Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2019/0872

 

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

                Нэхэмжлэгч: “С” ХХК.

                 Хариуцагч: НЗД.

      Нэхэмжлэлийн шаардлага: “Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 44.5 гектар15/RO20 тоот түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч НЗДд даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А, нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Г түүний өмгөөлөгч П.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, Я.Ц  нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “Манай компани НЗД-ын 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/284 тоот захирамжаар Хан-Уул дүүргийн 13-р хорооны нутаг 15/Р020 тоот түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай.

          Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, 18.1.1 заалтын дагуу Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлтэй 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 2016/03 тоот албан хүсэлтээр Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газарт /хуучин нэр/, хүргүүлсэн. 2016 оны   11   дүгээр          сард      болсон      түгээмэл    тархацтай    ашигт    малтмалын   тусгай зөвшөөрөл олгох, зөвлөлийн хурлаас 2016 оны хайгуулын ажлын тайланг хугацаандаа Нийслэлийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлээгүй тул олгох боломжгүй гэсэн хариу өгсөн. Манай компани 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 016/09 тоот хүсэлтээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт, 2016 оны хайгуулын ажлын тайланг хугацаанаас хоцорсон тул нөхөн баталж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж тайлангаа батлуулан, 2017 оны 2 дугаар сард ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлтэй Нийслэлийн байгаль орчны газарт дахин хүргүүлсэн.

       2018 оны 5 дугаар сард болон түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох зөвлөлийн хурлаас, өмнөх татгалзсан хурлаас өөр саналаар буюу “Аргалант-Эмээлт”-ийн шинэ суурьшлын бүсийн ерөнхий төлөвлөгөөтэй давхцалтай байна гэж тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн хариу өгсөн.

      Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн дрриуг манай компанид бичгээр нэгч удаа хүргүүлээгүй бөгөөд аман байдлаар утсаар хариу өгч байсан.

      Манай компанид 2015 оны 04 дүгээр сарын 14-нд 15/К020 тоот түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо ямар нэгэн давхцалгүй гэж тусгай зөвшөөрөл олгосон.

       НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн байгаль орчны газар, удаа дараагийн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авах хүсэлтэд хуулийн дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл олгож өгөхгүй байна.

        Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт орших 44.5 гектар 15/К020 тоот түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд, түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу “С” XXК-д олгохыг НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Амарсайханд даалгаж өгнө үү” гэжээ.

        Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Манай компани 2014 онд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл авсан. 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн НЗД-ын шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл авсан. Ашигт малтмалын хуулийн дагуу 2016 онд хайгуулын ажил явуулж, 40-50 сая төгрөгийн зардал гаргаж, улсын нөөцийг бүрдүүлсэн. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 17, 18, 19 дүгээр зүйлд заасны дагуу ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох өргөдөл хүссэн. Энэхүү өргөдөлд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авах бүх холбогдох материалуудыг хуулийн дагуу бүрдүүлээд өгсөн байсан. 2016 онд Түгээмэл дархацтай ашигт малтмалын тухай хуульд зааснаар 14 хоногийн дотор шийдвэрлэх байтал хариу өгөөгүй явсаар сүүлд ямар нэгэн байдлаар давхцалтай байна, тусгай зөвшөөрөл олгохгүй гэсэн хариу өгсөн. Сүүлд шүүхэд нэхэмжлэл гаргах байдлаар маргаад явж байгаа юм. Давхцалын үндэслэл нь “Аргалант-Эмээлтийн” шинэ ерөнхий төлөвлөгөөний газартай давхцалтай байна гэдэг үндэслэлээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох зөвлөлөөс татгалзсан хариу өгсөн.

        2015 онд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл өгч байхад надаар дамжуулж арав гаруй компани материалаа бүрдүүлж захиргааны байгууллагад өгч байсан. Хайгуулын тусгай зөвшөөрөл өгөхөд эхний байдлаар Нийслэлийн газрын албанд ямар нэгэн байдлаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан тусгай хэрэгцээний газар, улсын нөөцөд авсан газартай давхцалтай байна уу гэдгийг анхаарч авч хянадаг. Дараа нь Ашигт малтмалын кадастрын хэлтсээс бусад аж ахуй нэгжтэй ашиглалтын давхцалтай байх эсэхийг гол шүүж байдаг. Эдгээр нөхцөлд давхцалтай байгаа эсэхийг тодруулах хуулийн заалт байна. Ашигт малтмалын газрын кадастрын сайтанд Нийслэлийн газрын албаас нийслэлийн ийм газруудыг тусгай хэрэгцээнд авсан, ашиглалтын тусгай зөвшөөрөл авахыг хориглосон талбай гэж системийн бүх мэдээлэл байдаг. Энэ үндэслэлээр анх хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг бэлдээд Нийслэлд хүргүүлж байсан. Нийслэлд анхны шүүлтээр ямар нэгэн давхцал байхгүй байна.

