Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2020/00165

 

Б.У.гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн         

          2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2019/00371 дүгээр шийдвэр,

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 701 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: Б.У.

          Хариуцагч: “..фокус” ХХК-д холбогдох

          Нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, уучлал гуйх, худал мэдээллийг залруулахыг даалгуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Отгондорж, хариуцагчийн төлөөлөгч М.Б., нарийн бичгийн даргад Б.Уранзаяа нар оролцов.

        Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: “..фокус” ХХК-ийн захирал М.Б. Авилгатай тэмцэх газар /АТГ/ болон АТГ-н олон нийтийн зөвлөл, Улсын Их хурал /УИХ/-н  ёс зүйн дэд хорооны дарга, Монгол Ардын нам /МАН/-н дарга, Чингэлтэй дүүргийн  прокурорын газарт гаргасан албан бичгүүдээр гүтгэлгийн шинжтэй мэдээ, мэдээлэл тарааж, үндэслэлгүй гомдлуудыг гарган, миний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан байна. 2016 онд УИХ-н гишүүнээр сонгогдмогцоо Б..группын өөрийн эзэмшлийн хувьцааг шилжүүлэн өгч, хувийн бизнесийн үйл ажиллагаанд оролцдоггүй болсон. Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Иргэний хуульд заасны дагуу “..фокус” ХХК-ийн захирал М.Б. нь гомдол, мэдээлэл, олон нийтийн мэдээллийн сайтаар нэхэмжлэгчийн талаар худал мэдээлэл тараасан үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой. Иймд нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, нэхэмжлэгчээс уучлал гуйх, худал мэдээллийг тараасан хэлбэрээрээ залруулахыг хариуцагчид даалгуулахаар нэхэмжилж байна гэжээ.

       Хариуцагч тайлбартаа: Манай компани нь 2014-06-17-ны өдөр “Г...сэркл” ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Дорноговь аймаг, Замын-Үүд суманд 65 айлын орон сууцны барилга барьсан. Барилга барих үед “Г..сэркл” ХХК-ийн захирал Б.Б.-нь ...банкны хувьцаа эзэмшигч, барилга ..банк ХХК-ийн хөрөнгө оруулалттай, мөнгөнд санаа зоволтгүй, санжүүжилттэй холбоотойгоор ..банк ХХК-д харилцах данс нээлгэ, барилгын ажлаа сайн гүйцэтгээрэй гэж хэлсний дагуу барилгын ажлыг нийт 186 ажилчидтайгаар, 2 жилийн хугацаанд хийж гүйцэтгээд 95%-н гүйцэтгэлтэй байх үед, сүүлийн 3 сарын санхүүжилт өгөөгүйгээс 2015-08-р сард ажилчдаа татсан. Гэтэл “...модун” ХХК нь “Г...сэркл” ХХК-тай 2015-02-р сард ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байсныг сүүлд мэдсэн. Манай хийсэн барилгын ажлыг “..модун” ХХК-иар гүйцэтгүүлсэн мэтээр баримтыг хууль бусаар бүрдүүлж, 2016-09-15-ны өдөр барилгыг ашиглалтад хүлээж авах улсын комисс ажиллуулсан байсан. “Г...сэркл” ХХК-г 2016-02-08-ны өдөр ...банк ХХК нь өөрийн охин компаниар бүртгүүлэн, манай барилгыг өөртөө шилжүүлэн авч, захиран зарцуулах эрх үүсгэж, хуурамч баталгаа дүгнэлт гаргуулан, хуурамч материалууд ашиглан улсын комисст хүлээлгэн өгсөн. 2016-02-р сард “Г...сэркл” ХХК-г шилжүүлж авахад ...банк ХХК-н 99.9%-н хувьцаа эзэмшигч нь Б.У. байсан. Захиргааны хэргийн гурван шатны шүүх барилгыг ашиглалтад хүлээн авсан 2016-09-15 өдрийн 26/2016 дугаартай улсын комиссын актыг хүчингүй болгосон. Б.У. нь УИХ-н гишүүн болсноос хойш 2016, 2017 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ ...банк ХХК-ийн охин компаниар бүртгэгдсэн “Г..сэркл” ХХК-ийг тусгаагүй нуусан. Бид үүний дагуу УИХ-н Ёс зүйн хороонд, АТГ-т тус тус шалгуулахаар гомдол гаргасан. 65 айлын орон сууцыг ашиглалтад хүлээн авсан улсын комиссын акт хүчингүй болсон, оршин суугчид нь улсын бүртгэлийн гэрчилгээ байхгүй байхад ипотекийн 8%-н зээлд хамруулан зарж байгаа нь өөрөө мөн хууль зөрчиж байна. Иймд манай байгууллага уучлалт гуйх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

      Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 102/ШШ2019/00371 дүгээр шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгийг баримтлан Улсын Их Хурлын гишүүн Б.У. Авилгын эсрэг хуулийг зөрчиж, хөрөнгө орлогын мэдүүлэгтээ Г...Сэркл ХХК, Э...зам ХХК, ...дэлхий ХХК, ...рөүд энд интернэшнл ХХК, ...Си ХХК, ...К.. ХХК, ...суварга ХХК, ...А..трейд ХХК-иудыг мэдүүлэлгүйгээр нуун дарагдуулж, тусгаагүй, Г...серкл ХХК-ийн захиалгаар барьсан 65 айлын орон сууцыг 2016 оны 02 дугаар сард өөрийн компанийн өмчлөлд авсан, олон зуун барилгын ажилчдаар барилга байгууламжаа бариулж, зохих хөлсийг өгөлгүйгээр хохироосон, ...модун ХХК-аар барилгын ажлыг гүйцэтгүүлсэн тухай баримтыг хууль бусаар бүрдүүлж, 2016-09-15-ны өдөр улсын комисс ажиллуулсан, Г..Сэркл ХХК-ийг 2016-02-08-ны өдөр ...банк ХХК өөрийн охин компаниар бүртгүүлэн, дээрх барилгыг шилжүүлэн авч, захиран зарцуулах эрх үүсгэж, хуурамч баталгаа дүгнэлт гаргуулан хуурамч материалууд ашиглан улсын комисст өгсөн, 2016 оны 02 дугаар сард Г...Сэркл ХХК-ийг шилжүүлж авахад ...банк ХХК-ийн 99.9 хувийн хувьцаа эзэмшигч Б.У. байсан, 2016 оны 7 дугаар сард нэр дэвшигч байхад нь бид Б.У.гийн сонгогчтой хийх уулзалтанд очиж, уулзахад маргааш өргөдлөө гаргаад ир, шийдэж өгье гэсэн боловч одоог хүртэл бидний ажилчдын цалинг өгөөгүй гэсэн мэдээллийг хариуцагч ..фокус ХХК-ийн захирал М.Б. үндэслэлгүйгээр тараасныг тогтоож, уг мэдээллээр гутаагдсан нэхэмжлэгч Б.У.гийн нэр, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгийг баримтлан дээрх мэдээллийг тараасан www.news.zi....mn цахим сайтаар үндэслэлгүй мэдээллээ няцаах, үндэслэлгүй мэдээлэл тараасан үйлдэлдээ нэхэмжлэгчээс уучлалт гуйхыг хариуцагчид даалган, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 140 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ.

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 701 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2019/00371 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан байна.

      Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо Давж заалдах шатны шүүхээс “нэхэмжлэгч нь ИХШХШТХ-н 3.1-д заасны дагуу хэнд холбогдуулан шаардлага гаргаж байгаа тодорхой байх...., ямар мэдээ нь нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хэрхэн гутааж байгаа нь ойлгомжгүй байна” гэжээ. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс Б.У.гийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, Нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан хэлбэр, хэмжээгээр нэхэмжлэгчээс албан ёсоор уучлалт гуйх, тухайн худал мэдээллийг залруулахыг хариуцагчид даалгах шаардлага гаргасан. Харин дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 1-т Үндэслэлгүй удаа дараагийн өргөдөл, гомдол, 2-т Хэвлэлийн бага хурлын яриа news.zindaa.mn сайтад өгсөн ярилцлагын хүрээнд тодорхойлж уг үйлдэл тус бүрээр нь хэрхэн нэр, нэр төр, алдар хүнд, алдар хэргийн нэр хүндийг гутаасан буюу бодит үнэнд нийцээгүй мэдээлэл, мэдээлэл тараасныг тодорхой тайлбарлаж, мэтгэлцэх замаар ХХША-нд оролцсон. Түүнчлэн шүүхээс хариуцагчийн үйлдэл буюу холбогдох албан тушаалтанд гаргасан гомдол болон хэвлэлийн бага хурал дээр хийсэн мэдээ нь нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд хэрхэн халдсан нь ойлгомжгүй гэжээ. Гэвч хариуцагчийн зүгээс дээрх өргөдөл гомдол, хэвлэлийн бага хурлын мэдээ болон news.zin....mn сайтад өгсөн ярилцлага нь бодит үнэнд нийцээгүй... ИХШХШТХ-н 21.2-т заасны дагуу бодит үнэнд нийцээгүй мэдээ, мэдээлэл тараасан этгээд нь уг мэдээллийнхээ үнэн зөвийг нотлох үүрэг хүлээдэг. Хариуцагч байгууллагын зүгээс дээрх мэдээ, мэдээллийг бодит үнэнд нийцсэн гэдгийг баримтаар огт нотолж чадаагүй байхад шүүхээс иргэний нэр төрийг хэрхэн гутаасан нь ойлгомжгүй гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Шүүхээс үндэслэлгүй дүгнэлт хийж маш тодорхой нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойгүй хэмээн дүгнэж, хуурамч мэдээ, мэдээлэл тарсан хэр хэмжээг нэхэмжлэлийн шаардлагатай андуурсан буюу гагцхүү төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлын хүрээнд асуудлыг шийдэж буй нь үндэслэлгүй байна. Шүүхийн магадлалаас харахад 2018-11-21-ний өдөр news.zin....mn цахим хуудсанд нийтлэгдсэн ярилцлагын талаар шүүх дүгнэлт өгөөгүй байна. ХХША-ны явцад хуурамч мэдээ, мэдээл тарсан цар хүрээ, тараасан арга хэрэгслийг тогтоох зорилгоор нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу Хэвлэлийн бага хурлын ярианы бичлэг болон Цахим сайтад тус тус шүүхийн журмаар үзлэг хийж нотлох баримтыг бэхжүүлсэн. Давж заалдах шатны шүүхээс тус хэргийг бүрэн судлаагүй буюу талуудын тайлбар, холбогдох нотлох баримтад дутуу дүгнэлт өгсний улмаас ИХШХШТХ-г буруу хэрэглэн тайлбарласан болно. ИХШХШТХ-н 162.2-т “Давж заалдах гомдол”-д тавигдах хуулийн шаардлагыг тусгажээ.. Гэвч хариуцагчийн зүгээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй буюу БГД-н дүүргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Мөн Гомдол гаргаж буй этгээд нь өөрийн мэдээллээ тусгаагүйгээс гадна давж заалдах гомдлоор ямар шийдвэр гаргуулахаа буруу бичсэн байна. Өөрөөр хэлбэл, Хариуцагч нь нэхэмжлэгчийг гутаан доромжилж гүтгэсэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шийдвэр гаргуулахыг хүсжээ. Гэвч тус хэрэгт ..Фокус ХХК-д ямар нэгэн байдлаар шийтгэлийн хуудас ногдуулаагүй бөгөөд энэ нь зөрчлийн маргаанд хамаарах асуудал юм. Гэтэл шүүхээс давж заалдах гомдол гаргах хуулийн шаардлагыг зөрчсөн гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн нь ХХША-ны журмыг ноцтой зөрчсөн байна. Мөн Хариуцагч нь давж заалдах гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байхад шүүхээс буруу дүгнэлт өгсөн байна. Тухайлбал, хариуцагч нь өөрийн төлөөлөгчдөө давж заалдах гомдлыг гаргах хугацаа буюу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрийг андуурч хэлсэн учир хугацааг сэргээж өгнө үү гэж хүссэний дагуу гомдол гаргах хугацааг сэргээжээ. Гэвч уг асуудал нь хариуцагчийн өөрийн хариуцлагын асуудал бөгөөд хугацаа андуурсныг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх үндэслэлгүй байна. Нөгөө талаар Хариуцагч нь иргэн М.Б. биш бөгөөд ..фокус ХХК байхад компанийг төлөөлж буй этгээдийн эмнэлэгт хэвтсэн хугацааг Хариуцагчийн хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжгүй юм. Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгч 2019-03-01-с 2019-03-08-ны өдрийн хооронд эмнэлэгт хэвтсэний улмаас гомдол гаргах боломжгүй байсан гэжээ. Гэвч хавтаст хэрэгт цугларсан баримтаас үзэхэд Хариуцагч 2019-02-20-ны өдөр шинэ итгэмжлэгдсэн төлөөлөгч томилжээ. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд Хариуцагч нь давж заалдах гомдол гаргах хугацааг үндэслэлгүйгээр хэтрүүлсэн байхад шүүхээс хүлээн авч шийдвэрлэсэн нь ХХША-ны журмыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.У.гийн төлөөлөгч 2018-11-15-ны өдөр “..фокус” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээх, уучлал гуйх, худал мэдээллийг тараасан хэлбэрээр залруулахыг хүссэн бөгөөд үндэслэлээ тайлбарлахдаа “...хариуцагч нь Авилгатай тэмцэх газар, Улсын Их хурлын ёс зүйн дэд хороо, Монгол Ардын намын дарга, Чингэлтэй дүүргийн прокурорын газарт үндэслэлгүй гомдол гаргаж гүтгэлгийн шинжтэй мэдээ тараасан...” гэжээ. 

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...манай байгууллага бодит бус гомдол гаргаагүй...” гэж маргасан байна. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх  хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо “...нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй буюу хариуцагчийн гомдолд дурдсан аль мэдээлэл нь нэхэмжлэгчийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан гэж үзэж буйгаа нэхэмжлэгч тодорхой дурдаагүй мөн хэвлэлийн хурал хийж нэр төрд халдсан гэх боловч нэхэмжлэлийг иргэнд бус, харин хуулийн этгээдэд холбогдуулан гаргасан байна...”  гэжээ.    

Шүүхэд ямар шаардлага гаргаж буй талаараа нэхэмжлэлдээ тусгах нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрт хамаарах бөгөөд энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт заасан байна. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой байх нь хэргийн оролцогчоос тайлбар өгөх эрхээ хэрэгжүүлэх, холбогдох нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлэх нэг нөхцөл болно. Шүүх талуудын гаргасан тайлбар, нотлох баримтыг үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийнэ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч нь зарим  байгууллагуудад гомдол гаргасан талаар дурдсан боловч эдгээрт буй аль мэдээлэл нь Б.У.гийн нэр болон нэр төр, эсхүл алдар хүнд мөн ажил хэргийн нэр хүндэд халдсан гэж үзэж буйгаа тодорхой заагаагүй байна.   

Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.2.2, 34 дүгээр зүйлийн 34.3.7., 37 дугаар зүйлийн 37.1., 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.2, 115 дугаар зүйлийн 115.2-т нийцээгүй байна.

Иймд “...нэхэмжлэлийн шаардлага тодорхой байхад шийдвэрийг хүчингүй болгосон нь хууль зөрчсөн...” гэх агуулга бүхий хяналтын гомдол үндэслэлгүй байна.

2. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргаж болох бөгөөд уг хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргана. Хүсэлтийг хангах эсэхийг шүүгч захирамж гарган шийдвэрлэнэ.

Анхан шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээсэн нь өөрийн эрх хэмжээний хүрээнд хийгдсэн ажиллагаа байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 120.3-т заасныг зөрчсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч энэ талаар давж заалдах шатны шүүхэд маргаж мэтгэлцээгүй тул “...давж заалдах гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байхад хэргийг хянасан..” гэх гомдол магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзлээ.     

3. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 701 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