Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 21

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

.

Ч.Г-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Т.Бямбажав, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

Прокурор Г.Хаш-Эрдэнэ

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Болорчулуун

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн, Л.Данзанноров

            Шүүгдэгч Ч.Г

            Нарийн бичгийн дарга А.Мягмардорж нарыг оролцуулан Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэнгийн гомдлыг үндэслэн Ч.Г-т холбогдох эрүүгийн 1722000440014 дугаартай 3 хавтас хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч Т.Бямбажавын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..........-ний өдөр Дундговь аймгийн   Сайнцагаан суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ......, ....... хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, .......... тоотод оршин  суух,  ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Онгиуд овгийн Ч. Г

            Шүүгдэгч Ч.Г нь 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Дундговь аймгийн  Сайнцагаан  сумын 7-р баг, 9-р байрны 1-6 тоотод Ш.Баттулгын цээжин тус газар нь хутгалж амь насыг  нь хохироосон  буюу хүнийг  алах гэмт  хэрэгт  холбогджээ.

 

         Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 87 дугаар шийтгэх тогтоолоор

  1. Шүүгдэгч Онгиуд овогт Ч.Г-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  Ч.Г-т 8 /найман/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж,
  3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Г-т оногдуулсан 8 /найман/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,  
  4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гын баривчлагдаж, цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, 
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4-т заасныг баримтлан хохирогч Ш.Б-ын тэтгэврийн зээлийн гэрээний дагуу зээлж авсан 4318217 төгрөгийг Ч.Г-аар төлүүлэх тухай иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Б нь хохирогч нас барснаас учирсан гэм хорын төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлж Ч.Гаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг зааж,
  6. Энэхүү хэргийн улмаас Ч.Г-ын эд хөрөнгийг битүүмжлээгүй ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгатай холбогдон гарсан зардалд нийт 4.200.000 /Дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөг хүлээлгэж өгсөн, зээлийн төлбөрт 2017 оны 10 сараас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд сар тутам 216000 төгрөг төлж байгаа гэснийг болон хохирогч оршуулгын зардал нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурьдаж,
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хутгыг устгаж, баримтыг Ч.Г-т холбогдох 1722000440014 тоот хэрэгт хавсаргуулахаар Дундговь аймгийн шүүхийн тамгын газарт шилжүүлж,   /дарга А.Л/  
  8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 20-ны өдрийн 87дугаартай шийтгэх тогтоол нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Эрүүгийн  хуулийг  буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр тус шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар гомдол гаргаж байна.

 Шүүхээс иргэн Ш.Баттулга нь 2017 оны 8 сарын 30-ны өдрийн 21 цагийн орчимд цээжин тус газраа Ч.Г-т хутгалуулж, амь нас нь хохирсон  болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болно. Үүнд:

Шүүх сэтгэц, гэм судлалын эмч Д.Д нарын гаргасан гэх 929 дугаартай Шүүх сэтгэц, эмгэг судлалын дүгнэлт хууль зөрчсөн байхад нотлох баримтаар үнэлсэн.  

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дэх зүйлийн 4 дэх хэсэгт “шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа энэ хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйл болон Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт шинжээчийн  дүгнэлтэд зайлшгүй тусгах зүйлсийг нэг бүрчлэн тоочсон. Гэтэл хэрэг  асуудал гарахаас бараг 1 жил орчмын өмнө дүгнэлт гаргасан  мэтээр огноологдон /2016.10.24-ний өдөр /дүгнэлт болон шийтгэх тогтоолд тусгагдсанаар  дүгнэлтэд Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дэх хэсэг, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5-д тусгасан зайлшгүй шаардлагыг огт тусгаагүй. Асуултанд хариулахдаа тухайн дүгнэлтэд хүрэх болсон үндэслэлийг асуулт нэг бүрээр тусгах ёстой байсан боловч ямар нэг үндэслэл заагаагүй. 

.Аливаа хүн хэрэг асуудал болох үед санаа сэтгэл нь цочрон давчидсан эсэхийг тухайн хэргийн нөхцөл байдал,  гэнэтийн цочролд ороход хүргэсэн нөхцөл шалтгаан, тухайн шалтгааныг хүлээн авах чадвар, мөн тухайн хүний сэтгэл зүйн онцлог зэргийг  харгалзан тодорхойлох нь ойлгомжтой. Гэтэл үүнийг шинжээч гэх /эрх олгогдсон нь тодорхойгүй/ эмч нар зөвхөн хэргийн холбогдогчийн мэдүүлэгт үндэслэн тодорхойлсон нь буруу бөгөөд гагцхүү тухайн хэрэг асуудлыг шалгаж буй мөрдөн байцаагч, хянаж, яллах дүгнэлт үйлдэх прокурор, улмаар төрийн  нэрийн өмнөөс шийдвэр гаргах шүүгч нар хэргийн нөхцөл байдлыг олон талаас нь үнэлж шийдвэрлэх л асуудал билээ. Аффект буюу гэнэтийн цочролд автах үзэгдэл нь сэтгэц, гэм судлалын гэхээсээ илүүтэй сэтгэл зүй,  хууль зүйн  ойлголт бөгөөд тухайн хүн  сэтгэл санааны гүн цочролд хоромхон зуур автсан эсэхийг  сэтгэцийн эмч нар хэргийн  холбогдогчийн мэдүүлгээр тодорхойлж, хүний олон жилийн  эрх чөлөөний асуудалд гоомой хандан, гагцхүү шүүгчид олгогдсон шүүн таслах эрх хэмжээг урьдчилан хэрэгжүүлсэн байсныг шүүх хууль зөрчсөн яг тэр байдлаар нь хүлээн авч шийтгэх тогтоолынхоо үндэслэл болгосонд гомдолтой байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлд Шинжээчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг тодорхойлсон  бөгөөд мөн  зүйлийн 15.1.2 дахь хэсэгт сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэн дүгнэлт гаргахыг хориглосон. Гэтэл 929 дугаартай шинжээчийн  дүгнэлтээс үзэхэд тухайн дүгнэлтийг гагцхүү яллагдагч Ч.Гын мэдүүлэгт үндэслэн гаргасан болох нь тодорхой харагддаг. Үүнийгээ дүгнэлтэд өөрийнх нь үгээр гэж онцлон тусгасан ба хавтаст хэрэгт сэжигтэн яллагдагчаар өгсөн  мэдүүлгийн  хэсгээс дүгнэлтэд тусгасан байна. Иймд энэхүү дүгнэлт нь хууль зөрчиж гарсан тул нотлох  баримт биш, түүнчлэн Ч.Г-ыг яллах баримт болохгүй тэр тусмаа шүүхийн  шийдвэрийн үндэслэл болох ёсгүй.

           Хууль бус нотлох баримтыг хэрхэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дэх хэсгийн 7-д “энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж маш тодорхой зохицуулсан ба шүүх прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ гэж хуулийн 16.1-ийн 13 дахь хэсэгт тусгаснаас харахад энэ заалтаар үнэлэх нотлох баримтыг хүрээг тогтоохдоо “хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн” байх шаардлага нөхцлийг хуульд тусгайлан тусгасаар атал шүүх хуулийн энэхүү заалтыг хайхралгүйгээр яллах гол үндэслэлүүдийн нэг болгосон байна.

Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ гэрч Д.Н-ын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийг  гол нотлох баримт болгожээ. Тухайн үед Наранболд нь их хэмжээний архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, тухайн хэрэг асуудал болох үеийн нөхцөл байдлыг төдийлөн нарийвчилж санахгүй байсан бөгөөд мөрдөн байцаалтын үед түүнээс хууль сануулан мэдүүлэг авахад хх-ийн 0031-р талд “...би нэлээн согтуу байсан болохоор тухайн үед хэлж байсан зүйлийг  нь санахгүй байна” гэж мэдүүлсэн мөн гэрчээр дахин байцаагдахдаа Ч.Гын яллагдагчаар мэдүүлсэнтэй ижил агуулгатай мэдүүлэг өгсөн байдаг. Эдгээр баримтууд болон Ч.Гын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд нь нотлох баримтын шаардлага хангахуйц, хэрэгт ач холбогдолтой баримт атал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-т заасныг зөрчиж энэхүү баримтуудыг үнэлэхгүйгээр, үнэлээгүй шалтгаанаа тодорхой заалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.

Тухайн үед Ч.Г нь сэтгэл зүйн хувьд ч тогтворгүй, эмзэг байсан, тодорхой шалтгааны улмаас эхнэр нь гэрээсээ явсан, сэтгэл гутралтай байсан бөгөөд талийгч Ш.Баттулга маргалдах явцдаа өөрийнх нь гэр бүл, үр хүүхэд рүү чиглэсэн таагүй үг хэлснээс гэнэтийн цочролд автан уг гэмт хэргийг  үйлдсэн байдаг.

Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд хэргийн материалаас харахад Ч.Г нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн улмаас бусдыг алсан  гэдэг нь туйлын эргэлзээтэй юм.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг анхааран үзэж, Дундговь аймаг дахь Сум дундын  эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 8 сарын 20-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Ч.Г-ын үйлдлийг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон  өмгөөлөгч Л. Данзанноров : Сэтгэл санаа нь цочрон давчдах асуудал нь хоромхон хугацаанд болж өнгөрдөг. Анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч, хохирогч нарын хооронд маргаан болж, хохирогч Ч.Гын нүүр рүү  цохих, гэр бүл үр хүүхдийг нь доромжлох зэргээр түүний эсрэг үйлдэл хийсний эцэст шүүгдэгч гэнэт ширээн дээр байсан хутгыг авч хутгалсан байдлаас үзэхэд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлтэй тул өмгөөлөгч Д.Дарьсүрэнгийн саналыг дэмжиж байна гэв. 

