| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 188/2018/0536/Э |
| Дугаар | 1003 |
| Огноо | 2018-11-01 |
| Зүйл хэсэг | 263.2., |
| Улсын яллагч | Н.Амарсанаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 1003
-
З.Б, М.Б нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Амарсанаа,
хохирогчийн төлөөлөгч Д.Ганбаяр,
шүүгдэгч З.Б-, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг,
шүүгдэгч М.Б-гийн өмгөөлөгч Б.Гүнсэнхорлоо,
иргэний хариуцагчийн төлөөлөгч Ц.Батбаяр, түүний өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, Б.Мөнхбаяр,
нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 719 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.Б-, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын хамтран гаргасан, иргэний хариуцагч Ц.Батбаярын өмгөөлөгч Ч.Шаравнямбуугийн гаргасан тус тус давж заалдах гомдлуудаар шүүгдэгч З.Б, М.Б нарт холбогдох 1702000000075 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
З.Б- нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд ажиллаж байхдаа тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М.Б-тай урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэрийдлээр “Б г” ХХК-ийн “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-д хамрагдсан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороололд баригдаж байсан ашиглалтад ороогүй “Хангай хотхон”-ы нийт 7975.36 м2 талбай бүхий 223 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд хамруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх тухай танилцуулгыг Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 248 дугаартай тогтоолоор баталсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн 4 дүгээр зүйлийн 4.3.1 дэх хэсэг, “Улсын төсөв, олон улсын байгууллага, хандивлагч орнуудын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр түрээсийн орон сууцны барилга захиалж бариулах, эсхүл шинээр ашиглалтад орсон боловч зах зээл дээр борлогдоогүй орон сууцнаас худалдан авах замаар төрийн өмчийн түрээсийн 1300 айлын сан бүрдүүлэх”, мөн Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 3 дугаартай тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журмын:
6.1 дүгээр зүйл “Хуралдаанд хэлэлцүүлэх асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохих тооцоо, судалгаанд тулгуурлан үндэслэл сайтай боловсруулж, холбогдох материалын хамт тухайн асуудлыг хэлэлцэхээс 7-гоос доошгүй өдрийн өмнө сайдын /түүний эзгүйд дэд сайдын/ гарын үсэгтэй албан бичгээр Хэрэг эрхлэх газарт ирүүлнэ”,
6.4 дүгээр зүйл “Хэрэг эрхлэх газар нь хуралдаанаар хэлэлцүүлэхээр ирүүлсэн асуудлын үндэслэл, тооцоо, судалгаа, уг шийдвэрийн төсөл нь тухайн асуудлаар өмнө нь гарсан шийдвэртэй болон хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг үзнэ. Хэрэв боловсруулалт нь шаардлага хангаагүй буюу хууль тогтоомж, Засгийн газрын бусад шийдвэртэй нийцээгүй, эсхүл зөрчилдсөн буюу давхардсан гэж үзвэл тодорхой үндэслэл, тайлбарыг гарган материалыг буцаана”,
6.5 дугаар зүйл “Хуралдаанд хэлэлцүүлэхээр ирүүлсэн асуудлыг Хэрэг эрхлэх газарт хянан үзээд зохих хууль тогтоомж, бодлогод нийцүүлэх, найруулгын засвар хийх зэрэг өөрчлөлт оруулах шаардлагатай бол энэ тухай уг асуудлыг оруулсан Засгийн газрын гишүүнд танилцуулна”,
7.2 дугаар зүйл “Хуралдааны бэлтгэл хангах, Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга хуралдаанд оруулах асуудлын төлөвлөгөө болон материалыг хянан үзээд Хэрэг эрхлэх газрын даргатай эцэслэн тохирсны дараа Ерөнхий сайдад танилцуулж хэлэлцэх асуудлын дарааллыг тогтооно”,
7.8 дугаар зүйл “Засгийн газрын гишүүн нь хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй боловч хуралдаанаар нэн яаралтай хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзсэн асуудлыг үндэслэл, тооцоо, судалгаа, шийдвэрийн төсөл, холбогдох бусад материалын хамтаар Хэрэг эрхлэх газрын даргад урьдчилан танилцуулна. Хэрэг эрхлэх газрын дарга материалтай танилцаад бэлтгэл хангагдсан гэж үзсэн асуудлыг Ерөнхий сайдад танилцуулсны үндсэн дээр хэлэлцэх асуудлыг төлөвлөгөөнд нэмж оруулна” гэж заасныг тус тус зөрчиж, Засгийн газрын хуралдаанд оруулж Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нийслэлийн орон сууцны 7 дугаар хороололд баригдаж байсан “Бэрэн групп" ХХК-ийн 223 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд худалдан авах арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын сайд З.Б-д зөвшөөрч, худалдан авсан орон сууцны үнэ болох 15 тэрбум төгрөгийг 2017 оны улсын төсвийн төсөлд тусган шийдвэрлүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайд З.Б-, Сангийн сайд Б.Бнарт даалгах тухай 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 298 дугаартай тогтоолыг батлуулсан,
Улмаар тус яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан М.Б-гийн үүрэг гүйцэтгэх хугацаа дуусгавар болсон байхад 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр “Б г” ХХК-ийн ерөнхий захирал Б.М-тэй худалдах, худалдан авах гэрээг байгуулах талаар үүрэг чиглэл өгч гэрээг байгуулж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 8.1.1 дэх хэсэгт заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ” гэж заасныг зөрчин, хуулийн дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулахгүйгээр албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсын төсөвт 972.448.955 төгрөгийн хохирол, хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт,
М.Б- нь Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд З.Б-тэй урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэн Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэх хугацаа дуусгавар болсон байхад Барилга, хот байгуулалтын сайд З.Б-өгсөн үүрэг чиглэлийн дагуу 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр “Б г” ХХК-ийн баригдаж байсан ашиглалтад ороогүй, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, “Хангай хотхон”-ы 7975.36 м2 талбай бүхий 223 айлын орон сууцыг 14.993.676.800 /арван дөрвөн тэрбум есөн зуун ерэн гурван сая зургаан зуун далан зургаан мянга найман зуу/ төгрөгөөр “Төрийн өмчийн түрээсийн орон сууцны зориулалтаар” худалдан авахаар тус компанийн ерөнхий захирал Б.М-тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 8.1.1 дэх хэсэгт заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөө заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ”, мөн Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 248 дугаартай тогтоолоор батлагдсан Түрээсийн орон сууц хөтөлбөрийн 4 дүгээр зүйлийн 4.3.1 дэх хэсэгт “Улсын төсөв, олон улсын байгууллага, хандивлагч орнуудын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр түрээсийн орон сууцны барилга захиалж бариулах, эсхүл шинээр ашиглалтад орсон боловч зах зээл дээр борлогдоогүй орон сууцнаас худалдан авах замаар төрийн өмчийн түрээсийн 1300 айлын орон сууцны сан бүрдүүлэх” гэж заасныг зөрчин хуулийн дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулалгүй албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсын төсөвт 972.448.955 төгрөгийн хохирол, хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: З.Б, М.Б нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: З.Б, М.Б нарыг албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас улсын төсөвт 972.448.955 төгрөгийн хохирол, хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар З.Б-төрийн байгууллагад ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19.200.000 төгрөгөөр торгох ялаар, М.Б-г төрийн байгууллагад ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар З.Б-төрийн байгууллагад ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг, М.Б-гийн төрийн байгууллагад ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар З.Б, М.Б нар торгуулийн ялаас ноцтойгоор зайлсхийвэл 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар “Б г” ХХК-иас 972.448.955 төгрөгийг гаргуулан Сангийн яам /хохирогч Г.Ганбаяр/-нд олгож, З.Б, М.Б нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт З.Б, М.Б нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, З.Б-өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 14 дүгээр байрны 258 тоот, үл хөдлөх хөрөнгийн Ү-2204002746 дугаар бүхий гэрчилгээтэй орон сууцны байрыг битүүмжлэх тухай 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 10 дугаартай прокурорын тогтоолыг, М.Б-гийн эзэмшлийн Төв аймгийн Эрдэнэ сум, 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Г1423001563 дугаар бүхий гэрчилгээтэй, 2000м/кв талбай бүхий газрыг битүүмжлэх тухай 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 13 дугаар прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч З.Б-, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “ 1. Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд заасныг үл анхаарч, 36.1 дүгээр зүйлээс 36.8 дугаар зүйлд заасныг зөрчиж З.Б-нарыг гэм буруутайд тооцож, торгох ял оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Түүнчлэн шүүх хэргийн бодит нөхцөл байдалд зөв үнэлэлт өгч чадсангүй. 2. Хэрэгт З.Б-д холбогдох үйлдэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих зүйлүүд нотлогдоогүй, өөрөөр хэлбэл гэмт хэргийн сэдэл, зорилго, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирол, хор уршиг зэргийг тогтоож чадаагүй болно. 3. Анхан шатны шүүх нь 3.Баянсэлэнгийн үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүйг анхаарч үзэлгүй түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь шударга бус, шүүх нь шүүхийн бие даасан хараат бус байх Үндсэн хуульд заасан зарчмыг үл хайхарч, хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл байна гэж үзэж байна. Учир нь: Монгол Улсын Засгийн газрын тогтоол шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хуулийн 45, 42.2, Засгийн газрын тухай хуулийн 29, 30 дугаар зүйлүүдэд заасан нөхцөл байдалд өөрөө эсхүл Улсын Их Хурал хүчингүй болгохоор Монгол Улсын Үндсэн хуулиар тусгайлан хуульчилж хамгаалагдсан захиргааны акт юм. Гэтэл шүүх З.