Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 59

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгч А.Алтанхуяг нарын бүрэлдэхүүнтэй

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баттөмөр хөтлөн

улсын яллагч Д.Эрдэнэчимэг

шүүгдэгч Л.Амаржаргал, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа

шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин

шүүгдэгч А.Баатар, түүний өмгөөлөгч Д.Тамир

хохирогч Г.Цэцэглэнгийн хууль ёсны төлөөлөгч Т.Батхуяг, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар

иргэдийн төлөөлөгч А.Нина

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626020092 дугаартай, 2 хавтас хэргийг 2016 оны 6 дугаар сарын 2-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 7 дугаар сарын 26-нд Увс аймгийн Давст суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй гэх, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ Чанар авто угаалгын газар ажиллаж байсан гэх, ам бүл 3; эх, дүүгийн хамт Увс аймгийн Давст сум, 1 дүгээр багт оршин суух хаягийн бүртгэлтэй, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүннарангийн 16 дугаар гудамж, 57 тоотод түр оршин сууж байсан гэх, ял шийтгэлгүй, ОВ90072611 дугаарын регистртэй, Их Монгол овогт Лхагважавын Амаржаргал

 

2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 1 дүгээр сарын 28-нд Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Чанар авто угаалгын газар ажиллаж байсан гэх, ам бүл 4; эгч, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сум, 8 дугаар баг, 57 дугаар байр, 52 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 1 дүгээр гудамжны 25 тоотод түр оршин сууж байсан гэх, ЖЬ90012875 дугаарын регистртэй, Чонод овогт Энхболдын Мөнх-Эрдэнэ

 

3. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 24-нд Увс аймгийн Давст суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ Чанар авто угаалгын газар ажиллаж байсан гэх, ам бүл 4; эцэг, эх, дүүгийн хамт Увс аймгийн Давст сум, 1 дүгээр багт оршин суух хаягийн бүртгэлтэй, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхоны 105 дугаар байр, 80 тоотод түр оршин сууж байсан гэх, ОВ95122412 дугаарын регистртэй, Их Монгол овогт Аюушийн Баатар

 

Шүүгдэгч Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нар бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, 2016 оны 1 дүгээр сарын 07-ны орой 22 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 24 дүгээр байрны 2 дугаар орцонд хохирогч Г.Цэцэглэнгийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, түүний бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулан, цүнхтэй эд зүйлийг нь дээрэмдэж 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Л.Амаржаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Хохирогчийн ар гэрээс уучлалт гуйж байна. 2016 оны 1 дүгээр сарын 7-ны орой Мөнх-Эрдэнэ, Баатар нартай хамт явж байсан чинь хажуу талаар танихгүй эмэгтэй хүн зөрж өнгөрсөн. Тэгэхээр нь би орц руу дагаж орсон. Орцны хаалга онгорхой байсан. Орцонд ороод дээшээ шатаар гарч яваад эргээд хартал Мөнх-Эрдэнэ, Баатар хоёр алга байсан. Буцаж бууж ирээд орцны хаалга онгойлгосон чинь Мөнх-Эрдэнэ, Баатар хоёр орж ирсэн. Орц руу орж ирээд лифтэнд суугаад 9 давхар руу гарах гэж хохирогчтой хамт лифтэнд суугаад би хохирогчийн цүнхийг булааж аваад зугтаасан. Орцноос гараад гүйж байсан чинь миний араас хүн дуудахаар нь цүнхийг шидчихээд цаашаа гүйгээд явсан. Цаашаагаа зугтаад явж байсан чинь Мөнх-Эрдэнэ цүнх аваад гүйж ирсэн. Тэгээд цаана байсан хашааны буланд очоод Мөнх-Эрдэнэ цүнхнээс гар утсыг нь гаргаж надад өгөөд түрийвчийг нь өөрөө аваад бид гурав салж явсан.

Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Э.Мөнх-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2016 оны 1 дүгээр сарын 7-ны орой намайг ажил дээр байж байхад Амаржаргал над руу гар утсаар залгаад хаана байна гэж асуухаар нь ажил дээрээ байна гэж хэлсэн чинь намайг гараад ир гэж хэлэхээр нь ажлаасаа чөлөө аваад явж очиход хамт 5 буудал явъя гэж хэлсэн. 5 буудалд байдаг найзынх нь гэрт очиж байж байгаад орой 20 цагийн үед найзынх нь гэрээс гараад 5 буудлын автобусны буудал дээрээс микро автобусанд сууж явсан. Бид гурав Өргөө кино театрын автобусны буудалд дээр буух ёстой байтал Амаржаргал Ахуйн үйлчилгээний автобусны буудал дээр бууя гэж хэлэхээр нь би яасан юм бэ гэж асуусан чинь урд талд миний мэддэг ресторан байдаг юм тэнд оръё гэж хэлсэн. Тэгэхээр нь зөвшөөрөөд бид гурав микро автобуснаас буусан. Тэгсэн чинь эхлээд хойшоогоо дэлгүүр оръё гэж хэлсэн. Хойшоо яваад хэрэг гарсан байрны дундуур гараад цаана нь байсан хүнсний дэлгүүр орсон. Тэр дэлгүүрээс ус, ундаа худалдаж аваад гараад явж байсан чинь хажуу талаар нэг хүн өнгөрөх шиг болсон. Гэтэл Амаржаргал буцаад гүйгээд явсан. Харин Баатар бид хоёр алхаж байсан чинь ар талаас Амаржаргал дуудсан. Баатар бид хоёр эргээд хартал орцны хаалга онгойлгочихсон хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь яваад очсон чинь хамт дээшээ гаръя гэж хэлсэн. Яах гэж байгаа талаар нь асуусан чинь дээшээ гарч дулаацъя гэж хэлэхээр нь Баатар бид хоёр дагаад орсон. Орц руу ороод үүдэнд нь зогсох гэсэн чинь дээшээ гаръя энд байвал орцны жижүүр хөөнө гэж хэлсэн. Тэгэхээр нь дээшээ 9 давхар руу гарахаар болоод лифт рүү орсон. Тэгэхэд хохирогч лифт хүлээгээд зогсож байсан. Харин лифт 7 давхраас бууж ирж байсан. Лифт бууж ирээд хаалга нь онгойсон чинь хохирогч эхэлж суугаад ар талаас нь Баатар бид хоёр орсон. Харин Амаржаргал лифт рүү орохгүй байсан. Тэгсэн чинь хохирогч суух юм уу суухгүй бол би гэртээ ормоор байна гэж хэлсэн. Харин би Амаржаргалыг чи суухгүй юм уу гэсэн чинь миний өмнөөс инээж байснаа хохирогчийн цүнхийг нь татаж аваад явсан. Сандраад гүйгээд гараад ирсэн чинь хохирогч газар хэвтэж байсан. Тэр чигээрээ гарч гүйгээд Амаржаргалын араас дуудсан чинь Амаржаргал тэр чигээрээ гүйгээд цэцэрлэгийн хашаа давсан. Тэгэхээр нь би араас нь хашаа даваад очсон чинь Амаржаргал тэр цүнхийг аваарай гэж хэлсэн. Тэгээд би цүнхийг авч очоод юу болоод өнгөрчихвөө буцаад очъё гэж хэлсэн чинь Амаржаргал яах юм бэ ийшээ явъя гэж хэлээд дагуулаад явсан. Цаашаа явж байгаад грашуудын дунд ороод хохирогчийн цүнхийг онгойлгоод дотор нь байсан эд зүйлийг гаргаж үзсэн. Цүнхэн дотор гар утас, түрийвч, 26.500 төгрөг, хиймэл шүд, оосортой түлхүүрүүд зэрэг байсан. Өөр эд зүйл байгаагүй. Тэгээд бид гурав Өргөө кинотеатрын тэндээс салаад явцгаасан. Харин Баатар бид хоёр тэр орой нь ажил дээрээ очиж хоносон. Маргааш өдөр нь ажил дээрээ байж байсан чинь Эрүүгийн цагдаа нар ирж баривчилсан.

Энэ хэрэгт миний буруутай үйлдэл байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөр төлж барагдуулахгүй гэж хэлээгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Залуустаа хандаж хэлэхэд амар хялбар аргаар мөнгө олох гэж гэмт хэрэг битгий үйлдээрэй гэж хэлмээр байна. Надад хүн болгон хэлж байсан. Би үйлдсэн гэмт хэрэгтээ ямар ч ял шийтгэл авахад бэлэн. Хэрвээ би эрх чөлөөтэй гадуур байсан бол хохирлыг төлж барагдуулах байсан. Энэ талаар мөрдөн байцаагчид хэлж байсан боловч та нарын хэрэг дэндүү тодорхой, интернэтээр цацагдсан гэж байсан гэв.

 

Шүүгдэгч А.Баатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Амаржаргал бид хоёр Төрийн банк орж мөнгө авах гэж явсан. Харин Амаржаргал Төрийн банк орчихоод 5 буудал руу явна гэж хэлээд Мөнх-Эрдэнийг дуудсан. Тэгээд бид гурав уулзаад 5 буудал руу явсан. Тэнд очиж байж байгаад орой нь 20 цагийн үед буцаад явж байгаад замаараа дэлгүүр ороод ундаа, ус аваад гарч яваад орцны үүдэнд зогсож байсан чинь нэг эмээ хажуу талаар зөрж өнгөрсөн. Тэгсэн чинь Амаржаргал орц руу араас нь орсон. Харин Мөнх-Эрдэнэ бид хоёр гадаа тамхи татаад зогсож байсан чинь Амаржаргал дуудсан. Тэгэхээр нь яасан бэ гэж асуусан чинь дотор орж дулаацъя гэж хэлсэн. Дагаад ортол хохирогч лифтны өмнө зогсож байсан. Лифт ирэхээр нь Мөнх-Эрдэнэ бид хоёр лифтэнд суусан чинь Амаржаргал лифт рүү орохгүй байсан. Бид хоёр Амаржаргалыг орооч гэж хэлсэн чинь гэнэт хохирогчийн цүнхийг аваад зугтаасан. Гарч зугтаагаад Амаржаргалын араас хүрч ирсэн чинь явъя гэж хэлсэн. Цаашаа явж байгаад грашны ард очоод цүнхэн дотор байсан эд зүйлийг авсан. Мөнх-Эрдэнэ бид хоёр Чанар авто угаалгын төвд очиж хоносон. Хохирогчоос уучлалт гуйж байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна.

