Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 113/2015/0007/З |
Дугаар | 221/МА2016/0055 |
Огноо | 2016-01-14 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2016/0055
Х.Б-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга ..... нарыг оролцуулан хийж, Говь-Сүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 113/ШШ2015/0008 дугаар шийдвэртэй, Х.Б-н нэхэмжлэлтэй, Говь-Сүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Төрийн албаны зөвлөлийн Говь-Сүмбэр аймаг дахь Салбар зөвлөлд хандахад шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу өгсөн.Миний бие Х.Б нь Говь-Сүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Б-н 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/49 дүгээр тушаалаар 2015 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр ажлын цагаар архи ууж, ажил тасалсан үндэслэлээр ажлаас маань халсныг зөвшөөрөхгүй байгаа юм. Үндэслэл нь 2015 оны 4 дүгээр сарын 19-өөс 24-ний өдрүүдэд миний охин Б.М-н биеэр битүү юм туурч цэцэрлэгт явах боломжгүй болж эмнэлгийн магадалгаа тогтоолгосон юм. 2015 оны 4 дүгээр сарын 19-өөс 23-ны өдрүүдэд багш ажилтай эхнэр А.Зургаанжин хүүхэд харах хүнгүйн эрхэнд охин Б.М-г сургууль руугаа дагуулж явсан юм.
Охин Б.М-н бие өвдөөд сургууль дээр уйлагнаад байна гэх болсон тул би хүүхэд харах хүнгүйн улмаас аргагүй эрхэнд 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Говь-Сүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.М-с хагас өдрийн чөлөө гуйж охин Б.М-г гэртээ харсан юм. Тэрнээс биш 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ажлын цагаар архи уусан, ажлын байран дээр согтуу очсон зүйл огт байхгүй билээ. Харин ч чөлөө өгөх эрх бүхий өөрийн харьяалагдах хэлтсийн даргаас чөлөө гуйж авсан.
Гэтэл үүнийг огт эсрэгээр эргүүлж Говь-Сүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Б, Х.Б намайг шалтгаангүй ажил тасалсан гэж үзэн 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 14 цагт хурал хийхдээ Х.Б нь боловсролын салбарынхантай сонгуулийн ялалт тэмдэглэж, архидаж ажил тасалсан, Х.Б тэнд байсан байж таараа гэсэн хийсвэр зүй бус үндэслэл гарган тавьж намайг ажлаас чөлөөлсөн талаараа хэлсэн.
Би тоглож байгаа байлгүй дээ арай ч ийм хачин үндэслэлээр ажлаас минь халахгүй байлгүй дээ гэж бодон 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ажил дээрээ очтол намайг ажлаас халах тушаалыг гаргачихсан, цалин, амралтын мөнгийг маань бодоод цалингийн карт руу хийчихсэн, миний ажлыг хүлээлцэх комисс томилогдчихсон байсан. Би 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр аргагүйн эрхэнд хүүхдээ харах гэж эрх бүхий даргаас чөлөө гуйж авч явсан шүү дээ, архи дарс уусан ямар нэг асуудал байхгүй, намайг хилсдүүлж байна шүү дээ гэж зөндөө хөөцөлдөж явсан боловч өөдөөс хуурамч цагийн бүртгэл гарган ирж харуулаад чи ажил тасалсан, чи Монгол Ардын намын харьяалалтай, намынхантай нийлж шоудсан биз, чи энд ирэх шаардлагагүй, хөлөө хүрэх газраа явж заргалдаарай чамайг төрийн албанд дахиж ажиллуулахгүй гэж хэлсэн.
Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн хуульд зааснаар төрийн албан хаагч, тогтвортой ажлын байртай байж, ялгаварлалгүй тэгш эрхийн хүрээнд шударгаар ажиллах нөхцөлтэйгөөр хуульд заасан бүхий л эрхийг эдлэх хэрэгтэй гэж үзэж байна. Гэтэл миний эрхийг эрх бүхий албан тушаалтан хувийн намчирхсан байдлаар хандаж ямар нэг нотлох баримтгүйгээр архи уусан, ажил тасалсан гэх худал шалтгаанаар ажлаас халж байгаад үнэхээр гомдолтой байна. 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр намайг архи ууж ажил тасалсан гэж юугаар нотлоод байгааг үнэхээр ойлгохгүй байна. Төрийн албан хаагчийг ажлаас халахад үндэслэл бүхий нөхцөл байдал тавьж түүнийгээ нотлоод шийдвэрээ гаргах ёстой. Би Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасан ямар ч зөрчлийг гаргаагүй. Байгууллагын дотоод журмыг ноцтойгоор зөрчсөн аливаа үйлдэл, үйл ажиллагаа, эс үйлдэхүй гаргаагүй болно. Мөн Төрийн захиргааны албан хаагчийн хувьд ямар нэг намын харьяалалд байдаггүй нам бус болно.
