Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/146

 

 2022         4           19                                       2022/ШЦТ/146

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

         шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А,   

         улсын яллагч Г.Э,

         хохирогч С.А,

         шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Я.Э нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

         Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бд холбогдох эрүүгийн 2225000000101 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт;

         Монгол Улсын иргэн, Д.Б

         Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Хуримт” зочид буудлын 302 тоот өрөөнөөс “SamsungA8”, “SamsungA51” загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч С.Ариунболд, Л.Ганзориг нарт 1.040.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт;

         шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ “...2022 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Хуримт” зочид буудлын ресепшинээс цэнэглэгч асуухад “302 тоот өрөөнд манай цэнэглэгч байгаа” гэж хэлсэн, цэнэглэгч асуухаар орсон, би архи уусан байсан юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

         хохирогч С.А мэдүүлэхдээ “...2022 оны 2 дугаар сарын 12-ны өдөр найз Ганзоригтой Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Хуримт” зочид буудалд байсан. Хаалга тогшоод Ганзориг онгойлгож өгөхөд Батзаяа орж ирээд өөрийгөө Лхагвасүрэн гэж танилцуулсан, би унтаад сэрэхэд бид хоёрын утас алга болсон, Батзаяа байхгүй байсан, энэ хүнд хорихоос өөр төрлийн хөнгөн ял өгнө үү, гомдолгүй.” гэв.

         Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

         хохирогч С.А-н “...2022 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Хуримт” зочид буудлын 302 тоот өрөөнд найз Ганзоригийн хамтаар 12 цагийн үед орж, шилтэй пиво ууж байсан чинь буудлын хаалга тогшсон. Ганзориг онгойлгоход үл таних эрэгтэй хүн “цэнэглэгч байвал өгөөч” гэхээр нь цэнэглэгч өгсөн. Удалгүй хаалга тогшоод “таарахгүй цэнэглэгч байна, танай өрөөнд ороод 100гр архи уух хэрэгтэй байна, даруулга байдаггүй” гэж хэлэхээр нь оруулсан. Тэгсэн чинь цүнхнээсээ 100гр архи гаргаад, тэр залуу уусан. Л.Ганзориг буудлын орон дээр унтаад өгсөн, би тухайн залууг “гар” гэж хэлсэн чинь “удахгүй гарлаа” гэсэн. Тэгээд Л.Ганзоригийн “SamsungA8” загварын гар утсыг цэнэглэж, өөрийн гар утсаа өмдний кармандаа хийж буудлын орон дээр хэвтэхэд, тухайн танихгүй залуу Л.Ганзоригийн хэвтсэн орны доор сууж байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,

         “...Би гар утсаа өмдний халаасандаа хийсэн гэж бодож байсан, тухайн үед унтахдаа ширээн дээр тавьчихаад унтсан байсан, гар утсаа буцааж авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,

         хохирогч Л.Г-н “...2022 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Хуримт” зочид буудлын 302 тоот өрөөнд найз Ариунболдын хамтаар 12 цагийн үед орж, том пиво ууж байсан чинь буудлын хаалга тогшсон, би онгойлгосон чинь үл таних эрэгтэй хүн “цэнэглэгч байвал өгөөч” гэхээр нь цэнэглэгч өгсөн, удалгүй хаалга тогшоод “таарахгүй цэнэглэгч байна, танай өрөөнд ороод 100гр архи уух хэрэгтэй байна, даруулга байдаггүй” гэж хэлэхээр нь оруулсан. Тэгсэн чинь цүнхнээсээ 100гр архи гаргаад, тэр залуу уусан, би буудлын орон дээр унтаад өгсөн. Нэг сэрсэн чинь тухайн өрөөнд байсан залуу байхгүй, миний “SamsungA8” загварын гар утас, найз С.Ариунболдын “SamsungA51” загварын гар утаснууд байхгүй, хулгайд алдсан байсан. “Хуримт” зочид буудлын 302 тоот өрөөнд тухайн танихгүй залуугаас өөр хүн орж ирээгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,

         “...Би гар утсаа буудлын өрөөний ширээн дээр тавьчихаад унтсан байсан, гар утсаа буцааж авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,

