Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/67

 

 

2022       02          25                                       2022/ШЦТ/67

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.А даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Е

улсын яллагч Г.Э

иргэний хариуцагч М.А

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О

шүүгдэгч О.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан жолооч авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.От холбогдох эрүүгийн 2125002530307 дугаартай хэргийг тус шүүхийн 107 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч О.О нь 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт “Хүлэг” хүнсний захын баруун талын авто зам дээр 71-58 ОРО улсын дугаартай автобус жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд

нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зорчигч Н.Цгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

-шүүгдэгч О.Оын мэдүүлсэн: “ББ-Од”ХХК-д ажиллаад 6 сар болж байсан. Тэр өдөр автобустайгаа явж байгаад хүнсний захын зогсоол дээр зогссон. Гэтэл гэнэт автобусны тормоз барихгүй болж хойш өнхөрсөн. Хий алдаад байсан. Энэ үед тэр эгч үсэрч буусан. Тэгээд тэр эгчийг дайрчихгүйн тулд чигээр нь өнхөрүүлээд өнгөрөөд бродюр мөргөж зогсоосон. Гэм буруугаа хүлээж маш их гэмшиж байна. Хохирогчид 1,200,000 төгрөг төлсөн гэх мэдүүлэг,

-хохирогч Н.Цгийн “...Би 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 12 цагийн үед гэрээсээ гарч хүнсний зах орох гээд ...Дэнж гэсэн бичигтэй автобусанд суусан. “Хүлэг” захын урд талын автобусны буудал дээр ирээд автобус зогсоод хаалгаа онгойлгохоор нь би түрүүлж буух гээд шатан дээр гишгээд нэг хөлөө газар гишгэх гэж байтал автобус гэнэт ухраад би шууд доошоо газарт унасан. Би газраас босох гэтэл миний зүүн хөл эргэчихсэн байсан учир босож чадаагүй...эмчилгээнд гарсан зардлаа авсан бөгөөд надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-50-53-р тал/,

-иргэний хариуцагч М.Аын ...О.О нь манай байгууллагаас мөнгөн тусламж хүсэхээр нь 500.000 төгрөгийг бэлнээр өгсөн, өөрөө мөнгө нэмээд хохирогчийн эмчилгээнд гарсан зардлыг төлсөн. Мөн Приус машины засварт 300,000 төгрөгийг өгсөн....” гэсэн мэдүүлэг /хх-56-57-р тал/,

-гэрч Х.Бн ...над руу манай компанийн диспетчер Батцэцэг залгаж “71-58 жолооч замын хашлага мөргөчихлөө” гэж хэлсэн.Би...6-1 дүгээр байрны гадаа ирэхэд “Хүлэг” захын авто зогсоол дээр тус автобус нь зогсож байсан. бөгөөд “автобус тоормозгүй болоод ухарчихлаа,тэгсэн чинь нэг хүн буугаад эмнэлэг явчихлаа” гэж хэлсэн...Приус-30 машины гупер нь ханзарчихсан байхаар нь би засварын газарт аваачиж янзлуулж, гомдолгүй болгосон, байгууллага гарсан зардлыг нь төлсөн...” гэсэн мэдүүлэг /хх-68-70-р тал/,

-гэрч Х.Мн ...намайг байгууллагын гаражид байхад над руу диспетчер Оюунтуяа залгаж “71-58 ОРО дугаартай автобус ухраад хашлага мөргөчихлөө, тэгээд цагдаа нар автобусыг журмын хашаанд хийнэ гэнэ, асахгүй байна, та журмын хашаанд нь хийгээд өгөөч” гэж ярьсан...Отгонбаатар хэлэхдээ “машин тоормозгүй болоод хойшоо ухарчихлаа” гэж хэлсэн, би тэр автобусыг асаах гэтэл асахгүй байсан...Тус автобус нь хийн тоормозтой, хий байж тоормоз ажиллана, хэрвээ хий дуусвал автобус шууд нам зогсдог технологитой...” гэсэн мэдүүлэг /хх-72-73-р тал/,

-гэрч С.Бн ...2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр би 6-1 дүгээр байрны урд талын авто зогсоол дээр гадна талын диспетчерээр ажиллаж байсан. ...над руу жолооч Отгонбаатар залгаж “эгч ээ, та хаана байна, Говилын буудал дээр хүрээд ир” гэсэн. Тэгэхээр нь гүйгээд “Хүлэг” захын урд талын автобусны буудал дээр очиход тус зогсоолд Отгонбаатарын унаж явдаг 71-58 ОРО улсын дугаартай автобус байсан бөгөөд замын боржур дээр нэг эмэгтэй хүн хөлөө барьчихсан сууж байсан. ...Түргэн ирээд нөгөө хөлөө бариад сууж байсан эмэгтэйг аваад явсан...гэсэн мэдүүлэг /хх-75-76-р тал/,