 

 

Шүүгдэгч Ч.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Надад холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. Хохирогч Ш.Б нь “...Миний эхнэр хүүхдийг хөөрхөн, сайхан. Би шаана гэж доромжилсон мөн намайг цохиж зодсоноос миний уур хүрч  би хажуудаа байсан  ширээн дээрээс  хутга  авч хутгалсан. Ялыг болон хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө  үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа:  Миний дүү Ш.Б нь тайван , дөлгөөн хүн байсан.  Ч.Г-ыг эхэлж  зодож, цохиогүй  гэж бодож байна. Анхан шатны шүүх хэргийн талаар зөв дүгнэлт хийсэн гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч Ч.Г-ын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон. Хохирогч нь Ч.Г-ыг сэтгэл санааны дарамтанд орох хэмжээнд хүндээр доромжилсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоогүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            

         Шүүгдэгч Ч.Г нь 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг, 9 дүгээр байрны 6 тоотод байх өөрийн гэрт архидан согтуурч улмаар 21 цагийн үед иргэн Ш.Б-ын цээжин тус газарт хутгалж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Ч.Г-ын үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, гэрч Д.Н-ын мөрдөн байцаалтын болон анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг, цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 170200051 дүгээр дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болсон,  оногдуулсан ял түүний гэм бурууд  тохирсон байна.

 

        Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс анхан шатны шүүх хууль зөрчсөн нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн, шүүгдэгчид ял оногдуулсан хуулийн зүйл анги тохироогүй   асуудлуудаар Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ.

 

        Шүүх сэтгэц эмгэг судлалын 929 дүгээр дүгнэлт хууль зөрчсөн байхад нотлох баримтаар үнэлсэн  гэсэн гомдлын дагуу хэргийн материалыг хянаж үзэхэд  Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолоор яллагдагч Ч.Г нь хохирогч Ш.Б-ын үйлдлийн улмаас гэнэтийн цочролд автаж, сэтгэцийн хэвийн байдал нь  алдагдсан эсэх талаар нэмэлт дүгнэлт гаргуулахаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээч Д.Дэжидмаа, Б.Энхчимэг, Я.Ганхүү нарыг шинжээчээр томилсон байна./хуу-175/ Шинжээч томилсон энэхүү тогтоолыг яллагдагчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн эс зөвшөөрч, уг тогтоолыг хүчингүй болгуулахаар Дундговь аймгийн ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх С.Гансэлэмд гомдол гаргасан /хх-177хуу/ бөгөөд прокурорын тогтоолоор гомдлыг хангахаас татгалзаж, энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Улсын Ерөнхий прокурорын газарт гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж хариу өгсөн боловч яллагдагчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн гомдол гаргаагүй байна.

       Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтийг /хуу-183-185/ 2016 оны 10 дугаар сарын 24-нд буюу гэмт хэрэг гарахаас 1 жилийн өмнө  гаргасан гэсэн  гомдлын дагуу хэрэгт авагдсан “шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт гаргуулах тухай” тогтоол зэрэг  нотлох баримтуудыг судласан бөгөөд “... оныг буруу бичсэн бичвэрийн алдаа”  гэж үзэх үндэслэлтэй ба  анхан шатны шүүхээс нотлох баримтаар үнэлсэн нь хууль зөрчөөгүй  байна. Харин Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18.1 дүгээр зүйлд заасан шинжээчийн дүгнэлтэд тусгах ёстой зүйлийг бүрэн тусгаагүй гэсэн гомдол үндэслэлтэй боловч  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 1-д заасан шинжээчийн эрхийг шинжээч томилсон прокурорын тогтоолоор шинжээч нарт танилцуулсан байх тул гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

  

      Гэмт хэрэг үйлдэх үедээ Ч.Г их согтолттой байсан бөгөөд хохирогч Ш.Баттулгын хүч хэрэглэсэн, гэр бүл, үр хүүхдийг нь доромжилсоны улмаас санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж,  гэнэтийн цочролд орсноос  бусдыг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдохгүй байна гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх  тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож,  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

            

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэнгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Ч.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                  Ц.ОТГОНЦЭЦЭГ

     ШҮҮГЧИД                                     Ш.ТӨМӨРБААТАР

                                                    Т.БЯМБАЖАВ