Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2016/0051

 

2016 оны 1 сарын 13 өдөр

Дугаар 51

Улаанбаатар хот

 

Л.Ц нарын нэр бүхий 7 иргэний

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч О.Номуулин, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч А.Б, Д.Г, Д.Б, С.О, нэхэмжлэгч Ж.Т-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, Л.Д, Р.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Н.Н, М.Г, Ц.М нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 629 дүгээр шийдвэртэй, Л.Ц нарын нэр бүхий 7 иргэний нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Ц нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Хавдар судлалын эмнэлгийн баруун урд талд байрлах Шинэ зуун хотхоны 24 в/г байрны чанх урд талд 2014 оны 05 дугаар сараас гэнэт хятад ажилчид, хүнд машин механизмууд өдөр, шөнийн цагаар ажиллаж, манай орон сууцанд хэт ойртуулан тулгаж 85х25 метрийн харьцаатай байшингийн суурь ухаж эхлэх үед бие бүхэн эсэргүүцэж, ямар компани, ямар барилга барих гэж байгаа талаар мэдээлэл авч чадахгүй байсны эцэст “А” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/596 дугаар захирамжаар 2340 м.кв газрыг үйлчилгээтэй орон сууц барих зориулалтаар олгосон болохыг олж мэдсэн.

Гэтэл Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын газар, “А” ХХК-ийн инженер, ажилтнууд бүгд эмнэлгийн байр баригдах тухай мэдээлэл өгч байсан. Өөрөөр хэлбэл үйлчилгээтэй орон сууцны зориулалттай газарт хавдрын эмнэлэг барих бүх зөвшөөрлийг холбогдох байгууллагууд олгосон. Уг зөвшөөрлүүдийг олгоход шаардагдах анхан шатны баримт болох газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ, захирамж зэргийг нягталж, зориулалтыг шалгах үүргээ биелүүлэхгүй зөвшөөрлүүдийг олгосон. 

“Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын 4.4-т баригдах барилгын талаарх мэдээллийг олон нийтэд мэдээлэх, 3х2 м хэмжээтэй самбарыг  барилгажих талбайд тод, харагдахуйцаар байршуулж, үүнд газар эзэмшигчийн нэр, газрын зориулалт, хэмжээ, газар олгосон шийдвэр, төлөвлөж байгаа барилгын мэдээлэл, палан зургийг байрлуулах ёстой ч үүнийг огтхон ч хэрэгжүүлээгүй.

“А” ХХК-д газар эзэмшүүлсэн захирамж нь Газрын тухай хууль, Барилгын тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Орон сууцны тухай хууль, Эрчим хүчний тухай хууль болон Барилгын норм, норматив дүрэм, журмуудыг ноцтой зөрчсөн болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4-т заасныг тус тус зөрчиж, захирамж гаргасан.

“А” ХХК-д  Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/596 дугаар захирамжаар 2340 м.кв газрыг олгохдоо Үйлчилгээтэй орон сууц барих зориулалтаар олгосон байх боловч “А” ХХК нь газрын зориулалтыг дур мэдэн өөрчлөн эзэмшиж, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар болон холбогдох байгууллагуудаас барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, дулааны болон цахилгааны техникийн нөхцөлийг эмнэлгийн барилгын зориулалтаар авсан нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т заасныг ноцтой зөрчсөн байхад хяналт тавьж, зөрчлийг таслан зогсоох үүрэгтэй Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Өмчийн харилцааны газар зэрэг байгууллагын удирдлагууд дээрх байдлыг санаатайгаар зөрчиж, мэдэн будилж шат шатандаа зохих зөвшөөрлийг олгосоор байна. Мөн Нийслэлийн Засаг дарга нь Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д заасан үүргээ биелүүлэхгүй байна.

Мөн шүүхийн зүгээс хэргийг хянан хэлэлцэж байхад маргаан бүхий актын биелэлтийг хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл түдгэлзүүлсэн. Гэтэл Нийслэлийн Засаг дарга Э.Б хууль зөрчиж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үл хүндэтгэн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993 дугаар захирамжаар “А” ХХК-д  үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар газар эзэмшүүлсэн захирамжаа хүчингүй болгож, эмнэлгийн зориулалтаар газар эзэмшүүлэх захирамж гаргасан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 258 дугаар зүйлд заасан “Шүүхийн шийдвэр үл биелүүлэх” гэсэн заалтыг зөрчиж, шүүхийн хараат бус, бие даасан байдалд халдаж байна. Үүнтэй холбогдуулж бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Өөрөөр хэлбэл шүүхийн зүгээс түдгэлзүүлсэн байхад хууль зөрчөөд гарсан шийдвэр учраас 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993 дугаар захирамжийн “А” ХХК-д  холбогдох хэсэг хүчингүй болох ёстой гэж үзэж байна.

Манай байр нь 9 давхар 26 метр өндөртэй барилга байхад түүнээс 10 хүрэхгүй метрийн зайд, чанх урд талд 85х25 хэмжээтэй 3 блок бүхий 4-4.5 метрийн өндөр таазтай, 16 давхар барилга барихаар төлөвлөсөн. Барилгын өндрийн хэмжээ зөрүүтэй, 51 метрээс дээш өндөртэй барилгын зөвшөөрлийг Барилга хот байгуулалтын яамнаас авах ёстой. Гэтэл Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас зөвшөөрлийг олгосон. Мөн 16 давхар барилга барих гэж байгаа бол ойр орчмын 45 метрт байгаа үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчдөөс 70 хувийн саналыг авсан тохиолдолд хүчинтэйд тооцогдох ёстой. Бидний зүгээс 100 хувь дэмжихгүй байгаа. “А” ХХК нь дээрх байдлаар хууль, журам, стандартыг зөрчсөн, газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн байхад хариуцагчийн зүгээс хамгаалаад байгааг гайхаж байна.

Түүнчлэн “А” ХХК нь хавдрын эмнэлэг барих гэж байгаа нь Эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага MNS 6392:2013 стандартын 4.1.1-д заасан “Эрүүл мэндийн барилга байгууламжийг гэр хорооллоос 100 метр алслагдсан зайд барихаар төлөвлөнө” гэж заасныг, мөн “Эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагаа. 1-р хэсэг Төв эмнэлэг” MNS6330-1:2012 стандартын 13 дугаар зүйлийн 13.1 “Орчны эрүүл ахуйн шаардлага”, 13.1.1-ийн “Барилга байгууламж нь хүн амын суурьшлын бүсээс зонхилох салхины доод зүгт, агаар дуслын халдвар, гоц аюулт халдварт өвчин тархах эрсдэлээс сэргийлэн орон сууц, гэр хорооллоос 100 метр ... зайд байрлана” гэж заасныг зөрчиж, бидний Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг зөрчиж байгаа тул хавдрын эмнэлгийн барилгыг бариулахгүй.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993 дугаар захирамжийн “А” ХХК-д  холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Т, Р.Б, Д.Ц, Р.Д нар шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 293 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Халдвар судлалын үндэсний төвийн баруун урд хэсэгт 1000 м.кв газрыг “А” ХХК-д  эмчилгээ оношилгооны барилгын зориулалтаар олгосон. Уг газар дээр “А” ХХК нь эмчилгээ оношилгооны зориулалтаар барилгаа барьчихсан. Дээрх барилгын зэргэлдээ Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/417 дугаар захирамжаар “И” ХХК-д 2340 м.кв газар эзэмших эрхийг олгосон. Улмаар дээрх газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай 2 байгууллагын хүсэлт, нотариатаар баталгаажуулсан эрх шилжүүлэх гэрээ зэргийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/596 дугаар захирамжаар “И” ХХК-иас “А” ХХК-д  газар эзэмших эрхийг шилжүүлсэн. “А” ХХК нь өмнө нь барьсан эмчилгээ оношилгооны төвийнхөө өргөтгөлийн барилгыг барих хүсэлтийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт гаргасныг судалж үзэхэд 25х25, 42х25, 16х17.5 метрийн хэмжээтэй газар дор байрлах авто гарааш бүхий гурван объектыг төлөвлөсөн байсан бөгөөд 25х25 хэмжээтэй хэсэг нь нэхэмжлэгч нарын оршин сууж байгаа байртай нарны ээлт, барилга хоорондын зай ойртсон байж магадгүй учраас оршин суугчдаас нь 2014 оны 5/14 дүгээр тогтоолын дагуу санал ав гэж шаардлага тавьсан. Үүний дагуу “А” ХХК саналаа ирүүлээгүй учир Архитектур төлөвлөлтийн даалгаварт зурагдсан 25х25 харьцаатай барилга нь зөвшөөрөгдөөгүй. “А” ХХК-ийн гаргасан зөрчилд арга хэмжээ авахгүй байна гэж байгаа боловч энэ асуудал нь шүүхэд маргаантай байгаа учир шийдвэрлэх боломжгүй байгаа.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг зөрчиж, “А” ХХК-д  газар эзэмшүүлсэн гэж байгаа боловч уг тогтоолыг гарахаас өмнө 2012 онд “И” ХХК-д уг газар олгогдсон байсан тул дээрх тогтоолыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. 

