Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2020/0060

 

     

         Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэл гаргагч: “А ” ХХК.

         Хариуцагч: ЭМЯ.

        Нэхэмжлэлийн шаардлага: “Гүйцэтгэлийн баталгааг цуцлахаас татгалзсан Эрүүл мэндийн яамны шийдвэрийг хууль бус болохыг тогтоож цуцлахыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Б, нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М, Г.Б нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч “А” ХХК-ийн захирал Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч “А”  ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зарласан “Зооноз өвчин судлалын үндэсний төвийн агуулахын байрны барилга барих” ажлын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцсон. 2018 оны 11 дүгээр сарын 16- ны өдрийн А-1/4365 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг хүлээн авснаар бид шалгарсан болохоо мэдэж, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр №01)20181128182057 дугаартай 16,700,000 төгрөгийн гүйцэтгэлийн
баталгааг Хаан банкинд байршуулснаар 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэрээнд гарын үсэг зурж, 333,669,280 төгрөгийн дүнтэй барилгын ажлын гэрээ байгуулагдсан.

        Ингээд 12 сар гарч барилгын ажил эхлүүлэх боломжгүй үе байсан төдийгүй Барилгын хөгжлийн төвийн инженер, төслийн менежер, зургийн автор нар ажил эхлүүлэхийг зөвшөөрөөгүй. 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сангийняамнаас Эрүүл мэндийн яам руу нийт төсвийн 69 хувь буюу 230,260,188 төгрөгийн санхүүжилтийг шилжүүлж, 27-ны өдөр Эрүүл мэндийн яам сүлжээгүй болж, 28-ны өдөр манай компани руу шилжих байтал хийгдээгүй ажил байна гээд Эрүүл мэндийн яам баталгааны данс руугаа хийсэн байсан. Үлдсэн 31 хувь буюу 103,409,092 төгрөг нь Сангийн яамны дансанд байж байгаад татагдсан.

          2019 он гарч Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргатай уулзахад одоо танай компани урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргаж энэхүү санхүүжилтээ ав гэж хэлсэн. Иймд бид Худалдаа хөгжлийн банкинд хандаж, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргуулж Эрүүл мэндийн яаманд өгсөн. Гэвч хоёр долоо хоногийн дараа хариу ирүүлээгүй тул
Эрүүл мэндийн яамны Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Э даргын өрөөнд нь орж асуухад “баталгаа чинь хугацаатай байна, хугацаагүй байх ёстой” гэж хэлээд буцаасан. Улмаар 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хугацаагүй урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргуулж Эрүүл мэндийн яаманд дахин өгсөн ч бичгээр хариу өгөөгүй бөгөөд 1 сарын дараа “урьдчилгаа төлбөрийн баталгаагаар санхүүжилт олгохгүй, гүйцэтгэлээр олгоно” гэж аман хариуг өгсөн. Өөрөөр хэлбэл Эрүүл мэндийн яамнаас хэлэхдээ “Гүйцэтгэлээр санхүүжилт олгох боломжгүй баталгааны дансанд ордог учраас зөвхөн урьдчилгаа төлбөрийн баталгаагаар авч болно” гэсэн, мөн Эрүүл мэндийн яамны Удирдах зөвлөлийн хурлаар ороод “урьдчилгаа төлбөрийн баталгаагаар
олгоё” гэж шийдвэр гарсан боловч Сангийн яам нь “гүйцэтгэлээр олгоно, баталгаагаар олгохгүй” гэдэг хариу өгч яамдуудын үйл ажиллагаа үргэлж зөрчилдөж байсан.

        Учир нь Эрүүл мэндийн яамны барьцааны баталгааны дансны зарцуулах эрхийг Сангийн яаманд хүсэлт өгч, зөвшөөрөгдсөнөөр гүйлгээ хийх эрх нээгддэг юм билээ. Мөн түүнчлэн уг ажлын үлдсэн 31 хувийн санхүүжилтийг төсвийн тодотголоор өгөх, өгөхгүй нь тодорхойгүй болсон. Бид Сангийн яамнаас хөрөнгө оруулалтаар тодотгол хийгдэх эсэхийг асууж лавлатал “энэ жил хийгдэхгүй” гэдэг хариу өгсөн. Эрүүл мэндийн яамны хувьд аливаа шийдвэрийг бичгээр огт өгдөггүй, сураг чимээгүй таг болдог. Тиймээс бидний зүгээс үргэлж гадаа нь хүлээж, боломж олдох үед орж уулзан тодорхой бус аман хариултыг авдаг байсан.

            Ингээд бидний хувьд уг ажилтай холбоотойгоор мөнгө санхүүгээр хохирч, маш их цаг хугацаа алдаж, тодорхой бус байдлыг хүлээн тэвчсээр 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Эрүүл мэндийн яаманд “Гэрээ цуцлах тухай” албан бичгийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл тодорхой хариу аваагүй байна. Бид цаашид энэхүү Барилгын ажил гүйцэтгэх гэрээний хувьд төрийн байгууллагатай түншилж, хамтран ажиллаж чадахгүй бөгөөд гэрээгээ албан ёсоор цуцалсан.
          Ийнхүү цуцлах мэдэгдэл хүргүүлэхдээ Хаан банкинд байршуулсан 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн СУ20181128182057 дугаартай гүйцэтгэлийн баталгааг цуцлуулах талаар хүсэлт, шаардлагаа хүргүүлсэн. Гэтэл Эрүүл мэндийн яам 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2/3561 дугаар албан бичгээр гүйцэтгэлийн баталгааг цуцлах боломжгүй тухай татгалзсан хариугаа ирүүлжээ.

