Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 184/ШШ2019/00589

 

 

   

 

 

       2019 оны 03 сарын 05 өдөр

        Дугаар 184/ШШ2019/00589

                    Улаанбаатар хот

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: М.П.Э.И ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Т,

Хариуцагч: Г.Э,

“Зээлийн гэрээний үүрэгт 21,977,593 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Соёл-Эрдэнэ, хариуцагч Б.Т, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Оюу-Эрдэнэ  нар оролцов.                                     

                                                ТОДОРХОЙЛОХ нь:                                  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Соёл-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.П.Э.И ББСБ ХХК нь анх Б Тогтох болон Г.Э нартай 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ЗГ-201705310493 дугаартай зээлийн гэрээ байгуулж 2,000,000 төгрөгийг сарын 4,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлсэн ба 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр ЗГ-201705310493-1 дугаартай зээлийн нэмэлт гэрээ байгуулж 6,000,000 төгрөгийг сарын 4,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр ЗГ-201705310493-2 дугаартай зээлийн нэмэлт гэрээ байгуулж 4,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ЗГ-201705310493-3 дугаартай зээлийн нэмэлт гэрээ байгуулж 3,500,000 төгрөгийн тус тус зээл олгож нийт 15,000,000 төгрөгийг 3,5 %-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлүүлсэн.

Зээлдэгч нь зээлийн барьцаанд 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ЗГБ- 201705310493 дугаартай “Зээлийн барьцааны гэрээ” байгуулан зээлдэгч Б.Тийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Толгойт 120 гудамж 01 тоот хаягт байршилтай 000494995 гэрчилгээний дугаартай, Г-2201009487 улсын бүртгэлийн дугаартай, 672 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ЗГБ-201705310493-1 дугаартай “Зээлийн барьцааны гэрээ” байгуулан зээлдэгч Б.Тийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Толгойт 120 гудамж 1 тоот хаягт байршилтай 000604314 гэрчилгээний дугаартай, Ү-2201051938 улсын бүртгэлийн дугаартай, 63 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан болно.

Зээлдэгч Б.Т, Г.Э нар нь зээлийн гэрээний хавсралтаар тогтоосон графикийн дагуу зээлийн эргэн төлөлтийг хийх ёстой байсан ч авсан зээлээ графикийн дагуу төлөхгүй явсаар өнөөдрийг хүрсэн болно. 

Зээлдэгч Б.Т, Г.Э нар нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээл 14,595,000 төгрөг, үндсэн хүү 6,718,574 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 644,019 төгрөг, авлага нотариат 20,000 төгрөг нийт 21,977,593 төгрөгийн төлбөртэй байгаа болно. Зээлийн төлбөрийг зээлдэгч Б.Т, Г.Э нараас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч Б.Т нь зээлийн бүрэн төлж барагдуулна гэсэн тул Г.Эээс татгалзсан болно. Иймд Б.Тоос зээлийн гэрээний төлбөрт 21,977,593 төгрөгийг гаргуулж, барьцааны үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэв.

Хариуцагч Б.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь М.П.Э.И ББСБ ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байгаа. Тиймээс нэхэмжлэл гаргах эрхгүй байгаа. Анхны зээлийн гэрээ болон түүний дараа байгуулсан гэрээнүүд 24 сарын хугацаатай байгуулагдсан. Нэхэмжлэгч нь шүүхэд зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэл гаргасан ба шүүхэд зээлийн гэрээг цуцлах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй.

Байгуулсан зээлийн гэрээний 3.2.4-т зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш шаардана гэж заасан. Мөн гэрээний 4.2-т зээлийн гэрээг цуцалсан тохиолдолд шаардлага гаргана гэж заасан. Иймээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээнүүд болон гэрээнүүдээр хүлээн авсан зээлийн хэмжээ, зээлийн үлдэгдэл хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар маргаан байхгүй. Хэдийгээр тооцооллын хувьд маргаан байхгүй боловч нэхэмжлэгч М.П.Э.И ББСБ ХХК нь зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан нь гэрээгээ зөрчиж байгаа ба гэрээ цуцлах талаар шаардлага гаргаагүй учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний хувьд авсан зээлээрээ байшин барьсан. Монголд байхгүй өндөр хүүтэй зээл авсан. Зээлийн төлбөрөө төлж чадахгүй байгаа нь үнэн.

Г.Э нь энэ зээлийн гэрээн батлан даагчаар орсон. Энэ зээлийн төлбөрийг би хариуцан барагдуулна. Барьцааны үл хөдлөх хөрөнгө ганцхан миний нэр дээр байгаа. Энэ төлбөрт Г.Э ямар ч оролцоо байхгүй” гэв.

 

     Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.П.Э.И ББСБ ХХК нь хариуцагч Б.Т, Г.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 15,595,000 төгрөг, зээлийн хүү 6,718,574 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 644,019 төгрөг, нотариатын зардал 20,000 төгрөг, нийт 21,977,593 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

М.П.Э.И ББСБ ХХК нь Б.Т, Г.Э нартай Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ-201705310493 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 2,000,000 төгрөгийг сарын 4,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлсэн бөгөөд улмаар 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ-201705310493-1 дугаартай зээлийн нэмэлт гэрээ байгуулж, өмнөх зээлийн үлдэгдэл төлбөр 1,879,482 төгрөг дээр нэмж 6,000,000 төгрөгийн зээл олгож, нийт 7,879,482 төгрөгийг сарын 4,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгожээ. Мөн талууд 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр ЗГ-201705310493-2 дугаартай зээлийн нэмэлт гэрээ байгуулж, өмнөх зээлийн үлдэгдэл төлбөр 7,704,070 төгрөг дээр нэмж 4,000,000 төгрөгийн зээл олгож, нийт 11,704,070 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгож улмаар дахин 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ-201705310493-3 дугаартай зээлийн нэмэлт гэрээ байгуулж, өмнөх зээлийн үлдэгдэл төлбөр 11,500,000 төгрөг дээр нэмж  3,500,000 төгрөгийн зээл олгож, нийт 15,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлүүлсэн болох нь тус тус хэрэгт авагдсан 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ-201705310493 дугаартай зээлийн, 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ-201705310493-1 дугаартай зээлийн нэмэлт гэрээ, 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн ЗГ-201705310493-2 дугаартай зээлийн нэмэлт гэрээ, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ-201705310493-3 дугаартай зээлийн нэмэлт гэрээ, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Зээлдүүлэгч болох М.П.Э.И ББСБ ХХК нь зээлдэгч болох Б.Т, Г.Э нартай зээлийн нэмэлт гэрээнүүдийг байгуулахдаа өмнөх зээлийн гэрээний дагуу төлөгдөх үлдэгдэл төлбөр дээр нэмж зээл олгосон байх ба тухай бүрт зээлийн хүүг нэг сарын 4,8 хувиас 3,5 хувь болгон шатлан бууруулсан болох зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгч  М.П.Э.И ББСБ ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлд заасан хариуцагч Г.Эээс татгалзсан бөгөөд хариуцагч Б.Т нь зээлийн гэрээний үүргийн дагуу төлөгдөх төлбөрийг өөрөө дангаараа хариуцна хэмээн тайлбар гаргасан болно.

Хариуцагч Б.Т нь нэхэмжлэгч М.П.Э.И ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 15,595,000 төгрөг, зээлийн хүү 6,718,574 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 644,019 төгрөгийн тооцоолол болон зээлийн үлдэгдлийн талаар маргаагүй боловч дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч тайлбар гаргасан.

Хариуцагч Б.Т нь нэхэмжлэгч М.П.Э.И ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь татгалзаж буй үндэслэлээ “... талуудын хооронд байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ-201705310493-3 дугаартай зээлийн нэмэлт гэрээний 24 сарын хугацаа дуусаагүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэрээний 3.2.4-т зааснаар зээлдэгч хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш төлбөр шаардах эрхтэй. Мөн гэрээний 4.2-т зааснаар зээлийн гэрээг цуцалсан тохиолдолд шаардлага гаргана гэж заасан боловч гэрээг цуцлах талаар шаардлага гаргаагүй, шүүхэд гэрээ цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй ...” гэж тайлбарлажээ.

Талуудын хооронд байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ-201705310493-3 дугаартай зээлийн нэмэлт гэрээний 3.2.4-т “Зээлдэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээнд заасан хугацаа дууссан өдрөөс эхлэн барьцаалсан хөрөнгийг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2-т заасны дагуу захиран зарцуулах буюу худалдан борлуулж, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн өр төлбөрийг барагдуулах”, 4.2-т “Зээлдэгч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй дараах тохиолдлуудад зээлдүүлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө дангаараа цуцалж, зээлийн үндсэн өр, хүүг хугацаанаас нь өмнө төлөх, хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг давхар төлөхийг шаардах эрхтэй” гэж тус тус заажээ.

Хариуцагч Б.Тын нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлд заасан гэрээний 3.2.4 дэх заалт нь гэрээ цуцлах, гэрээний үүргийг хугацаанаас өмнө шаардах эрхэд хамаарахгүй ба энэхүү заалт нь зөвхөн гэрээний хугацаа дууссанаас хойш барьцааны зүйлийг зүйлийг захиран зарцуулах, худалдан борлуулах эрхэд хамааралтай юм. Мөн гэрээний энэхүү зохицуулалт болон Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 дах заалтад заасан барьцааны зүйл нь зөвхөн хөдлөх эд хөрөнгөд хамааралтай юм.

Зохигчдын хооронд байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ-201705310493-3 дугаартай зээлийн нэмэлт гэрээний хуваарийн дагуу төлөгдөх төлбөр төлөх үүргээ хариуцагч Б.Т болон гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Э нар нь 2018 оны 01 дүгээр сараас мөн оны 8 дугаар сар хүртэл хугацаанд, 2018 оны 11 дүгээр сараас хойш биелүүлэлгүй гэрээний үүргээ зөрчсөн болох нь хэрэгт авагдсан зээл, зээлийн хүүгийн тооцооллын баримт болон хариуцагч Б.Тын тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч Б.Т нь зээлийн гэрээний хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ зөрчсөн болохоо хүлээн зөвшөөрч энэ талаар маргаагүй ба төлбөрөө төлөөгүй шалтгаанаа түрээсийн орлоггүй болсон гэж тайлбарлажээ.

Үүрэг гүйцэтгэгч болох зээлдэгч Б.Т, Г.Э нар нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ хуваарийн дагуу төлөөгүй улмаас үүрэг гүйцэтгүүлэгч болох зээлдүүлэгч М.П.Э.И ББСБ ХХК нь гэрээний  4.2-т зааснаар гэрээг дангаар цуцалж, зээлийн гэрээний дагуу төлөгдөх үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардаж буй нь талуудын хооронд байгуулсан гэрээ болон Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлүүдийг зөрчөөгүй байна.

Үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн тохиолдолд хууль болон гэрээнд заасан үндэслэлээр үүрэг гүйцэтгүүлэгч гэрээг дангаараа цуцлах, гэрээний үүргийг шаардах эрх нь үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөнөөр хэрэгжих бөгөөд энэхүү эрхийг хэрэгжүүлэхэд шүүхэд энэ талаар нэхэмжлэл гаргасан байх шаардлаггүй юм. Өөрөөр хэлбэл зээлдэгч нь зээлийн төлбөр төлөх үүргээ зөрчсөнөөр зээлдүүлэгч гэрээг цуцалж, гэрээний үүргийг шаардах эрхтэй ба энэхүү эрх хэрэгжихэд гэрээний нийт хугацаа дууссан байх хууль зүйн шаардлага байхгүй болно.

Иймээс хариуцагч Б.Тын нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлүүд нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-д зааснаар хамтран зээлдэгч Б.Т, Г.Э нар нь зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй бөгөөд зохигчдын хооронд байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ-201705310493-3 дугаартай зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар Б.Т, Г.Э нар юм. Мөн зүйлийн 242.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч М.П.Э.И ББСБ ХХК нь хамтран үүрэг гүйцэтгэгч нарын нэг болох Б.Тоос гэрээний үүргийг бүхэлд нь шаардах эрхтэй тул хариуцагч Б.Тоос зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 15,595,000 төгрөг, зээлийн хүү 6,718,574 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 644,019 төгрөг, нийт 22,957,593 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.П.Э.И ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч М.П.Э.И ББСБ ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа холбогдох баримтыг нотариатаар батлуулахад 20,000 төгрөгийн зардал гаргасан болох нь нотариатын тэмдэгээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж зааснаар нотариатын зардал 20,000 төгрөгийг хариуцагч Б.Тоос гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэж байна.

Нэхэмжлэгч М.П.Э.И ББСБ ХХК болон хариуцагч Б.Т, Г.Э нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Б.Т нь М.П.Э.И ББСБ ХХК -тай 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ЗБГ-201705310493 дугаартай “Зээлийн барьцааны гэрээ, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ЗБГ-201705310493-1 дугаартай “Зээлийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулжээ.

Дээрх барьцааны гэрээнүүдээр хариуцагч Б.Т нь өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 120 гудамжны 01 тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Г-2201009487 дугаарт бүртгэлтэй, 672 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-2201051938 дугаарт бүртгэлтэй 63 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ЗБГ-201705310493 дугаартай “Зээлийн барьцааны гэрээ”, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ЗБГ-201705310493-1 дугаартай “Зээлийн барьцааны гэрээ” нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т  зааснаар улсын бүртгэлд бүртгэгджээ.  

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй", 159 дүгээр зүйлийн 159.1-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана", 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч М.П.Э.И ББСБ ХХК нь хариуцагч Г.Эт холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан тул энэхүү татгалзлыг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                                  ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар хариуцагч Б.Тоос зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 15,595,000 төгрөг, зээлийн хүү 6,718,574 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 644,019 төгрөг, нотариатын зардал 20,000 төгрөг, нийт 21,977,593 төгрөгийг  гаргуулж, нэхэмжлэгч М.П.Э.И ББСБ ХХК-д олгосугай.

            2. Иргэний хуулийн 175  дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б.Т нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 120 гудамжны 01 тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Г-2201009487 дугаарт бүртгэлтэй, 672 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-2201051938 дугаарт бүртгэлтэй 63 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 15,595,000 төгрөг, зээлийн хүү 6,718,574 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 644,019 төгрөг, нотариатын зардал 20,000 төгрөг, нийт 21,977,593 төгрөгийг  хариуцагч Г.Эээс гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан М.П.Э.И ББСБ ХХК-ийн татгалзлыг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.П.Э.И ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 338,038 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Тоос улсын тэмдэгтийн хураамжид 338,038 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.П.Э.И ББСБ ХХК-д олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЦОЛМОНБААТАР