Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Амгалангийн Насандэлгэр |
Хэргийн индекс | 128/2020/0023/З |
Дугаар | 128/ШШ2019/0703 |
Огноо | 2019-10-18 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2019/0703
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэл гаргагч: Л.Б.
Хариуцагч: ЧДЗД.
Гуравдагч этгээд: Б.Х.
Нэхэмжлэлийн шаардлага: “ЧДЗД-ын 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/196 дугаар захирамжийн Б.Хт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ЧДЗД-ын 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/196 дугаар захирамжийн Б.Хт холбогдох хэсгийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүчингүй болгохыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А, нэхэмжлэгч Л.Б, түүний өмгөөлөгч З.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, гуравдагч этгээд Б.Х, түүний өмгөөлөгч У.Б, гэрч Ц.Г, Н.О нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Л.Б Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 1 дүгээр гудамжны 1В тоотод 2003 оноос хойш амьдарч байгаа билээ. Нийслэлийн засаг даргын 2013 оны А/414 тоот захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 402 м.кв энэхүү газрыг өмчлөн авч өнөөдрийг хүртэл амьдарч байна.
Анх ЧДЗД-ын 2008 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 203 тоот шийдвэрийг үндэслэн 604 м.кв газрыг эзэмших болсон. Манай гэр бүл энэ газрыг өөрсдийн хүчээр хог асгадаг жалга байсныг цэвэрлэж 30 машин шороо асган тэгшилж хашаа барин Засаг даргын захирамж гаргуулан амьдарч эхэлсэн. Гэтэл Г гэгч этгээд маргаан үүсгэн шүүхээр асуудал шийдвэрлэгдэн 2012 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн А/113 тоот захирамжаар газрыг хуваан эзэмшүүлсэн. Энэ газарт В.Г хашаа бариагүй, огт ашиглаагүй өнөөдрийг хүрсэн. 2018 оны 9 дүгээр сараас Б.Х гэдэг хүн хашаа барина газар чөлөөл гэж миний өмчлөлийн газарт халдах боллоо.
Б.Х гэдэг энэ хүнийг би огт харж байгаагүй яагаад намайг өмчилсөн газраас хөөх байгаа гээд ойлгохгүй лавлахад ЧДЗД-ын 2012 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн А/196 тоот шийдвэрээр газар эзэмших болсон гэж тайлбарладаг. Б.Хын миний өмчлөлийн газарт хашаа барих гэж байгаа үйлдэл нь манай гэр бүлийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна гэж үзэж танай шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Б.Х өнөөдрийг хүртэл энэ газар дээр хашаа ч бариагүй байгаа нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан 2 жилээс дээш гэрээний болзол, зориулалтын дагуу ашигласангүй гэж үзэж байна.
Иймд Газрын тухай Монгол улсын хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6- д заасны дагуу ЧДЗД-ын 2012 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн А/196 тоот захирамжийн Б.Хт холбогдох хэсгийг хүчингүй болгохыг ЧДЗДд даалгах шийдвэр гаргаж өгнө үү.
Чингэлтэй дүүргийн Газрын албаны дарга нь тухайн үед бодит байдлыг газар дээр нь очиж үзэхгүйгээр 9 дүгээр хорооны Дэнжийн ******* тоот хаяг зохиож Б.Хт 2012 онд газар эзэмшүүлэхээр гаргасан шийдвэр нь одоо миний амьдарч байгаа өөрийн өмчлөлийн газрын орох, гарах үүд хаалгыг хааж байгаа нь Газрын тухай хууль зөрчсөн асуудал болно. Иймд энэхүү тодруулгыг хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагад оруулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “ЧДЗД-ын 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гарсан захирамж байсан. Миний бие 2013 оноос хойш нэхэмжлэлд дурдсан хаяг дээрээ өнөөдрийг хүртэл амьдарч байгаа юм. Би 2008 онд албан ёсоор газар эзэмшлийн гэрчилгээг авсан. ЧДЗД-ын 203 дугаар захирамжаар 604 м.кв газар эзэмших гэрчилгээ авсан. Төлөвлөлтөнд тусгагдаагүй газар дээр газар олгосон гэдэг үндэслэлээр Захиргааны хэргийн шүүхэд хэрэг үүсч уг газрыг эзэмших ашиглах эрх олгох нь үндэслэлгүй гэж шүүхийн шийдвэр гарсаар байтал уг газарт хаяг нэмж үүсгэж газар олгох тухай захирамжийг ЧДЗД гаргасан байдаг. Хэрэв хууль ёсны дагуу газар олгох журмыг баримтлаж, 2013 онд газар эзэмших эрхийн захирамж гаргах шаардлагатай байсан бол үүнийг тодруулах шаардлагатай байгаа талаар тус дүүргийн газрын албаны даргатай уулзахаар 2012 оны 1 сард хандахад намайг өрөөнөөсөө хөөж гаргаж байсан.