Хэргийн зүйлчлэлийг зөвтгөн шийдвэрлэж, хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Хохирогч Г.Цэцэглэнгийн хууль ёсны төлөөлөгч Т.Батхуяг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би ээжийгээ төлөөлж шүүх хуралдаанд хохирогчоор оролцож байна. Ээж маань одоо 74 настай, эм зүйч мэргэжилтэй, 6 хүүхэд төрүүлж өсгөсөн, эмийн сан байгуулаад ажиллуулж байгаа. Ээж минь сүүлийн 10 гаруй жил ном зохиол бичсэн хүн юм. Хэрэг гарах өдөр би гэртээ амарч байсан чинь над руу манай хүргэн дүү гар утсаараа яриад ээж орцны үүдэнд хөдөлж чадахгүй хэвтэж байна, та хурдан хүрээд ир гэж хэлсэн. Намайг такси бариад очиход манай ээжийг орцны хоёр хаалганы дунд жижиг сандал дээр суулгасан хүргэн дүү ар талаас нь түшсэн байдалтай байж байсан. Би яагаад ингээд байж байгаа юм бэ гэж асуусан чинь хөдөлгөж болохгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би эмнэлэг рүү явъя гэж хэлсэн чинь ээж хөдөлж огт болохгүй байна хөдлөх юм бол хамаг бие өвдөөд өмдөндөө бие засах гээд болохгүй байна гэж хэлсэн. Энэ хооронд миний ар талаас манай охин дүү хүрч ирсэн. Манай охин дүү маань эмч мэргэжилтэй хүн байгаа юм. Тэгээд яагаад надаас удаж ирсэн талаар нь асуухад эмийн сан онгойлгож өвчин намдаах эм авч ирэх гэсэн боловч манай ээжийн дээрэмдүүлсэн цүнхэн дотор нь эмийн сангийн түлхүүр байсан учраас авч ирж чадсангүй гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа өвчин намдаах тариа авч ирж орцон дотор тарьсан. Түүний дараа том сандал дээр суулгаж байгаад гэртээ оруулж ирсэн. Энэ үйл явдлын дараа түргэний эмч ирж үзээд гар, хөл хугарсан байна, Гэмтлийн эмнэлэгт очих шаардлагатай гэж хэлээд дахиад өвчин намдаах тариа хийсэн. Тэр хооронд цагдаа нар ирж мэдүүлэг авсан. Тэгэхэд манай ээж болсон үйл явдлын талаар маш сайн санаж, тодорхой мэдүүлж байсан. Гэмтлийн эмнэлэгт авч очиход баруун хөл нь хугаралтай гэж хэлээд татлага хийх мэс засал хийх шаардлагатай, харин зүүн талын гар нь няцрал, мултралтай байна гэж хэлсэн. Гэхдээ энэ хагалгааг майнад хийх боломжгүй гэж хэлсэн. Баруун хөлний мэс заслыг бид нар хийж чадна харин баруун талын гаранд мэс засал хийх шаардлагатай гэхдээ манай эмнэлэг хийх боломжгүй байна гэж хэлсэн. Мөн энэ үйлдлийн улмаас ээжийн хамрын хэсэгт хавдсан байсан учраас томографикийн зураг авахуулахад тархины доргилттой байна. Үүний улмаас цус хуралттай байна, цочоож болохгүй тайван байлгах шаардлагатай гэж хэлсэн. Ингээд Гэмтлийн эмнэлэг мэс засал хийх боломжгүй гэж хэлсэн учраас өөр хувийн эмнэлгүүдээр явсан боловч гаранд мэс засал хийдэг эмнэлэг ховор байдаг юм байна лээ. Харин Гранд Мед эмнэлэг дээр очиж хагалгааг хийлгэсэн. Энэ эмнэлэгт Солонгос эмч хагас бүтэн сайнд урилгаар ирж мэс заслыг хийдэг юм байна лээ. Тэр эмчид гарны зургийг үзүүлэхэд хагалгааг хийж чадна гэдгээ илэрхийлсэн. Тэгэхдээ хоёр удаа тус тусад нь мэс засал хийх шаардлагагүй юм байна хөл болон гаранд нь зэрэг мэс засал хийх шаардлагатай юм байна гэж хэлсэн. Энэ төлбөртэй хагалгаанд нь Монгол Хьюндэй эмнэлэг хөнгөлөлт үзүүлсэн. Энэ мэс заслаар баруун гар талын хөлөнд 9 хадаас хадсан. Маш олон тооны үүрмэг яс байсан учраас түүнийг нь түүж хаяад дутсан хэсэгт нь баруун талын сүүж хэсгээс нь яс авч нөхөж хийсэн. Харин зүүн талын гарны мултарсан хэсгийг оруулаад мөн хугарсан хэсэгт байсан жижиг ясыг нь түүж хаяад зүүн мөр хэсэгт нь 6 хадаас хадсан. Ингээд эмнэлэгт 14 орчим хоног хэвтээд гарсан. Гэртээ гарсан цагаас хойш байнгын асаргаа хэрэгтэй болсон. Босч бие засаж, хоол идэж чадахгүй болсон. Өвчин намдаах тариаг олноор хийлгүүлдэг болсон. Түүнээсээ болж орондоо бие засчих гээд байдаг болсон. Энэ байдалдаа санаа зовоод манай ээж хоол сойж эхэлсэн. Хоол сойж эхэлснээс хойш мэс заслын эдгэрэл нь удааширч эхэлсэн. Одоо үсээ самнаж чадахгүй, гар утсаар мессеж бичиж чадахгүй болсон. Компьютер дээр номоо бичдэг байсан учраас гарны гэмтэлтэй холбоотой ямар ч зүйл бичиж чадахгүй болсон. Мэс засал хийсэн цагаас хойш одоог хүртэл биеийн байдал муу байгаа. Өмнө нь хийж чаддаг байсан ажлаа хийж чадахгүй болсон. Сүүлд бичсэн номоо санахгүй болсон. Сэтгэл санааны хувьд өөрчлөгдсөн. Баруун гар талын хөлний ясны эдгэрэл удаан байгаа. Хөл дээрээ явж чадахгүй тэргэнцэртэй явж байгаа. Тэргэнцэрээ удирдаж явж чадахгүй байгаа. Өөрөө бие засч чадахгүй, хоолоо хүнээр хийлгүүлж иддэг болсон. Хэвийн амьдралын идэвхтэй байсан хүн одоо хийж чаддаг зүйлээ хийж чадахгүй болсон. Бидний зүгээс маш их гомдолтой. Энэ хэрэг гарснаас хойш шүүгдэгч нар болон тэдний ар гэрээс нэг ч хүн ирж уулзаагүй. Нэг удаа зурагтаар энэ хэргийн талаар мэдээ цацагдсаны дараа шүүгдэгч Баатарын өмгөөлөгч нь юм уу, ар гэрээс нь нэг хүн гар утсаар асууж байсан. Манай ээжийн цүнхэнд байсан эд зүйл болон түүнийг дагаж гарсан бүх зардлыг хамгийн бага хэмжээгээр тооцож нэхэмжилж байгаа. Зөвхөн бодит зардал ч гэлтгүй, сэтгэл санааны хохирлоо нэхэмжилмээр байна гэв.