          Аргалант-Эмээлтийн зураг төсөл нь хийгдэж байсан үе байсан. Ямар нэгэн байдлаар шийдвэр гаргаад тусгай хэрэгцээнд авсан шийдвэр бол байгаагүй. 2014, 2015 онд давхцалтай байна гэсэн огт хариу өгөөгүй. Хэрвээ ийм байдлаар давхцалтай байсан бол манай компанид ямар нэгэн байдлаар бичгээр ирүүлээд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн хариу өгөх ёстой. Хайгуулын тусгай зөвшөөрөл гарсан тохиолдолд ямар нэгэн байдлаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохгүй байх тохиолдол бол гарч байгаагүй. Нийслэлийн 2017 оны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 50 дугаар тогтоолоор гарсан “үнсэгний хөндийн тэжээгдлийн муж” гэдэг нь Улаанбаатарт байгаа Туул голын эрэг хавиар байгаа аж ахуй нэгжүүд бүгд давхцалтай байгаа юм. Энэ шийдвэрийн дагуу бусад аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг хориглоно гэсэн нөхцөл байхгүй. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон учраас ашиглалтын тусгай зөвшөөрөл ямар нэгэн байдлаар олгогдоно гэдэг ойлголт ямар ч аж ахуй компани нэгжүүдэд байдаг. Үндэслэлгүйгээр бол олгодоггүй. Хайгуул хийх гэж асар их цаг хугацаа, хөрөнгийг зарцуулдаг. НЗД анхны шүүлтээ хийдэг. Байнгын зөвлөлийн хурлын тэмдэглэл дээр татгалзсан үндэслэл нь Аргалант-Эмээлийн паркийн хойд хэсгээр давхцаж байгаа тул төслийг хэрэгжүүлэхэд зэрэгцээ хажуу талаар үйл ажиллагаа явуулах аж ахуй нэгжүүдийн тоос шороо босох учраас дэмжихгүй байх үйл баримт яригдсан байгаа юм. Яг үнэндээ тухайн төсөл хэрэгжиж байхад гол хэрэгцээтэй зүйл нь түгээмэл тархацтай ашигт малтмалын орд байдаг. Ямар нэгэн байдлаар хажуугаар нь үйл ажиллагаа явуулах боломж байгаа гэдгийг хэлмээр байна” гэв.

        Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасан нотлох баримтаа бүрдүүлээд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох хүсэлт материалыг хянан хэлэлцсэний үндсэн дээр хуульд заасан эрхийн дагуу тусгай зөвшөөрөл авсан байдаг. Энэ нь өөрөө 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн НЗД-ын А/284 дүгээр шийдвэрээр олгосон. Хуульд заасан шаардлагуудыг хангасан эсэхийг нягтлаад олгосон байсан. Ерөнхий шаардлагыг хуулиар тодорхойлж заасан байдаг. Тухайн хайгуулын эрхийг олгож болох эсэх хуулийн шаардлага хангаж байсан учраас хайгуулын тусгай зөвшөөрөл олгогджээ.  Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-т зааснаар зөвшөөрөл хүсэх эрх нь онцгой эрх гэж зохицуулсан.

         2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн НЗД-ын А/672 дугаар тушаалаар хугацаа сунгагдсан Х тусгай зөвшөөрлийн хайгуулын эрх нь хууль ёсны хүчинтэй байгаа. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-т заасан онцгой эрхийн дагуу ашиглах эрхээ хүсээд байдаг. Нэхэмжлэгчийн хүсээд байгаа хууль ёсны эрхийн хувьд гэж тайлбарлаад байгаа юм. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсоны дагуу хайгуулын үйл ажиллагаанд 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт зарцуулагдсан.