              Төрийн байгууллагын урагшгүй үйл ажиллагааны улмаас гэрээ цуцлагдсан явдлыг өнгөрөөж болох ч гүйцэтгэлийн баталгаанд байршуулсан манай компанийн 16,700,000 төгрөгийг гаргаж өгөхөөс татгалзаж байгааг дэндүү шударга бус, шийдвэр гаргах эрх бүхий этгээдийн хувийн ашиг, хонжоо хайсан үйл ажиллагаа гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын дагуу гүйцэтгэлийн баталгааг цуцлахаас татгалзсан Эрүүл мэндийн яамны шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, гүйцэтгэлийн баталгааг цуцлахыг даалгаж шийдвэрлэхийг хүсье.

         Нэхэмжлэгч “А” ХХК нь Эрүүл мэндийн яамнаас 16,700,000 төгрөг нэхэмжлээгүй бөгөөд гагцхүү Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах харилцаатай холбоотой гүйцэтгэлийн баталгааг цуцлахаас татгалзсан захиргааны үйл ажиллагаатай холбоотойгоор маргаж байгаа гэдгийг тодруулах нь зүйтэй байна. Улмаар энэхүү гүйцэтгэлийн баталгааг
цуцлуулснаар Хаан банкнаас өөрийн мөнгийг гаргуулж авах эрх үүсэх юм” гэжээ.

       Нэхэмжлэгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Яагаад бидний зүгээс 16.700.000 мянган төгрөг дээр маргаж байгаа юм гэхээр бидний зүгээс 5 сар энэ барилгыг барих гэж хөөцөлдсөн энэ гүйцэтгэлийн баталгааг чөлөөлөхгүй байгааг сайн ойлгохгүй байна. Энэ ажлыг хийх гэж наашаа цаашаа явсан. 2018 оны 12-сарын 08-нд бүрэн гарын үсэгтэй гэрээг би өөрөө хүлээж авсан. Эрүүл мэндийн яамнаас санхүүжилт авах гэж хөөцөлдөөд, урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргуулах гэж  12-р сарын дундуур банкнууд зээлээ хаасан байсан. Мөн зээл авахад материалын бүрдүүлэлт, энэ зээлийг судлахад судалгаа их ордог энэ онд багтахгүй гэдэг хариу банкнаас өгсөн учир бид урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргаж өгч чадаагүй.

       Тэр хөнгөн хөрвөх чадвартай, хөрөнгө болон авах зээлийн хэмжээ гэж тэр  90 сая төгрөгийн тухай ярьсан.  90 сая нь 30 хувь хүртэлх хөрвөх хөрөнгийн талаар мөн ялгаагүй банканд судалгаа хийж өгдөг, судалгаа хийсний үндсэн дээр зээл олгох боломжтой гэсэн бичиг анх тендерт оролцоход банкнаас авч болохгүй байсан. Хугацаа байхгүй гэсэн учраас хөнгөн хөрвөх урьдчилаа төлбөрийн баталгаа гаргах боломжгүй, хамгийн сүүлд төрийн нарийн бичгийн даргаас асуухад танай компаний санхүүжилтийг барьцаа баталгааны дансанд шилжүүлсэн танай компани он гаргаад урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргаж ирээд санхүүжилтээ  аваарай гэдэг зүйлийг хэлсэн.

