Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 181/2018/00460/И |
Дугаар | 001/ХТ2020/00029 |
Огноо | 2020-01-24 |
Маргааны төрөл | Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, компаний хувьцаа, бусад үнэт цаасны маргаан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 001/ХТ2020/00029
А.Б-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2019/00183 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 530 дугаар магадлалтай,
А.Б-ийн нэхэмжлэлтэй,
А.Э, Ш.Н-нарт холбогдох,
“Найн Т” ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч нь А.Б- болохыг тогтоож, эрхээ хүлээн зөвшөөрүүлэх, “Найн Т” ХХК-ийн үүсгэн байгуулагч нь А.Б- болохыг тогтоолгож, А.Э, Ш.Н-нарыг компанийн бүртгэлээс хасч гэрчилгээнд өөрчлөлт оруулахыг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
“Найн Т” ХХК нь өөрийн хөрөнгөгүй болсныг тогтоолгож, А.Б-өөс 10 000 000 төгрөгийг гаргуулан “Найн Т” ХХК-ийн дансанд байршуулахыг даалгуулахаар, хариуцагч Ш_Н-нь “Найн Т” ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгож, эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч Ш.Нацагнямын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Даваатулгын гаргасан гомдлоор,
Шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж, хариуцагч Ш.Нацагнямын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Даваатулга, түүний өмгөөлөгч Ш.Төгсгэрэл, хариуцагч А.Э ийн өмгөөлөгч П.Алтанчимэг, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгч А.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би “Найн Т” ХХК-ийн үүсгэн байгуулагч ба хувьцаа эзэмшигч бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирлын албан үүргийг гүйцэтгэдэг. А.Б-. Ш.Нацагням, А.Э , С.Тявгачамба нар “Найн Т” ХХК-ийг 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр үүсгэн байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. “Найн Т” ХХК нь нэг бүр нь 10 000 төгрөгийн үнэ бүхий нийт 1 000 ширхэг компанийн үнэт цаас болох энгийн хувьцаа гаргаж, хувьцаа эзэмшигчид тус компанийн энгийн хувьцааг А.Б- 30 хувь, А.Э 30 хувь, Ш_Н-35 хувь, С.Тявгачамба 5 хувь тус тус эзэмшихээр, гүйцэтгэх захирлаар А.Б-ийг томилон ажиллуулахаар шийдвэрлэсэн. С.Тявгачамба нь эзэмшлийнхээ 5 хувийн хувьцааг 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр надад шилжүүлж, А.Б- би тус компанийн 35 хувийн хувьцааг эзэмших болсон. 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр “Найн Т” ХХК-ийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ А.Б- миний бие өөрийнхөө хувийн мөнгөн хөрөнгөөс 10 000 000 төгрөгийг гаргаж, эхлэлтийн балансыг үйлдэж, Капитал банкин дахь “Найн Т” ХХК-ийн дансанд 10 000 000 төгрөгийг тушаасан. Бусад хувьцаа эзэмшигч гэх Ш.Нацагням, А.Э нар ямар нэгэн төлбөр төлөөгүй ба дараа нь бололцоогоороо төлнө гэлцэж байсан боловч, өнөөдрийг хүртэл төлөөгүй. Тус компани “Плагоклиаз” ХХК-тай хамтран ашигт малтмалын газраас зарласан сонгон шалгаруулалтад 2015 оны 10 дугаар сард оролцож, ялан уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмших болсон боловч, хувьцаа эзэмшигч гэх Ш.