Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 404

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: Увс аймгийн Ховд сумын 1 дүгээр баг, 2-15 тоотод оршин суух, 1965 онд төрсөн, 52 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОП65090201, Хонгороохон овогт Булганы Энхтуяагийн,

           Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Б.Энхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1965 онд төрсөн, 52 настай. 4 хүүхэд төрүүлж өсгөсөн. Миний бие 1981 онд Увс аймгийн Ховд сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийгтөгсөөд 1982 оны 1 дүгээр сараас эхлэн тус сумын Хөгжил нэгдлийн зочид буудалд үйлчлэгчээр ажиллах болсон. Тус газраа 1984 оны 4 дүгээр сарыг дуустал ажиллаж байгаад ажлаасаа гарч Ховд сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1984 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 18 тоот тушаалаар Увс аймгийн Ховд сумын 8 жилийн дунд сургуульд галчаар ажилд орж ажиллаж байгаад 1986 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Ховд сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 45 тоот тушаалаар тус сургуулийн байрны галчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Ингээд 1986 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Ховд сумын Хүн эмнэлэгт асрагчаар түр томилогдон ажиллаж байгаад Ховд сумын Хүн эмнэлэгийн салбарын эрхлэгчийн 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 19 тоот тушаалаар тус эмнэлэгт асрагчаар үндсэн орон тоон дээр ажиллах болсон. Улмаар 1992 оны дугаар сарын 01-ний өдрийн салбарын эрхлэгчийн 13 тоот тушаалаар асрагчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн эрхлэгчийн 15 тоот тушаалаар тус эмнэлэгт тогоочоор ажиллах болсноос хойш одоог хүртэл Ховд сумын Хүн эмнэлэгт тогоочоор ажиллаж байна. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр дээр маань 1982 оноос 1984 оны 3 дугаар сарыг дуустал Хөгжил нэгдлийн зочид буудалд үйлчлэгчээр ажиллаж байсан бичилт хийгдээгүй мөн ажилд орсон, гарсан тушаал зэрэг баримт байхгүй байна. Түүнчлэн Ховд сумын 8 жилийн дунд сургуульд галчаар орсон тушаал байгаа боловч ажлаас чөлөөлсөн тушаал нь байхгүй. 1986 онд Ховд сумын Хүн эмнэлэгт асрагчаар түр болон үндсэн ажилд орсон тушаал, тогоочоор ажилд орсон тушаал зэрэг баримт бичиг байхгүй тул шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болоод байна. Тухайн үед ажиллаж байхдаа авч байсан цалингийн тодорхойлолтоо Увс аймгийн Архиваас шүүлгэж авсан боловч зарим сарууд нь хагас дутуу бичилттэй гарч ирлээ. Учир нь тухайн үеийн баримтууд Увс аймгийн Архивт бүрэн гүйцэт ирээгүй тул байсан баримтын хүрээнд гаргаж өглөө гэдэг тайлбарыг өгсөн. Иймд Б.Энхтуяа намайг 1982 оны 1 дүгээр сараас 1984 оны 4 дүгээр сарыг дуустал Ховд сумын Хөгжил нэгдлийн зочид буудалд үйлчлэгчээр, 1984 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1986 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг дуустал Ховд сумын 8 жилийн дунд сургуульд галчаар, 1986 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд сумын Хүн эмнэлэгт асрагчаар, 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оныг хүртэл Ховд сумын Хүн эмнэлэгт тогоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан М.Даваажав, Д.Баяраа нарыг гэрчээр асууж өгнө үү гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Б.Энхтуяа нь 1982 оноос 1995 оныг хүртэл Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдлийн зочид буудалд үйлчлэгчээр, Ховд сумын 8 жилийн дунд сургуульд галчаар, Ховд сумын Хүн эмнэлэгт асрагч, тогоочоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

          Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн цалингийн тодорхойлолтод Булганы Энхтуяагийн 1982 оноос 1984 оны 4 дүгээр сарыг дуустал Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдлийн зочид буудалд үйлчлэгчээр ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

         Мөн Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн цалингийн тодорхойлолтодБулганы Энхтуяагийн 1984 оны 6 дугаар сараас 1985 оны 6 дугаар сарыг дуустал Ховд сумын 8 жилийн дунд сургуульд галчаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлсэн байна.

        Түүнчлэн Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн цалингийн тодорхойлолтодБулганы Энхтуяагийн 1986 оны 3 дугаар сараас 1993 оныг дуустал Ховд сумын Хүн эмнэлэгт асрагч, тогоочооражиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

         Ховд сумын 8 жилийн дунд сургуулийн захиргаанаас Б.Энхтуяад олгосон 152077 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: 1984 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Ховд сумын 8 жилийн дунд сургуульд байрны галчаар авч ажиллуулав, 1986 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Ховд сумын 8 жилийн дунд сургуулийн байрны галчийн ажлаас чөлөөлөв, 1986 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Ховд сумын Хүн эмнэлэгт асрагчаар түр томилов, 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Хүн эмнэлэгт асрагчаар үндсэн орон тоонд авч ажиллуулав, 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдөр асрагчийн ажлаас чөлөөлөв, 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Хүн эмнэлэгт тогоочоор томилов гэжээ.

         Ховд сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1984 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 1 дүгээр Сургуулийн орон тоогоор ажилчин авч ажилуулах тухай тушаалд: Тус сургуулийн 1984 оны орон тоо ёсоор ажиллах ажилчдыг сумын нам захиргааны байгууллагад танилцуулан зөвшөөрсний үндсэн дээр 1984-1985 оны хичээлийн жилд ажиллах ажилчдыг дараах бүрэлдэхүүнтэйгээр ажиллуулсугай. Үүнд: галч Энхтуяа гэжээ.

        Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Д.Баяраа, М.Даваажав нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Д.Баяраа Миний бие нь 1988-1999 он хүртэл Увс аймгийн Ховд суманд нийгэм хангамжийн байцаагч, нийгмийн даатгалын ажилтнаар ажиллаж байсан. Б.Энхтуяа нь 1982 оноос эхлэн Ховд сумын Хөгжил нэгдлийн зочид буудалд үйлчлэгчээр, 1984 оноос 1986 он хүртэл тус сумын 8 жилийн дунд сургуульд галчаар, 1986 оноос 1992 он хүртэл Ховд сумын Хүн эмнэлэгт асрагчаар, 1992 оноос 1995 он хүртэл Ховд сумын Хүн эмнэлэгт тогоочоор ажиллаж байсан болно. Б.Энхтуяа бид хоёр 8 дугаар анги хүртлээ хамт нэг сургуульд, параллель ангид суралцаж байсан бөгөөд бид нар нэг нутаг усны хүмүүс учраас би Б.Энхтуяагийн ажиллаж байсан байдлыг сайн мэдэж байна гэж, гэрч М.Даваажав Миний бие нь 1975-2005 он хүртэл Ховд сумын Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны дарга, Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны орлогч дарга, тус сумын Засаг дарга, Засаг даргын орлогч зэрэг ажлуудыг эрхэлж байсан. Б.Энхтуяа нь 1982 оноос эхлэн Ховд сумын Хөгжил нэгдлийн зочид буудалд үйлчлэгчээр ажиллаж эхэлсэн бөгөөд 1984 он хүртэл уг газраа ажиллаад 1984 оноос 1986 он хүртэл тус сумын 8 жилийн дунд сургуульд галчаар, 1986 оноос 1992 он хүртэл Ховд сумын Хүн эмнэлэгт асрагчаар, 1992 оноос 1995 он хүртэл Ховд сумын Хүн эмнэлэгт тогоочоор ажиллаж байсан болно. Тухайн үед миний бие сум орон нутгийн удирдах албан тушаал эрхэлдэг байсан учраас албан газруудаар явж ажилтнуудын ажил үйлчилгээтэй танилцаж, заавар зөвлөгөө өгдөг байсан учраас Б.Энхтуяагийн ажиллаж байсан байдлыг сайн мэдэж байна гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

         Нэхэмжлэгч Б.Энхтуяа нь 1982 оны 1 дүгээр сараас 1994 оныг дуустал Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдлийн зочид буудалд үйлчлэгчээр, Ховд сумын 8 жилийн дунд сургуульд галчаар, Ховд сумын Хүн эмнэлэгт асрагч, тогоочоор тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр, 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрүүдийн цалингийн тодорхойлолт, Ховд сумын 8 жилийн дунд сургуулийн захиргаанаас түүнд олгосон 152077 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Ховд сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1984 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 1 дүгээр Сургуулийн орон тоогоор ажилчин авч ажилуулах тухай тушаал, гэрч Д.Баяраа, М.Даваажав нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

          Иймд нэхэмжлэгч Б.Энхтуяагийн хүсэлтийг хангаж, түүний 1982 оноос 1984 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Ховд сумын Хөгжил нэгдлийн зочид буудалд үйлчлэгчээр 2 жил 3 сар 9 хоног, 1984 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1986 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Ховд сумын 8 жилийн дунд сургуульд галчаар 1 жил 11 сар, 1986 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд сумын Хүн эмнэлэгт асрагчаар 5 жил 11 сар 14 хоног, 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал Ховд сумын Хүн эмнэлэгт тогоочоор 2 жил 10 сар, нийт 12 жил 11 сар 23 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

         Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Хонгороохон овогт Булганы Энхтуяагийн 1982 оноос 1984 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Ховд сумын Хөгжил нэгдлийн зочид буудалд үйлчлэгчээр 2 /хоёр/ жил 3 /гурав/ сар 9 /ес/ хоног, 1984 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1986 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Ховд сумын 8 жилийн дунд сургуульд галчаар 1 /нэг/ жил 11 /арван нэг/ сар, 1986 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд сумын Хүн эмнэлэгт асрагчаар 5 /тав/ жил 11 /арван нэг/ сар 14 /арван дөрөв/ хоног, 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал Ховд сумын Хүн эмнэлэгт тогоочоор 2 /хоёр/ жил 10 /арав/ сар, нийт 12 /арван хоёр/ жил 11 /арван нэг/ сар 23 /хорин гурав/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Энхтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