           Он гараад Эрүүл мэндийн яамны мэргэжилтэнтэй уулзахад санхүүжилтийн мэргэжилтэн н.Б энэ санхүүжилт гүйцэтгэлээр гарахгүй урьдчилгаа төлбөрийн баталгаа заавал гаргаж өгч байж энэ санхүүжилтээ ав гэдэг зүйлийг хэлсэн. Дараа нь удирдлагын хурал хуралдаад урьдчилгаа төлбөрийн баталгаагаар олгох боломжтой болсон гэж хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга  Э надад аман хэлбэрээр хэлсэн. Манай үйл ажиллагаа Өмнөговь аймагт явуулдаг болохоор би Өмнөговь аймгийн “Хаан банк”-нд хүсэлтээ гаргасан боловч 01-р сарын сүүлээр “Хаан банк” бидэнд олгох боломжгүй гэдэг хариу өгсөн. Дараа нь 02 сарын дундуур би хотод ирээд “Худалдаа хөгжлийн банк”-нд урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргуулах хүсэлт өгөхөд 02-р сарын сүүлээр надад манай байгууллагад урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргаж өгсөн. Энэ бичгийг би Эрүүл мэндийн яамны бичиг хэрэгт аваачиж өгсөн байгаа. Эрүүл мэндийн яамнаас ямар нэг хариу өгөхгүй удсан учраас би Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Эрдэнэбилэгтэй орж уулзахад энэ урьдчилгаа төлбөрийн баталгаа чинь хугацаатай байна хугацаагүй болгож ир гэдэг зүйлийг хэлсэн. Ер нь хугацаа нь 07-р сарын 31-н хүртэл хангалттай хугацааг би тавьсан байсан. Гэтэд заавал хугацаагүй болгож ир гэдэг тайлбарыг надад өгсөн. “Худалдаа хөгжлийн банк”-нд очоод энэ талаар тайлбарлахад бусад компани хугацаагүй урьдчилгаа төлбөрийн баталгаа аваад явдаг хэрвээ та хугацаагүй болгуулах бол дахиад материалаа бүрдүүлээд дахиж зээлийн хурлаар орно гэдэг тайлбарыг өгсөн. Би Эрүүл мэндийн яамтай очиж уулзаж энэ талаар тайлбар хэлэхэд ямар ч боломжгүй гэдэг хариу өгсөн. Дахиад бичиг баримтдаа бүрдүүлээд сар гарны дараа буюу 03-р сарын 20-ны үеэр хугацаагүй гэдэг урьдчилгаа төлбөрийн баталгаа гарсан өдөр энэ бичиг баримтаа Эрүүл мэндийн яаманд өгсөн. Эрүүл мэндийн яамнаас манай санхүүжилтийг олгох талаар Сангийн яам руу бичиг явуулсан, тухайн үед төсвийн хөрөнгө оруулалтын газар руу ярьж асуухад энэ асуудлыг хариуцсан мэргэжилтэн гадагшаа явсан байгаа. Одоогийн байдлаар шийдэх боломжгүй байна гэдэг хариуг өгсөн. Тухайн мэргэжилтэн ирээд энэ асуудлын талаар Эрүүл мэндийн яам руу утсаар хариуг чинь өгсөн байгаа гэсэн байсан. Тэр хариунд гүйцэтгэлээр энэ санхүүжилтийг олгоно урьдчилгаа төлбөрийн баталгаагаар олгох боломжгүй гэж аман хэлбэрээр надад хэлсэн байгаа. Тэгээд Эрүүл мэндийн яам руу очоод энэ талаар асуухад бидний зүгээс ярилцъя гэдэг хариу өгөөд нэлээн хугацаа өнгөрсний дараа асуухад манай байгууллагад аудитын шалгалт ирж байгаа энэ аудитаар ямар шалгалтын хариу гаргахаас шалтгаалж танай компанид хариу өгье тэр хүртэл хүлээж бай гэж хэлсэн. Тэгээд аудитын шалгалтаар барьцаа баталгааны дансанд байгаа 230 сая төгрөгийг буцааж татахаар болсон гэж манай компанид мэдэгдсэн буцааж татахаар энэ төсөл нь бүрэн санхүүжилтгүй болж байгаа юм. Тэгээд 2018 он болон 2019 он гэж жил дамнасан учир би энэ ажлыг татгалзсан хамгийн гол нь 16.700.000 мянган төгрөгийг суллах хүсэлтэй байна” гэв.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Захиргааны Ерөнхий хуулийн 4-р зүйлийн 4.2-д Захиргааны үйл ажиллагаа ямар зарчмын барьж ажиллах талаар заасан мөн хуулийн 4.2.1-д “хуульд үндэслэх” гэдэг зарчмыг Төрийн захиргааны байгууллага баримталж ажиллана. Гүйцэтгэлийн баталгаатай холбоотой 43-р зүйлд заасан.