Тухайн үед газрын албаны газар зохион байгуулагч Ө гэдэг эмэгтэй газарт үзлэг хийхээр ирж байсан. Тухайн үед аль нь хэний газар гэдгийг ялгаж салгасны дараа тухайн газар дээр үзлэг хийлгүүлэх хэрэгтэй байна гэж хэлж байсан. Улмаар эхлээд ******* гэдэг хүнтэй нүүрэлдэн уулзах шаардлагатай байна гэдгээ хэлсэн. Үүний дараа Засаг даргын шийдвэр гарсан байсан. Иргэн хоорондын маргаан буюу газрыг хэний эзэмшлийн газар гэдгийг ялгаагүй байж, өөрсдийн эрх мэдлийг хэтрүүлэн ашиглаж ийм захирамж гарсан гэж үзэж байна. Гуравдагч этгээд анхнаасаа аль нь өөрийн газар гэдгийг тогтоолгож, хашаагаа хатгаж бариагүй байж, сүүлд 2012 оноос хойш 7 жилийн дараа миний газар, хашаа барина гэж гарч ирж байгаа нь өөрөө учир дутагдалтай байна. Газрын албанд ч бүртгэл нь байхгүй байсан. Гэтэл бүртгэлгүй байгаа газрыг одоо болтол миний газар гэж маргаад байгаа нь өөрөө хууль бус юм. Иймээс миний эрх зөрчигдсөн учраас нэхэмжлэл гаргасан. Засаг дарга захирамж гаргахдаа хэний эзэмшлийн газар гэдгийг тогтоох ёстой байсан. Өрх толгойлсон эмэгтэй хүн яагаад өөрийн эзэмшил газар дээр эзэн болж болдоггүй юм бэ. Яагаад өрх толгойлсон эмэгтэйг дээрэлхээд яваад байх ёстой юм бэ гэх асуудал хүртэл яригдаж байна. Б.Х гэдэг хүн өөрөө амьдарч байгаагүй гэдэг нь тодорхой харагдаж байхад яагаад миний газар гэж дайраад байгаа нь ойлгомжгүй. Юугаар өөрийнхөө газар гэдгийг нотлоод байгаа нь харагдахгүй байна. Хууль хүн бүрт адил тэгш үйлчлэх хэрэгтэй.
Гуравдагч этгээд Б.Х гэдэг хүн анхнаасаа н.Гыг хууль бус ажиллагаа хийсэн гэдгийг мэдэж байсан. Тухайн газар зарагдаагүй учраас одоо миний эзэмшлийн газар гэж тайлбарлаад маргаад байгаа юм. Учир нь тухайн газрын урд талын газрын эзэн н.Ж гэдэг хүн “Танайх энэ газраа 60 сая төгрөгөөр зарах гэж байгаа юу” гэж асууж байсан. Энэ хүн анхнаасаа ашиг сонирхлын үүднээс авсан гэж үзэж байна. Үнэхээр ашиглахаар байсан бол надтай уулзах байсан. Миний эрх ашгийг хөндөөд байгаа учраас энэхүү газрыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага ойлгомжтой гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан гэрээнд заасан нөхцөлөөр ашиглаагүй нөхцөл байдал байгаа учраас Засаг даргад хүчингүй болгуулахыг даалгана гэж заасан байдаг. Б.Хын орох гарах гарцыг хаагаад байгаа асуудлын улмаас олон жил ашиглаж чадахгүй байсан. Ийм учраас Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан газрыг 2 жил ашиглаагүй нөхцөл байдал бий болсон. Шүүх захиргааны актыг түдгэлзүүлсэн захирамж бол хэрэгт байхгүй. Түрүүчийн шүүхийн шийдвэртэй огт хамааралгүй нэхэмжлэл гаргасан гэж тайлбарладаг. Гэтэл өмнөх шүүхийн шийдвэрээр газрын маргааны асуудлыг шийдвэрлэж байсан. Б.Х тухайн газрыг ашиглаагүй учраас даалгах бүхий нэхэмжлэл гаргасан. Үүнийг зөвөөр ойлгох хэрэгтэй. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа ч өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлагатай хамааруулж ялгаж салгаж ойлгох хэрэгтэй байна.
Үүнээс хойш континерын асуудал гарч ирсэн. Хоосон газар байхад үүнийг ашиглаж байна гэж ойлгох хэрэг үү. Тухайн газарт хэн ч, юу ч байхгүй байгаа байдлыг ашиглана гэж ойлгохгүй. Б.Хын өмгөөлөгч гэх хүн орж ирээд Б.Хт гай болж байна. Хоосон газрыг бид үзлэг хийж ашигласан гэж үзэхгүй. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй бид огт маргаагүй. Засаг даргад даалгаж өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан.
Төрийн захиргааны байгууллагад урьдчилан шийдвэрлүүлэхээр хандсан байдаг. Уг гомдлын дагуу яг адил хариунууд бичээд өгсөн байдаг. Нэхэмжлэлийн шаардлагад орох гарах гарцны асуудалд эрх ашиг нь хөндөгдөөд байгаа учраас Л.Б нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтаар Б.Х тухайн газрыг ашиглаагүй гэж үзэх үндэслэлтэй. Хоёрдугаарт гэрчүүдийн мэдүүлгээр батлагдаж байна гэж ойлгож байна. Эдгээр баримтуудаар нэхэмжлэлийн шаардлага нотлогдоно гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна” гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Л.Бын нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Иргэн Л.Б нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу 3 шатны шүүхээр хянан шийдвэрлэгдэж 2012 оны А/196 дугаар захирамжийн Б.Хт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч шүүхийн өмнөх хоёр шийдвэрийн процессыг тайлбарласан гэж ойлголоо. Өмнөх хоёр шатны шүүхийн шийдвэрийг үндэслэж захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж ойлгохоор байна. Нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдөж байгаа гэж тайлбарлаад байгаа боловч шүүхийн шийдвэр гараад хүчин төгөлдөр болсон. Нэхэмжлэгчийн газар нь 402 м.кв бүхий газрын Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/414 захирамжаар тухайн газрыг Л.Бд өмчлүүлсэн байдаг.
Нэхэмжлэгч Л.Бын эрх ашиг хэрхэн яаж хөндөгдөөд байгаа талаар ойлгомжгүй. Өмнөх шүүхийн шийдвэрийг үндэслэж гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулах гэдэг нь шүүх нэгэнт шийдвэрлэсэн асуудлыг дахин хэлэлцэхгүй талаар хуульд заасан. Газрын тухай хуульд газрыг 2 жил дараалан эзэмшиж, ашиглаагүй бол тухайн газрыг эзэмших эрхийг хүчингүй болгуулах талаар тусгасан. Энэ нь Засаг даргын үүрэг биш, эрх хэмжээний асуудал. Мөн нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан хоёр жил дараалан эзэмшиж ашиглаагүй гэдгийг нотлоогүй. Хэрхэн эрх ашиг нь хөндөгдөөд байгаа нь тодорхойгүй байна. Хэрэв эрх ашиг нь хөндөгдөж байсан бол Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/414 дүгээр захирамжийг яагаад гаргуулсан байна вэ. Иймд Л.Б нь өөрөө нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэгч Л.Б нь өөрийн эрхээ яриад байгаа боловч үүргээ ухамсарлахгүй байна. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд бусдын газар эзэмшихтэй холбогдсон газар эзэмших эрхийг зөрчихгүй байх талаар тусгасан. Гэтэл зориулалтын дагуу эзэмших эрхэд санаатай саад болсон. Гуравдагч этгээдийн газарт нэхэмжлэгч Л.Бын бие засах газар нь байрлаж байдаг. Газраа зориулалтын дагуу эзэмшиж ашиглаагүй талаар хэрхэн нотолж байгаа баримт байхгүй байна. Засаг даргын өөрийн хууль ёсны эрхийн дагуу олгогдсон эрхийн хүрээнд гаргасан захиргааны акт байдаг. Захиргааны актанд хэн нэгэн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг бол зөрчөөгүй. Газартай холбоотой асуудлаар н.******* гэх этгээдээс Б.Х эрх шилжүүлэн авсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлага өөрөө тодорхойгүй бүрхэг байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч этгээд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тус шүүхэд Л.Бын нэхэмжлэлтэй хариуцагч ЧДЗД-ын 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/196 тоот захирамжийн Б.Хт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай Захиргааны хэрэгт Б.Х намайг гуравдагч этгээдээр татсан тул дараах тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгч Л.Б нь нэхэмжлэлд дурдсан Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 1-1В тоот гэсэн ийм хаягаар ******* тоот газарт албан ёсны бүртгэлтэй гэж нэхэмжлэл гаргасан байна. Гэтэл энэ хүн уг нь Чингэлтэй дүүргийн Дэнжийн******* тоот газрыг эзэмшсэн. Харин би Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн ******* тоот газрыг албан ёсоор эзэмшдэг. Миний зүгээс өөрийн эзэмшлийн газраа эзэмших, ашиглах, хуваасан газраа тусгаарлах хашаа барих гэхээр элдвээр саад хийж миний газар эзэмших, эдлэх, ашиглах эрхэд ноцтойгоор халддаг болно. Ийм учир энэ хүний хууль бус үйлдлийг таслан зогсоолгох, манай газар дээр байршуулсан контейнер, жорлонг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны гаргасан боловч Захиргааны хэргийн шүүхэд маргаан үүссэн тул хэргийг хэрэгсэхгүй болгосон байгаа. Уг хэргийг шийдвэрлэх явцад шинжээч томилж албан ёсны дүгнэлт гарсан. Үүгээр хоёр талын газрын хэмжээ, байршил, дугаар зэргийг тогтоосон болно.
Л.Б нь хороо, дүүрэг газрын алба зэрэг бүхий л шатны албан тушаалтан нартай зүй бусаар харьцдаг, хэл амаар дарамт үзүүлэн айлган сүрдүүлдэг учир холбогдох албан тушаалтан, ажилчид надад төрийн үйлчилгээ үзүүлэхээс татгалздаг болно. Нэхэмжлэгчийн гаргаж буй газар болон Засаг даргын шийдвэрлэсэн шийдвэртэй холбоотой асуудлыг Захиргааны хэргийн шүүх эцэслэн шийдвэрлэсэн учраас энэ хүн нэхэмжлэл гаргах үндэслэлгүй юм. Энэ шийдвэр тогтоолыг хэрэгт хавсаргасан байсан. Намайг газраа эзэмшиж ашиглаагүй учир газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан шаардлагыг хангаагүй учир Засаг даргын А/196 тоот захирамжийн Б.Хт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэсэн нь үндэслэлгүй юм. Би тухайн газартаа өөрийн хүнийг харж хамгаалуулахаар буулгасан боловч Л.Б нь дээрэлхэж, хөөж тууж, тог цахилгааныг нь тасалж дураараа жорлон барьж, контейнер байршуулж дарамт шахалт үзүүлсээр ирсэн нь миний эзэмшлийн газрыг буцаан авах гэсэн зорилгын хэлбэр байна. Иймд Л.Бын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн шүүх хуралдааны үед гаргасан тайлбараа: “Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь ойлгомжгүй. Өмнө нь хэлэлцэж байсан асуудлаар дахин давтан гаргасан нэхэмжлэл байсан. Нэхэмжлэгч нь Б.Хыг Газрын тухай хуулийн 40.1.6-д зааснаар газрыг 2 жилийн хугацаанд эзэмшиж ашиглаагүй гэж тайлбарладаг. Хатанбаатарт нэр шилжин очсон асуудлыг газрын алба тогтоосон талаар хуульд заасан үндэслэл нь хаана байна вэ. Нөгөө талаар хэрэгт цугларсан нотлох баримтыг авч үзвэл 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Л.Бын нэхэмжлэлтэй хэрэг байдаг бөгөөд хууль бусаар газрыг хураасан, эрх ашгийг нь хөндсөн талаар асуудал нь шийдэгдсэн. Харин гуравдагч этгээдийн газраа эзэмших ашиглах эрхэд нэхэмжлэгч өөрөө саад болоод байна. Нөгөө талаар аргагүйн эрхэнд хэргийн газар үзлэг хийсэн. Орох гарах эрхийг хаасан гээд байгаа нь өөрийнхөө хашааны хаалгаар яагаад орж гарч болохгүй байгаа хэрэг вэ. Шүүхэд хэргийг хэлэлцэх гэхээр нэхэмжлэгч удаа дараа нэхэмжлэлээ дэмжиж ирдэггүй. Үүнээс болж бусдыг цаг хугацааг барж, ажил албанд нь саад учруулсаар ирсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд нотлох баримтыг үнэлэх заалт байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү.
Б.Х нь манаач гэх этгээдтэй харилцан тохиролцоод газраа мануулахаар тохиролцсон байдаг. Нэхэмжлэгч тал энэ газрыг Б.Х ашиг сонирхлын үүднээс авсан гэж хэллээ. Хэн ч этгээд хувийн ашиг сонирхлын үүднээс газрыг авах нь ойлгомжтой хэрэг. 1 жилийн өмнө нэхэмжлэгч нэхэмжлэл гаргаад Б.Хт холбогдох хэсгийг мөн хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байсан. Захиргааны хэрэг үүсгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад хууль ёсны газар эзэмших эрхтэй газар дээр өөрөө үйл ажиллагаа явуулсан байдаг. Энэ нь орц гарцыг нь хаасан гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байдаг. Сүүлд манаач континерийг хулгайлаад орох гарах гарцыг нээгээд өгсөн байсан. Шүүхийн шийдвэрийг иргэн хэн ч байсан дагаж мөрдөх үүрэгтэй. Засаг дарга гэрчээр мэдүүлэг өгөөд гарахдаа нэхэмжлэгчээс зөвшөөрөл аваад гарч байгаа сонин байдал харагдлаа. Өөрийн эзэмшиж ашиглаж байгаа газраа эрхийн дагуу ашиглах гэхээр шүүхээр шийдвэрлүүлэхээр болж гуравдагч этгээдээр шүүхэд дуудагддаг. Арга хайхдаа энэ хүн Иргэний хэргийн шүүхэд хандсан байдаг. Амьдран оршин суух, эзэмшиж ашиглах гэдэг нь хоорондоо өөр ойлголт. Засаг дарга ч үүнийг ойлгохгүй байгаа юм. Тухайн газар дээр амьдарч байгаа иргэдтэй харилцаж байгаа нэг тусдаа ойлголт. Газрыг эзэмшиж, ашиглаж байгаа харилцаа нэг тусдаа асуудал байгаа юм. Заавал хашаа хороо хатгаж, хязгаарлах үйлдэл хийж байж өөрийн газар болох хэрэг үү. Хязгаарлах үйлдэл хийхгүй байвал бусдын газар болох хэрэг үү. Үйл баримтын явц дунд гарсан орох гарах эрхийг хаасан асуудал нь захиргааны хэрэг үргэлжлэн явагдаж байх дунд гарсан асуудал байсан. Энэ хүн хууль тогтоомж шүүхийн шийдвэрээ дагаж мөрдөж байгаа бол өөрөө өөрийнхөө хашаанаас орох гарах гарцаа гаргах ёстой. Яагаад хүний өмнөөс энэ хүн хэрэгжүүлэх үүрэгтэй байгаа нь ойлгомжгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4-т заасан процесс аль хэдийн явагдсан. Нэхэмжлэгч газартай маргаагүй гэсэн мөртлөө эцсийн санаа нь газар гэж ойлгохоор байна. Хэргийн оролцогч нар үнэн зөв тайлбар гаргах, бодит үнэнд нийцсэн мэдүүлэг гаргах үүрэгтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ;
Нэхэмжлэгч Л.Б ЧДЗД-ын 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/196 дугаар захирамжийн Б.Хт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ЧДЗД-ын 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/196 дугаар захирамжийн Б.Хт холбогдох хэсгийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүчингүй болгохыг хариуцагчид даалгах гэж өөрчилжээ.
Шүүх дараахь үндэслэлээр ЧДЗД-ын 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/196 дугаар захирамжийн Б.Хт холбогдох хэсгийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүчингүй болгохыг хариуцагчид даалгах үндэслэлгүй гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Анх Б-д ЧДЗД-ын 2008 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 203 дугаар захирамжаар газар олгохдоо Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д заасныг зөрчсөн гэж дүгнэн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 146 дугаар шийдвэр,уг шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн 273 дугаар магадлал, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээсэн хяналтын шатны шүүхийн 254 дүгээр тогтоол, мөн Б-ын нэхэмжлэлтэй иргэн В.Г, Б.Х нарт холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 221 дүгээр шийдвэр,шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн 326 дугаар магадлал, шийдвэр магадлалыг хэвээр үлдээсэн хяналтын шатны шүүхийн 231 дүгээр тогтоолууд тус тус хуулийн хүчин төгөлдөр байна.
Харин нэхэмжлэгч энэ удаагийн нэхэмжлэлийн шаардлагаа гуравдагч этгээд Б.Х дүүргийн Засаг даргын 2012 оны А/113 дугаар захирамжаар олгосон 402 м кв газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй байхад захиргааны байгууллага Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохгүй байгаа нь болон нэхэмжлэгчийн орох гарах гарцыг хааж эрхийг хязгаарлаж байгаа нь хууль бус гэж тодорхойлжээ.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “...нийслэл....дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй;” гэж зохицуулсан.
Газар эзэмшигч хуулийн дээрх шаардлагыг хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавих, зөрчсөн тохиолдолд эрхийн гэрчилгээг хүчингүй болгох чиг үүрэг нь шат шатны Засаг дарга түүний газар зохион байгуулалтын албанд байгаа бөгөөд энэ талаар газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас ямар нэг шийдвэр гараагүй байна.
Түүнчлэн энэ хэргийн гуравдагч этгээд Б.Х хуулийн дээрх заалтыг зөрчсөн нэхэмжлэгч Л.Бд Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/414 дүгээр захирамжаар 402 м кв газрыг өмчлүүлснээс хойших хугацаанд маргаан бүхий газрын орц гарцыг хаасан, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн үйл баримт тогтоогдсонгүй.
Нэхэмжлэгч маргаан бүхий 402 м кв газрыг 2013 онд А/414 дүгээр захирамжаар өмчилж авснаас хойших хугацаанд газрын хэмжээ байршилд өөрчлөлт ороогүй бөгөөд энэ хэмжээгээр газар эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын шийдвэрийг нэхэмжлэгч зөвшөөрч газраа өмчилсөн атлаа одоо орц гарц хаасан асуудлаар шаардлага гаргах боломжгүй.
Нөгөө талаар нэхэмжлэгч орц, гарц хаасан болон гуравдагч этгээд газраа зориулалтын дагуу ашиглаагүй талаар тухайлан газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хандаагүй байна.
Шүүхийн мэтгэлцээний явцад нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нараас дээрх асуудлаар Нийслэлийн Засаг даргад хандаж хүсэлт гаргасан гэх боловч Нийслэлийн газрын албаны 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02-06/6061[1] дүгээр албан бичгээс үзэхэд энэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хүсэлт гаргасан гэж үзэхээргүй байна.
Түүнчлэн гуравдагч этгээд Б.Х өөрийн эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглаагүй Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх талаар шийдвэр гаргах эрх нь зөвхөн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад байна.
Мөн нэхэмжлэгчийн өмчлөлийн болон гуравдагч этгээдийн эзэмшлийн газар ямар нэг хэмжээгээр давхцалгүй болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2/853 дугаар албан бичгээр[2] тогтоогдсон байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг үндэслэн ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг удирдлага болгон ЧДЗД-ын2012 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/196 дугаар захирамжийн Б.Хт холбогдох хэсгийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүчингүй болгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэгч Л.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР
[1] Хэргийн 15 дугаар хуудас
[2] Хэргийн 125-129 дүгээр хуудас