| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Амгалангийн Насандэлгэр |
| Хэргийн индекс | 128/2019/0507/З |
| Дугаар | 128/ШШ2019/0746 |
| Огноо | 2019-10-30 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2019/0746
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Д.
Хариуцагч: БОАЖС.
Гуравдагч этгээд: “Э” ХХК.
Нэхэмжлэлийн шаардлага: “БОАЖСын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/355 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг, мөн сайдын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/315 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, түүний өмгөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Т.Н, гуравдагч этгээдийн төлөөлөгч Э.Б, түүний өмгөөлөгч С.П нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “Миний бие Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/224 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд 2,94 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг авч, надад “...Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах...” 2016/509 дугаартай гэрчилгээг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 5 жилийн хугацаатай олгосон.
Ингээд миний зүгээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1-д “...Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /сайдын газар ашиглах эрх олгосон тушаал/ заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэж заасны дагуу Хан-уул дүүрэг болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай газар ашиглах гэрээг байгуулах гээд очиход 2016 оноос хойш Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Газрын төлбөрийн хэмжээ батлах тухай" 03 дугаар тогтоолтой холбоотой ялангуяа газрын төлбөрийн хэмжээ үнэн зөв, бодитой эсэхийг шийдвэрлэх шүүхийн маргаан бий болсон учраас газар ашиглах гэрээг байгуулахгүй, газрын төлбөр тодорхой болохоор байгуулна гэж удаа дараа буцааж байсан.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлд “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж, мөн 37 дугаар зүйлд “Газар ашиглах гэрээнд тухайн газрын унаган төрхийг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх талаар авах арга хэмжээ, түүнд зарцуулах хөрөнгө, газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа, газрыг ашиглах, хамгаалах талаарх талуудын эрх, үүрэг, хариуцлага, гэрээ дуусгавар болсон тохиолдолд газрыг эргүүлж авах нөхцөл, журам, уг газрыг нөхөн сэргээх, засаж тохижуулах, хүлээлгэн өгөх журам...” зэргийг заавал тусгах ёстой гэж заасан учраас төрийн захиргааны байгууллага болон шүүхийн маргааны үйл ажиллагаатай холбоотойгоор ийнхүү хуульд заасан гэрээгээ байгуулж чадахгүй, газраа ашиглаж чадахгүй явсаар ирсэн.
Мөн Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Газрын төлбөрийн хэмжээ” тогтоосон тогтоолтой холбоотой маргааныг Монгол Улсын дээд шүүхээс 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шийдвэрлэж тус тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг даалгасан байдаг боловч Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Хууль зүй, дотоод хэргийн яам хоорондын үл ойлголцол, Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг тогтоолд тусгахтай холбоотой ажил сунжирч явсаар тус дүүргээс “Газрын төлбөрийн хэмжээ”-г тогтоосон тогтоолоо 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр баталж, хууль зүйн яам 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хууль зүй нэгдсэн бүртгэл буюу www.legalinfo.mn сайтад байршуулснаар тус тогтоолыг иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөх эрх үүсч, газар ашиглах, эзэмших гэрээ байгуулах, газрын төлбөр төлөх, газраа зориулалтын дагуу ашиглах эрх зүйн орчин нээгдсэн байдаг.
Ингээд 2019 оны өвлөөс эхлэн Хан-уул дүүрэг, Богдхан-уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаан дээр гэрээгээ байгуулах гээд очиход Улсын бүртгэлийн хууль тогтоомж шинэчлэгдсэнтэй холбогдуулан улсын хэмжээнд landmeneger системд холбогдож газрын бүртгэл, мэдээлэл цахимжиж байгаа, тийм учраас эхлээд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ, нарийвчилсан үнэлгээгээ мэргэжлийн байгууллагаар хийлгүүлж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар батлуулсны дараа газар ашиглах гурвалсан гэрээг батална гэсний дагуу би байгаль орчны үнэлгээ хийдэг мэргэжлийн байгууллага болох “Б” ХХК-тай өөрийн танил Т.Г-тай хамтран гэрээ байгуулж байгаль орчны үнэлгээ хийлгэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүргүүлж улмаар тус захиргаанаас 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтэс”-т хандан иргэн “Д.Дын 2.94 га газар бусад этгээдийн ашиглалтын газартай давхцалгүй, түүний аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэхийг дэмжиж байна” гэсэн 577 дугаартай албан бичгийг хүргүүлсэн байдаг.