Б-г гэм буруутайд тооцоод байгаа гол үндэслэл болсон Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 298 дугаар тогтоол нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэж, хамтын зарчмаар шийдвэрлэсэн захиргааны акт байх бөгөөд уг тогтоол нь одоо ч хүчин төгөлдөр, уг актын үйлчлэл нь бодит нөхцөл байдалд хэрэгжсэн, одоо ч тэрхүү тогтоолын үйлчлэл үргэлжлэн явагдсаар байгаа. Уг тогтоол батлагдах болон Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэхэд З.Б-нь эрүүгийн гэмт хэргийн ямар санаа сэдэл, зорилго агуулсан, энэхүү тогтоол батлагдсанаар З.Б-албан тушаалын эрх мэдэл, албан тушаалаа хэрхэн яаж урвуулан ашигласан, хувьдаа ямар ашиг олсон зэрэг нь тогтоогдоогүй байтал түүнийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэж ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. 4. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой танилцвал, шүүх нь З.Б-г чухам ямар үндэслэлээр гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулж байгаа нь тодорхой бус, шүүх нь бусдын нөлөөнд автаж, шүүхийн бие даасан хараат бус байдлыг үл огоорч, хэргийг шийдвэрлэсэн нэр зүүж гэж үзэх эргэлзээ, хардлагыг төрүүлж буй нь шийтгэх тогтоолын дүгнэлт хэсгээс илэрхий байна. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлт хэсэг нь прокурорын яллах дүгнэлт, түүний хавсралтыг үг үсэггүй хуулбарлаж, З.Б-г гэм буруутайд тооцсон байдлаас харагдана. Хавтас хэрэгт “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, 2016 оны 298 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн. Засгийн газрын Ерөнхий сайд, бусад сайдад ямар нэг хариуцлага тооцоогүй, Ерөнхий Сайдыг өөр зүйл, хэсгээр зүйлчилж, эрүүгийн хэрэг үүсгэн, эрүүгийн хэрэг нээхээс татгалзсан прокурорын тогтоолд шүүх ямар нэг үнэлэлт, дүгнэлт өгөөгүй зэрэг байдлаас ч шүүхийн хараат бус байдал алдагдсан нь тодорхой харагдаж байгаа нь өөрөө нотолгоо болж байна. 5. З.Б-Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулалтын сайдаар 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд ажиллаж байхдаа тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М.Б-тай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэрийдлээр “Б г” ХХК-ийн “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-д хамрагдсан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороололд баригдаж байсан “Хангай хотхон”-ы нийт 7975.36 м/кв талбай бүхий 223 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд хамруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх тухай танилцуулгыг Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 248 дугаар тогтоолоор баталсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн 4 дүгээр зүйлийн 4.3.1, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 3 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журам”-ын 6.1, 6.4, 6.5, 7.2, 7.8 дугаар зүйлд заасныг тус тус зөрчин Засгийн газрын хуралдаанд оруулж, “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нийслэлийн орон сууцны 7 дугаар хороололд баригдаж байсан “Б г” ХХК-ийн 223 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд худалдан авах арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын сайд З.Б-д зөвшөөрч, худалдан авсан орон сууцны үнэ болох 15 тэрбум төгрөгийг 2017 оны улсын төсвийн төсөлд тусган шийдвэрлүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайд З.Б-, Сангийн сайд Б.Бнарт даалгах” 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 298 дугаартай тогтоолыг батлуулсан. Мөн тус яамны төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан М.Б-гийн үүрэг гүйцэтгэх хугацаа дуусгавар болсон байхад 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр “Б г” ХХК-ийн Ерөнхий захирал Б.М-тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулах талаар үүрэг чиглэл өгч, гэрээ байгуулж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасныг зөрчин, хуулийн дагуу худалдан авах ажиллагаа зохион байгуулахгүйгээр албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсын төсөвт 972.448.955 төгрөгийн хохирол, хүнд хор уршиг учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул 2002 оны Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйл 12.1, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй, уг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болох нь доорх байдлаар үгүйсгэгдэх юм. Мөн шүүхийн шийтгэх тогтоолд З.Б-г “улмаар тус яамны төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан М.Б-гийн үүрэг гүйцэтгэх хугацаа дуусгавар болсон байхад 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр “Б г” ХХК-ийн Ерөнхий захирал Б.М-тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулах талаар үүрэг чиглэл өгсөн”-д буруутан болгосон нь үндэслэлгүй болно. Учир нь Барилга, хот байгуулалтын сайдад өөрийн яамны төрийн нарийн бичгийн даргыг томилж, чөлөөлөх эрх олгогдоогүй бөгөөд нэгэнт эрх бүхий этгээд М.Б-г Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлөөгүй байхад түүнд ажил үүргээ гүйцэтгэх үүрэг чиглэл өгсөн нь З.Б-сайдын буруутгах хууль зүйн үндэслэлгүй юм. З.Б-г ... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасныг зөрчин, хуулийн дагуу худалдан авах ажиллагаа зохион байгуулахгүйгээр албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсын төсөвт 972.448.955 төгрөгийн хохирол, хүнд хор уршиг учруулсан гэх боловч энэхүү түрээсийн орон сууцыг “Б г” ХХК-иас худалдан авах орон сууцны тоо, үнийн дүнг Засгийн газар баталж, тогтоол гаргаж, хэрэгжүүлэхийг салбарын сайдад зөвшөөрч, үүрэг болгосон байдаг.
Засгийн газрын Ерөнхий сайд өөрөө Засгийн газрын хуралдаанд оролцож, Засгийн газрын гишүүдийн ирц бүрэлдэн шийдвэрлэж, тогтоол гаргасан байтал салбарын сайдыг дангаар дээрх үйлдэлд яллагдагчаар татсан нь Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 29, 30 дугаар зүйлд заасныг зөрчжээ.
Түүнчлэн Засгийн газрын 2016 оны 169 дүгээр тогтоол, 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 248 дугаар тогтоол, 2009 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 3 дугаар тогтоолууд нь адил үйлчлэл бүхий захиргааны акт байтал шүүх эдгээр актуудын үйлчлэлд ялгавартайгаар дүгнэлт өгч, З.Б-г буруутгах үндэслэл болгож буй нь шударга ёсонд үл нийцэхээс гадна Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасныг зөрчиж байна. Засгийн газрын тогтоолоор үнэ, худалдан авах айлын тоог тогтоож баталсан, заасан тоо, ширхэг, үнийн зөрүүгүйгээр “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байтал “Хөрөнгө-Эстимейт” ХХК-ийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйл, Шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг тус тус зөрчиж шинжээчийн дүгнэлт гаргаж, шинжээч нь ямар арга, үндэслэлээр үнэлгээ хийж, 972.448.955 төгрөгийн зөрүү гаргаж ирсэн нь ойлгомжгүй. Түүнчлэн шүүх З.Б-нь ... “Б г” ХХК-д давуу байдал олгосон гэж дүгнэсэн талаарх дээрх Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхээр “Б г” ХХК-иас 15 тэрбум төгрөгийн худалдан авалтын 972.448.955 төгрөгийн худалдан авах ажиллагаа нь хууль зөрчсөн гэж нэг тогтоолоор шийдвэрлэгдсэн худалдан авалтын зарим хэсгийг хууль зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд зааснаар Сангийн яам нь хохирогч биш болно. Учир нь Сангийн яам нь өөрөө “Б г” ХХК-иас түрээсийн орон сууц худалдан авах 223 айлын орон сууцны үнийг тогтоосон. Мөн уг 223 айлын орон сууц нь одоо төрийн өөрийнх нь /Сангийн яамны/ өмч, үүнээс төр өөрөө ашиг олж, одоогийн байдлаар 1 айлын орон сууцыг сард 225.000 төгрөгөөр иргэдэд түрээслэж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байхад шүүх Сангийн яамыг хохирогч гэж үзэж, “Б г” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж, 972.448.955 төгрөгийг “Б г” ХХК-иас гаргуулж Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгохоор шийдвэрлэж буй нь үндэслэлгүй юм.
Түүнчлэн Авилгатай тэмцэх газар нь хэл шинжээчдийг шинжээчээр томилж, хэл шинжээчээр хууль тайлбарлуулж, З.Б-яллагдагчаар татаж, прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлснийг шүүх хуульд заасан журмаар шударгаар шийдвэрлэх байтал, мөрдөгч, прокурорын хууль бус үйлдлийг өөхшүүлж, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэн З.Б-, М.Б- нарыг буруутан болгон улайрч, хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж цагаатгах үндэслэл байхад З.Б-, М.Б- нарыг гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн нь шударга бус бөгөөд шүүх нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан шударга ёсны баталгаа болж чадсангүй. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх ашиг сонирхолд хор уршиг учруулсан байх”-ыг шаарддаг.
Засгийн газрын 2009 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 3 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журам”-ын 6.1, 6.4, 6.5, 7.2, 7.8 заалт нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29, 30 дугаар зүйлд заасан Засгийн газрын гишүүний бүрэн эрх, Засгийн газрын хуралдааны зохион байгуулалтыг зөрчсөн, хуулиас давсан журам болохыг мөрдөгч, прокурор нь анхаарч үзсэнгүй.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 248 дугаар тогтоолоор баталсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн 4 дүгээр зүйлийн 4.3.1 журам нь Засгийн газрын 298 дугаар тогтоол нь нэгэн адил эрх зүйн үйлчлэл бүхий захиргааны акт болохыг шүүх анхаарч үзсэнгүй.
3асгийн газрын шийдвэр: “5. 3асгийн газрын тогтоолд түүний биелэлтийг хариуцсан сайд нар, дараа нь Ерөнхий сайд гарын үсэг зурна. 6. Засгийн газрын шийдвэрт Ерөнхий сайд гарын үсэг зурахын өмнө тухайн шийдвэр хууль тогтоомжид нийцэж байгааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нотолсон байвал зохино. 8. Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй. 9. Засгийн газрын баталсан захиргааны хэм хэмжээний акт Захиргааны ерөнхий хуулийн 67.1, 67.2 дугаар зүйлд заасан журмын дагуу хүчин төгөлдөр болно...” гэж тус тус заажээ.