 

Шүүгдэгч Л.Амаржаргалын хувийн байдалтай холбоотой түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1-р хх-н 170/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 167/, захиргааны зөрчлийн лавлагаа /1-р хх-н 164/, ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 189, 192-194, 196-197, 212-220/, Увс аймгийн Давст сумын Засаг даргын тодорхойлолт /2-р хх-н 8/, Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар сургуулийн тодорхойлолт /2-р хх-н 9-10/

гэрч Нямжавын Отгонжаргалын ... Амаржаргал манай аав Нямжавын дүү Лхагважавын ганц хүү нь байгаа юм. Амаржаргал Увс аймгийн Давст суманд амьдарч байгаад 2015 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотод орж ирсэн. Түүнээс хойш манай хамаатан гэдгийг мэдсэн. Манай ажлын газар болох Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах Чанар авто угаалгын газарт угаасан машиныхаа 30 хувийн цалинг аваад түр ажилладаг байсан. Амаржаргал манай ажлын газарт их сайн ажилладаг, ямар нэгэн хэл ам гаргаад байдаггүй /1-р хх-н 42-43/ гэсэн мэдүүлэг,

гэрч Даваасамбуугийн Бямбадоржийн ... 2015 оны 9 дүгээр сараас эхлэн Амаржаргал манай Чанар авто угаалгын газар машин угаагчаар ажиллаж байгаа бөгөөд ажилдаа их сайн. Үг дуу цөөнтэй, өөрт оногдсон ажлаа цаг хугацаанд нь хийчихдэг, махруу хүн байгаа юм. Амаржаргалд Улаанбаатарт таньдаг хүн байхгүй байх. Манай угаалгын газарт хонодог байсан /1-р хх-н 45-46/ гэсэн мэдүүлэг,

гэрч Зандангийн Отгоны ... Амаржаргал гэдэг хүүхэд Увс аймагтаа байнга хэрэгт холбогдоод байдаг хүүхэд. Амаржаргал нь манай хүүг уруу татаж хэрэгт оруулсан гэж бодож байна. Амаржаргал хулгай хийж хүмүүст нь баригдаж байсан удаатай. Тухайн хэргийг нь цагдаад мэдэгдээд өнгөрч байсан /1-р хх-н 36-37/ гэсэн мэдүүлэг,

гэрч Төмөрийн Энхтуяагийн ... Лхагважавын Амаржаргал нь манай эгчийн ганц хүү. Амаржаргал сумынхаа 10-н жилийн дунд сургуульд 1998 онд 1 дүгээр ангид элсэн ороод амьдралын боломжгүйгээс сургуулиас гарч сургууль завсардсан. Дараа нь 2010 онд Завхан аймгийн Тэс суманд цэргийн алба хаагаад 2011 онд ирсэн. Түүнээс хойш хөдөө ээжтэйгээ цугтаа, өвчтэй хэвтрийн дүү Сийлэгмаагаа хараад амьдардаг байсан. Манай дүү Амаржаргал Улаанбаатар хотод 2015 оны 9 дүгээр сард ажил хийнэ гээд орж ирсэн. Түүнээс хойш манай хамаатны хүний угаалгын газарт ажилладаг байсан. Амаржаргалын аав Лхагважав 2010 онд нас барсан /1-р хх-н 48-49/ гэсэн мэдүүлэг,

 

