Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 128/шш2019/0655

 

       Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: “У” ХХК.

         Хариуцагч: АМГТГКХ.

       Нэхэмжлэлийн шаардлага: “У” ХХК-ийн эзэмшлийн Төв аймгийн Заамар сумын нутаг дахь “*******” нэртэй талбай бүхий XV-******* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулж, эрхийг сэргээж, хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож,  хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ам нар  оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч “У” ХХК-ийн захирал Х.О шүүхэд гаргасан нэхэмжлэл түүний үндэслэлдээ:  “Урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны тухайд уг асуудлаар Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хандан 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 03/01 тоот албан бичгээр хүсэлт тавихад түүний хариуд 2019 оны 04 дүгээр сарын 03-ний өдрийн 1/2028 дугаар албан бичгээр “...Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг Төрийн захиргааны байгууллагад холбогдох баримт бичгүүдийг хавсаргана гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийг сунгуулах тухай өргөдлийг ирүүлээгүй байна” иймд хүсэлтийг тань хүлээн авах боломжгүй гэх хариу ирүүлсэн тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно.

       Нэхэмжлэлийн үндэслэлдээ “Манай компани нь Төв аймгийн Заамар сумын нутаг дахь “*******” нэртэй талбай бүхий ХV-******* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр эзэмших эрхтэй болсон байдаг.

       Уг тусгай зөвшөөрлийн хугацаа 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл байсан ба Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5- д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах” гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаагаа 3 жилээр 2 дахь удаагаа сунгуулах эрхээ эдлэх, мөн хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, хайгуулийн тусгай зөвшөөрлийн хуулбар, үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” зэргийг хавсарган хүсэлтээ гаргах эрхийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас эдэлж чадаагүй байдаг.

          Хуульд заасны дагуу 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар эрх бүхий байгууллага болох Төв аймгийн Заамар сумын Засаг дарга, Байгаль орчны хяналтын улсын байцаагч нарт хандсан боловч тус албан тушаалтнууд нь хуульд заасан хугацаанд баталж өгөлгүйгээр 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ХV-******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн 2019 оны менежментийн төлөвлөгөөг баталж өгсөн байдаг.

          Үүнийг бид ямар нэг байдлаар хурдлуулах боломжгүй бөгөөд дээрх хуулийн заалтын дагуу тусгай зөвшөөрлийнхөө хугацааг сунгуулах хүсэлтдээ зайлшгүй хавсаргах ёстой баримт учир төрийн захиргааны байгууллагаас гарах шийдвэрийг хүлээхээс өөр арга байгаагүй билээ.

       Энэ тухайгаа 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 12/15 дугаар албан бичгээр мэдэгдэж, төлөвлөгөө батлагдсаны маргааш өдөр нь буюу 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 12/20 дугаар албан бичгээр Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг эх хувиар нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хүргүүлж ХV-******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан шийдвэр гаргахыг хүссэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэг шийдвэр гараагүй нь хууль бус эс үйлдэхүй гэж үзэж байна.

        Өөрөөр хэлбэл хэрэв Төв аймгийн Заамар сумын Засаг дарга, тус сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч нар хуульд заасныхаа дагуу манай компанийн Байгаль орчны 2019 оны менежментийн төлөвлөгөөг баталж өгсөн бол тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусахаас 1 сарын өмнө хүсэлтээ гаргах бүрэн боломжтой байсан.

         Орон нутгийн удирдах байгууллагаас зохих шийдвэрийг гаргаагүй байхад бид зөвхөн хуулийн хугацааг биелүүлэх үүднээс хавсаргах ёстой баримтыг хавсаргалгүйгээр өгөх нь Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хугацааг сунгахгүй байх үр дагаварт хүргэх бөгөөд болж үйл явдлын талаар бодит нөхцөл байдлыг тайлбарласан мэдээллийг хариуцагчид хүргүүлсэн байдаг.

     Тодруулбал манай компани өөрсдөө хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн буруутай биш бөгөөд компаниас үл хамаарах шалтгаанаар хуулийн хугацаа хэтэрсэн байхад хариуцагч байгууллагаас үүнийг анхаарч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах шийдвэр гарахгүй байгаа нь хууль бус гэж үзэж байна.

        Товчхондоо бодитоор хууль зөрчсөн үйлдлийнхээ хариуцлагыг хүлээх ёстой болохоос бус ямар нэг буруу үйлдэл хийгээгүй байхад хуулиар хамгаалагдсан эрхээ зөрчүүлж, хариуцлага тооцуулах нь үндэслэлгүй бөгөөд энэхүү тохиолдолд манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол үндэслэлгүйгээр зөрчигдөж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжийг хязгаарласан нь дээрх үндэслэлүүдээр нотлогдох тул дээрх хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж хайгуулын ажлаа цааш үргэлжлүүлэх боломжоор хангаж ХV-******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хугацааг сунгасан шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү” гэжээ.

         Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч компани нь Төв аймгийн Заамар сумын нутагт хайгуулын тусгай зөвшөөрлийг 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр эзэмших эрхтэй болсон. Үүнээс хойш хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших хугацаа хуулинд зааснаар 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хүчинтэй гэж үзсэн.

       Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах;” гэж заасны дагуу зөвшөөрөл олгогдсон байдаг. Мөн хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:” гэж заасан байдаг. Үүнд хамгийн чухал ач холбогдолтой зүйл нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт гэдэг. Энэ баримтыг заавал хавсаргаснаар хүсэлтээ өгсөн байх ёстойг шаардсан. Энэ баримтыг хавсаргаагүй явдал нь нэхэмжлэгч компани хүндэтгэх үзэх шалтгааны улмаас гаргаж чадаагүй гэж үзэж байна. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар эрх бүхий байгууллагад тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 2 сарын өмнө албан бичгээр хандаж төлөвлөгөөг өгсөн.

          Гэтэл энэ төлөвлөгөөг хуульд заасан хугацаанд баталж өгөөгүйгээр байлгаж байгаад 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр баталж өгсөн. Энэ талаар Ашигт малтмалын Кадастрын хэлтэст удаа дараа албан бичгүүдээр мэдэгдсэн боловч танай хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дууссан гэх үндэслэлээр шийдвэрлэхгүй байгаа нь нэхэмжлэлийн хугацаа сунгах эрхийг зөрчиж байна.

         Бидний зүгээс менежментийн төлөвлөгөөг батлуулж байж хүсэлтээ өгөх шаардлага бий болсон. Энэ талаар хүсэлтээ удаа дараа мэдэгдсэн боловч Кадастрын хэлтсийн дарга нараас энэ талаар шийдвэрлэх боломжгүй гэсэн учраас өнөөдрийн байдлаар нэхэмжлэл гаргасан. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

        Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “У” ХХК-ийн гаргасан тус компанийн эзэмшлийн ХV-******* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

        Төв аймгийн Заамар сумын нутаг “*******” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-01622 дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэрээр “У” ХХК-д олгосон байна.

        Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана” гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ирүүлэхээр хуульчилсан бөгөөд сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ ашигт малтмалын тухай хуулийн 22.1.1 “хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2 “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3 “байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, 22.1.4 хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг тус тус хавсаргахыг шаарддаг.

      “У” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХV-******* тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн хугацаанд гаргаагүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дүгээр зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан байна. Тодруулбал, хайгуулын ХV-******* тоот тусгай зөвшөөрлийг эзэмшигч “У” ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө хугацаа сунгуулах тухай өргөдлийг манай байгууллагад ирүүлээгүй нь 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэл болсон байна.

        Хугацаа хоцорч өргөдөл гаргах болсон шалтгаанд гадны хүчин зүйл /байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч нар хуульд заасан хугацаанд баталж өгөөгүй/ нөлөөлсөн гэж үзэн тусгай зөвшөөрөл эзэмшигчийг зөвтгөх боломжгүй.

         “У” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг хүлээн авахыг хүссэн 2019 оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн 01/02 тоот албан бичгийн хариуг тус газрын Кадастрын хэлтсээс “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсон тул дахин олгох боломжгүй” хэмээн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 7/471 тоотоор хүргүүлсэн байна. Мөн түүнчлэн тус компанийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 03/01 тоот албан бичигт Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 03-ний өдрийн 1/2028 тоотоор “хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна” гэсэн хариуг хүргүүлсэн байна.