Ийнхүү Засгийн газрын тухай дээрх хуульд зааснаар Засгийн газрын тогтоол, шийдвэр нь батлагдаж гарсан өдрөөс хэрэгжих, дагаж мөрдөх хугацаа заагаагүй бол шууд хэрэгжихээр хуульчилсан байтал ийнхүү дээрх хуулиас давсан журмуудыг үндэслэн З.Б-г буруутгаж буй нь үндэслэлгүй байна.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 719 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, З.Б-д холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч З.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2002 оноос эхэлж “Түрээсийн орон сууцны сан”-г бүрдүүлэх ажил эхэлсэн ч 2014-2016 онд бодит биелэлээ олж эхэлсэн гэж үзэж болно. 2015 онд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, “Хангай хотхон”-ы 223 айлын орон сууцыг “Төрийн орон сууцны сан”-д худалдан авах ажлыг зохион байгуулсан. Энэ ажлыг зохион байгуулахдаа Засгийн газрын хэлэлцэх асуудалд хүчээр оруулж, хуралдааны 84 хувийн ирцтэй 13, 14 сайдаар хүчээр батлуулсан зүйл байхгүй. Энэ хэргийг шалгах ажиллагаа анхнаасаа шударга явагдаагүй. Эхнээсээ гэмт хэрэг гэж үзсэн бол оролцогч нар хэрэгт ямар холбоотойгоор орсон гэдгийг шалгаж, гэмт хэргийн бүрэлдэхүүнийг гаргах ёстой байсан. Гэтэл Ерөнхий сайд нь салбар хариуцсан сайдаас эрх хэмжээний хувьд доогуур мэтээр оруулсан. Засгийн газрын хэлэлцэх асуудлыг өөрөө тогтоодог Ерөнхий сайдын журмыг намайг зөрчсөн гэж үзсэн. Засгийн газраар хэлэлцэх асуудлын дарааллыг Ерөнхий сайд өөрөө тогтоодог. Өөр хэлэлцүүлэх асуудлын талаар санал асуудаг. Огт мэдэхгүй асуудлын талаар санал оруулаад анхны хэлэлцүүлгээр батлуулсан асуудал биш. Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийн хүрээнд дараалал тогтооход намайг байхгүй үед Шадар сайд энэ асуудлын талаар оруулсан байдаг. Шадар сайд Баянсэлэнгийн саналыг танилцуулахад өмнө нь мэдэж байгаагүй байсан бол Ерөнхий сайд буцааж болох байсан. Гэтэл “оруулъя” гээд 14, 15 асуудлын хамгийн сүүлд оруулсан, миний бие ирээд төслөө танилцуулсан. Тухайн төсөл өмнө нь Ерөнхий сайдад танилцуулагдаж, санал авч байсан. 50 тэрбум төгрөгөөр 750 айлыг орон сууцанд оруулах, санд оруулахад “...15 тэрбум төгрөгөнд багтаа...” гэж Сангийн сайдаас зөвшөөрөл олгогдсон, Сангийн сайдаас дэмжлэг авсан учраас оруулсан асуудал. Миний танилцуулсан төсөл дэмжигдсэний улмаас батлагдсан. Хэрэв хууль зөрчсөн гэж үзвэл Улсын Их Хурал, Засгийн газар өөрөө хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй. Шийдвэр нь буруу юу, төсөл танилцуулсан нь буруу юу гэдгийг би ойлгохгүй байна. Хэрвээ Засгийн газар хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол хамтаараа хариуцлага хүлээх ёстой. Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд тодорхой байгаа. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар З.Б-асуудлыг цаг хугацааны хувьд хянах боломжгүйгээр оруулж ирсэн үү гэвэл үгүй. Засгийн газрын хуралдаан эхлэх явцад Хэрэг эрхлэх газар төслийг нэг бүрчлэн сайд нарт тарааж өгдөг. 7-8 цаг үргэлжилж байгаа хуралдааны хэлэлцэх асуудлыг хянаагүй байна гэж байхгүй. Хэлэлцэгдэж байгаа асуудалд бүгд оролцдог. Тэгэхээр хянах боломжгүй гэж оруулж байгаа нь боломжгүй юм. Албан тушаалын гэмт хэрэгт хохирол зайлшгүй байх ёстой учраас хохирлыг гаргаж ирсэн. Засгийн газрын худалдаж авсан 15 тэрбум төгрөгийн 223 айлын орон сууцанд шинжээч томилоод, түүнээс татгалзах ямар ч боломжгүйгээр дүгнэлт гаргасан. Үнийн дүнгээс зөрүүтэй үнэлгээ хийсэн. Энэ үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэж гомдол гаргасан. Үнэлгээ хийсэн 3 үнэлгээчний хоёр нь мэргэжлийн бус үнэлгээчин буюу нягтлан бодогчоор хийлгэж, намайг албан тушаалаа урвуулан ашигласан гэж гэж зүйлчилсэн. Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайдыг албан үүрэгтээ хайнга хандсан гээд хэрэгсэхгүй болгодог юм бол, би төсөл оруулсан. Тухайн төсөл батлагдах эсэх нь надаас үл хамаарна, яаж ч өөрчлөгдөж болно. Би төсөлдөө Сангийн яамны болон салбарынхаа мэргэжлийн хүмүүсийг томилоод үнэ, тоо хэмжээг оруулсан. Үүнийг үзэхгүйгээр гараа өргөх сайд байхгүй, өмнө нь хэлэлцэгдсэн учраас дэмжсэн. Гэтэл намайг 972 сая төгрөгийн хохирол учруулсан гээд албан тушаалын гэмт хэргээр зүйлчилсэн. Түрээсийн орон сууцанд хамрагдсан хүмүүс 5 жилийн хугацаанд амьдарна. Нэг айл 200-225.000 төгрөгийг төлдөг. Тэрийг хувьдаа завшсан зүйл ер байхгүй. Тооцолбол, төрд ашигтай, эргэлтэнд ороод байж байгаа. Сангийн яам хохирогч биш. Гэтэл Сангийн яам өөрсдөө 15 тэрбум төгрөгийн зөвшөөрөл олгож, хүүгүй вексель гаргаж, улсын төсөвт оруулсан. Хэрвээ энэ хууль бус байсан бол улсын төсөвт суулгахгүй, өөрсдөө хүчингүй болгох байсан” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийг анхаараагүй, 36.8 дугаар зүйл, 16.2 дугаар зүйлд заасан асуудлыг зөрчиж анхан шатны шүүх шийдвэрээ гаргасан. Өөрөөр хэлбэл санаа сэдэлт, зорилгыг тогтоогоогүй, ямар санаа сэдэлтээр гэм буруутайд тооцсон нь харагдахгүй байгаа. Засгийн газрын хуралдааны хэлэлцэх асуудлын дарааллыг зөрчиж оруулж ирсэн, мөн Засгийн газрын 248 дугаар тогтоолыг зөрчиж ашиглалтад ороогүй орон сууц, барилгын компанийг оруулж ирсэн гэж, мөн М.Б-гийн хугацаа дууссан байхад гэрээ байгуулах үүрэг өгсөн гэх үндэслэлүүдээр албан тушаалаа урвуулан ашигласан гэж яллах дүгнэлт үйлдсэн. Ашиг сонирхолын зөрчил бүхий хүмүүсийг түрээсийн орон сууцанд оруулсан гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Хамтын зарчмаар уг тогтоолыг батлахад бусад сайд нарын үүрэг оролцоо юу байсан, З.Б-нөлөөнд автаад баталсан, эсхүл З.Б- ямар хууль зөрчиж оруулж ирсэн эсэхийг огт тогтоогоогүй. Мөн худалдах, худалдан авах хуулийг ямар шалтгааны улмаас зөрчсөн, З.Б- хэрхэн зөрчсөн, зөрчиж батлахад Засгийн газрын үүрэг, Ерөнхий сайдын үүрэг, санаа сэдэл юу байсан талаар тогтоосон зүйл хэрэгт байхгүй. Мөн үнэлгээний хувьд үнэлгээ хийх эрхгүй хоёр үнэлгээчний хамт үнэлгээ хийсэн. Дээрээс нь үнэлгээг хийхдээ үнэлгээний тухай хуулийг зөрчсөн, процессийн алдаа гарсан. Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгох талаар Үндсэн хууль болон Засгийн газрын хуулинд яагаад зааж өгсөн юм гэдэгт ач холбогдол өгөөгүй. Шууд худалдан авалт уу, хуулийн дагуу тендер зарлаж байж худалдан авах ёстой байсан уу, нээлттэй тендерийн зарчмаар “Хангай хотхон”-ы орон сууцыг худалдан авах байсан уу гэдгийг тогтоогоогүй. Хэргээс харахад шууд худалдан авалт байгаа тул тендерийн хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн үнэлгээний хувьд тодорхой хэмжээгээр зөрүү гаргахын тулд харьцуулсан аргаар үнэлгээ гаргасан. Барилгад орж байгаа материалын үнээр тухайн худалдагч тал үнээ тогтоодог. Хохирогчоор Сангийн яамыг тогтоож байгаа нь үндэслэлгүй байна. Худалдаж авсан эд хөрөнгө төрийн өмч байгаа юм. 15 тэрбум төгрөгийн барилга бол тухайн үнэлгээгээрээ төрд шилжин очсон, төр ашиг олж байгаа. Засгийн газрын тогтоол дээр салбарын сайдыг буруутгаж байгаа нь хэтэрхий шударга бус, үүнийг улс төрийн өнцгөөс харахаас өөр арга байхгүй. Тогтоолын төслийг оруулж ирэхдээ журам зөрчсөн гэдэг. Гэтэл “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийг хэлэлцэх хуралдаанд Хэрэг эрхлэх газрын хуульчид оролцсон нь ирцээс харагдана. Хурлын дараалал зөрчөөд, танилцуулагдахгүйгээр яагаад орж ирж байгаа юм бэ гээд таслан зогсоож болоогүй юм, энэ талаар нэг ч үг хэлээгүй байгаа нь хурлын тэмдэглэлээс дэлгэрэнгүй харагдана. Анхан шатны шүүх яллах дүгнэлтийг тэр хэвээр нь хуулаад дүгнэлт гаргасан. М.Б- тухайн үед ажил үүргээ гүйцэтгэж байсан. Нэгэнт орлож байгаа албан тушаалтан нь ирээгүй байсан тул ажил үүргээ гүйцэтгэж л байна. Салбарын сайд нэгэнт үүрэг даалгавар өгсөн бол түүнийг гүйцэтгэнэ. Харин хууль бус үүрэг өгсөн бол үүрэг өгсөн хүн нь буруутай. Дээрхээс үзэхэд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэв.
Иргэний хариуцагч Ц.Батбаярын өмгөөлөгч Ч.Шаравнямбуу давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 719 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь хэсэгт “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг үндэслэн “Б г” ХХК-иас 972.448.955 төгрөгийг гаргуулан сангийн яаманд олгох” шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.”
2. “Б г” ХХК нь 223 айлын орон сууцыг худалдах, худалдан авах саналыг Засгийн газарт тавьсан болохоос Барилга, хот байгуулалтын яамтай шууд харилцан худалдах, худалдан авахаар гэрээ байгуулаагүй. Гэрээ байгуулах эрх бүхий этгээд нь Монгол Улсын Засгийн газар байсан учраас тус яамаар дамжуулан хандсан. Тийм ч учраас 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гарч, ерөнхий сайд баталгаажуулан Засгийн газрыг төлөөлөх эрхийг Барилга, хот байгуулалтын яам, сайдад олгосон байдаг. Үүний дагуу 7975.36 м2 талбай бүхий 223 айлын орон сууцыг 1 метр квадрат талбайг 1.880.000 төгрөгөөр тооцон 14.993.676.800 төгрөгийн худалдах, худалдан авах гэрээг 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр байгуулсан. Үүний дагуу Сангийн яамнаас төлбөрийг шилжүүлж, “Б г” ХХК нь төрд 223 айлын орон сууцны барилгыг хүлээлгэн өгсөн. Өнөөдрийг хүртэл уг гэрээний харилцааг хууль бус, хүчин төгөлдөр бус гэж шүүх болон талуудын хэн ч буруутгаж үзээгүй. Хэрэв тийм бол Засгийн газар “Түрээсийн орон сууц”-ны санд шилжүүлсэн 223 айлын барилгыг буцааж “Б г” ХХК-нд өгөх, “Б г” ХХК нь 14.993.676.800 төгрөгийг Засгийн газарт төлөх ёстой байсан. …Гэрээний нэг тал болох Засгийн газар бус, эрх зүйн чадамжгүй Сангийн яаманд төлүүлэхээр шийдвэрлэсэн нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй байна.
