Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 130/2018/00840/И |
Дугаар | 001/ХТ2020/000135 |
Огноо | 2020-03-26 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 001/ХТ2020/000135
“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 130/ШШ2019/00103 дугаар шийдвэр,
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 212/МА2019/00020 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч: “А” ХХК
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох
1,484,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Хариуцагчтай 2016-10-02-ны өдөр тохиролцож, миний хувийн өмч болох С.. төвөөс 270 кв.м талбайтай байрыг сарын хөлс 2,900,000 төгрөгөөр түрээсэлж, гэрээ байгуулсан. Түрээсийн төлбөрийг сар болгон төлж байсан ба 2017-12-р сарын түрээсийн төлбөрөөс 1,486,600 төгрөгийг дутуу төлж, 2018 онд барагдуулж өгнө гэсэн боловч одоог хүртэл өгөхгүй байна. Мөн гэрээнд түрээсийн төлбөрийг хожимдуулсан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хэтрүүлсэн өдөр бүрийн төлбөрөөс 20% алданги төлөхөөр заасан. Хэрэв 20%-иар алданги төлбөл 3,379,310 төгрөг төлөх ёстой. Гэвч хуульд алданги нь үндсэн төлбөрийн 50%-иас хэтрэхгүй байх заалттай тул 1,486,600 төгрөгийн 50% нь болох алданги 743,300 төгрөг, байрны дутуу төлсөн 1,486,600 төгрөг нийт 2,229,900 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч одоо бол 2017-12 дугаар сарын үлдэгдэл төлбөрийг л нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч тайлбартаа: 2016-10-02-ны өдөр байр түрээслэх гэрээ байгуулж, түрээсийн байрны хөлсийг сард 2,900,000 төгрөгөөр тохиролцсон. Тус газарт гэрээ ёсоор 2016-10-р сараас 2017-11-р сарыг дуустал сар бүр 2,900,000 төгрөгийг бүрэн төлж байсан. Гэтэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн ерөнхий газрын 2017-11-14-ний өдрийн 1/1703 дугаартай албан бичгээр 2017-12 сард тус газрын байрны түрээсийн зардлыг 1,015,400 төгрөг болгон бууруулан тогтоосон. Энэ нь тус газрын 2017-11 сард өөрчлөлт орсон төсвийн хуваарилалтаар батлагдаж байна. Тус байгууллага нь босоо удирдлагатай байгууллага ба манай байгууллагын үйл ажиллагааны төсвийн зардлыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас баталж өгсөн учраас биднээс үл хамаарах шалтгаан байсан. 2017-12-р сарын түрээслэгчид тухайн үед мэдэгдэж байсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 130/ШШ2019/00103 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6-г тус тус баримтлан хариуцагчаас 1,484,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 743,300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57 дугаар зүйлийн 57.1-ийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,650 төгрөгийг улсын орлого үлдээж, 38,704 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 212/МА2019/00020 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 130/ШШ2019/00103 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна. .. “А” ХХК нь тус газартай байр түрээслэх гэрээ байгуулахдаа үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй учраас талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ Иргэний хуулийн 318.3, 318.4-т заасан болзол шаардлагыг хангахгүй байгаа тул хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Гэтэл хоёр шатны шүүх Иргэний хуулийг буруу тайлбарлан талуудын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 287.1-д зааснаар эд хөрөнгө түрээслэх гэрээ гэж дүгнэж байгааг зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан гэрээнд “Байр түрээслэх гэрээ” гэж тодорхой гарчигласан байгааг шүүх зориуд мушгин гуйвуулж эд хөрөнгө хөлслөх гэрээ гэж дүгнэж байгаа нь учир дутагдалтай гэж үзэж байна. Талууд уг түрээсийн гэх гэрээнд түрээсээр ашиглаж буй 2 давхар барилга байгууламжийн нэг сарын түрээсийн төлбөрийг 2,900,000 төгрөгөөр тохиролцсон юм. Тус газар нь гэрээ ёсоор 2016-10-р сараас 2017-11-р сарыг дуустал сар бүр 2,900,000 төгрөгийг бүрэн төлж байсан юм. Түүнчлэн 2018-01-01-с 06-15-ныг хүртэл сар бүр 2,900,000 төгрөг нийт 15,950,000 төгрөгийг бүрэн төлсөн юм. Тус газар нь төсөвт байгууллага ба өнгөрсөн хугацаанд “А” ХХК-д 56,550,000 төгрөгийг төлсөн юм. Тус байр нь төрийн байгууллагын стандартад тавигдах шаардлага хангаагүй, зай талбай багатай, агааржуулалт байхгүй, харуул хамгаалалт ажиллуулдаггүй, сантехникийн систем нь чанаргүй, байнга ус алддаг зэрэг эрсдэлтэй байгаа юм. Түүнчлэн Хөдөлмөр, халамжийн ерөнхий газрын 2017-11-14-ний өдрийн 14703 дугаартай албан бичгээр 2017-12 сард тус газрын байрны түрээсийн зардлыг 1,015,400 төгрөгөөр бууруулан тогтоосон юм. Энэ нь ХХҮЕГ-ын 2017-11 сард өөрчлөлт орсон төсвийн хуваарилалтаар батлагдаж байна. Тус байгууллага нь босоо удирдлагатай байгууллага ба тус байгууллагын үйл ажиллагааны төсвийн зардлыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас баталж өгдөг учраас манай байгууллагаас үл хамаарах шалтгаанаар 2017-12-р сарын түрээсийн төлбөрийг бүрэн төлөх боломжгүй байдалд хүрсэн юм. Энэ тухай түрээслэгчид тухайн үед мэдэгдэж байсан юм. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд оролцсон тус газрын үйл ажиллагааны нябо, гэрч Ж.Мухибатын өгсөн мэдүүлгийг үнэлээгүй явдал нь ИХШХШТХ-н 40.2-т заасныг ноцтой зөрчиж байна. Иймд шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн зарчмыг хангахгүй байгаа тул хүчингүйд тооцон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
“А” ХХК 2018-12-14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2017 оны 12 дугаар сарын түрээсийн төлбөрийн үлдэгдэл 1,486,600 төгрөг гаргуулахаар шаардсан. Хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.
Анхан шатны шүүх зохигчийн хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнээд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...шүүх түрээсийн гэрээг эд хөрөнгө хөлслөх гэж үзсэн нь буруу...түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй..” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
1. Зохигч нар 2016-10-02-ны өдөр гэрээ байгуулж, “А” ХХК нь С.. төвийн 270 кв.м талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь сар бүр 2,900,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.
Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Харин түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг. Түрээслэгч нь гэрээнд заасан хугацааны туршид тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах эрх эдэлнэ.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хариуцагч нь албаны чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор эд хөрөнгийг ашиглахаар тохиролцсон нь тогтоогдсон байна.
Иймд хоёр шатны шүүх зохигчийн хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн зохицуулалтад нийцжээ.
2. Эд хөрөнгө хөлслөх гэрээ хүчин төгөлдөр байх тул гэрээний үүргийг зохигчийн хэн аль нь биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.
“А” ХХК үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн байх тул нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээнд заасан үүргээ хөлслүүлэгч биелүүлсэн гэж үзнэ.
Дурдсан эд хөрөнгийг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар өөрийн эзэмшилд авч ашиглан 2016-10-02-ны өдрөөс 2017-11-30-ны өдөр хүртэлх хугацаанд сар тутам 2,900,000 төгрөг төлсөн нь тогтоогдсон ба энэ талаар зохигч маргаагүй байна.
Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүрэг хүлээнэ. Шүүх хариуцагчаас 2017 оны 12 сарын төлбөрөөс төлөөгүй үлдсэн 1,484,600 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.
Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд шийдвэр гаргахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 130/ШШ2019/00103 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 212/МА2019/00020 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