Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2020/0298

 

 

     Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, шүүгч А.Насандэлгэр, шүүгч Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “2” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

        Гомдол гаргагч: “Ж” ХХК.

        Хариуцагч: УТОХГ-ын ХШХТУБ-гч Т.З, Н.Х.

     Гомдлын шаардлага: “УТОХГ-ын ХШХТУБ-гч Т.З, Н.Х нарын 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 211820024 тоот зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсын 2.4.6 дахь хэсгийг  хүчингүй болгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.А, хариуцагч Т.З, Н.Х, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, иргэдийн төлөөлөгч Н.Наран нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Гомдол гаргагч “Ж” ХХК шүүхэд анх ирүүлсэн гомдол, түүний үндэслэлдээ: “УТОХГ-ын ХШХТУБ-гч Т.З, Н.Х нар нь “Ж”  ХХК-ийн 2012-2016 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалтыг 2017 оны 08 дугаар сараас 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хийж, 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №211820024 тоот         зөрчилд       шийтгэл    оногдуулах      тухай     шийтгэлийн          хуудсаар шийтгэлийн хуудсын 6 дахь хэсгийн Ж ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 2015 онд 2,624,666,592.00 төгрөг, 2016 онд 2,241,432,118.73 төгрөг нийт 4,866,098,710.73 төгрөгийн ажил үйлчилгээний орлогод Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй.

        Учир нь 2015, 2016 онд Ж ХХК-тай Баянхонгор аймгийн Г******* сумын С******* ******* хэмээх газарт байрлах 7******* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд нөхөн сэргээлт хийх гэрээний дагуу манай “Ж” ХХК нь Ж ХХК-ийн талбайгаас өөрийн хүний нөөц, техник хүчин чадалд тулгуурлан 2015 онд сэлбэг, түлш шатахуун, цалин түрээс, тээвэр, хоол хүнс, харуул хамгаалалтад 2,327,217,392 төгрөгийн зардал гаргасан, 2016 онд 2,284,974,627 төгрөгийн зардал гаргаж нөхөн сэргээлт хийж алт олборлож, 4,866,098,710.73 төгрөгийн алтны орлогыг манай компани бүрэн эзэмших эрхтэй байсан.

     Алтны орлогыг манай компанийн данс руу шилжүүлэх хүсэлтийг Ж ХХК нь алтны тушаалт хийх бүрт хамт гаргадаг байсан. Алтны борлуулалт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Нэмэгдсэн өртгийн албан татварын албан татвараас чөлөөлөх барааг жагсаасан байдаг бөгөөд 13.1.11-д Борлуулсан алт гэж заасан байдаг.

        Ж ХХК нь өөрийн алтны орлогоо “Ж” ХХК-ийн дансанд шилжүүлэх хүсэлт гарган авсан нь Ж ХХК-ийн 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 20 тоот, 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 22 тоот, 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 24 тоот, 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 28 тоот, 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 36 тоот, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 41 тоот, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 42 тоот, 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 04 тоот, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 35 тоот албан бичгүүдээр нотлогддог. Хуульд алтны орлогыг алт тушаагч зөвхөн өөрийн дансаар авна гэсэн зохицуулалт байдаггүй. Ж ХХК нь манай компанийн данс руу орсон алтны орлогыг өөрийн нэр дээр тайлагнаагүй учир манай компани алтны орлогыг өөрийн компани дээр тайлагнасан.

         Манай компани нь 2015-2016 онд нийт 4,612,192,559 төгрөгийн зардал гаргаж Баянхонгор аймгийн Г******* сумын С******* ******* хэмээх газарт байрлах 7******* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд нөхөн сэргээлт хийж хүлээлгэж өгсөн. Ийнхүү манай компани нөхөн сэргээлт хийсэн тул олборлосон алтны орлогыг манай компани гэрээний дагуу эзэмших эрхтэй байсан. Гэтэл уг алтны орлогыг ажил гүйцэтгэх гэрээний дагуух орлого гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа билээ.

       Ж ХХК-ийн нэрээр Монгол банканд тушаасан алтны борлуулалт нь манай компанийн данс руу ордог байсан учир алтны борлуулалтын орлого нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.11-д заасны дагуу Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөнө гэсний дагуу чөлөөлөгдөх үндэслэлтэй гэж үзэж байна.

          Иймд дээрх үндэслэлүүдээр УТОХГ-ын ХШХТУБ-гч Т.З, Н.Х нарын 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №211820024 тоот зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү. гэжээ.

          Гомдол гаргагч “Ж” ХХК нэмэгдүүлсэн гомдлын шаардлагадаа: УТОХГ-ын ХШХТУБ-гч Г.З. Н.Х нар нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ч.Э*******ын олгосон дугаар 21170900217 тоот томилолтын дагуу Ж ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-нээс 2016 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх 5 жилийн хугацааг хамруулан 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 18 хоногийн хугацаатай шалгах томилолттой байсан. Гэтэл байцаагчид нь хуульд заасан эрхээ хэтрүүлэн 2013 онд татварын шалгалт орсон байхад дахиж шалгасан, томилолтын хугацаа 2017 оны 09 дүгээр сарын 18-нд дууссан байхад хугацаанд нь сунгаагүй, хууль ёсны дагуу сунгагдаагүй хууль бус томилолтын дагуу 229 хоног үргэлжлүүлэн шалгасан, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №211820024 тоот шийтгэлийн хуудсыг хяналт шалгалтын хэлтсийн даргаар баталгаажуулаагүй, олгосон томилолт хуульд заасан шаардлага хангаагүй, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх бараанд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан нь дараах хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хүчин төгөлдөр бус акт гэж үзэх үндэслэл байна.

     Үүнд:  Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд түүнд дараах зүйлийг тусгана:

             5.2.7-д өмнө хийсэн шалгалтын талаарх мэдээлэл,

      4.1.7-д хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх.

       Захиргааны ерөнхий хуулийн 33.1. Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хугацааг хуанлийн жил, сар, гараг, хоног, ажлын өдөр, цаг, минутаар тодорхойлно.

          33.11-д Долоо хоног, хоногоор тогтоосон хугацаа уг хугацаа дуусах өдрийн мөн цагт дуусна,

       33.8-д Хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно.

        Татварын албаны татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 5.7-д Татварын улсын (ахлах) байцаагчаар өмнө нь шалгасан татвар төлөгчийг давтан шалгуулахгуй байх. Хэрэв энэхүү байдлыг мэдээгүйн улмаас дахин шалгахаар томилолт олгогдсон бол тухайн татварын улсын (ахлах) байцаагч энэ талаар томилолт олгосон албан тушаалтанд бичгээр мэдэгдэнэ.