      2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс тодорхой хайгуулын нөхцөл байдал тогтоолгоод нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн холбогдох мэргэжлийн байгууллагуудын шийдвэр байдаг. Энэхүү шийдвэрүүд дээр Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас гаргасан ерөнхий үнэлгээний шалгуурууд дээр тухай бүрт нь зөвшөөрөгдөөд үйл ажиллагаа явуулах боломжтой нөхцөлөөр тогтоолгосон. Үүний дагуу анх хүсэлтээ 2016 оны 9 сард өгсөн. Гэхдээ хүсэлтийг шийдвэрлээгүй. Шийдвэрлэгдээгүй шалтгаан нь бичиг баримт хоцрогдсоноос хойшлогдоод түүнийг нөхөж тайлан баримт бичгээ бүрдүүлээд 2017 онд дахин хүсэлтээ баталгаажуулж гаргаж байгаа юм. 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн. Ингээд өргөдлөө өгөөд хариуцагчийн тайлбарлаж байгаагаар байгууллагын зохион байгуулалт, бүтэцтэй холбогдуулан “С” компанийн тусгай зөвшөөрөл хүсэх хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй хугацаа өнгөрсөн. Захиргааны байгууллагын үйл ажиллагааны нөхцөл байдлаас хамаарч тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийг буруутгах үйл баримт байхгүй байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Байнгын зөвлөлд хурал хийгдэж шийдвэр гаргах нөхцөл үүссэн гэдэг. Гэтэл хуулиар НЗД хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэх хүсэлтийг хянах эрхтэй. Үүний дагуу олгох хүсэлтийг шийдвэрлэж олгох, цуцлах эрх өөрт нь байсан. НЗД өөрийн агентлагийн байгууллагуудаар дамжуулж үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой.

        Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудал дээр ашигт малтмалын цахим мэдээлэл хуулиар бүртгэгдэнэ. Үүний дагуу шүүх ажиллагаа хийгдээд ямар нэгэн давхцалын асуудал байгаа эсэхийг тодруулах ажиллагаа хийгдсэн. Ямар нэгэн байдлаар давхцал байхгүй гэх, хязгаарласан, хориглосон, өөр тусгай зөвшөөрлийн нөөцөд авсан, зөвшөөрөл авсан эсэх өөр бусдын мөн адил эрх давхцал байгаа эсэх ийм хориглосон мэдээлэл байгааг Нийслэлийн газрын хэлтсийн мэдээллийн санд Байгаль орчны мэдээлэл нь улсын хэмжээнд бүх талаасаа бүх агентлагууд тодорхой байдлаар харж болох нөхцөл байдлаар нэгдсэн мэдээллийн системээр  харагдах байдлаар тодорхойлогддог гэж ойлгоод нотлох баримт гаргуулах хүсэлтийг тавьж байсан. Давхцал байхгүй байна гэдгийг илэрхийлж ирсэн.

       НЗД хуульд заасан үүргийг хэрэгжүүлээд үүргийг биелүүлэх нөхцөл байдал нь 2016 оны Захиргааны ерөнхий хуулиар тодорхойлогдоно. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны байгууллага нэхэмжлэгч компанийн хүсэлтийг шийдвэрлэх үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуульд нийцээгүй үйл ажиллагаа байсан. Нэхэмжлэлийн шаардлага гаргасан нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэлийг тодруулж тайлбарлах шаардлага байна. Нэхэмжлэгч шүүхээс захиргааны байгууллага өөрт хуулиар олгогдсон эрхийн дагуу хянан шалгаж хуульд заасны дагуу ашиглах эрхийн зөвшөөрөл олгохоос татгалзаад байгаа эс үйлдэхүйг шүүхээр дүгнүүлэхийг хүссэн.

       Татгалзаад байгаа үйл ажиллагаа эс үйлдэхүй нь өргөн хүрээтэй ойлголт байгаа. Тухайлсан шийдвэр гээд барих шийдвэр хариуцагчид байхгүй байсан. Иймээс нэхэмжлэлийн шаардлага тодорхойлж шүүхэд тайлбарлаж байгаа юм. Хуульд заасны дагуу ажиллагаа хийх, хуульд заасны дагуу шийдвэрлэх, хуульд заасны дагуу эцэслэн шийдвэрлэсэн шийдвэрээ өгөх ёстой байсан.