3. Анхан шатны шүүх хуралдааны явцад З.Б, М.Б нарын үйлдэлд ямар ч гэмт хэргийн шинж байхгүй учраас хохирогч байхгүй, иргэний хариуцагч байхгүй талаар маргасан. Засгийн газрын 298 дугаар тогтоол шийдвэрийн хариуцлагыг Засгийн газрын сайд нар, Ерөнхий сайд буюу танхим гаргаж буй Засгийн газар, түүний Хэрэг эрхлэх газар хариуцах, хүлээх нь дамжиггүй. Гэтэл шийдвэр гаргахад оролцсон сайд, Ерөнхий сайд нарын хэн нь ч эрүүгийн хариуцлагад татагдаагүй, энэ нь нөгөө талаар шийдвэр нь хууль ёсны гэж прокурор далд үзээд байхад ганц саналын эрхтэй Барилга, хот байгуулалтын сайдыг гэм буруутайд тооцон ял оногдуулсан нь үндэслэлгүй байдаг.
4. Нэгэнт Засгийн газар нь “Б г” ХХК-тай гэрээ байгуулах, санхүүгийн асуудлыг шийдвэрлүүлэхээр хариуцсан сайд нарт даалгасан 298 дугаар тогтоолыг биелүүлснийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.2, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 248 дугаартай тогтоолоор батлагдсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн 4 дүгээр зүйлийн 4.3.1 дэх хэсгийг зөрчиж, хуулийн дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулаагүй гэж буруутгасан нь хууль зүйн үндэслэлгүй байдаг. Нэгэнт гарчихсан шийдвэр дээр энэ хуулийн шаардлага огт тавигдахгүй. Хэрэв дээрх хуулийн заалтыг зөрчсөн шийдвэр гаргасан бол Засгийн газар, Ерөнхий сайд, Хэрэг эрхлэх газрын холбогдох мэргэжилтэн, албан тушаалтнууд хамт буруутгагдах ёстой байсан.
5. “Хөрөнгө-Эстимэйт” ХХК гэх мэргэжлийн бус хүмүүсийн оролцоотой гаргасан тайланг үндэслэн бусдын өмчийг үнэгүйдүүлэн хямд үнээр луйвардан авч байгаатай хэрхэвч нийлэхгүй байна. Уг тайланг гаргахад мэргэжлийн бус этгээдүүд оролцуулснаар хууль бус болох ёстой байтал тэгэхгүйгээр барахгүй шүүх шийдвэрийнхээ гол үндэслэл болгож байгаад ихээхэн гайхаж байна. Яг нэг орц нормоор баригдсан барилгыг харилцан адилгүй үнэлж, түүнийхээ үндэслэлийг огт нотолж чадахгүй байхад шүүх юунд тулгуурлан зөв гэж дүгнэж байгаа нь огт ойлгомжгүй байдаг. 2016 онд ашиглалтад орсон 3 блокийн 514, 515, 516, 517 дугаар барилгууд нь 1.850.000-2.200.000 төгрөгийн хооронд, байршил, давхар, үзэгдэх орчин зэргээс шалтгаалан өөр өөр үнэлгээтэй зарагдаж байсан. Мөрдөгч нар тухайн блокийн барилгаас худалдаж авсан 2 гэрчээс үнэлгээг тодруулж, гэрээг хавсаргаж шалгасан байдаг.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 719 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь хэсэг нь үндэслэлгүй байгаа тул “Б г” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн дүрэм, журам зөрчсөнөөр хохирол учирсан гэж шүүх үзсэн. Гэтэл шийдвэр гарснаар хохирол учрах бодит нөхцөл бүрдсэн. Ерөнхий сайд дүрэм, журмыг сахиулах үүрэгтэй. Гэтэл Ерөнхий сайд тухайн дүрэм, журмыг мөрдүүлэх ёстой байтал өөрөө зөрчсөн байхад гэмт хэрэгтэн биш, ямар нэгэн байдлаар оролцоо байхгүй гэсэн. Харин “чи санал гаргаснаараа гэмт хэрэгтэн” гэж үзээд хохирлыг тэс хөндлөнгийн компани төлөх болсныг ойлгохгүй байна. Гэрээ байгуулснаараа хохирол учирсан гэж байгаа нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй. Тэгэхээр эхлээд шийдвэрээ хүчингүй болгоод өгөөч гэж хэлмээр байна. 1 давхарын 4 айлыг 4 өөр үнэлгээгээр үнэлсэн. Хангай хотхоны байрууд зах зээлийн үнэ өссөн үед баригдсан барилга. Барилгын материалын үнээс шалтгаалаад үнэ нь өөр өөр гарсан. Шинжээчийн дүгнэлт нь Үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлага хангагдаагүй тул үндэслэлгүй байна. Тэгэхээр эхлээд дүгнэлтийг бодитой болгохын тулд хэргийг буцаах хүсэлтэй байна.” гэв.
Иргэний хариуцагч Ц.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төсөл 2011 он, 2012 оноос хэрэгжиж эхэлсэн. 2 жил тутамд нэг, нэг блокоор барилгын ажил явагдаж байсан. Хэрэгт байгаа үнийн жагсаалт нь 2012 оны үеийн үнэ ханш, харин үнийн өөрчлөлтийн талаар тусгаагүй. Ашиглалтад ороогүй барилгыг авснаас үүдээд улсад хохирол учирсан гэдгийг ойлгохгүй байна. Хөрөнгийн үнэлгээ хууль бус гэж үзэж байна.” гэв.
Шүүгдэгч М.Б-гийн өмгөөлөгч Б.Гүнсэнхорлоо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн нарийн бичгийн дарга чөлөө авсан тул М.Б- 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаад 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр С.Магнайсүрэн ирээд ажлаа авах гэхэд М.Б- “сайд таныг уулзаарай гэсэн” гэсэн байдаг. С.Магнайсүрэн сайдтайгаа уулзаад ууртай орж ирээд тамгаа авахгүй гараад явсан байдаг. Үдээс хойш нь М.Б-д З.Б- сайд “Б г” ХХК-тай байгуулсан гэрээ байгаа, тэр гэрээнд гарын үсэг зур” гэсэн үүрэг өгсөн учраас гэрээнд гарын үсэг зурсан. Үүнээс болж З.Б- сайдтай үгсэн тохиролцоогүй боловч санаатайгаар нэгдэж, албан тушаалаа урвуулан ашиглаж 972 сая төгрөгийн хохирол учруулсан гэж ял шийтгүүлсэн. Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 6.2 дахь хэсэгт “...Засгийн газрын тогтоол, сайдаас өгсөн үүрэг даалгаврыг зохион байгуулж, явц биелэлтэд хяналт тавьж...” гэж хуульчилсан байдаг. Үүний дагуу М.Б- үүргээ биелүүлсэн. Төрийн алба тасралтгүй явагдах зарчимтай байхад “5 дугаар сарын 31-ний өдөр миний ажил үүрэг дууссан” гээд тухайн ажлыг хийхгүй байх эрх түүнд байхгүй. Болсон үйл явдал маш хурдан болсон. Сайд “Засгийн газрын тогтоол гарсан, гэрээнд гарын үсэг зур” гэж утсаар үүрэг өгсөн байдаг. М.Б- төрийн захиргааны удирдах албан тушаалтан болохоос биш худалдах, худалдан авах ажиллагаанд оролцдог хүн биш. Үл хөдлөх хөрөнгө, гадаадын хөрөнгө оруулалтыг хариуцсан дарга бол Ж.Б- байсан бөгөөд энэ хөтөлбөрийн төслийг боловсруулсан байдаг.” гэв.
Хохирогч Д.Ганбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улс орны төсвийг барьдаг байгууллага бол Сангийн яам юм. Энэ ч утгаараа 15 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор санал хүргүүлж, улмаар санхүүжүүлсэн тул хэрэгт хохирогчоор тогтоогдсон. Хөрөнгийн үнэлгээ дээр тулгуурлаж хохирлыг тооцож, 915.356.727 төгрөгийн хохирол, үүн дээр векселийн хүү буюу 57.092.028 төгрөг нэмэгдэж, нийт 972.448.955 төгрөг болдог. Векселийг хүүгүй бичигдэх ёстой гэж тухайн үед ярьсан гэж хэлж байна. Векселийн тухай хуулинд вексель бичигдсэн л бол заавал хүүтэй бичигдэх ёстойг зохицуулсан. Үүний дагуу векселийн хүү төлөгдөж, улсын төсвөөс 15 тэрбум төгрөг гарсан гэж үзэж байгаа. Уг мөнгөөр Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ, худалдах, худалдан авах тухай хуулийн дагуу худалдаж авах ёстой байсан. “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн үнэлсэн үнийн дүнгээр яагаад хохирол гарсан бэ гэхээр, тухайн үед худалдах, худалдан авах ажиллагаа зохион байгуулсан бол хэд, хэдэн компани өрсөлдөж тухайн ажиллагаанд оролцож, төр өөрт ашигтай компанийг сонгох байсан. Зах зээлийн үнийн дүнгээс илүү байгаа вэ гэхээр тухайн үед худалдаж авсан орон сууцнаас арай чанартай, арай илүү орон сууц худалдаж авах боломжтой байсан гэдгийг харуулж, энэ мөнгөн дүнгээр хохирсон байгаа.” гэв.
