Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 1640

 

М.Сансарсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/00974 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.Сансарсайханы нэхэмжлэлтэй,

Хариуцагч З.Оюундэлгэрт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 36 650 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Сансарсайхан,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нарантуяа,

Хариуцагч З.Оюундэлгэр,

Хариуцагчийн өмгөөлөгч З.Ариунжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажав нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281, 282 дугаар заалтыг үндэслэн хариуцагч З.Оюундэлгэртэй 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 30 000 000 төгрөгийг 8 cap 15 хоногийн хугацаатай нэг сарын 1.5 хувийн хүү тооцож авахаар харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсан өдрөө М.Бямбасайханы Худалдаа хөгжлийн банкны 458016409 тоот данснаас хариуцагчийн ХААН банкны 5033110293 тоот дансанд 20 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь нэхэмжлэгч нь 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 10 000 000 төгрөгийг хариуцагчийн ХААН банкны 5033110293 тоот дансанд мөн шилжүүлсэн. Зээлийн гэрээг байгуулснаас хойш хариуцагч нь нэхэмжлэгчийн ХААН банкны 5518635755 тоот дансанд 1 000 000 төгрөг л төлсөн гэж байгаа боловч уг мөнгийг төлсөн гэсэн баримт байхгүй. Мөн хариуцагч нь 15 466 022 төгрөгийг төлсөн гэдэг нь үндэслэлгүй, баримтгүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Үндсэн зээл 30 000 000 төгрөг зээлийн хүү 3 050 000 төгрөг, алданги 3 600 000 төгрөг, нийт 36 650 000 төгрөгийг гаргуулж өгнө үү, зээлийн гэрээг нөхөн байгуулсан боловч мөнгийг шилжүүлсэн гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. М.Сансарсайхан нь надтай 2015 оны 12 сараас 2017 оны 01 cap хүртэл хамт амьдарсан. Бэлнээр М.Сансарсайханд мөнгө өгч байсан дэвтэр надад байгаа. Анх энэ 30 000 000 төгрөгийг надад өөрийн хүсэлтээр чи эргэлтийн хөрөнгөндөө хэрэглэж бай, эргэлтийн хөрөнгөөс гарсан ашгийг хамтын амьдралдаа зарцуулья гэсэн. Гэхдээ энэ мөнгийг гэрээ хийсний дагуу бүтнээр өгөөгүй ба тодорхой хугацааны давтамжтайгаар орж ирсэн. Эхлээд 2016 оны 3 дугаар сарын 16-нд 20 000 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 06-нд 10 000 000 төгрөг дансанд орж ирсэн. Зээлийн гэрээг анх хүүтэй гэх асуудал ерөөсөө яригдаж байгаагүй ба надтай маргалдаж муудалцах болгондоо би чамд өгсөн мөнгөндөө баталгаа авна гэж шаарддаг байсан. Сүүлдээ над руу ингэж дайраад байхаар нь арга буюу нотариат дээр очиж гэрээ хийсэн. Түүнээс анхнаасаа хүүтэй мөнгө зээлэхээр тохирсон зүйл байхгүй. Би М.Сансарсайханд бэлэн мөнгөөр, данснаас данс хооронд болон мөнгөө банкаар дамжуулан түүний дансанд хийх гэх мэтээр маш их мөнгө өгсөн. Тухайн үедээ би хамтран амьдарч байсан, цаашид гэр бүл болно гэсэн итгэл үнэмшилтэй байсан учраас банкны баримтыг хадгалж байгаагүй. Иймээс би өөрийн буцааж өгсөн мөнгийг нотлох боломжгүй болоод байна. Надад 20 000 000 төгрөгийг М.Сансарсайханаас шилжүүлээгүй, М.Бямбасайханаас шилжүүлсэн, ямар нэг зээлийн гэрээ байгуулаагүй, мөнгө зээлж байна ч гээгүй. Харин ч бид хамт амьдарч байсан болохоор хамтын амьдралдаа зарцуулаарай гэж байсан. Харин 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 10 000 000 төгрөгийг бол нэхэмжлэгчээс авснаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ эхлээд зээл гээгүй, хүү тохироогүй боловч М.Сансарсайхан нь 2016 оны 8 сард зээлийн гэрээг хүчээр нөхөн хийсэн. Түүнээс би 2016 оны 3 дугаар сарын 16-ны зээлийн гэрээний дагуу 30 000 000 төгрөгийг аваагүй. Миний бие нэхэмжлэгчид дансаар 2 430 000 төгрөг, өөрийн дансаар шилжүүлсэн 5 516 000 төгрөг, бэлнээр 6 ширхэг баримтаар 6 781 000 төгрөг, өөрт нь авсан зүйл 739 022 төгрөг, нийт 15 462 022 төгрөг өгсөн байгаа. Тиймээс 10 000 000 төгрөгийг буцаан төлсөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн М.Сансарсайхан, бидний хооронд байгуулсан зээлийн гэрээ нь байгуулагдсан үеэсээ хууль зөрчин хийсэн хүчин төгөлдөр бус гэрээ юм. Учир нь 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр М.Сансарсайхан нь надад 30 000 000 төгрөг өгөөгүй, би уг мөнгийг дансаар болон бэлнээр өөрийн өмчлөлд аваагүй тул 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн бидний хооронд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Хуульд зааснаар эд хөрөнгө буюу мөнгө шилжиж байж зээлийн гэрээ бодитой хэрэгжсэн гэж үзнэ. Гэтэл нэхэмжлэгчээс хариуцагчид бодитой шилжсэн зүйл байхгүй учраас зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж болохоор байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн З.Оюундэлгэр бидний хооронд байгуулсан гэрээ нь 2 талын хүсэл зоригийн нэгдлээр хийгдсэн гэрээ бөгөөд хүчин төгөлдөр бусад тооцогдох үндэслэл байхгүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч З.Оюундэлгэрээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9 525 600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Сансарсайханд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 27 124 400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар хариуцагч З.Оюундэлгэрийн нэхэмжлэгч М.Сансарсайханд холбогдуулан гаргасан 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Сансарсайханы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 341 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 167 359 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, 307 950 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод тус тус оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нарантуяа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр нь ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг бүрэн хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхгүйгээр хуульд нийцээгүй шийдвэр гаргасан гэж үзэн нэхэмжлэгчийн зүгээс эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ах М.Бямбасайханы Худалдаа хөгжлийн банкны 458016409 тоот данснаас хариуцагчийн Худалдаа хөгжлийн банкны 471004015 дансаар 20 000 000 төгрөг шилжүүлсэн болохыг нотолсон банкны дансны хуулгыг хэрэгт баримтаар өгсөн байхад шүүх шийдвэртээ нотлогдохгүй байна гэж дүгнэсэн. Харин шүүх М.Сансарсайханаас З.Оюундэлгэр нарын зээлийн гэрээний дагуу шилжүүлэн өгсөн болох нь тодорхойгүй, хамтран амьдрах хугацааны зардал хэмээн хариуцагчийн худал тайлбарыг үндэслэн шийдвэрлэж байгаа нь энэ хэрэгт огт хамааралгүй нотлогдохгүй үйл баримтыг үндэслэсэн нь буруу юм. Хариуцагч нь нэхэмжлэгчээс 20 000 000 төгрөгийг зээлийн зориулалтаар авсан ба энэ талаар хариуцагч тал маргадаггүй болох нь түүний шүүхийн хэлэлцүүлэг дэх тайлбар, дансны хуулгууд зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр нотлогддог.

2. Нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шүүхээс гарах шүүхийн шийдвэр баталгаажуулах зорилгоор ИХШХШТХ-ийн 69 дүгээр зүйлд заасны дагуу Баянгол дүүргийн 20 дугаар хороо Москва гудамж 6-40 тоот эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хязгаарлаж өгөхийг хүссэн хүсэлт гаргасан. Гэтэл шүүхээс хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснээс болж хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгөө бэлэглэлийн гэрээ хийн шилжүүлсэн. Энэ нь шүүхээс шүүхийн шийдвэр гарах хүртэл хэрэг маргаантай холбоотой аливаа хөрөнгөнд захиран зарцуулах эрхийг хязгаарлах, хориглоогүйгээс үүдэн хариуцагч нь санаатайгаар шүүх дээр энэ талаар маргаж байх хугацаанд бусдад шилжүүлж төлбөр төлөхгүй байх, улмаар барьцаа хөрөнгөгүй болох гэсэн санаа агуулсан үйлдэл хийж, хуулийн байгууллагыг хүртэл хуурч мэхэлсээр байна. Нэхэмжлэгч нь 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр нэмэгдүүлсэн шаардлага гарган улмаар дахин З.Оюундэлгэрийн хийсэн бэлэглэлийн гэрээг холбогдох баримт бичгийн хамт улсын бүртгэлийн газраас гаргуулах тухай хүсэлт гаргасан боловч шүүхээс хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй орхин, Улсын бүртгэлээс нотлох баримт гаргуулалгүй ИХШХШТХ-ийн 46 дугаар зүйлийн 46.1, 38 дугаар зүйлийн 38.6 дахь заалтуудад зааснаар бичмэл нотлох баримтыг гаргах үүргийг шалтгаангүйгээр биелүүлээгүй байхад шүүх хэрэгт уг хариу ирээгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэж, хүсэлтийг хэрхэх талаараа хэлэлцээгүй орхисон. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагчийн өмгөөлөгч нь зээлийн төлбөрийг бичиж байсан дэвтэр нь хариуцагчид байгаа гэж тайлбарласан байдаг боловч нэхэмжлэгчид төлбөрөө төлсөн гэдгээ нотлох үйл баримт хэрэгт ирүүлээгүй байхад мөнгө төлөгдсөн мэтээр үзэж 20 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/00974 дугаартай шүүхийн шийдвэрийг шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Даваадорж давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэргийн бодит нөхцөл байдалд зөв үнэлэлт дүгнэлт өгөлгүй хариуцагч талын тайлбарт үндэслэн хэргийг шийдвэрлэж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг илтэд хохироож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг ноцтой зөрчсөн. Хариуцагч З.Оюундэлгэр нь шүүхийн хэлэлцүүлэг дэх тайлбартаа надад 20 000 000 төгрөгийг М.Сансарсайханаас шилжүүлээгүй, М.Бямбасайханаас шилжүүлсэн гэсэн. Нэхэмжлэгч нь 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр өөрийн төрсөн ах М.Бямбасайханы Худалдаа хөгжлийн банкны 458016409 тоот данснаас 20 000 000 төгрөгийг хариуцагчийн мөн банкны 471004015 дансанд шилжүүлсэн нь талуудын хооронд маргаж буй зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн болохыг нотлох хангалттай нотлох баримт хэрэгт авагдсан байхад шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ үүнийг анхааран үзэх ёстой байсан.

Анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 20 000 000 төгрөгийг М.Бямбасайханаар шилжүүлсэн гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банкны хуулга, депозит дансны хуулгаар М.Бямбасайханы дансанд М.Сансарсайханаас 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 20 000 000 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд уг мөнгийг нэхэмжлэгчид зээлийн гэрээний дагуу шилжүүлэн өгсөн болох нь тодорхойгүй хариуцагч нь 20 000 000 төгрөгийг М.Бямбасайханаас хамтран амьдрах хугацааны зардал гэж өгсөн гэж маргасан тул 20 000 000 төгрөгийг зээлийн гэрээгээр шилжүүлсэн гэж үзэх боломжгүй байна /хэргийн 30-31-р хуудас/ гэсэн нь шүүхийн хэлэлцүүлэг дэх хариуцагчийн тайлбар, Худалдаа хөгжлийн банкны 471004015 дансны депозит дансны хуулга зэргээр үгүйсгэгдэнэ. Нэгэнт талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах бүрэн эрхтэй. Ийм учраас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар 282.4-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид 20 000 000 төгрөгийг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагддаг хууль зүйн бүрэн үндэслэлтэй. Талууд зээлийн гэрээ байгуулахдаа уг гэрээг байгуулах талаараа санал нэгдсэн, хүсэл зоригийн илэрхийллийг бичгээр хийж гаргасан байх ёстой боловч хуульд зээлийн гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан гэж үзэхийн тулд зээлийн гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлсэн, зээлийг бодитойгоор олгосон байхыг нэмж шаарддаг. Зохигч талууд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр нөхөн байгуулсан талаараа хүлээн зөвшөөрч, маргаагүй тул нэхэмжлэгч нь үндсэн зээл, зээлийн хүү, алдангийг шаардах эрхтэй, хариуцагч гэрээнд заасны дагуу буцаан өгөх үүрэгтэй.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу алдангийг нийт үнийн дүнгээс хоног тутамд 0.2 хувиар тооцохоор харилцан тохиролцсон баримт хэрэгт авагдсан. Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлж чадаагүй нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй тул давж заалдах шатны шүүх нотлох баримтын хүрээнд шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