         гэрч Ж.Х-н “...2022 оны 2 дугаар сарын 12-ны өдөр үл таних залуу ирээд “та энэ гар утасны кодыг нь гаргах уу” гэж асуухад нь “дотор нь байх бүх зүйл устана шүү” гэж хэлэхэд “та авах уу” гэхэд нь “хэдээр өгөх юм” гэж асуухад “200.000 төгрөг” гэж хэлэхэд нь “би авахгүй” гэж хэлсэн, “та хэдээр авах юм” гэж надаас асуухад “150.000 төгрөгөөр авъя” гэж хэлсэн. Тэгээд уг залуу надад “SamsungA51” загварын хар өнгийн гар утас өгсөн, би түүнд бэлнээр 150.000 төгрөг өгсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

         Д.Б-гийн сэжигтнээр өгсөн “...2022 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Хуримт” зочид буудлын үйлчлэгчээс гар утасны цэнэглэгч асуусан чинь “302 тоот өрөөнд байгаа хүмүүс авсан, ороод авчих” гэж хэлэхээр нь хаалгыг тогшсон чинь нэг эрэгтэй хүн онгойлгоод цэнэглэгч асуусан чинь “ороод ир” гэхээр нь орсон, “пиво цуг ууя” гэж хэлэхээр нь танихгүй хоёр залуутай пиво хувааж уусан. ...би хэсэг унтаж байгаад сэрээд ширээн дээр “SamsungA8”, “SamsungA51” загварын гар утаснууд байхаар нь авч халаасандаа хийж гарсан. ...“SamsungA51” загварын гар утасыг 150.000 төгрөгт зарсан, “SamsungA8” загварын гар утсанд сим картаа хийж ашигласан. Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор гар утаснуудыг авсан байсан, би хохирлоо бүрэн барагдуулсан, авсан гар утаснуудаа буцааж өгч, уучлалт гуйсан, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26, 43-44 дэх тал/,

         “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 220059 дугаартай “...“SamsungA8”, “SamsungA51” загварын гар утаснуудын зах зээлийн судалгааг Орхон аймаг Баян-Өндөр сумын гар утасны борлуулалтын цэгүүдийн ханшаар тооцож, ашигласан хугацааны элэгдэл тооцоолж 1.040.000 төгрөг гэж тогтоолоо.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 31-35 дахь тал/,

         хохирогч С.Ариунболдын “...2022 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Хуримт” буудал 302 тоот өрөөнд найз Л.Ганзоригийн хамтаар ороод байж байсан чинь үл таних эрэгтэй хүн орж ирж SamsungA8”, “SamsungA51” загварын гар утсаа хулгайд алдсан.” гэсэн гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 19.29 цагт хүлээн авсан тэмдэглэл, түүний өргөдөл /хавтаст хэргийн 2, 3 дахь тал/,

         2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр SamsungA8” гар утсанд үзлэг хийж хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,

         “Хуримт” зочид буудлын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 7-8 дахь/, бичлэг бүхий нэг ширхэг хуурцагийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 9 дэх тал/,

         Д.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 47, 81 дахь тал/,

         Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 845 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 50-58 дахь тал/,

         Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 70-78 дахь/,

         Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ХМШЗ/102 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хавтаст хэргийн 86-88 дахь/,

         Шүүгдэгч Д.Бгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хавтаст хэргийн 81-84 дэх тал/,   

         Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 102 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хавтаст хэргийн 86-88 дахь тал/,

         Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол” /хавтаст хэргийн 89 дэх тал/,

         “SamsungA51” загварын хар өнгөтэй, дэлгэцний шил хагарсан гар утсыг хохирогч С.Ариунболдод хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 91 дэх тал/,

         Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхэд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, гэрч, хохирогч нараас мөн Д.Бгаас сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

         мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

         Шүүгдэгч Д.Б-г гэм буруутайд тооцох;

         Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Хуримт” зочид буудлын 302 тоот өрөөнөөс “SamsungA8”, “SamsungA51” загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 1.040.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

         хэргийн үйл баримтын талаарх, хохирогч С.Ариунболдын “...би тухайн залууг “гар” гэж хэлсэн чинь “удахгүй гарлаа” гэсэн. ...гар утсаа буцааж авсан.” гэх,

         хохирогч Л.Ганзоригийн “...сэрсэн чинь тухайн өрөөнд байсан залуу байхгүй, миний “SamsungA8” загварын гар утас, найз С.Ариунболдын “SamsungA51” загварын гар утас байхгүй, хулгайд алдсан байсан. “Хуримт” зочид буудлын 302 тоот өрөөнд тухайн танихгүй залуугаас өөр хүн орж ирээгүй.” гэх,

