Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 1467

 

А.Содбилэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Наранцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2017/00950 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А.Содбилэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Монгол Улсын Боловсролын Их сургуульд холбогдох

 

Тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 5 829 811 төгрөгийг гаргуулах, эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Содбилэг Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Инноваци, үйлдвэрлэлийн албаны мэргэжилтнээр туршилтын хугацаагаар томилогдон 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс гэрээ байгуулан ажиллаж байгаад мөн оны 10 дyraap сарын 09-ний өдрийн Б/83 дугаар тушаалаар тус албанд apга зүйчээр жинхлэн томилогдон ажиллаж байсан. Энэ хугацаанд ажил үүргээ сайн гүйцэтгэж, ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл тус сургуулийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “Ажиллуулах, ажлаас чөлөөлөх, зэргийн нэмэгдэл, чөлөө олгох тухай” Б/76 дугаар тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлсөн.

Нэхэмжлэгч 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр ээлжийн амралтаа авсан байсан бөгөөд 26-ны өдөр ажилдаа орох байсан боловч ар гэрийн шалтгааны улмаас очиж чадаагүй, энэ талаараа сургуулийн удирдлагадаа мэдэгдэж байсан. Улмаар Б/76 дугаар тушаалыг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авсны үндсэн дээр нэхэмжлэл гаргаж байна.

Ажлаас чөлөөлсөн Б/76 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 23, 24, 38, 47 дугаар зүйл, МУБИС-ийн дүрмийн 4.4.1, Дотоод журмын 5.2.4, МУБИС-ийн удирдах зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаар тогтоол, Захиргааны зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэсэн бөгөөд уг тушаалаар 5 хүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, 3 хүнийг албан тушаалд томилон, 5 багшид чөлөө олгож, 1 хүнд цалингийн нэмэгдэл олгосон.

Тухайн тушаалаас үзэхэд нэхэмжлэгчийг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь тодорхойгүй бөгөөд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийг баримтлах ёстой атал эдгээрээс баримтласан зүйл байхгүй байна. Түүнчлэн зарим тохиолдолд тодорхой хугацааны өмнө мэдэгдэх зохицуулалтыг зүйлийн 40.5-д хуульчилсан байдаг. Гэтэл ийм ажиллагаа хийгдээгүй, уг журмыг зөрчсөн байна. Сард 922 704 төгрөгийн цалин хөлс авдаг байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Удирдах зөвлөлийн 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн топоолоор баталсан МУБИС-ийн дүрэмд удирдах зөвлөлийн чиг үүргийг тодорхойлсон байдаг ба уг дүрмийн 4.2.2-т Сургуулийн бүтэц, зохион байгуулалт, орон тоо, цалингийн жишгийг тогтоох гэж заасан байдаг бол МУБИС-ийн дотоод журмын 2.6.4-т Аж ахуйн тооцоон дээр үйл ажиллагаа явуулах нэгжийн үйл ажиллагааны тайланг Захирлын зөвлөлийн хурлаар жилд 2-оос доошгүй удаа дүгнэх ба үйл ажиллагааны тайланг Захирлын зөвлөлийн хурлаар жилд 2-оос доошгүй удаа дүгнэх ба үйл ажиллагаа нь санхүүгийн доголдолтой эсхүл ашиггүй ажилладаг нь тогтоогдсон тохиолдолд татан буулгах асуудлыг МУБИС-ийн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7.2-т заасны дагуу ,шийдвэрлэнэ хэмээн заасан байна.