Хэдийгээр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 6607 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/596 дугаар захирамжийн “А” ХХК-д  холбогдох хэсгийг маргаан хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн. Уг захирамж гарахаас өмнө “А” ХХК нь газар эзэмших эрхийн зориулалтыг “үйлчилгээтэй орон сууц” байсныг “эмнэлэг” гэж өөрчлөх хүсэлтийг гаргаж, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх “Газар баталгаажилтын зөвлөлийн 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хурлаар авч хэлэлцэн зөвшөөрсөн. Тухайн үед 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 6607 дугаар захирамжийг гардаж аваагүй байсан.

Анх газар эзэмших эрхийг “И” ХХК-д олгосон бөгөөд уг газар эзэмших эрхийг шилжүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993 дугаар захирамж нь Газрын тухай хууль тогтоомжийн хүрээнд тухайн жилийн газрын төлөвлөлтийн дагуу эмнэлгийн зориулалттай бүсэд эмнэлгийн зориулалтаар эзэмших хүсэлт гаргасан. Мөн уг захирамжаар нэхэмжлэгч нарын газрыг давхцуулж олгоогүй тул бусад газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй. Нэхэмжлэгч нар нь барилга баригдсанаар эрх ашиг нь хөндөгдөнө гэж байгаа боловч нарны ээлт, барилга хоорондын зай хэмжээ зөрчигдөөгүй талаар шинжээчийн дүгнэлт гарсан. Иймд Л.Ц нарын иргэдийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Д, Ц.Т, Н.Н нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А” ХХК нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хавдар судлалын эмнэлгийн баруун урд хэсэгт Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 293 дугаар захирамжийн дагуу эзэмшиж буй газар дээрээ 1000 гаруй м.кв талбай бүхий 120 ортой эмнэлгийн барилгын ажлыг 2012 оноос эхлэн барьж, өнөөдрийн байдлаар 70 хувийн гүйцэтгэлтэйгээр барилга угсралтын ажил дуусах шатандаа явж байна.

Монгол Улсад хот болон хоргүй хавдраар өвчлөгчдийн тоо 300 мянгад хүрч нийгмийг донсолгосон аюултай байдал бий болох дохиог өгч буй энэ цаг үед нэгэнт барьж удахгүй ашиглалтад орох эмнэлгийн барилгыг өргөтгөх шаардлага гарсан. Тиймээс эмнэлгийн барилгыг өргөтгөн нийтдээ 300 ортой эмнэлгийн барилгын цогцолбор болгохоор төлөвлөж, өргөтгөлийн 180 ортой эмнэлгийн барилгыг барих бэлтгэл ажлыг хангах хүрээнд тус барилгын газарт байсан 80 шахам автомашины тоосгон гарааш эзэмшигч иргэдтэй үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тохирох гэж 3 жил гаруй хугацааг зарцуулж, өөрийн зардлаар газрыг чөлөөлсөн бөгөөд “И” ХХК-аас газар эзэмших эрхийг шилжүүлж авах тухай хүсэлт, гэрээ  зэрэг баримтууд дээр эмнэлгийн үйлчилгээ эрхлэх зорилгоор энэ газрыг эзэмших хүсэлтийг гаргасан боловч тухайн үед Нийслэлийн Засаг дарга захирамж гаргахдаа техникийн алдаа гаргаж үйлчилгээний орон сууцны зориулалтаар газар эзэмшүүлэх тухай захирамж гаргасан байдаг. Үүнийг манай “А” ХХК залруулах хүсэлт гаргасны дагуу дахин эмнэлгийн зориулалтаар газар эзэмшүүлэх тухай захирамж гаргасан.

Тухайн газар нь Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөөр эмнэлгийн зориулалтаар төлөвлөгдсөн газар бөгөөд нэхэмжлэгч нарын оршин сууж буй 24-р байр баригдсан газрын зориулалт нь мөн л эмнэлгийн зориулалтаар олгогдсон. Харин ч нэхэмжлэгч нарын орон сууц нь халдвар судлалын эмнэлгийн хашаан дотор баригдсан байдаг. Өөрөөр хэлбэл энэ хүмүүсийн эрх ашгийг зөрчсөн субъект нь энэ хүмүүст орон сууц барьж, зарсан этгээд байна. Харин “А” ХХК эмнэлгийн төлөвлөлттэй газар дээр эмнэлэг барьсан.

Эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага MNS 6392:2013 стандартын 4.1.1-д заасан “Эрүүл мэндийн барилга байгууламжийг гэр хорооллоос 100 метр алслагдсан зайд барихаар төлөвлөнө” гэж заасныг, мөн “Эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагаа. 1-р хэсэг Төв эмнэлэг” MNS6330-1:2012 стандартын 13 дугаар зүйлийн 13.1 “Орчны эрүүл ахуйн шаардлага”, 13.1.1-н “Барилга байгууламж нь хүн амын суурьшлын бүсээс зонхилох салхины доод зүгт, агаар дуслын халдвар, гоц аюулт халдварт өвчин тархах эрсдэлээс сэргийлэн орон сууц, гэр хорооллоос 100 метр ... зайд байрлана” гэдэг стандарт нь төв эмнэлэгт хамааралтай. Харин “А” ХХК-ийн барьж байгаа эмнэлгийн барилга нь төв эмнэлэг гэсэн ангилалд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөөгүй болох нь хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байдаг.     

Захиргааны хэргийн шүүхээс маргаан бүхий актын биелэлтийг түдгэлзүүлсэн хуулийн хүчин төгөлдөр захирамж гарсан байхад Нийслэлийн Засаг дарга зориулалт өөрчилж гаргасан гэж маргаж байгаа боловч зориулалт өөрчлөгдсөн захирамж маргааш өдөр нь буюу 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гарсан. Тухайн үед шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болоогүй байсан, түүнчлэн шүүх уг асуудлыг хэлэлцэхээс өмнө буюу 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 17 дугаар хуралдаанаар зориулалтыг өөрчлөх асуудлыг дэмжсэн шийдвэрийг үндэслэн бичиг баримтын бүрдэл хангах процесс явагдаж бэлэн болсноор Засаг дарга 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр үзэглэж, А/993 дугаар захирамжийг гаргасан нь шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэсэн зөрчил гэж үзэхгүй байна.

Түүнчлэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор батлагдсан 5/14 журам зөрчигдөөд бидний саналыг авалгүй барилгын ажил явагдсан гэж яригддаг. Иргэдийн саналыг авахын тулд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар болон харьяалах нутаг дэвсгэрийн засаг захиргааны байгууллагаас лавлагаа авахад Баянзүрх дүүргийн 18-р хороонд “А” ХХК-ийн барих гэж байгаа барилгын нөлөөллийн бүсийг тодорхойлоход нийтдээ 975 оршин суугч байдаг. 975 оршин суугчдын 70 хувь нь зөвшөөрөөгүй тохиолдолд барилга байгууламж баригдахгүй байх ёстой. Гэтэл эдгээр 975 оршин суугчдаас бид нар санал авах тухай самбараа байршуулсан фото зураг хавтаст хэрэгт байгаа. Мөн нөлөөллийн бүсээ гаргуулсан байгаа. Ингээд самбараа байршуулаад санал авах өдөр бол ямар нэг оршин суугчдаас санал ирээгүй. Тиймээс 5/14 журмын 4.10-д “Зөвшөөрлийн хуралд төлөөлөл оролцоогүй, санал ирүүлээгүй тохиолдолд тухайн барилга барихыг дэмжсэн санал өгсөнд тооцно” гэж заасан. Иймд 975 иргэн маань энэ хуралд ирж оролцоогүй, санал өгөөгүй учраас дэмжсэн санал өгсөнд тооцогдож байна. Нэхэмжлэл гаргаад байгаа 7 иргэн бол нийт 975 оршин суугчдын 0.5 хувьд нь хүрнэ. Тэгэхээр энэ 7 иргэн маань тэдгээр 975 иргэдийг төлөөлсөн субъект биш гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэгч нарын зүгээс “А” ХХК-д  газар эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын журмаар газар эзэмшүүлээгүй гэж байгаа боловч 2013 оноос хойш дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явагдаагүй гэдгийг хариуцагч нотолж байна.