         Ийнхүү шийдвэрлэсэн үйл ажиллагааны шийдвэр байхгүй байгаа учраас нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд тодорхой барих үйлдэл байхгүй байна. Иймээс үйлдэл байхгүй гэдгийг тайлбарлаад байгаа юм. Байнгын зөвлөлийн хурлын материал шүүхэд ирсэн. Байнгын зөвлөлийн хурал өөрөө ямар статустай байх нь дотоод журмын зохицуулалт болж таараад байна. Хариуцагчийн зүгээс журмын зохицуулалт байна гэдгийг тайлбарлах байх. Хурлаас өмнө уулзаж байсан гэж тайлбарлалаа. Мэдээж нэхэмжлэгч компаниас олон удаа уулзаад явж байсан үйл баримт байна.  Гэвч хуралдсанаас хойших шийдвэр нь захиргааны үйл ажиллагааны тодорхой шийдвэр байх байсан. Нэхэмжлэгчийн хувьд эс үйлдэхүй гэдгийг үүгээр тайлбарлана. Харин шүүхийн үйл ажиллагаа 2019 оны 5 сараас хийгдсэн байх боловч тодорхой ийм хариу өгсөн үү гэдэг өгөгдөл бичгийн хариу байхгүй гэдгийг хэлэх байна. Үүнээс гадна хөөн хэлэлцэх хугацаа тоологдох боломжгүй. Хариуцагчийн зүгээс энэ нөхцөл байдлыг тодорхой гаргаж ирэхгүй байгаа нөхцөл байдлын зүгээс хуульд зааснаар нэхэмжлэгчид хөөн хэлэлцэх хугацаа ярихгүй гэдгийг тайлбарлаж байна.

           Хариуцагчаас гаргасан татгалзлын шүүхэд ирж байгаа баримт болон хариу тайлбараас үзвэл хоёр үндэслэл гаргаж байна. Нэгт “Аргалант-Эмээлт” гэсэн Нийслэлийн хэсэгчилсэн төлөвлөгөө, хоёрт хариуцагчийн бичгийн тайлбар дээр “үнсэгний хөндийн эх үүсвэрийн тэжээгдлийн муж” гэж дурдсан байгаа юм. Энэ хоёр үндэслэлийг харвал “үнсэгний хөндийн эх үүсвэрийн тэжээгдлийн муж” гэдэгтэй бүхэлдээ давхцаагүй, зүүн талын хэсгээрээ давхацсан байна гэсэн илэрхийлэлтэй. Энэ асуудлыг татгалзаж болох хориглосон хязгаарласан тусгай хэрэгцээнд, нөөцөд авсан байдлаар тодорхойлогдсон үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар тодорхойлогдохгүй байна.

          “Аргалант-Эмээлтийн” үйлдвэрийн технологийн хэсэгчилсэн төлөвлөгөө нь өөрөө НЗД-ын2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 50 тоот  Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлын шийдвэртэй хавсаргагдаж ирсэн нь зургаар тодорхойлогдож байгаа юм. Энэ нь өөрөө Нийслэлийн орон нутгийн хэрэгцээнд шийдвэрлэгдэж байгаа газар гэж тодорхойлогдож байна. Интернетээр “Аргалант-Эмээлтийн” үйлдвэрийн технологийн парк нь нийтэд маш тодорхой зураглалтай үйл ажиллагаа нь хэрхэн явагдаж байгааг нийтэд зарлагдаад явж байгаа төлөвлөгөө юм. 2040 оны гэсэн үйл ажиллагаатай одоогийн байдлаар зураг төслийн үйл ажиллагаанд явагдаж байгаа юм. 2015 онд зураг төсөл нь хийгдсэн. Нэхэмжлэгчийн эрх үүсэх цаг хугацаа нь энэ төлөвлөгөөг хийхэд яригдаж байсан нь харагдаж байгаа юм. Гэхдээ тухайн үедээ НЗД энэ асуудлыг яригдаж байх үеэр олгож шийдвэрлэсэн байгаа юм.