Нацагням, А.Э нар нь бусад этгээдтэй хуйвалдан, манай компанийн энэхүү тусгай зөвшөөрлийг өөр этгээдэд шилжүүлснийг миний бие эс зөвшөөрч, маргаантай байгаа тул эдгээр этгээдүүд намайг “Найн Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас зайлуулах, тамга тэмдгийг авч, дураараа аашлахаар улайран тэмцэлдэж эхэлсэн. “Найн Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлаас намайг чөлөөлөхөөр шүүхийн шийдвэр гаргуулсан. “Найн Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэх Ш_Н-35 хувьдаа ногдох 3 500 000 төгрөгийг, хувьцаа эзэмшигч гэх А.Э 30 хувьдаа ногдох 3 000 000 төгрөгийг компани байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс хойш өнөөдрийг хүртэл надад эргүүлэн төлсөнгүй, “Найн Т” ХХК-ийн дүрмийн 5.2, 5.2.1, 6.2, 12.2 дугаар зүйл, Компанийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6, 30 дугаар зүйлийн 30.1, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт тус тус заасныг зөрчсөн. Иймд Ш.Нацагням, А.Э нарт үнэт цаас эзэмших эрх үүсээгүй тул” Найн Т” ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч нь А.Б- болохыг тогтоож, хувьцаа эзэмшигч А.Б-ийн эрхийг хүлээн зөвшөөрч өгнө үү. Нэхэмжлэлийн үр дагаврыг хангах зорилгоор шүүхийн шийдвэрт Ш.Нацагням, А.Э нарыг компанийн бүртгэлээс хасч гэрчилгээнд өөрчлөлт оруулахыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү. Энэхүү нэмэгдүүлж буй нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 100 хувь хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хамт хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А.Б- надтай уулзаад Барсболдоос дэмжлэг авах шаардлага байна. Дорноговь аймагт судлагдсан, хайгуулын лицензтэй байж байгаад цуцлагдсан ашигт малтмалтай газрыг хамтарч авъя гэсэн. Би ч н.Барсболдтой уулзаж, А.Б-ийг ч Барсболдтой уулзуулж, бид ч нилээд уулзалт, ярилцлага хийж, олон ч нөхцөл байдлуудыг судалж үзсэн. Барсболд Олон Улсын биржээс Ашигт малтмалын лицензийн хөрөнгө оруулалт олж чадах ганц хүн байсан. Ингээд бид хэд хэдэн нөхцөлүүдийг тохирсон. Барсболд Ш.Нацагнямыг олж өгсөн. Компанийг үүсгэн байгуулахаар ярилцаад компанийн хувьцааг А.Б- бид хоёр 30 хувь, Ш_Н-35 хувь, С.Тявгачамба 5 хувь эзэмшихээр болсон. Компанийг байгуулахад шаардлагатай бүх бичиг баримтуудыг А.Б- бүрдүүлж, компанийг улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг хариуцсан. Лицензийн сонгон шалгаруулалтад ороход шаардагдах бүх зардлыг н.Барсболд /Ш.Нацагням/ гаргахаар тохирсон, гаргасан. Би лиценз авахад шаардлагатай бичиг баримтуудыг боловсруулах ажлыг хариуцсан. Бид зорилгодоо хүрч лицензээ авч чадсан. Бидэнд маш их ашиг олох боломж бүрдсэн. Ш_Н-компанийн дансанд оруулах 10 000 000 төгрөгийг А.Б-өд өгсөн гэдэг. Энэ мөнгийг төлсөн, заавал хувааж хариуцах ёстой гэж байгаа бол мөнгөө л шаардах эрхтэй байх. Гэхдээ компанийг бүртгүүлэх үед компанийн дансанд 10 000 000 төгрөг хийчхээд компанийг бүртгүүлчхээд буцаагаад өөртөө авчихсан харагдаж байна гэжээ.