Прокурор Н.Амарсанаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 719 дүгээр шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Энэ хуралдаанд хууль шүүхийн байгууллага улс төрийн зорилготой хэлмэгдүүлэлт явагдаж байна гэж ярьж байна. Прокурор, шүүхийн байгууллага нь ямар нэгэн улс төрийн зорилготой үйл ажиллагаа явуулдаггүй гэдэг нь хуулинд байгаа гэдгийг хэлмээр байна. Миний хувьд мөн улс төрийн зорилгоор хэн нэгнийг буруутгаагүй гэдгийг хэлмээр байна. Харин энэ үйл ажиллагааг явуулж байгаа албан тушаалтан тогтоосон журмын дагуу үйл ажиллагаа явуулах үүрэгтэй. Тухайн үүргийг биелүүлээгүй бол ямар нэгэн хариуцлага хүлээх хуулийн шаардлага бий. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харахад З.Б, М.Б нар нь улсад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байгаа. Мөн ямар хууль, журам зөрчсөн гэдгийг яллах дүгнэлтэд тодорхой зааж өгсөн. 15 тэрбум төгрөгөөр түрээсийн орон сууц худалдах, худалдан авах ажиллагаанд ямар нэгэн сонгон шалгаруулалт явуулж, бага үнийн дүнтэй компанийг сонгосон бол 223 айлаас илүү өрх хамрагдах байсан. Гэтэл зөвхөн 1 компанид давуу эрх олгож, зах зээлийн үнэлгээнээс өндөр үнэтэй орон сууц худалдан авсан, мөн тухайн орон сууц ашиглалтад ороогүй байсан. Ашиглалтанд орсон байхыг мөн журмаараа шаардсан байдаг. “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийг хуулийн дагуу томилсон. Сангийн яамнаас тусгайлан эрх олгосон байгууллага бөгөөд шинжээч Мөнхтуяа нь тусгай зөвшөөрөл авсан үнэлгээчин юм. Мөн шүүгдэгчээс улсаас хувьдаа авсан, ашигласан зүйл байхгүй гэж тайлбар гаргалаа. Ийм зүйлээр яллаагүй, харин албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгож, улсад их хэмжээний хохирол учруулсан гэдэг зүйлээр ялласан, энэ талаар ч мөн шүүхийн шийтгэх тогтоолд тусгагдаагүй. Худалдан авсан 223 айлын орон сууцанд түрээсийн орон сууцанд хамрагдахыг хүссэн иргэд, тухайн төрийн орон сууцны корпорацийн журмын дагуу бүртгүүлсэн иргэд орох ёстой. Тухайн үед 3000 гаруй бүртгүүлсэн иргэдээс сонгох байтал яамнаас ирүүлсэн албан бичигт дурдагдсан, тэр тусмаа сайдын хамаарал бүхий хүмүүс орсон байгаа нь энэ хүмүүст мөн давуу эрх олгосон нь албан тушаалаа урвуулан ашигласан гэдэг нь харагдаж байгаа. Тухайн орон сууц 2016 оны 12 дугаар сард ашиглалтанд орсон. Гэтэл 2016 оны 6 дугаар сард ашиглалтанд орсон байсан бол 6 сарын түрээсийн мөнгө улсад төлөгдөж байх ёстой байсан. “Б г” ХХК өөрөө зах зээлийн үнэлгээгээр үнэлсэн гэж хэлж байна. Зах зээл дээр ямар үнэтэй байсан талаар харьцуулалтын аргаар үнэлгээ гаргасан болохоос биш “Б г” ХХК-ийг буруутгасан үнэлгээ биш. Бүх байр нэг үнэлгээтэй байдаггүй, наран тал, сүүдэр тал гээд байр болгон ялгамжтай үнэтэй байдаг. Хэрэгт “Б г” ХХК-иас албан бичгээр ирүүлсэн үнийн саналд 2016 оны байдлаар 1.180.000 төгрөг гэсэн байдаг. Урьд нь яамтай харилцаатай байсан нь давуу тал болохгүй, ийм зохицуулалт хуулинд ч байхгүй. Харин сонгон шалгаруулалтаар хамгийн бага үнийн дүнтэйгээр шалгарсан бол давуу тал болно. Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан М.Б-гийн хувьд 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл түр орлож байсан, харин сул орон тоо гараагүй байсан. Төрийн нарийн бичгийн даргын түр эзгүй үед орлон гүйцэтгэж байсан. Засгийн газрын түр орлон гүйцэтгэх журамд “тухайн албан тушаалтан түр эзгүй үед тухайн яамнаас ажил үүргийг давхар хариуцуулж сайдын тушаал гарна” гэж заасны дагуу хугацаа заасан. 6 дугаар сарын 1-ний өдөр бүх нийтийн амралтын өдөр байсан тул 5 дугаар сарын 31-ний өдрийн 00:00 цагт М.Б-гийн ажил үүрэг дууссан. Гэтэл тухайн гэрээ 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр байгууллагдсан. Тэгэхээр Төрийн нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэх ажил үүрэг дууссан байхад гэрээ байгуулсан гэдгээр М.Б-г албан тушаалаа урвуулан ашигласан гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Энэ ч үүднээс анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хуулийн шаардлагад нийцжээ.
З.Б- нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд ажиллаж байхдаа тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М.Б-тай урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэрийдлээр “Б г” ХХК-ийн “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-д хамрагдсан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороололд баригдаж байсан ашиглалтад ороогүй “Хангай хотхон”-ы нийт 7975.36 м2 талбай бүхий 223 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд хамруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх тухай танилцуулгыг Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 248 дугаартай тогтоолоор баталсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн 4 дүгээр зүйлийн 4.3.1 дэх хэсэг, “Улсын төсөв, олон улсын байгууллага, хандивлагч орнуудын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр түрээсийн орон сууцны барилга захиалж бариулах, эсхүл шинээр ашиглалтад орсон боловч зах зээл дээр борлогдоогүй орон сууцнаас худалдан авах замаар төрийн өмчийн түрээсийн 1300 айлын сан бүрдүүлэх”, мөн Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 3 дугаартай тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журмын 6.1, 6.4, 6.5, 7.2, 7.8 дугаар зүйлд тус тус заасныг зөрчиж, Засгийн газрын хуралдаанд оруулан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нийслэлийн орон сууцны 7 дугаар хороололд баригдаж байсан “Бэрэн групп" ХХК-ийн 223 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд худалдан авах арга хэмжээ авах тухай 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 298 дугаартай тогтоолыг батлуулсан, улмаар тус яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан М.Б-гийн үүрэг гүйцэтгэх хугацаа дуусгавар болсон байхад 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр “Б г” ХХК-ийн ерөнхий захирал Б.М-тэй худалдах, худалдан авах гэрээг байгуулах талаар үүрэг чиглэл өгч гэрээг байгуулж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 8.1.1 дэх хэсэгт заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ” гэж заасныг зөрчин, хуулийн дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулахгүйгээр албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсын төсөвт 972.448.955 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,
М.Б- нь Барилга, хот байгуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд З.Б-тэй урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэн Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэх хугацаа дуусгавар болсон байхад Барилга, хот байгуулалтын сайд З.Б-өгсөн үүрэг чиглэлийн дагуу 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр “Б г” ХХК-ийн баригдаж байсан ашиглалтад ороогүй, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн ... хороо, . хороолол, “Хангай хотхон”-ы 7975.36 м2 талбай бүхий 223 айлын орон сууцыг 14.993.676.800 /арван дөрвөн тэрбум есөн зуун ерэн гурван сая зургаан зуун далан зургаан мянга найман зуу/ төгрөгөөр “Төрийн өмчийн түрээсийн орон сууцны зориулалтаар” худалдан авахаар тус компанийн ерөнхий захирал Б.М-тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 8.1.1 дэх хэсэгт заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөө заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ”, мөн Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 248 дугаартай тогтоолоор батлагдсан Түрээсийн орон сууц хөтөлбөрийн 4 дүгээр зүйлийн 4.3.1 дэх хэсэгт “Улсын төсөв, олон улсын байгууллага, хандивлагч орнуудын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр түрээсийн орон сууцны барилга захиалж бариулах, эсхүл шинээр ашиглалтад орсон боловч зах зээл дээр борлогдоогүй орон сууцнаас худалдан авах замаар төрийн өмчийн түрээсийн 1300 айлын орон сууцны сан бүрдүүлэх” гэж заасныг зөрчин хуулийн дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулалгүй албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсын төсөвт 972.448.955 төгрөгийн буюу их хэмжэээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ганбаярын: “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн судалгааны үндсэн дээр тогтоосон хохирлын зөрүү болох 915.356.727 төгрөг, мөн...векселийн хүүнд төлсөн 935.179.036 төгрөг... нийт 972.448.955 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /1хх-12-13, 14/,
Гэрч Ж.Б-гийн: “Би Барилга, хот байгуулалтын яамны Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, гадаадын хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар 2015 оны 8 дугаар сараас 2016 оны 7 дугаар сар хүртэл 1 жил орчимын хугацаанд ажилласан. ... “Б г” ХХК өөрийнхөө санхүүгийн тооцоог авчирч үзүүлсэн. Миний хувьд үнийн дүнгийн тооцоог гаргаагүй учраас мэдэхгүй байна. Би үнийн дүнг өндөр байна гэдэг саналаа хэлсэн” гэх мэдүүлэг /1хх-27-28, 7хх-52, 58-59/,