        Ашиглах зөвшөөрлийг олгож болох гэдэг төслийн хэмжээний танилцуулга хүртэл НЗДд хүрч байсан. Энэ нь хориглосон, хязгаарласан, хуулинд заасан нөөц тусгай хэрэгцээ гэдэг нөхцөл биш болсон. Газрын тухай хуулийн 17, 18, 20-д зааснаар Засгийн газар, Нийслэл, Улсын их хурал эрх бүхий этгээдүүдээс хориглож хязгаарласан бол гэж субъектээ хуульд тодруулаад байгаа юм. Яг өнөөдөр хавтас хэрэгт шүүх татгалзлыг шийдсэн баримтыг ирүүлэхийг шаардсанаар байнгын хорооны хуралдааны тэмдэглэл болон баримтууд дээр хуульд заасан хязгаарлалт байхгүй гэж үзэж байна. Хуульд зааснаар олгож болохоор хэлэлцэгдээд явж байсан байгаа юм. Эцэст нь боломжгүй байна гэж шийдвэрлэсэн байгаа юм. Боломжгүй байна гэж шийдвэрлэсэн үндэслэлтэй баримт нотлох баримтаар авагдаагүй юм. Интернет руу ороод харахад Аргалант эмээлтийн паркийн танилцуулга харагддаг. Яагаад энэ үйлдвэрлэлийн технологийн парк дээр юу байгуулагдах зорилго нь харагддаг. Түүнд ерөнхийдөө Улаанбаатар хотын төвийн төвлөрлийг гадагшлуулж байгаа зорилготой үйлдвэр, технологи нь барилгажих байдлаар харагдана гэдэг. Үүнтэй холбогдуулан бий болгох сургууль зэрэг төлөвлөлтийн агуулга харагддаг. Гэтэл нэхэмжлэгч компанид зөвшөөрөл олгосон байхад зөвхөн энэ үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохгүй гэдэг. Газар доор байгаа хайсан илрүүлсэн, ашиглах боломжтой гэсэн дүгнэлтийн дагуу ашиглах эрхийг нь хязгаарласан үндэслэл нь үндэслэлгүй байна гэж тайлбарламаар байна. Ийнхүү гол татгалзаж байгаа үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан ажиллагаа хийгдээгүй. Хуульд заасан ажиллагаа хийгдээгүй нөхцөл байдал нь хууль бус гэж тодорхойлогдох нөхцөл болоод байна. Ийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар захиргааны татгалзаж байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, хариуцагчийг хуульд заасан ажиллагааг гүйцэтгэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэв.

           Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “С” ХХК анх 2016 оны 09 дүгээр сард нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар (хуучин нэрээр)-т түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар хүсэлтээ ирүүлсэн байна.

       НЗД-ынзахирамжаар байгуулагдсан нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, цуцлах талаар санал боловсруулах үүрэг бүхий байнгын зөвлөлийн хурал 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж, “С” ХХК зэрэг 6 ААН-ийн өргөдлийн талаар авч хэлэлцээд, зарим ААН-ийн материалд нэмэлт тодруулга, саналыг холбогдох байгууллагуудаас авч, дахин хуралдаж дүгнэлт гаргахаар шийдвэрлэсэн.

       Энэ дагуу Нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1/1440 дугаар албан бичгийг холбогдох байгууллагуудад хүргүүлсний хариуд нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 04/992 дугаар албан бичгээр “С” ХХК-ийн тухайд газар доорхи Үнэсгэний хөндийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужтай зүүн урд талаараа давхацсан, Аргалант-Эмээлтийн үйлдвэрийн технологийн паркийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй давхацсан тул ашиглалтын тусгай зөвшөөрөл өгөх боломжгүй, мөн 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 8/3544 дүгээр албан бичгээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн саналыг нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт хүргүүлж байсан” гэж санал өгсөн байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02-01/28 дугаартай албан бичгээр “ТТАМ-ын тухай хуулийн 34.1.2 дахь заалтад заасны дагуу хайгуулын ажлын зардлын доод хэмжээг баталгаажуулж тайланг хугацаанд нь ирүүлж батлуулаагүй. Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй” гэж, нийслэлийн Газрын албанаас 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 04/39 дүгээр албан бичгээр “Аргалант-Эмээлтийн үйлдвэрийн технологийн парк ОНӨААТҮГ-тай давхцалтай” гэж санал, лавлагаа тус тус ирүүлсэн.