-гэрч Г.Хн ... Хэсэг хугацааны дараа над руу хүү маань залгаж “машиныг мөргөчихлөө” гэж ярьсан.Би захаас гараад очтол нийтийн тээврийн автобус замын дунд байдаг хашлага мөргөөд зогсчихсон,  миний машины зүүн хойд гупер зурагдчихсан байсан. Тэгтэл тэр автобусны жолооч залуу “тоормоз барихаа болиод хойшоо ухарчихлаа” гэж хэлсэн...машины хохирлыг тус автобусны компани барагдуулсан, одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-78-79-р тал/,

-гэрч Н.Пийн ... Тэгээд автобус “Хүлэг” захын урд очиж зогсоод хаалгаа нээсэн бөгөөд эгч маань хамгийн түрүүнд бууж байсан, гэтэл автобус хойшоо гэнэт хүчтэй ухарсан бөгөөд замын хашлага мөргөөд зогссон. Тэгээд би автобуснаас буутал эгч маань газар сууж байсан бөгөөд намайг очоод өргөх гэтэл эгч маань “миний хөл хугарчихаж, босож чадахгүй байна” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-81-82-р тал/,

-шинжээч Б.Аы ...71-58 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хийн тоормозны системтэй байсан.Ерөнхийдөө хий хуримтлуул, хуримтлуулсан хийгээ хүчлүүрээр шахаж дугуй тус бүр дээр даралт очиж тоормоз барих үйл явц юм. Механизмын хувьд хий алдагдсан тохиолдолд тоормоз нь шууд автоматаар барьдаг...” гэсэн мэдүүлэг /хх-115-116-р тал/,

- Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан: “Хүлэг” хүнсний захын баруун талын авто зам дээр миний жолоодож явсан 71-58 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн тормоз ажиллахгүй, бууж байсан зорчигч гэмтээд миний машин ухарч Приус машин замын хайстай хамт мөргөчихлөө” гэсэн мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-5-р тал/,

-Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-13-р тал/,

-Эрх бүхий албан тушаалтны 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн “...О.О нь 71-58ОРО улсын дугаартай дунд оврын автобус жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний 1.3. /Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэсэн магадлагаа /хх-14-р тал/

-Мөрдөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 17 дугаартай... тээврийн хэрэгслийн жолооч О.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”,3.4а. “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах,тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, “Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гараж) буюу засварын газарт очих хүртэл хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэсэн магадлагаа /хх-34-36-р тал/,

-О.О нь хохирогчийн эмчилгээний зардал, хохиролд 1.200.000 төгрөг төлсөн тухай баримт /хх-44-р тал/,

-О.Оын 229051 дугаартай, В, С, СЕ, D ангиллын жолооны үнэмлэх, 02058175 дугаартай, 71-58 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн тогтоол /хх-45-р тал/,

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 464 дугаартай “...1.Н.Цгийн биед зүүн хөлийн шаант ба тахилзуур ясны далд хугарал, хоёр хөлийн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, хоёр удаагийн үйлчлэлээр, ослын улмаас үүссэн байх боломжтой.Зүүн хөлийн шаант ба тахилзуур ясны далд хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана...” гэсэн дүгнэлт /хх-98-99-р тал/,

-Техникийн шинжээч Ц.Э, Б.А, У.О, Л.Э нарын гаргасан 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 16 дугаартай дүгнэлт /хх-106-109-р тал/,

-Шинжээч Д.Д, Р.М, Л.Б нарын 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн дүгнэлт /хх-121-122-р тал/ зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