       5.10-д Татварын улсын (ахлах) байцаагч нь татварын хяналт шалгалтыг томилолтод заасан хугацаанд албан ажлын шаардлага болон хүндэтгэн үзэх шалтгааны улмаас дуусгах боломжгүй бол ТХШАЭН дарга эсхүл түүний ажил үүргийг албан ёсоор орлон гүйцэтгэж буй албан тушаалтанд танилцуулна,

        5.11-д ТХШАЭН дарга нь холбогдох баримт бичгийг үндэслэн журмын ......... 5.10-д заасан нөхцөлд сунгах бөгөөд энэ талаар мэдээллийн санд тус тус бүртгэнэ.

       7.9-д Татварын хяналт шалгалт хийсэн Татварын улсын (ахлах) байцаагч акт, дүгнэлтийг ТХШАЭН-ийн даргад эсхүл түүний ажил үүргийг албан ёсоор түр орлон гүйцэтгэж буй албан тушаалтанд танилцуулан гарын үсэг зуруулж, хянан баталгаажуулна.

      7.13-т Акт дүгнэлт нь татварын хяналт шалгалт хийсэн Татварын улсын (ахлах) байцаагч, татвар төлөгч гарын үсэг зурж, ТХШАЭН-ийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох...   

    Татварын Ерөнхий хуулийн 30.1-Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглохоор зааснаас гадна татварын улсын байцаагчийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно,

       30.1.3-т гарын үсэг зурж эцэслэн ёсчлоогүй татварын улсын байцаагчийн акт, дүгнэлт, бусад баримт бичиг, илтгэх хуудсыг татвар төлөгчид урьдчилан танилцуулах, зөвшөөрүүлэхээр албадах,

         30.1,5.хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах зарчмыг гажуудуулах...      

        Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1-Дараах барааг албан татвараас чөлөөлнө,

        13.1.1 борлуулсан алт гэснийг тус тус зөрчсөн.

       2015, 2016 онд Ж ХХК-тай Баянхонгор аймгийн Г******* сумын С******* ******* хэмээх газарт байрлах 7******* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд нөхөн сэргээлт хийх гэрээний дагуу манай Ж ХХК нь Ж ХХК-ийн талбайгаас өөрийн хүний нөөц, техник хүчин чадалд тулгуурлан 2015 онд сэлбэг, түлш шатахуун, цалин түрээс, тээвэр, хоол хүнс, харуул хамгаалалтад 2,327,217,392 төгрөгийн зардал гаргасан, 2016 онд 2,284,974,627 төгрөгийн зардал гаргаж нөхөн сэргээлт хийж нөхөн сэргээлтийн талбайгаас эфел гааль угааж нөхөн сэргээлтийн зардлыг олох зорилгоор алт олборлож, 4,866,098,710.73 төгрөгийн алтны орлогыг манай компани бүрэн эзэмших эрхтэй байсан.

         Алтны орлогыг манай компанийн данс руу шилжүүлэх хүсэлтийг Ж ХХК нь алтны тушаалт хийх бүрд хамт гаргадаг байсан. Алтны борлуулалт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх барааг жагсаасан байдаг бөгөөд 13.1.11-д Борлуулсан алт гэж заасан байдаг.

       Ж ХХК нь өөрийн алтны орлогоо Ж ХХК-ийн дансанд шилжүүлэх хүсэлт гарган авсан нь Ж ХХК-ийн 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 20 тоот, 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 22 тоот, 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 24 тоот, 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 28 тоот, 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 36 тоот, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 41 тоот, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 42 тоот, 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 04 тоот, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 35 тоот албан бичгүүдээр нотлогддог ба хуульд алтны орлогыг алт тушаагч зөвхөн өөрийн дансаар авна гэсэн зохицуулалт байдаггүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд алтыг хэн борлуулж, хэн өөртөө орлогоор авах эсэх талаар тусгайлан заагаагүй бөгөөд алтны орлого л бол нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх бараа гэж үзэхээр заасан. Ж ХХК нь манай компанийн данс руу орсон алтны орлогыг өөрийн нэр дээр тайлагнаагүй учир манай компани алтны орлогыг өөрийн компани дээр тайлагнасан.

        Манай компани нь 2015-2016 онд нийт 4,612,192,559 төгрөгний зардал гаргаж Баянхонгор аймгийн Г******* сумын С******* ******* хэмээх газарт байрлах 7******* дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд нөхөн сэргээлт хийж хүлээлгэж өгсөн. Ийнхүү манай компани нөхөн сэргээлт хийсэн тул олборлосон алтны орлогыг манай компани гэрээний дагуу эзэмших эрхтэй байсан. Гэтэл уг алтны орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа билээ.

        2015 онд 2,624,666,592 төгрөгний алтны борлуулалт хийсэн ба тухайн орлого олсон хугацаа болох 2015 оны 1 дүгээр сараас 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгож Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулах хүсэлтийг Улсын төсвийн орлого хяналтын газарт гаргасны дагуу шалгалт орж 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр илүү төлөлтийг баталгаажуулсан татварын улсын байцаагчдын №210201562 дугаар бүхий акт гарсан. Тухайн актыг манай компани хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд үндсэн шалтгаан нь нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлт бус М ХХК-тай холбоотой санхүүгийн буруу бичилт хийгдсэн байсан ба уг бичилтийг 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөр засварласан тул Татварын маргаан таслах зөвлөлөөр хүчингүй болгож манай компанийн тайлагналын дагуу шийдвэрлэсэн.

     Татварын Ерөнхий газраас Ж ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулах тооцооны 3-р хэсэгт нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн борлуулалт хэсэгт 2,325,843,376.70 төгрөгийн алтны борлуулалтыг чөлөөлж баталгаажуулсан байдаг.

          2012-2014 онд манай компани М ХХК-ны Баргилтын уурхайд Хөрс хуулалтын болон төмрийн хүдэр худалдан авах гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд тухайн хөрс хуулалтын төлбөрт төмрийн хүдэр авч Хятад улсад экспортоор гаргаж байсан. Энэхүү борлуулалт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13-р зүйлийн 13.1.16-д заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөж байсан. Энэ борлуулалттай холбоотой нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг мөн баталгаажуулах хүсэлтийг гаргаж байсан ба 2014 оны 12 дугаар сарын 31-ны өдөр гаргасан №210201509 тоот татварын байцаагчийн актын дагуу бид нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтөө буцаан авч байсан.

       Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 7-р зүйл 7.1 дэх заалтыг үндэслэн шийтгэл оногдуулсан. Мөн тухайн хуулийн 7-р зүйлийг хэрэглэхдээ зөвхөн тухайн 2 компанийн хооронд хийсэн гэрээний нэрэнд хамааруулж хуулийг хэрэглэсэн. Тухайн хуулийн 7-р зүйл 7.1 хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа ажил үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна. гэж заасан байдаг ба алтны борлуулалт нь тус хуулийн 13-р зүйлд тусгайлан заагдсан нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх бараа юм.

         Иймд дээрх үндэслэлүүдээр УТОХГ-ын ХШХТУБ-гч Т.З. Н.Х нарын 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №211820024 тоот зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсын 2, 4, 6 дах хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

          Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий актын эхлээд 6 дахь хэсгийг яръя. 6 дахь хэсэг нь 2015, 2016 оны Ж ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт авагдсан үнийн дүнг нэмэгдсэн өртгийн албан татвар /цаашид НӨАТ гэх/ ногдуулаагүй гэх үндэслэл байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.11-д заасны дагуу албан татвараас чөлөөлөгдөх зохицуулалттай. Энэ үндэслэлээр чөлөөлөгдөх орлого гэж үзээд тайландаа тусгасан. Үүнийг 2015 онд тухайн үеийн НӨАТ-ын буцаан олголт хийхтэй холбогдуулан баталгаажуулалт хийж, баталгаажуулалтыг татварын улсын 2 байцаагч шалгаж баталгаажуулсан байдаг. Уг баталгаажуулалтыг үндэслэн 2016 онд мөн адил чөлөөлөгдөх зардалд тусгасан. Гэтэл 2017 онд Т.З, Н.Х гэх байцаагч шалгалт хийх явцдаа буюу 2018 онд шийтгэлийн хуудас гаргахдаа өмнөх байцаагчийн гаргасан хүчин төгөлдөр баталгаажуулалт байсаар байтал чөлөөлөгдөх зардал биш гэж үзээд татвар ногдуулахаар тусгасан. Бид алтыг борлуулсан гэж үзэж байгаа. Ж ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй бөгөөд уурхайнхаа алтны нөөцийн тодорхой хэсгийг нөхөн сэргээлтийн зардалд зарцуулахаар үлдээсэн. Ж ХХК нь үйл ажиллагаа явуулахгүй байсан бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ хүлээн тухайн үлдээсэн нөөц хэсгийг ашиглаад хариу төлбөрт нь уурхайн үлдсэн бүх талбайд нөхөн сэргээлт хийлгэх нөхцөл бүхий хүсэлт тавьсны дагуу ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Ажил гүйцэтгэх гэрээний хүрээнд нөөц хэсгээс алт олборлосон. Олсон ашиг орлогоо бүхлээр нь Ж ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд зарцуулсан байдаг. Гэтэл улсын татварын хэлтсийн байцаагч нар Ашигт малтмалын тухай хуулийн 47.11 дэх заалтыг баримтлаад зөвхөн тусгай зөвшөөрөгч эзэмшигч алтаа борлуулна, Ж ХХК нь тусгай зөвшөөрөлгүй буюу алт тушаах, борлуулах үйл ажиллагаа явуулах эрхгүй гэж тайлбарладаг. Хуулийн уг заалтад нийтдээ 3 удаа өөрчлөлт орсон байдаг. 2006 онд анх батлагдах үед тусгай зөвшөөрөл эзэмшигч Монголбанкинд алт борлуулах, тушаах талаарх зохицуулалт байхгүй, 2010 онд зөвхөн дугаарлалт өөрчлөгдсөн, харин 2019 оны 3 сард алтыг зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигч тушаахтай холбоотой зохицуулалт орсон байдаг. Гэтэл манай хөндөгдөж буй эрх зүйн харилцаа 2015, 2016 он, татварын хяналт шалгалт хийгдсэн хугацаа 2017, 2018 онуудад болсон буюу маргаан бүхий үйл баримт нь хуульд орсон өөрчлөлтөөс өмнө болсон байтал хариуцагч тал шүүх дээр мэтгэлцээд явахдаа хуулийн 47 дүгээр зүйлийн 47.11 дэх хэсгийг баримтлаад зөвхөн Ж ХХК нь тушаах эрхтэй байсан, Ж ХХК нь татвар тушаах эрхгүй, алттай холбоотой орлого авах эрхгүй гэсэн тайлбар хийдэг бөгөөд энэхүү тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Манай зүгээс тухайн алтны орлого бол Ж ХХК-ийн орлого байсан бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн чөлөөлөгдөх нөхцөлд хамаарах ёстой гэж үзэж байгаа. Дараагийн дугаарт 2013 онд М компанитай байгуулсан гэрээний дагуу хөрс хуулалтын ажил гүйцэтгээд төлбөр болох 168 517 640 төгрөгтэй дүйцүүлэн төмрийн хүдэр аваад, түүнийгээ худалдан борлуулсан. Бидний зүгээс буюу тухайн үед ажиллаж байсан нягтлан бодогчийн зүгээс аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон НӨАТ-ын тайланд тусгаагүй алдаа гаргасныг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ манай зүгээс татварын байцаагч нар тухайн үед үйлчилж байсан. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт тусгасан хасагдах зардал гэсэн асуудлыг авч үзэхгүйгээр 168 сая төгрөгийг ашиг гэж үзээд татвар ногдуулахаар тусгаад байгаа. Гэтэл 2013 онд манай компани орлого олсон боловч ашигтай ажиллаж чадаагүй буюу хасах баланстай гарсан. Тэгэхээр хасагдах зардлыг тооцохгүйгээр борлуулалтын дүнг ашиг гэж үзээд татвар ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Харин нягтлан бодох бүртгэлийн гаргасан алдаанд хариуцлага хүлээлгэх бол хүлээн зөвшөөрөх боломжтой. Өмнө нь 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл буюу нийт 5 жилийн хугацаанд хамааруулан хяналт шалгалт хийгдсэн. Энэ хооронд 2 удаагийн хяналт шалгалт хийгдсэн байдаг. Тухайлбал 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарыг хүртэлх хугацаанд шалгалт хийгдээд баталгаажилт хийгдсэн. Мөн 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд шалгалт хийгдээд баталгаажилт хийгдсэн. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4.1.7-д хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх. гэж заасан байдаг. Өмнөх татварын хяналт шалгалт хийсэн байцаагч нарын гаргасан шийдвэр одоог хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа ямар нэгэн байдлаар тухайн шийдвэрийг хүчингүй болгосон шийдвэр одоог хүртэл гараагүй байгаа. Тэгэхээр бидний зүгээс 2015 онд чөлөөлөгдөх зардалд тооцоолж баталгаажуулсан шийдвэр хүчин төгөлдөр гэж үзэж байгаа. Мөн 2016 онд тэр шийдвэрийг үндэслээд чөлөөлөгдөх зардалд орох ёстой гэж ойлгоод чөлөөлөгдөх зардалд тусгасан байдаг. Иймд шийтгэлийн хуудасны холбогдох хэсгийг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна” гэв.

    Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “6 дахь заалтад холбогдуулан нэмэлт тайлбар хэлье. Шийтгэлийн хуудас гаргахдаа хуулийг хэрхэн хэрэглэсэнд үнэлэлт, дүгнэлт өгөх нь өнөөдрийн маргаан шийдвэрлэхэд ач холбогдолтой. Захиргааны ерөнхий хуульд захиргааны хэрэгт хууль баримтлах зарчмын дагуу тухайн үйл баримтын үеийн хуулийг хэрэглэж байгаа. Тухайн үед үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/-ийн 13 дугаар зүйлийн 13.1.11-д заасны дагуу хууль хэрэглэсэн. Хууль хэрэглээний 2 зөрчилтэй асуудал байгаа. Борлуулсан алт гэдгийг Ж ХХК борлуулсан гэдгийг хуулийн дагуу дүгнээд баталгаажуулсан байдаг. Одоо хууль өөрчлөгдөөд гараад иртэл энэ нь борлуулсан алт биш гэж үзээд байгаа. Тэгэхээр үйл баримтын маргаан гарах үеийн 2015, 2016 оны хуулиа хэрэглэх нь хууль хэрэглээний хувьд зөв зохистой гэж үзэж байна. Тэр ч утгаараа баталгаажуулалтыг хийсэн. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4.1.7-д хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх. гэсэн зарчим байгаа. Тэгэхээр өмнө нь гаргасан баталгаажуулалтыг хүлээн зөвшөөрнө гэсэн зарчим байна. Мөн өмнөх баталгаажуулалтыг хүчингүй болгосон зүйл байхгүй. Тийм учраас 6 дахь заалтыг үндэслэлгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. 2 болон 4 дэх заалтын тухайд нотлох баримтыг шинжлэн судалсны дараа тайлбар хэлье.

          Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүх шийдвэр гаргахдаа Улсын Дээд шүүхийн тогтоолд холбогдуулж үндэслэлээ тайлбарлаарай гэсэн байгаа. Улсын дээд шүүхийн тогтоолд 2006, 2015 оны хуулийн 13 дугаар зүйлд тус тус заасан борлуулсан алт, уул уурхай ашигт малтмалын бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлөх зохицуулалтыг маргааны үйл баримтуудтай холбогдуулж тайлбарлаж хэрэглэ гэсэн байна. Тэгэхээр бид маргааны үйл баримтаа харахад 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 30-ний өдрийг хүртэлх хугацаанд НӨАТ-ын баталгаажуулалт хийхдээ та нарын борлуулсан алт НӨАТ-аас чөлөөлөгдөн гэж баталгаажуулалт хийсэн байдаг. Дараа нь 2015 оны 09 дүгээр сараас хойш шалгалт хийхдээ НӨАТ тооцох юм байна гэж үздэг. Нэг үйл баримтыг 2 талаас дүгнээд байгаа юм. Үүн дээр хуулийг хэрхэн хэрэглэх талаар анхаарч үзэхийг шүүхээс хүсэж байна. Ж ХХК нь борлуулсан алтнаас ямар нэгэн байдлаар төлбөр аваагүй. Алтны борлуулсан үнийн дүнгээр Ж ХХК-руу хүсэлтийнх нь дагуу орсон. Нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулаад алт гарч ирэхгүй бол бас алдагдал хүлээгээд л явна. Нөхөн сэргээлт хийх явцад олсон алтыг тушаагаад түүнээс үйл ажиллагааны зардалдаа аваад явсан байгаа. Зөрчлийн тухай хуулийн тухайд, 2008 онд хууль хэрэглээд удаагүй байхад хялбаршуулсан журмаар гаргасан гэдэг. Шийтгэлийн хуудасны тогтоох хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 1.4.3, 1.4.4, 1.5.8 дахь заалт, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд заасныг үндэслэн шийдвэрлэх нь гэсэн байдаг. Хэрэв Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг бариад шийдэж байгаа бол Зөрчлийн тухай хуулийн ямар заалтыг барьсан нь тодорхойгүй байна. Үндсэн хууль зүйн маргааны хувьд өмнөх тайлбараа дэмжиж байна.

        Хариуцагч УТОХГ-ын ХШХТУБ-гч Т.З, Н.Х нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ж" ХХК-ийн 2012-2016 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого, хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн татварын хяналт шалгалт хийх 21170900217 тоот томилолтын дагуу тус газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Х, Т.З нар 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд шалгалт хийж 211820027 тоот актаар 12,279,424,721.3 төгрөгийн зөрчил илрүүлж, 1,182,313,385.7 төгрөгийн нөхөн татвар, 409,335,538.0 төгрөгийн торгууль, 193,558,342.2 төгрөгийн алданги, 819,622.8 төгрөгийн хүү, нийт 1,786,026,888.7 төгрөгийн төлбөр ногдуулсныг татвар төлөгч зөвшөөрөөгүй бөгөөд Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан.

       Маргаан таслах зөвлөл гомдлыг хянан хэлэлцээд 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 42 дугаартай тогтоолоор татвар төлөгчийн гаргасан дараах гомдлыг татварын улсын байцаагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэж шийдвэрлэсэн.

       Борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй зөрчлийн талаар татвар төлөгчийн гаргасан гомдолд тайлбар гаргах нь: Ж ХХК-тай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу авсан 2015 онд 2,624,666,592.00 төгрөг, 2016 онд 2,241,432,118.73 төгрөг, нийт 4,866,098,710.73 төгрөгийн ажил, үйлчилгээний орлогыг алт борлуулсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн чөлөөлөгдөх орлого хэсэгт тусган  нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй.

