Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2016/0770/з |
Дугаар | 09 |
Огноо | 2017-01-16 |
Маргааны төрөл | Тендер, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 09
“Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль”-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чулуун, хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Эрдэнэцэцэг, Х.Санчигдорж нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн 789 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2016/0736 дугаар магадлалыг эс зөвшөөрч хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор “Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль”-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн 789 дүгээр шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2, 55.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Шинжлэх ухаан технологийн их сургуулийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол улсын Сангийн яамны 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708, 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 5/4914 тоот албан бичгийн ШУТИС-д холбогдох хэсэг, Монгол улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 тоот албан бичгийн 7 дугаар багц буюу ШУТИС-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, ШУТИС-тай байгуулсан “Геологийн судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний 2016-2/7 дугаар бүхий гэрээ”-ний үүргээ биелүүлж ажиллахыг Монгол улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд даалгаж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2016/0736 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн 789 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиалагч байгууллага болох Уул уурхайн яамнаас “1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил” 10 төсөл, "Монгол орны К хавтгайн хэмжээнд хийгдсэн улсын геологийн 1.200000-ны масштабын иж бүрдэл зургуудыг нэгтгэх ажил"-ын төсөл, "Агаарын геофизикийн 5 сувгийн судалгааны ажил"-ын төсөл хэрэгжүүлэх зөвлөхийг сонгон шалгаруулах тендер зарлан зохион байгуулсан байдаг. Уг тендерт оролцсон “Геосан" ХХК, "Геологийн судалгааны төв" ТӨҮГ, “Геомин" ХХК, "Найман бат" ХХК, “Гео-Эрин" ХХК, "Жинст-Уул" ХХК, "Литолог" ХХК-аас 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу хуулиар олгогдсон эрхийн хүрээнд гомдол гаргасныг Сангийн яамны зүгээс 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 5/4565 тоот гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажиллагааг түр түдгэлзүүлсэн тухай албан бичгээр Уул уурхайн яаманд холбогдох баримт бичиг, материалыг ирүүлэхийг шаардсан байдаг. Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхэд хамаарах асуудлын хүрээнд хуулийн 52.1.7 дэх хэсэгт “энэ хуульд заасны дагуу тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх” гэж заасны дагуу хуулийн хэрэгжилтийг хангаж ажилласан болохыг анхан шатны шүүх харгалзан үзэх боломжтой байсан. Сангийн яам дээрх тендер шалгаруулалтыг хянан үзэж хуулийн 55.3.1 дэх хэсэгт энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх, гэж заасны дагуу тендер шалгаруулалтыг 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 дугаар албан бичгээр хүчингүй болгосон нь хуулийн хүрээнд ажилласан гэж үзэж байна. Дээрх хууль нь тухайлсан зохицуулалттай онцгой харилцааг зохицуулагддаг хууль юм.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 0825 дугаар шийдвэр гаргаж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж захиргааны маргаан бүхий акт болох Сангийн яамны 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 дугаар, 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 5/4914 дугаар албан бичгүүдийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийн хүчингүй болгосон байдаг. Дээрх тендер шалгаруулалтын хүчингүй болгосон шийдвэр нь хуулийг зөв ойлгож хэрэглэсэн гэж үзэж байна.
Захиалагч Уул уурхайн яам дээрх тендер шалгаруулалтад шалгарсан оролцогч болох нэхэмжлэгчтэй ажил гүйцэтгэх гэрээг 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр буюу мэдэгдэл хүргүүлснээс хойш ажлын 5 хоног дуусаагүй байхад гэрээ байгуулсан нь хуульд зөрчсөн байдаг. Сангийн яамны 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 5/4914 дугаар албан бичигт дээрх гэрээ байгуулсан үйлдэл хуулийн 42.1.2. дэх хэсэгт захиалагч энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхээр хуулийн зохицуулалтыг зөрчиж гэрээ байгуулсан болохыг мэдэгдсэн албан бичиг байсан. Давж заалдах шатны шүүх дээрх хуульд заасан хуулийн заалтыг хэрэглэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжтой байсан боловч давж заалдах шатны шүүх хуулийг хэрэглээгүйд гомдолтой байна. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн 789 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 221/МА2016/0736 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх боловч зарим нэхэмжлэлийн шаардлагын хувьд хуулийг буруу тайлбарлаж, захиргааны хэргийн харьяаллын бус маргаан шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль нь Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 5/4708 дугаар албан бичиг, 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 5/4914 дүгээр албан бичиг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 дугаар албан бичгийн өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, гэрээний үүргээ биелүүлж ажиллахыг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч хуулийн этгээд нь улсын төсвийн хөрөнгөөр 2016 онд шинээр хэрэгжүүлэх геологи судалгааны ажлын зөвлөх сонгон шалгаруулах тендерийн багц-7, Их-Өлзийт-50 төслийн сонгон шалгаруулалтад оролцож, шалгарсан байх бөгөөд уг багцад нэхэмжлэгч хуулийн этгээдээс өөр этгээд оролцоогүй, тендерийн санал ирүүлээгүй байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.7, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх эрхтэй.
Хуулийн энэхүү заалтын агуулгаас үзэхэд төрийн захиргааны төв байгууллага болох Сангийн яамны эрх хэмжээ нь захиалагчийн шийдвэрийг тендерт оролцогчийн гомдлын үндсэн дээр хянаж үзэх эрхээр хязгаарлагдаж байна. Тодруулбал, тухайн тохиолдолд Сангийн яам нь өөрт нь харьяалагдаж гаргасан гомдлын үндсэн дээр маргаан бүхий тендерийг хянан үзсэн болохоос өөрийн санаачилгаар уг ажиллагааг эхлүүлээгүй болно.
Өөрөөр хэлбэл, захиалагч нь бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг зохион байгуулах, хэрэв захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн бол тендерт оролцогч талын гомдлыг үндэслэн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага худалдан авах үйл ажиллагааг хянах байна.
Энэ тохиолдолд маргаан бүхий тендерт зөвхөн нэг оролцогч оролцсон, уг этгээдээс Сангийн яаманд гомдол гаргаагүй байхад, тендерт оролцоогүй этгээдийн буюу гомдол гаргах эрхгүй этгээдийн гомдлыг хүлээн авч, улмаар тендерийг хүчингүй болгосон нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй юм.
Түүнээс гадна хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь “захиалагч хууль зөрчсөн” гэх үндэслэлээр тендерийг хүчингүй болгох эрхтэй болохоос “шаардсан баримтыг ирүүлээгүй” гэх үндэслэлээр тендерийг хүчингүй болгох эрхгүй байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар худалдан авах ажиллагаанд үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлах ба хариуцагч Сангийн яам нь энэхүү зарчмыг зөрчиж, өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн, хуульд заагаагүй үндэслэлээр тендерийг хүчингүй болгосон байх тул нэхэмжлэлийг хангасан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль зүйн үндэслэлтэй.
Хариуцагчаас “мэдэгдэл хүргүүлснээс хойш ажлын 5 хоног дуусаагүй байхад гэрээ байгуулж, захиалагч хууль зөрчсөн” гэх гомдлын тухайд:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүх нь захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянах чиг үүрэгтэй.
Энэ хүрээнд маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянахад, маргаан бүхий захиргааны актууд “ажлын 5 хоног дуусаагүй байхад гэрээ байгуулсан” гэх үндэслэлээр гараагүй, дээр дурдснаар “холбогдох баримт ирүүлээгүй” гэх үндэслэлээр гарсан байна.
Иймээс захиргааны шүүх нь маргаан бүхий актын үндэслэл болоогүй, актыг гаргаснаас хойших үйл баримтын талаар дүгнэлт хийхгүй, захиргааны өмнөөс түүний гаргасан алдаатай шийдвэрийг зөвтгөж тайлбарлаж, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж болохгүй тул дээрх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй юм.
Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 дугаар албан бичиг нь захиргааны актын шинжийг агуулаагүй байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс захиргааны актад тооцож шийдвэрлэсэн нь буруу байх тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Маргаан бүхий 4/63 албан бичиг нь нэхэмжлэгч хуулийн этгээдэд чиглэсэн боловч “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тендерийг бүхэлд нь хүчингүй болгож, гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй гэсэн байна” гэх агуулгаар гарсан буюу өөрөө эрх зүйн үр дагавар учруулаагүй, захирамжилсан шинжгүй, зөвхөн Сангийн яамнаас тендерийг бүхэлд нь хүчингүй болгосон талаар мэдэгдсэн, “дахин сонгон шалгаруулалт зарласан тохиолдолд танай компанид мэдэгдэнэ” гэх агуулгаар гарсан байна.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар “захиргааны акт” гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, амаар бичгээр гаргасан, захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгохоор зохицуулжээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь маргаан бүхий асуудлаар бие даасан захирамжилсан шийдвэр гаргаагүй, тендерийг хүчингүй болгоогүй зөвхөн дээд шатны байгууллагын шийдвэрийг дамжуулан мэдэгдсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт зааснаар энэ нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж үзлээ.
Анхан болон давж заалдах шатны шүүхээс “ШУТИС-тай байгуулсан Геологи судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний 2016-2/7 дугаар бүхий гэрээний үүргээ биелүүлж ажиллахыг Монгол Улсын Уул уурхай хүнд үйлдвэрийн яаманд даалгах” нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.
Учир нь “гэрээний үүргээ биелүүлж ажиллахыг даалгах” гэх нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш, гэрээний үүргээ биелүүлсэн эсэх асуудал нь гэрээ байгуулагч талуудын хооронд үүсэх Иргэний хуулиар зохицуулах маргаан болно.
Шүүхүүд нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас хуулиар оногдуулсан хийвэл зохих чиг үүргийг хэрхэн биелүүлээгүй, нэхэмжлэгчид үр дагавар учруулсан ямар захиргааны акт гаргасан, хууль бус ямар эс үйлдэхүй гаргасан талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй атлаа нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэг буюу даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байгаа нь буруу юм.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт зааснаар захиргааны байгууллагын үйлдэл, эс үйлдэхүй нь хууль бус байсан болох нь тогтоогдсон тохиолдолд захиргааны байгууллагад шаардагдах захиргааны акт гаргахыг, тодорхой үйлдэл хийхийг даалгах болохыг шүүхүүд анхаараагүй байна.
Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 789 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 736 дугаар магадлалын “тогтоох” хэсгийн 1 дэх заалтаас “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 дугаар албан бичгийн 7 дугаар багц буюу ШУТИС-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, ШУТИС-тай байгуулсан Геологи судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний 2016-2/7 дугаар бүхий гэрээний үүргээ биелүүлж ажиллахыг Монгол Улсын Уул уурхай хүнд үйлдвэрийн яаманд даалгасугай” гэснийг хасч, шийдвэрийн “тогтоох” хэсэгт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 4/63 дугаар албан бичгийн 7 дугаар багц буюу ШУТИС-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Геологи судалгааны ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээний 2016-2/7 дугаар бүхий гэрээний үүргээ биелүүлж ажиллахыг Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд даалгах нэхэмжлэлийг тус тус хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн 2 дахь заалт нэмж, 2, 3 дахь дугаарыг 3, 4 болгон өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