          Тухайн гүйцэтгэлийн баталгаа 16.700.000 мянган төгрөгийг суллаж өгөхгүй гэж байгаа нь эцсийн үр дагавар нь улсын орлого болгох гэж байна. Худалдан авах ажиллагааны журмыг хэрэгжүүлэхэд тендерийн баталгааг оролцогчид гаргаж өгдөг. Тендерийн баталгааг яах ёстой вэ талаар 20-р зүйлийн 20.7-д дараах тохиолдолд тендерийн баталгааг улсын орлого болгоно гэж хоёр нөхцөлийг дурдаж өгсөн. Харин гүйцэтгэлийн баталгааг улсын орлого болгох талаар энэ материалыг зохицуулж өгөөгүй. Манай үйлчлүүлэгч өөрийн тайлбартаа сая дурдсан бидний зүгээс шалтгаалаагүй зүйлүүд байсан талаар дурдаж өгсөн. Хариуцагчийн татгалзаж байгаа энэ шийдвэр нь хуульд нийцэж байгаа юм уу үндэслэсэн юм уу. Захиргааны байгууллага татгалзаж байгаа нь хуульд нийцсэн байх ёстой. Энэ улсын орлого болгох талаар хууль зохицуулаад зөвшөөрөөд төрийн захиргааны байгууллагад өөрөө эрхий олгосон журамтай. Энэ зүйл хуулиар тодорхойлогдоогүй учраас хариуцагчийг тухайн баталгааг суллаж өгөх ёстой гэсэн байр суурьтай байна. Тендерийн баталгаанд бид өөрсдийнхөө мөнгийг байршуулсан энэ ажлыг гүйцэтгэхтэй холбоотой  “Зооноз өвчин судлалын үндэсний төвийн агуулахын барилгыг барихтай холбоотой”  процесс нэхэмжлэгчээс болоод огт хийгдээгүй гэвэл үгүй, хариуцагч байгууллага цаг үеийн нөхцөл байдал, оны төгсгөл болж байсан ийм нөхцөл байдлаас болоод Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай, хуулиар тогтоосон журамтай холбоотой ийм асуудал үүсээд байна. Хариуцагчийн зүгээс 2018 оны 11-р сарын 30-ны огноотой гэрээ ч гэсэн 12-р сарын 7-8-ны өдөр албажуулж ““А” ” ХХК-д өгсөн. Энэ гэрээг хэзээ хэрэгжүүлэх ёстой байсан  гэхээр 2019 оны 06-р сарын 30-ны өдөр хүртэл энэ төслийг хэрэгжүүлэхээр төсөвт байсан мөнгийг 06-р сарын 05-ны өдөр Үндэсний аудитын газар акт гаргаад буцаагаад төсөвт татах үүргийг хариуцагч Эрүүл мэндийн яаманд өгсөн байдаг. Тэгэхээр энэ гэрээний хугацаа дуусаагүй байхад  энэ төсөв санхүүжилт 2018 оны төгсгөлөөс 330 саяас, 230 сая болж барьцаа баталгааны дансанд байршсан. Үлдэгдэл энэ 100 сая төгрөгийн зөрүүг бид хэзээ яаж шийдэгдэх вэ гэдэг талаар бүрэн баталгаа байхгүй 2019 оны гаргаж ажлаа хийе гэсэн эрмэлзлээр хөөцөлдөж байсан энэ 230 сая төгрөг нь барьцаа баталгааны данснаас гарч чадахгүй байсаар байгаад үндэсний аудитын газар буцаагаад төсөвт татсан. Барьцаа баталгааны дансанд байршсантай холбогдуулаад үндэсний аудитын газар акт тавьсан нь өөрөө төсвийн тухай хуулийг зөрчсөн. Яагаад гэвэл барьцаа баталгааны дансанд байршуулаад этгээд нь өөрөө хариуцагч болохоор нэхэмжлэгчээс шалтгаалахгүй өөрсдөө шийдсэн байдаг. Тэгэхээр 2018 оны 12-р сарын 07,08-ны өдөр гэрээгээ албажуулж ажил гүйцэтгэх эхний гараанд авчирч байж энэ 12-р сардаа багтааж ажлаа хийж гүйцэтгэж санхүүжилт авах ёстой байсан гэдэг ийм шаардлага тавиад байгаа юм шиг хариуцагчийн зүгээс тайлбарыг хэлсэн. Өнөөдрийг хүртэл хариуцагчийн  эрх бүхий албан тушаалтан болох мэргэжилтэн, хэлтсийн дарга нартай уулзахаар тэдний ярьж, хэлж байгаа зүйл нь энэ ийм зүйлийг хүсээд байсан юм шиг анхнаасаа гэрээ байгуулагдаад нэхэмжлэгчийн зүгээс тодруулахад энэ төсвийг буцаад татчихвал яах вэ гэдэг асуудлыг мэргэжилтэн ярьсан. Эрх оны төсвийн тодотголоор орон шүү дээ гэдэг байдлаар огт тодорхой чухал нухацтай хандаж, эрх бүхий Захиргааны шийдвэр гаргах хэмжээний түвшинд эрх зүйн үр дагавар учруулахгүй, хариуцлагатай тийм хариу өгч байсан зүйл байхгүй. Нэхэмжлэгч байгууллагын өгч байсан хүсэлтийг тодорхой хэмжээнд шийдвэрлэж чадаагүй, Төрийн захиргааны байгууллага нэхэмжлэгчийн эрхий зөрчсөн байгаа. Өнөөдөр ийм ажил гүйцэтгэх гэрээ хэрэгжээгүй, хариуцагчийн буруу хэр нь гүйцэтгэлийн барьцаанд байршуулсан 16.700.000 мянган төгрөгийг эргүүлэн авъя гэхээр танай буруу байсан гэдэг зүйлийг  ярьж байгаа нь өөрөө нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байна. Ийм нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

           Татгалзсан шийдвэр гэдгийг нэхэмжлэлдээ тусгаж өгсөн. Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 08-р сарын 08-ны өдрийн 2/3561 гэдэг албан бичиг байдаг. Энэ албан бичигт танай гүйцэтгэлийн баталгааг  цуцлагдахгүй гэдэг татгалзаж байгаа юм байна гэдэг шийдвэрийг албан ёсоор авсан. Үүнээс хойш бид хуульд заасан журмын дагуу хугацаандаа шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна. Тэгэхээр татгалзсан шийдвэр гэдгийг энэ гэж ойлгож байгаа. Энэ албан ёсны шийдвэрээр бид нарт хариу өгсөн энэ татгалзаад байгаа шийдвэр өөрөө манай компанийг буруутгаад байгаад энэ 2018 оны 12-р сараас эхэлсэн энэ харилцаа хэний буруу байсан гэхээр нэхэмжлэгч компанийн буруу байсан гэж хэлж байгааг нь шүүхэд хэлмээр байна. Барилгын хөгжлийн төвөөр гүйцэтгэлийн тайлан гаргуулж өгсөн. Энэ нөхцөл байдал бол үндсэндээ төсөвт хөрөнгө оруулалтын дансанд байсан мөнгө буцаагаад улсын төсөвт татагдсан, нэгэнт энэ тогтоосон журамтай холбоотойгоор, энэ ажлаа яаж хийх вэ, ажлаа хийх гэхээр санхүүжилт татагдсан эрх жилийн төсөв мөнгө хэзээ яаж батлагдах нь тодотгол орох нь ойлгомжгүй, энэ нөхцөл байдлыг харахад бид нарт өөр сонголт байгаагүй юм. Оны төгсгөлд  энэ худалдан авах ажиллагааг явуулаад гэрээ байгуулж байгаа. Энэ цагийн менежментээ  зөв явуулж чадаагүй  захиалагчийн  буруутай үйл ажиллагаа энд харагдаж байгаа.