Гэрч С.М-ийн: “Би Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар 2015 оны 10 дугаар сард ...томилогдон ажиллаж байсан. ...2017 оны 6 дугаар сарын 2-ны өглөө 08 цаг 30 минутад ажил дээрээ очиж ажлаа хийж эхэлсэн боловч миний төсөв захирагчийн эрхийг шилжүүлж өгөөгүй тул сайд З.Б-өрөөнд орж түүнтэй уулзаад, “би ажилдаа орж байна” төсөв захирагчийн эрх буюу гарын үсэг зурах эрхээ авахыг хүссэн боловч “Ерөнхий сайдтай ярьж байж болно” гээд тухайн үед миний төсөв захирагчийн эрхийг надад шийдэж өгөөгүй. ...М.Б- нь ...яамыг төлөөлж худалдах, худалдан авах гэрээнд 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гарын үсэг зурах эрхгүй байсан.” гэх мэдүүлэг /1хх-30-31, 32/,
Гэрч З.Э-ын: “Би Сангийн яаманд Төсвийн хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн, одоо Хууль зүйн газарт Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байна. ...2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 02/1596 дугаартай албан бичгээр манай яам /Сангийн яам/-нд хандаж, ... Засгийн газрын 2016 оны 298 дугаар тогтоолоор 223 айлын түрээсийн орон сууц худалдах, худалдан авах ажлыг ... яамны сайд З.Б-д зөвшөөрч орон сууцны үнэ болох 15 тэрбум төгрөгийг 2017 оны төсвийн төсөлд тусган шийдвэрлүүлэхийг Сангийн сайд Б.Б, Барилга, хот байгуулалтын сайд З.Б- нарт зөвшөөрсүгэй гэсэн агуулгатай ... бичгийг ирүүлсэн. Үүний дагуу сайд Б.Болорт тухайн асуудлыг танилцуулж, векселээр санхүүжүүлж болох эсэх талаар танилцуулахад сайд “векселээр санхүүжилт олгоё” гэсэн чиглэл өгсөн. Ингээд дээрх материалыг үдэслэн 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдөр “Хаан банк”-нд 14.993.697.800 төгрөгийн векселийг 365 хоногийн хугацаатай, жилийн 14.318 хувийн хүүтэй вексель бичигдэж, Сангийн сайдаар гарын үсэг зуруулж банкинд хүргүүлсэн.” гэх мэдүүлэг /1хх-39-40/,
Гэрч Э.Гын: “Би 2015 оны 9 дүгээр сард Сангийн яамны Өрийн удирдлагын хэлтэст зөвлөхөөр ажилд орсон. ...Векселийг... бид Засгийн өрд бүртгэж аваад, вексель төлөгдөх үед векселийн эцсийн эзэмшигч буюу банкинд хүүг төлдөг. 14.993.676.800 төгрөгийн векселийг хүүний хамт 2016.11.15-ны өдөр “Хаан банк”-нд төлсөн. 365 хоног буюу 12 сарын дараа векселийн хүүний төлбөр 2.138.203.840 төгрөгийг шинээр байгуулагдсан Засгийн газар ...улсын төсөвт суулгаж барагдуулсан”. ... 2016 оны 6 дугаар сарын 9-нөөс 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 159 хоног байгаа бол 915.356.727 төгрөгийн жилийн 14.318 хувийн хүүтэйгээр 159 хоног хуримтлуулж бодвол хүүгийн төлбөр 57.092.228 төгрөг, ... нийт 972.448.955.52 төгрөг болж байна.” гэх мэдүүлэг /1хх-41-42, 43/,
Гэрч М.А-гын: “Би Барилга, хот байгуулалтын яаманд 2014 оны 1 дүгээр сараас Төрийн захиргааны удирдлагын газарт хуулийн мэргэжилтнээр ажилд ороод хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад 2016 оны 4 дүгээр сард ажилдаа орсон. ...Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Бурмаа ...надтай холбогдоод “өнөөдрөөс дотогшоо гэрээний дугаар байна уу” гэж надаас асуухаар нь би “байхгүй” гэж хэлсэн. Тэгсэн Бдарга “нэг гэрээнд дугаар авна, хадгалчихаарай” гэж захисан. Тэгсэн удалгүй “Б” ХХК-ийн ажилтан гэх залуу гэрээг батлуулчихсан, тамга тэмдэг даруулчихсан манай өрөөнд орж ирээд “гэрээний дугаар авъя” гэхээр нь би уг гэрээг уншиж танилцахад маш тодорхойгүй, ойлгомжгүй хууль эрх зүйн үндэслэлгүй, жишээ нь 1 метр квадратын үнэ тодорхой бус байхаар нь ямар сонин юм бэ, гэрээ чинь ойлгомжтой тодорхой байх ёстой ш дээ” гэж хэлээд гэрээнд дугаар олгоогүй буцаасан. ...Мөн 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр чөлөөтэй байсан. Төрийн нарийн бичгийн дарга С.М ажилдаа орсон боловч тамга, тэмдгийг нь өгөхгүй байгаа гэж яаманд яригдаад байсан.” гэх мэдүүлэг /1хх-47-48/,
Гэрч Б.Б-н: “Би 2015 оны 9 дүгээр сараас 2016 оны 7 дугаар сарыг хүртлэх хугацаанд Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажиллаж байсан. Тухайн үед түүхий эдийн үнэ унаад эдийн засгийн байдал хүнд байсан, юун түрээсийн орон сууц манатай байсан үе шүү дээ. Засгийн газрын хуралдаан дээр түрээсийн орон сууцыг шууд худалдаж авах нь хууль зөрчиж байна гэж яригдсан талаар санахгүй байна. Яагаад шууд худалдан авалт хийсэн талаар мэдэхгүй байна. Сангийн яамнаас бол боломжгүй гэдэг хариуг өгсөн байна. Засгийн газрын хуралдаанаар шийдсэн юм байлгүй дээ. З.Б- таницлуулахдаа ашиглалтанд орсон гэж танилцуулсан байхдаа, Засгийн газрын гишүүд ямар газар дээр нь очиж үзсэн биш” гэх мэдүүлэг /1хх-56-57/,
Гэрч Т.Д: “Би Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч М.Б-гийн туслахаар ажиллаж байсан. ... Дарга гарын үсэг зурж баталгаажуулсан бол, би байгууллагын тэмдэг дардаг байсан. Миний санаж байгаагаар ...Ж.Б- дарга уг гэрээн дээр М.Б- даргаар гарын үсэг зуруулчихсан, гурван хувь гэрээ барьчихсан, надаар тамга даруулаад явсан.” гэх мэдүүлэг /1хх-52-53/,
Гэрч Ч.С: “..Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан... 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолыг гаргасан. Уг түрээсийн орон сууцны асуудлыг Б сайд оруулж ирсэн. Би хаанаас үнэ тогтоосон талаар мэдэхгүй байна. ... Салбарын яам судалж зохион байгуулаад хууль, журмын дагуу Засгийн газарт саналаа оруулж ирэх ёстой. ...Ашиглалтанд бүрэн ороогүй барилга байгууламжийг худалдаж авах саналаа Засгийн газарт яагаад оруулж ирснийг мэдэхгүй байна. Тухайн тогтоолд Сангийн яамнаас өгсөн саналыг үндэслэж векселээр санхүүжүүлэх болсон. Надад С.М даргыг ажилдаа орлоо гэж танилцуулж байгаагүй. ...Миний хувьд “Б г” ХХК-тай Түрээсийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуул гэж хэлж байгаагүй.” гэх мэдүүлэг /1хх-58-60, 61-62/,
Гэрч Д.М: “Би Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль эрх зүйн газрын даргаар ...томилогдон ажиллаж байсан. ...Журмаараа бол Засгийн газрын хуралдаан болохоос гурваас доошгүй хоногийн өмнө урьдчилан материалаа тараагаад Хууль, эрх зүйн газраар орж хянагдсан байх ёстой. Засгийн газрын хуралдаан дээр шууд тараагдсан бололтой байна. ... Хуулиараа, зах зээлийн үнээрээ, чанараараа өрсөлдөөд шалгарсан компани нь орж ирэх ёстой байсан. Тэгтэл шууд нэг компаний нэр заагаад... “Б г” ХХК-ийг яаж шалгаруулсан нь тодорхойгүй байсан тул миний хувьд тодруулж тэмдэглэлээ хийсэн байна.” гэх мэдүүлэг /1хх-66-67/,
Гэрч Д.Н“...Засгийн газрын хэрэг эрхлэх газарт Барилга, хот байгууллатын яам хариуцсан референтээр 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдрөөс ажиллаж эхэлсэн. ...Би Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 298 дугаар тогтоолын төслийн зүүн доод хэсэгт “Б ХХК-ийг хэвээр үлдээхээр Бсайдтай тохиров, 7-р хорооллын” гэж гар бичмэлээр бичсэнтэй танилцлаа. Миний бичгийн хэв мөн байна. Тогтоолын төсөлд “Б г” ХХК-иас түрээсийн орон сууц худалдаж авна гээд шууд ороод ирсэн байхаар нь “Б г” ХХК гэдэг нэрээрээ тогтоол гарч болохгүй юм биш үү, “Б г” гэдэг нэрийг хасах саналтай байна” гэдгээ Барилга, хот байгуулалтын яамны мэргэжилтэн О.Э-д хэлсэн. Тэгэхэд О.Э мэргэжилтэн “хоёр өөр хувилбараар Засгийн газрын тогтоол боловсруулж надад авчирч өгсөн. Нэг тогтоолын төсөл дээр нь “Б г” ХХК-ийг оруулаад, нөгөө тогтоолын төсөл дээр нь “Б г” ХХК-ийн нэрийг оруулалгүй “Гэр хорооллын дахин төлөвлөлт төсөл”-ийн хүрээнд баригдсан орон сууцнаас 223 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд худалдан авна” гэсэн утгатай хоёр төслийг О.Э мэргэжилтнээс аваад байж байхад З.Б- над руу утсаар холбогдоод “Засгийн газрын тогтоолд “Б г” ХХК-ийн нэрийг үлдээх саналтай байна, тэр нэрээр нь оруулаарай” гэж надад хэлсэн тул тогтоолын төслийн зүүн доод буланд “Б г” ХХК-ийн нэрийг хэвээр үлдээхээр З.Б-тэй тохиров, 7-р хорооллын гэж бичсэн.” гэх мэдүүлэг /1хх-68-69/,
Гэрч О.Э: “...2012 оны 8 дугаар сараас Барилга, хот байгуулалтын яаманд ахлах мэргэжилтнээр ажиллаж байна. ...Б...манай өрөөнд нэг тогтоолын төсөл барьчихсан орж ирээд “энэ тогтоолын төсөл болж байна уу, хараад өгөөч” гэж надад үзүүлсэн. Би уг төслийг уншиж танилцахад “Б г” ХХК-иас Түрээсийн орон сууц худалдан авах тухай тогтоолын төсөл байсан. Би тухайн үед Бурмаа даргад “шууд ингээд Засгийн газрын тогтоолоор “Б г” ХХК-иас түрээсийн орон сууц худалдаж авна гэсэн тогтоол гаргаж болохгүй, хууль зөрчиж байна ш дээ, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу хийгдэх ёстой ажил шүү дээ, яахаараа ийм өндөр үнэтэй орон сууцны байрыг Б-с авах ёстой юм бэ, Засгийн газраар хөрөнгөө шийдүүлээд Тендер зарлаж, хамгийн хямд, чанартай орон сууцны барилгыг авах ёстой гэж хэлсэн. Тэгсэн Б дарга өөдөөс “за тэр яах вэ, чи энэ тогтоолын төслийг эвтэйхэн загварт оруулаад өг” гэж надаас гуйхаар нь би аваад загварт оруулж өгсөн санагдаж байна. Тэгээд тогтоолын төсөл дээр он, сар, өдөр тавиад нэрээ бичсэн байх. Б даргад “заавал яагаад “Б г” ХХК-иас 223 айлын орон сууцыг 15 тэрбум төгрөгөөр худалдаж авах гээд байгаа юм бэ, хямд орон сууцнууд зөндөө байна ш дээ, ТОСК-ийн орон сууцны 1м2 талбайн үнэ нь 1.280.000 төгрөгийн үнэтэй ш дээ, ийм их мөнгөөр ийм үнэтэй, ашиглалтанд ороогүй орон сууц худалдаж авснаас хөрөнгөө шийдүүлчихвэл хямд орон сууц зөндөө олныг тендер зарлаад авч болно ш дээ. ... ийм хууль зөрчсөн тогтоолын төсөл бичээд очвол Хэрэг эрхлэх газрынхан гайхна шүү дээ...” гэж хэлж байсан. Мөн “энэ Б-н байрны ...үнэ 1.900.000 төгрөг болох гээд байна” гэж хэлж байсан. Тэгэхэд Б дарга “за яах вэ, зүгээр л наад төслөө тогтоолын загварт оруулаад өг” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /1хх-70-71/,