      Монгол улсын Ашигт малтмалын тухай хуулийн 27.1. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ: 27.1.4-т ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон экспортлох эрх бүхий хуулийн этгээд ашигт малтмал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлийн үнээр борлуулах, 46.1-т Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлосон бүх төрлийн үнэт металл, эрдэнийн чулууны сорьц, чанарыг сорьцын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар тогтоолгож, тоо хэмжээг бүртгүүлнэ, 46.3-т Үнэт металл, эрдэнийн чулууг Монгол банк худалдан авч төлбөр хийхдээ олон улсын зах зээлийн үнийг баримтална, 47.11-т Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь улирал бүр тухайн улиралд олборлож худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүтээгдэхүүний тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээг тооцсон үндэслэл болон төлбөрийн нийт хэмжээг тусгасан тайланг мэргэжлийн хяналтын албанаас баталсан маягтын дагуу үнэн зөв гаргаж, баталгаажуулан тус албанд ирүүлнэ гэсэн заалтуудаас дүгнэхэд зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигч /Ж ХХК/ нь олборлосон алтаа борлуулах /Монгол банк түүний эрх олгосон банк/, тайлагнах үүрэгтэй байна. гэжээ.

       Хариуцагч УТОХГ-ын ХШХТУБ-гч Т.З, Н.Х нар гомдол гаргагчийн гомдлын шаардлагаа нэмэгдүүлсэн гомдолд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "Ж" ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаартай албан бичгээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн гомдол гаргажээ.

        Татвар төлөгчийн гаргасан гомдолд тайлбар гаргах нь: 1.Шийтгэлийн хуудсын 2, 4 дэх хэсэгт заасан Хүдэр баяжуулсны төлбөрт өгсөн хүдрийг татвар ногдох орлогод тооцоогүй зөрчлийн талаар: “Ж” ХХК нь М ХХК-тай хийсэн гэрээний дагуу авсан төмрийн хүдрийг М ХХК, В ХХК, Б ХХК-иудаар баяжуулан экспортод гаргаж байсан. 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүдэр баяжуулсны 168,517,640.00 төгрөгийн төлбөрт 4,371.54 тонн төмрийн хүдэр өгч, тус хүдрийн үнийг борлуулалтын орлогод тооцоогүй /168,517,640.00 төгрөгийг Бараа материалын зардлын КТ-ээс ДҮҮНЗ /Бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний хөлс дансны ДТ-т бичиж зардалд шууд оруулсан, хэрэв борлуулалтын орлогод тооцсон бол Борлуулсан бүтээгдэхүүний өртөг дансны ДТ талд тусгах бөгөөд 168,517,640.00 төгрөгийг Борлуулалтын орлого дансны КТ, 16,851,764.0 төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан татварын өглөг дансны КТ, 185,369,404.00 төгрөгийг Дансны авлага дансны ДТ-д тооцож бичих ёстой байсан/ бөгөөд Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаж албан татвар ногдуулаагүй нь Борлуулалтын дансны дэлгэрэнгүй тайлан, Түүхий эд материалын дансны гүйлгээгээр нотлогдож байгаа болно. Борлуулалтын дансны дэлгэрэнгүй тайлан, Түүхий эд материалын дансны бичилтийг цаасаар хавсаргав.

         2.Шийтгэлийн хуудсын 6 дахь хэсэгт заасан борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй зөрчлийн талаар: Ж ХХК-тай байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 01/15 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ний Нэг.Гэрээний ерөнхий нөхцөл 1.Гэрээний үндсэн зүйл зорилго: ...металлын агуулга бүхий элсийг олборлож, боловсруулах, олборлосон металлыг банканд тушаах, тусгай зөвшөөрлийн талбайд техникийн ба биологийн нөхөн сэргээлт хийх, ...Гүйцэтгэгч нь ажил үүргийг гүйцэтгэсэн ажлын хөлсөө олборлосон металлаа борлуулсан орлогоос тооцож авах... гэж заасны дагуу авсан 2015 онд 2,624,666,592.00 төгрөг, 2016 онд 2,241,432,118.73 төгрөг, нийт 4,866,098,710.73 төгрөгийн ажил, үйлчилгээний орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд алт борлуулсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн чөлөөлөгдөх орлого хэсэгт тусган  нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй.

  Монгол улсын Ашигт малтмалын тухай хуулийн 27.1 Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ: 27.1.4-т ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон экспортлох эрх бүхий хуулийн этгээд ашигт малтмал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлийн үнээр борлуулах, 46.1-т Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлосон бүх төрлийн үнэт металл, эрдэнийн чулууны сорьц, чанарыг сорьцын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар тогтоолгож, тоо хэмжээг бүртгүүлнэ, 46.3-т Үнэт металл, эрдэнийн чулууг Монгол банк худалдан авч төлбөр хийхдээ олон улсын зах зээлийн үнийг баримтална, 47.11-т Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь улирал бүр тухайн улиралд олборлож худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүтээгдэхүүний тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээг тооцсон үндэслэл болон төлбөрийн нийт хэмжээг тусгасан тайланг мэргэжлийн хяналтын албанаас баталсан маягтын дагуу үнэн зөв гаргаж, баталгаажуулан тус албанд ирүүлнэ гэсэн заалтаас дүгнэхэд зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигч /Ж ХХК/ нь олборлосон алтаа борлуулах /Монгол банк түүний эрх олгосон банк/, тайлагнах үүрэгтэй байна.

       3. Шийтгэлийн хуудсыг хүчин төгөлдөр бус гэж үзсэн гомдлын талаар: Тус компанид эрсдэлд суурилсан татварын бүрэн шалгалт хийгдэж байгаагүй бөгөөд 2012 оны 01 дүгээр сарын 01-нээс 2013 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хугацааны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Г, Ц.Н нар хэсэгчилсэн хяналт шалгалт хийж, 212013/38 дугаартай илтгэх хуудас бичсэн байна. Тус компанийн хүсэлтийг үндэслэн 2011-2014 он, 2015 оны 01 дүгээр сарын 01-нээс 2015 оны 09 дүгээр сарын 30-ны хугацааг хамруулсан нэмэгдсэн өртгийн албан татварыг баталгаажуулах шалгалт хийгдсэн байна.

        Татварын албаны татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны дүрэм-ийн: 4.1-т Татварын хяналт шалгалтыг Эрсдэлд суурилсан татварын хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө-г үндэслэн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус гэсэн хоёр хэлбэрээр татвар төлөгчийн үүргийн биелэлтийг хэзээ зохистой гэж үзсэн үедээ хийж гүйцэтгэнэ.

       4.2-т Үндэсний татварын албаны татварын эрсдэлийн үнэлгээний дүрэм-ийн

       5-д Эрсдэлийн үнэлгээнд суурилсан хяналт шалгалтын сонголт хэсгийн 5.1-5.5 дахь заалтын дагуу Татварын ерөнхий газрын даргын баталсан Эрсдэлд суурилсан татварын хяналт шалгалтын төлөвлөгөө-өөр хийгдэж байгаа татварын хяналт шалгалтыг төлөвлөгөөт хяналт шалгалт гэнэ, 5.3-т Татварын хяналт шалгалтын томилолт-нд томилолт олгосон он, сар, өдөр, дугаар, ... татварын хяналт шалгалтад хамрагдах хугацаа, татварын хяналт шалгалтын төрөл, (төлөвлөгөөт, сэдэвчилсэн, татан буугдах, нэмэгдсэн өртгийн албан татвар баталгаажуулах, алдагдал баталгаажуулах, шийдвэр, үүрэг, даалгавар, дүгнэлт, хүсэлт, мэдээлэл, өргөдөл, гомдол бусад), татварын төрөл ... гэж заасны дагуу 2012 оны 01 дүгээр сарын 01-нээс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааг хамруулан шалгасан. Хэсэгчилсэн болон нэмэгдсэн өртгийн албан татвар баталгаажуулах шалгалт нь зөвхөн удирдамж, томилолтод заасан татварын төрөл, хугацаа, ажил гүйлгээг шалгадаг бол эрсдэлд суурилсан бүрэн шалгалтаар татварын хөөн хэлэлцэх хугацааны бүрэн шалгалтад хамрагдаагүй онуудын татварын ногдуулалт, төлөлтийн байдалд бүх татварын төрлийг хамруулан хийдэг тул давхардуулан шалгалт хийсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

       Шалгалт үргэлжилсэн хугацааг программын аргаар тооцдог бөгөөд татварын шалгалт нь ажлын өдрөөр үргэлжилдэг тул тасалдсан гэж үзэх үндэслэлгүй юм.

       2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн: 1-д Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгаж дараах шийдвэрийн аль нэгийг гаргана,

       1.2-т шийтгэл оногдуулах; 2-т Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэр гаргасан даруй прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ,

       Мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 2-т Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана гэж заасны дагуу хяналт шалгалтын хэлтсийн даргаар баталгаажуулахгүйгээр шийдвэр гаргахаар хуулиар зохицуулсан байна. гэжээ.

        Хариуцагч Т.З шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Эхлээд 6 дугаар зүйлтэй холбоотой тайлбар хэлье. 2014 онд “Ж” ХХК-ийн  Ж ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 1 дүгээр зүйлд гүйцэтгэгч нь гүйцэтгэсэн ажил үүргийг гүйцэтгэсэн ажлын хөлсөө олборлосон металлаар борлуулсан орлогоос тооцож авахтай холбоотой харилцаа, хамтын ажиллагааг зохицуулах гэж байгаа. Тэгэхээр уг гэрээгээр Ж ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайн тодорхой хэсгээс  “Ж” ХХК алт олборлож, нөхөн сэргээлт хийх ажил гүйцэтгэх юм. Тиймээс  “Ж” ХХК-ийн орлого бол ажил үйлчилгээний орлого юм. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн яриагаар манай алт гэж ярьдаг бөгөөд холбогдох хуулиудын заалтыг харахаар зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Монголбанк болон түүнээс зөвшөөрөл авсан банкнуудад тушааж, орлогоо авах зохицуулалттай байдаг. Хоёрдугаар заалтын тухайд, Татварын шалгалтаар 2.7 тэрбумын зөрчил илэрсэн. Нэхэмжлэгч компани нь 2-3 компаниар төмрийн хүдрээ баяжуулсан. Уг баяжмалыг хятад руу экспортолсон. Уг мэдээнээс үзэхэд 2.7 тэрбум төгрөгний үнэтэй баяжмалаа татварын тайланд тусгаагүй байдаг.  “Ж” ХХК-ийн зүгээс Маргаан таслах зөвлөлд гаргасан гомдолдоо нэр бүхий компаниуд манай зөвшөөрлийг ашиглаж баяжмал гаргасан гэж тайлбарласан байдаг. Гэтэл Маргаан таслах зөвлөл өөр үндэслэлээр татварын улсын байцаагч нар гэрээний үнэ хэрэглээгүй буюу гаалийн үнээр орлого тооцсон гэх үндэслэлээр унагасан байдаг. Үүнийг Н.Х байцаагч бид эсэргүүцэн, Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан боловч та бүхэн төрийн байгууллагынхаа эсрэг гомдол гаргаж болохгүй гээд буцаасан. Мөн давж заалдах шатны шүүх буцаасан байдаг. Тэгэхээр 2013 онд алдагдалгүй ажилласан гэж үзээд татвар ногдуулсан гэв.

       Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:  “Шийтгэлийн хуудасны 6 дугаар хэсэгт  “Ж” ХХК-ийн  Ж ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой ажил үйлчилгээн дээр НӨАТ ногдуулсан. НӨАТ-ыг борлуулсан алтан дээр ногдуулаагүй. Энэ нь шийтгэлийн хуудасны 6 дахь хэсэгт хуулийн ямар заалт зөрчсөнийг маш тодорхой заасан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 гэж заасан байгаа. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бид нар ажил гүйцэтгэх гэрээний дагуу нөхөн сэргээлтийн ажил хийсэн. Уг нөхөн сэргээлтийн ажилд олборлосон алтыг тушааж нөхөн сэргээлтийн ажлын орлогоо авсан гэж тайлбарлаж яриад байна. Тэгэхээр борлуулсан алтан дээр ногдуулаагүй гэдэг үндэслэлээр ямар нэгэн хууль зөрчсөн гэдэг үндэслэлийг шийтгэлийн хуудсанд тэмдэглээгүй. Тэгэхээр шийтгэлийн хуудас дээр та нар нөхөн сэргээлтийн ажил хийсний дагуу ажил үйлчилгээ үзүүлсэн л бол Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасны дагуу НӨАТ төлнө. Үүнийг төлөөгүй байна гэх үндэслэлээр хариуцлага хүлээлгэсэн гэж маш тодорхой ярьж байгаа. Мөн борлуулсан алттай холбоотой асуудлыг өмнө бид баталгаажуулсан, чөлөөлсөн гэдэг бөгөөд бид бол давхардуулаагүй зөвхөн нөхөн сэргээлтийн ажил хийсэн дээр чинь НӨАТ ногдуулж байгаа. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг ярьж байгаа. Нэгдүгээрт бид давхардуулж зөрчил тавиагүй. Тэр нь 2015 оны НӨАТ-ыг баталгаажуулах акт болон 2018 оны шийтгэлийн хуудасны 6 дахь хэсэгт ямар хуулийг зөрчсөн гэдгээс харахад давхардаагүй болох нь харагдана. Нөгөө талаас Төрийн хяналт шалгалтын хууль нь мэргэжлийн хяналтын үйл ажиллагаанд хэрэглэгддэг. Татварын хяналт шалгалт нь Татварын ерөнхий хуулийн 3.2 дахь хэсэгт заасны дагуу татвар хуулиар зохицуулагддаг. Тэгэхээр хийгдсэн хяналт шалгалт нь давхардсан, бие биенийхээ шийдвэрийг үгүйсгэсэн зүйл байхгүй. Мөн хөөн хэлэлцэх хугацааны тухайд, тухайн үед мөрдөгдөж байсан Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд Татвар нөхөн ногдуулах, алданги торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байна. Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй гэж тодорхойлогдсон байдаг. 2012-2016 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийгээд 2018 онд шийдвэр гаргасан нь хуулийн хугацаандаа байгаа. Үүнийг хуулийн 11 дүгээр зүйлд нарийвчлаад зохицуулсан тодорхой заалт байгаа бөгөөд хууль зөрчсөн зүйл байхгүй. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 47.6 буюу Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.13-ыг огт баримтлаагүй. Борлуулсан алт дээр бус зөвхөн нөхөн сэргээлтийн ажил үйлчилгээний орлого гэж үзэж НӨАТ ногдуулсныг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна.

ҮНДЭСЛЭХ НЬ;

           Гомдол гаргагч “Ж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б УТОХГ-ын ХШХТУБ-гч Т.З, Н.Х нарын 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 211820024 тоот зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсын 2.4.6 дахь хэсгийг  хүчингүй болгох гомдлын шаардлага гаргажээ.

         Гомдол гаргагч “Ж” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 2015, 2016 онд тусгай зөвшөөрөл бүхий талбайд нөхөн сэргээлт хийх явцдаа гаргасан зардлаа нөхөх шаардлагаар алт олборлож тушаасныг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн олборлосон алтанд НӨАТ ногдуулахгүй гэсэн заалтад хамааруулахгүй байгаа нь хууль бус гэж харин хариуцагч тус компанийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу олсон орлого, гүйцэтгэсэн ажилд татвар ногдуулсан, олборлосон алтанд татвар ногдуулаагүй гэж  тус тус маргажээ.

          УТОХГ-ын ХШХТУБ-гч Т.З, Н.Х нар “Ж” ХХК-ийн 2012-2016 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №311820024 дугаар шийтгэлийн хуудсаар уг шийтгэлийн хуудасны 2-т “2013 онд хүдэр баяжуулсны 168517640.00 төгрөгийн төлбөрт өгсөн 4371.54 тонн төмрийн хүдрийн үнийг борлуулалтын орлогод тооцоогүй, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулаагүй нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Албан татвар төлөгчийн дараахь төрлийн орлогод албан татвар ногдоно;”, 7.3.1-д “үйл ажиллагааны орлого;” гэж заасныг, шийтгэлийн хуудасны 4-д “2013 онд хүдэр баяжуулсны 169517640.00 төгрөгийн төлбөрт өгсөн 4371.54 тонн төмрийн хүдрийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулаагүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна;”, 7.1.1-д “Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүр төрлийн бараа;”, 7.3-д “Дор дурдсан үйл ажиллагааг “бараа борлуулсан”-д хамааруулна;”, 7.3.4-д “өрийн төлбөрийг бараа шилжүүлэх замаар хаах;” гэж заасныг, шийтгэлийн хуудасны 6-д “Ж” ХХК-иас “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу авсан 2015 онд 2624666592.00 төгрөг, 2016 онд 0241432118.73 төгрөг, нийт 4866098710.73 төгрөгийн ажил, үйлчилгээний орлогод Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна;”, 7.1.4-д “Монгол улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ;” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзжээ.

        Шүүх хариуцагч улсын байцаагчийн гаргасан Шийтгэлийн хуудас хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэн гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

          Гомдол гаргагч эрх бүхий татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг бүхэлд нь бус харин уг шийтгэлийн хуудасны 2,4,6 дахь хэсгийг хүчингүй болгуулахаар маргасан бөгөөд 2 дахь хэсгээр 2013 онд хүдэр баяжуулсны төлбөрт авсан төмрийн хүдрийн үнийг борлуулалтын орлогод тооцоогүй, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулаагүй гэж, 4 дэх хэсгээр мөн дээрх хүдэр баяжуулсны төлбөрт авсан төмрийн хүдэр борлуулсныг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулаагүй гэж, 6 дахь хэсгээр гомдол гаргагч компани “Ж.А” ХХК-иас “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу  2015, 2016 онд 4.8 тэрбум төгрөгийн ажил үйлчилгээний орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй зөрчлийг тус тус тогтоож хариуцлага оногдуулсан хариуцагчийн шийдвэр хууль зөрчөөгүй гэж дүгнэв.

     Учир нь маргааны үйл баримтууд, хяналт шалгалтад хамрагдсан хугацааны хувьд  2006 онд батлагдсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль (2006 он)-ийн холбогдох заалтуудаар зохицуулагдахаар байна.

         Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль(2006 он)-ийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Албан татвар төлөгчийн дараахь төрлийн орлогод албан татвар ногдоно:”, 7.3.1-д “үйл ажиллагааны орлого;”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Дараахь зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно:”, 12.1.1-д “түүхий эд, үндсэн болон туслах материал, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, уур ус, эрчим хүч, түлш, шатахуун,сэлбэг хэрэгсэл, сав баглаа боодлын зэрэг бүх төрлийн материалын зардал;” Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль”(2006 он)-ийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна:”, 7.1.1-д “Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа;”, 7.3-д “Дор дурдсан үйл ажиллагааг “бараа борлуулсан”-д хамааруулна:”, 7.3.4-д “өрийн төлбөрийг бараа шилжүүлэх замаар хаах;” гэж тус тус зааснаас үзвэл “Ж” ХХК-ийн 2013 онд хүдэр баяжуулсны 168517640.00 төгрөгийн төлбөрт 4.3 тонн төмрийн хүдрийг авч баяжуулан борлуулсан үнийг борлуулалтын орлогод тооцож тайлагнаагүй, мөн нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй албан татвар ногдуулаагүй нь хуулийн дээрх зохицуулалтуудтай нийцээгүй байна.