шүүгдэгч Э.Мөнх-Эрдэний хувийн байдалтай холбоотой түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1-р хх-н 171/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 168/, захиргааны зөрчлийн лавлагаа /1-р хх-н 165/, ХААН банкны харилцах дансны хуулга /1-р хх-н 198-199/, Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /1-р хх-н 243/, төрсний гэрчилгээний хуулбар /1-р хх-н 244/, иргэний үнэмлэхийн хуулбар /1-р хх-н 245/, бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /1-р хх-н 246/, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /1-р хх-н 247-248/, сурагчийн хувийн хэргийн хуулбар /1-р хх-н 250, 2-р хх-н 1-7/,

гэрч Равжихийн Сэлэнгийн ... манай хамгийн бага хүү болох Мөнх-Эрдэнэ 1990 оны 1 дүгээр сарын 28-нд Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлсэн. 1998 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Дорнод аймгийн хуучнаар Чойбалсан хотын 2 дугаар 10 жилийн дунд сургуульд элсэн суралцаж байгаад 2008 онд бүрэн дунд боловсролтойгоор төгссөн. Түүнээс хойш энд тэнд элдэв ажил хийж яваад 2014 онд аймгийнхаа Политехникийн коллежид орж суралцаад 2015 онд хүнд машин механизмын оператор мэргэжлээр төгсөж Улаанбаатар хотод ажиллахаар орж ирсэн. Миний хүү зан байдлын хувьд төлөв даруу эелдэг зөөлөн зантай, хүний үгэнд ордог, дуу цөөтэй, аймхай хүүхэд байгаа юм. Манай хүүхэд сум болон орон нутагт найз нөхөд төгссөн сургууль, цэргийн албанд их нэр хүндтэй байсан. Манай хүүг хүн муу хэлдэггүй /1-р хх-н 38-39/ гэсэн мэдүүлэг,

гэрч Даваасамбуугийн Бямбадоржийн ... 2015 оны 9 дүгээр сараас эхлэн Мөнх-Эрдэнэ манай Чанар авто угаалгын газар машин угаагчаар ажиллаж байгаа бөгөөд ажилдаа их сайн. Үг дуу цөөнтэй, өөрт оногдсон ажлаа цаг хугацаанд нь хийчихдэг. Амаржаргалд Улаанбаатарт таньдаг хүн байхгүй байх. Манайд ажиллахаас өмнө байр хөлслөөд амьдардаг байсан гэсэн. Урьд өмнө нь шинэ Нисэх буудал дээр ажиллаж байсан гэнэ лээ /1-р хх-н 45-46/ гэсэн мэдүүлэг,

 

шүүгдэгч А.Баатарын хувийн байдалтай холбоотой түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1-р хх-н 169/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 166/, ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-н 189, 190-191, 195, 203-211/, Голомт банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-н 221/, Алтангадас одонт Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн талархлын захидал /1-р хх-н 222/, Увс аймгийн Давст сумын Засаг даргын тодорхойлолт /1-р хх-н 223/, Зүүнхөвөө багийн Засаг даргын тодорхойлолт /1-р хх-н 224/, бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /1-р хх-н 225-226/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /1-р хх-н 227-228/, сурагчийн хувийн хэрэг /1-р хх-н 229-237/,

гэрч Зандангийн Отгоны ... манай том хүү Аюушийн Баатар 1995 оны 12 дугаар сарын 24-нд Увс аймгийн Давст суманд төрсөн. Бага насаа гэртээ эцэг, эхийн гар дээр өссөн. 2004 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр тус сумынхаа 9-н жилийн дунд сургуульд элсэн орж суралцаж байгаад 2012 онд 9 дүгээр ангиа төгсөөд Увс аймгийн Улаангом сум буюу аймгийн төвийн 2 дугаар арван жилд элсэн суралцаж байгаад 2014 оны 6 дугаар сард төгсөөд тухайн жилдээ цэргийн албанд нэг жилийн хугацаагаар Төв аймгийн нутагт байрлах 119 дүгээр ангид албаа амжилттай хаагаад хугацаанаас өмнө буюу 2015 оны 2 дугаар сард халагдаж ирсэн. Түүнээс хойш өөрөө Улаанбаатар хотод ажил хийж байгаа гэсэн. Манай хүү зан байдлын хувьд төлөв даруу, эелдэг зөөлөн зантай, хүний үгэнд ордог, хүнд тусархаг, үг дуу цөөнтэй. Манай хүүхэд сум болон орон нутагт найз нөхөд төгссөн сургууль, цэргийн албанд их нэр хүндтэй байсан /1-р хх-н 36-37/ гэсэн мэдүүлэг,

гэрч Даваасамбуугийн Бямбадоржийн ... 2015 оны 9 дүгээр сараас эхлэн манай Чанар авто угаалгын газар машин угаагчаар ажиллаж байгаа бөгөөд ажилдаа их сайн. Баатарт Улаанбаатарт таньдаг хүн байхгүй байх. Манай угаалгын газарт хонодог байсан /1-р хх-н 45-46/ гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

2016 оны 1 дүгээр сарын 7-ны орой 22 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 24 дүгээр байрны 2 дугаар орцонд хохирогч Г.Цэцэглэнгийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, түүний бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулан, цүнхтэй эд зүйлийг нь дээрэмдсэн гэмт хэрэг үйлдэгджээ.