          Нэгэнт төсөвт суугдсан 330 сая төгрөгийн асуудлыг, яагаад барилгын ажил явуулах боломжтой цаг хугацаанд энэ худалдан авах ажиллагааг хэрэгжүүлж болоогүй юм бэ яагаад энэ дулааны улиралд барилгаа, бариад гүйцэтгэлээр санхүүжилтээ аваад явах энэ боломж Эрүүл мэндийн яам зөв менежментийг явуулж болоогүй юм бэ, оны төгсгөл буюу өвөл болсон байхад бид нарыг барилга барь гэдэг шаардлага тавиад үүнийхээ дагуу гүйцэтгэлээр мөнгөө аваад яв гэдэг ийм шаардлага тавьж байгаа гэж ойлгож байна. Хуулиар цутгалтын ажил хийх хугацааг тогтоосон байдаг. Энэ нөхцөл байдлуудаас шалтгаалаад оны төгсгөлд байсан учир хариуцагч энэ талаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх байсан юм бэ гэдэг нь ойлгомжгүй байна. Анхнаасаа ийм байдалд хүргэх гол шалтгаан нь хариуцагчийн зүгээс авч хэрэгжүүлж байсан арга хэмжээ байсан. Тэгээд эцсийн дүндээ ажлаа хийе гэж бид маргаагүй, үндсэндээ өөрийнхөө өгсөн буюу дансанд байршуулсан мөнгөө авъя, үүнийг Эрүүл мэндийн яам суллаад өгөөч гэсэн хүсэлтийг гаргаж байгаа.

         Тендерт оролцох санхүүжилттэй холбоотой асуудлыг зөв шийдвэрлэж чадаагүй, менежментээ зөв явуулж чадаагүй энэ нөхцөл байдлаас шалтгаалан бид тендерээ алдсан байгаа. Тэгж манай эрх зөрчигдсөн байж давхар бид нар гүйцэтгэлийн баталгаанд байршуулсан 16.700.000 мянган төгрөгийг бас дахиад алдах болоод байна. Тэгэхээр энэ төрийн захиргааны байгууллага, захиргааны шийдвэр гаргуулах үйл ажиллагаагаараа, бидний эрхийг зөрчиж байна гэж үзэж байна. Тийм учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

        Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “А ” ХХК-ийн гаргасан “гүйцэтгэлийн баталгааг цуцлахаас татгалзсан Эрүүл мэндийн яамны шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, гүйцэтгэлийн баталгааг цуцлахыг даалгах” нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна.

       Монгол Улсын 2018 Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтаар батлагдсан Монгол Улсын Төсвийн хөрөнгөөр 2018 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтын XVIII.1.1.41-д Зооноз өвчин судлалын үндэсний төвийн агуулахын байрын барилга /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг/, 350 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр тусгагдан батлагдсан.

      Төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар зохион байгуулсан бөгөөд тус газрын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А-2/4468 дугаартай “Зөвлөмж хүргүүлэх тухай” албан бичгээр Зооноз өвчин судлалын үндэсний төвийн агуулахын байрын барилга /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг/-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт хамгийн сайн тендер ирүүлсэн гэж үнэлэгдсэн “А”  ХХК-тай 333,669,281.00 /Гурван зуун гучин гурван сая зургаан зуун жаран есөн мянга хоёр зуун наян нэг/ төгрөгөөр гэрээ байгуулах зөвлөмжийг ирүүлсэн.

      Улмаар захиалагч Эрүүл мэндийн яам, гүйцэтгэгч “А”  ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ЭМЯ-2018/ХУШ. 1.41 дугаартай Зооноз өвчин судлалын үндэсний төвийн агуулахын байрын барилга (Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг/ гэрээг байгуулан 2019 оны 06 дугаар сарын 30-ны дотор ашиглалтад оруулахаар заасан.