2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн МУБИС-ийн удирдах зөвлөлийн 03 тоот тогтоолоор МУБИС-ийн захирлын зөвлөлийн хурлын шийдвэр болон төвийн ажлын тайланг үндэслэн Инноваци Үйлдвэрлэлийн албыг 2015-2016 оны хичээлийн жилийг дуусгаж буюу 2016 оны 6 сард татан буулгахаар шийдвэрлэсэн байна. Ийнхүү тус албанд ажиллаж байсан мэргэжилтнүүд нь бүтэц орон тоон зохион байгуулалтын улмаас ажлаас чөлөөлөгдсөн болно. А.Содбилэг нь цалинтай амралтаа 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс тухайн сарын 26-ны өдөр хүртэл эдэлсэн ба тушаал гарсан тухай танилцуулах гэсэн боловч тухайн өдөр ажилдаа ирээгүй нь өөрийн гаргасан нэхэмжлэлдээ дурдсан тул нотлох шаардлага байхгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлд ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болох үндэслэлийг дурдсан байдаг. А.Содбилэгийг мөн хуулийн 40.1.1-т заасны дагуу байгууллагын дотоод бүтцээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан талаарх баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Байгууллагын бүтэц татан буугдсан гэдгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн. Бүтэц орон тоо татан буугдсан тохиолдолд гэнэт халагдсаны тэтгэмж олгох талаар Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтаар зохицуулсан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьж байгаа шиг бөөнөөр нь халсан, эсхүл орон тоо цөөрүүлсэн, тушаал шийдвэр үндэслэлгүй байгаа тохиолдолд ажилтныг эгүүлэн авах тухай заалт Хөдөлмөрийн тухай хуульд байдаг. Манайх А.Содбилэгийг эгүүлэн ажилд томилъё гэхэд бүтэц нь байхгүй. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа буруу тодорхойлсон учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 40 дүгээр зүйлийн 40.5, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Монгол Улсын Боловсролын Их сургуулийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Б/76 дугаар тушаалын А.Содбилэгт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.Содбилэгийг Инноваци, үйлдвэрлэлийн албаны арга зүйчийн ажил, албан тушаалтай адил чанарын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагч Монгол Улсын Боловсролын Их сургуулиас 5 410 389 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Содбилэгт олгож, хариуцагч Монгол Улсын Боловсролын Их сургуульд ажилгүй байсан хугацааны олговорт ногдох эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 419 422 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч А.Содбилэг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Монгол Улсын Боловсролын Их сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 101 516 төгрөгийг гаргуулан улсын орлогод буюу Сүхбаатар дүүргийн орон нутгийн төсвийн орлогын 200600910 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2017/00950 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Инноваци Үйлдвэрлэлийн алба нь 3 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан ба аж ахуйн тооцоон дээр үйл ажиллагаа эрхэлж, ажлын тайлангаа захирлын зөвлөлийн хуралд жилд 2-оос доошгүй танилцуулахаар зохион байгуулагдсан.

2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн удирдах зөвлөлийн 03 тоот тогтоолоор МУБИС-ийн захирлын зөвлөлийн хурлын шийдвэр болон ажлын тайланг үндэслэн тус Инноваци Үйлдвэрлэлийн алба нь үйл ажиллагааны хувьд ашиггүй ба тэдний ур чадвар, ажлын хариуцлагыг хангалтгүй гэж дүгнэн 2015-2016 оны хичээлийн жилийг дуусгаж буюу 2016 оны 6 дугаар сард татан буулгахаар шийдвэрлэсэн байна. Ийнхүү тус албанд ажиллаж байсан ажилтнууд болох Ц.Энхбат, Ч.Ган-Эрдэнэ А.Содбилэг нар нь бүтэц, зохион байгуулалт, МУБИС-ийн удирдах зөвлөлийн тогтоол, захирлын зөвлөлийн хурлын шийдвэрт үндэслэн орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөгдсөн болно.

Монгол Улсын Боловсролын Их Сургууль Удирдах зөвлөлийн 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 09 тогтоолоор баталсан МУБИС-ийн дүрэмд удирдах Зөвлөлийн чиг үүргийг тодорхойлсон байдаг ба уг дүрмийн 4.2.2-т “Сургуулийн бүтэц, зохион байгуулалт, орон тоо, цалингийн жишгийг тогтоох” гэж заасан байдаг бол МУБИС-ийн дотоод журмын 2.6.4-т “Аж ахуйн тооцоон дээр үйл ажиллагаа явуулах нэгжийн үйл ажиллагааны тайланг захирлын зөвлөлийн хурлаар жилд хоёроос доошгүй удаа дүгнэх ба үйл ажиллагаа нь санхүүгийн доголдолтой эсхүл үр ашиггүй ажилладаг нь тогтоогдсон тохиолдолд татан буулгах асуудлыг МУБИС-ийн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7.2-т заасны дагуу шийдвэрлэнэ” гэж заасан байна.

А.Содбилэг нь цалинтай амралтаа 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс тухайн сарын 26-ны өдрийг хүртэл эдэлсэн ба тушаал гарсан тухай танилцуулах гэсэн боловч тухайн өдөр ажилдаа ирээгүй нь өөрийн гаргасан нэхэмжлэлдээ дурдсан тул нотлох шаардлагагүй гэж үзлээ. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болох нөхцөлүүдийг тодорхой заасан ба 40.1.1-т аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасны дагуу 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Б/76 тоот тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Улмаар нэхэмжлэгчийн талтай холбогдон энэ тухай тайлбарласан боловч хариу өгөөгүй юм.