Гэрч С.Б-ын: “Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар 2014 оны 11 дүгээр сараас 2016 оны 7 дугаар сарыг хүртэл ажиллаж байсан. ...Сайд З.Б- нь сонгож оруулж ирсэн тул түүний саналын дагуу шийдвэрлэсэн байна. Тендер сонгон шалгаруулалт явуулж худалдан авах ажлыг зохион байгуулах ёстой байсан.” гэх мэдүүлэг /1хх-77-78/,
Гэрч Б.Э-ын: “2012 оны 5 дугаар сараас “Хаан банк”-ны Хөрөнгө зохицуулалт хариуцсан захирлаар ажиллаж байна. ...915.356.727 төгрөгийн жилийн 14.318 хувийн хүүтэйгээр 159 хоногт тооцож бодвол хүүгийн төлбөрт 57.092.228 төгрөг, үндсэн мөнгөтэйгээ нийлээд 972.448.955.52 төгрөг болж байна.” гэх мэдүүлэг /1хх-82/,
Гэрч Б.Б-н: “Би 2013 оны 5 дугаар сараас эхэлж ТОСК ТӨҮГазрын Хөрөнгө зохицуулалтын төслийн санхүүжилт зээл бүртгэлийн газарт мэргэжилтнээр ажиллаж байсан. ...2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн ТОСК ТӨҮГ-ын ерөнхий захирал А.Г-ын А/64 тоот тушаалаар “Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлт гаргасан иргэдийг тодруулах” ажлын хэсгийг 6 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Т-ын О гэх хүн сугалаагаар шалгараагүй байна.” гэх мэдүүлэг /8хх-65-66/,
Гэрч Д.О-ын: “2012 оны 10 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарыг хүртлэх хугацаанд ТОСК ТӨҮГазрын дэд захирлаар ажиллаж байсан. ...2016 оны 7 дугаар сар гарснаас хойш З.Б-туслах гэсэн байх М.А гэж эмэгтэй сайдад хүсэлт гаргасан хүмүүс гээд нилээн олон хүний материалыг хэд хэдэн удаа авчирч өгсөн. 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 07/1952 дугаартай, ...177 иргэний нэрсийг Төрийн захиргаа удирдлагын газрын дарга М.Б-гийн гарын үсэгтэй бичгээр ирүүлсэн.” гэх мэдүүлэг /8хх-69-70/,
Гэрч Б.Н-н: “ТОСК ТӨҮГазарт 2016 оны 3 дугаар сараас 11 дүгээр сарыг хүртлэх хугацаанд Хөрөнгийн удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан. Барилга, хот байгуулалтын яамнаас түрээсийн орон сууцанд хамруулах иргэдийн материалыг авч яваад байсан А гэх эмэгтэй манай ажил дээр ирж уулзаад “яанаа сайдын нэг хүн сугалаагаар нэр нь гарч ирээгүй байна. Тэр хүнийг оруулахгүй бол болохгүй нь” гэж хэлсэн. “...өөрсдөө хоорондоо зохицоод учраа ол” гэж хэлсэн. Тэр нь Онь юм байлгүй.” гэх мэдүүлэг /8хх-74/,
Гэрч М.А-ийн: “Тэгэхэд яамнаас ТОСК руу миний аваачиж өгсөн нэрсээс ихэнх хүмүүс нь шалгарсан. ...Тохируулсан программ нь алдаа заасан юм уу, программд тааруулж нэр шивсэн хүн нь алдаа гаргасан уу, яасан юм нилээн хэдэн хүний нэр сугалаагаар гарч ирээгүй. Түүнээс болоод З.Б- эгчид би ажлаа сайн хийсэнгүй гээд баахан загнуулсан. Тэгэхээр нь би миний хийх ажил биш, би өг гэсэн нэрсүүдийг чинь л аваачиж өгсөн” гэдгээ хэлсэн. Тэгсэн нөхрийнхөө дүү Т.Отгонтуяаг орж чадаагүй байна гээд намайг баахан загнаад зохицуул гэж хэлсэн. ...Миний мэдэж байгаагаар 40 орчим хүнийг түрээсийн сууцанд оруулж өгсөн.” гэх мэдүүлэг /8хх-81-83/,
Гэрч Т.О-. З.Б- нь миний том ах Т.Т- эхнэр, миний бэр эгч гэсэн үг. ...2016 оны 5 дугаар сараас 6 дугаар сар хүртэл 1 сарын хугацаанд Барилга, хот байгуулалтын яамны Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнээр түр хугацаанд ажилласан. Өөр ямар нэгэн байгууллагад ажиллаж байгаагүй. Би “Хангай хотхон”-ы түрээсийн орон сууцанд хамрагдахын тулд 2016 оны 5 дугаар сард байх Төрийн орон сууцны корпорацийн газарт ажлын байрны тодорхойлолт, өргөдөл, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргийг бүрдүүлж өгсөн. Би түрээсийн орон сууцанд хамрагдах нөхцөл шаардлагын төрийн албан хаагч гэсэн ангилалд багтаж байсан.” гэх мэдүүлэг /8хх-84-85/,
Гэрч Э.Б-ийн: “...Би Бсайдын жолоочоор 2016 оны 3 дугаар сараас 07 дугаар сарыг хүртэл ...ажилласан. Бсайд намайг “чи түрээсийн орон сууцанд орох материалаа бүрдүүлээд өгөөрэй” гэж хэлсэн. Би байранд орох үгүйгээ мэдэхгүй байхад ТОСК-иас над руу яриад байранд орохоор болсон гээд оруулсан.” гэх мэдүүлэг /8хх-99-100/,
Гэрч Ц.Б-н: “...Миний санаж байгаагаар 1 метр квадратын үнийг 1.800.000 төгрөгөнд бодож зарсан санагдаад байна.” гэх мэдүүлэг /1хх-122-124/,
Шүүгдэгч М.Б-гийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...намайг албан өрөөнд ороход ширээн дээр “Б г” ХХК-иас “Түрээсийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ” тавьсан байхаар нь гарын үсэг зурж баталгаажуулаад туслахдаа өгсөн санагдаж байна. ...Би энэ гэрээнээс болж хохирол учирна гэж бодоогүй. Засгийн газрын хурлаар ямар нэгэн асуудал шийдэхэд нь энэ гэрээ хэрэгтэй юм болов уу гэж бодоод гарын үсэг зурсан. ...Тухайн үедээ гэрээнд гарын үсэг зурахдаа хальт гүйлгэж харсан. Үнийн дүн нь 15 тэрбум орчим юм гэж бодож байсан. Байрны 1 метр квадратын үнийг бодож гаргаагүй. ...С.Мдарга 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр ажилдаа ирсэн. Тамга, тэмдэгээ хүлээж аваагүй, нилээн хэдэн хоногийн дараа...хүлээж авсан. С.Магнайсүрэн даргад 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр ажлыг нь хүлээлгэж өгөөгүй байсан учраас “Б г” ХХК-тай байгуулсан “Түрээсийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-нд гарын үсэг зурсан. ...З.Б- сайд “Т.Ог ажилд ав” гээд тушаал гаргуулсан. З.Б-тэй ашиг сонирхлын зөрчилтэй хүн байсан гэдгийг нь би мэдээгүй.” гэх мэдүүлэг /7хх-22-24, 75-76, 8хх-155/,
Шүүгдэгч З.Б-яллагдагчаар өгсөн: “...2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Засгийн газрын шийдвэр гарсан. Та бүгд 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр худалдан авах гэрээг хийсэн гэж буруутгаж байгаа. Гэрээ байгуул гэдэг үүрэг чиглэлийг Ерөнхий сайд Сайханбилэгээс өгсөн. Ерөнхий сайдаас үүрэг чиглэл өгсөн байхад хүлээгээд сууж байхгүй. ...Тэр үүднээсээ М.Б-д “Б г” ХХК-тай гэрээ хийх ёстой шүү гэж хэлсэн. М.Б- Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэж байсан учраас түүний гарын үсэггүй яамнаас гардаг бичиг баримт байхгүй. ...Хоорондоо ярилцаж байгаад “Б г” ХХК-иас түрээсийн орон сууц худалдаж авахаар болсон. Би тогтоолын төсөл дээр “Б г” ХХК гээд оруулсан юм бол, харин өөрчлөөд гаргаж болох байсан. ...Т.Оа ганц бие, өрх толгойлсон эмэгтэй. Т.Отгонтуяаг би түрээсийн орон сууцанд хамруулж өгөөгүй. ...25 хамаарал бүхий хүн гэвэл бүгд миний хамаатан болох гээд байна.” гэх мэдүүлэг /7хх-58-60, 61, 8хх-153-154/,
Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “...2016 оны 6 дугаар сарын байдлаар 14.078.320.073 төгрөг, нийт 223 айлын нэр бүхий хүмүүсийн орон сууцны үнэлгээг: 514 дүгээр байрын 1-2, 7-144 тоот 140 айлын орон сууц 8.866.747.929 төгрөг, 517 дугаар байрны 1-72 тоот 72 айлын орон сууц 4.553.353.9303 төгрөг, 515 дугаар байрны 7-12, 15-18, 40 тоот 11 айлын орон сууц 658.218.214 төгрөг, нийт дүн 14.078.320.073 төгрөг” гэсэн дүгнэлт /1хх-141-155/,
“Б г” ХХК-ийн 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 134 дугаартай албан бичиг /1хх-247-248/, Барилга, хот байгуулалтын яамны 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 01/1457 дугаартай албан тоот (танилцуулга) /1хх-243, 2хх-1-3/, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 298 дугаартай тогтоол /2хх-4/, Барилга, хот байгуулалтын яам, “Б г” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ /1хх-247-239/, Барилга, хот байгуулалтын яамны 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 02/1596 дугаартай албан бичиг /1хх-240/, 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн “Түрээсийн орон сууц хүлээлцсэн акт” /2хх-134-136/, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/65 дугаартай “Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн нэрсийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай” Төрийн орон сууц корпорацийн ерөнхий захирлын тушаал /10хх-47/, Хууль зүйн сайд Д.Дорлигжавын санал өгөх тухай албан бичиг /2хх-140/, М.Б-г албан тушаалд томилох тухай тушаал /10хх-91/, Ажил түр орлон гүйцэтгэх тухай тушаал /10хх-92/, М.Б-г ажлаас чөлөөлөх тухай тушаал /10хх-93/ зэрэг цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч З.Б, М.Б нар нь албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүх, шүүгдэгч З.Б, М.Б нарт торгох ял оногдуулсан нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.