      Гүйцэтгэгч “А”  ХХК 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 4/34 дугаартай  “Санхүүжилт хүсэх тухай” албан бичигт барилга угсралтын ажлын гүйцэтгэл 68 орчим хувьтай явагдаж байгаа тул ажил гүйцэтгэх гэрээний дагуу барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн санхүүжилтийг олгож өгөх тухай хүсэж Барилгын хөгжлийн төвийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1/2870 дугаартай Зооноз өвчин судлалын үндэсний төвийн барилга /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо/-ын барилгын угсралтын ажлын гүйцэтгэгч “А”  ХХК-иас ирүүлсэн 230,260,188.00 /хоёр зуун гучин сая хоёр зуун жаран мянга нэг зуун наян найм/ төгрөгийн дүнтэй гүйцэтгэлийг хянаж баталгаажуулсан тухай албан бичиг бусад материалыг хавсарган ирүүлсэн.

          Улмаар Сангийн төрийн сангаас 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Эрүү эхлээгүй тухай мэдээлсэн бөгөөд барилга угсралтын ажлын гүйцэтгэл хуурамч болох нь тогтоогдож төлбөрийг ““А” ” ХХК-ийн дансанд шилжүүлээгүй.Үндэсний аудитын газрын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 01/96 ГАГ-2019- 01-ГА дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актад дээрх үйлдэл нь Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7, 45 дугаар зүйлийн 45.2.2, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 386 дугаар тогтоолын 1.2, Сангийн сайдын 2016 оны 415 дугаар тушаалаар батлагдсан Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, санхүүжилт, хяналт, тайлагналын журмын 4.3, 4.11, 5.4 дүгээр заалтуудыг тус тус зөрчсөн тул Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12-т заасныг үндэслэн 2018 хийгдээгүй ажлын бодит бус гүйцэтгэлийг улсын орлого болгохыг заасан тул уг барилгын төлбөрийг улсын орлого болгосон.

         Мөн гүйцэтгэгч байгууллагын нэрийн өмнөөс Хаан банкны 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан GU20181128182057 дугаартай гүйцэтгэлийн баталгаанд “гүйцэтгэгч гэрээний үүргээ зөрчсөн тухай захиалагчийн анхны шаардлагыг хүлээн авсан даруй үл маргах журмаар төлбөрийг хийх үүрэг хүлээсэн бөгөөд тус баталгаа нь ажил дууссан тухай тухай мэдэгдэл гарснаас хойш 28 хоногийн хугацаанд хүчинтэй байна” гэж заасан тул гүйцэтгэлийн баталгааг цуцлах боломжгүй юм” гэжээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч талын тайлбартай танилцлаа. 2018 оны 11-р сарын 30-ны өдөр байгуулсан гэрээг 11-р сарын 10-ны үед хүлээж авсан талаар би сайн мэдэхгүй байна. Хэрвээ нэхэмжлэгч тал 11-р сарын дундуур гэрээг хүлээж авсан бол энэ цаг хугацаанд хүлээж авсан гэж гэрээний огноо, дугаарыг засаад шийдвэрлээд явах бүрэн боломжтой байсан болохоор 11-р сарын 30-аар гэрээ хүчин төгөлдөр болсон гэж үзэж байна. 2018 оны 11-р сарын 30-ны өдөр байгуулсан энэ гэрээний 3 дугаар нөхцөл болон гэрээний зүйл заалттай  бүрэн уншиж  танилцсан бол энэ гэрээний дүнгийн 330 сая төгрөгийг 2018 онд багтаагаад авах боломжтой юм байна гэдгийг гэрээ байгуулагч, захиалагч, гүйцэтгэгч аль аль талууд ойлголцоод хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан гэж ойлгож байгаа.  Мөн Эрүүл мэндийн яамнаас өвөл болсон байхад барилга угсралтын ажлыг хий гэсэн шаардлага тавьсан гэж байна. Бидний зүгээс өвлийн улирал эхэлсэн барилын ажил хийхэд хүндрэлтэй байгаа гэдгийг ойлгож байна. Гэхдээ Монгол улсын төсвийн тухай хуулийн 2-р дугаартай хавсралтаар батлагдсан 2018 онд санхүүжих дүн 500 сая төгрөг гэж тогтоогдсон энэ төслийн арга хэмжээнд нэг тендер шалгаруулалтад  ““А” ” ХХК-ийг ирж оролцооч гэдэг хүсэлтийг, эсвэл албан шаардлагыг болон тулгалтыг Эрүүл мэндийн яамнаас хийгээгүй байгаа. Өөрсдөө төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын худалдан авах ажиллагааны хэлтсээс сонгон шалгаруулсан энэ тендерт оролцоод энэ тендерийг гүйцэтгэх боломжтой гэж үзээд ““А” ” ХХК нь хуулийн хүрээнд  сонгон шалгаруулалтад тэнцсэн гэж бидний зүгээс ойлгож байна. Урьдчилгаа төлбөрийн баталгаа хийлгээд энэ санхүүжилт аваарай гэж хэлсэн болохоос, барилгын хөгжлийн төвийн хүмүүстэй хуйвалдаад худлаа гүйцэтгэл бичиж ирж мөнгөө аваарай гэж аман болон аман бус байдлаар хэлсэн зүйл байхгүй.

