Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 7

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: * Улаанбаатар хот, * тоотод оршин суух, Х овогт Б.Б/РД:*/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дорноговь аймаг, *багт байрлах, Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

 

Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018.09.06-ны өдрийн 17080281/06 тоот тогтоол, эд хөрөнгө хураах тухай 2018.09.12-ны өдрийн 1708281/08 тоот тогтоол, шинжээч томилох тухай 2018.09.28-ны өдрийн 09/06 тоот тогтоол, Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2018.09.28-ны өдрийн 1/976 тоот үнэлгээ тогтоолгох тухай албан бичгийг хүчингүй болгуулж, хууль бусаар барьцаалагдан хураагдсан, зах зээлийн үнэлгээнээс доогуу үнэлгээ тогтоолгосон үл хөдлөх эд хөрөнгийг хамтран эзэмшигч болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч, Б.Б, Ч.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Бшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2001 оны 07 дугаар сарын 23-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээгээр Сайншанд сум, 2-р баг, Алтанговийн зочид буудлын нэг давхрын баруун талын 72 м2 талбайтай хэсгийн иргэн Ч.У, Б.У, Б.Б нарт өмчлөлд 2002 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хэмжээ талбайг өөрчлөх үндэслэлээр 108 м2 болгон өөрчилж, Ч.У, Б.У, Б.Б нарын өмчлөлд  тус тус шилжсэн болохыг баталж, улсын бүртгэлийн Ү-713000454 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ олгосон. Гэтэл ээж Ч.У, аав Б.Б нарын эд хөрөнгийг 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр  шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжлэх тогтоол гаргаж, миний үл хөдлөх эд хөрөнгөд халдсан. Миний ээж Ч.У нь эмнэлэгт хэвтэж байх үед буюу хүндэтгэн үзэх шалтгаантай байхад дур мэдэн хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн. Мөн бусад 3 дахь этгээдүүдийн үнийн саналыг авч мэдэгдээгүй. Мөн эд хөрөнгө хураах тухай тогтоолыг 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гаргаж, миний үл хөдлөх эд хөрөнгөд халдаж, намайг хохироосон. Шийдвэр гүйцэтгэгч М.О 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээч томилох тухай 09/06 тоот тогтоол, аймгийн шийдвэр гүйцэтгэх газраас дээрх үл хөдлөх үндсэн хөрөнгийг Вендо ХХК-аар үнэлгээ хийлгэх 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1/976 тоот албан бичиг явуулж, хөрөнгийн үнэлгээний тайлан гаргаж, миний хөрөнгийг үнэгүйдүүлж, үл хөдлөх эд хөрөнгөтэй байх, түүнийгээ захиран зарцуулах эрхэд минь халдаж хохироосон. Иймд эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018.09.06-ны өдрийн 17080281/06 тоот тогтоол, эд хөрөнгө хураах тухай 2018.09.12-ны өдрийн 1708281/08 тоот тогтоол, шинжээч томилох тухай 2018.09.28-ны өдрийн 09/06 тоот тогтоол, Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2018.09.28-ны өдрийн 1/976 тоот үнэлгээ тогтоолгох тухай албан бичгийг хүчингүй болгуулж, хууль бусаар барьцаалагдан хураагдсан, зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлгээ тогтоолгосон үл хөдлөх эд хөрөнгийг хамтран эзэмшигч болохыг тогтоож өгөх шаардлага тавьж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2018.09.28-ны өдрийн 1/976 тоот үнэлгээ тогтоолгох тухай албан бичгийг хүчингүй болгуулж, хууль бусаар барьцаалагдан хураагдсан, зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлгээ тогтоолгосон үл хөдлөх эд хөрөнгийг хамтран эзэмшигч болохыг тогтоож өгнө гэсэн шаарлагаасаа татгалзаж байна. Бусад шаардлагаа дэмжиж байна ... гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр эмнэлэгт хэвтсэн. Намайг өвчтэй байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан, Б.Б өмчийг хураасан нь буруу. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа цаг хугацаанд мэдэгдэж байгаагүй. Миний хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буруу явагдсан гэж үзэж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч, Ч.У нарын гаргасан тайлбартай санал нэг байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 136/ШШ2017/00181 дугаартай шүухийн шийдвэрээр Хаан банк болон Б.Б, Ч.У нарын хооронд байгуулсан 177 081 846 төгрөгөөр эвлэрсэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах эд хөрөнгийн дарааллыг тогтоосон... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан. Иймд Б.Б гаргасан төлбөр төлөгч Б.Б, Ч.У нарт холбогдох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018.09.06-ны өдрийн 17080281/06 тоот тогтоол, эд хөрөнгө хураах тухай 2018.09.12-ны өдрийн 1708281/08 тоот тогтоол, шинжээч томилох тухай 2018.09.28-ны өдрийн 09/06 тоот тогтоол, Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2018.09.28-ны өдрийн 1/976 тоот үнэлгээ тогтоолгох тухай албан бичгийг хүчингүй болгуулж, хууль бусаар барьцаалагдан хураагдсан, зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлгээ тогтоолгосон үл хөдлөх эд хөрөнгийг хамтран эзэмшигч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаас Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2018.09.28-ны өдрийн 1/976 тоот үнэлгээ тогтоолгох тухай албан бичгийг хүчингүй болгуулж, хууль бусаар барьцаалагдан хураагдсан, зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлгээ тогтоолгосон үл хөдлөх эд хөрөнгийг хамтран эзэмшигч болохыг тогтоож өгнө үү гэсэн шаарлагаасаа татгалзаж байна. Бусад шаардлагаа дэмжиж байна“ гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