         гэрч Ж.Хоёрмөнхийн “...2022 оны 2 дугаар сарын 12-ны өдөр үл таних залуу надад “SamsungA51” загварын хар өнгийн гар утас өгсөн, би түүнд бэлнээр 150.000 төгрөг өгсөн.” гэх,

         Д.Бгийн сэжигтнээр өгсөн “...би хэсэг унтаж байгаад сэрээд ширээн дээр “SamsungA8”, “SamsungA51” загварын гар утаснууд байхаар нь авч халаасандаа хийж гарсан.” гэх мэдүүлгүүдээр,

         “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 220059 дугаартай “...“SamsungA8”, “SamsungA51” загварын гар утаснуудын зах зээлийн судалгааг Орхон аймаг Баян-Өндөр сумын гар утасны борлуулалтын цэгүүдийн ханшаар тооцож, ашигласан хугацааны элэгдэл тооцоолж 1.040.000 төгрөг гэж тогтоолоо.” гэсэн дүгнэлт,

         хохирогч С.Ариунболдын “...2022 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Хуримт” буудал 302 тоот өрөөнд найз Л.Ганзоригийн хамтаар ороод байж байсан чинь үл таних эрэгтэй хүн орж ирж SamsungA8”, “SamsungA51” загварын гар утсаа хулгайд алдсан.” гэсэн гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 19.29 цагт хүлээн авсан тэмдэглэл,

         “SamsungA8”, “SamsungA51” загварын гар утаснуудыг хохирогч нарт хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэлүүд,

         “Хуримт” зочид буудлын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, бичлэг бүхий нэг ширхэг хуурцагийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

         “Хулгайлах” гэмт хэрэг гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдахгүйгээр, эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд аргаар авч өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг ойлгох бөгөөд гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байдаг.

         Шүүгдэгч Д.Б-гийн үйлдсэн хулгайлах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, мөн уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

         Шүүгдэгч Д.Б-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон,  

         Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул түүнийг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

         Шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага оногдуулах;

         Шүүх шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

         мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Д.Бгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

         Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “...шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж,

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ХМШЗ/102 дугаартай шүүгчийн захирамжаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 845 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 жил хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоосон 2 жил 8 сар 7 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 8 сар 7 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх.” гэсэн,

         шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 845 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар 8 жил хорих ял шийтгүүлж, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ХМШЗ/102 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 7 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоосон энэ хугацаа 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар өршөөн хэрэгсэхгүй болно. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү.” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргав.

         Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хэрэгжүүлэхээр хуульчилсан бөгөөд уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “...Энэ хуулийн ... 6.2, ...зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлд заасан хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон хугацаа, 7.3, 7.6, 8.6 дугаар зүйлд заасан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах болон 8.7 дугаар зүйлд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээний хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж заасан байна.

         Гэтэл шүүгдэгч Д.Бгийн 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т хамаарч байгаа тул Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ХМШЗ/102 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 7 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгох боломжгүй юм.

         Иймд шүүх, шүүгдэгч Д.Б-гийн гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, нийгмийн аюулын шинж байдал, гэмт хэрэг үйлдэгдэх үеийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, мөн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан,

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан, энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ХМШЗ/102 дугаартай дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 7 хоног хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 3 жил 8 сар 7 хоногоор тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

         Шүүх шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,

         эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.

         Бусад асуудал;

         Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Ариунболд, хохирогч Л.Ганзориг нарт 1.040.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хавтаст хэргийн 4 дэх талд хохирогч Л.Ганзоригт SamsungA8” гар утсыг,

хавтаст хэргийн 91 дэх талд хохирогч С.Ариунболд “SamsungA51” загварын хар өнгөтэй, дэлгэцний шил хагарсан гар утсыг тус тус хүлээлгэн өгсөн баримт авагдсан тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

         Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Хуримтзочид буудлын хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,                                                  битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдаж,

         шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.            

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан, энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 845 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 жил хорих ялаас түүний эдлээгүй 2 жил 8 сар 7 хоногийн ялыг Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ХМШЗ/102 дугаартай шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн сулласан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 3 жил 8 сар 7 хоногийн хугацаагаар тогтоосугай.

         4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

         5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг баримтлан шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

         6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн “Хуримт” зочид буудлын хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг хуурцагийг эрүүгийн хэрэгт хавсарган үлдээж,

энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

         7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар, тэдний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ЭНХТУНГАЛАГ