Тушаалд 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Б/76 тоот тушаалд Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасны дагуу ажил олгогч гэрээг цуцалсан, гэрээг цуцлах эрхтэй, гэрээг цуцлах үндэслэл бүрдсэн, тушаал хүчин төгөлдөр. Удирдах зөвлөл нь Боловсролын тухай хуулийн 6.12.2-т заасны дагуу сургуулийн бүтэц, зохион байгуулалт, орон тоо, цалингийн нийт хэмжээг тогтоох хуулиар олгогдсон эрхтэй. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан хэлэлцэхэд анхаарах зарим асуудлын 2.1-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “Аж ахуйн нэгж, байгууллага түүний салбар нэгж татан буугдсан” гэдэгт Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан 5 үндэслэл хамаардаг. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1-т заасны дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

А.Содбилэгийн өмнө ажиллаж байсан Инноваци үйлдвэрлэлийн алба нь хуулийн хүрээнд татан буугдаж тухайн ажлын орон тоо байхгүй болсон тул түүнийг эгүүлэн адил чанарын албанд томилж ажиллуулах боломжгүй байгаа, мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт МУБИС-аас гаргуулж олгохыг зүйтэй гэж үзсэнтэй санал нийлэхгүй эс зөвшөөрч буй тул тус маргааныг дахин хянан хэлэлцэж нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч зохигчдын хоорондын маргаанд хамааралтай Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэглэвэл зохих заалтыг оновчтой зөв тайлбарлан хэрэглээгүйг зөвтгөн өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч А.Содбилэг хариуцагч Монгол Улсын Боловсролын их сургуульд холбогдуулан Б/76 тоот тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны олговорт 5 829 811 төгрөгийг гаргуулах, эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Б/76 дугаар “Ажиллуулах, ажлаас чөлөөлөх, зэргийн нэмэгдэл, чөлөө олгох тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 23, 24, 38, 39, 47 дугаар зүйл, МУБИС-ийн Удирдах зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 03 тоот тогтоол, МУБИС-ийн дүрмийн 4.4.1, МУБИС-ийн дотоод журмын 5.2.4, Захиргааны зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн А.Содбилэгийг тус сургуулийн Инноваци үйлдвэрлэлийн албаны арга зүйчийн үүрэгт ажлаас чөлөөлжээ.

 

Монгол Улсын Боловсролын их сургуулийн Удирдах зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 03 тоот тогтоолоор нэхэмжлэгчийн ажиллаж байсан Инноваци үйлдвэрлэлийн албыг 2015-2016 оны хичээлийн жилийг дуусгаж, татан буулгахаар шийдвэрлэсэн ба талууд энэ талаар маргаагүй байна. /хэргийн 19 дүгээр тал/

 

Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэхээр зохицуулсныг ажил олгогч байгууллага зөрчиж нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр цуцлах шийдвэр гаргахаас нэг сарын өмнө мэдэгдээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

 

Мөн нэхэмжлэгчийг Инноваци үйлдвэрлэлийн албаны арга зүйчийн үүрэгт ажлаас чөлөөлөхдөө хариуцагч нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах үндэслэлийг тодорхойлсон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн зохицуулалтыг хэрэглээгүй тул нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаалын үндэслэл хуульд нийцээгүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулахдаа, нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажил албан тушаал нь одоо байхгүй тул адил чанарын ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох гэж тайлбарласан байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-д “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон” тохиолдолд ажилтанг эгүүлэн авах үүрэгтэй байхаар зохицуулсан байхад шүүх нэхэмжлэгч А.Содбилэгийг Инноваци, үйлдвэрлэлийн албаны арга зүйчийн ажил, албан тушаалтай адил чанарын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон нь буруу болжээ.

Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал цомхотгогдсон буюу байхгүй болсон тохиолдолд ажил олгогч ажилтантай тохиролцсны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулахыг мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогчид үүрэг болгосон байгааг шүүх анхаараагүй байна.

Иймээс нэхэмжлэгч А.Содбилэгийг Инноваци, үйлдвэрлэлийн албаны арга зүйчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2017/00950 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Монгол Улсын Боловсролын Их сургуулийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Б/76 дугаар тушаалын А.Содбилэгт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.Содбилэгийг Инноваци, үйлдвэрлэлийн албаны арга зүйчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагч Монгол Улсын Боловсролын Их сургуулиас 5 410 389 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Содбилэгт олгож, хариуцагч Монгол Улсын Боловсролын Их сургуульд ажилгүй байсан хугацааны олговорт ногдох эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 419 422 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101 516 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БАТЗОРИГ

                       

                                      ШҮҮГЧИД                            М.НАРАНЦЭЦЭГ

                    

                                                                                  С.ЭНХТӨР