Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2020/00080

 

Б.Бий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 136/ШШ2019/00007 дугаар шийдвэр,

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 216/МА2019/00002 дугаар магадлалтай

Б.Бий нэхэмжлэлтэй,

Шт холбогдох,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018.09.06-ны өдрийн 17080281/06 тоот тогтоол, эд хөрөнгө хураах тухай 2018.09.12-ны өдрийн 1708281/08 тоот тогтоол, шинжээч томилох тухай 2018.09.28-ны өдрийн 09/06 тоот тогтоол, Дорноговь аймгийн Шрын даргын 2018.09.28-ны өдрийн 1/976 тоот үнэлгээ тогтоолгох тухай албан бичгийг хүчингүй болгуулж, хууль бусаар барьцаалагдан хураагдсан, зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлгээ тогтоолгосон үл хөдлөх эд хөрөнгийг хамтран эзэмшигч болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чулуун, Ч.Уранцэцэг нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Уранцэцэг, түүний өмгөөлөгч Б.Адалбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ : 2001 оны 07 дугаар сарын 23-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээгээр Сайншанд сум, 2-р баг, Алтанговийн зочид буудлын нэг давхрын баруун талын 72 м2 талбайтай хэсгийг иргэн Ч.Уранцэцэг, Б.Ундрах, Б.Б нарт өмчлөлд 2002 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хэмжээ талбайг өөрчлөх үндэслэлээр 108 м2 болгон өөрчилж, Ч.Уранцэцэг, Б.Ундрах, Б.Б нарын өмчлөлд тус тус шилжсэн болохыг баталж, улсын бүртгэлийн гэрчилгээ Y-713000454 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон. Гэтэл ээж Ч.Уранцэцэг, аав Б.Баттулга нарын эд хөрөнгийг 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Шраас битүүмжлэх тогтоол гаргаж, миний үл хөдлөх эд хөрөнгөд халдсан. Миний ээж Ч.Уранцэцэг нь эмнэлэгт хэвтэж байх үед буюу хүндэтгэн үзэх шалтгаантай байхад дур мэдэн хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн. Мөн бусад 3 дахь этгээдүүдийн үнийн саналыг авч мэдэгдээгүй. Мөн эд хөрөнгө хураах тухай тогтоолыг 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гаргаж, миний үл хөдлөх эд хөрөнгөд халдаж, намайг хохироосон. Шийдвэр гүйцэтгэгч М.Орхоны 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээч томилох тухай 09/06 тоот тогтоол, аймгийн шийдвэр гүйцэтгэх газраас дээрхи үл хөдлөх хөрөнгийг “Вендо” ХХК-иар үнэлгээ хийлгэх 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1/976 тоот албан бичиг явуулж, хөрөнгийн үнэлгээний тайлан гаргаж, миний хөрөнгийг үнэгүйдүүлж, үл хөдлөх эд хөрөнгөтэй байх, түүнийгээ захиран зарцуулах эрхэд минь халдаж хохироосон.

Иймд эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 17080281/06 тоот тогтоол, эд хөрөнгө хураах тухай 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1708281/08 тоот тогтоол, шинжээч томилох тухай 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 09/06 тоот тогтоол, Дорноговь аймгийн Шрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1/976 тоот үнэлгээ тогтоолгох тухай албан бичгийг хүчингүй болгуулж, хууль бусаар барьцаалагдан хураагдсан, зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлгээ тогтоолгосон үл хөдлөх эд хөрөнгийг хамтран эзэмшигч болохыг тогтоож өгөх шаардлага тавьж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас Дорноговь аймгийн Шрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1/976 тоот үнэлгээ тогтоолгох тухай албан бичгийг хүчингүй болгуулж, хууль бусаар барьцаалагдан хураагдсан, зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлгээ тогтоолгосон үл хөдлөх эд хөрөнгийг хамтран эзэмшигч болохыг тогтоож өгнө үү гэсэн шаардлагаасаа татгалзаж байна. Бусад шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Уранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр эмнэлэгт хэвтсэн. Намайг өвчтэй байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан, Б.Бий өмчийг хураасан нь буруу. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа цаг хугацаанд мэдэгдэж байгаагүй. Миний хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буруу явагдсан гэж үзэж байна гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 136/ШШ2017/00181 дугаартай шүүхийн шийдвэрээр Хаан банк болон Б.Баттулга, Ч.Уранцэцэг нарын хооронд байгуулсан 177 081 846 төгрөгөөр эвлэрсэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах эд хөрөнгийн дарааллыг тогтоосон, ... шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан. Иймд Б.Бий гаргасан төлбөр төлөгч Б.Баттулга, Ч.Уранцэцэг нарт холбогдох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 136/ШШ2019/00007 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, мөн хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Бий гаргасан эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018.09.06-ны өдрийн 17080281/06 тоот тогтоол, эд хөрөнгө хураах тухай 2018.09.12-ны өдрийн 1708281/08 тоот тогтоол, шинжээч томилох тухай 2018.09.28-ны өдрийн 09/06 тоот тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай Шт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Бий улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 216/МА2019/00002 дугаар магадлалаар: Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 136/ШШ2019/00007 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

ИХШХШТХуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чулуун, Ч.Уранцэцэг нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Говьсүмбэр аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 216/МА2019/00002 тоот магадлалаар Б.Бий нэхэмжлэлтэй иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэснийг үл зөвшөөрч доорх үндэслэлүүдээр хяналтын гомдол гаргаж байна. Үүнд:

  1. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүгчийн захирамжийг үндэслэн явуулахаар хуульд заасан боловч Б.Б нь энэ хэргийн оролцогч биш, Б.Бий (нэр шүүгчийн захирамжинд байхгүй байхад эд хөрөнгөнд нь халдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2. Гүйцэтгэх баримт бичигт шийдвэрийг шүүгчийн захирамжийг үндэслэн олгосон шүүхийн гүйцэтгэх хуудас хамаарах тухай хуулийн заалт байдаг боловч хэнд бичигдсэн хэний хөрөнгийг битүүмжлэх, хураах нь нэртэй байж гүйцэтгэгдэх ёстой байтал Б.Бий нэр 2017-08-17 өдрийн 248 тоот шүүхийн гүйцэтгэх хуудсанд байхгүй Б.Б албадуулах үйл ажиллагааны субеъкт биш байхад үл хөдлөх хөрөнгөнд нь хууль зөрчиж халдсаныг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь анхан болон давж заалдах шатны шүүх энэ алдааг засахгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохих ёсоор явагдсан, хууль зөрчөөгүй гэсэн өнгөц дүгнэлт хийлээ гэж үзэж байна.

3. Магадлалын 4-д гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрөл авна гэсэн хуулийн заалтыг огт хэрэгжүүлээгүй байна гэснийг /насанд хүрээгүй гишүүний/ гэх зэргээр хуулийн заалтыг өөр утгаар илэрхийлж тодорхойлох хэсэгт бичсэн байна.

4. Иргэний хуулийн 128.2 гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийг үл хөдлөх эд хөрөнгөө хамтран зарцуулах, гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авах гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй, хууль зөрчсөн, зөрчлийг арилгуулах, Билгүүний эрх ашиг хохиролтой нөхцөл байдал үүссэн байхад шүүхээс дүгнэлт хийж зөрчлийг арилгуулах арга хэмжээ аваагүй байна.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагч, шийдвэрийг албадан гүйцэтгэх тохиолдолд үндэслэлийг тухай хүнд мэдэгдэх, уг үйл ажиллагаатай холбогдон үүсэх үүрэг, эрхийг тайлбарлах, хүндэтгэлтэй харьцах, өөрийн шаардлагыг үндэслэлтэй ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэх шүүхийн шийдвэрийг хуулийн 7.2-д заасан заалтыг шийдвэр гүйцэтгэгч хэрэгжүүлээгүй байна. Иргэн Ч.Уранцэцэгийг 2018-10-1-нээс 2018-10-06-ны хооронд эмнэлэгт хэвтэн хүндэтгэл шалтгаантай байхад үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ ажиллагааг үнийн санал албан ёсоор аваагүй, шийдвэрлэж хохироосон байна.

6. Хамгийн гол нь гуравдагч этгээд болох Б.Бий үл хөдлөх хөрөнгө захиран зарцуулах эрх нь зөрчигдсөн, зээлийн болон барьцааны гэрээн дээр Б.Бий төлөөлж, Ч.Уранцэцэг, Б.Баттулга нар гэрээ хийгээгүй, Б.Б нь нотариатаар батлуулсан гэрээ гарын үсэг байхгүй байхад шийдвэр гүйцэтгэгч үл хөдлөх эд хөрөнгөнд халдсаныг зөвшөөрөхгүй байна.

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 2017-08-17 өдрийн 248 тоот хуудсанд төлбөр төлөгч нь Б.Б биш, Б.Бийг хэргийн оролцогч бус болохыг шүүгч Д.Наранцэцэг 2018-03-19-ний өдрийн №1/310 тоот албан бичгээр нотолсон байхад, эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018-09-06-ны өдрийн 17080281/06тоот тогтоолд төлбөр төлөгч Б.Б гэсэн нэр байхгүй, эд хөрөнгө хураах тухай 2018-09-12-ны өдрийн 17080281/08 тоот тогтоолд Б.Бий нэр байхгүй, Дорноговь аймгийн дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017-05-05 өдрийн №136/ШШ2017/00181 тоот захирамжийн захирамжлах хэсгийн заалтанд Б.Бий үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах заалт тус тус байхгүй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсныг хуулийг буруу тайлбарлаж хэргэлэсэн гэж үзэж байна.

8. Дорноговь аймгийн Шрын шийдвэр гүйцэтгэгч, нэхэмжлэгч Б.Бий нэхэмжлэлтэй иргэний хэрэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн гүйцэтгэх баримт бичгийн агуулга, түүнд тавигдах шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүй байхад ахлах шийдвэр гүйцэтгэгч шүүхэд буцааж тодруулаагүйгээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа, нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироож, хууль зөрчин үндэслэлгүйгээр үл хөдлөх хөрөнгөнд нь халдаж, хурааж, битүүмжилсэн байна гэж үзэж байна.

Иймд Дорноговь аймаг дахь сум дундын шүүхийн 2017 оны 8-р сарын 1-ний өдрийн 248 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас, Дорноговь аймгийн Шрын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018 оны 09-р сарын 06-ны өдрийн 17080281/06 тоот тогтоол, эд хөрөнгө хураах тухай 2018-09-28 өдрийн 09/06 тоот тогтоол, Говьсүмбэр аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3-р сарын 11 өдрийн 216/МА2019/00002 тоот магадлалыг тус тус хүчингүй болгуулахаар хяналтын шатны гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Б нь Дорноговь аймгийн Шарт холбогдуулан 2018.09.06-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2018.09.12-ны өдрийн Эд хөрөнгө хураах тогтоол, 2018.09.28-ны өдрийн 09\06 тоот Шинжээч томилсон тогтоол, 2018.09.28-ний өдрийн 1\976 тоот үнэлгээ тогтоолгох тухай албан бичгийг тус тус хүчингүй болгуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 136\ШШ2017\00181 дугаартай Шүүгчийн захирамжаар  нэхэмжлэгч Хаан банкны Дорноговь салбар, хариуцагч Ч.Уранцэцэг, Б.Баттулга нарын эвлэрлийг баталж шийдвэрлэжээ.

Тус эвлэрлээр Ч.Уранцэцэг, Б.Баттулга нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 177 081 846 төгрөгийг Хаан банкны Дорноговь салбарт гэрээгээр тохирсон хугацаанд төлж барагдуулах, энэ хугацааг зөрчвөл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, барьцаа хөрөнгийн дарааллыг тогтоож харилцан тохиролцжээ.

Маргааны зүйл болох Дорноговь аймгийн Сайншанд сум 2 дугаар баг, Алтанговь худалдааны төвийн 1 дүгээр давхрын 108мкв үйлчилгээний зориулалттай талбай бүхий үл хөдлөх хөрөнгөөс эхний ээлжинд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар  гэрээнд тохиролцсон, шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр төлөгч нарт төлбөр барагдуулахыг удаа дараа мэдэгдэж, улмаар барьцааны хөрөнгийг битүүмжлэн, хураах тогтоол үйлдэж, үнийн санал асууж, шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгч, үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч Б.Б нь төлбөр төлөгч Ч.Уранцэцэг, Б.Баттулга нарын хүү бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тухай бүрд нь төлбөр төлөгч нарт хэлж, хамтран өмчлөгч Б.Бд мэдэгдэхээр түүний хаяг, байршил, утасны дугаарыг асуухад төлбөр төлөгч нар хэлж өгөөгүй талаар шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгагдсан, албан ёсны хаягаар нь тодруулахад Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн Эрх чөлөө гудамж 11-55 тоотод бүртгэлтэй боловч хаягандаа амьдардаггүй талаарх Сайншанд сумын 2 дугаар багийн ажлын албаны  тодорхойлолт хэрэгт авагджээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан, дээрх хөрөнгөөс эхний ээлжинд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдэгч нар зээлдүүлэгч банктай харилцан тохиролцож эвлэрсэн шүүгчийн захирамжийг үндэслэн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна.

Иймд “...Б.Б төлбөр төлөгч биш, гүйцэтгэх бичиг баримтад түүний нэр бичигдээгүй байхад хамтран өмчлөгч Б.Бий зөвшөөрлийг авалгүй түүний хөрөнгөд халдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн...” гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Анхан болон давж заалдах шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг зөв хэрэглээгүй байх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

  1. Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 216/МА2019/00002 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 136/ШШ2019/00007 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7., Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д зааснаар Дорноговь аймгийн Шарт холбогдох Б.Бий өмчлөлийн эд хөрөнгөтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай Б.Бий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
  2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                            Х.ЭРДЭНЭСУВД