        “А” ХХК-н урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргаж чадахгүй байсан болоод энэ төслийн санхүүжилтийг авч чадахгүй нь ойлгомжтой болсон. Гүйцэтгэгч компанийн зүгээс  өөрөө хуулийн хүрээнд бүх гарц гаргалгааг тайлбарлаж өгөөд бүх талаар нь Эрүүл мэндийн яам ярьж өгөөд байхад Барилгын хөгжлийн төвийн холбогдох инженерүүдтэй нийлээд барилга угсралтын ажлын 65 хувийн гүйцэтгэлийг хийж гүйцэтгэсэн гэсэн гүйцэтгэлийг манай байгууллагад оруулж ирсэн. Үүнийг манай барилга хариуцсан мэргэжилтэн бас баталгаажуулж явуулснаас болж эцсийн байдлаар ийм байдал үүссэн байгаа.

      Бид яагаад “А” ХХК-ийн гүйцэтгэлийн баталгааг цуцлахгүй байгаа юм бэ, гэхээр Хаан банкны 2018 оны 11-р сарын 28-ны өдрийн гаргасан гүйцэтгэлийн баталгаанд дээр энэ баталгаа нь ажил дууссан мэдэгдэл гаргаснаас хойш 28 хоногийн хугацаанд хүчин төгөлдөр байна. Энэ ажил нь анх эхлэхдээ хууль зөрчиж явсан. Энэ талаар бид гүйцэтгэлийн баталгааг цуцлахаар ажил дууссан эсэх нь энэ гүйцэтгэлийн баталгаанаас харагдахгүй байна.

          Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний ерөнхий болон тусгай нөхцөл дээр байгаа. Гүйцэтгэгч “А” ХХК нь гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлийг анх орохдоо хүлээн зөвшөөрч байна гэдэг мэдэгдлээ хүргүүлээд орсон.  Тэгэхээр гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлд заасан захиалагчийн эрх үүрэг болон гүйцэтгэгчийн эрх үүрэг дээр нарийн заагаад өгсөн байгаа. Хэрвээ захиалагч барилга угсралтын ажил, гэрээний үүргээ биелүүлээгүй бол хүү алданги тооцох ийм заалт мөн тусгагдаж өгсөн байгаа. Тэгэхээр энэ заалтуудыг үндэслээд энэ “А” ХХК-ийн нэхэмжлэлийг хангах боломжгүй” гэв.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Тендер шалгаруулалт 2018 оны 10-р сарын 02-ны өдөр зарлагдсан. Тэгэхээр “А” ХХК нь барилгын компани учир өвлийн улиралд барилга байшин барих, засварлах ажлыг хийж болохгүй гэдэг зүйлийг уг компани өөрөө мэдэж байгаа. Энэ тохиолдолд хэн нэгний хүчээр биш өөрсдөө хүсэлтээрээ сонгон шалгаруулалт тендерт оролцоод тэнцээд гэрээ байгуулагдсан байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд гүйцэтгэлийн баталгаа гэж “гэрээ байгуулах эрх авсан тендерт оролцогч гэрээний үүргийг бүрэн хангахыг баталгаажуулсан” ийм хэлбэрийг гүйцэтгэлийн баталгаа гэж бодно.  

        Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43-р зүйлийн 43.3-д “Гүйцэтгэлийн баталгаа нь гэрээ дүгнэж, бараа, ажил, үйлчилгээг хүлээлцэх хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байна” гэж заасан байгаа. Тухайлбал гэрээ огт дүгнэгдээгүй ажил хийж эхлээгүй, ажлаа гүйцэтгээгүй ийм байгаа тэгэхээр энэ бол  гүйцэтгэлийн баталгаа банканд байж байх ёстой гэж байгаа юм. Иргэний хуулийн 350-р зүйлийн 350.1.1-д “Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх” үүрэг хүлээхээр хуульчилсан байгаа. “А” ХХК нь Эрүүл мэндийн яамтай 2018 оны барилгын ажлын гэрээг байгуулсан байгаа. Тэгэхээр энэ ажил үүргээ гүйцэтгээгүй учир гүйцэтгэлийн баталгааг олгох боломжгүй юм.

        Мөн манай төлөөлөгч хэлсэн 230 сая төгрөгийн барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг хуурамчаар үйлдэж ирүүлсэн байсан. Тухайлбал “Зооноз өвчин судлалын үндэсний төвийн” захирлын ирүүлсэн албан бичигт барилгын ажил огт хийгдээгүй гэж ирүүлснийг шүүхэд бид нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Энэ бол ноцтой асуудал нэг ч ажил эхлээгүй байж бид энэ 230 сая төгрөгийн ажлыг хийсэн гэж гүйцэтгэлийн баталгаа гаргуулаад улсын төсвөөс мөнгө авах гэж байгаа нь нилээн ноцтой асуудал юм. Тэгэхээр Эрүүл мэндийн яамнаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

          Нэхэмжлэгч “А” ХХК-ийн захирал Б.Б гүйцэтгэлийн баталгааг цуцлахаас татгалзсан Эрүүл мэндийн яамны шийдвэрийг хууль бус болохыг тогтоож цуцлахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

          Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

          Нэхэмжлэгч “А” ХХК Зооноз өвчин судлалын үндэсний төвийн агуулахын байрны барилга барих” ажлын нээлттэй сонгон шалгаруулалтад оролцож 2018 оны 11 дүгээр сарын 30-аас 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хугацаатай, Гэрээний тусгай нөхцөлөөр гүйцэтгэлээр санхүүжих нөхцөлийг хүлээн зөвшөөрч захиалагчтай ЭМЯ-2018/XVIII.1.41 дугаар гэрээ байгуулжээ.