Хариуцагч Ш_Н-шүүхэд гаргасан тайлбартаа: Би А.Э , А.Б- нартай 2015 оны 4 дүгээр сарын сүүлээс эхлэн хамтран компани байгуулж компанийн өөрийн хөрөнгө буюу нийт хувьцааны үнэ 10 000 000 төгрөгийг би гаргахаар ярилцан тохиролцож А.Э 30 хувь, А.Б- 30 хувь С.Тявгачамба 5 хувийн хувьцааг тус тус эзэмшихээр байгуулж, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Манай компанийн өөрийн хөрөнгө буюу нийт хувьцааны үнэ болох 10 000 000 төгрөгийг миний бие өөрийн охин А.Уянгаас 2015 оны 5 дугаар сарын 6-ны өдөр бэлнээр авч А.Б-ийг залуу хүний хувьд компанийн гүйцэтгэх захирлаар томилохоор тогтоож компанийн улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг даалгахаар ярилцаж тохиролцсон байсан учраас А.Б-өд бэлнээр өгсөн. Миний охин А.Уянга нь нь 10 000 000 төгрөгийг 2015 оны 5 дугаар сарын 5-ны өдөр өөрийн компани болох “Сискоал” ХХК-ийн Хаан банкин дахь 5041060680 тоот төгрөгийн данснаасаа өөрөө гарын үсгээ зуран бэлнээр авч, надад өгсөн байсан. Гэтэл А.Б- нь дээрх 10 000 000 төгрөгийг өөрөө бүгдийг гаргах байтугай өөрийн эзэмшиж буй хувьцаанд ногдох 3 500 000 төгрөгийг надад ч буцаан өгөөгүй. “Найм Т” ХХК-ийн 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр “Плагоклиаз” ХХК-ийн хувьцаа эзэмшигч М.Машбаттай хувьцааг шилжүүлэх шилжүүлэн авах гэрээ байгуулан түүний эзэмшлийн 50 хувийн хувьцааг түр эзэмших болсон бөгөөд А.Б- нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа хувьцааг түр эзэмших болсон бөгөөд А.Б- нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа хувьцааг шилжүүлэх, шилжүүлэн авах гэрээний 3.2.4-т зааснаар 2015 оны 12 дугаар сарын 25-ны дотор компанийн 50 хувийн хувьцааг шилжүүлэгч талд үл маргалдах журмаар хурдан шуурхай буцаан шилжүүлэн өгөх үүргээ бүрэн биелүүлнэ гэдгээ үүгээр баталж амлаж байна гэснийг биелүүлээгүй одоо ч биелүүлэхгүй байдаг. Иймд үнэн зөв бодит байдлыг нягтлан үзэж дүгнэлт өгч А.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ш.Нацагням, А.Э нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ш.Нацагням, А.Э , А.Б-, С.Тявгачамба бид хүсэл зоригоо нэгтгэн 2015 оны 05 сарын 25-ны өдөр “Найн Т” ХХК-ийг 10 000 000 төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгө буюу өөрийн хөрөнгөтэйгөөр байгуулж, А.Б-ийг гүйцэтгэх захирлаар томилон Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн. “Найн Т” ХХК-ийн эхлэлийн балансын нийт үнийн дүнгийн 25 хувиас дээш үнэтэй эд хөрөнгө болох 7 490 000 төгрөгийг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэргүйгээр дур мэдэн захиран зарцуулсан байна. “Найн Т” ХХК-ийн Капитал банкин дахь төгрөгийн 2200000100 дугаартай дансны хуулга, эхлэлийн тайлан тэнцэл нь тус тус хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан болно. “Найн Т” ХХК-ийн гаргасан 1 000 ширхэг энгийн хувьцааны үнэ буюу хувь нийлүүлсэн хөрөнгө болох 10 000 000 төгрөгийг Ш_Н-бүгдийг гаргасан. Иймд Компанийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасны дагуу “Найн Т” ХХК-ийн энгийн хувьцааны 35 хувийг худалдан авсан 3 500 000 төгрөгийг А.Б- төлөөгүй учраас түүнд хувьцаа эзэмших эрх үүсээгүй тул “Найн Т” ХХК-ийг өөрийн хөрөнгөгүй болсныг тогтоолгож, А.Б-өөс 10 000 000 төгрөгийг гаргуулж, “Найн Т” ХХК-ийн дансанд байршуулахыг даалгуулах, “Найн Т” ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигч нь Ш_Н-болохыг тогтоож, хувьцаа эзэмшигч Ш.