       Түүнчлэн “Ж” ХХК 2015, 2016 онд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй өөрийн хамаарал бүхий “Ж” ХХК-ийн лицензийг ашиглах замаар нөхөн сэргээлтийн талбайгаас алт олборлож тус компанийн нэр дээр тушааж үнийг шилжүүлэн авсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль(2006 он)-ийн 13 дугаар зүйлд заасан нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх үндэслэлд хамаарахгүй гэж дүгнэв.

       Учир нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль(2006 он)-ийн 7 дугаар зүйлийн 7.1-д ““Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна:”, 7.1.1-д “Монгол улсын нэтаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа;”, 7.1.4-д “Монгол улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил,үзүүлсэн үйлчилгээ:” гэж зохицуулсан байх бөгөөд “Ж” ХХК болон “ЖА” ХХК-ийн хооронд байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу гүйцэтгэсэн ажил үзүүлсэн үйлчилгээнд татвар ногдуулсан хариуцагчийн шийдвэрийг буруутгах боломжгүй.

        Өөрөөр хэлбэл “Ж” ХХК-ийн 2012-2016 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн шалгалт хийх явцад шийтгэлийн хуудасны 2.4.6 дахь хэсэгт заасан зөрчил гарсан нь тогтоогдсон бөгөөд хялбаршуулсан журмаар шийтгэл ногдуулахдаа “борлуулсан алт”-нд бус ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд тэрчлэн компанийн борлуулалтын орлогод аж ахуйн нэгжийн орлогын албан татварын болон нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд заасан хувь хэмжээгээр хариуцлага оногдуулсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.

         Харин гомдол гаргагчийн хяналт шалгалтыг давхардуулан хийсэн, томилолтын хугацааг хэтрүүлж шалгалтын хугацааг явуулсан нь хууль зөрчсөн гэх тайлбаруудыг хүлээн авах боломжгүй.

        Татварын ерөнхий газрын харьяа Улсын татвар,орлого, хяналтын газраас “Ж” ХХК-ийн 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустлах хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын тооцоог шалгаж баталгаажуулсан 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 210201509 дугаар акт гарсан байна.

       Гэхдээ тус компанийн хүсэлтээр нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулах хүсэлтийн дагуу шалгасан энэхүү шалгалтыг тус компанийн татвар төлөлт, ногдуулалтын байдалд удирдамжийн дагуу хийсэн иж бүрэн шалгалтын хэмжээнд тооцож хяналт шалгалтыг давхардуулсан гэж үзэхээргүй байна.

       Учир нь Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/101 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Татварын албаны татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 4.1-д “Татварын хяналт шалгалтыг “Эрсдэлд суурилсан татварын хяналт шалгалтын төлөвлөгөө”-г үндэслэн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус гэсэн 2 хэлбэрээр татвар төлөгчийн үүргийн биелэлтийг хэзээ зохистой гэж үзсэн үедээ хийж гүйцэтгэнэ.", 4.2-т "......Татварын ерөнхий газрын даргын баталсан "Эрсдэлд суурилсан татварын хяналт шалгалтын төлөвлөгөө”-өөр хийгдэж байгаа татварын хяналт шалгалтыг төлөвлөгөөт татварын хяналт шалгалт гэнэ.” гэж зохицуулсантай нийцсэн гэж дүгнэв.

       Түүнчлэн хяналт шалгалт хийх томилолтыг анх 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 18 хоногийн хугацаагаар олгож 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл 95 хоногоор, 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 134 хоногоор 2 дахь удаагаа сунгалт хийсэн байх бөгөөд эхний удаа томилолтыг сунгахдаа 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 09 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх 8 хоногийг томилолтын хугацааг сунгасан хугацаанд оруулж тооцоогүй алдаа гаргасан хэдий ч энэ үндэслэлээр эрх бүхий улсын байцаагчдыг томилолтгүйгээр хяналт шалгалт явуулсан гэж үзэж гомдлын шаардлагыг хангах боломжгүй.

       Нөгөө талаар Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх...” гэх зохицуулалтын дагуу тус компанийн татвар ногдуулалт, төлөлтийн 2012-2016 оны санхүүгийн байдалд хяналт шалгалт хийсэн, маргаан бүхий шийтгэлийн хуудас 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөр гарсан хэдий ч тайлан тушаасан болон зөрчлийн цаг хугацаагаар авч үзвэл хуулийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж шалгасан, уг хугацаанд хамаарахгүй үйл баримтыг зөрчилд тооцсон гэж үзэхээргүй байна.

       Мөн Гомдол гаргагчийн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль (2006 он)-ийн 13 дугаар зүйлийн 13.1.13-д “борлуулсан алт” гэж заасны дагуу НӨАТ-аас чөлөөлөгдөх байсан гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд хариуцагч эрх бүхий улсын байцаагчийн энэхүү шийтгэлийн хуудсаар борлуулсан алтанд бус ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийгдсэн ажил, үйлчилгээнд хариуцлага оногдуулсан гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзсэн болно.

        Ийнхүү дүгнэхэд гомдол гаргагчийн гомдлын шаардлага хангагдах боломжгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 14-д заасныг үндэслэн ТОГТООХ нь:

        1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль(2006 он)-ийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.3.1, 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.1,    Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль” (2006 он)-ийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 7.1.4, 7.3, 7.3.4-д заасныг баримтлан Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Т.З, Н.Х нарын 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 211820024 тоот зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсын 2.4.6 дахь хэсгийг  хүчингүй болгох “Ж” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

     2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Ж ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

       3.Захиргааны хэрэг   шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  113  дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны журмаар гомдол гаргах эрхтэй.

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ц.БАТСҮРЭН

                                                  ШҮҮГЧ                                 А.НАСАНДЭЛГЭР

                                                  ШҮҮГЧ                                 О.ОЮУНГЭРЭЛ