Гэвч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ерөнхий шинжээч П.Ц-аас 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “Ерөнхий үнэлгээний дүгнэлт хүргүүлэх тухай” гэсэн албан бичгийг үнэлгээний “Б” ХХК-нд хүргүүлэхдээ “БОАЖСын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/355 дугаартай тушаалаар таны Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2016/509 дугаартай гэрчилгээг хүчингүй болгосон байгаа учраас байгаль орчны үнэлгээний дүгнэлт гаргах боломжгүй байна” гэж дурдсан байдаг.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа, 43 дугаар зүйлд заасан мэдэгдэх ажиллагааг огт хэрэглээгүй, өнгөрсөн хугацаанд миний газрыг цуцлах гэж байгаа тухай, цуцалсан тухай надад албан ёсоор болон албан бусаар огт мэдэгдээгүй, миний тайлбар, санал хүсэлтийг огт аваагүй юм. /тушаалыг шүүхээр дамжуулан авч нэмж хууль зүйн тайлбар, няцаалт өгөх болно.
Иймд Захиргааны ерөнхий хуулийг илтэд зөрчсөн, хувь хүний эрх, эрх чөлөөнд халдсан, газар ашиглах эрхээ хэрэгжүүлэхээр ажилласан цаг хугацаа, хөрөнгө мөнгө, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөр зэргийг үнэгүйтүүлсэн “БОАЖСын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/355 дугаартай тушаалын Д.Д надад холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.
Нэхэмжлэгч миний бие 2019 он 06 дугаар сарын 14-ний өдөр БОАЖСад холбогдуулан “БОАЖСын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/355 дугаар тушаалын Д.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, газар ашиглах эрхийг сэргээлгэх”-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Тус нэхэмжлэлийн дагуу БОАЖС-д холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа боловч БОАЖС-ын 2019 оны 06 дугаар сарын 28-,ы өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” А/315 дугаар тушаалаар “Э” ХХК-д маргаан бүхий газрыг ашиглах эрхийг давхцуулан олгосон байна.
Өөрөөр хэлбэл БОАЖСын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/355 дугаар тушаалаар “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсээр дайран өнгөрөх 220 кВ-ын Сонгино дэд станцаас Зайсан дэд станц хүртэлх 110 кВ-ын 50 км 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын зураг төсөл, барилга угсралтын газрын асуудлыг шийдвэрлэх зорилгоор...” гэж үндэслэлээ дурдаж миний газар ашиглах эрхийг цуцалсан атлаа “Э” ХХК-д тухайн газрыг ашиглах эрхийг олгож байгаа нь үндэслэлгүй байна.
Учир нь миний бие тухайн газарт хөрөнгө оруулалт хийж, зохих журмын дагуу ашиглаж байхад дээрх үндэслэлээр цуцалж, тухайн газрыг бусдад ашиглуулахгүй мэт захиргааны акт гаргасан атлаа, “Э” ХХК-д ашиглах эрх олгож байгаа нь нэхэмжлэгч миний газар ашиглах эрхэд ноцтой халдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагчаас 2019 он 08 дугаар сарын 13-ны өдөр захиргааны хэргийн шүүхэд ирүүлсэн нотлох баримтаар маргаан бүхий газрыг ашиглах эрхийг “Э” ХХК-д олгосон болохыг мэдсэн бөгөөд түүнээс өмнө маргаан бүхий газрыг бусдад ашиглуулахаар эрх олгосон болохыг мэдээгүй байна.