Нацагнямын эрхийг хүлээн зөвшөөрч өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч А.Б- сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэл, түүний нэмэгдүүлсэн шаардлагууд нь хууль зүйн болон бодит үндэслэлгүй тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч нар нь “Найн Т” ХХК-ийг үүсгэн байгуулахад бодитоор нэг ч төгрөгийн хөрөнгө оруулаагүй тул тус компанийн хувьцаа эзэмшигч биш юм. Харин компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө болох 10 000 000 төгрөгийг А.Б- миний бие дангаараа гаргаж, хөрөнгө оруулсан тул Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 3.5, 12 дугаар зүйлийн 12.8, 14 дүгээр зүйлийн 14.3.3-т заасны дагуу “Найн Т” ХХК-ийн 100 хувийн хувьцааны цорын ганц эзэмшигч юм. Иймд А.Э, Ш.Н-нар нь тус компанийн хувьцаа эзэмшигч биш, эрх бүхий этгээдүүд бус тул сөрөг нэхэмжлэл гаргах эрхгүй болно гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2019/00183 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, Компанийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Б-ийн А.Э, Ш.Н-нарт холбогдуулан гаргасан “Найн Т” ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч нь А.Б- болохыг тогтоолгож, эрхээ хүлээн зөвшөөрүүлэх, “Найн Т” ХХК-ийн үүсгэн байгуулагч нь А.Б- болохыг тогтоолгож, Ш.Нацагням, А.Э нарыг компаний бүртгэлээс хасч гэрчилгээнд өөрчлөлт оруулахыг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч Ш.Нацагнямын А.Б-өд холбогдуулан гаргасан “Найн Т” ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигч нь Ш_Н-болохыг тогтоож, Ш.Нацагнямын эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Компанийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Нацагням, А.Э нарын А.Б-өд холбогдуулан гаргасан “Найн Т” ХХК-ийг өөрийн хөрөнгөгүй болсныг тогтоолгож, А.Б-өөс 10 000 000 төгрөгийг гаргуулж “Найн Т “ХХК-ийн дансанд байршуулахыг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар А.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөг, хариуцагч А.Э, Ш.Н-нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245 150 төгрөг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 530 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2019/00183 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч А.Б-өөс төлсөн 140 400 төгрөг, хариуцагч Ш.Нацагнямаас төлсөн 245 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Ш.Нацагнямын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Даваатулга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 14- ний өдрийн 181/ШШ2019/00183 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 сарын 22-ны өдрийн 530 дугаар магадлалд хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна.
Анхан шатны шүүхийн шүүх хуралдаан 2019.01.11-ны өдрийн 14 цагт товлогдоод 14 цаг 20 минутад эхлэхэд шүүгч эрүүл мэндийн шалтгааны улмаас дусал хийлгээд хоцорсноо тайлбарлан хурал эхэлж, ажлын цаг дууссаны дараа буюу 17 цаг 50 минутад биеийн байдал тааруу байгааг шүүх хуралдааны оролцогч нарт мэдэгдэж, талууд зөвшөөрснөөр шүүх хуралдааныг завсарлаж 2019.01.14-ны өдрийн 08 цаг 30 минутад үргэлжлүүлэхээр болсон. Тухайн үеийн нөхцөл байдал нь зайлшгүй завсарлах буюу шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэх боломжгүй байдал үүссэн. Тухайн үед оролцогчид үргэлжлүүлэх