Уг гэмт хэргийг шүүгдэгч Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нар бүлэглэж үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлсэн мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, шүүх шинжлэн судласан

хохирогч Гүмбийн Цэцэглэнгийн … 2016 оны 1 дүгээр сарын 7-ны орой өөрийн ажиллуулдаг Баянгол дүүргийн 15 дугаар хороонд байрлах Оточ Ганга эмийн санг 22 цагийн үед хаагаад, урд талд байрлах 24 дүгээр байрны 1 дүгээр орц руу орох үед миний араас нэг танихгүй залуу ирж дээшээ шат руу гарсан. Тэгээд би лифт хүлээгээд хэсэг хугацаанд буюу 5 орчим минут зогссон ба лифтэнд суухад миний араас 2 танихгүй залуу орж ирээд суусан. Араас эхэлж надтай цуг орцонд орж ирсэн залуу хаалган дээр зогсоод байхаар нь би чи орвол орооч гэж хэлэхэд ямар нэгэн үг дуугараагүй яах ийхийн зуургүй цүнхийг татсан. Би түүнд нь чирэгдээд шатны уруу руу унасан. Тэгээд нөгөө хүүхдүүд миний цүнхийг аваад зугтаагаад гараад явсан. Би хэсэг шоконд орсон байсан ба миний бие хөдлөхгүй байсан. Манай орцны лифтчин /нэрийг нь мэдэхгүй/ орж ирээд манай гэрээс хүн дуудаж намайг гэрт оруулаад түргэний 103 дуудаж биеэ үзүүлэхэд миний баруун хөл хугарсан байж магадгүй, зүүн талын мөр хэсгээр эвгүй болсон байсан, хамар хөхөрсөн байсан ба эмнэлэгт очиж үзүүлэх хэрэгтэй гэхээр нь Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд миний зүүн мөр мултарч яс нь бяцарсан, баруун хөлний дунд чөмөгний яс доод хэсгээрээ хугарсан, хамрын яс цууралттай, тархины гадна нимгэн хальсанд олон тооны цус хуралттай байна гэсэн. Би 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Монгол Хьюндай эмнэлэгт япон эмч нарын хагалгаанд орсон. Гэмтлийн эмнэлгийн эмч нар миний мөрний гэмтэлд монголд хагалгаа хийхгүй гэсэн. Миний биеийн байдал тааруухан байна. Харин ч хагалгаа амжилттай болсон. Зүүн мөрний ясанд 5-6 хадаас, баруун хөлний дунд чөмгийг 9 хадаасаар тогтоож, сүүжний яснаас яс авч нөхөж хагалгаа хийсэн. Би нэг хагалгаанд орсон боловч үндсэндээ миний биений гурван хэсэг газар хагалж оёсон. Насан туршдаа тахир дутуу, биедээ хадаастай боллоо. Би тухайн үед лифтэнд орохдоо цүнхнийхээ урт оосорыг зүүн гартаа ороогоод барьчихсан байсан тул татангуут нь дагаад шатны уруу унаж, гарнаас цүнхний оосор мултрахгүй унасан. Би тухайн үед нүүрний хэсгээрээ ямар нэгэн зүйл мөргөөгүй санагдаад байна. Тэдгээр гурван залуу манай байрны 1 дүгээр орцны орчмоор дагаж байхаар нь би зогсож зам тавьж өгөхөд хажуугаар өнгөрөөд явахаар нь манай орц руу орохгүй юм байна гэж бодоод код хийгээд ороход тухайн залуу хаалга хаагдахаас өмнө ороод ирсэн. Тэгээд намайг лифт хүлээж байхад дээшээ гарчихаад намайг лифтэнд суух үед араас гурван залуу ороод ирсэн. Миний цүнх хүрэн бор өнгийн урт оосортой дотор нь хүрэн өнгийн түрийвч дотроо 45.000 орчим монгол мөнгө, 4 ширхэг багц түлхүүрүүд, хуванцар сав бүхий миний уудаг эмнүүд, хиймэл шүд, жижиг эрээн кошлок, дотроо барын нүдэн ээмэг, кулон байсан. Иргэний цахим үнэмлэх тэтгэврийн шинэ хуучин хоёр дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хар өнгийн гэртэй Самсунг S-2 маркийн гар утас, сам зэрэг эд зүйл байсан. Миний биеийн байдал анхныхаа байдлыг бодвол арай дээр л болж байна. Гэхдээ л 4 сар хэвтэрт байнга эмчилгээ хийлгэж байна. Босч сууж, явж чадахгүй, гар хөлөндөө байнга аппараттай байгаа. Би тухайн өдрөөс хойш аливаа зүйлийг мартдаг болсон. Хэдэн цагийн өмнө уусан эмээ санахгүй, сүүлд бодоод байхад тэр гурван хүүхдийн нэг нь миний толгой руу өшиглөсөн санагдаж байна. Би ядаж эмчилгээнд гарсан бүх зардал, хойшид гарах зардал хохирлоо нэхэмжилж байна. Сэтгэл санааны зардал, тархи мартамхай болсон тул эмчилгээний зардал өгвөл эмчилгээ хийлгэмээр байна. Маш их гомдолтой /1-р хх-н 27-29, 2-р хх-н 62/ гэсэн,