Х.Б би 2000 оноос хойш Говь-Сүмбэр аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, нийгмийн салбарт тогтвортойгоор ажиллаж ирсэн. Захиргааны шийтгэл нэг жилийн хугацаанд хүлээгээгүй, 2014 оны Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээгээр В үнэлэгдсэн төрийн захиргааны албан хаагч билээ. Харин ч аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1.3-д заасан заалтыг ноцтойгоор зөрчиж төрийн албан хаагчдыг нийгмийн байдлаар ялгаварлах, гадуурхах, бусдад давуу тал олгох, зарим эрхийг хязгаарлах замаар ажил хэргээ явуулж байна.
Иймд Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.7. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасны дагуу Х.Б миний гомдлыг хүлээн авч Говь-Сүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Б-н 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/49 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Х.Б намайг Говь-Сүмбэр аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн Боловсрол хүүхэд гэр бүл хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилж, үндэслэлгүйгээр ажлаас халагдсан хугацааны цалинг төрийн албаны цалин бодох аргачлалын дагуу бодон гаргуулж, үндэслэлгүйгээр ажлаас халагдсан хугацаанд бөглөгдөөгүй нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбар болон 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Х.Б нь 2015 оны 4 дүгээр сарын 22, 23, 24-ний өдрүүдэд ажлын байрандаа байхгүй байсан бөгөөд хаана, юу хийж байгааг нь хамт ажилладаг хүмүүсээс нь мэдэх хүн байгаагүй тул асууж сураглахад Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.М-с чөлөө авалгүй ажил хийдүүлэн тасалсан байна.
Иргэн Х.Б-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан болон архи ууж өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн үндэслэлээр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Б/12, 7 дугаар сарын 23-ны өдрийн Б/84 дүгээр тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж байсан ба дээрх зөрчил дутагдлуудыг удаа дараа гаргаж байсан болно.
Иймээс түүний удаа дараагийн зөрчил бүхий үйлдлийг харгалзан Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журамд заасны дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/49 тушаалаар ажлаас халсан.
2015 оны 4 дүгээр сарын 22-нд сонгууль болсон. Сонгуулийн өдөр би бүх албан тушаалтнуудыг ажил дээрээ байх үүргийг өгсөн. Яагаад вэ гэхээр манай төрийн захиргааны албан хаагчид улс төржих магадлалтай байсан. Тиймээс би ажлын цагийг нягт нямбай баримталж, бүх хүмүүсийг ажил дээр нь байлгасан. 23-ны өглөө Х.Б 8 цаг өнгөрч байхад захирамжийн төсөл дээр виз авсан. Виз дээр нь би гарын үсэг зураад хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал тул би эргээд холбогдъё гэж хэлсэн. Үдээс хойш Х.Б ажил дээрээ байгаагүй. Байхгүй болохоор нь би Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М-с асуугаад өрөө рүү нь хэд хэдэн удаа утасдахад 5 дугаар сургууль дээр байгаа, тэнд байгаа гэсэн шалтаг шалтгаан тоочоод байсан. Номын сангийн нээлтийн үйл ажиллагаа ийм урилга өгөөгүй, зузаан цаасан дээр урилга хийсэн байсан. 2015 оны 4 дүгээр сарын 23-ны 5 дугаар сургуулийн номын сангийн үйл ажиллагаанд би биечлэн оролцож, 4-5 хүн дагуулж явж арга хэмжээг нээсэн, зургаар баталгаажуулж ирсэн. Энэ номын сангийн үйл ажиллагаа нь миний санаачилсан том ажил байсан. Энэ мэтчилэн хуурамч баримт бүрдүүлж өгсөн байна. 2015 оны 4 дүгээр сарын 22-нд Х.Б-г ажил тасалсан гэж хэлээгүй, би ажил дээр нь байлгасан гэж бодож байна. 2015 оны 4 дүгээр сарын 23-нд би Х.Б-н гар утас руу нь залгахад хүн таних чадваргүй байсан. Тиймээс би хэлтсийн даргад нь та яагаад энэ хүнийг ажлын цагаар архи уулгаад байгаа юм бэ, энэ хүнээ ажил дээр нь байлга гэж хэлсэн. 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өглөө би протоколыг авч үзэхэд Х.Б-н цаг нь бүртгэгдсэн байсан. Ингээд би, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ч.Д, нийтлэг үйлчилгээний албаны дарга В.Б, харуул А.О нарыг байлгаж байгаад Х.Б ийм согтуу байхад яагаад цаг нь бүртгэгдсэн байдаг юм бэ гэж асуухад 17-18 цагийн хооронд их согтуу орж ирээд цахим бүртгэлдээ хуруугаа дарах гээд хажууд нь зогсож байсан гэж А.О хэлсэн. Тэгэхэд нь би та нар байгууллагын жижүүр хийж энэ олон хүний компьютер, мэдээлэл, нууцыг хариуцаад байж ийм байж болохгүй, болсон процессыг нарийвчилж бичиж бай гэдэг үүргийг өгөөд гаргасан.