хүсэлтэйгээ илэрхийлсэн ч нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэдүүлээ шүүгчээ бодоё, аргагүй хэцүү байна л даа гэж хуралдаан завсарлахыг хүлээн зөвшөөрснөө хэлж байсан нь уг шүүх хуралдааны бичлэг болон тэмдэглэлийн 56 дугаар хуудсанд бичигдсэн байгаа болно. Нэхэмжлэгч тал тухайн үедээ өөрсдөө хүлээн зөвшөөрч хуралдааныг завсарлуулсан байтал хожим энэ нөхцөл байдлаа өөрөөр тайлбарлан шүүгчийн шийдвэрт нөлөөлсөн гэж байгаа нь шударга бус байна. Ийнхүү нэхэмжлэгчээс шүүх хуралдааныг хойшлуулах шаардлагагүй гэсэн илэрхийллээ бүрэн хэмжээгээр шүүхэд гаргаж байсан учир шүүгч хэргийг нэхэмжлэгч талын хүсэлтээр үргэлжлүүлсэн. Өөрөөр хэлбэл, тухайн үед шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл байгаагүй. Гэтэл давж заалдах шатны шүүх бодит байдлаас зөрүүтэйгээр “хэргийн оролцогчид нотлох баримттай танилцаагүй” гэж дүгнэснийг зөвшөөрөх боломжгүй байна. Үүгээр хэргийн оролцогч хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим алдагдаж байна. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох 10 000 000 төгрөгийг гаргасан гэх үйл баримт нь нотлогддоггүй. Хэрэгт авагдсан баримтын тухайд: “Найн Т” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгө буюу хувьцааны үнэ болох 10 000 000 төгрөгийг 2015.05.22-ны өдөр Капитал банкин дахь “Найн Т” ХХК-ийн төгрөгийн 2200000100 дугаартай дансанд байршуулсан бөгөөд 3 өдрийн дараа буюу 2015.05.25-ны өдөр А.Б- нь уг дансанд 10 000 төгрөгийн орлого хийн 10 000 000 төгрөгийг дур мэдэн буцаан авсан болох нь тогтоогддог. Хариуцагч А.Б- нь уг шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “...3 299 ам.доллар буюу 8 000 000 орчим төгрөгийн үнэтэй байх ОМЕN маркийн зөөврийн компьютер худалдан авсан” гэж тайлбарласан 1-р хх-109-110 хуудсанд авагдсан нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг өгсөн байхад үнэлэх боломжгүй баримтыг анхан шатны шүүх үнэлж дүгнэлт хийгээд шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Ийм бодит байдлаас зөрүүтэй баримт гэж тайлбарласаар байтал шүүх эргэлзээтэй баримтад үндэслэн дүгнэлт хийлээ. А.Б- болон анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэсэн баримт бол хэргийн 1-р хх-145-149 хуудсанд авагдсан компанийн 2015 оны 4-р улирлын санхүүгийн тайлан юм. Ш_Н-нь “Найн Т” ХХК-ийн өөрийн хөрөнгө буюу энгийн хувьцааны үнэ 10 000 000 төгрөгийг бүгдийг хувиасаа гаргахдаа энэ 10 000 000 төгрөг нь компанийн дансанд байнга байна гэж ойлгосон, мөн бусад хувьцаа эзэмшигчдийн өмнөөс хувьцааны үнийг гаргаснаараа бодит байдалд А.Б-өд 35 хувийг эзэмших эрхийг үнэ төлбөргүйгээр өгснөөр түүний эрх үүссэн. Анхан шатны шүүх хариуцагч Ш.Нацагнямын “Найн Т” ХХК-ийн хувьцаа эзэмших эрхийг хувьцаа эзэмшигч бус этгээд зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж дүгнэжээ. А.Б- хадгаламжийн данснаасаа зарлагдсан, шилжүүлсэн гэж тайлбарладаг боловч хадгаламжийн дэвтрийн хуулга, дансны хуулгыг шүүхэд гаргаж өгөхөөс удаа дараа татгалзаж байсан, гаргаж өгөхгүй байхад шүүх банкны тодорхойлолтыг нотлох баримт гэж үзсэн, шүүх банкнаас ирүүлсэн утга, үйлдэл өөр бүхий тодорхойлолтуудыг адил хэмжээнд үнэлсэн зэрэг байдлаас үзвэл шүүх талуудын нотлох баримтуудыг үндэслэлтэй зөв үнэлж чадсангүй.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг хянан үзэж хүчингүй болгож, “Найн Т” ХХК-ийн данснаас гүйлгээ хийх эрхээ ашиглан компанийн 10 000 000 төгрөгийг авсан болохоо хувьцаа эзэмшигчдээс нуусан, тайланд буруу мэдээ бичиж тайлагнаж байсан нь нотлогдож байх тул “Найн Т” ХХК-ийг өөрийн хөрөнгөгүй болсныг тогтоож, А.Б-өөс 10 000 000 төгрөгийг гаргуулж компанийн дансанд байршуулахыг даалгаж, нэхэмжлэгч, хариуцагч нараас нотлох баримтаар ирүүлсэн баримтуудыг харьцуулан нягтлан үзэж, А.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, “Найн Т” ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигч нь Ш_Н-болохыг тогтоож, Ш.Нацагнямын эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
А.Б- нь А.Э, Ш.Н-нарт холбогдуулан “Найн Т” ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч нь А.Б- болохыг тогтоож, эрхээ хүлээн зөвшөөрүүлэх, “Найн Т” ХХК-ийн үүсгэн байгуулагч нь А.Б- болохыг тогтоолгож, А.Э, Ш.Н-нарыг компанийн бүртгэлээс хасч гэрчилгээнд өөрчлөлт оруулахыг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, “Найн Т” ХХК нь өөрийн хөрөнгөгүй болсныг тогтоолгож, А.Б-өөс 10 000 000 төгрөгийг гаргуулан “Найн Т” ХХК-ийн дансанд байршуулахыг даалгуулахаар, хариуцагч Ш_Н-нь “Найн Т” ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгож, эрхийг хүлээн зөвшөөрүүлэхээр сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ.
Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.
Шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцээгүй байна.
Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх шүүх хуралдааныг тасралтгүй явуулах хуулийн зарчмыг зөрчсөн, хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэсэн хоёр үндэслэл зааж шийдвэрийг хүчингүй болгожээ.
Магадлалд “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.-д заасан хуулийн зарчим зөрчигдсөн” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.-д “Бүх шатны шүүхийн шүүгч шүүх хуралдааныг өдрийн цагаар, амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулна” гэж зохицуулсан.
Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл шүүх хуралдаан 2019 оны 01 дүгээр сарын 11-ний баасан гаригийн 14 цаг 20 минутад эхэлж, хэргийг хуулиар тогтоосон дэгийн дагуу хэлэлцэж байгаад нотлох баримт шинжлэн судлахаас өмнө 17 цаг 50 минутад завсарлаад, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний даваа гаригийн өглөө 08 цаг 30 минутаас эхэлж, дэгийн дагуу, нотлох баримт шинжлэн судлах үе шатнаас үргэлжлэн явагдсан үйл баримт тогтоогджээ.
Шүүгч биеийн эрүүл мэндийн байдал, хэргийн нөхцөл байдлаас шалтгаалан хэргийн оролцогч талуудтай зөвшилцсөний эцэст шүүх хуралдаан эхэлсэн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хэргийг хэлэлцэж дуусган, эцэслэн шийдвэрлэх боломжгүй, амрах зайлшгүй шаардлага гарсан гэж үзсэний үндсэн дээр ажлын цаг дуусах үед буюу 17 цаг 50 минутад шүүх хуралдааныг завсарлаж, дараагийн ажлын өдрийн өглөөнөөс шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан бөгөөд энэ хооронд өөр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээгүй байна.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх шүүх хуралдаан тасралтгүй явуулах зарчмыг хэрхэн зөрчсөн, зөрчсөн гэж үзсэн үндэслэлээ магадлалд заагаагүй бөгөөд дээрх зарчмыг зөрчсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зарчим зөрчигдсөн гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцээгүй, үндэслэлгүй гэж үзлээ.
Магадлалд “...хэргийн 153-162 дугаар талд авагдсан нотлох баримтыг хэргийн оролцогчдод танилцуулсан эсэх нь тодорхойгүй, ...зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийг төлөөлөгч буюу өмгөөлөгчид эрх үүргийг нь тайлбарлаж өгсөн тухай баримтад шүүгч гарын үсэг зураагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1.-д заасан заалтыг хэрэгжүүлсэн гэж үзэхэд эргэлзээтэй, ...түүнчлэн хариуцагчид нэхэмжлэл гардуулсан баримтад шүүгч гарын үсэг зураагүй, шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад шүүгчийн туслах гарын үсэг зураагүй, хэргийн оролцогчдод хэрэг танилцуулсан баримтад огноо бичигдээгүй зөрчлүүдийг хэргийн болон оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн байна...” гэжээ.
Анхан шатны шүүх хуралдаан эхлэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Даваатулга “хариуцагч Ш.Нацагнямын тайлбар 2 хуудас, тайлбартай хавсарган яригдаад байгаа 10 сая төгрөгийн тухай 8 хуудас нотлох баримт, нийт 10 хуудас нотлох баримт”-ыг гарган өгснийг шүүх хүлээн авч, шүүх хуралдаан даргалагч нэхэмжлэгч талд танилцуулан, нотлох баримттай холбоотой санал хүсэлт байгаа эсэхийг асуухад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс тус нотлох баримттай холбогдуулан хэлэх санал, хүсэлтгүй, шүүх хуралдааны мэтгэлцээний явцад холбогдох тайлбараа хэлье гэснээр шүүх хуралдаан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг танилцуулснаар эхэлсэн талаар хэргийн 164-165 дугаар талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.
Дээрх 10 хуудас баримтыг шүүх хуралдаан дээр шинжлэн судалсан, шүүх хуралдааны тэмдэглэлийн өмнө хавсаргаж, 153-162 дугаар тал гэж дугаарлан хэрэгт үдсэн байх тул “эдгээр нотлох баримтыг хэргийн оролцогчдод танилцуулсан эсэх нь тодорхойгүй” гэж үзсэн нь үндэслэлгүй болно.
Харин хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчдөд эрх үүрэг тайлбарласан баримт, нэхэмжлэлийг хариуцагчид гардуулсан баримтад шүүгч гарын үсэг зураагүй, шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад шүүгчийн туслах гарын үсэг зураагүй, хэргийн оролцогчид хэрэг танилцуулсан баримтад огноо бичигдээгүй зэрэг зөрчил гаргасан боловч хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэх, улмаар шийдвэрийг хүчингүй болгох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3., 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасан үндэслэлийг бий болгохгүй байна.
Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаантай үйл баримтыг зөв тодорхойлж, хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсний үндсэн дээр үндэслэл бүхий дүгнэлт хийж, Компанийн тухай хууль болон Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.
Хэрэгт авагдсан баримтаар “Найн Т” ХХК-ийг гадаад худалдаа, уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар А.Б-, А.Э , Ш.Нацагням, С.Тявгачамба нар үүсгэн байгуулж, компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 10 000 000 төгрөг ба нэг бүр нь 10 000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1 000 ширхэг энгийн хувьцаа байна гэж тодорхойлон, компанийн хувь нийлүүлэгчид хувь нийлүүлсэн хөрөнгөд эзлэх хувиар компанийн хувьцааг эзэмшихээр компанийн дүрмийн 5.2.1.-д заажээ.
Дүрмийн 5.2.1.-д зааснаар А.Б- 300 ширхэг, 3 000 000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 30%-ийн хувьцааг, А.Э 300 ширхэг, 3 000 000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 30%-ийн хувьцааг, Ш_Н-350 ширхэг, 3 500 000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 35%-ийн хувьцааг, М.Тявгачамба 50 ширхэг, 500 000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 5%-ийн хувьцааг тус тус эзэмшихээр тодорхойлсон нь тэдний хувь нийлүүлсэн хөрөнгө гэж ойлгогдохоор байна.
Компанийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8.-д зааснаар компанийг үүсгэн байгуулахтай холбогдсон зардлыг төлсөн этгээд нь бусад үүсгэн байгуулагч, түүний эзэмшиж байгаа болон эзэмшихээр захиалсан хувьцааны тоотой хувь тэнцүүлэн уг зардлыг нэхэмжлэн авах, эсхүл гаргасан зардлынхаа хэмжээнд хувьцаа эзэмших эрхтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбар, үндэслэлийг өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.