гэрч Төмөртогоогийн Төгсжаргалын ... би Цэцэглэнгийн том охин нь. Манай ээж 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр өөрийн байр болох Баянгол дүүргийн 15 хороо, 24 дүгээр байрны 2 дугаар орцны 1 дүгээр давхарт гэр рүүгээ орох гэж яваад үл таних гурван залууд цүнх, эд зүйлсээ дээрэмдүүлж, биед нь хүнд гэмтэл учирсан. Баруун хөлний дунд чөмөг хугарсан, зүүн мөр мултарч яс нь бяцарсан, хамрын яс цуусран. Тархинд олон тооны цус хуралт үүссэн зэрэг гэмтэл учирсан. Манай ээжийн биед учирсан гэмтлийг монголд хагалгаа хийхгүй гэж байсан ба харин Монгол Хьюнда эмнэлэгт Солонгос эмч нар ирээд амжилттай хагалгаа хийсэн. Ээж маань 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хагалгаанд ороод 2016 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр тус эмнэлгээс гарч одоо болтол асаргаанд байгаа. Манай ээж 74 настай болохоор эмчилгээний хугацаа удаашралтай байгаа. Байнга хажууд нь хоёр хүнтэй асаргаанд өдөрт хоёр удаа өвчин намдаах тарилга тариулдаг. Өдөрт 6 удаа өвчин намдаах эм ууж, зүрх, бөөр, нойр булчирхай, цөс, хөл, гар нь байнга өвдөнө. Байнгын эм тариагаар байж байгаа. Бас ээжийн сэтгэл санаа нь байнга хямраад даралт нь ихсэж багасах болсон. Хэзээ хөл дээрээ зогсох нь мэдэгдэхгүй, үүнээс хойш ажил хийнэ гэж байхгүй. Зүрх даралтны хэм алдагдаж байдаг болсон. Хагалгааны төлбөр нь 8.000.000 төгрөг болсон. Бусад урсгал зардал хэдэн төгрөг болсон талаар тооцож үзээгүй. Дээрх бүх эмчилгээний зардал нь баримтаар байгаа. Манай ээжийг зүгээр ажлаа хийгээд явж байхад нь ийм болгосонд маш их гомдолтой байна. Хэзээ хөл дээрээ босохыг мэдэхгүй. Ээжийнхээ хажууд сахиж манай ах дүү нарын таван хүн ажилдаа ч явж чадахгүй байдалтай байгаа. Одоо эмчилгээний зардал мөнгийг нь нэхэмжилмээр байна /1-р хх-н 30-31/ гэсэн,

гэрч Чулуунбаатарын Энхцэцэгийн ... би Буянт Өргөө СӨХ-д лифтчин ажилтай. Тухайн 2016 оны 1 дүгээр сарын 7-ны орой 22 цагийн үед лифтнийхээ цэвэрлэгээг хийж байгаад 24 дүгээр байрны хоёр дугаар орц руу явахад гадна талын төмөр хаалга түүний дотор талын хаалга хоёрын голд тус орцны 72 тоотод амьдардаг Цэцэглэн гэдэг эмээ газарт уначихсан дээшээ харсан байдалтай байхаар нь би дээш нь өндийлгөж суулгахад эмээ намайг хүн дээрэмдчихлээ, манай гэрт ороод хэлээд өгөөч гэхэд нь би гэрийнхэд нь хэлсэн. Тухайн үед Цэцэглэн эмээ үүдэнд гэрийнх нь ах дүү нар иртэл 30-40 орчим минут суусан. Тэгээд ах дүү нар нь ирээд гэр рүү нь оруулсан. Намайг Цэцэглэн эмээг дээш суулгахад баруун хөл нь хавдаж байсан. Зүүн гар нь хөдөлж болохгүй байна гэсэн ба хамар нь мөн хавдаж байсан. Тухайн үед эмээ миний цүнхийг аваад явчихлаа гэж байсан. Өөр зүйл хэлээгүй. Намайг орц руу ороход ямар нэгэн хүн орж харагдаагүй /1-р хх-н 32-33/ гэсэн,

гэрч Пүрэвдоржийн Энхбаярын ... би Буянт Өргөө СӨХ-ийн 24 байрны 2 дугаар орцны жижүүр ажилтай. 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр жижүүрийнхээ өрөөнд байж байгаад орой 21:30 цагийн үед хажуу талын 1 дүгээр орцны жижүүр Нямхүү гэдэг хүнтэй өрөөнд нь орж суугаад буцаад орцондоо ортол цагдаагийн ажилтан нар ирээд дээшээ гараад байсан. Би тухайн үед ямар хэрэг болсон талаар мэдээгүй байсан ба Нямхүү эгч танай орцны 9-н давхарын эмээ дээрэмдүүлсэн байна гэж хэлсэн. Би тухайн хэрэг болох үед орцондоо байгаагүй. Ямар хэрэг болсон талаар харсан үзсэн зүйл байхгүй. Манай орцонд урьд өмнө нь хэрэг гарч байгаагүй. Манай орц хяналтын камертай /1-р хх-н 34-35/ гэсэн,

гэрч Нямжавын Отгонжаргалын ... хэрэг гарсан гэх өдөр Амаржаргал Баатар хоёр чөлөө аваад өглөөний 10 цагийн үед гараад явсан. Харин Мөнх-Эрдэнэ нь 16 цагийн үед гараад алга болсон /1-р хх-н 42-43/ гэсэн,