Үйл баримт: Шүүгдэгч О.О нь 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт “Хүлэг” хүнсний захын баруун талын авто замаар 71-58 ОРО улсын дугаартай зорчигч тээврийн автобус жолоодон хөдөлгөөнд оролцож явахдаа буудал дээр зорчигч Н.Цг буулгаж байх үед нь автобус өнхөрсний улмаас газарт унаж зүүн хөлийн шаант ба тахилзуур ясны далд хугарал, хоёр хөлийн шилбэнд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учиржээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд , Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Шүүгдэгч О.Оын болгоомжгүй үйлдлийн улмаас Н.Цгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 464 дугаартай “....Н.Цгийн биед зүүн хөлийн шаант ба тахилзуур ясны далд хугарал, хоёр хөлийн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, хоёр удаагийн үйлчлэлээр, ослын улмаас үүссэн байх боломжтой. Зүүн хөлийн шаант ба тахилзуур ясны далд хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана” гэх дүгнэлт, хохирогч Н.Цгийн.... “Хүлэг” захын урд талын автобусны буудал дээр ирээд автобус зогсоод хаалгаа онгойлгохоор нь би түрүүлж буух гээд шатан дээр гишгээд нэг хөлөө газар гишгэх гэж байтал автобус гэнэт ухраад би шууд доошоо газарт унасан, би газраас босох гэтэл миний зүүн хөл эргэчихсэн байсан учир босож чадаагүй... гэх мэдүүлэг, гэрч Х.Батжаргалын ... Намайг очиход Батцэцэг болон жолооч Отгонбаатар нар байсан бөгөөд “автобус тоормозгүй болоод ухарчихлаа, тэгсэн чинь нэг хүн буугаад эмнэлэг явчихлаа” гэж хэлсэн... гэх мэдүүлэг, гэрч Х.Мөнхжаргалын.... Отгонбаатар хэлэхдээ “машин тоормозгүй болоод хойшоо ухарчихлаа” гэж хэлсэн, би тэр автобусыг асаах гэтэл асахгүй байсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Батцэцэгийн .... Тэгэхээр нь гүйгээд “Хүлэг” захын урд талын автобусны буудал дээр очиход тус зогсоолд Отгонбаатарын унаж явдаг 71-58 ОРО улсын дугаартай автобус байсан бөгөөд замын боржур дээр нэг эмэгтэй хүн хөлөө барьчихсан сууж байсан... гэх мэдүүлэг, гэрч Г.Хажидсүрэнгийн... Тэгтэл тэр автобусны жолооч залуу “тоормоз барихаа болиод хойшоо ухарчихлаа” гэж хэлсэн ...машины хохирлыг тус автобусны компани барагдуулсан гэх мэдүүлэг, гэрч Н.Пүрэвийн... Тэгээд би автобуснаас буутал эгч маань газар сууж байсан бөгөөд намайг очоод өргөх гэтэл  “миний хөл хугарчихаж, босож чадахгүй байна” гэж хэлсэн... гэх мэдүүлэг, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,  гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Мөрдөгчийн... тээврийн хэрэгслийн жолооч О.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.4а.”энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах,тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, “Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гараж) буюу засварын газарт очих хүртэл хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэсэн магадлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.

 Хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтад хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч О.Оын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан жолооч автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн үйлдэл бөгөөд үйлдэл хор уршгийн хооронд шууд шалтгаант холбоотой байдал ийнхүү нотлогдсон тул прокуророос яллах дүгнэлт  үйлдсэн нь үндэслэлтэй, шүүгдэгч гэм буруутай байна.

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч О.О нь 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр “Хүлэг” хүнсний захын баруун талын авто зам дээр 71-58 ОРО улсын дугаартай автобус жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зорчигч Н.Цгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул гэм буруутай гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О: Хэргийн зүйлчлэл гэм буруугийн талаар маргах зүйлгүй гэж тус тус дүгнэлт гаргажээ.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч О.О нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “ Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлалаа.

        Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо           О.О нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол төлбөрийг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.

         Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 87 дугаартай шүүгчийн захирамжаар /хх-167-168-р тал/ шүүгдэгчид Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 14 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 2 сар 24 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн сулласан, О.О нь тэнсэнгийн хугацаанд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн үйлдлээр бусдад хохирол учруулсан байх боловч Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэж зааснаар шүүгдэгчийн өмнөх эдлээгүй үлдсэн ялыг энэ тогтоолоор оногдуулсан ялд нэмж нэгтгэх шаардлагагүй, тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

        Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Н.Цгийн биед учирсан хүндэвтэр гэмтлийн эмчилгээний зардал, хохиролд шүүгдэгч 1,200,000 төгрөг төлсөн тухай Хаан банкны баримт хэргийн 44 дүгээр талд авагдсан, хохирогчийн “эмчилгээнд гарсан зардлаа авсан бөгөөд надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг хэргийн 53 дугаар талд авагдсан, гэрч Г.Хажидсүрэнгийн ...машины хохирлыг тус автобусны компани барагдуулсан, одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг хэргийн 78-79 дүгээр талд авагдсан байна. Хохирогч Н.Ц нь шүүх хуралдаанд оролцохгүй гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн тул шүүгдэгч О.О төлөх төлбөргүй байна.

        Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 229051 дугаартай, В, С, СЕ, D ангиллын жолооны үнэмлэхийг шүүгдэгч О.От, 71-58 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн 02058175 гэрчилгээг “ББ-ОД” ХХК-д тус тус буцаан олгож, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж,шүүгдэгчийн цагдан хоригдсон 101 хоногийг хуульд заасан журмаар эдлэх ялд оруулан тооцлоо.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч С овогт Он Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм, хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Оыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.      

       3.Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,6.12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.От Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 14 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 2 сар 24 хоногийн хорих ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 800,000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

          4.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Оын цагдан хоригдсон 101 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож /торгох ялын 15 нэгжтэй тэнцэх төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцон/ биечлэн эдлэх ялгүй болохыг дурьдсугай.

        5. Шүүгдэгч О.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 229051 дугаартай жолооны үнэмлэхийг шүүгдэгч О.От, 71-58 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн 02058175 гэрчилгээг “ББ-ОД” ХХК-д тус тус буцаан олгож, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Д.АРИУНЦЭЦЭГ