        Иймд “У” ХХК-ийн гаргасан тус компанийн эзэмшлийн ХV-0162.24 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “У” компани нь 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авсан. Хайгуулын хугацаа сунгах өргөдлөө Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан баримтуудыг хавсаргаад төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст ирүүлэх байсан. Гэтэл тус компанийн хуульд заасан хугацаанд 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өргөдлөө өгөх байтал өгөөгүй юм. Ашигт малтмалын Кадастрын хэлтэс хуульд заасан үүргээ биелүүлсэн. Нэг сарын өмнө хугацаа сунгуулах хүсэлтээ хавсаргах материалуудын хамт өгсөн байсан бол ямар ч асуудал байхгүй байсан. Орон нутгийн захиргааны байгууллага менежментийн төлөвлөгөөг батлахгүй байсан асуудлаар Төв аймгийн Заамар сумын Засаг даргад гомдох хэрэгтэй байсан бус уу. Манайд хандах шаардлага байхгүй байсан гэдгийг хэлмээр байна. Танайх хуульд заасан хавсралтаа бүрдүүлж өгөөгүй, хуулийн хугацаа хэтэрсэн учраас өргөдлийг хүлээж авч шийдэх ямар ч боломж байхгүй. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

        Хайгуулын тусгай зөвшөөрөл гаргах хүсэлтээ хуулийн хугацаанд гаргаагүй тул тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

                                                            ҮНДЭСЛЭХ НЬ;

        Нэхэмжлэгч “У” ХХК-ийн захирал Х.О-д Төв аймгийн Заамар сумын нутаг дахь “*******” нэртэй талбай бүхий XV-******* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулж, эрхийг сэргээж, хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож,  хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

         Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

       Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэрээр “У” ХХК-д Төв аймгийн Заамар сумын нутаг “*******” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг олгожээ.

      “У” ХХК ашигт малтмалын хайгуулын XV-******* тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн хугацаанд гаргаагүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан гэж бүртгэсэн хариуцагчийн шийдвэр хууль зөрчөөгүй.

       Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргахаар зохицуулсан байх бөгөөд тус компаний эзэмшлийн дээрх хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр дуусгавар болох байсан, тусгай зөвшөөрөл эзэмшигч хугацаа сунгуулах өргөдлийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө захиргааны байгууллагад гаргахаар байжээ.

      Гэтэл нэхэмжлэгч “У” ХХК тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Кадастрын хэлтэст гаргасан нь хуулийн дээрх заалттай нийцээгүй байна.

     Нэхэмжлэгч компани тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ хуулийн хугацаанд гаргаж амжаагүй нь Заамар сумын Засаг дарга, тус сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч нар хуульд заасны дагуу тус компанийн Байгаль орчны 2019 оны менежментийн төлөвлөгөөг баталж өгөлгүй хугацаа алдсантай холбож тайлбарласан бөгөөд энэ үндэслэлээр хариуцагчийн шийдвэрийг буруутгах боломжгүй.

     Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч сумын Засаг дарга, Байгаль орчны байцаагчийн шийдвэрийн талаар тухайлан маргаагүй, энэ талаар дүгнэсэн эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй байхад компанийн 2019 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан үйл баримтыг тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт гаргах хугацааг хэтрүүлсэнтэй холбож тайлбарлах үндэслэлгүй.

     Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган уг зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ирүүлэхээр хуульчилсан бөгөөд ингэж ирүүлэхдээ хуулийн 22.1.3-д  зааснаар байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг хавсаргахыг шаардаж тусгай зөвшөөрөл эзэмшигчид үүрэгжүүлж зохицуулжээ.

   Нэхэмжлэгч “У” ХХК байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр орон нутгийн эрх бүхий байгууллагад хандсан боловч сумын Засаг дарга “ус ашиглалтын өртэй” гэх үндэслэлээр удаа дараа буцаагдаж байсныг хүндэтгэх шалтгаантай хугацаа алдсан гэж үзэж хариуцагчийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.

          Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д     заасныг баримтлан ТОГТООХ нь:

         1.Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.3-д заасныг баримтлан Төв аймгийн Заамар сумын нутаг дахь “*******” нэртэй талбай бүхий XV-******* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулж, эрхийг сэргээж, хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож,  хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах “У” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.НАСАНДЭЛГЭР