 

Нэхэмжлэгч М.Сансарсайхан нь хариуцагч З.Оюундэлгэрт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 36 650 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

Талуудын хооронд 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 30 000 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, сарын 1.5 хувийн хүүтэй зээлэхээр тохирч зээлийн гэрээ байгуулагдсан байх ба зохигчид уг гэрээг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр нөхөн байгуулсан талаар маргаагүй байна. /хэргийн 3 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “зээлийн гэрээгээр 20 000 000 төгрөгийг 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр өөрийн ах М.Бямбасайханы дансаар, 10 000 000 төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр өөрийн дансаар хариуцагчид шилжүүлсэн” гэж, хариуцагч “20 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс шилжүүлээгүй, харин түүний ах М.Бямбасайханаас шилжүүлсэн, 10 000 000 төгрөгийг авсан боловч буцаан төлсөн” гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч З.Оюундэлгэрт нэхэмжлэгч М.Сансарсайханаас зээлийн гэрээний дагуу 20 000 000 төгрөгийг өөрийн ах М.Бямбасайханы Худалдаа хөгжлийн банкны 458016409 тоот дансаар, мөн 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 10 000 000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5058136755 тоот данснаас хариуцагчийн дансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ. /хэргийн 31, 34-35 дугаар тал/

 

Хэргийн 34 дүгээр талд авагдсан М.Бямбасайханы Худалдаа хөгжлийн банкны депозит дансны хуулга болон тус банкны төлбөрийн картын хуулганы “Сансарсайханаас шилжүүлэв” гэсэн гүйлгээний зориулалтаас үзэхэд нэхэмжлэгч М.Сансарсайхан нь 20 000 000 төгрөгийг хариуцагч З.Оюундэлгэрт ах М.Бямбасайханы данснаас шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. Гэтэл анхан шатны шүүх уг 20 000 000 төгрөгийг дээрх зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй үндэслэлгүй дүгнэлт болжээ.

 

Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

 

Зохигчид 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр нөхөж бичгээр байгуулсан талаар маргаагүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулсан үеэс хариуцагчаас хүү шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Хариуцагч зээлийн гэрээний үндсэн үүрэг 30 000 000 төгрөг, зээлийн гэрээ байгуулагдсан өдөр буюу 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 3 сар 15 хоногийн хүү болох 1 575 000 төгрөг, нийт 31 575 000 төгрөг төлөх үүрэгтэйгээс нэхэмжлэгчид дансаар 2 200 000 төгрөг шилжүүлснийг хасч 29 375 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

 

Мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ.”, 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж тус тус заасан байх ба талууд зээлийн гэрээний 3-т зээл төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.2 хувиар алданги төлөхөөр тохиролцсон тул шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх 42 хоногийн хугацааны алдангид 29 375 000 төгрөгт /29 375 000 х 0.2% = 58 750 x 42 хоног/ 2 467 500 төгрөгийг нэмж төлөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч М.Сансарсайхан нь шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулахаар хариуцагчийн өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Москва гудамж, 6-40 тоот Улсын бүртгэлийн /Ү-2205038602/ дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хязгаарлуулах хүсэлт гаргасныг шүүх 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хангасан байх боловч уг үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Н.Цэсэнхүүд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэнээс шүүгчийн захирамж биелэгдэх боломжгүй болсон ньНийслэлийн Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 704 тоот албан бичгээр тогтоогдож байх тул шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэлгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.

Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчийн дансаар 2 200 000 төгрөгийг шилжүүлнээс өөр мөнгийг зээлийн гэрээний үүрэгт төлсөн гэх нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй тайлбарийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийгн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлож чадаагүй байна.  

 

Иймээс дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/00974 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “9 525 600” гэснийг “31 842 500” гэж, “27 124 400” гэснийг “4 807 500” гэж,

2 дахь заалтын “167 359” гэснийг “317 162” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн  давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч М.Сансарсайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287 950 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            А.МӨНХЗУЛ

                       

                                          ШҮҮГЧИД                            Д.ЦОГТСАЙХАН     

                    

                                                                                      С.ЭНХТӨР