Иймд дээрх тушаалыг хууль, эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа учир иргэн Х.Б-н нэхэмжлэлийг бүхэлд нь эсэргүүцэж байна” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нотлох баримтын талаар тайлбар хийе. Нийт 5 гэрч асуулгасан. Хоёр цагийн бүртгэл байгаа. Энэ 2 цагийн бүртгэл хоорондоо нэг их зөрүүгүй байгаа. Зөрүүгүй байгаа байдлаас нь дүгнэлт хийхэд тухайн гэрчийн мэдүүлгүүдтэй дүйнэ. Таван гэрч бүгдээрээ Х.Б-г 4 дүгээр сарын 22-ны өдөр байсан гэж хэлдэг. Цагийн бүртгэл дээр ч мөн байснаар бүртгэгдсэн байдаг. 2015 оны 4 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд ирээд явсан гэсэн мэдүүлгүүд байдаг. Эдгээр мэдүүлгүүдээс харахад Л.М дарга 23-ны өглөө ирчхээд гараад явсан гэсэн байна. Их гарч,орж байсан, үдээс хойш байгаагүй гэж хэлдэг. Хариуцагчийн зүгээс шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудтай холбоотой зарим нэг визийг надаар зуруулсан гэж хэлдэг. Ингээд авч үзвэл 23-ны өдөр үдээс өмнө тодорхой хугацаанд зарим ажлыг амжуулаад эзэнгүй болсон. Ингээд 23-ны 16 цагийн үед хүүхдээ харж байна гэж хэлээрэй гэж хэлсэн төдийгүй хариуцагчийн зүгээс мөн үдээс өмнө болон үдээс хойш утсаар ярьсан талаар хэллээ. Нэхэмжлэгч хүүхдээ гэртээ харсан гэж хэлж байна. Нэхэмжлэгчийн гэр 8 дугаар байранд байдаг. Захиргаа бол 8 дугаар байрны хойд талд их хол биш ойролцоогоор 100-150 метрт байдаг. Тухайн нөхцөл байдалд бол өөрөө биечлэн ирээд нөхцөл байдлаа хэлээд чөлөө аваад явах боломжтой байсан. 2015 оны 4 дүгээр сарын 23-ны орой 17 цаг өнгөрч байхад ирээд компьютероо унтраагаад явсан талаар 2 гэрч мэдүүлдэг. 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр бол тодорхой байгаа. Дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.8-д албан хаагчид өөрт нь буюу түүний гэр бүлд хүндэтгэн үзэх шалтгаан гарсан бол тухайн албан хаагч хүсэлт гаргаж хэлтсийн даргын саналыг авсны үндсэн дээр чөлөө авна, 5.13-т албан хаагчид олгосон чөлөөг хүн нэг бүрээр нь сар тутам бүртгэж санхүүгийн баримтад хавсаргана гэж байгаа.
Гэтэл ийм баримт бүрдсэн тохиолдол 1 ч байхгүй. Бичгээр биш өөрсдөө санаан зоргоороо амаар гэж ойлгосон ч гэсэн амаар гэж үг байхгүй, нэхэмжлэгчийн чөлөө олгосон гэж хэлээд байгаа хэлтсийн дарга би чөлөө олгоогүй гэж өөрөө хэлж байгаа. Гэрч Ц.Т, Г.А, Т.Ч нарын аль нэгээс нь шүүгч чөлөө авсан талаар нь сонссон уу гэж асуухад Г.Анхбаатарын хувьд намайг хүүхэд асарч байгаа гэж хэлээрэй гэж хэлсэн гэж мэдүүлсэн. Тэгэхээр чөлөө авсан хүн намайг хүүхэд асарч байгаа гэж хэлээрэй гэж хэлэх ямар ч боломжгүй. Ингээд 2 өдөр ажил хийдүүлчхэж байгаа юм. Дээрээс нь Тамгын газар Л.М болон Т.Ч нарын мэдүүлгээр согтуу маягтай байсан гэж байгаа. Ойролцоо байгаа хүнийг ямар хэв шинжтэй байгааг ажиглаж болно. Тушаалын хувьд архи уусан, ажил тасалсан шалтгаантай байгаа. Энэ 2 үндэслэл гэрчүүдийн мэдүүлэг, шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбар зэргээр нотлогдож байна. Гаргасан шийдвэр үнэн бодитой зүйл дээр тулгуурлагдаж гарсан. Архи уусныг нотлоход хязгаарлагдмал нөхцөл байдал байна. Архи уухыг нь хараагүй ч гэсэн согтуу байхыг нь харсан хүн байгаа. Х.Б нь ажил тасалж, архи уусан нь үнэн тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна” гэжээ.
Говь-Сүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 113/ШШ2015/0008 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай 11 дүгээр зүйлийн 11.6., 26 дугаар зүйлийн 26.1.3., Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1. дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Б-н нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Говь-Сүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/49 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Говь-Сүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн Боловсрол, хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай 11 дүгээр зүйлийн 11.6., Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан 6 сар 10 хоногийн 5346318 /таван сая гурван зуун дөчин зургаан мянга гурван зуун арван найман/ төгрөгийн цалинг нөхөн гаргуулж Х.Б-д олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг Говь-Сүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад үүрэг болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: ... Шүүх уг хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хариуцагч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Наранхүү, гэрч Л.М, Т.Ч, Г.А нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон боловч хэрэгт чухал ач холбогдол бүхий мэдүүлсэн нөхцөл байдлыг үгүйсгэн орхигдуулж бодитойгоор үнэлээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл, Х.Б нь 2015 оны 04 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил хийдүүлж, тасалсан болох нь Нийгмийн хөгжлийн дарга Л.М, мэргэжилтэн Т.Ч нарын мэдүүлгээр нотлогдож, Х.Б нь 04 дүгээр сарын 24-ний өдөр ажил тасалсан болохыг нотолсон нотолгоо болох төдийгүй, гэрчүүд мэдүүлсээр байтал нотлох баримтаар үнэлээгүй нь хэт өрөөсгөл учир дутагдалтай байсан.
Мөн шүүхээс Х.Б-н М нь 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 04 дүгээр сарын 25-ны өдрүүдэд эмчийн магадлагаатай байсан гэсэн дүгнэлт хийж байгаа боловч тухайн цаг хугацаанд бодит байдал дээр хүүхдээ харж байсан гэдгийг шууд нотолсон нотолгоо биш байсан.
Шүүх нэг талаас гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, нөгөө талаас дээрх гэрчийн мэдүүлгийг үгүйсгэсэн, няцаасан байдлаар үнэлж байгаа нь ойлгомжгүй байгаа бөгөөд шүүхийн шийдвэр хууль бус гарах үндэслэл боллоо гэж үзэж байна.
... Түүнчлэн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Дотоод журам шинэчлэн батлах тухай” А/66 дугаар тушаалын 5 дугаар зүйлийн 5.8-д “албан хаагчид өөрт нь буюу түүний гэр бүлд хүндэтгэн үзэх шалтгаан гарсан бол тухайн албан хаагч хүсэлт гаргаж хэлтсийн даргын саналыг авсны үндсэн дээр чөлөө авна”, 5.13-д “албан хаагчид олгосон чөлөөг хүн нэг бүрээр сар тутам бүртгэж, санхүүгийн баримтад хавсаргана” гэсэн холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж хуульд нийцүүлэн Х.Быг ажлаас халсан.
Иймд, Х.Б-н нэхэмжлэлийг хангаж, урьд ажиллаж байсан Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн Боловсрол, хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 6 сар 10 хоногийн 5 346 318 төгрөгийн цалинг нөхөн гаргуулж, Х.Б-д олгож, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг Говь-Сүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад үүрэг болгосон Говь-Сүмбэр аймаг дахь Засаг даргын Тамгын газрын даргад үүрэг болгосон Говь-Сүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа тул Говь-Сүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 113/ШШ2015/0008 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгч Х.Б-н ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
Говь-Сүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/49 дүгээр тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 26 дугаар зүйлийн 26.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2011 оны А/66 дугаар тушаалаар батлагдсан “Аймгийн Засаг даргын Тамгын газрын дотоод журам”-ын 9.6, 11.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн Нийгмийн хөгжлийн хэлтсийн Боловсрол, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Х.Б-г үүрэгт ажлаас нь халсан байна.
Хариуцагч нэхэмжлэгчийг “ажлын цагаар архи ууж, ажил тасалсан, албан үүргээ биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт зааснаар төрийн албанаас халах шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх бөгөөд түүнийг буруутгаж буй зөрчлүүд нь тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Х.Б нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11-т заасан төрийн захиргааны албан тушаалтан болохын хувьд түүний хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай холбоотойгоор хариуцлага хүлээлгэх, ялангуяа ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулахдаа холбогдох хууль тогтоомжид заасан журмыг баримтлах ёстой.
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 1.2 дахь хэсэгт зааснаар төрийн захиргааны байгууллага нь энэхүү дүрмийн хэрэгжилтийг хангах, хяналт, хариуцлагын тогтолцоог дотооддоо бүрдүүлж ажиллах бөгөөд энэ хүрээнд батлагдсан Говь-Сүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын дотоод журмын 9.3-т заасны дагуу төрийн албан хаагч нь ёс зүйн зөрчил гаргасан бол ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн ажлаас халах буюу журамд заасан арга хэмжээ авахаар зохицуулсан байна.
Тодруулбал, нэхэмжлэгч Х.Б-г Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.4.5 “албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, этгээд байдлаар хувцаслах, бүдүүлэг зан авир гаргахыг цээрлэх”, Говь-Сүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын дотоод журмын 11.1-д “Дараах зөрчлүүдийг ноцтой зөрчилд тооцно”, 11.1-ийн 1-д “Ажил үүрэг гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн” гэснийг зөрчсөн гэж үзэж, хариуцлага хүлээлгэх тохиолдолд зөрчлийг шалгаж, тогтоосон ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн арга хэмжээ авах журамтай байхад хариуцагч нь уг журмыг хэрэгжүүлээгүй байна.
Хариуцагч сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халах арга хэмжээ авахдаа дээрх журамд зааснаар шалгаж тогтоосны үндсэн дээр шийдвэрлээгүйгээс гадна хэрэгт авагдсан баримтууд болон гэрчийн мэдүүлэг, жижүүрийн рапорт /архи ууж зөрчил гаргасан талаар тэмдэглэл байхгүй/ зэргээр ажлын цагаар архи уусан болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийг ажил үүрэг гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн гэж шууд буруутгах боломжгүй байна.
Нэхэмжлэгч Х.Б нь 2015 оны 04 дүгээр сарын 22, 24-ний өдрүүдэд ажил таслаагүй болох нь 2015 оны 04 дүгээр сарын 22, 24-ний өдрүүдийн цагийн бүртгэл болон гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн тайлбарууд, түүнчлэн охин Баяржаргалын Маралмичидийн эмнэлгийн магадлагаа зэргээр тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас нэхэмжлэгчийг энэ өдрүүдэд ажил тасалсан гэдэгтэй маргаагүй.
Харин 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Х.Б нь цагийн бүртгэлд бүртгэгдээгүй хэдий ч түүнийг ажил дээрээ байсан болохыг мэдүүлсэн гэрч А.О-н “... 23-ны өдрийн цагийн бүртгэлийг зассан. Уг нь бол цагийг бүртгэсэн байсан. Х.Б нь тухайн өдөр ажил дээрээ байсан ...” гэх мэдүүлэг, хариуцагчийн “... 23-ны өглөө Х.Б захирамжийн төсөл дээр виз авсан, үдээс хойш ажил дээрээ байгаагүй” гэх тайлбарууд болон Говь-Сүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын харуул А.О, жижүүр Н.О нарын 2015 оны 04 дүгээр сарын 22, 23, 24-ний өдрүүдийн “Рапорт” /ХX167-169/ - д “албан хаагчид цагийн хуваарийн дагуу ажилласан” гэж тэмдэглэсэн байх бөгөөд Говь-Сүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны менежер В.Б танилцаж гарын үсэг зурсан зэргээс дүгнэхэд нэхэмжлэгчийг 2015 оны 04 дүгээр сарын 22, 23, 24-ний өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэх боломжгүй байх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Иймд, Х.Б-г ажлаас халсан үндэслэлүүд болон албан үүргээ биелүүлээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Говь-Сүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 113/ШШ2015/0008 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