        Гэтэл нэхэмжлэгч гэрээнд заасан хугацаанд барилгын ажлыг хийж гүйцэтгээгүй бөгөөд санхүүжилт авахын тулд барилга угсралтын ажил 68 орчим хувийн гүйцэтгэлтэй гэж хуурамч материал бүрдүүлж ирүүлсэн нь нотлогдож захиалагчийн зүгээс санхүүжилтийг олгоогүйгээс шалтгаалж нэхэмжлэгч гэрээний үнийн дүнд багтаан барилга угсралтын ажлыг гүйцэтгэх боломжгүй гэж гэрээгээ цуцалсан байна.

            Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн болон гэрээний тусгай нөхцөлд заасны дагуу нэхэмжлэгч ““А” ” ХХК гэрээний үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх хэмжээний гүйцэтгэлийн баталгаа болох 16700000(арван зургаан сая долоон зуун мянга төгрөг)-ийг ХААН банкинд байршуулан баталгаа гаргуулжээ.

          Харин гүйцэтгэгч “А” ХХК 2018 онд барилга угсралтын ажил гүйцэтгээгүйн дээр хийгдээгүй ажлын бодит бус гүйцэтгэлийг Барилгын хөгжлийн төв болон тус яамаар баталгаажуулан санхүүжилт авахыг оролдож хууль, журам зөрчсөн нь шалгалтын явцад илэрсэн, ХААН банкны гүйцэтгэлийн баталгаанд “гүйцэтгэгч гэрээний үүргээ зөрчсөн тухай захиалагчийн анхны шаардлагыг хүлээн авсан даруй үл маргах журмаар төлбөрийг хийх үүрэг хүлээсэн бөгөөд тус баталгаа нь ажил дууссан тухай мэдэгдэл гарснаас хойш 28 хоногийн хугацаанд хүчинтэй байна.” гэж тус тус заасныг дурдаж гүйцэтгэлийн баталгааг цуцлахаас татгалзсан хариуцагчийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2/3561 дүгээр шийдвэр хууль зөрчөөгүй.

          Учир нь хариуцагч Эрүүл мэндийн яамны дээрх шийдвэр Төрийн болон орон нутгийн  өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиалагч хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчоос гэрээ байгуулахаас өмнө гүйцэтгэлийн баталгаа ирүүлэхийг шаардаж болно.”, 43.2-т “Захиалагч гүйцэтгэлийн баталгааны дүнг гэрээний үнийн дүнгийн 5 хувиар тогтоож тендерийн баримт бичигт тусгана.”, 43.3-д “гүйцэтгэлийн баталгаа нь гэрээ дүгнэж, бараа, ажил, үйлчилгээг хүлээлцэх хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байна.”, 43.4-д “Захиалагч дор дурдсан нөхцөлд гүйцэтгэлийн баталгаа ирүүлэхийг гүйцэтгэгчээс шаардана:”, 43.4.1-д “150 сая төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй ажил худалдан авах гэрээ байгуулах;” гэж тус тус заасантай нийцсэн гэж дүгнэв.

          Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч захиалагчийн зарласан барилгын ажил гүйцэтгэх нээлттэй тендер шалгаруулалтад оролцож хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн гэж гэрээ байгуулсан атлаа гэрээнд заасан ажлаа хийж гүйцэтгээгүй, гэрээгээ дүгнүүлээгүй байгаа нь гүйцэтгэлийн баталгааг цуцлахыг шаардах эрхгүй байна.

          Түүнчлэн захиалагч дээрх барилгын ажлын санхүүжилт 230 сая төгрөгийг Эрүүл мэндийн яамны барьцаа хөрөнгийн дансанд байршуулсныг хууль зөрчсөн гэж үзэж Үндэсний аудитын газрын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 01/06 дугаар актаар уг мөнгийг Үндэсний аудитын газрын Төрийн сан дахь Улсын төсвийн орлогын дансанд төвлөрүүлэхийг хариуцуулжээ.

          Мөн “Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн агуулахын барилга угсралтын ажлын гүйцэтгэгч “А” ХХК-ийн гүйцэтгэл болох 230260188.0(хоёр зуун гучин сая хоёр зуун жаран мянга нэг зуун наян найман) төгрөгийг Эрүүл мэндийн яамны барьцаа баталгааны данснаас урьдчилгаа төлбөрийн баталгааг үндэслэн олгохоор яамны удирдлагын зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн гэх боловч энэ шийдвэр нь албажиж баталгаажаагүй байна.

          Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдах хууль зүйн боломжгүй байна гэж дүгнэн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

          1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.3, 43.4, 43.4.1-д заасныг баримтлан гүйцэтгэлийн баталгааг цуцлахаас татгалзсан ЭМЯ-ны шийдвэрийг хууль бус болохыг тогтоож цуцлахыг даалгах “А” компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд  нь хэрэгсэхгүй болгосугай.

          2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.         

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                  А.НАСАНДЭЛГЭР