Хувь нийлүүлсэн хөрөнгө болох хувьцааны үнэ 10 000 000 төгрөгийг хэрхэн бүрдүүлсэн, хэн хувьцааны үнийг төлсөн, төлөөгүй этгээдээс буцааж авах, хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн талаар хэрэгт ямар нэг баримт авагдаагүй байна.
Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө болох 10 000 000 төгрөгийг ганцаараа төлж, компанийн дансанд байршуулсан гэх үндэслэлээр “Найн Т” ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгох, эрхийг хүлээн зөвшөөрүүлэх, улмаар хариуцагч нарыг улсын бүртгэлээс хасч, гэрчилгээнд өөрчлөлт оруулахыг даалгах тухай нэхэмжлэгч А.Б-ийн нэхэмжлэл, А.Б-ийн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулах 3 500 000 төгрөгийн хувьцааны төлбөрийг өөрөөсөө гаргаж, компанид хөрөнгө оруулсан гэх үндэслэлээр компанийн 70%-ийн хувьцаа эзэмшигчээр Ш.Нацагнямыг тогтоож, эрхийг хүлээн зөвшөөрүүлэхийг хүссэн хариуцагч Ш.Нацагнямын сөрөг нэхэмжлэлийг тус тус хангах үндэслэл тогтоогдсонгүй.
Иймд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр буруу биш гэж үзнэ.
“Найн Т” ХХК-ийг үүсгэн байгуулахад буюу 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Капитал банкин дахь “Найн Т” ХХК-ийн дансанд орлого гэх утгатайгаар 10 000 000 төгрөгийг байршуулсан болох нь хэргийн 1 дүгээр хавтасны 17 дугаар талд авагдсан депозит дансны харилцагчийн хуулгаар нотлогдсон байна.
Компанийн дээрх хөрөнгийг А.Б- 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зарлагадаж авснаар компани өөрийн хөрөнгөгүй болсон гэх үндэслэлээр компани өөрийн хөрөнгөгүй болсныг тогтоолгож, А.Б-өөс 10 000 000 төгрөгийг гаргуулан “Найн Т” ХХК-ийн дансанд байршуулахыг даалгуулахаар А.Э, Ш.Н-нар сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...А.Б- нь компанийн дансанд байршуулсан, хувь нийлүүлсэн хөрөнгө болох 10 000 000 төгрөгийг бүгдийг нь захиран зарцуулсан үйлдэл нь Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.1., 88 дугаар зүйлийн 88.2.-т заасныг зөрчсөн, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэргүйгээр компанийн хөрөнгийг дур мэдэн зарцуулсан тул компанийг өөрийн хөрөнгөгүй болгосныг тогтоолгож, А.Б-өөс 10 000 000 төгрөгийг гаргуулан “Найн Т” ХХК-ийн дансанд байршуулах даалгуулахаар нэхэмжлэл гаргаж байна...” гэж тайлбарлажээ.
Хэргийн 1 дүгээр хавтасны 146 дугаар талд авагдсан “Найн Т” ХХК-ийн 2015 оны 4 дүгээр улирлын тайлангаар компанийн нийт хөрөнгийн дүнг 10 178 300 төгрөг гэж тайлагнасан байх тул 2015 оны 05 дугаар сард компанийн данснаас 10 000 000 төгрөг авч компанийг өөрийн хөрөнгөгүй болгосныг тогтоолгож, нэхэмжлэгчээс 10 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь заалтад нийцсэн байна.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, талуудын хооронд үүссэн маргаантай харилцааг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байх тул шийдвэрт өөрчлөлт оруулахыг хүссэн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй болно.
Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 530 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2019/00183 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Ш.Нацагнямын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Даваатулгын гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Ш.Нацагнямын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Даваатулгаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД