Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 40

 

   Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                           

Шүүх хуралдаанд:

Прокурор                                                Ц.Гэрэлбаатар

Иргэний хариуцагч                               Б.Б

Шүүгдэгч                                                 Л.А

Нарийн бичгийн дарга                         Н.Эрдэнэбулган нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 280 дугаар захирамжтай Л.А-т холбогдох 1715001120039 дугаартай эрүүгийн хэргийг дээд шатны прокурор Г.Лхагвасүрэнгийн эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Орхон аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Орхон аймаг дахь Цагдаагийн газрын аж ахуйн ажилтан, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт  Орхон аймгийн Баян-Өндөр сумын Нарангийн 42-3 тоотод оршин суух, ФМ88041553 регистрийн дугаартай, Ө овогт Л-ы А.

 Л.А нь 2017 оны 08 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутаг "Хөшигтийн ар" гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр Орхон аймгийн Цагдаагийн газарт бүртгэлтэй 38-89 ОРО улсын дугаартай "Hyundai mighty" маркийн тээврийн хэрэгслийг ашиглан 9.113 м.куб нойтон мод, 23.733 м.куб унанги модыг бэлтгэж байгаль экологид 2.044.174 /хоёр сая дөчин дөрвөн мянга нэг зуун далан дөрөв/ төгрөгийн хохирол учруулсан,

 мөн Булган аймгийн Цагдаагийн газраас Л.А-ын зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн үйлдэлд 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангиар хэрэг бүртгэлтийн 171500112 дугаартай хэрэг нээн шалгах үед мод бэлтгэх эрхийн бичигтэй байсан мэтээр урьд нь иргэн Д.Ганзориг, Б.Батгомбо нарын мод бэлтгэхдээ авсан зөвшөөрлийн бичигт засвар оруулан, Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль хамгаалагч Г.Золбоогийн албаны үйл ажиллагаанд ашигладаг тэмдэг дарсан БУА 0078781, БУА 0078800, БУА 0079064 серийн дугаартай Мод бэлтгэх эрхийн бичиг /олгох тасалбар/-ыг 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хураалгаж хэрэгт хавсаргуулан баримт бичиг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 280 дугаар захирамжаар:

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.4, 23.2 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овгийн Л-ы А-т холбогдох эрүүгийн 1715001120039 дугаартай хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж,

Шүүгдэгч Л.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Г.Лхагвасүрэн эсэргүүцэлдээ: “... Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 280 дугаартай захирамжийг шинжлэн судалж үзэхэд:

1. .... Шүүх гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 13-т заасан журмыг зөрчсөн талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна. Иргэний хариуцагчаар Орхон аймгийн Цагдаагийн газрыг тогтоох байтал хэний зөвшөөрөл, итгэмжлэлээр иргэний хариуцагчаар Б.Б-ыг тогтоосон зэрэг дээрх ажиллагааг явуулахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн байна гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Монгол Улсын Их хурлаас баталсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиуд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд Л.А-рын холбогдсон гэмт хэрэг 2017 оны 08 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд гарсан, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу ямар нэгэн ажиллагаа явуулаагүй. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “33.1 дүгээр зүйлийн 13” гэсэн заалт байхгүй бөгөөд шүүгчийн захирамжид дээрх байдлаар хуулийг буруу хэрэглэсэн байна.

2. ... Орхон аймгийн Цагдаагийн газрыг ... гэмт хэргийг бусдаар үйлдүүлсэн, эсхүл хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэхийг зайлшгүй шалгах шаардлагатай. Л.А-ын ажлын байрны тодорхойлолтыг хэрэгт хавсаргах нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой ... гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Л.А-т холбогдох 1715001120039 дугаартай хэргийн 1 дүгээр хавтасны 24 дүгээр хуудсанд Орхон аймаг дахь Цагдаагийн газрын 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 45/02-3196 тоот албан бичиг хавсаргагдсан байх ба уг албан бичгийн агуулгатай танилцаж үзэхэд Булган аймгийн Бугат сумын захиргаанд хандаж мод бэлтгэх зөвшөөрөл олгох хүсэлтийг гаргасан. Мөн 2 дугаар хавтаст хэргийн 207-209 дүгээр хуудсанд Л.А-ын ажлын байрны тодорхойлолтыг хавсаргасан байхад Орхон аймаг дахь Цагдаагийн газар бусдаар гэмт хэрэг үйлдүүлсэн, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй мэтээр дурьдаж, өмнө нь хийгдсэн ажиллагааг дахин хийлгэхээр хэргийг буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” гэсэн шаардлагыг хангахгүй байна.