 

Хариуцагч Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

 

          Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 136/ШЗ2017/00181 дугаартай “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар хариуцагч Ч.У , Б.Б нар нь 177 081 846 төгрөгийн хэмжээнд эвлэрч, үүнээс банкинд 12 000 000 төгрөгийг 5,6,7,8 саруудад сардаа багтааж тус бүр 1 000 000 төгрөгөөр, 9,10 саруудад сардаа багтааж тус бүр 4 000 000 төгрөгөөр цувуулан төлж, үлдэх 165 081 846 төгрөгийг 6 сарын дотор барьцаа хөрөнгө борлуулах буюу бусад эх үүсвэрээр бүрэн барагдуулах, энэ хугацааг зөрчвөл барьцаа хөрөнгийг 1-рт Ч.Уранцэцэг, Б.Баттулга, Б.Ундрах нарын өмчлөлийн Дорноговь аймгийн Сайншанд сум, 2-р баг, Алтанговь худалдааны 1 давхарын 108мк үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт, 2-рт Б.Б өмчлөлийн Дорноговь аймаг, Сайншанд сум, 1-р баг, гал командын хойно модны үйлдвэрийн хашаанд байрлах зоорь, газрын хамт, 3-рт Б.Э өмчлөлийн Дорноговь аймаг, Сайншанд сум, 2-р баг, Данзанравжаа музейн баруун талд байрлах барилгын 2 давхар үйлчилгээний зориулалттай 144 мк барилгыг газрын хамт тус дарааллаар үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд эвлэрснийг баталгаажуулж, уг шийдвэрийн дагуу 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 248 дугаартай гүйцэтгэх хуудас бичигджээ. /хэргийн 13-14, 54 дүгээр тал/.

 

            Дээрх гүйцэтгэх баримт бичгийн дагуу Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Ч.У нарын 3 хүний өмчлөлийн улсын бүртгэлийн 0018495 дугаартай Дорноговь аймаг, Сайншанд сум, 2-р баг, Алтанговь зочид буудлын нэг давхарын баруун талын хэсэгт орших 108 м2 талбай бүхий үйлчилгээний байрыг, газрын хамт 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 17080281/06 дугаартай тогтоолоор битүүмжилж /хэргийн 64 дүгээр тал/, 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 17080281/08 дугаартай тогтоолоор хураан авч /хэргийн 69 дүгээр тал/, 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр шинжээч томилж, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Вендо” ХХК-аас хөрөнгийг үнэлж, хариу /хэргийн 7-12 дугаар тал/ ирүүлжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  44 дүгээр зүйлийн 44.1-д “Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх, эсхүл төлбөр төлөгчийг гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно”, мөн хуулийн 44.2-д “Энэ хуулийн 44.1-д заасан арга хэмжээнд дараахь үйл ажиллагаа хамаарна:

          44.2.8.гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн бие, бэлэн мөнгө, бусад хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах, худалдан борлуулах, хураан авсан эд зүйл, хөрөнгийг хадгалуулах, хамгаалуулахаар хүлээлгэн өгөх;

44.2.9.хуульд заасан үндэслэл, журмын дагуу битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан эд зүйл, хөрөнгийг үнэлэх, уг ажиллагаанд шинжээчийг оролцуулах” гэжээ.

Хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан, дээрхи тогтоолууд нь үндэслэлтэй байна.

Иймд эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018.09.06-ны өдрийн 17080281/06 тоот тогтоол, эд хөрөнгө хураах тухай 2018.09.12-ны өдрийн 1708281/08 тоот тогтоол, шинжээч томилох тухай 2018.09.28-ны өдрийн 09/06 тоот тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж  дүгнэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:  

                                                                                 

 1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, мөн хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэхь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б гаргасан эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018.09.06-ны өдрийн 17080281/06 тоот тогтоол, эд хөрөнгө хураах тухай 2018.09.12-ны өдрийн 1708281/08 тоот тогтоол, шинжээч томилох тухай 2018.09.28-ны өдрийн 09/06 тоот тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт  зааснаар нэхэмжлэгч Б.Б улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.НАРАНЦЭЦЭГ