       Эдгээр санал лавлагааг авсны дараа байнгын зөвлөлийн хурлыг 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хуралдуулсан. Энэ хурлаар “С” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг гишүүдийн олонхи дэмжээгүй боловч НЗД-ынзахирамжийн төсөлд оруулж санал авахаар НЗДТГ-ын хуулийн хэлтэст хүргүүлэхэд мөн дэмжигдээгүй. “С” ХХК-иас хайгуулын талбай нь ямар нэгэн давхцалгүй гэсэн тайлбар удаа дараа ирүүлж байсан тул нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2018 оны 05 сарын 07- ны өдрийн 02/640 дүгээр бичгээр дахин лавлагаа авах хүсэлт гаргасны хариуд 2018 оны 05 сарын 11-ний өдрийн 04/1747 дүгээр албан бичгээр өмнөхтэй ижил буюу Аргалант-Эмээлт хотын ерөнхий төлөвлөгөөн дотор орсон тул тусгай зөвшөөрөл олгох боломжгүй” гэсэн хариуг ирүүлсэн.

      НЗД-ын 2018 оны 07 дугаар сарын 16-ны А/655 дугаар захирамжаар “С” ХХК-тай хамт яригдаж байсан ААН-үүдийн ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон тул уг компанийн захиралтай ярилцаж тусгай зөвшөөрлийг хүчинтэй байлгах зорилгоор хүсэлт гаргасны дагуу тусгай зөвшөөрөл сунгуулах ААН-үүдийн захирамжийн төсөлд оруулан НЗД-ын 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/672 дугаар захирамжаар хайгуулын тусгай зөвшөөрлийг 2 жилээр сунгасан.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ц шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Тус компани нь 2016 оны 9 сард анх ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл өгөх үеэр Нийслэлийн Байгаль орчны даргын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөөд байнгын зөвлөлийг шинэчлэж үйл ажиллагаа нь жигдрэх байдлаар явсаар 2017 онд хуралдсан.  “С” компанитай хамт нийт 4 ашиглалтын хүсэлт орж ирсэн байсан. 

          Нийслэлийн хот төлөвлөлтийн ерөнхий төлөвлөгөөний газраас авсан лавлагаагаар “С” компанийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй газар нь “Аргалант-Эмээлтийн” үйлдвэр технологийн парктай давхцаж байгаа учраас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэдэг албан бичиг ирүүлсэн. Энэхүү албан бичгийг тухайн үед Л.Г-д танилцуулсан. Хурал хуралдахаас өмнө албан бичгийг танилцуулаад олгох боломжгүй талаар хэлж, тухайн хугацаанд ойр ойрхон уулздаг байсан. Уулзаж байгаа болохоор өөрт нь мэдээлэл өгсөн гэж бодоод албан бичгээр өгөх талаар санаагүй. Хэрвээ албан бичгээр авъя гэсэн бол надад татгалзах зүйл байхгүй байсан. Хамгийн гол нь тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа гол шалтгаан нь “Аргалант-Эмээлтийн” паркийн газартай давхцалтай байгаа юм.  2014 онд тусгай зөвшөөрөл авах гэж байх үед Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас “Аргалант-Эмээлтийн” газартай давхцалтай байна гэх сануулгыг өгсөн байсан. Ийм шалтгаанаар тус компанид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдохгүй байгаа юм. Байнгын зөвлөлийн санал хураалтаар гишүүдийн олонх нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжээгүй.

        Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох хүсэлтийг өгөөд байнгын зөвлөл хуралдахгүй олон дахин хойшлуулж байж хуралдсан. Хурал хойшлоод явж байх хооронд хайгуулын тусгай зөвшөөрөл сунгах хугацаа болсон. Давхцал дээр хоёр үндэслэл дурдаад байдаг. “Аргалант-Эмээлтийн” үйлдвэрийн технологийн парк болон “үнсэгний хөндийн тэжээгдлийн муж”-тай давхцалтай гэдэг. Үнсэгний тэжээгдлийн давхцалтай байгаа нэг аж ахуй нэгж байгаа бол хасалт хийлгэх талаар тохиролцож, үлдсэн талбай дээр олгоод явж байгаа юм. Ганц үнсэгний тэжээлийн давхцалтай байсан бол олгох боломжтой байсан боловч “Аргалант-Эмээлтийн” үйлдвэрийн технологийн паркийн давхцалтай давхар байсан тул тусгай зөвшөөрөл олгоход саад болоод байгаа юм” гэв.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “НЗД тусгай зөвшөөрөл олгох болон аливаа эзэмших эрх олгох шийдвэр гаргахдаа харьяалах агентлаг болон байнгын зөвлөл томилон ажиллуулдаг. НЗД газар эзэмших эрх олгохдоо Газрын алба болон газрын алба дээр байгуулагдсан байнгын хороогоор хэлэлцүүлсний дараа шийдвэр гаргадаг шиг. Эдгээрт бүгдэд нь байнгын зөвлөл хуралддаг. НЗД хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргахын тулд бусад мэргэжлийн газар, агентлагийг оролцуулаад байнгын зөвлөлөөр хуралддаг. Хот байгуулалтын тухай хуулийн дагуу “Аргалант-Эмээлтийн” үйлдвэрийн технологийн паркийн хэсэгчилсэн төлөвлөгөө байгаа учраас Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан Нийслэлийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй давхцаад байгаа учраас НЗД тухайн газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй болсон” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

          Нэхэмжлэгч “С” ХХК-ийн захирал Л.Г Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 44.5 гектар15/RO20 тоот түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч НЗДд даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

          Тэрээр 2015 онд ямар нэгэн давхцалгүй гэж хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон атлаа 2016 онд “....материалд нэмэлт тодруулга, саналыг холбогдох байгууллагаас авах шаардлагатай” гэсэн үндэслэлээр, 2017 онд “Аргалант-Эмээлтийн үйлдвэрийн технологийн парк ОНӨААТҮГ-ын төлөвлөлттэй давхцалтай” гэсэн үндэслэлээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа нь хууль бус гэж харин хариуцагч маргаан бүхий талбай нь Аргалант-Эмээлтийн үйлдвэрийн технологийн паркийн хэсэгчилсэн төлөвлөлттэй давхцалтай тул олгох боломжгүй гэж тус тус маргаж байна.

          Нэхэмжлэгч “С” ХХК НЗД-ын 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/284 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 15/RO20 тоот түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд мөн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/672 дугаар захирамжаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2 жилийн хугацаагаар сунгажээ.

          Нэхэмжлэгч компани хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа 2015-2016 онд түгээмэл тархацтай ашигт малтмал болох барилгын чулууны нөөцийг тогтоон, Ашигт малтмал, газрын тосны газрын дэргэдэх Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар[1] хэлэлцүүлэн батлуулж, хайгуул хийсний дараа холбогдох хууль, журмын дагуу нөхөн сэргээлт хийж дүүргийн Дэд бүтэц, тохижилтын хэлтсээс акт[2] гаргуулан, мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар байгаль орчны ерөнхий үнэлгээ хийлгэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл гаргуулахаар 2016 оны 09 дүгээр сард НЗД-ын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчны газарт хүсэлт гаргажээ.

          Хариуцагч НЗД түүний ажил хариуцсан хэрэгжүүлэгч агентлагуудаас “С” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг хүлээн авч Засаг даргын захирамжаар байгуулагдсан нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, цуцлах талаар санал боловсруулах үүрэг бүхий байнгын зөвлөлийн хурлаар удаа дараа хэлэлцсэн хэдий ч хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу мэдэгдэж байгаагүй байна.

          Ийнхүү нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг дээрх байнгын зөвлөлийн хурлаар удаа дараа хэлэлцэж, зөвлөлийн гишүүдийн саналыг нэгтгэсэн хэдий ч энэ талаар ямар нэг шийдвэр гаргаж хариу өгөөгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус гэж дүгнэв.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс байнгын зөвлөлийн хурлаар нэхэмжлэгч компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн асуудлын талаар хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар дэмжигдээгүй талаар тус компанийн захиралд мэдэгдэж байсан гэж тайлбарлаж байгаа боловч үүнийгээ нотлоогүй байна.

          Хариуцагч байнгын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар хүсэлт гаргасан этгээдэд мэдэгдээгүй, мэдэгдсэн гэж тайлбарлах боловч түүнийгээ баримтжуулж нотлоогүй нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д “Аймаг, НЗД энэ хуулийн 19.1, 19.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 15 өдөрт багтаан доор дурдсан шийдвэрийн аль нэгийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэнэ:”, 19.3.3-д “өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайн аль нэг хэсэгтэй давхацсан бол ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж, татгалзсан үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, энэ тухай өргөдөл бүртгэх дэвтэрт тэмдэглэх.” гэсэнтэй нийцээгүй гэж үзлээ.

          НЗД-ын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/241дүгээр захирамжаар Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотголын дагуу хотын бүсүүд, дагуул хот, тосгодын ерөнхий төлөвлөгөө, хотын төвүүд болон дэд төвүүдийн төлөвлөлтийн зураг төсөл боловсруулах ажлын жагсаалтыг хавсралтаар баталсан байх бөгөөд тус хавсралт жагсаалтын 3-д “Аргалант-Эмээлт хотын ерөнхий төлөвлөгөө”-г[3] баталсан байна. 

          НЗД-ын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт хөгжлийн газрын архивт байгаа “Аргалант-Эмээлт хотын ерөнхий төлөвлөгөө”-ний нутаг дэвсгэрийн бүсчлэлийн зургийн архивын нэгжийн 51 дүгээр хуудсанд байгаа ерөнхий төлөвлөгөөний зураг дээр маргаан бүхий газрын байршлыг давхцуулж үзэхэд бөөний худалдааны бүсчлэлтэй давхцалтай тухай тус шүүхээс хот байгуулалт хөгжлийн газрын архивт хийсэн үзлэгийн тэмдэглэлд[4] тусгагджээ.

          Харин нэхэмжлэгч Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулинд заасан эрхийнхээ дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн байхад түүнийг хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу өгөөгүй, энэ талаар шийдвэр гаргаагүй хариуцагчийн үйлдлийг зөвтгөх боломжгүй.

          Учир нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч доор дурдсан эрх эдэлнэ:”, 15.1.2-т “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийн дагуу авах;” гэж зохицуулсан байх бөгөөд нэхэмжлэгч “С” ХХК-д НЗД-ын 2018 оны А/672 дугаар захирамжаар хугацаа нь сунгагдсан хайгуулын тусгай зөвшөөрлийн эрх хүчинтэй хэвээр байна.

           НЗД-ынхэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчны газраас ирүүлсэн хариу тайлбарт[5]: “.....нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2016 онд .....”С” ХХК-ийн тухайд “Газар доорхи Үнсэгний хөндийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужтай зүүн урд талаараа давхацсан...учир ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй.” гэж нийслэлийн Байгаль орчны газарт албан бичиг ирүүлсэн гэх боловч энэ талаараа нэхэмжлэгч компанид тусгайлан мэдэгдээгүй байна.

           Нэхэмжлэгч “С” ХХК-ийн хүсэлтийг хэлэлцсэн байнгын зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуралдааны тэмдэглэлд[6] “дахин лавлагаа авах, хасалт хийх талаар ААН-тэй тохироод дахин хуралдаж,шийдвэрийн төсөл саналаа захирамжийн хамт, ХЭЗХ-т хүргүүлэх.”, 06 дугаар сарын 08-ний өдрийн хуралдааны тэмдэглэлд[7] “хасалт хийх талаар ААН-тэй тохироод, шийдвэрийн төсөл саналаа захирамжийн төслийн хамт ХЭЗХ-т хүргүүлэх.” гэж тус тус тэмдэглэснээс үзэхэд уг хүсэлтийг татгалзсан эсхүл дэмжсэн болохыг тодорхойлох боломжгүй.

          Өөрөөр хэлбэл хариуцагч “Газар доорхи Үнсэгний хөндийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужтай зүүн урд талаараа давхацсан, Аргалант-Эмээлтийн үйлдвэрийн технологийн паркийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй давхацсан тул ашиглалтын тусгай зөвшөөрөл өгөх боломжгүй.” гэж тайлбарлаж байгаа хэдий ч энэ талаар албан ёсны шийдвэр гаргаж хариу өгөөгүй нь хууль бус гэж дүгнэв.

          Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

       1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн захирал Л.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 44.5 гектар15/RO20 тоот түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хуульд нийцүүлэн зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч НЗДд даалгасугай.

       2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч НЗДас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

       3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.НАСАНДЭЛГЭР

 

 


[1] Хавтаст хэргийн 21-25 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 29 дүгээр хуудас

[3] Хавтаст хэргийн 155-157 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 150-152 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 49 дүгээр хуудас

[6] Хавтаст хэргийн 220 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 224 дүгээр хуудас