Нэхэмжлэгч нарын ямар хууль ёсны эрх ашиг нь зөрчигдөөд байгаа, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхойгүй, харин ч эсрэгээрээ “А” ХХК-ийн эрх хөндөгдөж байна. Тухайн үед барилга баригдаж эхлэхэд нэхэмжлэгч нарын зүгээс “Та нар манай байшингийн 1м.кв тутам дээр 1.500.000 төгрөгийг айл болгонд нөхөн олговор өг, тэгэхгүй бол танай байшинг бариулахгүй” гэсэн шаардлага тавьсан бөгөөд манай компанийн зүгээс татгалзсан хариу өгөхөд дахиад нэг давхар байшин авах мөнгө нэхсэн. Энэ мөнгийг нь бид өгөөгүйгээс болоод өнөөдөр шүүхийн маргаан үүсээд явж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 629 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 27 дугаар зүйлийн 27.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Ц, А.Б, Ж.Т, Д.Г, Ч.Б,  Д.Б, С.О нарын “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993 дугаар захирамжийн “А” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч нар давж заалдах гомдолдоо: “... Шүүх “А” ХХК-ийн хувьд Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрх дуусгавар болох, 40 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тохиолдлын аль нь ч бий болоогүй гэж дүгнэсэн нь илт нэг талыг барьсан буруу дүгнэлт болжээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Х.Н-н 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 02-04-450/1256 дугаартай “Газар эзэмшлийн тухай” дүгнэлтээр “А” ХХК-ийн хууль зөрчсөн үйлдлийг маш тодорхой заасан байдаг. Түүнчлэн “А” ХХК нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан “иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ”, Төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтаар батлагдсан “Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах журам”, дуудлага худалдааг Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ыг зөрчсөн.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д заасан газар эзэмшигч нь гэрээнд заасан зориулалтын дагуу газрыг эзэмших ашиглах заалт, Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т заасан “Олгосон газарт зориулалтын бус барилга байгууламж барих, хүн амын амьдрах орчны чанарт сөрөг нөлөө бүхий үйл ажиллагаа явуулах” гэсэн заалтыг мөн л зөрчсөн.

... Нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэсэн нь мөн л буруу дүгнэлт болсон.

Гэтэл манай байрнаас 10 метр хүрэхгүй зайд “А” ХХК-ийн 4-4,5 метр өндөр таазтай 16 давхар, 70 гаруй метрийн өндөртэй хавдрын эмнэлэг баригдвал Шинэ-Зуун хотхоны 24в/г байрны 57 айлын гэртээ байнга байдаг өндөр настан 10 гаруй, 30 гаруй нярай, бага насны хүүхэд, нийт 230 орчим иргэн үзэгдэх орчингүй, нарны тусгалгүй харанхуй, эмнэлгийн цацраг, халдварын эх үүсвэрт амьдарч, бидний амьдрах орчныг улам дордуулах нөхцөл байдал үүссэн байхад шүүх бодитой дүгнэлт хийж чадсангүйд гомдолтой байна.

“А” ХХК нь ... оршин суугч иргэдээс санал авч тэдгээр иргэдийн 70 хувь нь зөвшөөрсөн тохиолдолд санал хүчинтэй болох ёстой ч биднээс огт санал авалгүй барилга угсралтын үйл ажиллагааг бүхий л хууль, дүрэм, дээрх журмыг бүхэлд нь зөрчиж гүйцэтгэсэн байхад огт анхаарсангүй. Байрны оршин суугчид уг эмнэлгийн барилгын асуудлаар өөрсдөө санал авахад 54 айлын оршин суугчид санал нэгтэйгээр 100 хувь уг барилга барихыг эсэргүүцсэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн болно.

НМХГ-ын Хот байгуулалтын хяналтын улсын байцаагч Н.Ганбат газар дээр нь хэмжилт хийж, Шинэ зуун хотхоны 24/в/г орон сууцны барилгаас “А” ХХК-ийн 16 давхар эмнэлгийн барилга хүртэлх зай хэмжээ нь 14.7 метр болохыг тогтоож, энэ нь “орон сууцны барилгын зураг төсөл, төлөвлөлт БНБД-ийн заалт, НИТХ-ын баталсан журмын шаардлагуудыг зөрчсөн болохыг дүгнэсэн.

Монгол Улсын иргэн бид бүхэн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-т заагдсан үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэх ёстой, энэ бүрэн эрх зөрчигдөж байна. Мэргэжлийн хяналтын газраас зохих шалгалтыг газар дээр нь хэмжилт хийж үзээд тухайн байршилд хавдрын эмнэлэг барих нь Эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага стандартыг ноцтой зөрчиж байна.

Нийслэлийн Засаг даргын А/596 дугаар захирамжийн “А” ХХК-д  холбогдох хэсгийг уг хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл түдгэлзүүлсэн шүүгчийн 6607 дугаар захирамж гарсан байхад Нийслэлийн Засаг дарга 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993 дугаар захирамж гаргасан асуудалд шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэсэн нь дахин нэг талыг барьсан туйлын буруу шийдвэр болсон.

Мөн шүүх үнэлэх ёстой нотлох баримтыг зөв үнэлээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтаас зөвхөн нэг талд ач холбогдол бүхий баримтыг гаргаж хэргийг шийдвэрлэсэн. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Д.Д-н 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн дүгнэлт гэх зүйл нь хэн ч үйлдэж болохоос төрийн албан хэрэг хөтлөлтийн наад захын шаардлага хангахгүй, албан хэвлэмэл хуудсан дээр биш стандартын бус байдлаар үйлдсэн, тамга, тэмдэггүй зүйлийг нотлох баримтаар үнэлж түүнд тулгуурлаж шийдвэр гаргасан.

Энэ мэтээр хэрэгт Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, улсын байцаагч нарын “А” ХХК-ийн газар эзэмшлийн талаар болон хууль бус үйл ажиллагаа явуулсан зөрчлийг нотолсон олон олон акт, дүгнэлт, албан бичиг байсаар байхад тэднийг огт үнэлэлгүй хэт нэг талыг барьж гуравдагч этгээдэд ашигтай шаардлага хангахгүй баримтуудыг хүртэл үнэлж, үндэслэж хэргийг шийдвэрлэсэн асуудлыг шүүх онцгой анхаарч өгөхийг хүсье.” гэжээ.

Гуравдагч этгээд “А” давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: “24в/г байрны оршин суугч Л.Ц нарын 7 иргэнээс гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчдийн гомдолтой холбогдуулан шүүгч захирамж гаргаж барилгын салбарын төр захиргааны удирдах дээд холбогдох байгууллага, Мэргэжлийн хяналтын газрыг шинжээчээр томилон шинжээчийн дүгнэлтүүдийг гаргуулсан. Шүүгчийн захирамжид асуултуудыг тодорхой зааж өгсөн учраас энэ шүүгчийн захирамжийн дагуу шинжээчийн дүгнэлтдээ тодорхой хариуг бичиж ирүүлсэн байгаа. Тиймээс шинжээчийн дүгнэлтэд бичигдсэн стандарт норм дүрмийн талаарх тодорхойлолтууд нь хэн нэгэн этгээдэд холбогдох сайтууд руу ороод уншиж шинжээчийн дүгнэлтэд бичигдсэн үг үсэг утгыг тулгаж үзэхэд утгыг алдагдуулаагүй байгаа нь нотлогдоно.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь заалтуудыг ноцтой зөрчсөн гэдэг боловч үйлчилгээ гэдэг нэр томьёонд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны эмнэлэг гэдэг үг нь үйлчилгээ гэдэгт хамрагдах боломжтой гэж дүгнээд Хавдар судлалын үндэсний төв эмнэлгийн зоонд эмнэлгийн барилга барих зөвшөөрлийг НЕТГ буюу хариуцагч талаас “А” ХХК-д  олгосон.

... 3 нотлох баримтын 2 нь маргаан бүхий эмнэлгийн барилга нь стандарт норм зөрчөөгүй гэдгийг нотолсон байгаа.

Нэхэмжлэгч талаас дээрх хуулийн заалтуудыг, стандартуудыг зөрчсөн байгаа мэтээр ташаа мэдээллийг бичиж, Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байгаа Л.Ц нарын 7 иргэний энэ үйлдэл нь “... хариуцагч “А” ХХК-аас Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж байгаа ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтын санхүүжилт хийчихсэн бүтээн байгуулалтыг 2014 оны 08 дугаар сард зогсоож гацаасан хугацаагаа сунжруулж нэхэмжлэгч нар нь 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн мөнгө нэхсэн үйл ажиллагаагаа гүйцэлдүүлэхийн тулд хийж байгаа шантайж” гэж үзэж байна.

Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 629 дүгээр шийдвэрийг хүчинтэйд тооцож, Л.Ц нарын 7 иргэний гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31 дүгээр зүйлд заасан нотлох үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, маргаж буй актын улмаас нэхэмжлэгч нэр бүхий иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн эсэх талаар нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр, нэхэмжлэгч нарын эрх зөрчигдөөгүй хэмээн ерөнхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Л.Ц нарын нэр бүхий иргэдээс “Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/596 дугаар захирамжийн “А” ХХК-д  холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Нийслэлийн Засаг дарга маргаж буй захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгон, “А” ХХК-д  газар эзэмшүүлсэн зориулалтыг нь өөрчилж шинээр захирамж гаргасантай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993 дугаар захирамжийн “А” ХХК-д  холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар өөрчилжээ.

Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...16 давхар 76 метр өндөр хавдарын эмнэлгийн барилга барихаар төлөвлөж оршин суугч бид бүхийг 24 цагийн турш нар үзэхгүй, үзэгдэх орчингүйгээр барилга барьж, барилгын норм дүрэм, эрүүл ахуйн шаардлага стандартыг зөрчиж, барилга хоорондын зай хэт ойрхон барьж байгаагаас оршин суугч иргэд бидний эрүүл мэнд, аюулгүй орчинд амьдрах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна” хэмээн тодорхойлжээ.

Маргаан бүхий Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хавдар судлалын эмнэлгийн урд байршилтай 2340 м.кв газрыг анх Нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/417 дугаар захирамжаар “Инэл” ХХК орон сууц, үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байсан бөгөөд “А” ХХК уг газрыг шилжүүлэн авах хүсэлт гаргаснаар Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/596 дугаар захирамжаар “А” ХХК-д  үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байна.

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993 дугаар захирамжаар орон сууц, үйлчилгээний зориулалтыг нь өөрчилж “А” ХХК-д  эмнэлгийн зориулалтаар олгохоор шийдвэрлэжээ.

Маргаан бүхий газар дээр гуравдагч этгээд “А” ХХК эмнэлгийн 3 блок барилга барихаар төлөвлөж, тус бүрийн суурийн ажлыг хийж гүйцэтгэсэн байх бөгөөд барилгын суурийг архитектур төлөвлөлтийн даалгаварт заагдсан зөвшөөрөгдсөн хэмжээнээс 6.5 метр илүү суурийн цутгалт хийж, барилгын норм ба дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн болох нь хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас гуравдагч этгээдэд хүргүүлсэн 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 02/1571 дүгээр албан бичгээр зэргээр тогтоогдож байх тул зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү гаргаж барилгын суурийн цутгалт хийгдсэн эмнэлгийн барилгын зурагт үндэслэн хийгдсэн Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн дүгнэлт, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас ирүүлсэн барилга хоорондын зайн хэмжилт, нэхэмжлэгч иргэдээс газар дээр нь хийсэн хэмжилтүүдийн алийг үндэслэлтэй гэж үзэх, дээрх 3 хэмжилт дүгнэлтүүд зөрүүтэй гарсан байхад зөрүүтэй байдлыг арилгахгүйгээр Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гуравдагч этгээдийн барьж буй эмнэлгийн барилга нь Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэмд заасан стандарт шаардлагыг хангасан гэж үзэж нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөвтгөх боломжгүй байна.

Хариуцагчаас “орон сууц, үйлчилгээний” зориулалтаар газар эзэмшүүлсэн зориулалтыг “эмнэлгийн” зориулалтаар өөрчилсөн үндэслэлээ “эмнэлгийн барилгын зориулалтаар төлөвлөгөөнд тусгагдсан” гэх боловч тухайн газрын байршил нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан эсэх талаар баримт байхгүй, түүнчлэн нэхэмжлэгч иргэдээс “эмнэлгийн зориулалтаар баригдах барилга Эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага, стандартын 4.1.1, 13.1.1 дэх заалтын ноцтой зөрчсөн, амьдрах орчныг улам дордуулж, оршин суугаа байрнаас 10 гаруй метрийн зайд хавдарын эмнэлэг барихаар улайрч байгаа нь эмнэлгийн цацраг, халдварын эх үүсвэрт амьдрах өндөр настан, нярай, бага насны хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө” гэх үндэслэл гаргасныг анхан шатны шүүх “А” ХХК-ийн барилга нь төв эмнэлгийн ангилалд хамаарахгүй тул стандартыг зөрчөөгүй гэж дүгнэсэн байх бөгөөд хэрэгт авагдсан ямар баримтаар “төв эмнэлгийн барилгад хамаарахгүй” гэсэн дүгнэлт хийж, эрхийг нь зөрчөөгүй гэсэн нь ойлгомжгүй байна.

Нөгөөтэйгүүр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас маргаан бүхий газар дээр эмнэлгийн зориулалтаар баригдаж буй барилга нь Эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага стандартын 4.1.1, Орчны эрүүл ахуйн шаардлагын 13.1.1 дэх “Барилга байгууламж нь хүн амын суурьшлын бүсээс зонхилох салхины доод зүгт, агаар дуслын халдвар, гоц аюулт халдварт өвчин тархах эрсдэлээс сэргийлэн орон сууц, гэр хорооллоос 100м, үйлдвэрийн барилга байгууламжаас 1000 м алслагдсан зайд байрлана” гэж заасныг зөрчсөн байна гэсэн байхад мөн газрын хяналтын улсын байцаагч Д.Дэлгэрбаяраас шүүхэд ирүүлсэн 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн дүгнэлт гэх бичгээр дээрх стандартыг зөрчөөгүй байна гэсэн зөрүүтэй дүгнэлт хийсэн, мөн Д.Д-н 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн бичгээр уг нөхцөл байдлыг тогтоох боломжгүй байна гэжээ.

Шүүх дээрх нэг байгууллагаас ирүүлсэн зөрүүтэй дүгнэлт тайлбарыг тодорхой болгоогүйгээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан үндэслэлд дүгнэлт өгөх боломжгүй бөгөөд /нэхэмжлэгч нараас зөрүүтэй байдлыг тодруулах үүднээс дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргаж байсан/ энэ талаар холбогдох мэргэжлийн байгууллагаас дахин тодруулж дүгнэлт гаргуулсны үндсэн дээр нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй дүгнэлт өгч шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрх бүхий этгээдээс зориулалтыг нь өөрчилсөн шийдвэр гаргаагүй байхад Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Н эмнэлгийн барилгын зориулалтаар гэж 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 513 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, ажлын зургийг баталж, барилгын ажлыг эхлүүлсэн нь нэхэмжлэгч нарын гомдолд дурдсан үндэслэлд хамаарч байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үүссэн нөхцөл байдалд холбогдох баримт цуглуулан бодитой дүгнэлт хийж чадаагүй гэх нэхэмжлэгч нарын гомдол үндэстэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч иргэдээс шүүх хуралдаанд өөрийн зөрчигдсөн гэх эрхээ өөр өөр байдлаар тайлбарлан маргаж байх бөгөөд энэ нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт болон бусад баримтаар хангалттай тогтоогдоогүйгээс тэдгээрийн эрх зөрчигдсөн, хариуцагчийн гаргасан захиргааны акт, уг актыг үндэслэн баригдаж буй эмнэлгийн барилга холбогдох хууль, журамд нийцсэн эсэхэд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгч шийдвэрлэх боломжгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч нараас зарим нь уг газар дээр 3 блок барилга баригдахаар төлөвлөгдсөн нь бидний эрхийг зөрчиж байна хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлан маргаж байхад зарим нь зөвхөн 1 блок барилга дээр эрхээ зөрчигдөж байна хэмээн тайлбарлаж байгаагаас үзвэл шүүх нэр бүхий 7 иргэний нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл адил байгааг тодруулж, үүнтэй холбогдуулан шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулж, нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр зөрүүтэй тайлбар гарган маргаж буй нэхэмжлэл гаргасан иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг дүгнэх шаардлагатай байна.

Мөн гуравдагч этгээдийн барихаар төлөвлөж, суурийг цутгасан эмнэлгийн 3 блок барилга нь маргаж буй захирамжаар олгогдсон газрын аль хэсэгт төлөвлөгдсөн, аль хэсэгт хамаарч байгааг тогтоосноор маргаж буй акт нь нэхэмжлэгч нарын эрхэд хэрхэн нөлөөлснийг дүгнэхэд чухал ач холбогдолтой болох юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр зөрүүтэй нөхцөл байдлуудыг тодруулан, холбогдох нотлох баримтуудыг цуглуулсний үндсэн дээр нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзэж, хэргийг дахин хэхэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 629 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.  

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч,  тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

           ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

 ШҮҮГЧ                                                         Д.БААТАРХҮҮ