Иймд БОАЖСын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Газар ашиглах эрх олгох тухай” А/315 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэгч миний нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авна уу” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Иргэн Д.Д Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу БОАЖСын 2016 оны а/224 дүгээр тушаалаар Богдхан Уулын дархан цаазат газар буюу Зайсангийн аманд 2.94 га газрыг ашиглах эрхийг 2016/509 дугаар гэрчилгээ 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч 5 жилийн хугацаагаар газар ашиглах эрхтэй болсон. Нэхэмжлэгчийн зүгээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу газар ашиглах гэрээг хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна гэж заасны дагуу Хан-Уул дүүргийн хамгаалалтын захиргаанд газар ашиглах гэрээ байгуулахаар оролдлого хийж удаа дараа очсон боловч 2016 оноос хойш Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах газрын төлбөрийн хэмжээг бодитой тогтоохтой холбоотой маргаан захиргааны хэргийн шүүх дээр явж байгаа гэх үндэслэлээр гэрээ байгуулахгүй Д.Дыг буцаасан байдаг. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу гэрээний үндсэн дээр тодорхой зориулалт болзолтойгоор ашиглуулж болно гэж заагаад буцаасан. Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээс гаргасан тогтоолтой холбоотой 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хэм хэмжээний актад бүртгэсэн байдаг.
Байгаль орчны яамнаас тодруулахад энэ өдөр бас тодорхой бүртгэл хийсэн талаар тодруулж хэлдэг. Ингээд 2019 оны 1 сараас эхлэн газрын гэрээ байгуулахаар Богдхаан Уулын дархан цаазат газарт очиход ленд менежер гэх систем нэвтэрч байгаа, өөрөөр хэлбэл газартай холбоотой систем нэвтэрч байгаа талаар хэлсэн. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгүүлэх байдлаар буцаасан. Үүний дагуу мэргэжлийн байгууллагаар байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг хийлгүүлж гэрээ байгуулсан.
Гэрээний дагуу холбогдох үйл ажиллагаа хийгдээд маргаан бүхий газарт давхцалгүй аялал жуулчлалын бүсэд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэхийг дэмжиж байна гэсэн албан бичиг явсан гэтэл, Байгаль орчны үнэлгээ аудитын хэлтсээс энэ хүний газрыг цуцалсан гэх албан бичгийг 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 06/4032 гэх албан бичгээр нэхэмжлэгчид ирсэн. Үүний дагуу Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Газар ашиглах гэрээг цуцлахдаа Захиргааны ерөнхий хуульд зааснаар мэдэгдэх сонсгох ажиллагааг огт хийгээгүй. Тушаал баримтыг гаргуулахаар шүүхээс шаардсан боловч нэгдсэн системд байхгүй гэх хариуг өгсөн. Байгаль орчны яамнаас 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр давхцалгүй байгаа талаар бичиг хүргүүлсэн. 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Д.Дын газрыг бүхэлд нь цуцлуулах тухай хүсэлт хүргүүлсэн. Төрийн захиргааны байгууллагын уялдаа холбоо цуцалсан үгүйг нь мэдэхгүй баримтууд харагддаг. Цуцалсантай холбоотой маргаан үүсээд захиргааны хэргийн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад хариуцагч ийм маргаан үүссэнийг мэдэж байсан.
2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр тушаал гарч гуравдагч этгээдэд тухайн газрыг олгосон байсан. Манай газрыг цуцлах болсон үндэслэл нь цахилгаан дамжуулах агаарын шугам угсралтын ажил саадгүй явагдах үүднээс гэж цуцалсан байсан. Үүнтэй холбоотой шүүх хоёр ч удаа үзлэг хийсэн. Өмнөх тушаалаар хүчингүй болгоод нэхэмжлэгчийн газраас 0.16 м.кв газрыг хэсэгчилж цуцалсан байдаг. Давхацсан хэсгийн газрыг хэсэгчилж чөлөөлөөд мөн адил үндэслэлээр цуцалсан байдаг. Бүхэлд нь газрын эрхийг дуусгавар болгох харилцааг цуцалсан нь хуульд нийцэх үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тус шүүхэд нэхэмжлэгч БОАЖСын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/355 дугаартай тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, газар ашиглах эрхийг сэргээлгэх гэсэн шаардалага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
БОАЖС 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Тушаалын холбогдох заалтыг хүчингүй болгох, газар ашиглах эрхийг хэсэгчлэн болон бүхэлд нь цуцлах тухай” А/355 дугаартай тушаал гаргаж иргэн Д.Дын 2.94 га газрыг цуцалсан.
Уг тушаалыг гаргахдаа Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 13-д | "...үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газар тусгай хэрэгцээний газарт хамаарна гэхийг, 43 дугаар зүйлийн 43.6,-д ‘Нөхөх олговор нь газар ашиглаж байгаа иргэн. аж ахуйн нэгж, байгууллагад хамаарахгүй” гэж заасныг 46 дугаар зүйлийн 46.2.-д Засгийн газар нийгмийн зайлшгүй шаардлагыг үндэслэн бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг уг шаардлага арилтал захиргааны журмаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглах тухай шийдвэр гаргаж болно” гэж заасныг мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар 3 зүйлийн 1- д Төрийн захиргааны төв байгууллага нь “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж заасныг, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2,-д гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол" сонсох ажиллагаа явуулахгүй гэж заасныг тус тус үндэслэсэн.
Түүнчлэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1180 тоот санал, ЗГ-н 2017 оны 10 сарын 20-ны өдрийн 44 дүгээр тэмдэглэлийн 9 дэх заалтыг тус тус үндэслэсэн болно” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “БОАЖСын гаргасан тушаал нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйл, 43 дугаар зүйлийн 43.6-д заасныг үндэслэл болгосон. Захиргааны ерөнхий хуулиар сонсгох ажиллагаа хийхгүй байхыг заасан байдаг. Дэд станц барих асуудал нь нийгмийн зайлшгүй ажиллагаа байсан учраас нэхэмжлэгч компанийн газрыг хүчингүй болгосон. 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/313 тушаалаар эхний цуцалсан тушаалаар тодорхой шийдвэрлэсэн учир хүчингүй болгуулах шаардлагагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч компанийн газар чөлөөлөгдөж байгаа учраас гуравдагч этгээдэд олгосон байдаг” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Захиргааны байгууллагаас цуцлах мэдэгдлийг удаа дараа мэдэгдсэн. Тухайн байгууллагын ажиллагааг явуулахад цагдаагийн албан хаагчид хамтран ажилласан байдаг. Нэхэмжлэгч талд аялал жуулчлалын зориулалтаар олгосон” гэв.
Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Бид 2018 оны 12 сараас тухайн газар цуцалсан талаар мэдээлэл аваад санал хүсэлтээ өгсөн байдаг. Гэрчилгээ аваад хоёр хоногийн дараа шүүхэд гуравдагч этгээдээр татагдсан” гэв.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн А/315 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор гуравдагч этгээдээр татагдан орж ирсэн. Энэ захирамж хууль ёсны дагуу гарсан. Учир нь тухайн газар дээр цуцлагдсантай холбоотой дараагийн нөхцөл байдлын үр дүнд гуравдагч этгээд хууль ёсоор бичиг баримтаа өгсөн байдаг. Цуцалсан асуудлыг нэхэмжлэгч яагаад мэдэхгүй, хэсэгчилсэн хэсгийг цуцалсан хэсгийг мэдэхгүй гэж яриад байгааг хэрэгт авагдсан баримтыг харахад тогтоогдоогүй байгаа юм. Зөвхөн энэ хүмүүсээс бус өөр хүмүүс энэ асуудлын талаар яриад явж байсныг мэдэж байна. Хавтас хэрэгт авагдсан баримтаар сонсгох ажиллагаа хийгээгүй гэдэг. Цуцалсан талаар удаа дараа Д.Дд маш олон давтамжтайгаар мэдэгдэл саналыг өгсөн байдаг. Д.Д гэдэг хүнийг андуураад Доржбадам гэж бичээд байдаг гэж хэллээ. Цуцалсан компаниудаас гадна цуцлаагүй компаниудыг цуцлаагүй байна гээд хүсэлтээ Д гаргаад өгсөн байдаг. Цуцалсан талаар өөрөөр хэлбэл мэдэж байсан гэж үзэж байна. Шүүхэд гомдол гаргах эрхийн цаг хугацааны асуудал нөхцөл байдал шүүхэд үүсч байна. Тухайн газрыг авахдаа байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний гүйцэтгэлийн хуудас гэх баримт байх ёстой. Гэтэл энэ хүн шинээр хийлгэх гээд явж байсан нөхцөл байдал харагддаг.
2018 оны 12 сард “Э” компани үнэлгээ гаргуулахад 2019 оны захирамжийн хүрээнд гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгчийг гурвалсан гэрээгээ байгуулаачээ гэрээний үндсэн дээр газрыг ашиглах үндэслэл үүснэ гэдгээр удаа дараа мэдэгдэл санал хүргүүлсэн байдаг. Шүүхийн маргаан байдаг бөгөөд хэрэгт гэрээ байхгүй байгаа юм. Анхнаасаа газраа авахаар ямар нөхцөл байдлаар хохирсон талаар ойлгомжгүй байна. Зорилгот бүхий үйл ажиллагаа явагдаагүй байгаа юм. Үнэлгээ хийлгэсэн гэдэг нь ойлгомжгүй байгаад байна. Нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байна. Хариуцагчийн тайлбарыг дэмжиж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ;
Нэхэмжлэгч Д.Д БОАЖСын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/355 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг, мөн сайдын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/315 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх БОАЖСын А/355 дугаар тушаалын Д-д холбогдох 2.78 га газрыг цуцалсан хэсэг, мөн сайдын “Э” ХХК-д 2.66 га газрыг ашиглуулах зөвшөөрөл олгосон 2019 оны А/315 дугаар захирамж тус тус хууль бус гэж дүгнэв.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/224 дүгээр тушаалаар иргэн Д.Дд Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд 2.94 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгож, 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 2016/509 дугаар гэрчилгээг 5 жилийн хугацаатай олгожээ.
Харин Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д зааснаар гурвалсан гэрээг байгуулаагүй ба энэ нь газрын төлбөрийн асуудал шүүхийн маргаантай байсан нь хүндэтгэх шалтгаан болсон гэх үйл баримттай талууд маргаагүй болно.
БОАЖСын 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай” А/03 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсээр дайран өнгөрөх 220 кВ-ын Сонгино дэд станцаас Зайсан дэд станц хүртэлх 110 кВ-ын 50 км 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын зураг төсөл, барилга угсралтын газрын асуудлыг шийдвэрлэх зорилгоор газар ашиглагч Д.Дын 2.94 га газраас 0.06 га газрыг хэсэгчлэн цуцалж, мөн сайдын 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Тушаал хүчингүй болгох, газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай” А/163 дугаар тушаалын 1 дэх заалтаар дээрх А/03 дугаар тушаалыг хүчингүй болгож, энэ тушаалын 2 дахь заалтаар газар ашиглагч Д.Дын 2.94 га газраас 0.16 га газрыг дээрх үндэслэлээр хэсэгчлэн цуцалсан байх бөгөөд нэхэмжлэгч өөрийн 0.16 га газрыг хэсэгчлэн цуцалсан энэхүү тушаалын өөрт холбогдох хэсэгтэй маргаагүй, энэ хэсгийг хүчингүй болгосон захиргааны байгууллагын шийдвэр гараагүй байна.
Харин нэхэмжлэгч А/163 дугаар тушаалаар цуцлагдсан 0.16 га газар нь дээрх Сонгино дэд станцын барилга угсралтын газартай давхцалтай гэж ойлгон хүлээн зөвшөөрч үлдэх 2.78 га газрыг цуцалсан А/355 дугаар тушаалын холбогдох хэсгийг хууль бус гэж үзэж маргасан ба уг маргаан бүхий тушаалын хавсралтад иргэн Д.Дын ашиглаж байсан газрыг 2.94 га гэж бичиж бүхэлд нь цуцалсан тул энэ бичилтээр нь нэхэмжлэлийн шаардлагадаа “2.94 га” гэдэг байдлаар тодорхойлж өгсөн гэж тайлбарлажээ.
Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13, 43 дугаар зүйлийн 43.6, 46 дугаар зүйлийн 46.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг үндэслэн гарсан хариуцагчийн А/355 дугаар тушаалын Д.Дд холбогдох хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7, 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1-д заасныг үндэслэн “Э” ХХК-д 2.66 га газар ашиглах эрх олгосон А/315 дугаар тушаал Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтуудтай нийцээгүй байна.
Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Монгол улс тусгай хэрэгцээний газартай байна. Улсын тусгай хэрэгцээний газарт дараахь газар хамаарна:”, 16.1.13-д “үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газар;”, энэ хуулийн “гэрээний хугацаа дуусахаас өмнө бусдын эзэмшил газрыг солих буюу эргүүлэн авахад нөхөх олговор олгох” гэсэн 43 дугаар зүйлийн 43.6-д “Нөхөх олговор нь газар ашиглаж байгаа иргэн аж, ахуйн нэгж, байгууллагад хамаарахгүй.”, 46 дугаар зүйлийн 46.2-т “Засгийн газар нийгмийн зайлшгүй шаардлагыг үндэслэн бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг уг шаардлага арилтал захиргааны журмаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглах тухай шийдвэр гаргаж болно” гэж тус тус зохицуулсан.
Харин маргаан бүхий А/355 дугаар тушаалын үндэслэл болсон “...220 кВ-ын Сонгино дэд станцаас Зайсан дэд станц хүртэлх 110 кВ-ын 50 км 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын зураг төсөл, барилга угсралтын газрын...” байршил нь нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй 2.94 га газрын хойд талын 2 цэгт хэсэгчилсэн давхцалтай 0.16 га газрыг А/163 дугаар тушаалаар цуцалсан атлаа энэхүү тушаалаар 2.94 га газрыг бүхэлд нь дахин цуцалсан нь үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид анх олгосон 2.94 га газраас дээрх бүтээн байгуулалтын ажлын хүрээнд давхцалтай 0.16 га газрыг Газрын тухай хуулийн дээрх үндэслэлүүдээр хэсэгчлэн цуцалсантай нэхэмжлэгч маргаагүй бөгөөд үлдэх 2.78 га газар бүхэлдээ улсын тусгай хэрэгцээний газарт давхцалгүй байхад Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасан зохицуулалтад хамааруулж үзэх боломжгүй.
Түүнчлэн хариуцагч маргаан бүхий газарт үндэсний бүтээн байгуулалт хийгдэх улсын тусгай хэрэгцээний газар гэж үзэж иргэн Д.Дд ашиглуулсан газрыг бүхэлд нь хүчингүй болгосон атлаа уг газартай давхцуулан “Э” ХХК-д 2.66 га газрыг ашиглуулсан нь хууль бус байна.
Гуравдагч этгээд “Э” ХХК-д ашиглуулсан 2.66 га газар нь хариуцагчийн 2016 оны А/224 дүгээр тушаалаар иргэн Д.Дд ашиглуулах эрх олгосон 2.94 га газартай бүхэлдээ давхцалтай бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын иргэн Д.Дд аялал жуулчлалын зориулалтаар дээрх газрыг ашиглуулсан бөгөөд “Э” ХХК-д аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар газар ашиглуулсан гэх тайлбар гуравдагч этгээдийн газар ашиглах эрх хууль ёсных гэж үзэх хууль зүйн боломжгүй.
Ийнхүү хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргээс дүгнэлт хийхэд БОАЖСын А/355 дугаар тушаалын Доржпаламд холбогдох 2.78 га газрыг цуцалсан хэсэг, мөн сайдын “Э” ХХК-д 2.66 га газрыг ашиглуулах зөвшөөрөл олгосон 2019 оны А/315 дугаар захирамж тус тус хууль бус байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг үндэслэн ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.13, 43 дугаар зүйлийн 43.6, 46 дугаар зүйлийн 46.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1-д заасныг тус тус баримтлан БОАЖСын А/355 дугаар тушаалын Доржпаламд холбогдох 2.78 га газрыг цуцалсан хэсэг, мөн сайдын “Э” ХХК-д 2.66 га газрыг ашиглуулах зөвшөөрөл олгосон 2019 оны А/315 дугаар захирамж тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч БОАЖСаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР