Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2020/00159

 

“... профит энд инвестмэнт ББСБ” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн       

          2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2019/00589 дүгээр шийдвэр,

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 716 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: “... профит энд инвестмэнт ББСБ” ХХК

          Хариуцагч: Б.Т.

          Хариуцагч: Г.Э. нарт холбогдох

          Зээлийн гэрээний үүрэгт нийт 21,977,593 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Соёл-Эрдэнэ, хариуцагч Б.Т.ын өмгөөлөгч Ц.Гансүх, нарийн бичгийн даргад Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: 2017-05-31-ний өдөр ЗГ-201705310493 дугаартай зээлийн гэрээ байгуулж 2 сая төгрөгийг сарын 4,8%-н хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлсэн ба 2017-07-24-ний өдөр ЗГ-201705310493-1 дугаартай зээлийн нэмэлт гэрээ байгуулж 6 сая төгрөгийг сарын 4,5%-н хүүтэй, 24 сарын хугацаатай, 2017-09-12-ны өдөр ЗГ-201705310493-2 дугаартай зээлийн нэмэлт гэрээ байгуулж 4 сая төгрөгийг 4%-н хүүтэй, 24 сарын хугацаатай, 2017-10-13-ны өдөр ЗГ-201705310493-3 дугаартай зээлийн нэмэлт гэрээ байгуулж 3,5 сая төгрөгийн тус тус зээл олгож нийт 15 сая төгрөгийг 3,5%-н хүүтэй, 24 сарын хугацаатай зээлүүлсэн. Зээлдэгч нь зээлийн барьцаанд 2017-05-31-ний өдөр ЗГБ- 201705310493 дугаартай Зээлийн барьцааны гэрээ байгуулан зээлдэгч Б.Т.ын өмчлөлийн СХД, 1-р хороо, Толгойт ... гудамж .. тоот хаягт байршилтай 000494995 гэрчилгээний дугаартай, Г-2201009487 улсын бүртгэлийн дугаартай, 672 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 2017-10-13-ны өдөр ЗГБ-201705310493-1 дугаартай Зээлийн барьцааны гэрээ байгуулан зээлдэгч Б.Т.ын өмчлөлийн СХД, 1-р хороо, Толгойт .. гудамж ... тоот хаягт байршилтай 000604314 гэрчилгээний дугаартай, Ү-....1051938 улсын бүртгэлийн дугаартай, 63 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан болно. Зээлдэгч Б.Т., Г.Э. нар нь зээлийн гэрээний хавсралтаар тогтоосон графикийн дагуу зээлийн эргэн төлөлтийг хийх ёстой байсан ч авсан зээлээ графикийн дагуу төлөхгүй явсаар өнөөдрийг хүрсэн болно. Зээлдэгч Б.Т., Г.Э. нар нь 2019-01-18-ны өдрийн байдлаар үндсэн зээл 14,595,000 төгрөг, үндсэн хүү 6,718,574 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 644,019 төгрөг, авлага нотариат 20,000 төгрөг нийт 21,977,593 төгрөгийн төлбөртэй байгаа болно. Зээлийн төлбөрийг зээлдэгч Б.Т., Г.Э. нараас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч Б.Т. нь зээлийн бүрэн төлж барагдуулна гэсэн тул Г.Э.ээс татгалзсан болно. Иймд Б.Т.оос зээлийн гэрээний төлбөрт 21,977,593 төгрөгийг гаргуулж, барьцааны үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Т. тайлбартаа: Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байгаа. Тиймээс нэхэмжлэл гаргах эрхгүй байгаа. Анхны зээлийн гэрээ болон түүний дараа байгуулсан гэрээнүүд 24 сарын хугацаатай байгуулагдсан. Нэхэмжлэгч нь шүүхэд зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэл гаргасан ба шүүхэд зээлийн гэрээг цуцлах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Мөн гэрээний 4.2-т зээлийн гэрээг цуцалсан тохиолдолд шаардлага гаргана гэж заасан. Нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээнүүд болон гэрээнүүдээр хүлээн авсан зээлийн хэмжээ, зээлийн үлдэгдэл хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар маргаан байхгүй. Хэдийгээр тооцооллын хувьд маргаан байхгүй боловч нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан нь гэрээгээ зөрчиж байгаа ба гэрээ цуцлах талаар шаардлага гаргаагүй учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн төлбөрөө төлж чадахгүй байгаа нь үнэн. Г.Э. нь энэ зээлийн гэрээнд батлан даагчаар орсон. Энэ зээлийн төлбөрийг би хариуцан барагдуулна. Барьцааны үл хөдлөх хөрөнгө ганцхан миний нэр дээр байгаа. Энэ төлбөрт Г.Э. ямар ч оролцоо байхгүй гэжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 184/ШШ2019/00589 дүгээр шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Т.оос үндсэн зээл 15,595,000 төгрөг, зээлийн хүү 6,718,574 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 644,019 төгрөг, нотариатын зардал 20,000 төгрөг, нийт 21,977,593 төгрөг гаргуулж “... профит энд инвестмэнт ББСБ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Б.Т. төлбөрийг сайн дураар эс төлбөл Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын ... гудамжны ... тоот хаягт байрлах 672 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 63 м.кв талбай бүхий хувийн сууц зэргийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Э.ээс нийт 21,977,593 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ ... профит энд инвестмэнт ББСБ ХХК татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 338,038 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Б.Т.оос 338,038 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох  шийдвэр гаргасан байна. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 716 дугаартай магадлал гаргаж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2019/00589 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 338,038 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Талуудын хооронд байгуулсан ЗГ-201705310493-3 дугаартай зээлийн гэрээний хугацаа 2019-05-31-ний өдөр дуусна. Зээлийн гэрээний 4.2-т зааснаар: зээлдэгч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч нь зээлийн гэрээг дангаараа цуцалж зээлийн үндсэн ор, хүүг хугацаанаас нь өмнө төлөхийг шаардах эрхтэй, үүнтэй маргахгүй. Харин зээлдэгч Б.Т.од зээлээ графикийн дагуу төлөхийг шаардсан талаарх нотлох баримт хэрэгт байхгүй, нэхэмжлэгч тал шүүх хуралдаан дээр гэрээгээ хугацаанаас нь өмнө дангаар цуцалж байгаа талаар хариуцагчид хэлээгүй, мэдэгдээгүй гэдгээ зөвшөөрч байхад хэрэг маргааныг шүүх шийдвэрлэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл гэрээний хугацаа дуусаагүй, гэрээ цуцлагдаагүй байхад зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулах шаардлага гаргах эрх нэхэмжлэгч талд үүсэхгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч талыг: гэрээг дангаараа цуцлах, гэрээний үүргийг шаардах эрх нь үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөнөөр хэрэгжих бөгөөд энэхүү эрхийг хэрэгжүүлэхэд шүүхэд энэ талаар нэхэмжлэл гаргасан байх шаардлагагүй гэх буруу дүгнэлт хийсэн. ... профит энд инвестмэнт ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд ЗГ-201705310493-3 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах талаар огт дурьдагдаагүй, зээлийн гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлсэн эсэх нь эргэлзээтэй, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байхад шүүх өөрийн санаачилгаараа гэрээг цуцалж, түүний үр дагаврыг хянан шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх залруулаагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

“... профит энд инвестмэнт ББСБ” ХХК 2019-01-18-ны өдөр шүүхэд хандаж,   Б.Т., Г.Э. нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 14,595,000 төгрөг, үндсэн хүү 6,718,574 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 644,019 төгрөг, нотариатын зардал 20,000 төгрөг нийт 21,977,593 төгрөг төгрөг шаардаж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахыг хүссэн байна.

Анхан шатны шүүх Б.Т.оос 21,977,593 төгрөг гаргуулж, Г.Э.т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. “... профит энд инвестмэнт ББСБ” ХХК нь Б.Т., Г.Э. нартай 2017 -05-31-ний өдөр 2,000,000 төгрөгийг нэг сарын 4,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлүүлж №ЗГ-201705310493 дугаартай гэрээ байгуулсан. Уг гэрээний үлдэгдэл 1,879,482 төгрөг дээр нэмж 6,000,000 төгрөг зээлүүлж, нийт 7,879,482 төгрөгийг нэг сарын 4,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлүүлэх №ЗГ-201705310493-1 дугаартай гэрээг 2017-07-24-ний өдөр байгуулсан байна. №ЗГ-201705310493-1 дугаар гэрээний үлдэгдэл  7,704,070 төгрөг дээр 4,000,000 төгрөг нэмж нийт 11,704,070 төгрөгийг нэг сарын 4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлүүлэхээр 2017-09-12-ны өдөр №ЗГ-201705310493-2 дугаартай гэрээ байгуулсан. Уг гэрээний үлдэгдэл 11,500,000 төгрөг дээр 3,500,000 төгрөг нэмж нийт 15,000,000 төгрөгийг нэг сарын 3,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 2017-10-13-ны өдөр № ЗГ-201705310493-3 дугаартай гэрээ байгуулсан нь тус тус тогтоогджээ. Зээлийн үүргийн гүйцэтгэлд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Толгойтын ... гудамжны ... тоотын 672 м.кв Б.Т.ын өмчлөлийн газар, 63 м.кв талбай бүхий хувийн сууцыг барьцаалсан талаар зохигч маргаагүй байна. 

Зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд гэрээ хүчин төгөлдөр байна гэж хоёр шатны шүүх үзсэн нь Иргэний хуулийн 451, 452 дугаар зүйлд нийцжээ.

Гэрээ хүчин төгөлдөр тул талуудын хэн аль нь үүргээ гүйцэтгэх, үүргийн биелэлтийг шаардах эрхтэй.

Зээлдүүлэгч нь гэрээнд заасан үүргээ биелүүлж, зээлдэгчид мөнгийг шилжүүлэн өгсөн, Б.Т. мөнгийг хүлээн авсан нь нотлогдсон байна.

Зээлдэгч нар эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг тогтмол хугацаанд төлөх үүргээ зөрчсөн нь зээлийн тооцоо, зээлийн төлөлттэй холбоотой талуудын тайлбараар тогтоогдсон гэж шүүх үзсэнийг буруутгах баримтгүй тул нэхэмжлэгч гэрээг цуцлаж, гэрээний үүргийг шаардсан нь Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцжээ.

Б.Т. нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг татгалзаагүй тул шүүх түүнээс нийт  21,977,593 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан баримтаар үндэслэгджээ.

Хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримт, талуудын тайлбарын хэмжээнд дүгнэлт хийхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхив.

2. Харин анхан шатны шүүх шийдвэртээ үндсэн зээлийн хэмжээг 15,595,000 төгрөг гэж алдаатай бичсэн байхад давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй, залруулаагүй нь дутагдалтай болжээ.

Шүүхэд гаргасан нэхэмжлэл /хх1-2/, зээлийн тооцоо /хх25/, зохигчийн тайлбар /хх 41-42/-с үзвэл “... профит энд инвестмэнт ББСБ” ХХК нь үндсэн зээлд 15,595,000 төгрөг бус, харин 14,595,000 төгрөг шаардсан нь тогтоогдож байх бөгөөд уг мөнгийг хүү 6,718,574 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 644,019 төгрөг, нотариатын зардал 20,000 төгрөгийн хамт нийт 21,977,593 төгрөг болгон шаардсан, энэ талаар зохигч мэтгэлцэж, шүүх шийдвэрээ гаргасан байна. 

Иймд шүүхийн шийдвэрийн “үндэслэх” болон “тогтоох” хэсэгт 15,595,000 төгрөг гэж алдаатай бичсэнийг 14,595,000 төгрөг гэж залруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 716 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2019/00589 дүгээр шийдвэрийн “үндэслэх” хэсэгт мөн “тогтоох” хэсгийн нэг дэх заалтад “...15,595,000 төгрөг...” гэснийг “...14,595,000 төгрөг...” гэж өөрчлөн, шийдвэр магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээж, Б.Т.ын өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т   заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 338,038 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

          ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