3. ... Л.А-т холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа гэмт хэрэг үйлдэж бэлтгэсэн 16 ширхэг модыг мөрдөгчийн тогтоолгүйгээр эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл үйлдэж, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл үйлдсэн. Мөрдөн шалгах ажиллагаа харьяаллын бус байгууллагаар хийлгүүлэх тухай 2017 оны 11 дүгээр сарын 24, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрүүдэд мөрдөгч санал хүргүүлсэн байхад прокурор саналыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй. Хохирогч, иргэний нэхэмжлэгчээр Ш.Э-г тогтоосон мөрдөгчийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн тогтоол нь хэний зөвшөөрөл, ямар шийдвэрээр тогтоосон. Иргэний хариуцагчаар Орхон аймаг дахь Цагдаагийн газрыг тогтоох байтал хэний зөвшөөрөл, итгэмжлэлээр иргэний хариуцагчаар Б.Б-ыг тогтоосон нь тодорхойгүй ... гэсэн үндэслэлүүдийг захирамжид дурьдсан ба дээрх үндэслэлүүд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд нөлөөлөхүйц чухал ач холбогдолгүй байна. Учир нь мөрдөн шалгах ажиллагааг харьяаллын бус байгууллагаар хийлгэх тухай мөрдөгчөөс санал гаргах, улмаар прокуророос даалгавар бичиж тухайн ажиллагааг хийлгэхээр хуульд тусгагдсан ба прокурорын даалгавар нь тодорхой ажиллагаа гүйцэтгүүлж, баримт, мэдээлэл цуглуулах эрх зүйн хэлбэр тул эрүүгийн хэрэгт хавсаргахгүй байх талаар Прокурорын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.8-д заасан.

 Шүүгчийн захирамжид тусгагдсан дээрх үндэслэл өмнө нь буюу 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаартай Мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах тухай захирамжид тусгагдаж, давж заалдах шатны шүүхээс 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 31 тоот магадлал гаргасан. Гэтэл анхан шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалд тусгагдсан асуудалд дахин дүгнэлт хийсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд нөлөөлөхүйц чухал ач холбогдолгүй үндэслэл болон нэгэнт хийгдсэн ажиллагааны талаар дахин дурьдаж хэргийг үндэслэлгүйгээр прокурорт буцаасан байх тул дээрх шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус баримтлан дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж байна” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Гэрэлбаатар дүгнэлтдээ: “… Прокурорын эсэргүүцлийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. .. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгох саналтай байна ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл Л.А-т холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлгүй болжээ.

Учир нь: Л.А-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-1.6 дахь хэсэгт заасан нотолбол зохих асуудлууд бүрэн тогтоогдсон, түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй байхад шүүх хэргийг Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.

Шүүгчийн захирамжид дурьдсан үндэслэл болох “...мөрдөгчийн тогтоолгүйгээр 16 ширхэг модыг битүүмжилсэн ... мөрдөгчийн саналыг прокурор хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй ...” зэрэг нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна.

Хэрэв нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгохгүй байх эрхтэй юм.

Мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Э-г тогтоосон мөрдөгчийн тогтоол нь хэний зөвшөөрөл, ямар шийдвэрээр тогтоосон  “... иргэний хариуцагчаар Орхон аймаг дахь Цагдаагийн газрыг татах тогтоох байтал хэний ямар зөвшөөрөл, итгэмжлэлээр иргэний хариуцагчаар Б.Б-ыг тогтоосон ...” гэсэн байх боловч уг хэрэгт Булган аймгийн Бугат сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчны улсын байцаагч ажилтай Ш-ийн Э-г 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр иргэний нэхэмжлэгчээр тогтоосон, Орхон аймаг дахь Цагдаагийн газрын ахлах нягтлан бодогч ажилтай Б-ийн Б-ыг 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр иргэний хариуцагчаар татах тухай тогтоол гаргасан мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,  8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчөөгүй гэж үзнэ.

Хохирогч, иргэний нэхэмжлэгчээр “хүн, хуулийн этгээд”-ийг тогтоох, мөн иргэний хариуцагчаар “хүн, хуулийн этгээд”-ийг татахаар хуульчилсан бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар холбогдох төрийн байгууллагын албан тушаалтныг тогтоосон нь хууль зөрчсөн үндэслэл болохгүй ба  иргэний хариуцагч Б.Б нь “... иргэний хариуцагчаар татах тогтоолтой танилцсан ... 2.044.174 төгрөгийн хохирлыг манай Орхон аймгийн Цагдаагийн газраас төлж барагдуулах юм” гэснээс гадна давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “... байгууллагын удирдлагаас өгсөн үүргийн дагуу иргэний хариуцагчаар оролцож байгаа ...” гэж мэдүүлж байна.

Түүнчлэн Л.А нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэм буруутай үйлдэл нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байхад анхан шатны шүүх “... гэмт хэргийг хууль бусаар үйлдүүлсэн эсэх ... 200.000 төгрөгийг хэнд, хэзээ өгснийг тогтоох ...” гэсэн нь үндэслэлгүй бөгөөд мөн түүний ажлын байрны тодорхойлолт нь 1 дүгээр хавтаст хэргийн 207-209 дүгээр талд авагдсан байна.

Иймд дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгчийн захирамжинд хуулийн нэр, зүйл, хэсгийг бичихдээ техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

   ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 280 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Л.А-т урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧ                                 М.ХҮРЭЛБААТАР

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ё.БЯМБАЦЭРЭН