 /хорин гурван сая долоон зуун хорин хоёр мянга найман зуу/ төгрөгийг гаргуулан, “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК-д /РД:2077361/ олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.294.324 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 353.035 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 276.564 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                             Ж.ЭРДЭНЭЧИМЭГ