Шүүгдэгч З.Б- нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 3 дугаартай тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журмын 6.1, 6.4, 6.5, 7.2, 7.8 дугаар зүйлүүдийг зөрчин, Засгийн газрын хуралдаанд “Б г” ХХК-ийн 223 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд худалдах авах асуудлыг оруулж, улмаар батлуулжээ.
Шүүгдэгч З.Б- нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдын хувьд, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохих тооцоо, судалгаанд тулгуурлан үндэслэл сайтай боловсруулж, холбогдох материалын хамт тухайн асуудлыг хэлэлцэхээс 7-гоос доошгүй өдрийн өмнө сайдын /түүний эзгүйд дэд сайдын/ гарын үсэгтэй албан бичгээр Хэрэг эрхлэх газарт хүргүүлэх, Хэрэг эрхлэх газар нь хуралдаанаар хэлэлцүүлэхээр ирүүлсэн асуудлын үндэслэл, тооцоо, судалгаа, уг шийдвэрийн төсөл нь тухайн асуудлаар өмнө нь гарсан шийдвэртэй болон хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг үзэж, хэрэв боловсруулалт нь шаардлага хангаагүй буюу хууль тогтоомж, Засгийн газрын бусад шийдвэртэй нийцээгүй, эсхүл зөрчилдсөн буюу давхардсан гэж үзвэл тодорхой үндэслэл, тайлбарыг гарган материалыг буцаахаар журамлажээ.
Эндээс үзэхэд, шүүгдэгч З.Б- нь тухайн асуудлын тооцоо, судалгааг хийж, холбогдох материалын хамт тухайн асуудлыг хэлэлцэхээс 7-гоос доошгүй өдрийн өмнө Хэрэг эрхлэх газарт ирүүлээгүйгээс уг газар нь хууль тогтоомж, Засгийн газрын бусад шийдвэртэй нийцээгүй асуудлыг буцаах ажиллагааг хэрэгжүүлэх боломжгүй байжээ.
Дээрх журмын 7.8 дугаар зүйлд “Засгийн газрын гишүүн нь хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй боловч хуралдаанаар нэн яаралтай хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзсэн асуудлыг үндэслэл, тооцоо, судалгаа, шийдвэрийн төсөл, холбогдох бусад материалын хамтаар Хэрэг эрхлэх газрын даргад урьдчилан танилцуулна. Хэрэг эрхлэх газрын дарга материалтай танилцаад бэлтгэл хангагдсан гэж үзсэн асуудлыг Ерөнхий сайдад танилцуулсны үндсэн дээр хэлэлцэх асуудлыг төлөвлөгөөнд нэмж оруулна” гэж заасан боловч шүүгдэгч З.Б-н, тухайн үед сайдын хувьд засгийн газрын хуралдаанд оруулсан уг асуудал нь нэн яаралтай хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх шаардлагатай асуудалд хамаарахгүй байх бөгөөд тэрээр Хэрэг эрхлэх газрын даргад урьдчилан танилцуулах журмыг зөрчжээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 8.1.1 дэх хэсэгт заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
Тухайн үеийн засгийн газрын ерөнхий сайд Ч.С, Сангийн сайд Б.Бнарыг гэрчээр асуухад, тэд “Б г” ХХК-ийн 223 айлын орон сууцыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд худалдан авах асуудлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахыг Барилга, хот байгуулалтын сайд З.Б-д даалгасан, харин худалдан авах байрны метр квадратын үнийг тогтоож өгөөгүй талаар мэдүүлсэн байна.
Прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор, Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.С болон Засгийн газрын гишүүд нь Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 3 дугаартай тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журмыг зөрчин 298 дугаар тогтоолыг олонхийн саналаар баталж, улсын төсөвт 972.448.955 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдож байна гээд уг үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй боловч хууль буцаан хэрэглэхэд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Гэвч 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллагдагчаар татах үндэслэлгүй байх тул эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг хэрэгсэхгүй болгожээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч З.Б, М.Б нарыг албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэхдээ хамтран оролцсон буюу гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж, улсын төсөвт 972.448.955 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах” гэмт хэргийн шинж бол албан тушаалтан өөрийн эрх мэдлийг өөрийн эрхэлж буй албан тушаал, байгууллагын эрх ашгийн эсрэг ашигласан үйлдэл, эс үйлдэхүй байдаг.
Албан тушаалын байдал гэж албан тушаалтны хашиж байгаа албан тушаалын болон тусгайлан олгосон эрх үүрэгтэй нь шууд хамааралгүй боловч тухайн албан тушаалын нэр хүнд, нөлөөг ойлгодог байна.
Мөн энэ хэргийн гол шинж бол албан тушаалтан холбогдох хууль, дүрэм, журам зөрчсөн үйлдэл байдаг бөгөөд шүүгдэгч З.Б, М.Б нар нь хууль, журам зөрчсөн байдал тогтоогджээ.
Мөрдөн байцаалтын шатанд шинжээч томилох тогтоолоор “Хөрөнгө-Эстимейт” ХХК-ийг тогтоож, “Хөрөнгө-Эстимейт” ХХК “нийт 223 орон сууцны үнэлгээ 14.078.320.073 төгрөг” гэсэн дүгнэлт гаргасныг хууль зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
2016 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Сангийн сайд Б.Б14.993.676.800 төгрөгийн энгийн вексел гаргах тушаал гаргаж, Сангийн яам болон “Хаан банк”-ны гүйцэтгэх захирал Жон Белл нарын хооронд 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 116/614 дугаартай төлбөр баталгаажуулах гэрээ байгуулагджээ. Улмаар 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төлбөр барагдан баталгаажиж “Төлбөр баталгаажуулах гэрээ”-ний биелэлтийг дүгнэсэн акт гаргажээ.
2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 116/614 дугаартай төлбөр баталгаажуулах гэрээний /2хх-49-50/ ерөнхий зүйлийн 1.5-д заагдсан заалтыг үндэслэн Сангийн яам нь вексел болон түүний хүүг “Хаан банк”-нд төлсөн байх бөгөөд анхан шатны шүүх векселийн хүүнд төлөгдсөн 159 хоногийн төлбөрийг 57.092.228 төгрөг гэж зөв тооцож дүгнэсэн боловч хэрхэн тооцож гаргасан аргачлал нь шийтгэх тогтоолд тодорхой бус байна.
2016 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 159 хоногийн хүүг тооцохдоо: 915.356.727 төгрөг х 14.318% /жилийн хүүний хувь/ =131.060.776 /365 хоногийн хүү/, 131.060.776 төгрөг : 365 хоног = 359.070.62 төгрөг /нэг өдрийн хүүний төлбөр/, 359.070.62 төгрөг х 159 хоног /2016.06.09-ний өдрөөс 2016.11.15-ны өдрийг хүртлэх хугацаа/ = 57.092.228 төгрөг буюу анхан шатны шүүхийн тооцоолол зөв гарсан байна.
Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Б-, тус яамны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан М.Б- нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас бусдад давуу эрх олгон “Б г” ХХК-иас хуульд заасан үндэслэл журмыг баримтлалгүй зах зээлийн үнээс дээгүүр үнээр, Засгийн газрын баталсан хөрөнгөөр 223 айлын орон сууцыг 14.993.676.800 төгрөгөөр худалдан авахдаа 915.356.727 төгрөгийн хохирол учруулсан байдалд дүгнэлт хийж, уг хохирлыг “Б г” ХХК-иас гаргуулан Сангийн яаманд олгосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
Харин шүүгдэгч З.Б, М.Б нарын хууль бус үйлдлийн улмаас Засгийн газар буюу Сангийн яам векселийн хүүнд үндэслэлгүйгээр 57.092.228 төгрөгийг “Хаан банк”-нд төлсөн байх тул энэ мөнгийг гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай этгээдүүдээр төлүүлэх нь зүйтэй.
Иймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ” гэсэн заалтыг үндэслэн Сангийн яамнаас векселийн хүүнд төлсөн 57.092.228 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн буюу З.Б-эс 28.546.114 төгрөг, М.Б-гаас 28.546.114 төгрөгийг, иргэний хариуцагч “Б г” ХХК-иас 915.356.727 төгрөгийг тус тус гаргуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учруулсан гэж гэмт хэргийн шинжийг заасан байсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар гэмт хэргийн улмаас “хүнд хор уршиг” учруулах гэсэн ойлголтыг халсан болно.
Түүнчлэн, шүүгдэгч З.Б, М.Б нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас тухайн зүйлд заасан их хэмжээний хохирол учирсан байхад тэднийг гэм буруутайд тооцохдоо хүнд хор уршиг учруулсан гэж гэм буруутайд тооцох үндэслэлгүй байна гэж үзэв.
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан байхад анхан шатны шүүх шүүгдэгч З.Б, М.Б нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахдаа мөн хуулийн ерөнхий ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг журамласан нь буруу байна.
Харин анхан шатны шүүх хууль буцаан хэрэглэх үндэслэлийг зааж, шүүгдэгч З.Б, М.Б нарт холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтуудад зохих өөрчлөлтүүдийг оруулж, гэм буруу, эрүүгийн хариуцлага, хууль хэрэглээ, мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх талаар гаргасан шүүгдэгч З.Б-, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Ч.Шаравнямбуу нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 719 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
- 1 дэх заалтад “... 972.448.955 төгрөгийн хохирол, хүнд хор уршиг учруулсан ...” гэснийг “... 972.448.955 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан ...” гэж,
- 2 дахь заалтад “2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар З.Б-төрийн байгууллагад ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19.200.000 төгрөгөөр торгох ялаар, М.Б-г төрийн байгууллагад ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй” гэснийг “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар З.Б-төрийн байгууллагад ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19.200.000 төгрөгөөр торгох ялаар, М.Б-г төрийн байгууллагад ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй” гэж,
- 5 дахь заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар “Б г” ХХК-иас 972.448.955 төгрөгийг гаргуулан Сангийн яам /хохирогч Г.Ганбаяр/-нд олгосугай” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар “шүүгдэгч З.Б-эс 28.546.114 төгрөг, М.Б-гаас 28.546.114 төгрөг, иргэний хариуцагч “Б г” ХХК-иас 915.356.727 төгрөг тус тус гаргуулан Монгол Улсын Сангийн яаманд олгосугай” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Б-, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарын хамтран гаргасан, иргэний хариуцагчийн төлөөлөгч Ц.Батбаярын өмгөөлөгч Ч.Шаравнямбуугийн гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧИД Д.ОЧМАНДАХ
О.ЧУЛУУНЦЭЦЭГ