гэрч Даваасамбуугийн Бямбадоржийн ... би Амаржаргал, Мөнх-Эрдэнэ, Баатар гурвыг гэмт хэрэг үйлдсэн гэхэд итгэхгүй байсан. Тэгээд өөрсдийнх нь бичлэгийг үзэж байж итгэсэн /1-р хх-45-46/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгүүд, нэр бүхий шүүгдэгч нарын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Цэцэглэнгийн биед зүүн атгаал, зүүн дунд чөмөгний булуу хэсгийн зөрөөтэй далд хугарал, тархины субарахнойдальд цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна гэсэн 1234 тоот дүгнэлт /хх-н 51/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Шүүх эмнэлгийн 1234 тоот дүгнэлтийн 1 дүгээр заалтын зүүн дунд чөмөгний хугарал гэснээс бусадтай санал нэг байна. Г.Цэцэглэнгийн биед баруун дунд чөмөгний булуу хэсгийн зөрөөтэй далд хугарал, тархины аалзан бүрхүүл доорх бага хэмжээний цус харвалт, нүүр зүүн мөр, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэлтэй байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэсэн 333 тоот дүгнэлт /хх-н 53-54/,

хэргийн газар үзлэг хийсэн тэмгдэглэл /1-р хх-н 5-6, 9/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэгдэл /1-р хх-н 10-11/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 7-8, 12-16, 2-р хх-н 35-45/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-н 21/, СD-ний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-н 22-23/, хохирогч Г.Цэцэглэнгийн өвчний түүх /1-р хх-н 62-89/, зарлагын баримтууд /1-р хх-н 91-112/, эрүүгийн төлөөлөгчийн Илтгэх хуудас /1-р хх-н 172/, эрэн сурвалжлалт зарлах тухай баримт /1-р хх-н 173-174/, эд зүйл эрэн сурвалжлах тухай баримт /1-р хх-н 175-176/, мөрдөн байцаагчийн тэмдэглэл /1-р хх-н 178/, эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /1-р хх-н 238-239/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-н 240/ болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нар бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Г.Цэцэглэнгийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан нь энэ гэмт хэргийн амь биед аюултайгаар хүч хэрэглэсэн шинжийг, бүлэглэж үйлдсэн нь энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний хүндрүүлэх нөхцөлийг тус тус хангах бөгөөд

прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Иймд шүүгдэгч Их Монгол овогт Лхагважавын Амаржаргал, Чонод овогт Энхболдын Мөнх-Эрдэнэ, Их Монгол овогт Аюушийн Баатар нарыг бүлэглэж, амь биед аюултайгаар хүч хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэгт оролцсон оролцоог тус тус харгалзсан болно.

 

Түүнчлэн шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа/ хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчиллөө.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Г.Цэцэглэнгийн эмчилгээний зардалтай холбоотойгоор нийт 16.544.038 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргагдсан байх ба үүнээс 13.133.838 төгрөгийн шаардлагыг шүүх хангаж, үлдэх 3.410.200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Баримтаар нотолгооны шаардлага хангаж байгаа дээрх 13.133.838 төгрөгийг нэр бүхий 3 шүүгдэгчээс хувь тэнцүүлэн гаргаж, шүүхийн шатнаас хохирогч Г.Цэцэглэнгийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Т.Батхуягт олгох нь зүйтэй.

Ингэж олгосноор нэг шүүгдэгчээс гарах төлбөрийн хэмжээ 4.377.946 төгрөг болж байна.

 

Хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3.410.200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь иргэн Т.Батхуяг Их монгол майнинг ХХК-д Гүйцэтгэх захирал ажилтай гэх ба тэрээр эхийгээ асарсан хугацааны 2 сарын цалин болох 3.000.000 төгрөгийг нэхэмжилжээ.

Нэгэнт хохирогч Г.Цэцэглэн бусдад дээрэмдүүлсний улмаас бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учирч, түүнийг хүү Т.Батхуяг нь асарч сахисан гэдгийг шүүх үгүйсгэхгүй.

Гэхдээ түүний ажилгүй байсан хугацаанд авах байсан цалинг өөр байдлаар давхар нотолсон баримт, тухайлбал Нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн эсэхтэй холбоотой болон бусад баримтууд байхгүй болно.

 

Мөн хохирогч Г.Цэцэглэнгийн эмчилгээний зардлын баримтууд болох Торгон туул ЭХНБ-аас Тулга медикал эмийн санд гэсэн нийт 3 хуудас баримт,

Ази-Фарма ХХК, ЭХНТ-2 оос Торгон туул эмийн санд гэсэн нийт 3 хуудас баримт тус тус нотолгооны шаардлага хангахгүй, өөрөөр хэлбэл дээрх баримтууд байгууллага хоорондын Зарлагын баримтууд болохоос биш хохирогч Г.Цэцэглэнгийн эмчилгээнд зориулагджээ гэж үзэхэд учир дутагдалтай байна.

 

Харин хохирогч Г.Цэцэглэн болон түүний хууль ёсны төлөөлөгч Т.Батхуяг нь нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэлээ жич гаргах эрхийг нээлттэй үлдээв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нар 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүртэл тус бүр нийт 196 хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцлоо. /1-р хх-н 113, 122, 132/

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон